Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Гэр хорооллын 1000 өрхөд хог ялган ангилах зориулалтын савнуудыг байрлуулж эхэлжээ

Зориулалтын ангилан ялгалтын хогийн савнуудыг гэр хорооллын өрхүүдэд байрлуулж эхэлжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны нийт 1000 айл өрхөд хог ангилан ялгаж хаях зориулалтын хогийн савыг байрлуулж эхэлсэн байна.

Уг төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж байгаа юм.



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригчид сайжирна гэхээс илүү АН эргэж сэргэх нь үү гэсэн горьдлого сэтгэл зовооно

Ард түмний амьдрал хэцүүдэж, тартагтаа тулчихаад байгааг хүн бүр харж байна. Өвчин зовлонгүй айл алга, цар тахалд улс нийтээрээ дарлуулчихлаа. Үнэндээ тахлыг эрх баригчид намынхаа ой, сонгуулиараа хэдийнэ “тавиад туучихсан”. Эмнэлэгт хэвтэх гэсэн, коридорт нь ч болтугай багтчих юмсан гэсэн хатгаа, ковидтой хүмүүсийн орилоон бахираан, эм тан олох гэсэн иргэдийн эрэл сурал, бензин, шатахууны хомсдолд өртөж хөл дүүжлэх унаагаа хөдөлгөж амьдралаа залгуулах гэсэн түмэн олны орь дуу хөдөө хотгүй хадаж, юмны үнэ дийлдэхийн аргагүй өсч байдал маш хүнд болчихоод байна. Энэ их энэлэн шаналан хэрээс хэтэрлээ. Цаг үе ороо бусгаа, иргэдийн амьдрал зутруугаас зутруу болчихлоо.

Монголын ард түмэн аавыгаа алдсан өнчин хүүхдүүд мэт, хүйтэн сэтгэлт хойт эцгийн хатуу гар дор нүдээ бүлтгэнүүлэн гэрийн хүйтэн хатавч бараадан суугаа балчир үрс шиг өдөр хоногийг өрнөөс өрний хооронд аргацаан өнгөрүүлж байна. Иргэддээ ийм амьдрал үзүүлж буй өнөөгийн төр засгийг муу ажиллаж байна гэхээс өөр юу гэх билээ. Тэд зөвхөн өөрсдийнхөө “хүүхдүүд”-ийг л бордож, бөөцийлж байна.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “30 жилийн турш МАН өөрсдийн xатуу 30 xувийн гишүүдийнxээ санал дээр тулгуурлаж, бусад 70 xувийг хэрxэн сарниулаx вэ гэдэг бодлогыг тууштай баримталж ирсэн. Нийгэм дампуурч, тусгаар тогтнол алдагдаж, ардчилал сүйрч, дарангуйлал тогтсон байсан ч тэр 30 xувьд огтоос хамаагүй байдаг. Яаxав, сайн тал нь тэр 30 xувь яаж ч xүчээ нэгтгэсэн өсч нэмэгдэxгүй байна. Үлдсэн 70 xувийг улс төрийн манлайллаараа бүрэн дагуулаад яваx боломж АН-д байгаа ч тэгж чадаxгүй байгаа нь манай намын л буруу” гэж ярьсан.

МАН өөрийнхөө “хүүхдүүд” буюу тэр 30 хувиасаа бусдыг нь дагавар хүүхэд шигээ үздэг болсон нь нэгэнт ил болчихсон. 30 хувийнхаа сургууль соёл, эмнэлэг домлого, вакцин гээд нийгмийн бүхий л асуудлыг нь шийдээд өгчихдөг учир тэд нь диваажинд байгаа юм шиг л амьдардаг. Үлдсэн 70 хувь буюу ард түмэн маань ад үзэгдээд зүгээр л гудамжинд хаягдчихлаа. Дабль стандарт гэж товчхондоо энэ шүү дээ. Гадаадад ажил хийх гэж очоод гацсан жирийн нэгэн иргэн эх орондоо ирж чадахгүй харьд тарчилж байхад эрх баригчдын бөөцийлж, энхрийлдэг 30 хувийнхан гэр бүлээрээ бөөн бөөнөөрөө л онгоцноос бууж ирж байсан тохиолдлыг өнгөрсөн жил монголчууд олон харсан. Вакцин дээр ч дабль стандартаа гаргасан жишээ тоймгүй. Үхэл амьдралын зааг дээр ирсэн эцэг охин, эх охиныг уулзуулахаас татгалзсан атлаа ХӨСҮТ-ийн улаан бүсээр МАН-ын нэгэн даргын эхнэр дураараа орж гардаг ийм хоёрдмол стандарын жишээг эрх баригчид хангалттай харуулсан.

Харин энэ хүнд үед АН аравдугаар сарын 1-нд улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал хийнэ гэдгээ илэрхийлчихлээ. Сүхбаатарын талбайд ирэх сарын 1-нд “Одоо боллоо” гэсэн уриатай жагсаалд ард түмнийг нэгдэхийг хүсэв. Энэ шийдвэрээс нь харахад АН Монголын ядарсан, дээрэлхүүлсэн ард түмний төлөө тэмцэх нь үү дээ гэсэн итгэл найдвар төрж эхэлж байна. Энэ нам нэгдэж, ард түмнээ түүчээлж жагсаж, болохгүй бүтэхгүй байгаа төр засгийн эсрэг үгээ хэлж, ардчилал бийг харуулах гэж буй нь “Монгол Улс ганц намтай биш шүү. Эзэнгүй улс биш шүү” гэсэн ойлголтыг өгч, эрх баригчдын эсрэг тэмцдэг улс төрийн нам, хүчин байдаг юм шүү гэсэн сэргэлт өгч байгаа юм. Иймийн учир ард түмэн бид энэ жагсаалыг дэмжмээр байна. Энэ жагсаал болно. Болох ёстой. Яагаад гэвэл Ерөнхий сайд хориглох аргагүй болсон л доо. Учир нь Ерөнхий сайд “Цахим үндэстэн” гэх том арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг бөөгнүүлдгээ бөөгнүүлчихсэн. Тэр арга хэмжээг нь одоо ч олон нийт, ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнууд шүүмжилсээр байгаа учир аравдугаар сарын 1-нээс урлаг соёлын бүхий л үйл ажиллагааг нээнэ гэсэн бантсан шийдвэрийг засгаас гаргачихсан.

Сөрөг хүчин нь ард түмнийхээ хүчийг ашиглаад хамтдаа нэгдэж эрх баригч нам, засгийг шавхуурдаж, шахаж ажиллуулдаг байх хэрэгтэй. Алаг үздэг, алагчаалдгийг нь болиулах ёстой. Ийм сөрөг хүчний дуу хоолой Монголд байхгүй болоод зургаан жил болчихсон байлаа. Энэ зургаан жилд сөрөг хүчингүй улс төрийн орчинд эрх баригч нам дураараа дургиж ирлээ. Одоо хазаарлах арга хэмжээг АН ард түмэнтэйгээ хамтарч хийх болсон нь яалт ч үгүй цаг үеийн шаардлагаар урган гарав. Харин энэ үед АН-ын зайлшгүй анхаарах, ард түмний зүгээс тэдэнд сануулах нэг том шаардлага гэмээр зүйл бий. Аравдугаар сарын 1-нд жагсчихаад сөрөг хүчинтэй тохироо, наймаагаа хийе гээд “14 хоногийн дараа дахин жагсахаар боллоо” гэсэн үг амнаасаа унагаж, ард түмнийг тэр чигт нь хаяад ангал руу тийрвэл АН Монголын ард түмнээсээ эргэлт буцалтгүй нүүр буруулсан ичгүүрт явдал болно шүү гэдгийг эрт сануулъя. Урьд нь “14 хоногийн дараа хэдүүлээ дахин жагсаж, эрх баригчдыг “будаа” болгоод өгье” гээд хөшигний цаагуур ороод бялуугаа хувааж хүртээд амаа таглуулаад алга болсон явдал бий байх аа. Алдаагаа бүү давтаарай.

Та бүхэн зүгээр л тэмц, Ардчилсан намынхаан. Ард түмнээ өмөөр. Алдагдсан шударга ёсыг эргүүлэн тогтоо. Та нар тэгэхийн тулд л байгуулагдсан. Хийх ёстойгоо л хий. Та бүхнийг сөрөг хүчин байлгах гэж ард түмэн сонгосон. Сөрөг хүчин бай. Бурууг сөр. Яагаад сонгогчдын “Сөрөг хүчин байцгаа” гэсэн чухал даалгаврыг биелүүлэхгүй байгаа юм бэ? Муу эрх баригч байхаас сайн сөрөг хүчин бай гэж үг ч бий. Сайн сөрөг хүчинтэй газарт улс төрийн орчин нь эрүүл байдаг. Энэ нийгмийг эрүүлжүүлээч. Эрх баригчдын хэтэрсэн их эрх мэдлийг хуулийн хэмжээнд нь аваач. Ард түмэн рүү, нийгмийн дийлэнх рүү үйлчилсэн ажил хийлгэхийн төлөө тэднийг шахаж өг. Бодит амьдрал дээр улс төрийн нөхцөл, эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйг харахад эрх баригчдын хувьд ард түмний амьдралыг дээшлүүлье, ажилтай, орлоготой байлгая гэсэн алсын хараа, сэтгэл огт алга. Зөвхөн өнөө маргаашийн хоолыг нь аргацаах төдий халамжаар амийг нь зогоох замаар ядууруулж, эрхэндээ байлгаж байна.

Эрх баригчдыг Монголын төлөө их юм хийнэ гэж хүлээхээс илүүтэй АН эргэж яаралтай сэргэх нь ард түмний хувьд чухал болоод байна.

МАН сайжрахаас илүү АН эргэж сэргэх нь үү дээ гэсэн горьдлого өнөө 70 хувийнхны сэтгэлийг зовоосон сэдэв болчихоод байгаа учир горьдлогыг нь талаар болголгүй, шударга ёсыг эргүүлэн авчрахын төлөө ардчил.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.










Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал

Төв аймгийн Цээл сум сүүлийн 40 жилд тохиолдоогүй хамгийн арвин ургац авч байна

Энэ сарын 15-наас эхэлсэн ургац хураалтын ажил ид үргэлжилж байна. Энэ жил байгаль дэлхий хур бороогоо элбэг хайрлаж, цаг агаар тогтуун сайхан байсан нь ихэнх нутгаар ургацын хэмжээг өсгөж өгчээ. Одоо технологийн дагуу төлөвлөгөөт хугацаандаа хурааж дуусах нь чухал байна. Ингэснээр дотоодын улаанбуудайгаар хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн зорилт биеллээ олох боломж бүрдэх юм. Бид тариалангийн бүс нутаг болох Төв аймгийн Цээл сумыг зорилоо. Сумын төв рүү дөхөхтэй зэрэгцэж замын хоёр талаар тариан талбай зах хязгааргүй үргэлжилж, пресэлж орхисон өвснүүд шаргал дэвсгэр дээр цацсан шагай мэт харагдана. Зуны турш арчилж, хамгаалж ургуулсан тариагаа бүрэн гүйцэд хураан авч байж өгөөжөө хүртэх тул энэ үед тус сумынхан амсхийх чөлөөгүй хөдөлмөрлөж байгаа аж. Ажиллах боломжтой бүх хүн тариа хураалтын ажилд гарч, ирэх аравдугаар сар дуустал хээрээр гэр хийж явдаг байна. Биднийг сумын Засаг дарга Б.Төрбат тосож авсан юм. Ургац арвин учир сэтгэл тун өег явааг хэлсэн юм. Тэрбээр “Энэ жил манай сум 13 мянга га-д улаанбуудай, 5400 га-д тэжээл, 3800 га-д тосны ургамал тариалсан. Төмс, хүнсний ногооны тухайд багавтар буюу 80 гаруй га-д тариалсан. Манай сум нэг онцлогтой. 215 бүрэн механикжсан хадлангийн салаатай. Энэ жил хур бороо элбэг байсан учир хадлан тариа сайхан ургасан. Сумын хэмжээнд 54 мянган тонн өвс бэлтгэсэн. Нийт 12 мянган га-аас ийм хэжээний өвс аваад байна. Улаанбуудайн хувьд онцгой байна. Урьдчилсан блансаар нэг га-аас 17 центр гарч байсан бол эхний хураалтын талбайгаас 30, зарим тохиолдолд 60 центр гарч байна. 1980-аад оны үед га-аас 60 центр авч байсан түүхтэй. Тэр амжилтаа энэ олон жилийн дараа давтаж байна. Сумын хэмжээнд тариалан эрхэлж байгаа 86 аж ахуйн нэгж, 70 гаруй иргэн бий” гэв.

Тус сум 2020 онд 16 мянган га-д улаанбуудай тариалж, 22700 тонныг хураан авч байжээ. Харин энэ жил талбайн хэмжээ буурч, 13 мянган га-д тариалсан ч байгаль дэлхий сайхан өгөөжөө өгсөн учир урьдчилсан блансаар 36 мянган тонн улаанбуудай хурааж авах болов уу гэсэн тооцоотой байгаа аж. Өнөөгийн байдлаар ургац хураалт сумын хэмжээнд 15 хувьтай байгааг хэлсэн юм. Энэ нь хур бороо элбэг байсан учир тариа чийг авч хугацаа хойшлоход хүргэсэн байна.

Бид сумын төвөөс баруун хойш хөдөлж “Бугат тариа” компанийн талбайд очсон юм. Энд хоёр комбайн, тариаг шажигнатал хурааж, “Howo” автомашинд ачих аж. Зах хязгааргүй тариан талбайн дунд орж зогсоход сэтгэл баясаж, бахархал төрнө. Урьд шөнө тариалангийн бүс нутгаар бороо орсон байна. Талбайн хойноос бараантсан үүлс нүүж, тариалан талбайн захаар хэдэн дусал унагаагаад өнгөрсөн хэмээн Н.Төрхуяг захирал ярив. Тэрбээр “Би урд уулан дээр гарч, хангай дэлхийдээ мөргөж залбирч байж хур бороог талбайгаа тойруулж өнгөрөөлөө гэхээр хүмүүс инээлддэг. Нэг талаар наргиа мэт боловч тариаланчид бид зунжин арчилж, хамгаалж ургуулсан тариагаа намар хаягдалгүй хурааж авах нь чухал байдаг. Тиймээс байгаль дэлхийг аргадаж, хангай дэлхийдээ залбирч учирладаг. Өчигдөр манай хоёр комбайн ганц цаг л зогссон. Бороо өнгөрч, үргэлжлүүлээд ажилласан” хэмээн ярилаа. Тус компани 2200 га-д тариалалт хийсэн байна. 1400 орчим нь улаанбуудай. Үлдсэн нь рапс аж. Тариа хураалтын явц 15 хувьтай явааг хэлэв. Ирэх сарын 20 гэхэд дөхүүлчих болов уу хэмээж байв. Нэг га-аас 25-30 центр авч байгаа аж. Зарим ангилсан талбай руу ороогүй. Бараг 30 гарах болов уу хэмээж байсан. Их л өтгөн харагдаж байна лээ. Шатахуун хангалттай. Харин цэрэг, оюутан хайгаад олоогүй гэнэ. Иймд өөрийн хүчээр зохицуулж байгааг хэлсэн. Буудайн чанар давгүй сайхан. Харин хур бороо элбэг байсан учир цавуулгийн чанар мууджээ. Дунджаар 17-18 хувьтай цавуулаг чанартай байгаа аж. Гэтэл гурилын үйлдвэр 25-27 хувьтай цавуулаг буудай шаарддаг байна. Ямар ч байсан үйлдвэртэйгээ ярьсан, тонн буудайг 750 мянган төгрөгөөр авна гэсэн хариу өгсөн байна. Цавуулгаас хамаарч энэ үнэ доош буурч магадгүй аж.

Ер нь тариаланчдын хувьд буудайн үнэ хамгийн чухал гэнэ. Зардал улам бүр өсөөд л байдаг. Жилийн өмнөхөөс дизель түлшний үнэ эрс нэмэгдсэн. Мөн бордоо, бодис гэх зэргээр зардал нь байнга өсч байдаг. Хуучин цагт нэг га-аас 5 центр ургац авахад ашигтай байдаг байсан бол одоо нэг га-аас 20-иос дээш центр ургац авч байж ашигтай тусдаг байна. Эндээс зардал хэрхэн өсч байгааг харж болох аж. Иймд ихэнх тариаланч рапс руу хошуурах болсон байна. Тус сум 2020 онд 16 мянган га-д тариа тарьж байгаад энэ жил 13 мянган га болж буурсан нь учиртай. Өөрөөр хэлбэл, 3000 орчим га нь рапс руу шилжсэн гэсэн үг аж. Рапсыг урд хөршийн ченж нар орж ирээд тонныг нь 2.5 сая төгрөгөөр худалдан авч, мөнгөө бэлэн тоолж өгөөд явдаг. Гэтэл яг ижилхэн хөдөлмөр зарцуулж тарьсан буудай 750 мянган төгрөг. Гурилын үйлдвэрүүд нь голвол спиртэд улам хямд үнээр борлуулна. Нэмээд мөнгө нь шууд орж ирэхгүй. Ирэх хавар хүртэл хүлээгдэнэ. Энэ мэт бэрхшээлээс болж рапс сонирхох нь нэмэгджээ. Гэвч рапс олон жил тарих нь хөрсийг сүйтгэдэг байна.

Шатахууны нөөц хангалттай байгаа

Засаг дарга Б.Төрбаттай ярилцлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажил одоогийн байдлаар 87 хувьтай. Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан. Одоо малчид өвс тэжээлээ бэлтгэж авах нь чухал байна. Үүнийг албан даалгавраар даалгасан. Сумын хэмжээнд 156 мянган тоо толгой мал өвөлжинө. Хаа сайгүй зуншлага сайхан байсан учир отор орж ирэхгүй. Өнгөрсөн жил манай суманд хур бороо элбэгтэй сайхан зун болж байсан. Гэвч баруун таван аймаг гантай байсан учир 86 өрхийн 100 гаруй мянган мал манай дээр отроор өвөлжсөн. Тун хүндрэлтэй. Хоорондоо маргалдах, зодолдох, амь насанд нь халдах хүртэл асуудал гарч байсан. Энэ жил тийм асуудал байхгүй нь ээ. Улсын хэмжээнд сайхан байсан учир бүх аймаг ногоо цагаатай байна. Одоо нэн тэргүүний зорилт бол тариа ногоогоо цаг тухайд нь технологийн дагуу хурааж авах нь хамгийн чухал байна.

Хүний нөөц, шатахууны тухайд?

-Засгийн газраас бодлого барьж тариалангийн бүс нутгуудыг шатахуунаар таслахгүй байх алхам хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд манай сум шатахуунаар тасраагүй. Сумын ургацын штабаас улсын ургацын штабт хүсэлт тавьсны дагуу энэ намрын тариа хураалтад нөөц бол хангалттай байгаа. Аравдугаар сарын 20-ныг хүртэл нөөц хангалттай. Хүний нөөцийн тухайд байгаа бүх л боломжоо дайчилж байна.

Малчид, тариаланчдын хооронд маргаан хэр их гарч байна вэ?

-Ер нь тариа будаа тарих, хураах явцад нэг маргаан гардаг нь малчид, тариаланчдын хооронд болдог. Малаа харахгүйгээс үүдээд тариан талбайд оруулж, ургац сүйтгэх асуудал байдаг. Үүнийг зохицуулахын тулд хавар нь захирамж гаргадаг. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд тариалангийн бүс нутагт малаа оруулсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн байгаа. Тиймээс маллагаатай малаа тухай бүрт нь татаж, хариулах үүрэгтэй байдаг ч асуудал үүсдэг.

Малчдаас гомдол хэр их гардаг вэ?

-Ер нь байхгүй. Тариаланчдаа ойлгодог. Манай нутаг нийт 112 мянган метр квадрат талбайтай. Үүний 12 мянга нь хадлангийн талбай. 36 мянган га нь тариалангийн талбай. Тэгэхээр ийм бага нутаг дэвсгэр дээр 156 мянган мал байна гэдэг хүндрэлтэй. Тиймээс зохицуулалт хийж явдаг. Харин тариагаа хурааж авсны дараа энэ гуурст талбай дээр малаа оруулж, өвөл тарган өнтэй сайхан ордог. Тэгэхээр үүнийг ойлгуулж, харилцан ашигтай байдлаар ажиллах нь чухал байдаг. Хуулиар тариалангийн талбайд мал оруулах, машин тэргээр явах зэрэг хориотой. Гэхвч ингэлээ гээд малчиддаа хатуурхаад байдаггүй. Уялдаатай ажиллаж, ойлгуулж, зохицохыг хичээдэг.

Цаашид газар тариалан, мал аж ахуйн салбарыг хэрхэн хослуулах төлөвлөгөөтөй байна вэ?

-Сумын дунд хугацааны хөгжлийн бодлого дээр тариалангийн талбайг цаашид нэмэгдүүлэх боломж байхгүй. Манай сум 1976 онд байгуулагдсан сангийн аж ахуйгаас үүдэлтэй. Тухайн оноос эргэлтийн талбай нь 36 мянган га-аар тогтож байсан. Яг үүн дээр л үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Цаашид усалгаатай тариалан руу шилжих ёстой. Байгаль дэлхийд найдсанаар ургац алдаж банкны зээлээ дарж чадахгүйд хүрдэг асуудлуудыг усалгаатай тариаланд шилжиж байж шийднэ. Ингэж эрсдэлээс бүрэн хамгаална. Малчдын хувьд эрчимсэн мал аж ахуй руу шилжих нь бидний ирээдүйн чиг хандлага гэж сум орон нутгаас үзэж ажиллаж байна. 1000 хониноос авах ашгийг 300 хониноос авах бүрэн бололцоо манай суманд гарсан байгаа. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйгаа хослуулж, уях байдлаар энэ зорилтыг биелүүлж болно.

Сумын иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа ямар байна вэ. тариа будааныхаа өгөөжийг хэрхэн хүртэж байна вэ?

-Сангийн аж ахуйг жижиглэх үед сумын үе үеийн удирдлагуудаас иргэн, аж ахуйн нэгжүүддээ газар тарааж өгч байсан. Аж ахуйн нэгж бол 1000, иргэн бол 100 хүртэлх га газар өгч байсан. Тиймээс манай суманд хамгийн олон иргэн газартай. Хамгийн олон иргэн тариа тарьж байна. Байгаль цаг уур сайхан байгаад ургац арвин авбал орлоготой сайхан байна. Их хөдөлмөрч хүмүүс шүү дээ. Түүнийхээ өгөөжийг хүртэж яваа.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

“Хангай-21” гамшгаас хамгаалах сургуулилтыг АНУ болон Монгол Улс амжилттай зохион байгууллаа

9-р сарын 14-нөөс 23-ны өдрүүдэд АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг багаас Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах “Хангай-21” сургуулилтыг Архангай аймагт зохион байгууллаа. Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудтай хамтран АНУ-ын Агаарын цэргийн хүчний эмнэлгийн аврах ангийн ажилтнууд Өндрөөс аврах олсны сургалт болон Давчуу орон зайнаас аврах ажиллагааны дадлага сургуулилтыг удирдаж, Онцгой байдлын үеийн эмнэлгийн тусламж, Хямралын үеийн харилцаа холбоо, Гамшгийн удирдлага зэрэг дэмжих сургалтыг явууллаа. Монголын 180 гаруй оролцогчдоос гадна Япон, БНСУ, БНТУ-ын батлан хамгаалахын атташе нар ажиглагчаар оролцов.

Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжлийн эрсдэл, давтамжаас шалтгаалан, ийм гамшиг тохиолдсон үед монголын аврах ангийн ажилтнууд иргэдэд тусламж, туслалцаа үзүүлэхэд нь илүү сайн бэлтгэх зорилгоор газар хөдлөлтийн аюулд хариу үйлдэл үзүүлэх ажилд онцгой анхаарал хандуулж сургалтыг явууллаа. Сургалт нь давчуу орон зай болон өндөр орчинд байгаа гамшгийн хохирогчдыг хэрхэн аюулгүйгээр гарган авах талаар танхимын болон хээрийн сургалтын өргөн хүрээний зааварчилгаанаас бүрдэж байв. Үүний зэрэгцээ эмнэлгийн ажилтнууд онцгой байдлын үед өвчтөнийг хэрхэн ангилах, эмчлэх талаар сургалт явууллаа. Мөн шуурхай ажиллагааны төвийн албан тушаалтнууд аврах болон эмнэлгийн ажилтнуудыг, нөөцийг хэрхэн үр ашигтай удирдах талаар танхимын сургалтанд хамрагдсанаас гадна хямралын үед олон нийттэй хэрхэн үр дүнтэй харилцах талаар, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах арга замуудын талаар тус тус суралцлаа. Сургалтын төгсгөлд оролцогчид байгалийн гамшгийг дуурайлган бэлтгэсэн томоохон хэмжээний бодит нөхцөл байдлын дасгал сургуулилтыг амжилттай гүйцэтгэв.

Коронавируст халдвар (COVID-19) -ын дэгдэлтийн улмаас АНУ болон Монгол Улс жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг Говийн Чоно олон улсын гамшгаас хамгаалах сургуулилтыг цуцлахаас өөр аргагүй болсон билээ. Хангай-21 сургуулилт нь АНУ болон Монгол Улсын эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүний хувьд түншлэлээ энэхүү завсрын үед үр бүтээлтэйгээр бэхжүүлэх боломжийг олгосон юм. Уг сургуулилтаас олж авсан ололт, сургамжууд нь 2022 онд дахин эхлүүлэхээр төлөвлөж буй илүү өргөн хүрээний Говийн Чоно сургуулилтын төлөвлөгөөг боловсруулахад туслах болно. Хангай-21 сургуулилт нь АНУ болон Монгол Улсын хоорондын бат бөх холбоог улам бэхжүүлж, монгол аврагчдыг байгалийн гамшиг тохиолдсон үед ард түмнээ хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх бэлтгэлд ихээхэн ахиц дэвшил гаргалаа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин туулай өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 28, Ангараг гариг. Билгийн тооллын 22, Гөрөөсөн толгой одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6:47 цагт мандан, 18:39 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө сэрүүсэж 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, ө­дөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Бүхэл бүтэн сумын иргэдтэй тэнцэх тооны хүмүүс ковидоор үхлээ, энэ хэвийн үзэгдэл үү..​” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхий
сайд асан Р.Амаржаргал “Туршлагагүй, мэдлэггүй хүмүүс
улс орныг удирдаж яваа үед
юу ч хүлээгээд нэмэргүй
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “МАН нэг намын
засаглалыг бүрдүүлж, олон жижиг
тоглоомын намуудтай байх
бодлогыг хэрэгжүүлж байна” гэв.

Намрын чуулганаар Зөвшөөрлийн
тухай хуулийг хэлэлцэнэ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бүхэл бүтэн сумын иргэдтэй тэнцэх тооны хүмүүс
ковидоор үхлээ, энэ хэвийн үзэгдэл үү..” гэв.

“Хамтдаа харах төв” төслийн үр дүнд хүүхдүүд
номын хорхойтой болов гэснийг “Энэ тухай” нүүрээс уншаарай.

Хил хамгаалах
Ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах
албаны дарга, хурандаа Д.Энхтайван “Улсын хилээс 7.6 км газарт хил
зөрчигч нуугдаж байсныг хилчид илрүүлсэн”
гэлээ.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “БНХАУ-аас импортлох шатахууны
хэмжээг нэмэгдүүлэх тал дээр ажиллана” хэмээн III нүүрт ярилаа.

“Баримт, үзэл бодол”-ын VII нүүрт Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар “Иргэдийн амь настай холбоотой асуудалд
ЭМЯ-наас арга хэмжээ авч, хариу шийдэлд
хүрнэ гэж найдаж байна” хэмээн өгүүллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

​ЗХЖШ: Хилчин эмч нар алтан цомын эзэд боллоо

ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээнийг есдүгээр сарын 23, 24-нд зохион байгуулсан. Уг “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021” буухиа тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсээс санаачлан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зохион байгуулж байжээ. Энэ жилийн хувьд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсоноороо онцлог юм.

Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 баг, 96 тамирчин эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдсөн юм. Энэ тэмцээнээр хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид олон улсын тэмцээн болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор зохион байгуулж байна.

Уг тэмцээнд баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд Ийн ХХЕГ-ын эрэгтэй баг I байр, эмэгтэй баг III байр, мөн шилдэг эрэгтэй, эмэгтэй эмч, шилдэг эрүүл мэндийн зааварлагч, шилдэг жолооч зэрэг төрөлд тэргүүлэн багийн нэгдсэн дүнгээр шилдгийн шилдгээр шалгарч шилжин явах алтан цомын эзэд боллоо гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 562 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 548 хэрэг шалгагдаж байна.