Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн зарим газраар нойтон цас орж, хүйтэрнэ

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш ​шатахууны борлуулалт хэвийн горимд шилжинэ


Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр

Өчигдөр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, маргааш гэхэд шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Компаниуд даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлжээ. Өчигдөр 1210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд хүрсэн байна.

Мөн өчигдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусжээ. Хөх хотоос Эрээний боомтын зүг өнөөдөр хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд орж ирэх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Х.Алтай: Криптовалютын хууль эрх зүйн орчин шаардлагатай байна

Сүүлийн үед койн хэмээх хөрөнгө оруулалтын шинэ үзэгдэл бий болж, олон хүн хэдэн тэрбумаар хэмжигдэх төгрөгийг уг зах зээл рүү оруулж байна. Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.


-Дэлхий даяар маш олон койн гарч олон нийтийг шуугиулж байна. Зарим хүн удахгүй койн нь мөнгийг орлож төлбөрийн хэрэгсэл болно гэж үзэж байхад нөгөө хэсэг нь энэ бол нэн эрсдэлтэй санхүүгийн схем гэж анхааруулж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Криптовалют гэдэг зүйл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, тренд болчихоод байна л даа. Олон улсад гарч байгаа койнуудын дийлэнх хувь нь төлбөрийн, эсвэл урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн богино хугацаанд ашиг олох гэсэн хүсэл дээр суурилж гараад байна уу гэж хардаг. Зарим хөгжингүй улс оронд төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэдий ч хөгжиж буй улс орнуудад, тэр дотроо манай улсад койн, криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөгүй, хууль эрх зүйн орчин нь бүрэлдээгүй байна. Гэхдээ эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа. Энэ талаарх нарийвчилсан зохицуулалт хомс, олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа тул хөрөнгө оруулагчид хохирох, алдагдалд орох тохиолдол гардаг. Үүнтэй холбоотой хэд хэдэн дуулиантай хэргүүд ч олон улсад гарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсныг санаж байна. Тухайлбал, олон улсад Onecoin гэх блокчейн технологид суурилаагүй, хуурамч сүлжээ олон иргэдийг хохироосон явдал гарч байсан. Тэгэхээр койн гэсэн болгон криптовалют биш байх эрсдэл байгаа тул иргэд үүнийг маш сайн судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж хэлэх байна.

-Койн уу, хувьцаа юу гэдэг асуулт зүй ёсоор тавигдах байх. Хөрөнгийн захын төлөөллийн хувиар та юу гэж зөвлөх вэ?

-Сүүлийн үед олон хүн хөрөнгийн захын мэргэжилтнүүдээс хувьцаа авах уу, койн авах уу, эсвэл бонд авах уу гэх мэтээр нэлээн асууж байна л даа.Товчхондоо бирж дээр арилжигдаж байгаа хувьцаа болон бондын ар талд бодитой компани, бизнес, хөрөнгө, орлогын эх үүсвэр байдаг. Гэтэл ихэнх койны ард талд бодит хөрөнгө, орлогын эх үүсвэр бүрдүүлэгч байдаггүй.

Монголын Хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцаа, бондыг Санхүүгийн зохицуулах хороо, бирж хянаж, үнэлгээг нь нягталсны үндсэн дээр олон нийтэд арилжаалах зөвшөөрөл олгодог. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас зөвшөөрөл авсан аудитын, үнэлгээний компаниуд гэх мэт олон талын оролцоотойгоор хувьцаа, бонд болон бирж дээрх бусад бүтээгдэхүүний хяналт хийгддэг. Гэтэл койныг хянаж байгаа субьект одоогоор манайд алга байна. Тэгэхээр найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд олон шалгуур даван хөрөнгийн зах дээр гарч ирж байгаа хувьцаа болон бондонд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай гэдгийг онцолмоор байна.

Монголын хөрөнгийн бирж дээр арилжигдаж буй бүтээгдэхүүнүүд зохицуулалтгүй зах зээлд арилжигдаж буй хэрэгслүүдтэй өрсөлдөхүйц өгөөжтэй байгааг сүүлийн үеийн тоо мэдээллүүдээс харж болно. Жишээлбэл, бирж дээр идэвхтэй арилжигддаг хувьцаануудын үнийн өсөлт, бууралтыг хэмждэг ТОП 20 индекс сүүлийн нэг жилийн дотор хоёр дахин, нэгдүгээр самбарын хувьцаануудын үнэ дунджаар мөн хоёр дахин өссөн. Олон улсын зарим бирж токенжуулсан үнэт цаас бүртгэж, арилжаалах, блокчейн технологийг үйл ажиллагаандаа туршилтын журмаар хэсэгчлэн нэвтрүүлэх гэх мэтээр шинэ тутам гарч буй технологийн дэвшлийг ашиглах оролдлогууд хийж байна л даа. Монголын Хөрөнгийн бирж ч мөн энэ жишгийн дагуу үйл ажиллагаагаа шинэчилж, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа тул үүнд бэлдэх үүднээс туршилтын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Койнууд биржээр дамжин арилжигдаж байгаа нь иргэдэд ихээхэн итгэл төрүүлж байна гэж харж байна. Энэ талаар таны зөвлөгөө?

-Энд би койн бол хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн биш гэдгийг онцолж хэлмээр байна. Монголын хөрөнгийн бирж албан ёсоор, хуулийн хүрээнд арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор ямар ч койн арилжаалдаггүй. Койн арилжаалж байгаа биржүүд гэдэг нь үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биржийн зөвшөөрөл аваагүй онлайн платформууд юм. Биржээр их хэмжээний мөнгө дамжиж, иргэдийн мэдээлэлтэй харьцаж байдаг учраас программ хангамж, эрсдэлийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин гээд маш олон шалгуурыг хангаж байж бирж болдог. Хөрөнгийн бирж гэдэг бол яг л банк гэдэгтэй адилхан иргэдийн санхүү мөнгөтэй харьцдаг, хуулийн тусгай зохицуулалтад байдаг байгууллага шүү дээ.

-Тэгвэл эдгээрийг биржийн нэгэн адилаар зохицуулалтад оруулж болох уу?

-Койнууд болон ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бүртгэлжүүлэх, койны арилжаанд зуучилж буй платформуудын үйл ажиллагааг зохицуулах хуультай болох ёстой. Одоо УИХ дээр Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ хууль батлагдсанаар криптовалютын арилжааг эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хяналт зохицуулалтад оруулж, хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлийг бууруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, криптовалютын гүйлгээ, арилжаанаас олсон орлогод татвар ногдуулах, далд эдийн засгийг хумих зэргээр криптовалюттай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

Г.БАТ

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал удам-судар

Д.Баярсайхан: Аав Цэдэнбал даргад “Филатова гуай ингэж хутгалдаж болмооргүй байна” гэхэд “Цаадах чинь бас урлаг сайн ойлгодог юм шүү” гэж хариулсан гэдэг

ДЭМБ-ын Женев дэх төв штабт Эрүүл мэндийн удирдлага, санхүүжилтийн асуудал хариуцсан департментад Эрүүл мэндийн системийн ахлах зөвлөх хийдэг Д.Баярсайханы ажил, амьдралын түүхийг сөхлөө. Нийгмийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны мастер, Анагаах ухааны доктор тэрбээр Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байжээ. Түүний аав Ё.Доржсүрэн Соёлын яамны орлогч сайдаар хоёр удаа ажиллаж байсан түүхтэй.


-ДЭМБ-д ажиллаж эхэлсэн анхны монгол хүн та болов уу. Монгол хүн хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байв уу?

-Монгол Улс ДЭМБ-д 1962 онд элсэн орсноор тус байгууллагын Шинэ Дели хотод төвтэй Зүүн Өмнөд Азийн бүсэд манай улсаас Жадамба, Отгон гэж хоёр эмч анхдагч болон ажилласан түүхтэй. Олон улсын байгууллагад ажиллах бүү хэл төрийн яаманд хэлтсийн даргаар томилоход Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулж шийддэг байсан цаг үед салбарын шилдэг хүмүүс тэнд очиж ажилласан нь ойлгомжтой. Улмаар 1990 онд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн явцад дэлхийн хөгжилтэй орнуудтай хамт асуудлаа ярьж ойлголцдог болох зорилгоор 1995 онд манай улс Зүүн Өмнөд Азийн Бүсээс гарч, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг орон ордог Манила хотод төвтэй Номхон Далайн Баруун Эргийн бүсэд шилжсэн байдаг. Энэ бүсэд орж ажилласан анхны монгол хүн гэж харин болох юм. Миний хувьд энэ томилгоо байгаагүй. Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл, саналаар тэнд эрүүл мэндийн удирдлага, шинжлэх ухааны асуудал хариуцаж, гурван сар түр ажиллах боломж олдсон. Улмаар Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудал хариуцсан ажлын байранд өрсөлдөн, шалгалт өгч тэнцээд ажил авч байв. Ингэж Монгол Улсын төрийн албанаас олон улсын иргэний үйлчилгээнд шилжсэн юм.

Хүлээн зөвшөөрөгдөхөд амар байгаагүй. Анх ажлаа авахад бүсийн захирал уулзаж, баяр хүргээд “Чамд ажлын баталгааг энд хэн ч гаргахгүй шүү. Монгол, америк, япон хүн байх нь гол биш. Ажлын хэрэгцээ, дээр нь бүсийн түвшинд ажиллах шаардлага хангаж чадахгүй нь байраа тавьж өгдөг зэрлэг капитализм шүү” гэж хэлсэн нь надад их зүйлийг бодогдуулж билээ. Ингээд танихгүй, мэдэхгүй хамт олон, орчин, нөхцөлд өөрийн байр сууриа олж, ажлаа үнэлүүлж, дүгнүүлэх, мэргэжлээр шат ахих гэдэг хувь хүн биш, Монгол Улсын нэр хүндийн асуудал болон хувирсан хэрэг. АНУ-ын Бостоны их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаанаар сурсан. Мөн Монголд эдийн засгийн төв байгууллага, ЭМЯ-нд ажиллаж сурч мэдсэн зүйлүүд надад гол суурь болсон доо. Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт, тугамдсан асуудал хаана ч адил гэдгийг мэргэжлийн түвшинд харж ойлгосон. Ингээд ямар ч байсан гологдоогүй. Монгол хүний чадамж, чадварыг харуулахыг хичээсэн дээ. Тухайлбал, өөрийн хариуцсан асуудлаар бүсийн нийт 37 орны хэмжээнд мөрдөх хоёр том стратеги боловсруулж, хэлэлцүүлж, дэмжүүлж батлуулсан нь өнөө хэр ач холбогдлоо алдсангүй. Эрүүл мэндийн систем, санхүүжилтийн баг бүрдүүлж, удирдан чиглүүлж байсан нь өнөөдөр үр дүнгээ өгсөөр л байна. Олон сайхан хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж ирлээ.

-Дэлхий нийтийг хамарсан ковидын үед монголчууд хэр ажиллаж байна гэж та үзэж байна вэ?

-Халдварт өвчний асуудлаар ажилладаггүй тул би мэргэжлийн түвшний үнэлгээ өгөх боломжгүй. ДЭМБ-ын төвд ажиллахад асуудлыг дэлхийн хэмжээнд харах боломж олгодог сайн талтай. Энэ үүднээс хувийн бодлоо хуваалцвал хэд хэдэн зүйлийг харгалзах ёстой санагдаж байна. Нэгд “КОВИД-19” цоо шинэ өвчин учраас энэ талаарх мэдлэг, мэдээлэл, дагнаж мэргэжсэн эмч, эмчлэх, сэргийлэх эм тариа, вакцин гэж хаана ч байсангүй. Бүгд нүцгэн гар, улаан нүүрээр тулсан. ДЭМБ-ын мэдээгээр “КОВИД-19” хаана бүртгэгдэж, яаж тархаж, халдварлаж, хүндрүүлж байгааг дэлхийн хаана ч шуурхай мэдэх боломж байлаа. Эдгээр мэдээллийг боловсруулж шинэ өвчинтэй тэмцэх, хамгаалах, сэргийлэх нотолгоонд суурилсан заавар, зөвлөлгөөг цаг алдалгүй боловсруулж гаргах, мэдээлэх, дэмжиж туслах ажлыг ДЭМБ эрчимтэй хийсэн. Үүний үр дүнд өнөөдөр хүмүүс сайн мэдлэгтэй боллоо, вакцин гарлаа. Гэхдээ энэ бол нэг байгууллага, нэг салбарын ажил биш, бүгдийн оролцоо, хүчин чармайлт, уялдсан үйл ажиллагааны үрээр амжилтанд хүрнэ гэдэг нь тодорхой байна.

Эдгээр үйл явцаас харвал өвчнийг сайн таньж мэдээгүй үед бидний авч хэрэгжүүлсэн сэргийлэх арга хэмжээ тодорхой үр дүнтэй байв. Ямар замаар өвчин халдварлаж байгааг тогтоосон үед иргэд ч анхаарал, болгоомж сайтай, үлгэрлэх хэмжээнд байсан. Харин үүнийгээ удаан барьж чадсангүй, зарим талаар тайвшрах хандлага гарсан нь эргээд асуудал үүсгэлээ гэж харж байна. Монголчуудын нэг онцлог бий. Аливаа юмыг их хурдан хийдэг ч амархан уйддаг. Үүнийг бүх юман дээр бодолцох ёстой санагддаг. Зарим хүмүүс “КОВИД-19”-ийг ердийн ханиадны хэмжээнд ойлгож эхэлж байх шиг. Урьд өмнө гарч байгаагүй шинэ өвчин гэдгийг огт мартаж болохгүй. Тусаад эдгэхэд ямар үр дагавар үлдэхийг өнөөдөр ч эрдэмтэд судалж байна. Вакцины хамралт өндөр байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр гурав дахь тун гэж ярьж байгаа нь бидэнд харьцангуй давуу тал байна гэсэн үг. Одоо үүнийгээ сайн ойлгож, бүгд хариуцлагаа нэмэгдүүлмээр байна.


-Таны аав Ё.Доржсүрэн Соёлын яамны орлогч сайд байсан. “Монголын соёлын түүх”-ийн талаар ном бичиж байсан ч хэвлүүлж амжаагүй. Та эмхэтгэж хэвлүүлсэн гэдэг. Тэр Монголын соёлын талаар юуг хэлж үлдээхийг хүссэн бол?

-Аав маань 1964-1968 болон 1979-1984 онуудад Соёлын яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан. Ажлын хажуугаар цаг зав гаргаж “Монголын цирк” номыг 1979 онд бичсэн нь өнөөдөр Монголын циркийн түүхийг өгүүлэх ховор дурсгал болон үлджээ. Дараа нь дуусгаагүй номын эх гар бичмэлээр үлдсэн байсныг би үзээд 2011 онд 80 насны ойгоор нь хэвлүүлсэн юм. Номын нэрний хувьд уг гар бичмэлд манай соёл, урлагийн бүх салбарын түүх, баримт орж байсан тул би “Монголын соёлын түүх” гэснээс аав өөрөө ийм нэр өгөөгүй. Аав маань уйгаржин монгол бичиг төгс эзэмшсэн учраас түүхийн олон баримттай өөрөө шууд танилцаж байсан нь ойлгомжтой. Москвад Соёлын дээд сургууль төгссөн, англи хэл бие дааж үзсэн болохоор гадаад хэл дээр түүх, соёлын холбогдолтой олон баримт олж унших боломж байсан болов уу. Дээр нь салбартаа, ажилдаа мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүн байв. Ийм учраас гар бичмэлийг нь уншихад манай соёл, урлагийн эртний өв, уламжлал, орчин үеийн хөгжлийн түүхийг он дарааллаар эмхэтгэж, хойч үедээ үлдээхийг зорьсон нь мэдрэгддэг.

Аав тань Ардын язгуур урлагийн анхны их наадмыг санаачлан зохион байгуулсан гэдэг. Социализмын үед язгуур урлагт ач холбогдол өгөх амаргүй байсан болов уу?

-Хязгаарлах бодлого байсан гэж би ойлгодог. Ийм үед буюу 1981 онд Ардын язгуур урлагийн их наадмыг гурван үе шаттай, улс орон даяар зохион байгуулж алт, мөнгө, хүрэл медаль авч шалгарсан ардын авьяастнуудын хаалтын тоглолт хэдэн өдөр Улсын циркт болсон. Үүнийг тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүд Ю.Цэдэнбал даргаас бусад нь бүрэлдхүүнээрээ ирж үзэж, хамт зураг даруулсныг нь би аавын номонд оруулсан. Үзэл суртлын хүрээнд Зөвлөлт холбоот улстай бүх талаар ойртон нягтрах гэж албан ёсоор ярьдаг, бичдэг, сурталчилдаг, түүхэн соёл, урлагийг хоцрогдсон урлаг гэж үздэг, дэмжиж ярьсан хүнийг нь үндэсний үзэлтэн болгодог тийм цаг үе байсан юм. 1970-аад оны сүүл рүү улсын их баяр, наадмын хүндэтгэлийн концертыг Филатова гуай эцэслэн хянаж, орчин үеийн сонгодог урлаг, орос дуу, хөгжим түлхүү оруулах чиглэл өгч байсантай аав маань эвлэрдэггүй байсан юм. Нэг дурсамж өгүүлэхэд улсын наадмын концертыг хянах үеэр аав санал зөрсөн шиг байдаг. Тэгээд Ю.Цэдэнбал даргад Филатова гуай ингэж хутгалдаж болмооргүй байна гэсэн санаа хэлэхэд дарга урдаас нь “Цаадах чинь бас урлаг сайн ойлгодог юм шүү” гэж хэллээ, улсын наадмын концертоо орос хүнээр хянуулах гэж хэмээн ихэд гунигтай өнгөөр надад хэлж билээ. Аргаа бараад, надад хэлж сэтгэлээ онгойлгож байж дээ гэж би одоо бодож, аавыгаа өрөвддөг юм. Аавын номны оршилд Н.Жанцанноров гуай “Соёлын яамыг удирдан хөдөлгөдөг гол хүн нь нэгдүгээр орлогч Ё.Доржсүрэн сайд байв. Энэ үед Цэдэнбал Филатова соёлын ажилд нэлээд гүнзгий орсон цаг. Доржсүрэн сайд түүнтэй бараг биечлэн уулздаггүй. Авгай ч түүнээс нэлээд бэргэдэг нь ажиглагддаг ” гэж бичсэн нь бий. Харамсалтай нь аав маань 1984 онд Орост эмчилгээнд яваад, хагалгаанд орохоор болж, мэс заслын ширээн дээр амьсгал хураасан эмгэнэлт түүхтэй. Д.Цэвэгмэд (Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд) гуай Оросоос их сайн эмч ирж, үзүүлээч гэлээ. Москвад очиж эмчлүүлэх боллоо, санаа зовох юмгүй, аав нь удахгүй эмчлүүлээд ирнэ гэсэн итгэл найдвартай явж билээ. Мэдээж аавын минь эрүүл мэндэд анхаарч, бүгд сайхан сэтгэлээр хандсан гэж бодож, элдэв хар буруу юм санаж явдаггүй ээ. Харин хайртай хүнээ гэнэт алдах ямар харамсалтайг биеэр амссан хүмүүс л ойлгоно.

-Таны аав пянз сонирхдог байв уу. Саяхан та “Пянзны эрэлд…” ном бичиж хэвлүүлсэн байна лээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-Аав маань пянз сонирхдог, цуглуулдаг байгаагүй. Угаасаа хариуцсан ажлын нэг нь учраас пянзны хэвлэлт, худалдааны асуудалд оролцдог байсан. Гэхдээ өөртөө пянзгүй ч бас биш. 78 эргэлттэй хуучны хэдэн пянз аавын номын шүүгээнд байдаг байв. Саяхан сошиалд 1982 оны наймдугаар сарын 14-нд болсон “Зөвлөлтийн дуу, хөгжмийн пянзны нээлт” гээд тавигдсан зураг дээр аав маань байх жишээтэй. Одоо эрэлт ихтэй, хүмүүс сонсох дуртай монгол дуутай сайхан пянзнууд аавыг маань Соёлын яаманд байсан цаг хугацаатай давхацдаг учраас пянз гаргаж үлдээх нь түүний бас нэг зорилго байсан санагддаг. Нэг удаа оюутны амралтаар ирэхдээ Монгол ардын дуу, хуур, хөгжмөөр Англид хийсэн хоёр пянзыг хараад асуухад Английн хөгжим судлаач Jean Jenkins Монголд ирж, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймаг болон Улаанбаатар хотод ардын язгуур урлагийн авьяастнуудтай уулзан бичлэг хийж гаргасныг мэдсэн. Тэрбээр хоёр пянзаа аавд Английн ЭСЯ-аар дамжуулж ирүүлсэн байв. Тэр үед аав маань Монгол-Английн найрамдлын нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан. Энэ пянзанд алдарт уртын дууч Ж.Дорждагва гуай орсонд ихэд баярлаж, бас пянзны тайлбарыг монголч эрдэмтэн Өргөнгөө Онон гуай бичсэнийг надад хэлж билээ. Үүнийг Монгол ардын дуу, хуур, соёлыг пянзанд бичиж үлдээх, сурталчлах нэг арга байжээ гэж би үздэг.

Миний өөрийн хувийн цуглуулгаар хийсэн “Пянзны эрэлд …” ном маань дөнгөж гараад байна. Хэдхэн жилийн өмнө пянз нэртэй дугуй хар юмыг сонсож цуглуулах бүү хэл мэдэх хүн ховор байлаа. Хэрэглээнээс гарсан хэрэг. Гэвч олон шалтгаанаар пянз хэрэглээнд буцаж ирснээр дуу, хөгжмийг пянзаар сонсох нь хаа сайгүй нэмэгдэж байна. Пянз гэдэг сонсож байгаа хүндээ таашаал өгч, дурсамж үлдээгээд зогсохгүй түүх, соёлыг дамжуулдаг онцгой эд гэдгийг өнөөдөр олон хүн хүлээн зөвшөөрч байна. Жишээ нь манай урлагийн алтан үеийнхний дуу хоолой зөвхөн пянзан дээр л бууж үлдсэн байна. Үүнийг сонссон хэн боловч биширч түүх, соёлоо хүндлэн хайрлаж, хадгалж, түгээх замаар бид бүгдээрээ монгол дархлаагаа дэмжиж байна. Яг үүнтэй адил өнөөдөр пянз бичүүлж гаргаад байгаа, цаашид гаргах Монголын хамтлаг, дуучдын уран бүтээл түүх болон үлдэх юм. Үүнийг баримтжуулах нь энэ номын бас нэг зорилго байлаа. Миний хувьд энэ ном бол хүсэл, сэтгэлдээ хөтлөгдөн цаг, зав гарган байж пянз сонирхон цуглуулагч нартаа зориулж, цөөн тоогоор хэвлэн хүргэж байгаа бэлэг болно. “Пянзны эрэлд…” ном дахиж хэвлэгдэхгүй. Яг пянзтай адилхан 2021 оны долдугаар сар гэсэн анхны оригнал хэвлэлтээр түүх болон үлдэхийг би хүсч байгаа.

-Ээж тань эрт өнгөрсөн гэдэг. Охин дүү тань таныг ээжийн үүрэг гүйцэтгэсэн гэж ярьсан байна лээ?

-Намайг 16-тай байхад ээж маань 43-хан насандаа цусны хүнд өвчнөөр өнгөрч, аав, би, 14-тэй эрэгтэй дүү, 10 настай эмэгтэй дүү нар үлдсэн юм. Ингээд л амьдарсан даа. Өвөө, эмээ дээрээ бага насаа өнгөрөөж, тэнд хоол унд хийхээс эхлээд амьдралын арга ухаанд суралцсан маань ээжээс хойш дүү нараа дэмжиж, тусалж амьдрахад тус болсон. Аавыгаа ар гэрт санаа зовохгүй ажлаа хийх боломж олгохыг хичээж байв. Охин дүү маань тэгж бодож, ойлгож явдаг бол надад түүнээс сайхан үнэлгээ гэж хаа байх вэ дээ.

Зарим хүмүүс тэр үеийн дарга, сайд нарын хүүхдүүд хангалуун гоё амьдралтай, сургууль, соёл, ажил төрөл гэж санаа зовох юмгүй явсан гэж ойлгодог. Бид бүгд өөрсдийн чадлаар амьдралаа авч явсан. Хэцүү хүнд өдрүүд багагүй тохиолдож байсан ч давж гарсан.

Хүүхэд байхад ээжийн өнгөрсөн 43 нас, аавын минь бурхан болсон 53 нас том нас шиг санагддаг байж. Одоо бол ид хийж, бүтээдэг сайхан нас л гэж боддог.

-Та Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байжээ. Шилжилтийн хүнд үед Эрүүл мэндийн салбарыг удирдалцаж явсан хүнд ямар дурсамж үлдсэн бол?

-Эрүүл мэндийн салбарт би санамсаргүй байдлаар орсон хүн л дээ. Монголд зүү, тариурын хамтарсан үйлдвэр байгуулах төслөөр анх холбогдсон байдаг. Ингээд П.Нямдаваа, Г.Дашзэвэг, С.Гончиг, Г.Содномдаржаа гээд мундаг хүмүүстэй хамт ажиллаж, бие биенээ илүү дотно мэдэх боломж гарсан юм. Дэд сайдаар ажилласан цаг үе бол манай эрүүл мэндийн салбарт тохиосон хамгийн хүнд хямралын цаг хугацаа байсан. Төсөөл дөө, уламжлалт харилцаа зогссон. Эдийн засаг гипро инфляцитай. Төсөв хүрэхгүй, хөрөнгө оруулалт байхгүй. Эм тарианы хангамжийн нөөц ердөө хоёроос гурав хоногтой. Зарим эм тасарсан. Эмнэлгийн халаалт, дулаан доголдсон, өвчтөнд хоол, унд өгч чадахгүй. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа цалинг нь сар алгасч өгдөг байдалтай энэ салбар өмнө нь тулж байгаагүй юм. Амьдрал хүндэрснийг сануулж, эмч нар анх удаа ажил хаялт зохион байгуулж байв. Гэхдээ энэ салбарыг элгээр нь хэвтүүлэлгүй, учирсан бүх бэрхшээлийг богино хугацаанд давж гарсныг тэр үеийн сайд, удирдлагын ухаан, чадамж, мэргэжлийн өндөр түвшинтэй холбохоос өөр аргагүй. Хамгийн хүнд үед 1991-1995 онд яаманд болон аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, манлайлсан хүн бүхний хичээл зүтгэл энд шингэсэн. Бид хямралыг дагаж, хүлээж биш харин хамтдаа сөрж, угтаж ажилласнаар үр дүнд хүрсэн гэж боддог. Тухайлбал, ийм хүнд үед хөрөнгө оруулалт татан, Самсунг корпорацитай хамтарсан зүү тариурын үйлдвэрийг Монголдоо нээж байлаа. Оросуудын барьж байгаад орхиод гарсан бэлгийн обьектууд, тухайлбал Гэмтлийн шинэ эмнэлэг, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж дуусган, ашиглалтанд оруулсан. Монголд анх удаа эрүүл мэндийн салбарын хандивлагч орнуудын уулзалтыг зохион байгуулж, гуравдагч орны хөрөнгийг татан оруулаад зогсоогүй ДЭМБ-ын Бүсийн хорооны 47 дугаар чуулганы хуралдааныг 1994 онд Монгол Улс хүлээн авч, эрүүл мэндийн салбар хэрхэн хямралаа даван туулж буй жишээг бодитой харуулж байв. Энэ мэт хүнд цаг хугацаа ч ажил, амжилтын хувьд надад маш сайхан дурсамжууд үлдсэн дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан үхэр өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 26, Адъяа гариг. Билгийн тооллын 20, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан үхэр өдөр. Өдрийн наран 06:44 цагт мандан, 18:43 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвартай жолооч нарыг Өмнөговь аймгаас Улаанбаатарт шилжүүлнэ

БНХАУ манай улсаас авах нүүрсний хэмжээг бууруулсан. Засгийн газраас нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч, экспортын ач холбогдол бүхий аймгуудыг НОГООН БҮС болгохоор ажиллаж байгаа юм.

Тэгвэл Өмнөговь аймгийн Ханбогд сумаас коронавирусийн халдвар авсан богинын тээврийн жолооч нарыг Улаанбаатар хотруу шилжүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулна

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас есдүгээр сарын 16-23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Энэ хүрээнд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн 18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцжээ.

Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, тариаланчдыг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, бүтээгдэхүүнээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой хадгалах, өрхийн бизнесийг сайжруулж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан.

Үүний дагуу ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайханаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт уг арга хэмжээг задгай талбайд үргэлжлүүлэн зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу НЗДТГ-аас дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед эдийн засгийг дэмжих, ажлын байрыг тогтвортой байлгах, газар тариалан эрхлэгч болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Сүхбаатарын талбайд нийт 50 асраар үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ талаар “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулахаар ХХААХҮ-ийн сайдтай ярьсан. Хувийн хэвшил, ногоо тарьж байгаа иргэдээ дэмжих бодлого барьж байна. Иргэдээс түрээс авахгүй байдлаар зохион байгуулж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зохицуулалтыг хийж байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Fantastic Beasts” киноны шинэ анги ирэх онд нээлтээ хийнэ

Харри Поттероос өмнөх үеийн шидтэний ертөнцийг өгүүлэх “Fantastic Beasts” киноны гуравдугаар анги 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээлтээ хийхээр боллоо. “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” гэх уг шинэ ангид шидтэн Дамблдорын түүхийг илүү дэлгэрэнгүй өгүүлэх гэнэ.

Кино зураг авалт 2020 оны эхээр эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас тухайн оны есдүгээр сар хүртэл хойшилжээ. Мөн өмнөх ангиудад жүжигчин Жонни Депп харын шидтэн Гринделвалдын дүрийг бүтээсэн бол шинэ ангид жүжигчин Мадс Миккелсен тогложээ.

Жонни Депп “Fantastic Beasts” кинонд дүр бүтээн, дараагийн ангиудад ч оролцох байсан боловч Амбер Хердтэй үүссэн гэр бүлийн хүчирхийллийн маргаанаас үүдэж Гринделвалдын дүрээс татгалзахыг “Варнер Брос” кино компани санал болгож, Жонни Депп уг саналыг хүлээн авсан билээ.

“Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” киноны үйл явдал өмнөх ангиас цөөн жилийн дараах цаг үед өрнөх бөгөөд Дэлхийн II дайны үеийн Рио-де-Жанейро, Берлинд зэрэг хотуудад аж төрөх шидтэнүүдийн амьдралыг дүрслэх юм.

Киноны найруулагчаар өмнөх хоёр ангийг найруулсан Дэвид Йейтс ажилласан бол зохиолыг Ж. К. Роулинг, Стив Кловз нар бичжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. Тус аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Өмнөговь аймагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм. Их сургуулийн хотхоныг Даланзадгад хотод 15 га талбайд байгуулахаар төлөвлөснийг аймгийн удирдлагууд танилцууллаа.

Мөн үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд аймагт уул уурхай, төмөр зам, эрчим хүч, барилга, мэдээллийн технологийн салбаруудад бэлтгэх, харьяа сургуулийг байгуулах чиглэлд хамтран ажиллана.

ШУТИС-ийн хувьд харьяа сургууль байгуулж байсан туршлагатай. Хөтөлбөрийн давхардалгүй болгох замаар геологи, уул уурхай, технологийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх юм. Ингэхдээ орон нутагт суралцах оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох, багш, ажилтны орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.