Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт хар ялааны нүүдэл үргэлжилж байна

Дорнод аймагт хар ялааны нүүдэл болж буй талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд хавар, намрын улиралд хар ялааны нүүдэл болдог тухай иргэд цахим хуудастаа бичжээ. Хар ялаа нь зөвхөн тус аймагт дэгдээгүй, тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр тарж байгаа аж. Албаны хүмүүсийн ажиглалтаар нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж буй юм байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн жилүүдэд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн” рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавж болох нь тогтоогдсон байна.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хар ялаа устгах зөвлөмж өгсний дагуу хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацдаг аж. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой учир шөнийн цагаар хор цацаж буй юм байна.

Хар ялаа нүүдэллэж байгаа учир хор цацаад ч хурдан хугацаанд алга болохгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн албаны хүмүүс үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс”

Хэмин Суним гэдэг зохиогчийн “Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс” нэртэй, жижиг хатуу хавтастай ном бий. Энэ Хэмин Суним гэдэг хүн бол Зэн буддизмын нөлөө бүхий багш нарын нэг гэнэ. Тэр Өмнөд Солонгост төрсөн бөгөөд санваартан юм. Мөн твиттер, фэйсбүүкийн сая гаруй дагагчидтай аж. Одоо Америкийн Лос-Анжелес хотод аж төрдөг. Уг ном 30 гаруй хэлээр хэвлэгдсэн.Номд орчлон гэж бидний анхаарал татсан тэр л хязгаарлагдмал ертөнцийг хэлдэг гэжээ. Тэрнээс бүх л орчлонг хэлдэггүй аж. Буддагийн нүдээр бүх юм будда болж харагддаг, гахайны нүдээр бүх юм гахай болж харагддаг гэгчээр бид орчлонг яаж харж, яаж мэдэрснээр орчлон тийм л байна. Бидний амьдрал ямар яаруу давчуу билээ. Их хотын шуугиант амьдрал ямар түргэн хэмнэлтэйг бид гайхширдаг. Тэгвэл та орчлон ертөнц яарч байхыг харсан уу. Та зогтусаад дэлхий ертөнцийг анзаараад үз дээ. Хүүхдээ салхилуулсан залуухан бүсгүй цэцэрлэгт хүрээлэнд сандал дээр сууж байхыг харна. Намрын шар нар нозоортол ээж, том том навчис цардмал талбай дээр унаж, хүүхдүүд хөөцөлдөн тоглож, залуу охид юуг ч юм шивгэнэлдэн толгойгоо нийлүүлэн сууна.Бид тайвширч аядуу тайван байвал орчлон ертөнц ч, нөгөө шуугиант амьдрал ч аядуу тайван л болдог. Зохиогч 30 хүрээд гурван зүйлийг ойлгосон гэж бичжээ.Тэгэхдээ аз жаргалтай байхын тулд юу хийх ёстойгоо ч ухаарсан. Нэгдүгээрт, хүмүүс миний боддог шиг намайг тэгтлээ их сонирхдоггүй. Долоо хоногийн өмнө уулзсан найзаа би ямар хувцастай, нүүрний будаг нь ямар байсан, үс гэзэг нь ямар байсныг санахгүй. Тэгэхээр тэр ч гэсэн яагаад намайг санах ёстой гэж. Бид бусдын тухай үе үе бодсон ч тэгсхийгээд мартаж өөр юм бодож эхэлдэг. Тэгвэл яагаад амьдралынхаа олон арван цагийг бусдад ямар харагдах бол гэж санаа зовох ёстой юм.Хоёрдугаарт, би бүгдэд таалагдах албагүйгээ мэдлээ. Таалагдахгүй байна гэж санаа зовох ч хэрэггүй, таны тухай хүн бүрийн бодлыг хянаж чадах ч үгүй.Таалагдахгүй бол тэр л биз, урагш харж өөрийн замаар яв. Гуравдугаарт, чин үнэндээ бидний бусдын төлөө гэдэг зүйлсийн ихэнх нь өөрсдийнхөө тусын тулд байдаг аж. Гэр бүлийнхээ төлөө залбирлаа гэхэд л тэд дэргэд нь байх чухал учраас л тэр. Будда, Есүс л биш бол хар амиа бодох энэ төрөлхийн араншингаа өөрчилж чадахгүй.Бусдын бодолд санаа зовохоо больж, зүрх сэтгэлийнхээ дуудлагыг л дага. Аз жаргалыг олсон цагт л энэ ертөнцийг илүү сайхан болгоход хувь нэмэр болно гэжээ. Түүний сургаалуудаас та бүхэндээ ганц нэгийг сонирхуулъя. Өөрийг чинь сайн мэдэхгүй хүмүүс таныг бишрэн шүтэж байвал тэд таны жинхэнэ төрхийг бус харин төсөөллийн хуурмаг зүйлээ л харж байгаа нь тэр.Ихэнх хүмүүс амьдралыг бүх зүйлтэй эцэсгүй тэмцэлдэх гэж хэлж болно.Харин гэгээрсэн нэгэн нь аливааг бүрэн дүүрнээр нь хүлээн авах тухай юм. Хорвоо үтэр түргэн өөрчлөгдөж байгаа ч юмсыг байгаагаар нь хүлээн авбал оюун санаа тогтуун тайван болдог.Орчлон ертөнцийн бүх юм түр зуурынх. Тийм болохоор мөнх бус учраас л юм бүхэн үнэ цэнэтэй байгаа юм.Эрхэм нандин агшин хором бүрийг ухаалгаар, сайн сайхан өнгөрүүл.Амьдрал театртай л адил. Танд нэг дүр оногдоно. Харин тэр дүр танд таалагдахгүй бол хүссэн дүрээ бүтээх хүч чадалтай гэдгээ үргэлж санаж яваарай.Хүн хэзээ ч хэлснээрээ амьдардаггүй. Харин өнгөрсөнд ямар байсан, түүгээрээ л амьдардаг. Хүчин чармайлтыг чинь хорвоо дэлхий таны бодсоноос ч хурдан анзаарна. Шийдэл хэлэхгүй шүүмжилнэ гэдэг шүүмжлэгч этгээд л эгогоо тэжээж буй хэрэг юм. Шулуун шударга үг бус, үнэн хайр л хүмүүсийн амьдралыг өөрчилдөг. Бодлоо эерэг байлга, учир нь бодол тань үг болно. Үгээ эерэг байлга, учир нь үг тань үйлдэл болно.Үйлдлээ эерэг байлга, учир нь үйлдэл тань зуршил болно.Зуршилаа эерэг байлга, учир нь зуршил тань үнэт зүйл болно. Үнэт зүйлсээ эерэг байлга, учир нь үнэт зүйлс тань хувь тавилан болно хэмээн Махата Гандий хэлсэн гэжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Намрын чуулган ирэх сарын нэгэнд эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатөр захирамж гаргаж, тус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна. Энэ хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Төслийн хүрээнд гал унтраах 21 автомашиныг хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компани хооронд байгуулсан гэрээний дагуу нэгдүгээр ээлжинд нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн албаны автомашины 21 автомашиныг хүлээн авлаа.

Онцгой байдлын ерөнхийн газрын даргын 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/199 дүгээр тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг 2021 оны есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 76 алба хаагч хамрагдаж байна. Сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар явуулж байна.

Сургалт өнөөдөр гал түймэр унтраах үндсэн албаны автомашинаар ус соруулах, шахах дадлагыг зохион байгуулан амжилттай үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Categories
гадаад мэдээ

Их Британийн Засгийн газар 10 мянга гаруй гадаад ажилчдад түр виз олгохоор болжээ

Их Британийн дэлгүүрүүдэд барааны хомсдол, шатахуун түгээх станцуудад шатахууны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын Засгийн газар 10 мянга гаруй гадаад ажилчдад түр виз олгохоор болжээ

“Энэхүү багц арга хэмжээ нь Их Британид өргөн хүрээнд нүүрлээд буй энэ хямралыг даван туулахын тулд бидний хийж эхэлсэн чухал ажилд үндэслэсэн бөгөөд Засгийн газар тээвэрчид, хүнсний үйлдвэрлэгчдэд ачааны машины жолоочийн дутагдлыг арилгахад нь туслахын тулд чадах бүхнээ хийсээр байна” гэж тус улсын Тээврийн сайд Грант Шэппс мэдэгдсэн байна.

“Арван найман хүнд хэцүү сарын дараа Зул сарын баярыг тэмдэглэх нь бидний хувьд хэчнээн чухал болохыг мэдэж байна. Ийм учраас баярын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхийн тулд бид эдгээр алхмыг урьдчилан хийж байна” гэж Шэппс коронавирусний цар тахлын үр дагаврын тухай ярихдаа хэлжээ.

Түүний мэдээлснээр, хүнд даацын автомашины жолооч нарт 5 мянга, бусад 5.5 мянган визийг шувууны аж ахуйн ажилчдад олгох аж. Үүнээс гадна, тэтгэвэрт гарсан 1 сая орчим ачааны машины жолооч нарт жолооны ард суух саналыг ойрын өдрүүдэд тавих аж. Эдгээр хүмүүст илүү өндөр цалин, ажиллах хугацааг урьдчилан санал болгоно. Үүний зэрэгцээ 10 сая фунт стерлинг буюу 14 сая ам.долларыг Боловсролын яаманд шилжүүлж, хүнд даацын машин жолоодох C ангиллын үнэмлэх олгох сургалтад 3000 гаруй хүнийг хамруулахаар болсон байна.

Энэхүү арга хэмжээг Их Британийн худалдааны танхимуудын холбоо хангалтгүй гэж үзэн Засгийн газраа шүүмжилжээ.

Засгийн газрын зарласан арга хэмжээ нь “галыг унтраахын тулд хувингаар ус зөөхтэй адил” гэж холбооны ерөнхийлөгч Руби МакГрегор-Смит мэдэгдсэн байна.

Их Британийн Тээвэрчдийн холбооны тооцоолсноор, тус улсад хүнд даацын машины 100 000 гаруй жолооч шаардлагатай байгаа аж. Хүнд даацын машины жолоочийн дутагдалд орсны шалтгаан нь цар тахал төдийгүй Brexit-тэй холбоотой юм. Сүүлийн хоёр жилд ЕХ -ны орнуудын мэргэжлийн олон мянган жолооч Их Британийг орхин гарсан бол цар тахлын улмаас шинээр жолооч бэлтгэх сургалт саатаж, олон оронд жолооны үнэмлэх олгох шалгалт явагдаагүй байна.

Жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүд хэдэн сарын турш ачааны машины жолооч дутагдалтай байгаа талаар гомдоллож байгаа бөгөөд хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол Христийн мэндэлсний баяр гэхэд дэлгүүрүүдийн лангуунууд хагас хоосон болно гэж анхааруулж байна.

Их Британийг ЕХ -ноос гарсны дараа хэрэгжиж эхэлсэн цагаачлалын журамд үл хамаарах мэргэжлүүдийн жагсаалтад ЕХ-ны жолооч нарыг оруулахыг Тээвэрчдийн холбооноос Засгийн газартаа аль эрт уриалжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Их Британийн газрын тосны BP корпорац шатахуун нийлүүлэхтэй холбоотой асуудлаас болж шатахуун түгээх хэд хэдэн станцаа хаасан нь хиймэл эрэлт үүсгэсэн байна. Баасан, бямба гаргуудад шатахуун түгээх станцуудад машинуудын урт дараалал үүсэж, зарим нь их хэмжээний эрэлтээс болж огт шатахуунгүй болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 57 орон сууц халаалтаа аваагүй байна

Шугам сүлжээний засвартай холбоотойгоор өнөөдөр (2021.09.26)-ийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна. Тодруулбал, шугам сүлжээний засвараас шалтгаалж халаалтаа аваагүй 40 барилга бий. Шугамд гэмтэл гарч, засвар хийж байна. Мөн төлбөрөө төлөөгүй есөн барилга, байгууламжийн халаалтыг өгөөгүй. Зарим аж ахуйн нэгж аравдугаар сарын 1-нээс халаалтаа авмаар байна гэх хүсэлт ирүүлсний ч халаалтыг нь өгч эхлээгүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Талибанчууд гэмт хэрэгтнүүдийн цогцсыг олны нүдэн дээр талбайд дүүжилжээ

Афганистаны баруун хязгаарын төв Херат хотын гол талбайд Талибанчууд дөрвөн гэмт хэрэгтний цогцсыг дүүжилж, олон нийтэд үзүүлсэн тухай гэрчүүд бямба гаригт мэдээлжээ.

Хэдийгээр Талибанчууд Афганистаныг захирахдаа өмнөх 1996-2001 оны харгис бурангуй дэглэмээсээ татгалзах тухай дэлхий нийтэд амлаж байгаа ч Херат хотод болсон явдал эргэлзээ төрүүлж байна.

Афганистаны сошиал ертөнцөд тарсан дүрс бичлэгт хувцас нь цусанд будагдсан дөрвөн эрэгтэйн цогцсыг өргөгч машинаас (кран) дүүжилсэн байгааг харуулжээ.

Талибаны орон нутгийн захиргаа тайлбарлахдаа тэднийг хүн барьцаалсан гэмт хэрэгтнүүд гэсэн байна.

“Бусдыг барьцаалсан хэн ч ингэж дуусна” гэсэн бичгийг цогцоснуудын цээжинд зүүсэн байжээ.

Аав, хүү хоёрыг барьцаалсан гэмт хэрэгтнүүдтэй буудалцах үеэр дээрх дөрвөн хүн алагдаж, Талибаны нэг дайчин, нэг энгийн иргэн шархдсан тухай Херат хотын цагдаагийн дарга Зиаулхак Жалали мэдээлсэн байна.

Энэ явдлаас нэг хоногийн өмнө Талибаны үүсгэн байгуулагчдын нэг, Исламын хуулийг хатуу дагагч гэдгээрээ алдаршсан Мулла Норуддин Тураби цаазын болон хулгайчийн гарыг тайрах шийтгэлийг буцаан сэргээх талаар Associated Press агентлагт ярьсан юм.

Гэхдээ эдгээр ялыг Талибаны өмнөх дэглэмийн үе шиг олон нийтийн нүдэн дээр гүйцэтгэдэггүй болж магадгүйг тэр ярьж байв.

Харгис ял шийтгэлийг сэргээх тухай Турабигийн ярилцлагыг нийтлэгдсэний дараа АНУ-ын засаг захиргаа харамсал илэрхийлээд Кабулын шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөх эсэх нь хүний эрхийг хэрхэн хүндэлж байгаагаас шууд шалтгаалахыг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Зорчигч тээврийн хоёр агаарын хөлөг газардаад байна

Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан хүүхэд 3, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед дөрвөн алба хаагч ажиллалаа.

Өнөөдөр мөн 08:24 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг газардаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2184 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2184 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 1066 нь Улаанбаатарт,
  • 1118 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас барлаа. Нийт нас баралт 1133 боллоо.

Сүүлийн 24 цагт 6933 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 21687 хүн хэвтэн эмчлүүлж буй.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм

Нийт 227 сургуульд халдвар гарч, цахимаар хичээллэж байна

Улсын хэмжээнд есдүгээр сарын 17-ны байдлаар цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн ерөнхий боловсролын 227 сургууль байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд нийт 1343 бүлгийн 36 мянга 399 сурагч цахимаар хичээллэж байна. Тэдгээрийн 60 сургууль, 165 бүлэг 4831 суралцагч нийслэлд байгаа гэсэн статистикийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэгдүгээр хавьтал болсон 28 мянга 23 суралцагч, 1885 багш гэрийн тусгаарлалтад шилжиж, хичээл сургалтаа зайнаас удирдан чиглүүлж буй юм байна.

Одоо танхимын сургалтыг бүрэн цахимд шилжүүлэх хүсэлт гаргасан 320 сургуулийн 22 мянга 449 суралцагч байгаа аж.

Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 гаруй хувь дархлаажуулалтад хамрагджээ. Танхимын сургалтын үед цэцэрлэг, сургуульд “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг салбар яамнаас мэдээлсэн.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталж, хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу цэцэрлэг, сургуулийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа юм. Тухайлбал:

  • Тухайн нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийн,
  • Ангийн байрлалаас хамаарч тухайн давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн давхар, жигүүрийн бүлгүүдийн,
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хувьд Covid-19-ийн тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна. Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч таван өдөр танхимаар, таван өдөр танхимын бус хэлбэр (зайн)-ээр хичээллэж буй.

Дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж байна. Үүнд:

  • Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн,
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн,
  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн,
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж буй юм байна.