Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Хуралдаанаар шатахууны хомсдлын талаар хэлэлцэх аж.

Шатахуун импортлогч компаниудын нөөц хомсдож, нийслэлд ердийн хэрэглээний 3-5 хоногийн үлдсэнээ есдүгээр сарын 23-нд мэдэгдсэн. Иймд байгаа нөөцөө хүртээмжтэй хуваарилах, эмнэлэг, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагад зориулан аюулгүйн нөөцөө хадгалах зорилгоор иргэдэд хязгаарлалт тогтоон борлуулж байгаа юм.

Хэдийгээр импортлогч компаниуд урт хөршөөс монголчуудын сар гаруйн хугацааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахууныг захиалаад буй ч төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалж, манай улсад ирэх хугацаа удааширч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Атар” талхны үнэ 1280 төгрөгөөс 1500 төгрөг болж өсчээ

Үндэсний статистикийн хорооноос нийслэлийн зарим барааны үнийн өсөлтийг танилцуулав. Энэ сарын 22-ны байдлаар “Атар” талхны үнэ 1280 төгрөгөөс 1500 төгрөг болж өсчээ.

“Зууван чех талх” 1699-аас 1817 төгрөг болсон бол хар талхны үнэ 1224-өөс 1332 төгрөг болж, 118-108 төгрөгөөр тус тус өссөн байна.

“Алтан тариа”-н гурилын үнэд өөрчлөлт ороогүй бол цагаа будаа, сүү, тараг, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, өндөгний үнэ өсжээ. Харин мах, төмс, лууван, байцаа, манжин, сонгинын үнэ буурсан байна.

Хүснэгт 1.
Барааны нэр 2021 он 2021.IX – 22 2021.IX – 22
8 сарын дундаж үнэ 9 сарын 15-ны үнэ 9 сарын 22-ны үнэ
2021.VIII сар 2021.IX – 15
1 “Алтан тариа” гурил дээдийн дээд, савласан, кг 2236 2236 2236 100.0 100.0
дээд, савласан, кг 1619 1619 1619 100.0 100.0
I зэрэг, савласан, кг 1376 1376 1376 100.0 100.0
2-р зэрэг, савласан, кг 998 998 998 100.0 100.0
2 Талх “Атар”, 600 гр 1280 1500 1500 117.2 100.0
“Зууван чех”, 600 гр 1699 1817 1817 107.0 100.0
Хар талх, 300 гр 1224 1332 1332 108.8 100.0
3 Цагаан будаа, кг 3697 3754 3754 101.5 100.0
4 Хонины мах, ястай, кг 11375 10906 10865 95.5 99.6
5 Үхрийн мах, ястай, кг 13710 13216 13429 97.9 101.6
6 Үхрийн мах, цул, кг 15433 14889 14912 96.6 100.2
7 Адууны мах, ястай, кг 10419 10111 9833 94.4 97.3
8 Ямааны мах, ястай, кг 9618 8643 8643 89.9 100.0
9 Сүү задгай, л 1649 1649 1844 111.8 111.8
“Элекстер”, 0.5 л 1325 1453 1453 109.7 100.0
“Шинэ Сүү”, л 2841 3041 3067 108.0 100.9
10 Тараг, савласан, 900 гр, “Цөцгийтэй” 2740 3007 3016 110.1 100.3
11 Цөцгийн тос, 250 гр 4667 4696 4696 100.6 100.0
12 Ургамлын тос, л 4798 4821 4821 100.5 100.0
13 Элсэн чихэр, кг 2756 2800 2800 101.6 100.0
14 Ногоон цай, савласан, 90 г 1566 1566 1566 100.0 100.0
15 Өндөг, ш 332 349 370 111.2 106.0
16 Алим, “Фүжи” сортын, кг 5897 5759 5759 97.7 100.0
17 Төмс, дотоод, кг 949 859 813 85.7 94.7
18 Лууван, дотоод, кг 2818 2321 2198 78.0 94.7
19 Байцаа, импортын, кг 2189 1692 1654 75.5 97.8
20 Хүрэн манжин, дотоод 3066 2749 2749 89.6 100.0
21 Сонгино, бөөрөнхий, импортын, кг 2794 2508 2508 89.8 100.0
22 Шатахуун Аи-80 автобензин, л 1970 1970 1970 100.0 100.0
Аи-92 автобензин, л 2036 2036 2036 100.0 100.0
Дизелийн түлш, л 2459 2459 2459 100.0 100.0
ДҮН 100.0 100.4

Categories
мэдээ нийгэм

Давхар бүртгэлтэй компанийн хувьцааг нэмж бүртгэв

Санхүүгийн зохицуулах хороо энэ удаагийн хуралдаанаар Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн”-ийн хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 17 484 662 ширхэг хувьцааг бүртгэлээ. Гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрх зүйн орчинг Хороо 2018 онд бүрдүүлсэн.

Үүний үр дүнд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болох “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн” нь Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлж Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон. Харин өнгөрсөн онд Хорооноос давхар бүртгэлийн эрх зүйн орчинг сайжруулж хувьцаагаа хоёр улсын бирж хооронд чөлөөтэй хөрвүүлж арилжаалах боломжийг бий болгосон нь давхар бүртгэлтэй компаниудын хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн бодлогын чухал алхам юм. Ингэснээр тус компани дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгож хувьцаагаа нэмж гаргах нөгөө талаар хөрөнгө оруулагчдын хувьд бас нэгэн бүтээгдэхүүн нэмэгдэж байна.

Цаашилбал, энэхүү үнэт цаасыг нэмж бүртгэснээр гадаадын хөгжингүй зах зээлд бүртгэлтэй компани гадаадын болон дотоодын биржээр дамжуулж хувьцаагаа арилжаалах боломжтой, хөрвөх чадвар өндөртэй сайн бүтээгдэхүүн зах зээлд гарах түүнчлэн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Ням-Очир: Боловсрол бол дан ганц хичээл заах бус зөв хүн болгон төлөвшүүлэхэд оршино

Сурагчдын хандлага, Багшийн заах аргазүй өөрчлөгдөж “ЗӨВ МОНГОЛ ХҮН” төрөн гарч байна. Ерөнхий боловсролын 30 сургуульд “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжиж эхэлснээр байгаль, эх дэлхийгээ хайрлаж, соёл уламжлалаа дээдлэн, зөв дадал хэвшлийг түгээх МАНЛАЙЛЛЫГ сурагчид түүчээлж эхэллээ. Боловсролын салбар хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэн, тогтвортой хөгжлийн боловсролын арга зүйг хэрхэн тусган ажиллаж байгаа талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.


-2015 оноос эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж, хоёрдугаар шат үргэлжилж байна. Дэлхий нийт тогтвортой хөгжлийн боловсролд ихэд анхаарч, тусгай хөтөлбөр гарган ажиллаж байна. Монгол улсын хувьд Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, агуулга, аргазүйг хэрхэн тусган ажиллаж байна вэ?

-Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал, жуулчлалын яам хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн II дугаар үе шатыг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын бүх шатны боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, багшийн арга зүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгаж, бүх түвшинд хэрэгжилтийг бодит болгоход энэ төслийн үр дүн чиглэгдэнэ. Улаанбаатар хот болон 6 аймгийн 30 сургуулийг сонгон авч “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын жишиг сургууль болгохоор ажиллаж байна. Төслийн эхний үе шатанд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад яаж тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгах вэ? Одоо хэрэглэгдэж буй 140 мянган сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрхэн яаж шингээх вэ? гэдэгт нэлээн анхаарч ажилласан. Энэ чиглэлээр сурах бичиг, сургалтын хөтөлбөр агуулгын талаар зохиогч нартай хамтарч ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр шатны үр дүнд бичиг баримтын түвшинд ахиц дэвшилттэй ажилласан гэж хэлж болно. Харин одоо үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн хүртээл болгоход энэхүү төслийг чиглүүлж ажиллах юм.

Хүмүүсийн хязгааргүй хэрэгцээг хяз гаартай нөөцөөр хэрхэн өөрийнхөө хэрэглээг зөв зохистой зохицуулж, ажиллаж амьдрах, байгаль эх дэлхийгээ хайрлах, байгалийн баялаг, нөөцийг зөв зохистой ашиглахыг тогтвортой хөгжлийн боловсрол гэж ойлгож болох юм.

-“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд сургуулиудад ямар өөрчлөлт гарав?

-Хүүхдүүд байгаль эх дэлхийгээ хайрлаж, хамгаалдаг, хувь хүн өөрийгөө удирдаж, зөв залан байгаль болоод нийгэмд өөрийнхөө байр суурийг олох зэргээр жишээ даалгавруудыг сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичигт оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн тоо, үсэг заах биш зөв хүн байх, зөв хандлагатай, зөв дадал хэвшилтэй, зөв хүн болж төлөвшихөд чиглэж ажилласан.

Манай сургуулиуд Тогтвортой хөгжлийн концепц, үзэл санааг сургалтын хөтөлбөр, агуулгадаа маш сайн шингээж өгсөн. Хүүхдүүд, сурагчид маань ч гэсэн идэвхтэй оролцож, өөрчлөгдөж байгаа. Гэхдээ “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэхэд зөвхөн боловсролын байгууллагууд биш тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжүүд, эцэг эхчүүд, хүүхдүүдийн хамтын оролцоо чухал юм.

-Та хамтын оролцоо, түншлэл чухал гэдгийг тодотголоо. Өнгөрсөн тавдугаар сард “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга- түншлэл” цахим чуулган болж олон талын оролцогчдыг хамруулах шиг болсон. Үр дүн юунд байв?

-“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга-түншлэл” цахим чуулганыг бид тавдугаар сард 5 өдөр зохион байгуулсан. Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг ярих нь боловсролын салбарын эсвэл тухайн сургууль цэцэрлэгийн асуудал биш учраас салбар хоорондын уялдаа холбоог хангах нь чухал байсан юм. Иймээс дээрх форумыг зохион байгуулахдаа олон талын оролцоо, түншлэлийг хамруулахыг зорьсон. Үнэхээр төрийн байгууллага ч, хувийн хэвшил нь ч, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус нь ч, сургууль, орон нутаг бүгдээрээ “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын үзэл баримтлал, арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлж бодит үр дүн гарсан байна. Сүүлийн жилүүдэд батлагдан гарч байгаа боловсролын салбарын урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг аваад үзвэл жендер, тэгш хүртээмжтэй байдал, орчин нөхцөл гээд тогтвортой хөгжлийн үзэл санаа хандлагууд бүх бодлогын баримт бичгүүдэд тодорхой түвшинд сууж шингэсэн. Харин одоо “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийнхөө үр шимийг бусдад илүү өргөн хүрээгээр хүртээхээр зорин ажиллаж байна.

Тухайн аймаг, сум, дүүргийн засаг дарга, сургууль, боловсролын байгууллагуудтайгаа яаж хамтарч ажиллаж, ногоон хөгжлийн үзэл баримтлал, тэгш хамруулан сургах, жендерийн мэдрэмжтэй байх үзэл санааг хэрхэн тусгаж, хүн бүрд хүртээмжтэй боловсрол хэрэгжүүлж чадаж байгаагаар “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үр дүнд харагдана.

Энэ төслийн хүрээнд тодорхой хугацааны дараа түшиц сургуулиудад сайн туршлагууд бий болж Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд эцэг эхчүүд, багш нар оролцдог, сургуулийн удирдлагууд дэмждэг, орон нутгийн засаг захиргаа үүнийг нь ойлгодог, бүхий л шат, түвшинд уялдаа холбоотой ажиллаж, Монголын төр засгийн түвшинд ч, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд ч бий болсон байх болов уу гэж харж байна.

-Онлайн хичээлд хүүхэд бүр хамрагдаж чадаагүй. Амьд харилцаа байхгүйн улмаас хоцрогдол бий боллоо. Ялангуяа хот, орон нутгийн сурагчдын дунд хоцрогдлын зөрүү их гарч байна?

-“Ковид-19” цар тахлын өмнөх ба дараах үе өөр. Дэлхийн банкны тайланд 100 хүүхэд тутмын 53 нь ямар нэгэн байдлаар хоцрогдолтой байгаа нь тодорхой болж байна. Энэ нь зөвхөн сургалтын хоцрогдол биш бөгөөд нийгэм, сэтгэл зүйн хувьд асар их хоцрогдолтой болж байна.

Монгол Улсын Засгийн газраас сургалтын хоцрогдлыг арилгах 3 жилийн цогц төлөвлөгөөг авч хэрэгжүүлж байгаа. Энэ нь цаашлаад боловсролын реформ болох суурь нь болно. Тиймээс бид нар хуучин шигээ их давтлага өгч, хичээллэх цагаа нэмээд, хүүхдийг шахаж, хүчээр мэдлэг эзэмшүүлэх арга барилаасаа татгалзах ёстой. Ямар хугацаанд мэдлэг эзэмшүүлэх вэ? гэдгийг тодорхойлоод багш нараа сургаад, хосолсон сургалтын орчныг бүрдүүлэн цар тахал, байгалийн гамшгийн үед ч тогтвортой боловсролын үйл ажиллагаа үргэлжилдэг байх. Багш зайнаас ч бай танхимаар ч бай хүүхдүүдээ удирдаад явах арга зүйд сурах, нөгөө талаас иргэд, эцэг эхчүүд хүүхдээ бие даан суралцах арга барилд шилжих шаардлагатай. Үгүй бол боловсрол тасалдвал хохирогч нь хүүхэд болно шүү дээ. НҮБ, Юнеско, Дэлхийн банк гээд боловсролд анхаардаг олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар дэлхийн гурван улс тутмын нэг нь хоцрогдол арилгах стратегийг одоо хүртэл боловсруулаагүй гэсэн дүгнэлт гарсан. Монгол Улс 2021 оны тавдугаар сард гурван жилийн хугацаанд “Ковид-19”-оос үүссэн хоцрогдлыг яаж арилгах вэ гэдэг төлөвлөлтөө гаргасан. Үүнтэй холбоотойгоор олон улсын байгууллагуудтай хамтран 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл хийх арга хэмжээнийхээ төлөвлөлт, боловсруулалт, судалгаа тооцооллыг хийгээд ажлуудаа бэлэн болгосон.

Тийм учраас багш, эцэг эхчүүд хүүхдийг шахаж, чи яагаад теле хичээл үзээгүй юм, чи яагаад тэмдэглэл хөтлөөгүй, яагаад хоёр жил сураггүй болчхов гэсэн хандлагаар хандах юм бол тэр хүүхэд хэзээ ч сайн суралцаж чадахгүй, хэзээ ч багшдаа хайртай байж сургуулийнхаа хаалгаар итгэл дүүрэн орж чадахгүй.

Иймд нэгдүгээрт, нийгмийн сэтгэл зүйн асуудал буюу эргэх холбоо, хоёрдугаарт, нэг ч хүүхдийг сургуулийн гадна үлдээхгүй байх асуудал, гуравдугаарт, бүх хүүхдүүдийнхээ гарааны түвшин ямар байгааг оношлох, дөрөвдүгээрт, цаашдаа хүүхэд бүрд тохирсон байдлаар нь ахиулах явдал юм. Нэг ангийн 30 хүүхэд нэг ижил аргаар, нэг ижил сургалтаар яваад байх юм бол хоцорсон нь хоцроод л байна.

-Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцах наснаасаа эхлүүлээд тогтвортой хөгжлийн боловсрол эзэмших нь тухайн улсын хөгжилд ямар ач холбогдолтой вэ? Та мэргэжлийн хүний хувьд тайлбарлавал?

-Нийгмийн бүх гишүүд өөрийн нийгмийг хөгжүүлэхэд тэгш оролцож, түүнийхээ үр шимийг хүртэж сайхан амьдрах ёстой, эрүүл орчинд аж төрж, сайн боловсрол эзэмших ёстой. Энэ бол тогтвортой хөгжлийн үндсэн зарчим.

Магадгүй тун удахгүй хүн төрөлхтний хэрэгцээг байгалийн нөөц баялаг нь хангаж чадахгүй болох эрсдэл тулгарахыг үгүйсгэхгүй. Дэлхий ертөнцийг хүний ухамсаргүй үйл ажиллагаа улам дордуулж хойч үедээ аюул занал учруулж байгааг бүх түвшинд ярьж бичиж, дэлхий нийт үүний эсрэг санаачилгад нэгдэж байна.

Иймд бүх шатны боловсролын агуулгыг тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалаар баяжуулан зөв хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үедээ төлөвшүүлэх замаар амьдралын нөхцөлийг нь сайжруулах ёстой гэж харж байгаа. Ирээдүйн хойч үедээ бид зөв суурийг, зөв алхмыг, зөв үйл ажиллагааг өвлүүлж өгөх учиртай. Мэдээж зөв төлөвшилтэй, зөв хандлагатай, зөв боловсрол мэдлэгийг авснаар ЗӨВ ИРЭЭДҮЙН ИРГЭД нэмэгдэнэ. Ингэснээр хэнийг ч орхигдуулахгүй байх зөв бодлого төлөвлөлтүүд гарч ирнэ.

Бидний ирээдүй олон жилийн туршид хязгааргүй хэрэгцээгээ оновчтой төлөвлөж, зөв зохион байгуулж явах АМЬДРАЛД БЭЛТГЭГДСЭН дэлхийн хүнийг бий болгоход “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл чиглэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд ерөнхий боловсролын 30 сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧ ажиллуулж эхэллээ

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран анх удаагаа Боловсролын Сэтгэл зүйчдийг бэлтгэж эхэлсэн нь ТХБ-ын суурь зорилтуудыг хангахад ихээхэн нөлөө үзүүлсэн ажил болж байна.

Энэ оны зургаадугаар сараас эхлэн “Боловсролын сэтгэл судлал”-ын 12 багц цагийн сургалтыг төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг болон Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ хамтран үе шаттай зохион байгуулжээ. Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ-ын мэргэжлийн сургагч багш, салбарын эрдэмтэн судлаачид, багш нар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн, 14 хоногийн танхимын, 14 хоногийн мэргэжлий байгууллагуудад дадлагажуулах гэсэн хосолсон хэлбэрээр сургалтыг явуулсан байна.


“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн зорилтот 6 аймаг, 2 дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 72 сэтгэл зүйч “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгсөх бөгөөд эдгээрээс төсөлд хамрагдаж буй сургуулиудад ажиллах эхний 23 сэтгэл зүйч сертификат /үнэмлэх/-аа гардан авч, ажлаа есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүллээ. Хувь хүн болон төлөвших, сэтгэл зүйгээ ойлгон удирдах чадварт суралцах нь ЕБС-ийн хүүхдүүдийн хувьд нэн чухал хэрэгцээ юм. Тэгвэл сургуулийн сэтгэл зүйчид сургалтын агуулгаар дамжуулан хүүхэд, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээллийг өгөхдөө онолын түвшинд дүн шинжилгээ хийхээс гадна амьдрал практикт тулгарч болох хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлуудтай хэрхэн холбож зөв хандлага, зөв арга зүйгээр хүргэх талаас нь зөвлөх-хамтран ажиллах чиглэлээр сургалтын агуулга хөтөлбөрөө боловсруулжээ.

“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр хоёр орчим жилийн хугацаанд сурагчид зайн сургалтад хамрагдснаар ганцаардах, сэтгэлээр унах, сурлага нь муудахаас эмээх зэргээр сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөөлөл бий болсныг судлаачид хэлж байна. Иймд Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэж, сургуулиудад ажиллуулж эхэлснээр хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг сургуулийн орчинд төлөвшүүлэх, хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, багш, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх, цаашлаад боловсролын чанар, сургалтын менежментэд ахиц гарна хэмээн үзэж байгаа аж. Нэг үгээр хэлбэл сэтгэл зүйчид хүүхдүүдийн хамгийн ойрын туслагч байх болно.


Боловсролын сэтгэл зүйчид энэ хичээлийн жилийн хугацаанд ментор багшийн удирдлага дор үйл ажиллагаагаа зохион байгуулж, хамтран ажиллана. Төслийн хүрээнд тэдний ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Боловсролын сэтгэлзүйч”-ийн ажлын байрны жишиг орчинг бий болгож, сургуулиудад хүлээлгэн өгч байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдсан Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сургалтын арга барил, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй сэтгэл зүйчийн кабинеттай биечлэн танилцлаа. “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль сэтгэл зүйчийн өрөөг бүрэн тохижуулж, таатай орчныг бүрдүүлэн өгчээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн сэтгэл зүй эрүүлжихэд ач холбогдолтой төсөл боллоо. Нөгөө талаас мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болж, мэргэжилдээ туршлагажиж, хүүхдийн асуудлаар илүү мэргэших сайн талтай юм. Хүүхдийн сэтгэлийг таньж мэдэх, асуудлыг шийдэх, тэднийг ойлгож, зөв замыг зааж өгөхөд сэтгэл зүйчдийн үүрэг чухал юм” гэдгийг онцоллоо.


Categories
мэдээ улс-төр

УБЕГ: Сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамжийг шалган, гэрчилгээжүүлэв

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “сонгуулийн автоматжуулсан систем, түүний техник хэрэгсэл, программ хангамжийг зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх” гэж заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамжийг Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэгт шалгуулж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцож, улс төрийн нам эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавьж оролцлоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 6.407.1 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 3 нэр дэвшигчдийн дансанд нийт 6.407.1 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6,690.3 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 283.4 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5,401 иргэн 5,400.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгчээ.

No description available.

Тус сонгуульд нам, эвслүүдээс 621.8 сая, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200.0 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн бөгөөд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоосныг 3 нэр дэвшигч хэтрүүлээгүй байна.

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 6,407.1 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 6,406.3 сая төгрөгийн мөнгөн хандив, 0.8 сая төгрөгийн мөнгөн бус хандив байна.

Сонгуульд 2,956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2,444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4,818.9 сая төгрөг хандивлажээ.

Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179.0 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна.

Нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагааны зардалд нийт 6,690.3 сая төгрөг зарцуулжээ.

Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг 989 иргэний 177.2 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнаснаас 328 иргэний 173.1 сая төгрөгийн хандивыг буцааж, 646 иргэний 3.4 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгож, 5 иргэний 0.7 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг өр төлбөрөөр тайлагнасан байна.

No description available.

Дэлгэрэнгүйг https://audit.mn/wp-content/ -оос үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

Хаяг шошгын зөрчилтэй 6 тонн хоол амтлагчийг устгажээ

Замын-Үүд боомтоор нууцаар оруулж ирэхээр завдсан, хаяг шошгын зөрчилтэй 6 тн хоол амтлагчийг устгалд оруулжээ.

Тодруулбал, Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгын зөрчилтэй 6 тн 16 нэр төрлийн хуурай хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, устгалд орууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АН: Ирэх сарын 1-нд Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” цуглаанд оролцохыг ард түмнээсээ хүсч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна


Ингэхдээ УИХ-ыг яаралтай хуралдаж, цаг үед тулгарч буй асуудлыг шийдэхийг шаардав. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөгийн Засгийн газраас шалтгаалж байдал ийм дээр тулсанд хариуцлага хүлээх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг халдвар тараах нөхцөл бүрдүүлсэнд уучлалт гуйхыг шаардав.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ковидын хуулиар далимдуулж УИХ-ын 76 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээ хуралдсангүй. УИХ-ын чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх шаардлагатай байна. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон, шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Иймээс цаг үед тулгарч буй асуудлыг шийдэхийг шаардаж байна. Ингэхдээ шаардлагатай зүйл заалтуудыг өргөн барьж буй шаардлагад тусгаж өгсөн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэдэг шаардлагыг мөн хүргүүлж байна. Засгийн газрын бодлогоос улс ийм байдалд хүрсэн. Гуравдугаарт, 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ой тэмдэглэж, удаа дараа одон медаль тараасан зэрэг олон хүн цуглуулж халдварыг хавтгайруулсан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулиар хөдөө орон нутагг руу явж халдвар тараасан. Үүний дараа уул тахих нэрийдлээр халдвар нэмэгдүүлсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уучлалт гуйхыг шаардаж байна. Түүнээс гадна малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна. Тиймээс Ардчилсан нам сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо илэрхийлж, хариуцлага нэхэж байна” гэв.

Мөн “Ирэх сарын 1-нд Сүхбаатарын талбайд “Одоо боллоо” цуглаанд оролцохыг ард түмнээсээ хүсч байна” гэлээ.

Ардчилсан намын бүлгээс дараахь шаардлагыг тавьж байна. Үүнд

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг нэн даруй зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол ирэх сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.
Categories
мэдээ нийгэм

Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм.

Наймдугаар сарын 15-наас эхэлсэн зам барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн зургаадугаар сард зам барилгын ажлын зураг төслийг баталсан бөгөөд уг авто зам ашиглалтад орсноор Их монгол улсын гудамж, Зайсан орчмын замын хөдөлгөөний ачаалал буурах ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Авто замын ажил эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд замын трасст өртсөн бутыг зөөвөрлөх, шилжүүлэн суулгах, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Хөрс хуулалтын дараа далангийн ажил эхэлж, 70 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажлыг гүйцэтгэх үед өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөн асуудал үүсжээ. Энэ талаар “Даймонд рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Болдоо “Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөний улмаас үүнтэй холбоотой кабел, шугамуудыг хэрхэх талаар хугацаа алдсан. Уг асуудал саяхан шийдэгдсэнээр өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамаас цааш үргэлжлэх далангийн ажлыг эхлүүлээд байна. Далангийн ажлаа яаралтай дуусгаад бусад ажлаа үргэлжлүүлнэ” гэв.

“Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш барьж буй авто зам нь хоёр урсгал бүхий 13.8 метр өргөнтэй бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгч компанид норм стандарт ханган, барилгын зураг төслийн дагуу ажиллах, тогтсон хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах шаардлага тавьж байна.