Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 17-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Энэ сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Нөхөн сонгууль бол хариуцлага тооцох, Монголд ардчилал байгаа эсэхийг сорьж, шалгах шалгуур

ДАРГА НАРТ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ, ЖИРИЙН ИРГЭНД ХАТУУ ЧАНД ҮЙЛЧИЛДЭГ ТОГЛООМЫН ДҮРЭМ ЖУРАМТАЙ, БУРАНГУЙ УЛС БОЛЧИХЛОО-

АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.


-Нөхөн сонгууль эхэллээ. Энэ үед хоёр талд гарчихаад байсан АН ойлголцлын ширээнд суусныг дэмжигч, сонгогчид нааштай хүлээж авч байх шиг байна. Нэгдэх саналыг хоёр талаас тавьсан уу. Нэгдэх ажилд хэн голлож оролцов?

-Үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэх юмсан гэсэн эрмэлзэл мэдээж аль аль талд нь байсан. Нийгэм, улс төрийн орчинд үүсээд байгаа нөхцөл байдалд яах аргагүй хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж байна. Эрх баригчдад хариуцлага тооцох, тэр олон алдаа дутагдал, төсвийг хэмжээ хязгааргүй үрэн таран хийж байгаа байдал, эргэж буцсан шийдвэрүүдийг хязгаарлахад АН-ын үүрэг их бий. Гэтэл нам дотоод маргаантай байдаг. Асуудлаа шийдэх эрмэлзэл, уулзалтууд ер нь явж л байсан л даа.

Нөхөн сонгуулийн үеэр бид нэр дэвшигчдээ тодруулахдаа намыг эвлэрэл нэгдэлд хамгийн сайн авч ирж чадах нэр дэвшигч хэн байх вэ гэдэг талаас нь харсан. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл баатар бол Монголын Ардчилсан намын анхны дарга хүн. Ардчиллын үйл хэргийн төлөө тасралтгүй 30 жил тууштай явж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хүнд муу нэр зүүлгэх гэж зориудаар гүтгэлгийн чанартай мэдээллийг тасралтгүй цацаж ирсэн. Гэхдээ л ардчиллын төлөө зүтгэж байгаа залуус, ардчилсан намынхан энэ хүнийг хүндэлж, дэмжсээр ирсэн. Хоёр талд байгаа хүмүүсийн аль алинд нь энэ хүнийг хүндэлж, дэмжих сэтгэл байдаг. Энэ ч утгаараа нэр дэвшигчээ дэмжиж сонгуульдаа хамтарч оръё. Энэ нь АН цаашид нэгдэх процессыг эхлүүлэх үйл явц болно гэж харсан. Намыг нэгтгэх хүсэл зорилго аль аль талаасаа гарч байгаа гэж ойлгож болно. Нэг тал нь гэдийчихээд, нэг тал нь бууж өгч байж л бүтдэг зүйл гэж байхгүй шүү дээ. Аль аль талаасаа хүчин чармайлт гаргаж, шийдчих юмсан гэсэн зорилго байгаа.

-АН нэгдчихвэл намын даргын асуудал гарч ирэх болов уу. Хэнийг намын даргаар томилохоор ойлголцож байна. Эсвэл даргын сунгаа явуулахаар болж байна уу?

-Өнөөдөр дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Эдийн засаг, технологийн хөгжил нийгмийг өөрчилж байна. Улс төрийн ойлголт ч мөн өөрчлөгдөж байна. Хэдийгээр намын дарга, тамга тэмдгийн асуудал байгаа ч гэсэн үүнээс илүүтэй цаашид АН бодлогын судалгаан дээр үндэслэж бодлогоо дахин тодорхойлох, шинэчлэх шаардлагатай байна. Мэдээж АН баруун төвийнхөө буюу үндсэн жанжин чиг шугамдаа зогсох ёстой. Цомхон чадварлаг жижиг төр байх, хувийн хэвшил, хувь хүний эрх чөлөөг дээдлэх үндсэн үзэл санаан дээрээ бол бат зогсоно. Тэр үндсэн зарчим дээрээ зогсонгоо хоёр талд байгаа намын хүмүүс хамтарсан судалгааны төв байгуулах, Монгол Улсын хөгжлийн бодлогыг дахин тодорхойлох зэрэгт хамтарч ажиллах шаардлага байгаа юм. Ер нь нам гэдэг бол үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл шүү дээ. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд дотроо хагарч, талцаж байсан нь үнэн чанартаа үзэл баримтлалын ялгаатай сөрөг хүчний намууд механикаар нэгдсэнээс ихээхэн шалтгаалж байсан. Тиймээс ер нь АН дахин шинээр нэгдмэл нэг хөгжлийн төлөвлөгөө, бодлогыг бий болгож, үүнийгээ тойрч нягтарших шаардлагатай. Бусад асуудлыг яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх явцдаа шийдчихнэ гэсэн бодолтой байна. Залууст хувь хүний хувьд ашиг сонирхлын ч гэдэг юмуу, эсвэл хуучны гоморхол байхгүй. Тиймээс асуудал яваандаа шийдэгдчихнэ. Хамтын зорилго, чиг шугам байгаа учраас түүндээ тулгуурлаад явчихна гэж ойлгож болно.

-Хамтарсан уулзалтуудад намын лидерүүдээс хэн хэн оролцож байгаа бол. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уулзалтад очсон уу?

-Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл илүүтэй санаачилга гаргаж, биднийг тал талаас цуглуулж уулзалт хийлгэсэн. Уулзалтад О.Цогтгэрэлийн гэж нэрлэгдээд буй талаас ч, бидний зүгээс ч оролцож байгаа. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэрэг хүмүүс энэ чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга албан тушаалаасаа бууснаасаа хойш ер нь намынхантайгаа уулзалдсан уу?

-Би лав уулзаагүй. Ер нь намынхантай уулзсан гэж би сонсоогүй.

-Нөхөн сонгуулийн суудал УИХ дахь намын бүлгүүдэд ямар ч нөлөөгүй гээд байгаа шүү дээ. Тэгвэл энэ хоёр суудлын ач холбогдлыг та юу гэж харж байна?

-Зөвхөн АН-д гэхээсээ илүү Монголын ард түмэнд ач холбогдолтой. Энэ бол Засгийн эрх солих сонгууль биш. Харин дүн тавих, хариуцлага тооцох сонгууль. Өнөөдөр эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд, боловсролыг орхигдуулчихаад, 1100 хүн нас барчихаад буй энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч “Хамаагүй ээ” гэж хандаж байгаа бол Э.Батшугарыг сонго. Цар тахал гээд дэлхий нийтээс нэг тэрбум ам.долларын тусламж авч түүнийгээ үргүй цацчихаад, наад захын эрүүл мэндийн тоног төхөөрөмжгүй, өвдсөн хүмүүсээ зөнд нь орхиж, үхүүлж байгаа энэ нөхцөл байдлыг “болж байна” гэж үзэж байгаа бол Э.Батшугарыг сонго. Өнөөдөр төв талбай дахь усан оргилуур, “Андлалын өргөө” зэрэг хэрэгцээгүй байгууламж, эргэж буцсан шийдвэр гаргасныг нь, гадаадад гацаж, шар махтайгаа хатааж, “Би Монгол хүн болж төрсөндөө гутарлаа” гэж нулимсаа дуслуулж харь оронд гудамжинд хэвтэж байсан хүмүүс, тэдний гэр бүл, найз нөхөд нь “зүгээр ээ, гомдолгүй” гэж байгаа бол Батшугарыг сонго.

Өнөөдөр дарга нар илүү эрх ямба эдэлж, хөдөлгөөний хязгаарлалттай үед QR кодтой, зөвшөөрөлтэй машин хөлөглөж, иргэд нь гэрээсээ цухуйж, тэр бүү хэл хөгшин настай, эмнэлгийн тусламж хэрэгцээтэй хүмүүстээ ч үйлчилгээ үзүүлж чадахгүй байсан тэр ялгавартай байдлыг хүлээн зөвшөөрч байгаа бол МАН- ыг сонго, Батшугарыг сонго. Эсвэл МАН-д тус нэмэр болж сөрөг хүчний саналыг хувааж байгаа ХҮН болон бусад жижиг намуудад саналаа өг. Учир нь тэд хэзээ ч ялахгүй мөртлөө зөвхөн сөрөг хүчний саналыг хувааж эрх баригчдад үйлчлэх намууд. Тийм ч учраас бусад улс орны практикт ноёрхогч, эрх баригч намууд сонгуулиар жижиг намуудыг санхүүжүүлдэг. Гэхдээ жижиг намууд мөнгө авсан гэж хэлээгүй шүү. Олон улсын практик ийм байдаг болохоор хардаж байна. Үндэсний хэмжээний хоёр дахь намыг, сөрөг хүчний гол дуу хоолойг хүчгүйдүүлж, унагаахын тулд эрх баригч нам нь санхүүжүүлэх явдал бий.

Энэ удаагийн нөхөн сонгууль бол хариуцлага тооцох, Монголд ардчилал байгаа эсэхийг сорьж, шалгах сонгууль. Энэ сонгууль бол цаашид Монголын парламент хүчний тэнцвэртэй, бие биенээ хянасан хоёр том нам байх уу, эсвэл нэг нам ноёрхож, бусад нь намын тамга кармаалчихаад том намаасаа санхүүжилт авч дүр эсгэсэн ардчилсан сонгууль болж, мөнхийн нэг нам ялдаг дарга анги нь жаргаж байдаг ийм нийгмийг хүлээн зөвшөөрөх юмуу гэдэг сонгууль.

-Өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд та ямар дүгнэлттэй байна?

-Монголчууд бид дэлхийн бусад улс орнуудын адилаар цар тахлын хүнд цаг үеийг туулж байна. Энэ цаг үе эрх баригчдад мэдээж амаргүй байгаа байх, үүнийг ойлгож байгаа. Дэлхийн бусад улс орнууд хоёр сонголтын өмнө ирчихээд байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндээ бодох уу, эсвэл эдийн засгаа бодох уу гэсэн сонголттой нүүр тулсан. Жишээлбэл, Швед улс хатуу хол хорио тогтоогоогүй, эдийн засгаа бодсон. Мэдээж тодорхой хэмжээнд халдвар гарч, нас баралт ч нэмэгдэж байсан. Гэхдээ эдийн засгийн хохирол бага амссан. Зарим орнууд хатуу хөл хорио тогтоож эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Манай улсын хувьд дотооддоо цар тахлыг алдаагүй байхад хоёр жил сургууль соёл, эдийн засаг бүх зүйлээ хаасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа хорлосон. Оюун ухаан, хүний хөгжлөө хорлосон. Эрүүл мэндээ нэгдүгээрт тавьсан ч харамсалтай нь ямар ч үр дүнгүй болж таарсан. Тэглээ гээд эрүүл мэндээ хамгаалаад авч үлдсэн юм байхгүй. Одоо бол эрүүл мэндийн хувьд хамгийн хохирол хүлээсэн орон болчихлоо. Одоогоор 1100 хүн нас барчихсан байна. Энэ бол хүн амын тоотой харьцуулахад одэлхийд толгой цохих үзүүлэлт. Нийт халдвар авагчдын тоо удахгүй 300 мянгад хүрэх үзүүлэлттэй байна гэж судлаачид дүгнэсэн. Гурван сая 300 мянган хүн амтай манай улс тэгэхээр 10 хүн тутмын нэг нь халдвар авах нь гэсэн үг. Хэдхэн сарын өмнө бөөн л юм болж, сүржигнээд байсан хандлага хааччихав аа. Гадаадад байгаа монголчуудыгаа хөсөр хаяж, хүний нутагт тамласан. Хамаг аж ахуйн нэгжүүдээ хааж, боосон. Нэг хэсэг хатуу хөл хорио тогтоож залхаан цээрлүүлж байгаа мэт л байсан шүү дээ. Хоёр жил хүүхэд багачууд, залуус сургууль соёлоосоо хоцрогдсоны үр дүнд эрүүл мэндээ хамгаалуулсан ч зүйлгүй хохирч үлдлээ. Тэгэхээр өнөөдрийн Монголын төр ямар ч чадамжгүй байна. Төр засаг маш хариуцлагагүй, чадваргүй ажилсныг надаар хэлүүлэлтгүй монголчууд бүгд мэдэж байгаа. Төр засаг чадамжгүй бол хариуцлага хүлээлгэх ёстой, толгойг нь илээд байж болохгүй шүү дээ. Яахав, монголчууд уучламтгай, өршөөмтгий байгаа байх. Гэхдээ одоогийн засагт сонгуулиар дамжуулж хариуцлагыг нь мэдрүүлэх ёстой. Эрх баригчдын өнөөдрийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

Ийм хүнд нөхцөлд Цахим үндэстэн (Digital nation 21) гээд шоу хийж байгааг нь ойлгохгүй байна. 1001 хүн нас барж, нас баралтаараа дэлхийд нэг номерт орсон гээд тэмдэглээд байгаа юм уу. Хэрвээ эхнээсээ “Эдийн засаг чухал” гэсэн бол байж болох бодлого. Ер нь Ардчилсан намын бодлого, байр суурь үүнд илүү ойр. Гэтэл бүгдийг нь хааж, бөөн дүрэм журам тогтоочихсон. Үүнийг нь иргэд, аж ахуйн нэгж санаатай, санаандгүй зөрчихөөр цагдаа, мэргэжлийн хяналт гээд бөөн бөөнөөрөө 10, 20-иулаа очиж дарамталдаг. “Хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэдэг. Хүний амьдралд ганцхан тохиох хуримаа цомхон хэмжээнд ёс төдий хийхээр нь хүртэл тараадаг. Гэтэл өөрсдөө хэдэн зуугаар нь цуглуулж өөрсдийгөө рекламдах шоу хийж болдог. Тэр шоунд хэдэн сар жилээр хоригдчихсон, дархлаажуулалтын тундаа бүрэн хамрагдчихсан залуус вакциндаа найдаж очих нь мэдээж шүү дээ. Хаана хууль журам хэрэгжээд, хаана, хэнд хэрэгждэггүй юм бэ. Дарга нарт үйлчилдэггүй, жирийн иргэнд хатуу чанд үйлчилдэг тоглоомын дүрэм журамтай, бурангуй орон болчихоод байна. Хэрэггүй үед “Андлалын хөшөө барьчихаад, нураачихдаг. Үүндээ ямар ч хариуцлага хүлээдэггүй. Цар тахлын эд үед 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсан. Тэр нь зундаа алданги оног ажилладаг. Цар тахалтай хүнд үед 97 тэрбум төгрөгөөр Яармагт хотын захиргааг барьж өнөөдөр түүнийгээ зориулалтын дагуу ашигладаггүй, үхмэл байна. Энэ бүхэнд өнөөдөр ямар ч хариуцлага ярихгүй байна. Нэг талдаа мэдээж АН-ынхан бидний буруу. Хүчтэй шүүмжилж, чихийг нь халууцуулж байх атал өөрсдөө дотоод асуудалтай сууж байна. Эрх баригчдын өнөөдрийн алдаа дутагдал замаа алдсан. Үүнд дуугардаг сөрөг хүчний дуу хоолой суларснаас тоохоо байчихсан. Бүр дүлий дүмбэ байна. Яасан ч яадаг юм бэ гээд доромжлоод сууж байдаг болж. Өчигдөр Л.Оюун- Эрдэнэ “Гадаах арга хэмжээг зохион байгуулж буй Засгийн газрын бодлого цаашдаа ч гэсэн үргэлжилнэ” гэсэн. Хэрвээ тэгж хэлэх гэж байгаа бол дүрэм журам нь ижил тэгш үйлчлэх ёстой. Тэр дүрэм журам нь амьдралаа авч явах гэж зүтгэж байгаа жирийн иргэнд ачаа болж, зовоогоод байдаг. Сайд, дарга нарт яагаад үйлчилдэггүй юм бэ. Ийм байж болохгүй.

-Та эдийн засагч хүн. Монгол Улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг хэрхэн харж байна?

-Энэ намраас инфляцийн түвшин 15-аас дээшээ явах болов уу. Засгийн газар үүнээс цааш халамжийн буюу гал унтрааж аргацаасан бодлого явуулах боломж нь ч шавхагдаж байгаа. Тэгэхээр намраас эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрнэ. Уг нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ түүхэн дээд амжилттай явна. Сүүлийн 50 жилд байгаагүйгээр алт, зэс, нүүрсний үнэ өссөн. Ийм сайхан боломж гарч ирж байхад манай засаг ашиглаж чадахгүй алдаж байна л даа.

Өнөөдрийн Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан бодлого явуулаад байна. Сүүлийн 10 жилд манай улсын нэг хүнд ногдох дундаж цалин 400 ам.доллар байлаа, үүнээсээ огт хөдлөөгүй. Гэтэл улсын төсөв дөрөв, тав дахин өсчихсөн. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, төр улам данхайчихсан ийм л байдлаар явж байна. Бид ямар чиглэлээр явах ёстой юм бэ гэхээр нэг хүнд ногдох ДНБ дөрвөн мянган ам.доллар байна. Үүнийг 10 мянга болгох, ингэхийн тулд эдийн засгаа тэлэх бодлого явуулах ёстой.

Ингэхийн тулд ложистик, зам тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөр ажиллагаанд оруулах, хил гаалийнхаа нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн хөдөлгөөн улам идэвхжиж, гарц нь сайжирч, орлого орж ирч эдийн засаг хөгжинө. Энэ чиглэлийн ажлыг хийлгүй, байгаа боломж нөөцийг халамжид төлөвлөж, өнөөдөр хүмүүсийг уурлуулахгүй байхын тулд ам хамар руу нь л хийж байна.

Сургууль соёлыг хаасан нь дан ганц хүүхэд багачуудын асуудал биш болчихоод байна. Бүх төрлийн сургалтын байгууллагуудыг хоёр жил хаасан. Үүнээс болж хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна. Уурхай, үйлдвэрт экскаваторын оператор, гагнуурчин, цахилгаанчин, авто засварчин гээд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна. Жил бүр хэдэн мянгаараа сурч боловсрогдож, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгддэг. Гэтэл энэ нь хоёр жил нам зогссон учраас хөдөлмөрийн зах зээл дээр боловсон хүчингүй болчихлоо. Хөдөлмөрийн эрэлт хэрэгцээ байгаа атал тухайн мэргэжлийн хүмүүс нь дутмаг. Гэтэл нөгөө талд хоёр жил 300 мянга, 100 мянган төгрөгт халамж авсан, түүндээ дасал болчихсон, хөлөө хориулж тайван амгалан хэвтэж байдаг бүхэл бүтэн хэсэг бий болчихлоо. Энэ бол цаашид маш хүнд нөлөөлөхөөр харагдаж байна. Мэргэжлийн боловсон хүчний асуудал гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна.

Ийм л цаг үед манай нам туршлагатай хоёр парламентчаа нэр дэвшүүлж байгаа. Тэднийг парламентад иргэдийн эрх ашгийг хамгаалж, хүчтэй дуугарч чадах ардчиллын дуу хоолой болох хүмүүс гэж үзэж нэр дэвшүүлсэн. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлийн захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэнэ гэж байсан. Энэ бол маш чухал бодлого байсан. Учир нь Улаанбаатар хотын есөн дүүргийн дундаас дундаж орлогоороо хамгийн бага орлоготой нь Сонгинохайрхан дүүрэг. Үл хөдлөх хөрөнгө, газрын үнэ хамгийн бага үнэтэй дүүрэг нь Сонгинохайрхан. Төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн чанартай үйлчилгээнээс хамгийн хол байгаа дүүрэг нь мөн л Сонгинохайрхан. Хотын төвийг хамгийн доогуур үзүүлэлттэй, орхигдоод буй энэ газар аваачиж байж тэнд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өснө. Үүнийгээ дагаж бизнес, үйлчилгээний газар, хөл хөдөлгөөн бий болно. Үүнийг дагаж орлого, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн чанартай үйлчилгээ бий болно. Иймээс орхигдсон дүүрэг рүүгээ нүүлгэе гэсэн шийдвэрийг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа гаргасан. Харамсалтай нь хотын удирдлага солигдсоноор тэр шийдвэрийг цуцалж, Яармаг руу нүүлгэсэн. Өнөөдөр Яармаг дахь газрын үнэ тухайн үед Сонгинохайрхан дүүрэгт байршуулах гэж байсан газрын үнээс 7-10 дахин илүү үнэтэй байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин тахиа өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 22, Буд гариг. Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:39 цагт мандан, 18:51 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр. Намрын хугас дунд болох улирал (4 цаг 43 мин)-д эхэлнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 17-18 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 17-18 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Хорин жил балайрцгаалаа, одоо амьдралаа бодоцгооё!?” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манайх маш өндөр
хэмжээнд эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байна” гэснийг
II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МУИС-ийн Улс төр
судлалын тэнхимийн багш
доктор, дэд профессор Д.Бумдарь “Хууль тогтоогчийг сонгох
ёстой юу, эсвэл тухайн тойрогтоо
ажилладаг хүнийг сонгох ёстой юу гэдэг
нь мажоритор системийн том асуудал” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Хорин жил балайрцгаалаа, одоо
амьдралаа бодоцгооё!?” гэв.

Иргэн Д.Монголхүү “Ковидын
тухай” хууль иргэд болоод
эрх мэдэлтнүүдэд тэгш бус
үйлчилдэг байж болохгүй” гэлээ.

Уул уурхайн
сайд Г.Ёндон “Шатахууны үнийн
эрсдлийн сан байгуулна” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Монгол Улсын гавьяат эдийн засагч Академич С.Нямзагд “Шатахууны үнийг тогтоох оролдлого хийж байгаатай холбоотойгоор л хомсдол үүсч байна” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Мэнни Пакьяо боксоос зодог тайлснаа зарлалаа


Мэргэжлийн боксын найман өөр жинд дэлхийн аварга цол хүртсэн, Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо спортын замналаа өндөрлүүлсэн гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр зодог тайлах мэдэгдэл албан ёсоор хийгээгүй байсан болохоор дахиад тулаан хийж магадгүй гэсэн хүлээлт хүмүүст байсан юм.

Сэтгүүлч түүнээс спортын замналынх нь цаашдын төлөвлөгөөний талаар асуухад “Миний спортын цаашдын замнал аа. Дуусчихсан шүү дээ. Бүр дууссан. Би олон жил боксоор хичээллэсэн. Сүүлдээ гэр бүлийнхэн маань хэлсэн, “Одоо хангалттай” гэж. Би энэ спортод үнэхээр дуртай учраас л үргэлжлүүлэн тулалдаж байсан юм шүү дээ. Одоо бол нутгаасаа сайн боксчин гаргахад тусална” хэмээн хариулсан байна.

Мэнни Пакьяо хамгийн сүүлд Кубын боксчин Йорденис Угастай WBC холбооны бүсийн төлөө тулалдаад ялагдсан юм.

Categories
гадаад мэдээ

Афганистанд өлсгөлөн нүүрлэж болзошгүй

Афганистанд талибууд засаг төрөө төвхнүүлж, ард иргэд нь талибуудын засаглал дахь шинэ амьдралаа эхлүүлэн байна. Гэхдээ харамсалтай нь, шинэ амьдралд нь сайн сайхан зүйл тун ховор байгаа гэдгийг афганистанчууд өөрсдөө ярьж байна. Тэдэнд тохиолдож буй бэрхшээл нь ядуу хоосноос үүдэлтэй бөгөөд өдгөө Афганистанд өлсгөлөн нүүрлэхэд бэлэн болжээ.

Кабулд том барилгын төслүүд бүгд зогссон тул барилгын ажил хийж мөнгө олдог ажилчдын амьжиргааны эх үүсвэр тасаржээ. Банкууд хааж, олон улсын зүгээс цутган орж ирдэг асан цорго хаагдаж, хэдхэн дусал нь л хэвээр үлдсэн байна. Өнгөрсөн хугацаанд донор орнуудаас асар их тусламж орж ирсэн ч энгийн иргэдэд хүрдэггүй замдаа алга болдог байж. Ажилгүй иргэдийн төлөөлөл Хаят Хан “Хөрөнгө чинээтэй хүмүүс өөрсдийгөө л бодохоос ядуусыг огт боддоггүй. Би өнөөдөр талх худалдаж авч чадахгүй байна. Нэг доллар ч олж чадахгүй байхад баячууд барууны тусламжийг хуваац авцгаадаг. Тусламж ирлээ гэхэд эрх мэдэлтнүүд ядууст биш, хамаатан саднууддаа л өгдөг” хэмээн ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Ховд суманд 228167 толгой мал өвөлжинө

Ховд аймгийн Ховд сум 3489 хүн амтай. Тус суманд төв, суурин газар болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Энэ жилийн тухайд Ховд сумын нутагт 600 гаруй малчин өрх, мал бүхий иргэдийн 228167 толгой мал өвөлжихөөр байна. Үүнээс 36 өрхийн 22564 толгой мал нь Хөх сэрхийн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжинө гэж Ховд сумын хөдөө аж ахуйн тасгаас мэдээллээ. Тус сумын нутагт нийт 68 худаг уст цэг бий. Одоогоор малчин өрхүүд 810 хашаа хороог засварлан, ашиглахад бэлэн болжээ.

Судалгаагаар Ховд суманд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. 2020 онд бэлчээрийн ургамлын ургац 2.9 ц/га байсан бол 2021 онд 1.56 ц/га болж буурчээ.

Тус сумын хадланчид нийт 5500 тонн өвс бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 2680 тонн өвс бэлтгээд байна. Мөн сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг хангах ажилд 4 сая 900 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөсөн аж.

Ховд сум нь Улаанбаатар хотоос 1508 км, аймгийн төвөөс 30 км зайд оршдог. Газар нутгийн 1200 га нь тариалангийн талбай юм. Энэ жилийн тухайд Ховд сумын тариаланчид нийт 6435.4 тонн ургац хураан аваад байна.

Үүнээс онцлоход, төмс 1560 тонн, хүнсний ногоо 2119 тонн, саримс 14.4 тонн байна. Мөн олон наст ургамал 700 тонн, өргөст хэмх 90 тонн, тарвас 1190 тонн тус тус хураан авчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple” үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбарыг гаргажээ

“Apple” компани “iPhone”, “iPad”, “Apple Watch” төхөөрөмжүүдийнхээ үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар болох “iOS 15”, “iPadOS 15”, “watchOS 8” -ыг албан ёсоор гаргажээ.

Ухаалаг гар утасны “iOS 15” шинэ үйлдлийн системд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, “iPhone” утасны үйлдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн сайжруулалт хийгджээ. Видео дуудлага хийх зориулалттай “FaceTime” хавсралтад гадны дуу чимээг тусгаарлаж, хэрэглэгчийн дуу хоолойг илүү тод болгож өгснөөс гадна, видео дуудлагын үеэр хэрэглэгчийн арын хэсэг бүдгэрч, нүүр царай нь тодрох аж. Түүнчлэн “FaceTime”-аар холбогдох үед “SharePlay” үйлдлийн тусламжтай дүрс бичлэг, дуу, дэлгэцэн дээрх дүрслэлийг хуваах боломжтой юм.

Шинэ хувилбар мөн “Focus” үйлдэлтэй болсон бөгөөд энэ нь ажиллах үед анхаарал төвлөрлийг сайжруулахад тусалдаг байна. Энэ функц нь анхаарал сарниулах хавсралтуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар унтраадаг аж.

Шинэ үйлдлийн системд “Бүү саад бол” үйлдлийг нэвтрүүлж, ингэснээр ямар горим дээр тавьснаас хамаарч бүх мэдэгдлийг хүлээж авах эсэхээ сонгох боломжтой болжээ.

“iOS 15” мөн шинэ загвартай болжээ. “Камер” аппликейшн нь зураг дээрх текст, объектуудыг таних боломжтой болж, “Газрын зураг”, “Түрийвч”, “Цаг агаар” зэрэг хавсралтууд сайжирсан байна.

Зураг хавсралтад зургуудыг төрөлжүүлэх, хайх үйлдлүүдийг сайжруулсан байна. Үүнээс гадна “Дурсамж” хэсэгт “Apple Music”-ээс дуу нэмж оруулж болно.

Шинэ “iPadOS 15” үйлдлийн системтэй “iPad” таблетад “widget” ашиглах боломжтойгоос гадна хоёр хавсралтыг нэгэн зэрэг ажиллуулах зорилгоор дэлгэц хуваах горимыг дэмждэг болсон байна.

“WatchOS 8.0”-д хэрэглэгчийн нойроо авах хугацаанд тавих хяналт сайжирч, зүрхний цохилтын давтамжийг хэмжих замаар хөдөлгөөний идэвхтэй байдлын үзүүлэлтүүдийг нарийн тодорхой гаргах аж.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт 4883 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 2,543 тохиолдол бүртгэгдсэн бол 4,883 хүн эдгэжээ. Халдвар аваад эмнэлэгт болон гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байсан эдгээр иргэд ийнхүү хяналтаас гарч байна.

Харин яг өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа иргэдийн хувьд, биеийн байдал нь:

  • Хөнгөн – 12,329
  • Хүндэвтэр – 6,729
  • Хүнд – 1,959
  • Маш хүнд – 380 хүн байгаа юм байна.