Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг.

Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэл пос машин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд илүү хүртээмжтэй ажиллах, цар тахлын үед аль болох бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүднээс нийтийн тээврийн 200 гаруй шалгагч “Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж эхэллээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу хүн ихээр зорчдог автобусны буудлуудад “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар иргэдийн картыг газар дээр нь цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна.

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийслэлийн хэмжээнд гурван байгууллагын 450 орчим шалгагч бүртгэлтэй байдаг. Одоогоор “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нарыг дайчлан иргэдэд үйлчилж байна. Цаашид “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ гэх хоёр аж ахуй нэгжийн шалгагч нарыг ажиллуулан, иргэдийн нийтийн тээврийн картыг цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн ахлах шалгагч Д.Нямсүрэн “Шалгагч нар “Hi-Pay Wallet” апплкэйшнээр автобусны карт цэнэглэх үйлчилгээ үзүүлээд хоёр хонож байна. Уг ажилд иргэд маш эерэг хандлагатай байгаа нь ажиглагддаг. Миний ажиллаж буй зүүн бүс буюу Офицероос Багшийн дээдийн буудал хүртэлх бүсэд 20 орчим шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байгаа. Коронавируст халдварын цар тахлын үед иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалан, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй. Иймд карт цэнэглэж буй шалгагч нарт хандах, карт цэнэглэх цэгээр дамжуулан “U money” картаа тогтмол цэнэглэх, “Hi-Pay Wallet” аппликэйшнийг хэрэглэж хэвшээрэй” хэмээн иргэдэд уриаллаа.

Иргэд гар утсандаа “Hi-Pay Wallet” аппликэйшнийг суулган бүртгүүлээд, картаа цэнэглэх боломжтой. Мөн уг аппликэйшний тусламжтайгаар автобусны картын үлдэгдлээ шалгах, хэзээ автобусанд сууж, хэзээ буусан, хэзээ хамгийн сүүлд картаа цэнэглэснээ хянах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын талаас хил зөрчсөн таван иргэнийг саатуулжээ

Дорнод аймгийн Халхгол суман дахь хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр есдүгээр сарын 02, 11-ний өдрүүдэд БНХАУ-ын талаас хил зөрчсөн хоёр удаагийн үйлдэл бүртгэгджээ.

Хилчид улсын хил зөрчиж ирсэн таван иргэнийг илрүүлэн саатуулж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн өнгөрөгч наймдугаар сард Хилийн 0285 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид ОХУ-ын талаас зургаан иргэн хил зөрчсөнийг илрүүлэн саатуулсан.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 22 дугаар зүйл. Хилийн зөрчил:
22.1.1.хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;
22.1.2.хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;
22.1.3.улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” хэмээн заажээ.
Categories
мэдээ нийгэм

Сурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон.

Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан юм. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон. Тэгвэл дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байна.

Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгогдсон 64,000 орчим сурагч хамрагдана. Судалгааг улсын хэмжээнд 646 сургууль дээр зохион байгуулах ба давхардсан тоогоор 29,716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.

Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

​Egazar.gov.mn хаягаас иргэд өөрийн эзэмшлийн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг хэвлэж авах боломжтой болжээ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд газрын харилцааны цахим үйлчилгээний системийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажилласны үндсэн дээр газрын харилцааны 17 нэр төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ.

Мөн иргэд хамгийн их үйлчлүүлдэг газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа гэрээсээ буюу цахимаар хэвлэж авах боломжтой болсон.

Өмнө нь газрын гэрээ дээр л гэхэд газрын албаны дарга, мэргэжилтэн, хэлтсийн дарга гээд гурван хүн гарын үсэг зурдаг бөгөөд гурван хувь хэвлэгддэг байсан.

Өөрөөр хэлбэл, нэг гэрээнд гурван хүний есөн гарын үсэг, гэрчилгээ, кадастрын зэрэг гээд нийт 10 гарын үсэг зурагддаг байсан юм.

Сард нэг дүүрэгт 300 орчим иргэний газрын асуудал шийдэгддэг. Ингэхдээ давхардсан байдлаар 2,100 гарын үсэг гэрээнүүд дээр зурагддаг. Энэ нь өөрөө маш их механик ачаалал буюу хиймэл дараалал үүсгэдэг. Үүнээс болж иргэд газрын гэрээ, гэрчилгээг авахдаа маш их цаг алдаж байсан.

Үүнийг цахим хэлбэрт буюу QR код ашиглан шийдэх боломжтой байдал руу шилжүүллээ.

Энэ систем нэвтэрснээр нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийг иргэдэд шилжүүлсэн гэж ойлгож болно.

Иргэд Egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулж газрын гэрээ, гэрчилгээ болон кадастрын зургаа хэвлэн авах боломжтойгоос гадна QR код уншуулан тухайн газраа хүчинтэй эсэх, барьцаанд тавигдсан эсэх бүх мэдээллийг харах боломжтой болсон” гэв

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр /2021.09.22/ БНСУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр уулзалтын эхэнд БНСУ нь саяхан дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орны эгнээнд шилжсэнд баяр хүргээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшиний цахим уулзалт амжилттай болж хоёр улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцааг ахиулж Стратегийн түншлэлийн түвшинд дээшлүүлсэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2020 онд тэмдэглэсэн, парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцлоод БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийг цар тахлын үед бүх талаар хамгаалж дэмжих, вакцинд хамруулахад Солонгос иргэдтэй адил авч үзэхийг хүслээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Ли Ё Хун Байнгын хорооны дарга Б.Баттөмөрийг хүлээн авч буйд талархсанаа илэрхийлээд цаашид хоёр улсын хооронд эдийн засгийн харилцаанаас гадна аюулгүй байдал, гадаад бодлогын хүрээнд ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр улсын Ерөнхийлөгчийн байгуулсан хамтын ажиллагааны 5 чиглэлд нягт хамтран ажиллах, Зүүн хойд Азийн халдвар хамгааллын дэглэмийг боловсруулахад туслалцаа үзүүлэхийн чухлыг дурьдаад БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийг вакцинжуулахад ялгаваргүй тэгш хандахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

99 залуу гэр бүлд гэр бэлэглэлээ

Ховд аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн санаачилгаар байгуулсан “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд өнөөдөр Ховд аймгийн 17 сумын төлөөлөл 99 залуу гэр бүлд таван ханатай гэр бэлэглэж байна.

Ховд аймгийн тухайд нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Харин хөдөөгийн сумдын хүн амын 30-40 гаруй хувь нь мөн залуучууд байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу энэ 99 өрхийг сонгосон аж.

Ийнхүү шинэ гэртэй болсон айл өрхүүд нь орлого багатай ч амьдралын идэвх, хүсэл тэмүүлэл өндөртэй, баялаг бүтээгч, хөдөлмөрч залуучуудын төлөөлөл гэдгээрээ онцлогтой.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ нь өнгөрсөн 2011 онд Ховд аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “80 жил 80 гэр” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 80 айл өрхөд шинэ гэр өгч, бодит дэмжлэг үзүүлж байсан бол ийнхүү 10 жилийн дараа тус ажлыг үргэлжлүүлж 99 айлын амьдралд баяр баясал нэмсэн сайхан түүхийг бүтээсэн гэж нутгийн иргэд хэлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Цагаан хад, Гашуунсухайт боомтод PCR шинжилгээний лаборатори байгуулна

Нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэв. Үүнд:

  • Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор PCR молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна.
  • Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
  • Нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах, туулах чадвар сайтай хоёр автомашиныг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт худалдан авч өгнө.
  • Өмнөговь аймгийн “Говь Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон, өргөтгөн шинэлчлэх зураг, төсөв боловсруулна.
  • Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүс, хил орчмын нүүрс тээврийн бүсэд нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болгохгүй байх зорилгоор боомтын нэвтрүүлэх бодит нөхцөл байдалтай уялдуулан улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.
Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“Ухамсар” бүтээлийг хотын төвд сүндэрлүүлэв

Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээл өнөөдөр хотын төвд сүндэрлэв.

Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны уран бүтээлчдийн бүтээлээс сонгон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэндбайрлуулсан юм. Энэхүүалдартай бүтээлээ дахин урлаж, Улаанбаатар хотынхоо төвд байршуулан нийслэлийн үзэмжид чимэг нэмлээ.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн билээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг нийтэд таниулах, уран бүтээлчдийг дэмжин ажиллах зорилгоор “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж буй аж. Энэ аяны хүрээнд хотын хэд хэдэн байршилд хөшөө, баримлууд сүндэрлэх бөгөөд “Ухамсар” бүтээлээр эхлэлээ тавилаа. Хотоо чимэх орчин үeийн контемпорари бүтээлүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд байрлуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

47 ширхэг тарваганы тулмыг товчоодоор нэвтрүүлэхийг завджээ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамжийн дагуу хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоодод 24 цагийн хяналт тогтмол хийж байна.

Уг шалгалтаар 2021.08.15-09.22-ны хооронд 18 удаагийн тохиолдлоор нийт 47 ширхэг тарваганы түүхий тулам илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

​Олон улсын химийн олимпиадаас медаль хүртсэн сурагчдад шагнал гардууллаа


Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон билээ.

Энэхүү олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Мөн сурагчдыг бэлтгэн, амжилттай оролцуулсан “Орчлон” сургуулийн багш С.Хүрэлбаатар, “Хобби” сургуулийн багш И.Энхбаяр нарын амжилтыг өндрөөр үнэлж, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулав.

Тус олимпиадаас “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн.

Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцсон юм.