Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Өнөрболор: Эдийн засгийг бүхэлд нь аварга биет гэвэл энэ аварга биетийн судас нь худалдаа юм

УИХ-ын гишүүн Дамдинсүрэнгийн Өнөрболортой ярилцлаа.


-Та Худалдааны тухай, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа.

-Манай улсын эдийн засгийн амьдралд нөлөө үзүүлэх, тулгамдсан хоёр ч хуулийн Ажлын хэсгийг та ахалж байна. Худалдааны хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатандаа явна. Энэ хуулийг онцолсон шалтгаан нь өнөөдрийн байдлаар улс даяараа шатахууны хомсдолд орсон, иргэд олон түмний бухимдал өндөр байна л даа?

-Сайн байна уу, танай уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье.

-Нөхцөл байдлыг бодитой харах юм бол зах зээлийн уян хатан зохицуулах арга хэмжээ хэт эмзэг байна, зохицуулалт муутай байна, худалдааны бодлого хараат байна гэсэн үг л дээ. Манай улс урт хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Тиймээс улс орны хэрэгцээг худалдаагаар л зохицуулж ирлээ. Монгол Улс сард нийтдээ АИ-92 бензин гэхэд 38-40 мянган тонныг хэрэглэдэг. Үүнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог. Роснефть компаниас авдаг шатахуунаа гэрээгээр зохицуулдаг, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага гэж зүйл байх ёстой. Зах зээлийн уян хатан зохицуулах арга хэмжээг сан байгуулснаар бий болгочихгүй л дээ. Ганцхан өнцөг хэлэхэд манай улсад нэг үнэ, нэг тарифаар шатахуун худалдаалдаг систем байна, төрөөс үнийг нь хязгаарлаад байгаа болохоор өрсөлдөөн өрнөхгүй тал бий, үүнийг ч бодолцох ёстой. Яг үнэндээ шатахууны үнэ Оросын дотоодын зах зээл дээр ч өндөр байна. Нэг тонн АИ-92 бензин 57 мянган рубль. Бас онцгой албан татварынхаа хувь хэмжээг өсгөсөн байна. Ийм байхад дээр нь хил гаалийн нөхцөл байдал, тээвэр ложистик, өртгөөсөө алдагдалтай борлуулалт, бэлэн мөнгөний нөөц ямар байна вэ, нөөц бүрдүүлэлтээ яах, нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ барьсаар ирсэн аж ахуйн нэгжүүдэд хэлэх үг байгаа л байх. Ер нь ганц шатахууны асуудал ч биш эдийн засгийг бүхэлд нь аварга биет гэвэл энэ аварга биетийн судас нь худалдаа юм. Судас хаана бөглөрнө тэнд хөдөлгөөн зогсоно. Бөглөрч тагларсан газар мэдээгүйжиж хөдөлгөөн зогсох төдийгүй үхжих аюултай. Тиймээс эрсдлээс хамгаалах эмчилгээ, зохицуулах үйлчилгээ, хөнгөвчлөх сувилгаа хийж дарамт ачааллыг нь багасгахгүйгээр импорт явах аргагүй юм. Тэр байтугай гадаад худалдаанд улам бүр хиймэл оюун ухаан нэвтэрч байна. Алдаагаа судлах хэрэгтэй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсч байсан уу гэвэл байсан шүү дээ. Үүнийг л харууллаа. Бид уламжлалт гал унтраах маягийн, богино хугацаанд аргацаасан системтэй явах уу, эсвэл бүхэлд нь реформ хийх үү. Ийм сонголттой нүүр тулаад байна. Бодлогын төвшинд, стратегийн төвшинд, хэрэгжилтийн төвшинд асуудлаа зааг ялгаатай авч үзэх хэрэгтэй. Бүгдийг нь нийлүүлээд тунхаглачихдаг, өнгөц харахад энэ талаар хэлээд байна уу гэхэд хэлээд яриад байна, хэрэгжээд явж байна уу гэхээр алга болчихоод байна, хэлсэн ярьсан зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байна. Манай улсын эдийн засаг тогтвортой, баталгаатай хөгжихийн тулд эдийн засгаа стандарчлах, тэр нь системтэй, интеграцитай, зохистой институцитэй байж амьдрал дээр эрсдлээс хамгаалагдсан, бодитой, замбараатай, илүү хөдөлгөөнгүй, уялдаатай, уян хатан, нэг хараатай, дижитал болох юм.

-Та тэгвэл Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлаа ямар гарааны цэг дээрээс эхэлж байна. Энэ яриад байгаа зүйлээ яаж хэрэгжүүлье гэж бодож байна вэ?

-Гарааны цэгээ Монгол Улсын худалдааны бизнес хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна гэдгийг судлах багцлах ажлаас эхэлж хийж байна. Ямар түвшинд байна, ямар сорилт тулгараад байна, ямар хүндрэл бэрхшээл ужгираад байна энэ бүхнийг судлаж байна. Дээр нь цар тахлын хүнд нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдал, геополитикийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал үүсч байгааг ч үгүйсгэхгүй. Бид хараа, чиглэл, туулах зам гурваа тодорхой болгох хэрэгтэй, чирэгч оюун санаа, локомотив ямар байхаа бодох хэрэгтэй болж байна. Үүний тулд замын зураглалаа анализ дүгнэлт дээр үндэслэж хийх хэрэгтэй. Энэ үүднээс хүмүүсийн санаа бодлыг сонсч байна. Хууль боловсруулах Ажлын хэсэг маань УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Байгуулагдсан өдрийнхөө маргаашнаас ажилдаа орсон гэхэд болно. Манай баг, ажлын дэд хэсгүүд энэ зунжингаа идэвхитэй ажиллаа. Одоогоор би сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн олон улсын банк санхүүгийн байгууллагууд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, НҮБ болон зарим төрөлжсөн байгууллагууд, худалдааны танхимуудын тэргүүн, холбогдох албаны хүмүүс, Япон, АНУ, Казахстан, БНСУ, БНСВУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Энэтхэг улс гээд арав шахам улсын ЭСЯ, Элчин сайд нартай, Монгол Улсад бизнес, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын төлөөлөл гээд 40 гаруй байгууллага хамт олны 200 гаруй төлөөлөлтэй биечлэн болон онлайнаар уулзаж санал бодлыг нь сонслоо. БНСУ-д өөрийн зардлаар очиж туршлага судаллаа. Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэх бүхий л санал санаачилгатай идэвхтэй хамтран ажиллах ёстой юм.

Мөн салбарын яам, агентлаг, газрууд зэрэг төрийн 20 шахам байгууллага, МХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, салбар бүрийн мэргэжлийн холбоод гээд 30 шахам нийтдээ 50 шахам байгууллагаас санал бодлыг нь нь бичгээр авч байна. Уншиж танилцаж дүгнэлт хийж байна.

Аравдугаар сард бизнес эрхлэгчид, худалдаа аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодууд, эрдэмтэн судлаачид, ард иргэдээсээ санал бодлыг нь сонсох, зөвлөлдөх уулзалтуудыг цар тахлын нөхцөл байдал дунд байгаа ч халдвар хамгааллын нарийн дэглэм барьж танхимд болон онлайнаар зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Дотоод нөхцөл байдалтайгаа нүүр тулахгүйгээр ажил урагшаа явахгүй, хууль эрхийн орчныг дан ганц танхим дотроос төсөөлж болохгүй юм.

-Их ажил амжуулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлал, дүн нуруу босч байна уу?

-Босч байна аа. Ер нь манай эдийн засаг худалдаанаас хамааралтай мөртлөө сүүлийн 30 жил нэгдсэн бодлогогүй шахам, нэгдсэн зохицуулалтгүй явж ирлээ шүү дээ. Уг нь Үндсэн хуулиндаа “Төр үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гээд заасан байдаг. “Алсын хараа-2050”, МАН-ын Мөрийн хөтөлбөр,Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд бүхий л баримт бичгүүдэд эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн бодлого, хууль эрх зүйн орчныг тодорхой болгоно гэж заасан.

ДХБ-ын гишүүн орны хувьд худалдааны олон талт хэлэлцээрүүд, тохиролцоог өөрийн газар нутагт заавал хэрэгжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл эрх зүйн орчноо бүрдүүлээгүй байж болохгүй шүү дээ. Энэ байдлаасаа болоод демпингийн эсрэг, зах зээлээ хамгаалах, эрсдлийг саармагжуулах, хүнсний аюулгүй байдлаа хангах, төлбөрийн тэнцлийн алдагдал гүнзгийрсэн үед зохистой арга хэмжээ авах, шинээр бий болсон үндэсний үйлдвэрлэлийг хөл дээр зогсох нөхцлийг хангах гээд олон чиглэлээр боломж, эрхүүдээ бүрэн ашиглаж чадаагүй өдий хүрлээ. Гэтэл БНХАУ ДХБ-д манайхаас хойно элссэн мөртлөө бүхий л боломж нөхцлүүдийг тултал нь ашиглаж чадсан байдаг. Худалдааны эрх зүйн орчин их өргөн хүрээтэй юм даа. Зөвхөн дотоод, гадаад худалдаа, цахим худалдаа гээд орхичих асуудал биш. Бид Япон, ОХУ, Казахстан, ХБНГУ гээд арав шахам орны хууль эрх зүйн актуудыг судлаж байна. Ихэнх орнууд худалдааны хуулиа үндсэн хуулийн дараа орохуйц суурь төвшинд авч үзэж худалдааны яамаа тэргүүлэх чиглэлийн яамны хэмжээнд тавьдаг. Яагаад гэвэл эдийн засгийн аюулгүй байдлаа хадгалахын тулд л тэр шүү дээ.

Нөгөө талаар Монгол Улс ДХБ-д элссэн 1997 оноос хойш импортын тарифыг сонгодог утгаар нь нь буюу эдийн засгийн зохистой бүтцийг бий болгох, үндэсний болон импортын бүтээгдэхүүний зохистой харьцааг бий болгох, экспортын тарифыг түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах хөшүүрэг болгон ашиглаж байгаагүй нь үндэсний үйлдвэрлэл дампуурах нэг үндсэн шалтгаан болж байсан. Шатахуунаас эхлээд бид горыг нь хангалттай амслаа. Өнөөдөр бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграци нь дэлхийн эдийн засгийн үндсэн хандлага болж, корона вирусын цар тахлын дараагаас бүр эрчимжих хандлагатай байна. Эл үйл явц нь зах зээлийг тэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх үндсэн арга болдог. Гэтэл Монгол Улс нь эл үйл явцад хамгийн сул хамрагдсан дэлхийн цөөн орны нэг байна. Иймд бүс нутгийн, юуны өмнө ядаж ойролцоо хөгжлийн түвшинтэй, мөн өндөр хөгжилтэй орнуудтай худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх ажлыг бодлогоор эрчимжүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх шаардлага амьдралаас урган гарч байна. Цар тахлын үед дижитал худалдааны системд улс орнууд маш сайн бэлтгэгдлээ. Үүнийг ч харгалзахгүй өнгөрч боломгүй.

Монгол хүний энгийн худалдаа эрхлэх боломжоос дэлхийн нэмүү өртгийн үйлдвэрлэлийн сүлжээнд Монгол Улс өөрөө брэнд болох тэр боломжийг хүртэл энэ өргөн уудам бололцоо бол хуулийн үйлчлэх хүрээ гэж ойлгоход болох юм. Өргөн утгаараа шүү дээ. Дээр нь үндэсний эдийн засгаа олон улсын зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд дэмжих, худалдааны олон талт тогтолцоогоор гишүүн орнуудад олгогддог бололцоог хөгжлийн зорилгоор бүрэн дүүрэн ашиглах, худалдааны олон талт гэрээ хэлэлцээрүүдэд хүлээсэн үүргээ биелүүлэх, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх нь зах зээлийг тэлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, худалдааг хөнгөвчлөх, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно. Ийм өргөн хараагаар, нийгэм эдийн засгийн шаардлагаар, Худалдааны хуулийн зохицуулах харилцаа, үйлчлэх хүрээ тодорхойлогдох юм. Манай улсын эдийн засгийн голлох салбарууд жишээ нь мал аж ахуйн өртгийн сүлжээнд зориулсан дэд бүтэц, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг дэмжих дэд бүтэц, экспортод гаргах эрчим хүчний дэд бүтэц ялангуяа сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялгийн өртгийн сүлжээнд зориулсан дэд бүтэц, бүс нутгийг холбох хөрш орнуудтай хийх худалдаанд зориулсан дэд бүтэц, транзит Монгол стратегийн коридор зэрэг бүх салбарын дэд бүтцээс урган гарч байгаа дам болон хавсарга худалдааны үйл ажиллагаа ч энэ хуулийн хүрээнд зохицуулагдах болно. Тиймээс туршлагатай ажиллах хүчнээс бүрдсэн институци бий болгохыг амьдрал шаардаж байгаа юм аа.

-Ямар институци байх ёстой талаар та илүү тодорхой ярьж болох уу?

-Манай Улсад худалдааны салбар үүсч хөгжөөд 100 жил болж байна. Бүхэл бүтэн зуун жилийн ололт амжилт, алдаа дутагдал, туршлага байгаа гэсэн үг. Одоо үүнийгээ шинэ шатанд гаргах 100 жилийн алсын хараа хэрэгтэй болсон байна. Тиймээс 100 жилийнхээ босгон дээр шинэ зууны худалдааны хууль эрх зүйн орчныг бий болгох хариуцлагатай үүрэг энэ УИХ-д ноогдож байна. Гадаад улс орнууд гэхэд жишээ нь Япон улсын “Худалдааны хууль” батлагдаад 130 жил болж байна. 1890 онд батлагдсан байна. ХБНГУ 1861 онд, Франц улс 1807 онд тус тус худалдааны суурь хуулиа батласан байдаг.

Мөн манай улс энэ 100 жилийн хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед худалдааны салбарыг чухал ач холбогдолтой салбар гэж үзэж тухайн цаг үеийнхээ онцлог байдалд тохируулсан худалдааны үйл ажиллагаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж ажиллаж ирсэн байдаг. 1921 онд Сангийн яам эрхэлж байсан бол, 1930-1932 онд Худалдаа аж үйлдвэрийн яам, 1932-1935 онд Худалдаа аж үйлдвэр, зам тээвэр нэвтрэлцэх холбооны яам,1935-1937 онд Худалдаа аж үйлдвэрийн яам, 1937-1940 онд Худалдаа тээврийн яам, 1940-1960 онд Худалдааны яам, 1960-1987 онд Худалдаа бэлтгэлийн яам, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамтай байсан.

Одоо харин үгүй байна. Институцүүдийн уялдаагүй байдлыг шийдвэрлэхийн тулд ялангуяа улс хоорондын худалдааг нэмэгдүүлэхэд үүсээд байгаа саад тотгор, сорилтуудыг шийдэх, бүс нутгийн худалдааны хөдөлгөөний судсыг бөглөрүүлэхгүй байхын тулд худалдааны тээвэр ложистикийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, дотоодын бараа бүтээгдэхүүний хомсдлыг арилгах, үндэстэн дамнасан сүлжээнд үндэснийхээ эрх ашгийг хамгаалах, иргэдийнхээ эдийн засгийн эрх ашгийг хамгаалах, худалдааны саад тотгорыг арилгах, хөнгөвчлөхөд төлөвшсөн, чадварлаг, цомхон институцитэй байж хуулийн хэрэгжилтийг гардан зохион байгуулж чадах юм. Үндэсний эрх ашигт ч нийцнэ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос дахин пуужин харвалаа

Мягмар гаригийн өглөө Умард Солонгосын нутгаас зүүн тэнгисийн усанд пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын арми мэдээлэв. Японы хэвлэлүүд дээрх зэвсгийг баллистик пуужин байж магадгүй тухай мэдээлж байна.

БНАСАУ шинээр бүтээсэн холын зайн тусгалт далавчит пуужингийн туршилт есдүгээр сарын 11, 12-ны өдөр амжилт явагдсаныг мэдэгдсэн юм. Мөн Умардын зүгээс Өмнөд Солонгостой хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс хэдхэн хоногийн дараа ийнхүү пуужин хөөргөсөн нь анхаарал татаж байна.

БНСУ-ын армийн зүгээс АНУ-тай хамтран үл мэдэгдэх пуужингийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​”Хилчин” хотхон орчмын 144 өрх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдахаар болов


НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхон орчмын 144 өрх нэгдэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцуулав.

Тэрбээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлаар нийслэлийн СХД-ийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12.7 га талбайг тогтоож, эргэлтийн цэгийн солбицлыг хавсралтаар батлах юм.

Дээрх байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах явцыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Тогтоолын хэрэгжилтэд НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад даалгах тухай тогтоолын төсөл юм” гэлээ.

Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжив.

Categories
мэдээ спорт

Азийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Азийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катар улсын Доха хотноо 14:00 цагаас эхэлнэ.

Тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцохоор зорьсон бөгөөд ОУХМ Б.Баярмагнай, МУГД Т.Мэргэн, Кан Дон Хун гэсэн дасгалжуулагчдын баг ажиллаж байна.

Эрэгтэй багт:

  1. Б.Билэгт,
  2. Ж.Мөнхзориг,
  3. Г.Сэр-од
  • Эмэгтэй багт:
  • Б.Болор-эрдэнэ
  • Б.Должинзуу,
  • М.Ундрам нар багтсан бол олимпын наадамд оролцсон Э.Лхагвасүрэн өвчний улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжсөн байна.

25 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь ирэх жил болох ДАШТ-ий эрх олгох бөгөөд 30 орны 194 тамирчин өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2153 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2153 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1204 нь Улаанбаатарт, 949 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1169 болов.

Сүүлийн 24 цагт 7262 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20789 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Гэрийн хяналтад 62415 иргэн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөлд ходоодны хорт хавдрын мэс засал хийж эхэллээ

Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ хүргэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн эмч Б.Түвшин хоймор нутагт ажиллаж байна.

Тэрбээр ирснээс хойш орон нутагт хөхний хорт хавдрын хагалгаа, ходоодны хорт хавдрын мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийгээд байна.

Тус аймаг 10000 хүн амд хорт хавдрын нас баралт 2019 онд 16.7 хувь байсан бол 2020 онд 15.3 хувь болж 1.4 промилиор буурсан. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын хяналтад нийтдээ 700 гаруй хүн бүртгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 гаруй тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр гарчээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газарт ой, хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай мэдээллийг өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдрийн 14:17 цагт Онцгой байдлын алба хүлээж авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, 16:50 цагт цурманд оруулжээ.

Урьдчилсан байдлаар нийт зургаан га орчим талбай шатсан талаар албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна.


-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Иргэд өөрсдөө, сайн дураараа сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна. Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё.

Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн. Иймд иргэд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулъя гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, салхи шуургатай байна.
2021 оны есдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

З.Алтай: Телевизүүд жижиг ч гэсэн хүнд өгөөжтэй монгол контент хий. Боломж нь байна

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, MN25 дугаар суваг телевизийн захирал Зоригийн Алтайтай ярилцлаа.


-Одоогоос 25 жилийн өмнө 25дугаар суваг телевиз үүсгэн байгуулагдаж байсан нь Монголд чөлөөт хэвлэл үүсэх үндэс суурийг тавьсан. Тэгэхээр зөвхөн танай телевизийн гэлтгүй монголын сэтгүүл зүйд түүхэн ой тохиож байна гэж хэлж болно биз дээ?

-Цаг хугацаа гэдэг чинь асар хурдан явдаг юм байна. 25 жил болжээ, нэг мэдэхэд. Бид жил жилийг тоолсонгүй. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд их л ажилтай, их л эрч хүчтэй, хоног цаг хугацааг үл тоон ажилласаар нэг л мэдэхэд 25 нас хүрсэн байна л даа. Энэ удаагийн ойг гадуур өвчин зовлон их байгаа учраас 25 жил гээд нэг их сүртэй юм болгомооргүй л байгаа юм. Байгууллага болгонд байдаг л ой. Тийм биз. Гэхдээ ач холбогдол өгч буй зүйл бол бид яах аргагүй Монголын анхны чөлөөт телевиз юм. Нөгөө талаар 25 суваг 25 жил гээд харахаар тооны хувьд бас нэг бэлгэдэл юм л даа. 25 жилийг хүний насаар аваад үзэх юм бол үнэхээр сайхан, залуу зандан, эрч хүчтэй, галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй тийм л он цагийг өнгөрөөсөн байна. Өнгөрсөн зүйлээ эс тоогоод, байдаг л ой гээд байх бас хаашаа ч юм. Тэр утгаараа байгууллага дотроо бие биендээ баяр хүргэх хэмжээнд тэмдэглэж өнгөрүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тэр үед үздэг хардаг ганцхан МҮОНРТ л байлаа. Тэгвэл суваг солиод үзчих телевиз нэмэгдэнэ гэдэг тухайн цаг үедээ цоо шинэ зүйл байхгүй юу. 25 дугаар суваг телевиз сайн байсан уу, муу байсан уу гэдгийг Монголын үзэгчид л дүгнэх байх. Бид өнгөрсөн хугацаанд магтуулах үедээ магтуулж, муулуулах үедээ муулуулсаар ирсэн. Гэсэн ч бид өөрсдийн үзэл бодлоор урагшилсаар л байна. Хамгийн гол нь ганц бидний баяр бус түүхэндээ Монголын ард түмний чөлөөт телевиз үзэж харж эхэлснээс хойш 25 жил болжээ. Үзэгчдийн хувьд ч олзуурхууштай.

Үзэж харах нүд нээх, сонсож чих онгойх, өөр өнцгөөс юмыг бодож сэтгэх гээд энэ бүхэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг нээх салхийг хагалсан явдал яалт ч үгүй мөн. Аливаа юмны анхдагч гэдэг маш чухал. 25 дугаар телевизээс хойш маш олон хувийн хэвшлийн телевиз гарч ирсэн байна.Чөлөөт телевиз, сэтгүүл зүйн суурийг маш сайн тавьжээ.Үүний үр дүнг захын аймгууд хүртэл телевизтэй болсноос харж болно.

-Тэгэхээр танайхаас хойш маш олон телевиз гарч ирж өнөөг хүртэл ямар нэг зохицуулалтгүй явж ирсэн. Саяхнаас Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ олон телевиз хуультай болсноор ямар ач холбогдолтой вэ?

-Олон жил дуншиж явсаар сая л биеллээ олж буй хууль.Бид хууль гаргаад хамгийн гол нь оюуны өмчөө тодорхой хэмжээгээр үнэлүүлье л гэсэн шалтгаан. Өнөөдөр нэгэнт л зах зээлд орсон л бол бүх юм үнэтэй. Мэдээ, нэвтрүүлэг бүгд л хүний оюун ухаанаас урган гардаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бидний хувьд оюуны өмчөө нэг ч төгрөгөөр үнэлүүлсэнгүй. Үзэгчдээсээ нэг төгрөг ч авдаггүй. Энэ гажуудлыг сая гарсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулалт хийлээ л дээ. Аль хэдийнэ ийм хуультай болсон бол бид оюуны өмчөө үнэлүүлээд тодорхой хэмжээний хэдэн бор төгрөг аваад техник технологио сайжруулаад ажилчдынхаа цалинг боломжоороо нэмээд явах тийм л цаг хугацааг алдсан. Алдсан нь бидний буруугаас биш ерөөсөө л хийх хүсэлгүй байсан. Тэрнээс алгын чинээ ном бичсэн хүн хүртэл хэдэн төгрөгөөр зардаг биз дээ. Ялгаагүй телевизийн бүтээл бүхэн уран бүтээлчид, сэтгүүлчийн л оюуны хөдөлмөр. Телевиз техник технологийн хувьд асар өндөр зардалтай. Ажилчдын хувьд ч хуучин 100 гаруй хүн ажиллаж байлаа. Ажилчдынхаа цалин мөнгийг тавина гэдэг маш хэцүү. Харин Өргөн нэвтрүүлгийн тухай хууль гарснаар тодорхой хэмжээний хэдэн төгрөг орж ирнэ. Айхтар их биш ч гэсэн чамлахаар чанга атга гэдэг. Бага ч гэсэн нэг алхам юм.

-25 дугаар суваг телевизийн өнөөдрийг хүртэл баримталж ирсэн гол зарчим, бодлогыг сонирхож болох уу?

-Анх уг телевизийг нээхэд А.Авирмэд, Л.Жаргалсайхан, Ц.Балдорж, Д.Галсанжаргал, инженер Ганбаатар гээд хуучин МҮОНРТ-д чанагдаж байсан хэдэн нөхдүүд байлаа. Нэгэнт чөлөөт нийгэм рүү орчихлоо. Бидэнд юу дутагдаж байна. Бидний мэддэг чаддаг зүйл юу байна гээд ярилцахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз л байсан. Чөлөөт телевиз нийгэмд нэн хэрэгтэй, захиалга үүсчихсэн байсан үе. Бид халаасандаа сохор зоос ч үгүй, телевиз байгуулъя гэсэн сэтгэл л байсан. Ямар ч байсан ийм телевиз байгуулна даа гэсэн сэтгэлийн тэнхээгээрээ амиа зогоож л 25 жил явлаа. Энэ хугацаа бол телевизийн эфир эхэлснээс хойш хугацаа. Үүнээс өмнө телевиз байгуулахын тулд дөрөв, таван жил хэдэн бор цаас олох гэж ганзгын наймаа, гахай чирэх гээд хүний хийдэг бүх л ажлыг хийж байж хэдэн төгрөг цуглуулсан. Үндсэндээ бидний 30-аад жилийн хөдөлмөр. Бид юм хийсэн, бүтээсэн. Тэгэхээр өөрийгөө болон бусдыгаа сайн байна л гэж хэлнэ. Болж байна ш дээ. Нэг ч гэсэн хүн нийгэмд санасан зорьсон хэрэгцээтэй зүйл хийчихвэл болж байна. Хүн болгон санасан зорьсон зүйлээ хийх юм бол улс орон хөгжинө, хүмүүсийн ахуй амьдрал ч дээшилнэ. Өөрөө ч гэсэн өөдрөг сайхан байж таарна шүү дээ. Миний бахархдаг гол зүйл бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид өөрсдийнхөө үзэл бодлоосоо ухарсангүй, урвасангүй. Аль нэг нам, аль нэг мөнгөтэй олигархийн халаасанд орж харцаар нь хөдөлж байсан удаагүй.бидэнд өөрийн гэсэн үзэл бодол байна. Шударга байх ёстой. Чөлөөтэй байх ёстой. Хүнд худалдагдахгүй байх ёстой. Үнэн зөвийг мэдээлэх ёстой гэсэн зарчмыг л баримталж ирсэн. Банкнаас нэг төгрөгийн ч зээл аваагүй. Хэн нэгнийг ямар нэгэн байдлаар хулхидаагүй. Хүн өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр телевизийг босгоно гэдэг хамгийн том бахархал болов уу. Тэрнээс өнөөдөр ямар нэг муу арга залиар юу ч хийж болдог нийгэм байна ш дээ.

-Энэ олон хувийн телевизүүд та бүхний анх хувийн телевизийг бий болгохдоо баримталсан зарчим, мөн чанарыг хадгалж чадаж байгаа болов уу?

-Чадахгүй байна гэж би шууд хэлье. Монголд чөлөөт хэвлэл мэдээлэл байна уу, найзаа гэж надаас асуувал би “Байхгүй” л гэж хэлнэ. Битгий худлаа яриад бай. Энэ олон хэвлэл мэдээлэл, телевиз сайт чинь юу юм гэх байх л даа. Миний ойлголтоор чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг түрүүн хэлсэн шиг хэн нэгэн нам, улс төрийн хүчин, мөнгөтэй нөхрийн халаасанд орж явах юм бол юуных нь чөлөөт хэвлэл байхав дээ. Өөр өөрийгөө санхүүжүүлээд, өрөөл нэгнээс үүрэг авдаггүй өөрийнхөө үзэл бодлоор явдаг газрыг л чөлөөт хэвлэл гэж хэлнэ. Өнөөдрийн энэ олон хэвлэл мэдээллийн газрууд чинь дандаа цаанаа улс төрчид эсвэл бизнесийн олигархиуд л байгуулсан байдаг. Бидэн шиг зовлон үзэж туулж ирсэн нь бараг байхгүй. Алт ухсан, тариа ногоо тарьсан, улсын мөнгийг хулгайлсан, зээл аваад унжсан, эрх мэдлийг ашигласан нөхдүүд ард нь бий. Би бусад телевизийг муулж байгаа юм биш. Гэхдээ та нар зүгээр нэг бодоод үзээрэй. Цаад атмануудыг нь хар, хэний мөнгөөр крандаж яваад байгааг нь бодвол Монголд өнөөдөр чөлөөт хэвлэл мэдээлэл үгүй болж. Чөлөөт хэвлэл мэдээлэл өөрийнхөө үзэл бодлоор явна. Гэтэл энэ хэвлэл мэдээллийнхэн цаад даргынхаа бодлогоор л хөдөлж байна.

-Цаашдаа энэ олон телевиз олон нийтийн дуу хоолой болохын тулд юуг анхаарах чухал байна. Энэ нь технологийн хурдацтай хөгжлийн явцад оршин тогтнох бас нэг үндэс болов уу?

-Орой эфир үзээд суухаар гунигтай санагддаг. Дандаа л үхлээ, хатлаа, энэ ч болохоо байлаа, тэр ч идэж уулаа, тэр ч шатаалаа, энэ ч бослоо ч гэсэн мэдээ мэдээлэл. Нэг бол би гуйлгачин, өлбөрч үхлээ гэнэ. Төрийн бодлогын буруу байх. Гэхдээ нөгөө талаараа хүний төлөө хүн болоод төрчихсөн юм шиг. Үнэнийг хэлэхэд өөрийнхөө амьдралыг авч явж чадахгүй байж хэнд гоморхоод, ялархаад байдаг юм. Үхмээр байвал үхчихээж дээ гэж хэлмээр санагдах юм зөндөө гарах юм. Монголд өнөөдөр өөрийнхөө толгойгоо ажлуулаад, хөлсөө гаргаад хөдөлмөрлөөд явбал бололцоотой сайхан амьдрал байна. Дэлхийн бусад оронд юу болж байна. Хар л даа, харьцуулалдаа. Монгол шиг сайхан амьдрах боломжтой газар хаа байна. Өөрсдийнхөө ажилгүй, арчаагүй, залхуугаагүй мэдэхгүй хүнд гомдоллоод байдаг. Тэрийг нь манай телевизийнхэн, хэвлэл мэдээллийнхэн хөөрөгдөөд мэдээллээд байдаг. Би эсрэгээр нь явмаар санагддаг. Сайн бодлоготой байх ёстой. Тийм юм байдаггүй юм аа, чи хөдөлмөрлө, чи бос, энэ нөхөр чамаас яагаад илүү амьдраад байна, чи үүнээс юугаараа дутсан юм гэдэг хүмүүсийг хөдөлгөх, хөдөлмөрт, амьдралд зоригтой, зорилготой, уриалан дуудах юмнуудыг л хийх хэрэгтэй. Зүгээр л гуниг зовлон яриад, мэдээллээд байх юм бол энэ улс чинь мөхнө ш дээ. Энэ харанхуй нийгэм, энэ олон харанхуй хүмүүсийн тархи толгойнд бараан юм өгөөд байх юм бол энэ улс орон мөхөхийн л цондон ш дээ. Ийм юман дээр л энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл уриалан дуудах, ажиллах ёстой.

-Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн бодлого чухал үүрэгтэй байх. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Редакцууд нь маш хүчтэй бодлоготой, төр засаг нь үүнийг нь дэмждэг байх ёстой. Цаг сайхан болно. Хамгийн гол биднээс, танаас, надаас хамаарна гэдэг юмыг л уриалан дуудах чухал. Тэгэхгүй нэг бол хошин шог гаргадаг, нэг бол хэнд ч хэрэггүй гадны баахан савангийн хөөс драм гаргадаг, нэг бол баахан зохиолын дуу гаргадаг. Ингэхээр яаж ард түмэнд, үзэгчдэд боловсрол олгох юм, зөв гэгээлэг ойлголт өгөх юм. Адаглаад л шинжлэх ухаан, танин мэдэхүйн ойлголтыг түлхүү үзэгчдэд хүргэмээр байна. Юу ч мэддэггүй, юу ч ойлгодоггүй маргаашийнхаа амьдралыг аргацаасан байдалтай хүмүүс амьдарч байна. Хайран амьдрал, цаг хугацаа. Масс медиа бол хүмүүсээ боловсролуулах, соёлжуулах, танин мэдэхүйн мэдээллийг түлхүү өгч байх, хийх бүтээх, сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг л өгч байх ёстой.

-Танай 25 дугаар суваг телевизийн хувьд үндэсний контентыг түлхүү хийж гаргадаг. Энэ бас л та бид хоёрын яриад байгаа нийгмийг соён гэгээрүүлэх, уриалах бодлогын нэг хэлбэр мөн үү?

-Үндэсний контент хийх, бүтээх бодлого баримталдаг. Заавал гадаадаас хулгай хийх албагүй. Бусад телевизүүдийг харж байхадхэдэн зуун мянган ам.доллар төлж гадны бэлэн контент авчираад яг тэрийг дуурай хийх гэж хичээдэг. Монгол хүн чинь өөрөө толгойтой, ухаантай юм байгаа биз дээ. Яагаад өөрсдөө толгойгоо ажлуулаад монгол контентуудыг хийж болдоггүй юм. Өөрсдөө толгойгоо ажиллуул л даа, найзууд аа. Жаахан ч гэсэн, жижиг ч гэсэн хүнд өгөөжтэй монгол контент хийгээд гарга л даа. Бүх боломж л байна. Тэгээгүй байж л манайх бут авчихлаа энэ тэр гэдэг. Монгол сэтгэхүй байхгүй. Тэдэн шиг алттай, банкаар тэжээлгэдэг бол амар л байна ш дээ. Хэдэн зуун ам.доллар хусч халаасалчихаад бэлэн юм авчраад гаргачихна. Надад даанч тийм сонирхол алга. Мөнгө алга. Тэгээд ч хэнд хэрэгтэй юм.

-Телевизүүдийн судалгааг харж байхад үзэгчдийн эрэлттэй мэдээний хөтөлбөрт 25 дугаар суваг телевиз эхний гуравт олон жил бичигдэж байна. Энэ бас л нэг бодлого биз?

-Бодлого.Бодлогогүй юм гэж байхгүй. Бид хэнээс ч хараат бус, хэнээс ч юм асуудаггүй гэж би хэлсэн. Заавал энэ сайд тэглээ, тэр гишүүн тэгж тууз хайчиллаа гэсэн хэдэн балай протоколийн мэдээ хэнд хэрэгтэй юм. Ард түмний амьдралд ямар ч нэмэргүй. Илүү цонхны цаадах бодит амьдрал хэрэгтэй. Удирдлагуудын хэлээд байгаа тоон статистик мэдээлэл үнэн байна уу, худлаа байна уу, амьдрал дээр нийцэж байна уу гэдгийг л бид тодорхой болгож яг бодит байдал дээр ийм байна шүү гэдгийг л мэдээлэх үүрэгтэй. Гудамж руу гарч мэдээллийг бэлтгэх ёстой. Тэрнээс төрийн ордонд хэдэн яам тамгын газрын үүд сахиж болсон болоогүй газрын дарга нарын худлаа мэдээллийг гаргах юм бол цагийн гарз, мөнгөний гарз биз дээ. Тэгэхээр тэр мэдээг яагаад хүмүүс их үзээд байна гэхээр арай л бодитой амьдралд ойр байна л гэсэн үг. Энэ асуудлаас яаж гарах юм гэдэг гарцыг бас хэлж өгөх ёстой. Тэрнээс нээрээ тийм байна даа, хөргөгчинд нь юм алга гээд хэвлэл мэдээлэл нь адилхан гаслаад байж болохгүй ш дээ. Тодорхой хэмжээний гарцыг үзэгчдэд зааж өгөх ёстой.

-Ойгоо тохиолдуулан үе үеийн уран бүтээлчдэдээ хандан юу хэлэх вэ?

-25 дугаар суваг телевизийн 25 жил гэж байна. Яахав хувьцаа эзэмшдэг хэдэн хүний идеа санаа явж л байгаа байх. Эцсийн эцэст энэ чинь уран бүтээлчдийн ур ухаан, сэтгэлгээ минийх, манайх гэсэн сайхан сэтгэл дээр 25 дугаар суваг телевиз оршин тогтнож өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Санаа нийлсэн сайхан уран бүтээлчдийн баг байгаагүй бол энэ телевиз өнөөдөр байгаа ч уу, үгүй ч үү. Хэн нэгний хараат хэтэвчинд орчихсон гөлөлзөөд л явж байх байсан. Үе үеийн залуучуудын нуур дээр гол ачаалал ирсэн. Тиймээс нэр хүнд ч бас үе үеийн уран бүтээлчдэд очно. Тэгэхээр сайн ч уран бүтээлчид, сайн ч команд байсан. Байх ч болно.