– ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ШУУД БАЙГУУЛНА ГЭВЭЛ АСУУДАЛТАЙ-
ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, эдийн засагч, доктор А.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр саяхан Дорнын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн юм.
-Дорнын эдийн засгийн чуулганы нэг хөндсөн сэдэв Монгол- Оросын харилцааны асуудал гэж ойлгосон. Монголчууд “Орос ах” гэж ярьж хэлж заншсан. Харин ирээдүйд энэ харилцаа яаж өөрчлөгдөх бол, эрдэмтэд энэ талаар юуг онцлов?
-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины санаачилсан Алс Дорнодын эдийн засгийн VI дахь чуулганд оролцоод ирлээ. Чуулганд Монголоос есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Чуулганы дэргэд Монгол, Оросын түүх, эдийн засаг, нийгэм, худалдаа, улс төр, байгаль орчин, соёл хүмүүнлэг гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний хурал боллоо. Дорнын эдийн засгийн форумд 58 орноос 4000 гаруй хүн оролцож, 3,9 их наяд рублийн 360 гаруй гэрээ байгуулжээ. Уг форумын үеэр хэлэлцсэн гол асуудал Курилийн аралд аж үйлдвэр, худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яригдсан. Мөн Ази, Европыг холбосон, хойд бүсийг дайрсан тээврийн том коридор байгуулах, төмөр зам, авто зам тээвэр логистик, далайн боомт, нисэх онгоцны буудал барих төслийн тухай ч яриа хөөрөө өрнөсөн. Эрчим хүчний нөөц, энэ дотроо нүүрс тээвэр, цахилгаан, байгалийн хийн тээврийн асуудлууд ч дурдагдав. Алс Дорнод дахь сая хүн амтай хот ба аялал жуулчлал, уул уурхайн баяжуулах үйлдвэр, Орос Японыг холбосон гүүр барих асуудлууд яригдлаа. Алс Дорнодын Владивосток хот болон түүний дагалдах хотуудыг хөгжүүлэх, хөрөнгө оруулах тухай ч ярилцлаа.
Манай ШУА-ийн эрдэмтэд оролцсон бүрэлдэхүүнийг Оросын тал чуулганд оролцуулах гэж үнэхээр их ач холбогдол өгч, их хүч чармайлт гаргалаа. Оросын түүхийн нийгэмлэг гэж байдаг. Энэ байгууллага бүх зардлыг даасан. ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн захирал асан, академич В.В.Наумкин, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын тэргүүн В.И Сергиенко нар зохион байгуулж, хамтын ажиллагаагаа ярилцах боломжоор хангасан. Монголчуудтай хамтарч ажиллах сонирхол их байна. Уг хуралд гурван салбар хуралдаанаар 31 илтгэл тавигдсан. Монгол, Оросын харилцааны түүхэн асуудлууд, Монгол, Оросын улс төр, цэрэг, худалдаа, эдийн засгийн асуудлууд сэдвээр ярилцсан. Мөн Монгол, Оросын соёл хүмүүнлэгийн асуудлууд, Монгол Оросын стратегийн түншлэлийн хэтийн төлөвийн талаар ярилцсан. Оросын зүгээс бидэнд үндсэндээ нэг л мессэж өгч байсан. Монгол ах дүү нар аа, хамтраад сайхан уламжлалаа сэргээе, хамтарч ажиллая, судалгаа, шинжилгээгээ хийе, ямар ч салбарт ажиллахад нээлттэй гэсэн мессэж өгч байна гэж би ойлгосон. Миний бие “Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа” гэсэн гуравдугаар салбар хуралдааныг даргалж, “Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, асуудлууд ба тэдгээрийн шийдэл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Энэ илтгэлийн дараа Монгол Улс Евразийн холбоонд орох боломж юу байна, та нар үүнийг юу гэж бодож байна гэсэн асуулт тавьж байна лээ.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг чуулганд цахимаар оролцож хэлсэн үгэндээ “Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна” гэж дурдсан. Та эдийн засагч, судлаачийн хувьд ийм гэрээ ач холбогдолтой гэж үзэж байна уу?
-В.Путин нэгдсэн хуралдаанд биечлэн үг хэлсэн бол Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар цахим хэлбэрээр оролцож үг хэлсэн л дээ. Хятад, Энэтхэг, Тайландын ерөнхий сайд нар мэндчилгээ илгээсэн. Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ Алс Дорнодод маш их нөөц бололцоо байна. Ажиллах хүч, байгалийн баялаг, зам тээвэр, далайн боомтын нөөц бололцоо байна. Ази, Номхон далайн зах зээл нь дэргэд байна. Шинэ бизнес, шинэ төслүүдийг хэрэгжүүлэх орон зай байна. ОХУ-ын бусад бүсүүдтэй харьцуулахад Алс, Дорнодын бүс эрчимтэй хөгжиж байгаа гэж цохон тэмдэглэсэн. Манай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би бас анхааралтай сонссон. Монгол Улсад худалдаа эдийн засаг, нийгэм хүмүүнлэг, түүх соёл, эрчим хүч, зам тээвэр гэх мэт олон салбарт хамтарч ажиллах боломж байна гэдгийг чуулганы үеэр салбар болон нэгдсэн хуралдаанд их яригдаж байлаа.
Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судалж шийдэх учиртай. Эдийн засгийн үр ашиг гэхээсээ улс төр, геополитикийн үр ашиг гарах эсэхийг тооцож үзэх ёстой. Шууд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэвэл асуудалтай. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг ямар улсууд байгуулдаг гэхээр аж үйлдвэр өндөр хөгжсөн, экспортод нь түүхий эд бус эцсийн бүтээгдэхүүн зонхилдог улс орнууд ийм гэрээ байгуулахыг зорьдог. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс, Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад явж байгаа. Үр ашиг нь төдийлөн сайн гарахгүй байна. Яагаад гэхээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд гарч чадахгүй байгаа. Олон янзын техникийн шаардлага, стандартад тэнцэхгүй байна. Гэсэн хэрнээ Монголд орж ирж байгаа Японы машин импортын тарифгүй орж ирж байгаа. Үүнээс үүсч байгаа эрсдэлийг та бүхэн мэдэж байгаа. Энэ сургамжаа бодолцоод, чөлөөт худалдааны хэлэлцээрт орохдоо юун дээр анхаарах вэ гэдгээ сайн бодож байж хэлэлцээрт орох нь зүйтэй.
-Хэдийгээр Европын улсууд, Япон бидэнд боломж олгодог ч манай бүтээгдэхүүнүүд тэдний стандарт шаардлагыг төдийлөн хангаж чаддаггүй л дээ. Харин Евразийн эдийн засгийн холбоонд Орос, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд байдаг. Тэд бол Монголын мах, малын гаралтай түүхий эдийг хүлээж авч, хэрэглэж дадсан улсууд гэж манайхан найддаг. Бид орчин үед оросуудад юу санал болгох боломжтой вэ?
– Евразийн эдийн засгийн холбоо бол ОХУ тэргүүлсэн, Казахстан, Беларусь, Армени болон Кыргызистан гэх хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван орны гишүүнчлэлээс бүрддэг. Уг холбооны зорилго хуучин ЗХУ-ын орон зайд эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ холбоо манайхыг гишүүнд элсэх асуудлыг их анхаардаг.
Ер нь бодит амьдрал дээр худалдааны ойлголт огт өөр болсон. Монгол махтай, байгалийн арвин баялагтай гэдэг ойлголт үндсэндээ моодноос гарчихаад байна. Орос мах, махан бүтээгдэхүүнээ Латин, Америкийн улсуудаас бүрэн хангаж байгаа. Яах вэ, Оросын мах хэрэглэгчид Монголын мах сайн гэдгийг мэднэ. Тийм ойлголт одоо ч бий. Гэхдээ биднээс шалтгаалахгүй зүйлс байна. Тухайн улсын улс төр, бизнесийн асуудал байдаг юм билээ. Манай мал аж ахуйн болон уул уурхайн түүхий эдийг авдаг байсан үйлдвэрүүд өнөөдөр ажиллахаа больсон. Монголд ерэн оноос өмнө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо түүхий эд зонхилж экспортлох болсон. Нөгөө талаасаа бид үндсэндээ уул уурхайн салбарт өрсөлдөгч болчихоод байгаа юм. Ялангуяа нүүрсний салбарт. Тийм учраас уламжлалт ойлголтоосоо салах хэрэгтэй. Өнөөдөр бид эрчим хүч үүн дотроо байгалийн хий дамжуулах хоолой, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт хамтарч ажиллах өргөн боломж бий. Нөгөө талаас бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах, зорилтот зах зээлд зорилтот бүтээгдэхүүн гаргах зорилго тавих шаардлагатай. Болж өгвөл нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарах ёстой. Ийм нөхцөлд аль ч зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах боломж нээлттэй.
-Орос, Монголын 100 жилийн хамтын ажиллагааны түүх бий. Ирэх он жилүүдэд яаж хамтрах төлөвтэй байна?
-Дэлхий нийтээр дижитал, цахим шилжилт хийж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу шилжиж байна. Уламжлалт ойлголтоосоо илүү шинжлэх ухаан техник, мэдээлэл харилцаа холбооны өндөр хурдацтай хөгжлийн үед яавал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх вэ, яавал харилцан ашигтай байх вэ гэдгээ бид тооцож, өөрийн гэсэн судалгаа, бодлоготой байх учиртай. Эрчим хүч гэж би түрүүн хэлсэн. Үүнд байгалийн хий, газрын тос орж байна. Цахилгаан эрчим хүч байна. Нар, салхины сэргээгдэх эрчим хүч орж байна. Нүүрс тээвэр, олборлолт гээд яривал энэ салбарт боломжууд бий. Техник, технологийн ололтыг ашиглаж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлбэл илүү дөхөмтэй юм. Түүнээс биш бид сүүлийн 30 жил мах, ноос ноолуур ярилаа. Урагшилж байгаа юм алга. Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд ОХУ 11,3-хан хувийг эзэлж байна. Бид ОХУ руу экспортынхоо 0,8 хувийг гаргаж байна. Үндсэндээ манай экспорт зогссон гэсэн үг. Манай экспортын бараа өрсөлдөх чадваргүй байна. Өрсөлдөх чадвартай байхын тулд түүхий эдээ гүн боловсруулах, техник технологи, дижитал шилжилт ашиглах хэрэгтэй. Малын түүхий эдийг хуурайгаар, хог хаягдалгүй боловсруулж чадвал Сибирт хангаж барахгүй ноос, ноолууран бүтээгдэхүүний том зах зээл байна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээгүйгээр бид ерөөсөө урагшлахгүй. Хуучных шиг махаа үүрээд хил гараад зарчих юм шиг ойлгож болохгүй.
-Шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол бий болоод байна. Энэ асуудлаар бид хойд хөршөөсөө бүрэн хамааралтай байдаг. Манайхан дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болох гэж оролдож байна. Үүнийг оросууд яаж хүлээж авч байх юм.
-Шатахууны үнэ Оросын дотоодын зах зээл дээр ч өндөр байна. Нэг талаас дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өссөнийг дагаад 2021 онд найм ба есдүгээр сарын байдлаар бензиний үнэ (1 тонн АИ-95 бензин 60 мянган рубль, АИ-92 бензин 57 мянган рубль) өссөн. Нөгөө талаас ОХУ-ын Холбооны төсвийн алдагдалыг нөхөхийн тулд дотоодын бензин, дизель түлшний онцгой албан татварын хувь хэмжээг өсгөсөн нь манайд нийлүүлдэг бензин, шатахууны хомсдолыг бий болгож, үнэ өсгөхөд нөлөөлсөн. Иймд бид дотоодын нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, шатахуун үйлдвэрлэхэд анхаарах ёстой юм. Ингэж бусдаас 100 хувь хамааралтай байж болохгүй л дээ.
-Нөгөө байгалийн хийн хоолой яалаа?
-Алс Дорнодын форумын нэгдсэн хуралдааныг хөтөлсөн Сергей Берлов гэж хүний хэлсэн үгийг та анзаарсан уу? Монголоор дамжуулж байгаа байгалийн хийн хоолой, Украинаар дамжуулж байгаа хийн хоолой шиг болохгүй байх гэж найдаж байна гэсэн. Баригдаад дуусахаар зангаа хувиргачих вий дээ гэсэн үг анхаарал татсан. Тэр том хуралдаан дээр хөтлөгч хийж байгаа хүний амнаас гарсан үг санамсаргүй биш болов уу.
-Ковидын үед хил давж хуралд оролцох амаргүй байсан уу. Оросуудын халдвар хамгааллын дэглэм нарийн байв уу?
-Бид эндээс бөөн маск зүүсэн хүмүүс хил давсан. Хил давсан чинь нөгөө оросууд чинь маскгүй тууж явна. Бид гайхсан. Эхэндээ ч масктайгаа явлаа. Улаан-Үд орлоо. Цаашаа Владивостокт онгоцоор буулаа. Масктай хүн байхгүй байна. Гэхдээ биднийг нисэх буудалд буухад түргэвчилсэн PCR шинжилгээ авсан л даа. Гудамжинд маскгүй явахыг зөвшөөрч байна. Гэхдээ байшин барилга дотор битүү орчинд маск зүү гэж байна. Олон хүн цуглахыг хязгаарлаж байна. Ер нь оросуудын хэлж байгаагаар бол “Ковидын аюул өнгөрлөө” гэж дүгнэж байгаа юм билээ. Гэтэл вакцинжуулалт нь ердөө 27 хувьтай байгаа шүү дээ.
-Та уламжлалт ойлголтоо өөрчлөх хэрэгтэй гэлээ. Та эрдэс баялгийн нөөцийн талаар ном гаргасан даа. Монгол эрдэс баялагтай баян орон гэдэг нь бидэнд цаасан малгай өмсгөж байгаа хэрэг гэж та хэлсэн байна лээ?
-Монголчууд хийсвэр сэтгэлгээтэй хүмүүс. Судлаад үзэхээр яг үнэндээ Монголд яндашгүй арвин алмааз эрдэнэ, байгалийн хий, газрын тосны их нөөц байдаггүй. Бид хэдэн жилийн өмнө батлагдсан 17 нэр төрлийн баялгийн нөөцөд эдийн засгийн үнэлгээ хийсэн. Нийт баялгийг үнэлэхэд 3.1 их наяд ам.доллартай тэнцүү. Манай улсын байгалийн баялгийн 61 хувь нь нүүрс байдаг. Нийт нөөцийн 16,6 хувийг зэс эзэлдэг, хайлуур жонш 1,2 хувь, төмрийн хүдэр 1 хувь, алт 0,9 хувийг эзэлдэг. Нэг хүнд ногдож буй дүнгээр бусад оронтой харьцуулахад өндөр. Харин нийт нөөцөөрөө бол бага.
-Тэгэхээр манай Монголын байгалийн баялагт бүгд шунадаг гэж ойлгож болохгүй нь ээ?
-Тэгж болохгүй. Манай Монголын байршил гайхамшигтай. Байгалийн баялгаасаа илүү геополитикийн байршлаа зөв ашиглах ёстой. Энэ талаар оросууд ч их ярьж байна. Хурлын үеэр олон илтгэлүүд дээр үүнийг дурдсан.