Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: АИ92 бензинийг АИ80-аар орлуулахдаа октан өсгөгч заавал хийгээрэй

Орон даяар АИ-92 шатахууны нөөц дуус ч хаа сайгүй шатахууны хомстолд ороод байгаа билээ. Улаанбаатар хотын хэмжээнд тоотой хэдхэн шатахуун түгээх газар АИ92 шатахуун өгч байгаа учир шатахуунд оочерлох автомашинууд урт дараалал үүсгэсээр байна. АИ92 шатахуун хийдэг автомашин АИ95, 80 хийх тохиолдол их гарч байна.


Тэгвэл автомашинд зориулалтын шатахуунаас өөр шатахуун хийх нь ямар эвдрэл гэмтэл үүсгэх талаар мэргэжлийн хүнээс тодрууллаа.

“Доктор авто” сервисийн инженер н.Бат-Өлзий: АИ92 шатахуун хийдэг автомашинд АИ80 хийхэд октан доошлоно. Үнэхээр АИ80 хийх шаардлага гарвал өмнө нь октан өсгөгч зайлшгүй хийнэ. Октан өсгөгчгүй шууд АИ80 хийгээд удаан явбал хөдөлгүүрт дуу орж гэмтэл үүсгэх магадлалтай.

Гэхдээ АИ92-ыг орлуулж АИ95, АИ80 хийж болно. Октан өсгөгчөө хийхээ мартаж болохгүй. Мөн бага бензинээр удаан явах, шараа удаан асааж явах нь бензин насост шатах эрсдлийг бий болгодог. Хөдөлгүүр хэдий чинээ ажиллана бензин насос мөн ижил байнгын ажиллаж байгаа бөгөөд удаан эдэлгээний явцад цахилгаан мотор доторх зэс утасны лакан бүрхүүл халснаас болж хайлж, бензин насосын чадлыг бууруулдаг. Өөрөөр хэлбэл чадал буурна гэдэг нь Зл/цаг шахдаг байсан бол 1л/цаг болж багасдаг. Тиймээс халсан, халж байгаа энэхүү цахилгаан моторыг бензин нь өөрөө хөргөж байдаг үүрэгтэй. Тэр хөргөх бензин нь дуусчихлаар хий сорж эхэлдэг. 

Аль болох шар асааж тултал нь явахгүй байх нь зөв. Түр хугацаанд шараа асааж удаан зогсох болон машинаа ойр ойрхон унтрааж асаахад бол шууд үүсэх ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй. Зөвхөн аккумулятор суух магадлалтай. Харин АИ92 хийдэг автомашинд АИ80 хийсэн тохиолдолд унтарвал авто засварын газруудад хандах хэрэгтэй. Наад зах нь бохирдох гэх мэт олон шалтгааны улмаас унтарсан байж болно. Үүнийг заавал цэвэрлүүлнэ гэсэн үг.

Бараг бүх жолооч нар өөрөө ч анзааралгүй явсаар шатахууныхаа шар гэрлийг асаачихдаг. Шатахууны заалт ¼-тээ хүрэх үед шатахуунаа нэмж байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Иймээс жолооч та шатахууны шар гэрлээ асаад хэд явах боломжтойгоо мэдэж байснаар учирч болох хүндрэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Шар гэрэл асаалттай явахын муу талууд:

Машиндаа бага хэмжээний шатахуунтай явахын аюултай талуудыг та бүхэндээ хүргэе.

  • Хамгийн эхний асуудал бол мэдээж хэрэг хээр замд эсвэл хотын түгжээн дунд машин ямар ч бензингүй болж унтрах асуудал. Энэ нь өөрт хүндрэл учруулахаас гадна бусдын хөдөлгөөнд саад учруулж бухимдуулах болно.
  • Мөн банкандаа бага хэмжээний шатахуунтай явах нь автомашин шатахууны систем, катализаторт гэмтэл учруулах аюултай.
  • Хэрэв таны бензин насос муудаад сольсон бол давхар бензиний бүдүүн болон нарийн шүүр (тунгаагуур) хамтад нь солих нь илүү үр дүнтэй. Дэлгэрүүлж тайлбарлавал: Түлшний системд 2 шүүр байдаг. Бензин насосын дотор байдаг торон хийцтэй шүүрийг манайхан бүдүүн шүүр гэдэг. Энэ нь шатахуун дахь том хогийг шүүх зориулалттай. Бензин насосыг солихдоо давхар солих шаардлагатай. Харин нарийн шүүр буюу тунгаагуур гэх шүүрийг тогтмол хугацаанд сольж байх хэрэгтэй. Тэр нь ихэвчлэн төмөр эсвэл хуванцар савалгаатай байдаг.
  • Цаашлаад бага шатахуунтай үед бензин, түлшний насос банкны ёроолд тунасан шаар хог зэргийг сорж эвдрэх, халснаар хүчгүй болох аюултай байдаг.

Эдгээр гэмтлийг дараа нь засах эсвэл шинээр солиулна гээд мөнгө, цаг хугацааны хувьд их зардалтай болно.

Зөвхөн шатахууны ШАР гэрлийг асаагаад явах нь машиныг гэмтээхгүй боловч байнга асааж явах нь дээрх аюулуудыг дагуулж болзошгүй байдаг.

Тэгвэл шар гэрэл асаад хэр хол явах боломжтой вэ?

Орчин үеийн автомашины компьютер одоо байгаа шатахуунаар хэр хол эсвэл хэр бага зайг туулах боломжтой харуулдаг болсон. Гэвч автомашин бүрийн хэдэн литр бензинээр хэдэн километр зайг туулах боломжтой гэх үзүүлэлт нь автомашины ажиллагаа, замын нөхцөл байдал, жолоочийн жолоодлого зэргээс хамаарч харилцан адилгүй болдог. Жишээлбэл автомашин шулуун замд хот дотор, түгжээн дунд явахаас бага шатахуун зарцуулдаг.

Ингээд та бүхэнд АНУ-д хамгийн түгээмэл ашиглагддаг автомашинуудын ШАР гэрэл асаад хэдэн километр явах боломжтой байдаг талаарх багцаа мэдээллийг хүргэж байна.


Н.ЦОГЗОЛМАА


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

2021 оны есдүгээр сарын 23-ны байдлаар шахмал түлшний 56 тонн нөөцтэй байна. Өмнө онд шахмал түлшний 80 орчим тоннын нөөцтэй байсан юм. Өмнө онтой харьцуулахад түлшний нөөц бага байгаа ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 2020 оны нөөцийн хэмжээнд хүргэнэ гэж нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Мөн тэрээр дөрөвдүгээр сард баруун үйлдвэрийг нүүлгэх тогтоол гарсантай холбоотойгоор түлшний нөөц багассан гэсэн юм. Энэ жил нийслэлд 600 цэгээр шахмал түлш худаалах юм. Зургаан дүүрэгт 5600 орчим ажилтанг бэлтгэж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувь хангагдсан байна. Энэ жил дулаан хангамжийн системийн 998 арга хэмжээ төлөвлөсөн. Тухайлбал Баянгол дүүргийн 5,6 дугаар хороонд 1997 онд Дани улсын санхүүжилтээр хийгдсэн ашиглалтын хугацаа дууссан 3.3 километр урттай шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр зассан юм. Өнөөдрийн байдлаар 72 орон сууцны 9043 өрх айл 40 аан байгууллага бүгд халуун ус, дулаанд холбогдсон гэж мэдээллээ. Одоогоор энэ хэсэгт хоёр байрны 83 өрх хэрэглээний халуун усгүй байгаа аж. Өчигдөр ачаа буусан учраас засварын ажил үргэлжлээд явж байна, есдүгээр сарын 28-нд халуун ус өгнө гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Картаа баталгаажуулаагүй, угаар мэдрэгчгүй өрхүүдэд түлш худалдаалахгүй

Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Энэ жилийн тухайд нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжид 200 цэгээр дамжуулан борлуулах аж.

Түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг түлш худалдан авах эрхийн “Сайн” картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэхийг уриаллаа.

Учир нь, Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд “Нэг өрх- нэг карт” зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг Тавантолгой түлш ХХК-д үүрэг болгожээ. Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай.

Хэрэв бүртгэлгүй карттай бол түлш олгохгүй гэдгийг албаныхан хэлэв. Иргэд Тавантолгой түлш ХХК-ийн 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх салбарт очиж картаа баталгаажуулах юм байна.

Мөн айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхааруулж байна. Нийслэлийн төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр олгосон.

Уг төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авах шаардлагатай.

Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхжүүлэхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Хоногт PCR болон түргэвчилсэн шинжилгээ нийлсэн 5000 тохиолдол бүртгэгдэж байна

Нийгмийн сүлжээгээр өчигдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан батлагдсан тохиолдлын тоон мэдээллийн зураг тархсан юм. Уг баримтад нийслэлд хоногт нийт 5540 хүнээс халдвар илэрсэн тухай мэдээлсэн.

Гэвч өчигдөр Эрүүл мэндийн яамнаас бүртгэгдсэн халдварын тохиолдол 1540 байсан. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга “Энэ тоо зөвхөн PCR-ийн шинжилгээнийх биш. Түргэвчилсэн тестийн тоо орж байгаа учраас 5000-тай байгаа. Эрүүл мэндийн яамнаас олон улсын жишгээр зөвхөн PCR-ийн шинжилгээний хариуг зарлаж байхаар болсон тухай албан ёсоор мэдэгдсэн. НЭМГ-аас өдөр бүр PCR болон түргэвчилсэн шинжилгээний мэдээллээ өгдөг. Түүнээс зөвхөн PCR-ийг нь зарлаж байна” гэв.

Тиймээс хоногт түргэвчилсэн болон PCR шинжилгээний нийт тохиолдол 5000 даваад байгаа ажээ.

ЭМЯ-ны есдүгээр сарын 10-ны өдрийн хэвлэлийн хурлаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр “Бид цаашид PCR шинжилгээгээр баталгаажсан ковид-19-ийн тоог албан ёсоор зарлах болно. 2021 оны тав, зургадугаар сард мутацлагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан энэ шийдвэрийг хүчингүй болгож байна” гэж мэдээлсэн юм.

Нийгмийн сүлжээгээр тархсан НЭМГ-ын зураг

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд иргэдээс санал авч байна

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал болж байна. Энэ хурлаар өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар танилцуулах юм.

Хуралд Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагын баг оролцож, цаг үеийн асуултад хариулт өгч байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар:

Улаанбаатар хот хоггүй, ногоон байгууламж ихтэй, хүнд суртал авилгыг бууруулах цахим шилжилтийг хийсэн байх үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн цар хүрээнд зохион байгуулж байна. Хувийн хэвшил, ногоочдын талбайн түрээсийг бага байлгахыг анхаарч ажиллаж байна. Мөн халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдүүлэх хэрэгтэй.

2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэл иргэд, олон нийтээс санал авна.

Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч зөвшилцөх үйл ажиллагаа өрнөж байна.

Иргэд, олон нийт ulaanbaatar2040.mn веб, Улаанбаатар 2040 фэйсбүүк, инстаграм, твиттер, youtube зэрэг нийгмийн сүлжээ болон хороогоороо дамжуулан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой.

Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн төлөвлөгөө баталж байсан юм. 1200 хүнийг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 29 хүртэл иргэдээс санал асуулга авна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Есдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см орчим буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.

Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Байдраг, Чонохарайх, Баруунтуруун, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу, Улз-Эрээнцав харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см давсан байдалтай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

0-5 насныханд 100 мянган төгрөг өгөх, 5-аас дээш насныханд хуримтлал үүсгэх хувилбарыг судалж байна

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 1-нд буюу долоо хоногийн дараа эхэлнэ. Чуулганаар 2022 оны улсын төсвийн төслийг хэлэлцэн батлах юм. Сангийн яам төслөө боловсруулж дуусжээ. Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар төсвөө хэлэлцээд, УИХ-ын даргад өргөн барих юм.

Ирэх оны улсын төсвийн нийт зардал 16 их наяд төгрөг байна. Хэдийгээр зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт манай экспортын бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа ч ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа эдгээрийн үнийн өсөлтөд найдаагүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан онцолсон юм. Гэхдээ нүүрсний экспортыг 36 сая тонн буюу энэ оныхоос (15.9 сая тонн) даруй хоёр дахин өсгөж, төмрийн хүдрийн экспортыг 8.5 сая тонноос 9.5 сая тонн болгохыг зорьж байна. Алтны экспортыг Монголбанк энэ оныхтой ижил буюу 20 тонн байна гэж үзсэн байна.

Ирэх онд манай улсын нийт импорт 6.3 тэрбум ам.доллараас 7.2 тэрбум ам.доллар болж өсөх тооцоог Сангийн яам хийжээ.

Энэ онд төсвийн алдагдал ДНБ-ийн 8.8 хувьтай тэнцэж байгаа ч ирэх онд 5.1 хувь руу буулгана. Харин Засгийн газрын өр ДНБ-ийн 70 хувиас хэтрэхгүй гэсэн таазанд тулсан хэвээр байх нь.

2022 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ТООНУУД

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна. Улаанбаатар хот энэ онд ийм хэмжээний буюу 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байв. Гэвч хотын түгжрэлийг өнөө хэр шийдээгүй тул энэ эх үүсвэрийг улсын төсөв рүү татахгүй. Харин хөгжлийн түгжрэл болсон замын асуудлаа шийдэх үүргийг хотын удирдлагуудад өгсөн байна.

Ирэх онд халамжид 3 их наяд төгрөг зарцуулна. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Гэхдээ хүүхдийн мөнгийг ирэх оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Харин 50/50 хувь байх уу 60/40 хувь байх уу гэсэн тооцоог эцэслээгүй байна. Мөн 0-5 хүртэл насны хүүхдүүдэд сар бүр 100 төгрөг өгч, 5-аас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх гэх мэтээр насаар нь зааглах хувилбарыг Засгийн газар судалж байна. Учир нь 0-5 насны хүүхдүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгийг судалгаагаар тогтоожээ.

Хүүхэд бүрд сард 100 мянган төгрөг олгодог энэ халамжийг шууд зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Судалгаагаар халамжийн энэ бодлогыг үргэлжлүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гарчээ.

Гэхдээ хүүхдийн мөнгө нь орлого бий болгодог халамж биш. Засгийн газар Төрийн сангаас буюу татвар төлөгчдийн мөнгөөр энэ халамжийг олгож байгаа тул удаан хугацаагаар энэ мөнгийг олгох нь улсын төсөвт том дарамт болох нь тодорхой.

Ирэх онд хийх шилжих хөрөнгө оруулалт нийт 1.5 их наяд төгрөг байна. Тээвэр логистикийн бэрхшээлийн улмаас энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийх олон ажил хойшилжээ. Бараа материалын үнэ өссөн тул тендерт шалгарсан зарим ААН тендерийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн байна. Иймд шилжих буюу энэ онд эхэлж, ирэх онд үргэлжлэх хөрөнгө оруулалтын ажлууд буурсан дүнтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр 09:30 цагт эхэлсэн бөгөөд хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Шүүхийн тухай хуульд гаргасан гомдлоо татах саналыг хэлэлцэж байна.

Тодруулбал экс Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан билээ. Энэ дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, Дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх гомдлоос бүхэлдээ татгалзаж, буцаан татсан. Энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж байна.

УИХ-ыг төлөөлж Б.Энхбаяр гишүүн оролцож буй. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Шүүхийн шинэтгэл Үндсэн хуулийн босго давах эсэх асуудал Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэгдэн шийдвэрлэгдэх өдөр. Хуулийн хулгай, хонгилын бүтэц, шударга ёс хуулиар л залруулагддаг байх нь бидний зорилго, Үндсэн хуульт ёсны зарчим. Энэ үйл хэрэгт цэг гэж байхгүй” гэж бичжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд албан ёсоор шилжүүллээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол, Японы эмнэлгийг өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд албан ёсоор шилжүүлэн өглөө.

Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Монгол, Японы эмнэлгийг байгуулсан анхны зорилго болох Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг алхмаар ахилаа. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх боломж нөхцөл хангагдаж байгаа юм.

Их сургуулийн эмнэлэгт сургалтын үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлгийн тусламж зэрэгцэн цогцоороо явах боломжтой. Тухайлбал, тэнхим болон тасгийг нэг зохион байгуулалттай болгоно.

Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь байгаа. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд ирснээр сургуульд ихээхэн үүрэг хариуцлага нэмэгдэж байна” гэлээ.

Тус сургуулийн харьяанд

  • АШУҮИС-ийн төв эмнэлэг,
  • 75 ортой Монгол анагаах ухааны төв эмнэлэг,
  • Нүүр ам судлалын судлалын төв эмнэлэг байсан бол өнөөдөр Монгол, Японы эмнэлгийг албан ёсоор харьяандаа нэгтгэснээр нийт дөрвөн эмнэлэгтэй болж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Намрын ногоон өдрүүд-2021” арга хэмжээний үеэр ААН-үүд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 15 дахь жилдээ болж өндөрлөлөө.

Долоо хоног үргэлжилсэн намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ санал болгосон юм.

Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгуулав. Түүнчлэн

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс” өдөрлөг
  • Махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөг
  • Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, өрхийн тариалалтыг дэмжих хөдөө аж ахуйн зохистой дадал өдөрлөг, хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, загварын шоунд хамаарах, хөнгөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг,
  • “Алсыг харъя-Органикийг сонгоё” өдөрлөг боллоо.

Экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор дөрвөн удаагийн цахим хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан байна.