Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 4012 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр /2021.09.23/ Улаанбаатар хотод суурин 34 цэгт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Бумдарь: Хууль тогтоогчийг сонгох ёстой юу, эсвэл тухайн тойрогтоо ажилладаг хүнийг сонгох ёстой юу гэдэг нь мажоритор системийн том асуудал

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Манай улсад сонгуулийн ямар тогтолцоо тохирох вэ?

-Тухайн улсынхаа онцлог байдал, газар зүйн байршил, засаг захиргааны нэгжийн хуваарилалт болон Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотойгоор сонгуулийн системийг сонгодог. Манай улс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мажоритор системтэй байхаар тогтсон. Тэгэхээр бид 50%+1, эсвэл тухайн санал өгсөн саналын олонх гэдэг системээр явах нь тодорхой. Тухайлбал, 50+1 тохиолдолд мажоритор системийн дутагдалтай талуудыг бид анзаарч байгаа байх. Өөрөөр хэлбэл, 50 хувь дээр нэмэх нь нэг хүний саналаар ялж байна гэдэг нь үлдсэн 49 хувийн санал, хүсэл сонирхол, итгэл үнэмшил гээгдэж байна гэсэн үг. Тиймээс энэ нь манайд хамгийн том дутагдалтай тал болчихоод байна. Нөгөө талаар манай улсад тойргийн асуудал хэцүү болчихдог.

Можиратор систем бол тухайн тойрог томрох тусмаа санхүүгийн хувьд боломжтой, танигдсан, өөрийн гэсэн багтай, улс төрийн нам нь нэр хүндтэй, үндэсний хэмжээнд байх гэсэн олон нэмэлт хүчин зүйлийг шаарддаг. Тиймээс энэхүү шаардлагууд нь бүрдсэн нэр дэвшигчид давуу байдал үүсдэг. Нөгөө талаас төлөөлөгч болж буй гишүүн УИХ-д суухдаа Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийн төлөө хууль батлах ёстой байдаг. Гэтэл “Тойрогтоо ийм юм хийлээ, ийм хандив өглөө..” зэрэг тойрогтоо ажиллаж буй мэдээллийг ихээр анзаардаг байх. Энэ нь мажоритор систем бидэнд төлөөлөгч болсон гишүүн орон нутгийн, тойргийн шинжтэй ажил хийх, сонгогчдын санал авахын тулд тойргоо сайн “тордох” гэсэн соёлыг бий болгосон нь харамсалтай.

-Манайхан сонгуулийн тогтолцоогоо эсэргүүцдэг ч цагаа тулахаар сольж чаддаггүй…

-Тойргоо хадгалж явах гэдэг том соёл нь өнөөг хүртэл явчихсан. Ер нь салбарын судлаачид сонгуулийн системийг солиход “Улс төрийн эр зориг хэрэгтэй” гэж ярьдаг л даа. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ярихад сонгуулийн санал хураах аргачлалыг өөрчилж чаддаггүй. Энэ нь өөрийн сонгогддог тойрог, сонгуульд оролцдог арга барилаа солихгүй байх улстөрчдийн хүсэл юм даа.

Уг нь 21 засаг захиргааны нэгжээс 21 гишүүн мажоритар системээр сонгогдох, үлдсэн нь пропорциональ системээр гарч ирэх гэдэг ч юмуу сонгуулийн системийг өөрчлөх боломжууд байх боломжтой. Манай улсад мажоритор системтэй байх шалтгаанаа засаг захиргааны нэгжийн аюулгүй байдал буюу газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбож тайлбарладаг. Тиймээс тухайн тойрогт нэг төлөөлөгч байна гэдэг байдлаар тайлбарладаг. Гэхдээ хүн амын төвлөрөл, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг аваад үзэхээр нийслэлд тойргийн тоо их байх зайлшгүй шаардлагатай. Мажоритар байсан ч гэсэн тойргоо хэрхэн хуваах, сонгогчийн тооны харьцаа зэрэг тодорхой байх ёстой. Орон нутгийн нэг сонгогчийн саналын жин нийслэлийн сонгогчдын саналын жинтэй тэнцүү байх ёстой. Ингэж байж сонгууль эрх тэгш шударга боллоо гэж хэлмээр байдаг.

-Франц улс яг манайх шиг мажоритор тогтолцоотой. Гэхдээ хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг хооронд нь дахиж өрсөлдүүлдэг гэж сонссон. Энэ ямар учиртай юм бол?

-Мажоритор систем нь дотроо нэлээд хэдэн аргачлалтай. Ялагч бүхнийг авах, эсвэл үнэмлэхүй олонхын санал авсан байх, эсвэл намд өгсөн саналын үзүүлэлтүүр бүх тойрогт ялсан гэж үзэх зэрэг санал өгөх аргачлал, тооцох нь өөр байх хувилбарууд байдаг. Франц улсын хувьд хоёр шатлалтай мажоритор системээр явдаг. Таван хүн нэр дэвшлээ гэхэд хоёрдугаар шатанд нь эхний хоёрт орсон хүмүүсийг өрсөлдүүлдэг гэж ойлгож болно. Энэ бол санал гээгдүүлэхгүй байхын тулд авч байгаа арга хэлбэр, нөгөө талаар бүх нийтээр хүлээн зөвшөөрүүлж байна гэж ойлгож болно. Нэг үгээр бол нэг шатлалт мажоритор системийн сул талыг засах зорилготой арга.

-Манайхан өөрсдөө сонгож гаргачихаад маргааш нь зүхээд эхэлдэг шүү дээ. Үүнээс яаж салах вэ?

– Тойргоо торддог учир ийм хандлага сонгогчидод тогтсон байх талтай.Сонгогдсон гишүүндээ хандаж дэмжлэг авах, асуудлаа шийдүүлэх гэсэн соёл манайд суучихсан. Гэтэл гишүүний хийх ёстой ажил гэж байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг харахад ойлгоно. Хамгийн чухал ажил нь хууль батлах юм. Гэтэл хууль батлах гишүүн нь асуудлыг нь шийдэж өгөхгүй тохиолдолд таг боллоо, бидэнд үйлчилсэнгүй гэх хандлага байдаг. Сүүлийн хоёр жил ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн амьдрал, хэв маягт маш их өөрчлөлт гарч байна. Үүнтэй холбоотой цахимаар бие бие рүүгээ дайрч, доромжлох, эсвэл иргэдийн тодорхой төлөөлөл цахимд үзэл бодлоо илэрхийлэхийг нийт олонхын төлөөлөл гэж үзэх сөрөг байдал нийгэмд байна. Тиймээс бусдыг ор үндэсгүй “буруушаах” байдал ажиглагдаж байхыг үгүйсгэхгүй. Бодит байдал дээр гишүүд хуулийн төсөл дээр хэр ажиллаж байна, хуулийн үр өгөөж, судалгаа хэр хийгдэж байна, батлагдсан хуулийн нийгэмд үзүүлэх үр нөлөө зэрэгт анхаарах байдал бараг байхгүй гэж хэлж болно. Товчхондоо асуудлын ач холбогдлын эрэмбийг ялгах байдал алдагдсан гэж хэлмээр санагддаг. Нөгөө талаар хууль батлах явцтай холбоотой сурталчилгаа, танилцуулгыг илүү ихээр хийвэл гишүүдийн үндсэн ажлыг ойлгох байх гэж бодож байна.

-Олон улсын жишигт сонгуулиар том намууд жижиг намаа санхүүжүүлж сөрөг хүчний саналыг хуваадаг гэх юм билээ. Энэ талаар тодруулж ярьж өгөхгүй юү?

-Энэ бол сонгуулийн тактик байж болох талтай. Сонгуулиар улс төрийн нам ялахын төлөө өрсөлдөж байгаа. Тэгэхээр улс төрийн нам бүхэлдээ ийм зорилготой орох боломжгүй, тодорхой тойрог нэр дэвшигчдийн дунд өрнөж болох юм. Манайд одоогоор бүртгэлтэй 30 гаруй нам байна. Сонгууль дөхөх үед “амь ордог” гэж хэлж болно. Тэгэхээр энэ бол манайд үйлчилдэг сонгуулийн тактик юм болов уу.

-Нөхөн сонгуулийн суудал намуудад ямар ач холбогдолтой гэж та харж байна. МАН, АН хоёр бүлэгтэй, бусад намууд гарлаа гэхэд бүлэгт хүрэхгүй гээд байгаа шүү дээ?

-Намуудын хувьд ач холбогдол харагдахгүй байна. Харин нэр дэвшигчдийн хувьд ач холбогдолтой байх төлөвтэй. Зарим нэр дэвшигч бүрийн зорилго өөрөөр ажиглагдаж байна. Тухайлбал, сонгогдох чин хүсэл байхад, намын рейтинг өсгөх, нөгөө хэсэг нь санал хуваах зорилгоор оролцож байгаа болов уу. Харин МАН-ын нэр дэвшигчийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-тай эвссэнтэй холбох бүрэн боломжтой. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших олон кандитатууд байсан. Гэвч Э.Батшугар нэр дэвшлээ. Үүнд нэг их тайлбар хэрэггүй байх гэж бодож байна.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахаар болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Улс төр судлаач хүний хувьд энэ үйл явцыг та юу гэж дүгнэж байгаа вэ. Сүүлд нь ингэж нэгдэх байсан бол өөр өөр үзэл баримтлалтай намууд байх шаардлага байна уу?

-Ерөнхийлөгчийн албыг хашсаны дараахь албан тушаал нь мэдээж зөвлөх, их сургуулийн профессор байж болно ч гэдэг юмуу дараагийн чөлөөт амьдралаа сонгох нь түгээмэл. Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудалтай холбоотой “олон тэмцэл”-ийг өрнүүлсэн. Гэвч үр дүн нь дэвшиж чадаагүй. Тэгэхээр зөвлөхөөр авсан нь “ямар нэгэн том” асуудал байна гэж гаднаас нь харахаас өөр аргагүй юм. Харин доторх асуудлыг “тэд” өөрсдөө мэдэх байх.

-Ер нь манай улс төрийн намууд нэг л төлөвшөөгүйг сүүлийн үед өрнөж байгаа үйл явцууд гэрчлээд байна уу. Манай улсын улс төрийн намуудын төлөвшлийн ижил тогтолцоотой, ижил системтэй орнуудын яг хаана нь явж байна?

-Улс төрийн намын төлөвшлийн тухайд сайн биш. Өнөөгийн нөхцөл байдлыг харсан ч олон намын систем огт төлөвшиж чадаагүй байна. Улс төрийн намын төлөвшил явагдахын тулд ядаж улс төрийн намын дотоод ардчилал, санхүүжилт, нэр дэвшилт, мерит зарчим, намын бодлого, үзэл баримтлал, зохион байгуулалт, гишүүнчлэл, бүтэц зэрэг маш олон зүйлс хамааралтай. Төрийг эмхлэн байгуулж, үзэл баримтлалын дагуу хөгжлийг нийгэмд авчрах чадамжтай байсан бол арай өөр дүр зураг нийгэмд байсан байх аа. Гэтэл бүртгэлтэй намын тоо 34 байгаа ч нэг л эвээ олохгүй байгаа нь үүний илрэл юм. Одоо хүлээж байгаа зүйл Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд дорвитой өөрчлөлт орвол төлөвшил хийгдэх болов уу гэж найдаж байна.

-Нэг намд хэт их эрх мэдэл төвлөрөх нь ардчилал бүдгэрэх аюултай талаар хүмүүс сүүлийн үед их ярих боллоо. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг намд хэт их эрх мэдлийг сонгогчид өөрсдөө төвлөрүүлж байгаа шүү дээ. Энэ бол ардчилсан сонгуулийн үр дүн. Сонгочихоод хэт их эрх мэдэл төвлөрлөө гэж ярих зохимжгүй. Сонголт хийх үедээ бодох ёстой. Өмнө нь эрх мэдэл төвлөрүүлж байсан үе байсан уу гэвэл байгаа. Тэр ой санамж, туршлага, нэг намд итгэл хүлээлгэснээр бид юу хожсон бэ гэдэг зүйлийг суралцаагүй байна гэсэн үг. Нэг нам үнэмлэхүй байгаа үед ямар зүйл болж байна гэдгийг иргэд харж, суралцах байх. Суралцах процессынхоо явцад ямархуу хэлбэрийн тогтолцоо бидэнд хэрэгтэй, ямар хэлбэрийн улс төрийн намын систем бүрэлдэх вэ гэдэгт хариулт гарсаар байна. Энэ нь бидний яалт ч үгүй туулах ёстой процесс юмуу даа.

-Төр засгийн эрхийг барьж байгаа лидерүүдийг та хэрхэн дүгнэж байна. Иргэдийн зүгээс “Эргэж буцсан шийдвэр гаргаад байна” хэмээн шүүмжлээд байгаа шүү дээ?

-Бие хүний хэв шинж, элитийн зан чанар, лидерийн манлайллын асуудал. Өнөөдөр засаг эргэж буцсан шийдвэр гаргаж байна гэдэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газрыг тийм амархан огцруулах боломжгүй учир алдаа гарвал засаад байгаатай холбоотой юм. Нөгөө талаас уялдаа холбоо, асуудлыг шийдэх хурдтай холбоотой байх. Ер нь бол цар тахалтай холбоотой бие улстөрчийн манлайллын асуудал их чухал цаг үе байж магадгүй. Манлайллыг хүлээн улс төрийн, ажлын үр дүнгийн хүлээн зөвшөөрөгдөлтөөр хийх боломжтой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх нохой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 23, Бархасбадь гариг. Билгийн тооллын 18, Шийдэм одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 6:40 цагт мандан, 18:49 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус орчим, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Пүрэвдоржийн тарни” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Э.Бат-Үүл,
Б.Гарамгайбаатар
нар бол АН-ын эрx
чөлөөний суурь үзэл
санааг тээгчид”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-д жолооч С.Гэрэлтсүх “Хуучин картын
барааны үе шиг бензиндээ хоногоор
оочерлоод байж байдаг ийм тусгаар,
ардчилсан улс гэж байх уу” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Пүрэвдоржийн тарни” хэмээн өгүүллээ.

“Чингис шар айраг” ХХКийн захирал Д.Очирхуяг “Бид яагаад хоёр
үйлдвэрийн мөнгөөр нэг үйлдвэр, 100
км төмөр замын мөнгөөр 50 км төмөр
зам барьж, 2 литр бензиний үнээр 1
литр бензин авах болчихов оо?” гэснийг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “Шатахууны хомсдолд орно
гэдэг бол Үндэсний аюулгүй байдалтай
шууд холбоотой асуудал” гэв.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн “Бэрхшээл саадыг даван туулах, аяндаа цэгцрэх
зүй тогтолд найдахаас өөр аргагүй байна” хэмээн ярив.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

БНХАУ цаашид хилийн чанадад нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихгүй

БНХАУ цаашдаа нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төслийг хилийн чанадад хэрэгжүүлэхгүй гэж тус улсын удирдагч Ши Жиньпин мэдэгдлээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд БНХАУ буй хүчин чармайлт гаргаж байгаагийн баталгаа гэнэ. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассемблийн хуралд оролцох үедээ хэлсэн үгэндээ энэ талаар дурджээ.

БНХАУ “Нэг бүс, нэг зам” санаачилгынхаа хүрээнд Индонези, Вьетнам зэрэг улсуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьж буй. Гэхдээ энэнээс болоод Бээжинд багагүй дарамт шахалт ирсэн тул санхүүжилтийг нь зогсоохоос өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм. “БНХАУ цаашдаа хөгжиж байгаа улс орнуудад сэргээгдэх, ногоон эрчим хүчний төслүүд л хэрэгжүүлнэ” гэж Ши Жиньпин онцолсон байна.

БНХАУ “Нэг бүс, нэг зам” санаачилгынхаа хүрээнд бүс нутгийнхаа олон улс оронд зам гүүр, боомт, нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төсөл эхлүүлээд байсан. Гэхдээ анх удаа 2021 оны эхний хагас жилд нэг ч нүүрсэн цахилгаан станцыг санхүүжүүлээгүй юм.

Categories
мэдээ нийгэм

“IPhone” утас эзнийхээ сэтгэл гутралыг мэдэрдэг болно

“Apple” компани “IPhone” гар утас хэрэглэгчдийнхээ сэтгэл гутрал, түгшүүр болон бусад сэтгэцийн хэвийн бус байдлыг мэдрэн оношилдог болохын тулд “UCLA”, “Biogen” фирмүүдтэй хамтран ажиллах болжээ.

Нэрээ нууцалсан ажилтнуудын мэдээлснээр “Apple” компани гар утсаар дамжуулан хүний сэтгэл гутралыг илрүүлэх боломжтой эсэхийг судлахаар Лос Анжелес, Калифорнийн их сургуультай хамтран ажиллаж буй бөгөөд “Biogen” компаниар иргэдийн дунд судалгаа хийж байгаа аж.

Зарим эх сурвалжуудын урьдчилан мэдээлж байгаагаар гар утас эзнийхээ хөдөлгөөн, эд эрхтэнүүдийн үйл ажиллагаа, унтах хугацаа, бичгийн хэв гэх мэт зүйлийг ажигласны үндсэн дээр оношоо тогтоох юм байна. Мөн түүнчлэн нүүрний хувирал, дууны өнгө, алхаа гишгээ, унтах хэмнэл, зурвас бичих хурд, давтамж, агуулга зэргээр ч гэсэн онош тогтоож болох аж.

Categories
мэдээ эдийн-засаг

ОPEC газрын тосны олборлолтоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэх төлөвтэй байна

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны олборлолтоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа мэдээлээд байна.

Цар тахлын улмаас өнгөрсөн онд шатахууны эрэлт огцом буурснаар гарцаа эрс танаад байсан юм. Аравдугаар сард болох OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн уулзалтаар газрын тосны олборлолтыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм байна.

Өнөөдрийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.46 хувиар өсөж, баррель нь 74.70 ам.доллар болоод байна. Он гарсаар үнэ нь 45 орчим хувиар өсөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугам холбохоор газар ухахдаа 20 м үргэлжлэх моддыг сүйтгэжээ

Барилгын дулаан холбох ажлын хүрээнд замын хажуугийн ногоон байгууламж болох их хэмжээний моддыг сүйтгэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, менежер Т.Гантөмөр мэдээлжээ.

Тэрээр “Ногоон байгууламжийн үнэ цэнэ, хүний хийсэн хүч хөдөлмөрийг хэзээ үнэлдэг, ойлгодог болох вэ? Таван богд группийн барьж буй /Жапан таун, Интернешнл Улаанбаатар сургуулийн дунд/ барилгын дулаан холбох ажлын хүрээнд зөвшөөрөлгүйгээр 85 урт.м газар ухахдаа 20 гаруй метр үргэлжлэх модны үндсийг сүйтгэн нурааж, үхэх эрсдэлд оруулсан зөрчил гарсан байна.

Хяналтын Төрийн бус байгууллага зөрчлийг илрүүлж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтад мэдэгдэж хохирлын хэмжээг тодорхойлж төлүүлэхээр ажиллаж байна” гэлээ.



Categories
мэдээ нийгэм

Дэлхий даяар байгалийн хийн нийлүүлэлт багасаж, эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж байна

Байгалийн хийн үнэ дэлхий даяар өсөж байна. Тухайлбал, Франц, Германд сүүлийн хоёр долоо хоногийн дотор цахилгаан эрчим хүчний үнэ 40 хувиар нэмэгджээ. Британи, Испани тэргүүтэй өөр олон оронд хэрэглэгчдийг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлээд эхэлсэн байна. Мексикийн хөнгөн цагааны үйлдвэрүүдээс эхлээд Британийн бордооны үйлдвэр хүртэл олон үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Нэгэн худалдаачны хэлснээр, түүхий эдийн зах зээлийн хувьд энэ удаагийн нөхцөл байдал Дэлхийн санхүүгийн хямралын үеийнхтэй дүйж очих гэнэ. Байгалийн хийн том олборлогч АНУ-д хүртэл үйлдвэрлэгчид нь экспортоо багасгах, эс бөгөөс үнээ нэмэхийг Засгийн газраасаа сүүлийн нэг сарын дотор гурван удаа шаарджээ.

Хямралын шалтгаан нь Ази дахь геополитикийн нөхцөл байдал гэх мэт маш олон шалтгаантай ч тайлбар нь маш энгийн буюу улс орнууд эрчим хүчний аюулгүй байдалдаа тун мэдрэмтгий болсонтой холбоотой гэж энэ талаар мэдээлсэн “Экономист” сэтгүүлд бичжээ. Нүүрсний олборлолтыг багасгаж, энэ чиглэлд хийх хөрөнгө оруулалтыг багасгасан нь үүнд бас нөлөөлсөн гэнэ.