Стратегийн ач холбогдол бүхий салбар
Аялал жуулчлалын салбар гэхээр өндөр хамартай хэдэн европчууд, үүргэвч үүрсэн “тэнүүлчид” төдийхөнөөр төсөөлөх хүн олон. Тэгвэл бодит байдал дээр аялал жуулчлалын салбар манай улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий хэмээн тодорхойлж болох онцгой үүрэгтэй салбар юм. Тодруулбал, уг салбар үйлдвэрлэл, худалдаа, экспорт зэрэг олон сувгаар эдийн засгийг дэмжиж валютын нөөцийг бүрдүүлэхэд зохих үүргээ гүйцэтгэдэг. Тухайлбал, “Говь” компани 2019 онд 210 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан бол 2020 онд энэ дүн 117 тэрбум төгрөг болж буурсан байна. Борлуулалтын орлого бараг 50 хувиар унасан гэсэн үг. Орлого буурахад нөлөөлсөн хамгийн том шалтгаан нь гол худалдан авагч гадаадын жуулчид цар тахлын улмаас ирээгүйтэй холбоотой. Түүнчлэн, арьсан урлалын бүтээгдэхүүнээр гарааны бизнес эрхлэгч “Aragont” хэмээх компанийн борлуулалтын 60 хувийг гадны худалдан авагчид бүрдүүлдэг байсан бол энэ хувь хэмжээ унажээ. Шалтгаан нь дээрхитэй ижил. Өөрөөр хэлбэл, гадаадын жуулчдын цуваа тасрахад “Говь” компаниас эхлээд гарааны бизнес эрхлэгчид, ресторанууд, такси үйлчилгээ, жуулчны баазууд, үндэсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний худалдаа гэх зэргээр бараг бүх салбарт орлого буурахад нөлөөлж байна. Гадаадын жуулчин манай улсад ирсэн бол үүргэвчиндээ хэдэн бэлэн гоймон “шидчихээд” дугуй унаад хэрэн хэсүүчлээд байдаггүй. Тэд онгоцны буудалд хөл тавих цагаасаа эхлээд л таксинд суух, хооллох, буудалд тухлах, цаашлаад Тэрэлжид “сойсон” бүргэдтэй зургаа авахуулах зэргээр “ногоон” дэвсгэртээ үрж эхэлдэг. Судалгаанаас харахад 2019 онд манай улсад 577 мянга гаруй жуулчин аялаж, 513 сая ам.долларын орлого оруулж байжээ. Тэгвэл үүнийг тус онд хонины ноосны экспортоос 20.4, махнаас 83.7, самнасан ноолуураас 283 сая ам.долларын орлого олж байсантай харьцуулбал ямар өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийгддэгийг харж болно. Тийм ч учраас аялал жуулчлалын салбар манай улсын стратегийн салбар гээд дүгнэчихвэл нэг их буруудахгүй болов уу.
Эдийн засгийг тэтгэх гол суваг хүндрэлд орлоо
Харамсалтай нь цар тахлын улмаас манай улсад аялал жуулчлалын салбар элгээрээ хэвтэж байна. Жуулчдын тоо өнгөрсөн онд 93 хувиар буурсан нь тус салбарыг 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээхэд хүргэж, нийт аж ахуй нэгжийн 15 хувь нь татан буугдлаа. Мөн 88 мянга гаруй хүн уг салбараас “хоолоо олж идэж” байсан бол 50 гаруй хувь нь цомхотголд өртөөд байна. Тиймээс маш хүнд байдалд орсон аялал жуулчлалын салбарыг онцгойлон бодлогоор дэмжиж ажиллахаас өөр гарцгүй байгаа юм. Хамгийн гол нь коронавирусийн халдварын эрсдэлтэй зохицон амьдрах ухаалаг зохицуулалтуудыг хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Нэг баярлууштай таамаглал явж байгаа нь ковидын дараа хүнд цохилтонд орсон аялал жуулчлалын салбар огцом сэргэх, ингэхдээ хот суурин газраас илүүтэй байгаль, алс хязгаар нутаг руу чиглэх аялал нэмэгдэх төлөвтэй байгааг “McKinsey&Company” байгууллагаас онцолсон. Өөрөөр хэлбэл, бидэнд боломж байна гэсэн үг бөгөөд алдалгүй барьж авах нь цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын хөгжлийн гарцыг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх юм.
Хэрхэн дэмжиж, хамтран ажиллах вэ?
Аялал жуулчлалын салбар нийгэм, эдийн засагт гинжин хэлхээ үүсгэж, худалдаа, экспортыг дэмжих үл үзэгдэгч хүч тул төрөөс бодлогоор дэмжих шаардлагатайг дээр өгүүлсэн. Үүнтэй уялдуулж салбарынхан маш олон арга механизм, дэмжлэгийг санал болгож, судлахыг зөвлөж байна. Голлох хоёр агуулгыг энд онцлоё. Юуны өмнө цар тахлын нөлөө бүрэн арилах хугацаа 2024 оноос наашгүй хэмээн олон улсын судалгааны байгууллагууд онцолж буй. Гэхдээ цар тахал латин цагаан толгойн ямар үсгэн дээр очих хүртэл хувьсаж, мутацлагдахыг мэдэхгүй тул 2024 он баттай хугацаа биш. Тиймээс цар тахал бүрэн намжсаны дараа аялал жуулчлалыг дэмжинэ хэмээн хүлээх бус коронавирусийн аюул заналтай зохицон амьдарч, жуулчид татах бүхий л арга механизмыг ашиглах шаардлагатай байна. Үүнтэй уялдаатай хамгийн чухал асуудал бол жуулчдад эрүүл, аюулгүй, халдваргүй нөхцөл бүрдүүлж өгөх явдал юм.
Манай мэргэжлийн байгууллагуудаас цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой аж ахуй нэгжүүдийн мөрдөх дүрэм журмыг гаргасан. Гэвч энэ нь аялал жуулчлалын салбарт зориулагдаагүй гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Монгол руу аялах гэж байгаа гадны ямар ч жуулчны эхний асуулт бол “Танай улсад аялахад эрх бүхий байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэмийг баримтлахтай холбоотой дүрэм журмыг биелүүлэхэд хэр хүндрэлтэй вэ. Миний эрүүл, аюулгүй байдлыг хангаж чадах уу” гэх асуулт байх нь гарцаагүй. Жуулчид аюулгүй орчинд аялаж байгаагаа мэдэрч, итгэж байх шаардлагатай. Нөгөө талаас уг зохицуулалт нь хэт төвөгтэй бишээр зохион байгуулагдсан байх учиртай. Тиймээс олон талын судалгаа, олон улсын туршлага, жуулчид болон үйлчилгээний байгууллагуудын онцлог, мэргэжлийн холбоодын санал зөвлөмж зэрэг олон хүчин зүйлийг харгалзуулан хамгийн оновчтой гарцыг тодорхойлох ажлыг яаравчлан эхлүүлэх шаардлагатай биз ээ. Ядаж л аялал жуулчлалын байгууллагууд гадны жуулчдын захиалгыг хүлээж авахдаа халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдалтай холбоотой ямар зохицуулалтууд үйлчилж байгааг бүрэн тайлбарлаж чаддаг байх шаардлагатай байна. Үүний тулд төрөөс бодлогоо тодорхойлж, мэргэжлийн байгууллагууд зохион байгуулалтын арга механизм, гарц гаргалгаагаа боловсруулсан байх хэрэгтэй. Уг гарц гаргалгаа нь энгийн бөгөөд хялбар, жуулчид түүртээд байхгүй бол бүр сайн юм.
Дараагийн чухал алхам бол аялал жуулчлалын компаниудыг санхүүгийн нөөцөөр дэмжих явдал билээ. Хүний нөөцийнхөө талыг алдчихсан, данс нь улайчихсан компани, аж ахуй нэгж, иргэд жуулчин хүлээж авна гэдэг төвөгтэй. Уг дэмжлэгийг олон хэлбэрээр өгөх бололцоотой. Тухайлбал, ажиллах боловсон хүчнээ хадгалж үлдэж байгаа компаниудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж болно. Түүнчлэн, Засгийн газраас арилжааны банкуудад хүүгийн зөрүү олгож, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг зах зээлд гаргасан ч аялал жуулчлалын компаниудад хүртээгүй. Энэ нь аргагүй. Орлогогүй болсон, барьцаа хөрөнгө байхгүй, салбарын ирээдүй нь тодорхойгүй тул ямар ч банк аялал жуулчлалын байгууллагуудад зээл өгөх сонирхолгүй байгаа. Иймд аялал жуулчлалын байгууллагуудыг тусгайлан дэмжсэн хөнгөлөлтэй санхүүжилтийн механизмаар хангах шаардлагатай биз ээ. Цаашлаад стартегийн ач холбогдол бүхий салбартай дүйх үүрэг, үнэ цэнийг нь бодолцож татаас өгсөн ч болохоор байгаа юм. Канад, Сингапур, Индонез зэрэг аялал жуулчлал өндөр хөгжсөн 14 орны аялал жуулчлалын салбараа дэмжсэн судалгаанаас харахад санхүүжилтийн дэмжлэгүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Тодруулбал, тэдгээр улсын 78 хувь нь аялал жуулчлалын байгууллагууддаа бэлэн мөнгө, татаас өгсөн бол 78 хувь нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт, 85 хувь нь зээлийн дэмжлэг, 35 хувь нь дүрэм журмыг сулруулсан байна. Хэрэв аялал жуулчлалын салбар сэхэж чадахгүй бол хожим нийгэм, эдийн засагт нөхөж баршгүй эрсдэл үүсгэх учир ийн дэмжиж байна.
Илүү “үглэе”
Эцэст нь нэг зүйл илүү “үглэе”. Цар тахлын улмаас дотоодын аялал жуулчлал эрчимтэй сэргэж байна. Дотоодын аялагчдын 95 хувь нь хувиараа аялаж байгаа бол үлдсэн таван хувь нь аялалын компанид хандаж буй. Гэхдээ энэ нь ихэвчлэн тусгай зориулалтын аялалууд байна. Завь, морин аялал гэх мэт. За энэ ч яахав. Хамгийн гол нь дотоодын аялал эрчимжсэнтэй холбоотойгоор санаатай болон санаандгүй байдлаар байгальд хор хохирол учруулах байдал нэмэгдэж буйг анхаарах шаардлагатай болжээ. Ил задгай бие засах, хогоо хаях зэргээр санаатай үйлдэл гаргана. Эсвэл өөрөө ч мэдэхгүйгээр байгаль орчинд хор хохирол учруулчихсан байдаг. Эндээс дотоодын аялагчдад шат шатанд нь аялал жуулчлалын боловсролыг өргөн хүрээнд нэн яаралтай олгох хэрэгтэй байгаа нь харагдана. Ихэнх хүн аялагчийн үүрэг гэхээр хогоо ил задгай хаяхгүй байхад болно гэх ганц хүрээнд ойлгодог. Гэтэл үүнээс гадна маш өргөн хүрээтэй цогц мэдлэгийн асуудал цаана нь бий. Цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг шиг боловсролыг түгээж байж л мэдлэг суух, ухамсартай аялах болно.
Г.БАТЗОРИГ