Categories
гадаад мэдээ

Долоон сартай хүүхдээ Талибаны дэглэмээс аврахын тулд нутгийн депутатаас тусламж хүсчээ

Афганистанд эмээ, өвөөтэйгээ хамт төөрсөн долоон сартай Британийн охины эцэг эх түүнийг Талибаны дэглэмээс аврахын тулд нутгийн депутатаас тусламж хүсчээ. Тэд Их Британид байгаа бөгөөд хүүхдээ авах боломжгүй байгаагаас болж итгэл найдвараа алдаж буйгаа хэлсэн байна.

Охин нь Афганистанд эмээ өвөөтэйгөө үлджээ. Хүүхдийн ээж нь афган, аав нь британи хүн бөгөөд тэд ээжийнх нь визийг сунгуулахаар өнгөрсөн тавдугаар сард Их Британи явсан байна. Тэд хүүхдийнхээ паспортыг авах гэж таван сар хүлээжээ.
Засгийн газраас британи иргэддээ туслахын тулд чадах бүхнээ хийж байна гэв.

Охины ээж өнгөрсөн есдүгээр сард гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар Афганистан руу явсан байна. Тэрээр Афганистанд байхдаа Их Британийн паспортоо гээгдүүлсэн тул хүүхдээ төрөхөөс өмнө буцах боломжгүй болсон байна. Харин нөхөр нь түүний араас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард очжээ. Удалгүй хүүхэд нь Кабулд мэндэлсэн байна.

Хүүхдийн ээжид /аюулгүй байдлын үүднээс нэрийг нь нууцалжээ/ 30 хоногийн виз олгож, Их Британи руу очиж бичиг баримтаа авахыг зөвшөөрсөн байна. Хүүхэд нь паспортгүй тул хос хоёрт охиноо үлдээхээс өөр сонголт байгаагүй ажээ. Ээж нь англиар тааруухан ярьдаг учраас бичиг баримтаа бүрдүүлэхэд нөхөртэйгөө хамт явах хэрэгтэй байсан гэнэ. Тэд хүүхдийнхээ паспортыг аваад Афганистан руу буцах найдлага тавьж байсан ч ийнхүү таагүй үйл явдал болжээ.

Лхагва гарагт хүүхдийнхээ паспортыг авч чадсан ч Кабул руу хийдэг хуваарьт нислэгүүд зогссон байна. “Би хүүхдээсээ олон сар хол байна. Дэргэд нь байхгүй болохоор итгэл найдвараа алдаж байна. Засгийн газраас бидэнд хүүхэд, гэр бүлийнхнээ авчрахад минь туслахыг хүсэж байна” хэмээн охины ээж ярьжээ.

Тэд хүүхдийнхээ паспортыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хөөцөлджээ. “Бид охиноо маш их санаж байна. Гэвч юу ч хийж чадахгүй байна. Охиноо тэврээд үнсмээр байна” гэж охины аав ярив. Одоо Их Британийн ЭСЯ-ны ажилчид Кабулд байхгүй явжээ. Охины аав “ЭСЯ-ны ажилчид хүүхдийн паспорт гартал хүлээгээрэй гэж хэлсэн. Одоо нэгэнт оройтчихлоо. Тэд “Одоохондоо охин Их Британийн иргэн болоогүй байна. Та бүхэн паспорт нь гартал хүлээх хэрэгтэй. Тэгсний дараа Их Британийн иргэншилтэй болж, бид туслах боломжтой болно гэж хэлсэн” гэв.

Охины өвөө эмээгийн аюулгүй байдлыг ч хангах шаардлагатай болж байгаа аж. Учир нь тэд 2001 оны АНУ болон Их Британийн цэргийн хүчин Афганистанд очих үед тусалж байжээ. Өнгөрсөн долоо хоногт тэд “Талибан” хөдөлгөөнийхний заналхийллээс айгаад Кабул руу явж чадаагүй байна. Бид британичуудад эх оронд маань ирэхэд тусалж байсан. Одоо тэдний туслалцаа бидэнд хэрэгтэй байна хэмээн гэр бүлийн нэгэн гишүүн ярьжээ. Их Британийн албаны хүмүүс афган иргэдэд тусламж үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэв.

Ташрамд дурдахад, “Талибан” хөдөлгөөн Афганистаныг эзэлснээс хойш Их Британи тус улсаас нийт 16 мянган хүн нүүлгэн шилжүүлжээ. 2001 оноос хойш Их Британи Афганистан руу аялахгүй байхыг зөвлөх болжээ. 2021 оны дөрөвдүгээр сард Их Британийн эрх баригчид британи иргэдийг тус улсыг орхих хэрэгтэй гэж зөвлөж байсан бол наймдугаар сарын 6-ны өдөр бүгдийг нь нэн яаралтай тус улсаас гарахыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Дашдаваа: Хүүхдийг халдвараас сэргийлэхэд эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хариуцлага чухал нөлөөтэй

-Тухайн сургуульд хэд хэдэн тохиолдол бүртгэгдвэл сургуулийг бүхэлд нь цахим сургалтад шилжүүлнэ-

2021-2022 оны хичээлийн жил цар тахлын үед үргэлжилж байна. Танхимын болоод цахим сургалт хосолж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн байгууллагууд хүүхдийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа болоод халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваагаас тодрууллаа.


-Сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/292, А/525 дугаар бүхий тушаал гарсан. Тус тушаалуудыг бүх ерөнхий боловсролын сургууль болоод сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд дагаж мөрдөнө. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургалт явуулсан. Ойролцоогоор 1800 багш, ажилтан, 700 гаруй эмч сургалтад хамрагдсан байна. Сургуулийн эмч нарт хэрхэн сорьц авах вэ, яаж хариу арга хэмжээ үзүүлэх зэрэг чиглэлээр сургалт явуулсан. Сургууль, цэцэрлэгт сэжигтэй тохиолдол илэрвэл багш, ажилчдын үүрэг, оролцоо ямар байх вэ, ямар удирдлага, зохион байгуулалт, арга зүйг хангаж ажиллах вэ гэх чиглэлээр багш ажилчдад мэдээлэл өгсөн.

-Сургууль, цэцэрлэгүүд дээр байрлаж буй тандалт, хариу арга хэмжээний баг ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаалд тухайн сургууль, цэцэрлэг гурван хүний бүрэлдэхүүнтэй тандалт, хариу арга хэмжээний багтай байна гэж заасан. Уг гурван хүний бүрэлдэхүүнд сургууль, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтнууд орох боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хариу арга хэмжээ авах мэдлэгтэй гурван хүний баг байгуулна гэсэн үг. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэн түрүүнд эмчид мэдэгдэх бөгөөд тухайн эмч хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах юм. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээний багт мэдэгдэнэ. Дүүргийн Тандалт, хариу арга хэмжээний баг шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд очно. Дүүргээс очсон Тандалт, хариу арга хэмжээний баг шинжилгээний хариуг тусгай пос машинаар “Гэрэгэ системс” рүү бүртгэж өгнө. Мөн тухайн эерэг гарсан хүний биеийн байдлыг үнэлэн, зөвлөгөө, зөвлөмж өгч, гэрт нь тусгаарлах арга хэмжээ авах болно. Ойрын хавьтал болсон сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ТЕГ болоод ЦЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд олж тогтоон, бүртгэх ажлыг хийхээр зохицуулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас боловсролын байгууллагуудын тандалтын багийн ахлагч нарт “Гэрэгэ системс” рүү нэвтрэх эрх өгнө. Ингэснээр тухайн баг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох ангийн хүүхдүүдийг тус системд бүртгэх ажлыг хийнэ. Халдварын тохиолдол батлагдсанаас хойш зургаа дахь хоног дээр нь дүүргийн эрүүл мэндийн төвөөс тухайн ойрын хавьтлын гэрт очин, шинжилгээ авах боломжтой болно. Зургаа дахь хоногоос өмнө шинж тэмдэг илрэх юм бол хугацаа харгалзахгүй шинжилгээ авах байдлаар ажиллахаар зохицуулсан.

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ямар тохиолдолд цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт байгаа вэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаал дээр гурван гол зүйлийг тусгасан. Тодруулбал,

  1. Нэг ангиас батлагдсан тохиолдол илэрвэл тухайн ангийг цахим сургалт руу шилжүүлнэ.
  2. Нэг давхарт нэгээс олон ангид халдвар илэрвэл тухайн жигүүрээр нь цахим сургалтад шилжүүлнэ.
  3. Тухайн сургуульд давхар харгалзахгүй хэд хэдэн тохиолдол бүртгэгдвэл сургуулийг бүхэлд нь цахим сургалтад шилжүүлэх юм. Үүнийг эцэг, эхчүүд, сурагчид сайн ойлгоосой.

Мөн эцэг, эхчүүдийн анхаарал халамж, үүрэг оролцоо, хариуцлага маш чухал нөлөөтэй. Хүүхдүүд биеийн байдлаа сайтар илэрхийлж чадахгүй байх магадлалтай тул аав, ээжүүд хүүхдийнхээ биеийн байдлыг сайн анзаарч, анхаарах хэрэгтэй. Танай гэр бүлийн хэн нэг гишүүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх ёстой. Түүнчлэн багш нар анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлж, хүүхдийг олноор нь нэг дор бөөгнөрөхгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй байна. Сурагчдын ариун цэврийг сайтар сахиулж, гарыг нь тогтмол угаалгах, ариутгах, мөн амны хаалтыг зөв солих зэргийг хүүхдэдээ зааж, зөвлөж өгөөрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Egazar” аппликэйшн ашиглан газрын харилцаатай холбоотой 27 үйлчилгээг цахимаар авах боломжтой

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын цахим систем” буюу гар утасны “Egazar” аппликэйшн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 43 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй. Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр 27 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байна. Үүнд:

  1. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх
  3. Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
  4. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх
  5. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх
  6. Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгэх
  7. Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх
  8. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах
  9. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ нөхөн авах
  10. Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
  11. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний Э дугаар буюу Улсын бүртгэлийн дугаар авах
  12. Газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэлгүй лавлагаа олгох
  13. Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг бүртгүүлэх
  14. Газрын зөрчлийн мэдээлэл илгээх, хүлээн авах
  15. Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргах
  16. Газрын төлбөр төлөх
  17. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх
  18. Газрын хянан баталгааны мэдэгдэл авах
  19. Газрын хянан баталгааны дүгнэлт гаргах
  20. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх
  21. Газрын төлбөрийн нэхэмжлэлийн дугаар авах
  22. Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх
  23. Газрын гэрчилгээний төлбөр төлөх
  24. Газрын байршлын кадастрын зургийн төлбөр төлөх
  25. Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаанд оролцох
  26. Өөрийн газрын дэлгэрэнгүй мэдээлэл авах
  27. Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах, санал илгээх зэрэг үйлчилгээг “e-gazar” гар утасны аппликэйшнээр дамжуулан авч шийдвэрлэн ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Зургаан хүмүүжигч ЭЕШ-д тэнцэж, их дээд сургуульд элсчээ

Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг долоон сурагч амжилттай суралцаж төгссөн тухай ШШГЕГ-аас мэдээлжээ.

Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс зургаа нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр ЭЕШ-д хамрагдаж, Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус элсэн суралцах батламжаа гардан авчээ..

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон хүмүүжигч хүүхдүүдийг цахимаар суралцуулах нөхцөл боломжоор хангаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19”-тэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ны хооронд тус тусгай дугаарт нийт 1541 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.44 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 77 иргэн хандаж, 47 иргэн автомат хариулагчаас, 30 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа.

Файзер, Синофарм вакцины нэмэлт гурав дахь тунг наймдугаар сарын 27-ноос цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, 55-аас дээш насны болон зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж буй. Есдүгээр сарын 2-ны байдлаар 49.831 хүн нэмэлт гурав дахь тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

СТА Г.Амгаланбаатар: “Хаадын хаан”-д их хааны дүрийг бүтээх хувь тохиолоо гэж биширч, сүсэглэж байна

Өнөө жил Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг тайзнаа амилуулахаар дүрийн сонгон шалгаруулалтаа хийж уран бүтээлчид бэлтгэлдээ аль хэдийнэ гараад байна. “Хаадын хаан” жүжгийн ерөнхийнайруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар (Төрийн соёрхолт, УГЗ), зохиолчоор Б.Цогнэмэх (МЗЭ-ийн шагналт), ерөнхийзураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг (СТА), хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од (УГЗ), хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа (СТА) болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон тайзны бүтээл болгохоор ажиллаж байна. “Хаадын хаан” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнэтэй болохыг үзэгч олонд мэдрүүлэхээр УДЭТ-ынхан зорьж байна. Ингээд тус жүжгийн уран бүтээлчидтэй бэлтгэлийнх нь үеэр сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.

Чингис хааны дүрд СТАГ.Амгаланбаатар: ХААДЫН ХААН-Д Их хааны дүрийг бүтээх хувь тохиолоо гэж биширч, сүсэглэж байна

Хаадын хаан жүжгийн гол дүр буюу Их эзэн Чингис хааны дүрийг та тайзнаа бүтээхээр сонгогджээ. Ялангуяа Монголын түүхийн гол бахархал болсон энэ том дүрийг та хэрхэн амилуулахаар ажиллаж байна вэ?

-Тэгэлгүй яахав. Хаадын хаан буюу Их эзэн Чингис хааныхаа дүрд тоглох том хувь тохиолоо. Дотоод сэтгэлдээ маш их баярлахын хажуугаар их хүндэтгэж, сүрдэж хүлээж авч байна. Мэдээж хүн бүхний сэтгэлд их хааны маань дүр янз бүрээр төсөөлөгддөг. Монголын сор болсон олон уран бүтээлчид өөр өөрсдийн өнцгөөр хааны дүрийг бүтээсэн байдаг.

Харин миний хувьд өмнө нь тоглож байсан ахмад алдартай жүжигчдээс ялгаруулж арай өөр өнцгөөс гаргах шаардлага гарч байна. Би яг ингэж бүтээнэ, ингэж дүрээ гаргана гэж хэлэхэд эрт байна. Ямар ч байсан бодож төлөвлөж төсөөлж байгаа зүйл бий. Тэр маань жүжиг бэлэн болоод тайзан дээр тоглогдох үед харагдах байх аа. Маш их хүндэтгэл, бишрэл, сүсэгтэйгээр л дүрээ хүлээж авч байна даа.

-Чингис хааны дүрийг ихэвчлэн дэлгэцээр бүтээснээр нь бид төсөөлдөг. Тэгэхээр дүрийг дэлгэцээр, эсвэл тайзнаас үзэгчдэд хүргэх асар ялгаатай биз?

-Ялгаатай л даа. Тайзны хувьд гэвэл өмнө нь тайзан дээр манай Ардын жүжигчин Сосорбарам ах “Атга нөж” жүжгээр их хааны дүрд тоглосныг та бүхэнд мэдэж байгаа. Энэхүү жүжиг “Нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн. Тухайн үед би Чингис хааны хайртай хоёр дахь хүү болох Цагаадай хааны дүрд тоглож байсан. Харин энэ удаа Их хааны дүрд тоглож буйдаа олзуурхаж байна. Тайз, дэлгэцэнд бүтээж байсан Чингис хааны олон дүрээс бас нэг өөр байдлаар ялгарч, өөрийн гэсэн онцлогоо харуулахыг л зорьж хичээж байна даа.

Гүр хаан Жамухын дүрд СТАМ.Түвшинхүү:

Жамухын дүрийг хүлээжавахдаа туйлын их баярласан.

-Жамухын дүрийг Чингис хааны дүртэй эн зэрэгцэхүйц дүр гэдэг. Таны хувьд Жамухын дүрийг хэрхэн гаргахаар дотроо зураглаж байна вэ?

-Жамухыг яг тодорхойлсон тодорхойлолт түүхийн тал дээр бүдэг байдаг. Тэгэхээр нэг ёсондоо дэлгэцийн биш, тайзны бүтээл учраас Жамухын характер талын тодорхойлолтыг гаргах боломж бүрдэж байна. Энэ дүрийг найруулагч бодож учиртай өгсөн байх. Түвшинхүү 1.93 см өндөртэй жүжигчин. Биеийн харьцааг харж байгаад өөр жүжигчинд өгч болно. Найруулагч яагаад надад Жамухын дүрийг өгөв. Би бодохдоо намайг энэ дүрийг арай өөрөөр бүтээгээсэй, үзэгчдэдээ харуулаасай гэж хүссэн байх. Би анх Жамухын дүрийг хүлээж авахдаа туйлын их баярласан.

-Яагаад?

-Би ерөөсөө Жамухын дүрийг авна гэж бодоогүй. Жүжигчин хүний хувьд биеийн харагдах байдал ондоо дүрүүд харагдана. Гэтэл Жамухын дүрийг надад өгөхөөр их сонирхолтой санагдаж байна. Одоо би юу бодож байна гэхээр энэ жүжгийн Жамуха гэдэг дүрээр Монголынхоо үзэгчдэд огт ондоо зүйл харуулах ёстой юм байна. Нэгдүгээрт характер, биеийн өгүүлэмж талаа барьж ажиллана. Дэлхийн түүхэн дэх хаадын хаан Чингис хааныг өндөрлөгт хүргэсэн ганц хүчин зүйл нь Жамуха гэдэг анд нь юм байна гэдгийг тод харуулъя л гэж бодож байна.

Бөртэ хатны дүрд залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ:

Бөртэ хатны дүрийг дотоод мөн чанар талаас нь түлхүү судалжбайгаа

-Юуны өмнө Бөртэ хатны дүрд сонгогдсонд баяр хүргэе. Дүрийн судалгаагаа хэрхэн хийж байгаа вэ?

-Бид уншлага, зохиолын задаргаан дээр ажиллаж байна. Жүжигчдийн харилцан уншлага хараахан эхлээгүй байгаа. Дүрийн судалгааг хийж байна. Монголчуудын зүрх сэтгэлд Чингис хаан, Жамуха, Бөртэ хатан, Өэлүн хатан өөр өөрийн дүрслэлээр оршиж ирсэн. Ялангуяа Бөртэ хатны тухай бидний сайн мэдэхээр “Бөртэ хатан Мэргэдүүдэд булаалгав” гэдэг дүрслэл бий. Тэгвэл үүнээс илүүтэйгээр Бөртэ хатан гэж дотоод талаасаа ямар хүн байсан, алив зүйлд хэрхэн ханддаг байсан, тэр хүний ертөнцийг үзэх үзэл ямар байв гэдэг талаас илүү гаргахыг хичээж судалж байгаа. Дотоод мөн чанар талаас нь түлхүү судалж байгаа гэх юм уу. Түүнчлэн Бөртэ хатны хүүхдүүддээ өсгөх ухаан, цаашлаад яагаад заавал Хонгирад аймгийн эмэгтэйчүүдээс хатан буулгадаг байсан зэрэг түүхийн судалгаа хийж байна. Судалгааны явцад Хонгирадын бүсгүйчүүд ухаантай, эрүүл, урт насалдаг, тус аймгийн эмэгтэйчүүдээс төрсөн ханхүү нар эрдэм чадалтай, хүмүүжилтэй байжээ гэсэн судалгааг хийгээд явж байна.

-Таны хувьд театрт ороод жил болж байгаа хэдий ч түүхэн гол дүр авна гэдэг өөрийгөө харуулах маш том завшаан болов уу. Сэтгэл их хөдөлж байна уу?

-Маш их баяртай байгаа. Гэхдээ үүнийг дагаад маш их хариуцлага ирж байна. Бөртэ хатны дүрийг авлаа гэж баярлахад арай эрт байна л даа. Тухайн дүр үзэгчдэд маш сайн хүрсний дараа илүү баярлах ёстой гэж бодож байна.

Энэ дүрд сонгогдсондоо биш, жүжиг тавигдаж үзэгчдэд дүрээ хүргэж чадвал тэр л миний хувьд амжилт байх болно. Одоохондоо бол энэ дүрд намайг сонгож хариуцлага хүлээлгэсэнд баяртай байна.

УДЭТ-ын уран сайхны удирдагч УГЗН.Ганхуяг: Н.Наранбаатар найруулагч тайзан дээр тавигдах жүжгээ тархиндаа эхлээд дүрсэлчихдэг хүн

-“Хаадын хаан” жүжгийн бэлтгэлийг үндсэндээ сүүлийн хоёр жил хийсэн. Зохиолыг боловсруулах хамгийн гол ажил байлаа. 2011 онд манай театрт Б.Цогнэмэх зохиолчийн “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээл тавигдсан. Жүжиг үзэгчдэд маш сайн хүрсэн. Энэ удаа Б.Цогнэмэх зохиолчийн “Хаадын хаан” жүжгийг тайзнаа тавих гэж байна. Би Цогнэмэх зохиолчийг их үнэлдэг. Орчин үед жүжгийн зохиол бичдэг хүн ховор болсон. Бичиж байгаа нь уран зохиолын хэлээр бичигддэггүй. Хар ярианы, зээлдмэл үг манай монгол хэлэнд их орж ирсэн. Тэгвэл Цогнэмэх бол цэвэр монгол хэлээрээ бичдэг зохиолч байгаа юм. Уран зохиолын нэг төрөл бол яах аргагүй жүжгийн зохиол. Тэгэхээр Цогнэмэхийн хувьд нэгт их монгол хэлээ дээдэлж, цэвэр монгол хэлээр, хоёрт уран зохиолын хэлээр бичдэг зохиолч гэдгээр нь би их үнэлдэг. Гуравт Монголын түүхээ маш их судалсан зохиолч гэдгээрээ онцлогтой. Тайзнаа тавигдаагүй ч түүхэн туульсын сэдвээр бүтээл их бий. Зохиол бичих бол нэг хүний тархиар гарсан зүйл. Үүн дээр найруулагчийн концепци чухал. Яагаад хоёр жил болсон юм гэхээр найруулагч Наранбаатар зохиол бичигдэхээс эхлээд дуустал хамт ажилласан. Олон удаагийн театрын гадаад, дотоод уран сайхны зөвлөлөөр засаж сайжруулсан бүтээл. Уг зохиолын онцлог эзэн Чингис хааны амьдарч байсан үеийг урлаг, уран зохиолын хэлээр илэрхийлнэ. Цэвэр түүх барихгүй, гэхдээ түүхээс гажихгүйгээр бүтээлийг тайзнаа тавих юм. Манай Наранбаатар найруулагч тайзан дээр тавигдах жүжгээ тархиндаа эхлээд дүрсэлчихдэг хүн. Үүнийхээ дагуу дүр сонголтоо хийдэг онцлогтой. Хамт олноороо анхны уншлагаа хийхэд сайхан жүжиг болох нь ээ гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Түүнчлэн уг бүтээлийн хөгжмийн онцлогоос дурдвал хөөмий, морин хуур зэрэг үндэсний язгуур урлагийг өргөн хүрээнд ашиглана гээд яриад байвал олон сайхан зүйлийг энэхүү уран бүтээлээр дамжуулж ард түмэндээ хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу: Бидний төлөвлөсөн ажил бодитажил болоход ковидоос шалтгаалсан саад тотгор байна. Гэвчзүгээр суухгүй

-2021 он бол Монголын соёл урлагийн салбарт, тэр дундаа УДЭТ-ын хувьд түүхэн жил болж байна. Монгол Улсад орчин цагийн театрын урлаг хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо угтаж олон ажил зохион байгуулахаар манай театрын ажлын хэсгүүд гарсан. Тав, зургаан ажлын хэсэг чиглэл чиглэлээрээ ажиллаад явж байна.

УДЭТ тэгш ойгоороо томоохон хэмжээний бүтээл тайзнаа туурвидаг онцлогтой. 2011 онд театрын 80 жилийн ойгоор “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тайзнаа тавьж байсан бол энэ жил 90 жилийн ойгоор “Хаадын хаан” түүхэн жүжгийг тавихаар бэлтгэж байна. Ганц асуудал нь ковидын халдвар л байна даа.

Бидний төлөвлөсөн ажил бодит ажил болоход ковидоос шалтгаалсан саад тотгор байна. Гэвч бид зүгээр суухгүй. Театрын түүхэн хөгжилтэй холбоотой хоёр ч дурсамж, дурдатгалын ном хэвлүүлж байна. Үндсэндээ хэвлэлтэд ороход бэлэн болоод байна. Энэ бол театрынхаа 90 жилийн түүхийг товчоолон үлдээж байгаа ажил. Нөгөө талаар мэргэжлийн урлагийн томоохон байгууллагын хувьд уламжлалын дагуу зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг тавихаар тайзны бэлтгэл ид явагдаж байна. Сайхан уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү уран бүтээлийг театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ахлаад ажиллаж байна. Засгийн газар, яамны зүгээс хамтарч ажиллаж байгаа. Нэн тэргүүнд урлагийн салбар бие даасан Соёлын яамтай болсонд маш их баяртай байгаа.

Бидний төлөвлөгөөгөөр “Хаадын хаан” жүжиг арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болно. Гэхдээ Засгийн газраас он дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгачихсан учраас тайзнаа яг хэдийд тавигдах нь урьдчилж хэлэх боломжгүй байна. Ямартаа ч бид уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зорин ажиллаж байна.

Жүжгийн дүрүүдэд:

Тэмүүжин – Чингис хаанд СТАГ.Амгаланбаатар /дублёр дүрд СТАБ.Шинэбаяр

Гүр хаан Жамухад СТАМ.Түвшинхүү

/дублёр дүрд О.Майдарравжаа

Бөртэ хатанд Залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд залуу жүжигчин Д.Хулан

Өэлүн эхэд МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд Б.Золзаяа

Хавт Хасарт – СТАД.Баттөмөр

Тоорил хаанд – МУГЖ Б.Жаргалсайхан

Бэлгүтэй – залуу жүжигчин Ц.Дашнамжил

Мөнгөлөнгоо Жамухын хатанд – Хатны бага насанд залуу жүжигчин Т.Анхзул

Хорчи бөөд – МУГЖ С.Болд-Эрдэнэ

Нэүдэйн Цагаан гоод – АЖ П.Цэрэндагва

Боорчид жүжигчин Ц.Жаргалсайхан

Мухулайд – залуу жүжигчин Ц.Рагчаа

Хулан хатанд – залуу жүжигчин О.Хонгорзул

Сэнгэмд – СТАГ.Алтангэрэл

Мэнлиг эцэгт – СТАЖ.Пүрэвдорж

Хоогчин эхэд – СТАЦ.Баясгалан/ дублёр дүрд жүжигчин П.Мягмарсүрэн

Чилэгэр бөхөд – залуу жүжигчин О.Самданпүрэв

Жафар худалдаачинд жүжигчин Г.Ганбат

Алтанд – жүжигчин Т.Сэргэлэн

Хучирт – СТАБ.Золжаргал

Сочигэл эх – Д.Асардарь

Жахаа амбууд жүжигчин О.Итгэл

Аргасун Хуурч -О.Майдарравжаа

Сача бэхид жүжигчин Ц.Төгсбилэгт

Зэвд залуу жүжигчин – Ц.Анхбаяр

Сорхон шард – МУГЖ С.Болд-Эрдэнэ

Хадаанд – СТАМ.Тогтохжаргал

Даридай Отчигинд – СТАО.Гэрэлсүх

Хөхөхчү бөөд – СТАО.Гэрэлсүх

Зэлмэд – О.Майдарравжаа

Сүбээдэйд – СТАБ.Шинэбаяр

Таргудайд – залуу жүжигчин Б.Ганзориг

Хулангийн аав Дарүсүньд – АЖ Г.Равдан

Савдагт – СТАН.Баярмаа

Есүгэнд – залуу жүжигчин Г.Идэрмаа

Есүйд -СТАГ.Номуун

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 8184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр буюу есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод явуулын 4, суурин 58 цэгт 82 багийн 426 эмч, ажилтан ажиллаж, 8184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Мөнхсайхан: Цэц Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхтэй холбоотой гаргасан дүгнэлтээ өөрчилнө гэж найдъя

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцээс ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Шүүхийн тухай хуульд эдгээр шүүгч бус гишүүдийг томилох процессыг хэрхэн заасан бэ?

-Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд 3 дугаар дүгнэлтээрээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж, томилох зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд тэдгээрийг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан. Юуны өмнө Ерөнхий зөвлөл болон Сахилгын хороог товч танилцуулъя. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. Үндсэн хуулийн 49.3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана,” 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж заасан. Харин “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах” бөгөөд түүний бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан.

2021 нэгдүгээр сарын 15-нд УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулиар эдгээр хоёр байгууллагыг Үндсэн хуулийн дагуу хэрхэн бүрдүүлэхийг тодорхой зохицуулж өгсөн. Ерөнхий зөвлөлийн тухайд шүүгч таван гишүүнийг нь шүүгчид өөрсдөө сонгох, харин шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилохоор зохицуулсан. Сахилгын хороо нь зөвхөн нэг удаа зургаан жилээр ажиллах есөн гишүүнтэй. Тэдний дөрвийг нь шүүгч нар өөрсдөө сонгох бол шүүгч бус таван гишүүнийг ч мөн адил нээлттэй нэр дэвшүүлж сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг УИХ 2020 оны 2 дугаар тогтоолоороо баталсан. Үүний 3.1.1-д Ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, томилох чиглэлийг баримтална гэсэн байдаг.

Мөн энэ хуваарийн 3.2.3-т зааснаар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг холбогдох институциэс тэнцвэртэй бүрдүүлэх зарчмыг хуульчлах чиглэлийг баримтална. Энэ хоёр шаардлага нь хуульд заавал тусгах агуулга гэж Цэц үзсэн. Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ дангаараа томилохоор Шүүхийн тухай хуульд заасан нь бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, томилох чиглэлийг баримтлаагүй, ингэснээр “шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажуулсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн” байх тул Үндсэн хуулийн 49.3, 49.5, 49.6-г зөрчсөн гэж Цэц дүгнэсэн.

-Гэхдээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ дангаараа томилж байна гэж үзэх боломжгүй биз дээ?

-Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн 49.5, 49.6-д заасан тул эдгээрийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хуулиар тогтооно гэсэн учраас зармын ерөнхий шаардлагуудыг хангах үндэслэл бүхий бодлогын хувилбарууд байж болох ч яг аль нэгийг сонгох вэ гэдэг бол УИХ-ийн шийдэх асуудал. Ийм бодлогын асуудал дээр гол шийдвэрийг гаргах бүрэн эрх УИХ-д бий гэж Цэц өмнөх олон удаагийн шийдвэрээрээ хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгч бус гишүүдийг бүрдүүлэх процесс нь өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьт заасан бүх шаардлагыг бүрэн хангасан. Нэгдүгээрт, Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд бусад институцийн тэнцвэртэй оролцоог хуулиар маш сайн хангасан. Институци гэдэг бол нийгмийн тодорхой зорилгыг хангах үүднээс үйл ажиллагаа явуулдаг бүтэц, байгууллага.Жишээлбэл, төрийн байгууллага, түүний тодорхой бүтцүүд, мөн мэргэжлийн эсхүл сургалт, судалгааны байгууллага бол институц юм.Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг хараат бусаар сонгон шалгаруулах Ажлын хэсгийг бүрдүүлэхэд шүүхээс бусад институцийн оролцоог тэнцвэртэй хангаж өгсөн.Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг ХЗБХ 2021 оны гуравдугаар сарын 10-нд баталсан. Энэхүү хууль, журмаар УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, төрийн бус өмчийн хууль зүйн сургууль гэсэн 10 институциэс санал болгосны дагуу Ажлын хэсгийн гишүүдийг Хууль зүйн байнгын хороо томилох бөгөөд УИХ-ын даргын томилсон УИХ-ын нэг гишүүн ахална. Ийм 11 институциэс Ажлын хэсгийг тэнцвэртэй бүрдүүлснээр Ажлын хэсэгт тэдгээрийн аль нэг нь давамгайлах боломжгүй. Ажлын хэсгийн 11 гишүүний тав нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог институцийн тэнцвэртэй төлөөлөл, харин үлдсэн зургаа буюу олонх нь хуулийн мэргэжлийн холбоод, хүний эрхийн үндэсний байгууллага, хууль зүйн сургалт, судалгааны байгууллагуудаас санал болгосон учраас мэргэжлийн төлөөлөл нь Ажлын хэсэгт голлох юм. Иймээс, Ажлын хэсгийн бүрэлдэхүүний ийм тэнцвэртэй, мэргэжлийн байдал нь сонгон шалгаруулалтыг хараат бусаар, мэргэжлийн өндөр түвшинд явуулах нэгэн баталгаа юм.Тэгэхээр сонгон шалгаруулалтыг УИХ эсхүл Хууль зүйн байнгын хороо өөрөө хийхгүй, харин Ажлын хэсэг хийнэ.Хууль зүйн байнгын хорооны ажлын алба Ажлын хэсгийн ажиллах нөхцөлийг хангаж техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ. Үндсэн хуульд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 3.1.1-д заасан хоёрдугаар шаардлага бол шүүгч бус гишүүнд нээлттэйгээр нэр дэвшүүлэх шаардлага. Энэ бол одоогийн Шүүхийн тухай хууль, журмаар маш сайн хангагдсан.Энд зааснаар Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зарыг Хууль зүйн байнгын хороо нийтэлнэ. Зар нийтэлснээс хойш 21 хоногийн дотор шаардлага хангасан аль ч иргэн Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүргүүлж болохоор хуульчилсан. Ингээд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн бичиг баримтын бүрдүүлбэрийг Ажлын хэсэг хянаад бүртгэж авна. Бүртгэгдсэн нэр дэвшигч бүрийн хүсэлт, дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хоёр өдрийн дотор УИХ-ын вэб сайтад байршуулна. Ийнхүү вебсайтад байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дотор хэн ч тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг ажлын хэсэгт хүргүүлэх бүрэн боломжтой. Шаардлага хангасан хэн ч нэр дэвших боломжтойн дээр нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, иргэд, судлаачид асуулт, саналаа өгч болох учраас нээлттэй нэр дэвшүүлэх гэдэг шаардлага бүрэн хангагдсан.

-2020 онд ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй нэр дэвшүүлэх зарчмаар томилж байсан. Түүнтэй адил зарчмаар сонгон шалгаруулж томилох уу?

-Ер нь ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалттай адил зарчмаар явагдахаар хуульчилсан. Гэхдээ ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтын давуу, сул тал болон шүүмжийг тусгаад хамаагүй илүү сайжруулан зохицуулсан л даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 3.1.1-д заасан гурав дахь шаардлага бол шүүгч бус гишүүнийг заавал сонгон шалгаруулах ёстой. Сонгон шалгаруулна гэдэг нь нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс аль нэгийг нь Ажлын хэсэг ямар ч судалгаа хийхгүйгээр зүгээр л олонхоороо сонгоно гэсэн үг биш. Ажлын хэсэг санал хураахаасаа өмнө тухайн нэр дэвшигч хувь хүнийхээ болон мэргэжилтнийхээ хувьд хэн бэ, хууль зүйн өндөр мэргэшилтэй юу (өндөр мэдлэг, чадвар, ёс зүйтэй юу), мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг бусад шаардлагыг хангасан уу гэдгийг маш сайн судалж шалгарсан хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн үг. Ерөнхий зөвлөлийн гишүүн нь хуульчаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах чиг үүргийг сайн гүйцэтгэх өндөр мэргэшилтэй, харин Сахилгын хорооны гишүүн нь шүүгчийн сахилгын хэргийг хараат бус, төвийг сахиж шударгаар хянан шийдвэрлэх түвшний хууль зүйн өндөр мэргэшилтэй байх шаардлагатай. Шүүхийн тухай хууль, журамд сонгон шалгаруулалтыг маш нарийн, хянамгай явуулахаар зохицуулсан.Тодруулбал, бүртгэгдсэн нэр дэвшигчдийг Ажлын хэсгийн гишүүдэд тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж судлуулна.Тухайн нэр дэвшигчийг хуваарилж авсан ажлын хэсгийн гишүүнийг илтгэгч гишүүн гэнэ.Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигч мэргэжлийн ажлаа хийж байхдаа хууль зүйн мэдлэг, чадвар, ёс зүйгээрээ хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийг судалж гаргаж ирнэ. Үүний тулд өөрт хуваарилагдсан нэр дэвшигчтэй холбоотой хэвлэлийн мэдээнээс авахуулаад бичиг баримт, олон нийтээс ирсэн асуулт, саналыг бүгдийг нь судална. Мөн, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулна.Энэ хүрээнд нэр дэвшигчтэй хамт ажиллаж байсан эсхүл ажиллаж байгаа, таньдаг мэддэг 10-аас доошгүй хүнтэй ярилцлага хийх юм. Тэгээд ирэхээр тухайн нэр дэвшигч хэн бэ, хууль зүйн өндөр мэргэшилтэй юу гэдэг нь харагдана.Сөрөг мэдээлэл байх юм бол түүний эх сурвалжийг хэлэхгүйгээр нэр дэвшигчид мэдэгдэж, няцаалт, тайлбар авах замаар үнэлгээний шударга байдлыг хангана. Илтгэгч гишүүн өөрт хуваарилагдсан нэр дэвшигчээ 14-өөс доошгүй хоногт судалсны дараа ажлын хэсгийн ярилцлага хийнэ. Ярилцлагын үеэр Ажлын хэсгийн бүх гишүүд нэр дэвшигч болгоноос асуулт асууна.Энэ ярилцлагын дараа илтгэгч гишүүн нь шаардлагатай нэмэлт судалгааг хийж, нэр дэвшигч тус бүр дээр дэлгэрэнгүй тайлан бичиж Ажлын хэсгийн бусад гишүүддээ хүргүүлнэ.Үүний дараа Ажлын хэсгийн хуралдаан хийнэ.Энэ хуралдаанаар илтгэгч гишүүд өөр өөрсдийн хуваарилж авсан нэр дэвшигчийн дэлгэрэнгүй тайланг танилцуулж, бусдынхаа асуултад хариулж, аль нэр дэвшигч нь шаардлагыг хамгийн сайн хангах вэ гэдгийг маш сайн зөвлөлдөж санал солилцоно.Үүний үндсэн дээр нууцаар санал хураах бөгөөд энэ нь Ажлын хэсгийн гишүүн бүр өөрийн үндэслэлтэй итгэлээр саналаа хараат бусаар өгөх баталгаа юм. Нууц санал хураалтаар ажлын хэсгийн гишүүдийн олонхын буюу 11 гишүүний 6-гаас доошгүй саналыг авсан хүн л энэ шалгаруулалтаас гарч ирнэ. Үнэхээр энэ өндөр шаардлагыг хангах хүн байхгүй бол зарлагдсан орон тооноос цөөн хүнийг санал болгож болно.Энэ тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлаж явуулна.

-Ийм нарийн шалгаруулалтын дараа байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх үү?

-Тэгнэ. Ажлын хэсгийн шалгаруулалт үр дүнтэй, хууль, журмын дагуу зохистой явагдсан уу гэдгийг хянадаг хоёр том механизм хуульчлагдсан.Ажлын хэсгийн олонхын санал авсан нэр дэвшигч бүр дээр өндөр шаардлагыг хэрхэн хангасан, энэ ажлыг хийхэд хамгийн сайн тохирно гэж яагаад үзсэн бэ, сонгон шалгаруулалтын үе шат бүр хууль, журмын дагуу явагдсан уу зэрэгт баримт, үндэслэлтэйгээр хариулсан тайланг бичгээр гаргана.Эдгээр нэр дэвшигч бүрийн талаарх Ажлын хэсгийн тайланг УИХ-руу хүргүүлнэ. Уг тайланг ажлын гурав хоногийн дотор УИХ-ын вебсайтад байршуулж, үүнээс хойш дахиад 14-өөс доошгүй хоногийн дотор нэр дэвшигчидтэй холбоотой асуулт, саналыг иргэдээс дахиад авна. Асуулт, санал авах 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийнэ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр, Хууль зүйн байнгын хороо дахь олонх, цөөнхийн гишүүд асуулт асуух, саналаа хэлэх замаар Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигчид үнэхээр шаардлага хангаж байна уу, сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу явагдсан уу гэдгийг ил тодоор олон нийтийн өмнө нягтлах, иргэдээс ирсэн асуулт, саналд хариулт авах боломжийг бий болгох юм. Дээрээс нь, томилгооны сонсголын үеэр иргэний нийгмийн болон мэргэжлийн төлөөллүүд, хэвлэл мэдээллийнхнийг заавал оролцуулж, тэдгээрийг үг хэлэх, нэр дэвшигчээс асуулт асуух боломж олгох, ингэхдээ тухайн нэр дэвшигчийг дэмжих болон эс дэмжих байр суурийг тэнцвэртэй сонсох зарчмыг баримтлахаар хуульчилсан.Томилгооны сонсгол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулагдаж, ил тод явах ёстой.Ингээд Хууль зүйн байнгын хорооноос олонхын санал авсан нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна.Чуулганы хуралдаанд УИХ-ын нийт гишүүнээс асуулт асууж, саналаа хэлэх боломжтой.Ажлын хэсгийн сонгон шалгаруулалт болон томилгооны сонсголоор шүүгдэж шалгарч гарч ирсэн хүнийг томилох эсэхийг дахиад сайн хэлэлцэж шийднэ гэсэн үг.Том зургаар нь харах юм бол хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг УИХ шийдэхгүй байна.

-Шүүхийн тухай хуулийн өнөөгийн зохицуулалт төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж байгаа юу?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож үүний дагуу Шүүхийн тухай хууль шинээр батлагдсан нь иргэдийн хамгийн их хүсэмжилж, мэргэжлийн шүүлтүүрээр гарч ирсэн шинэчлэлүүдийн нэг. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай. Энэ нь Шүүхийн тухай хуулиар хангагдаж буй. Учир нь, ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. Мөн, ШЕЗ-ийг бүрдүүлэх, түүний шилж олсон хуульчийг шүүгчээр томилох процессыг бүхэлд нь харвал аль нэг субьектээс зүй бусаар давамгайлан оролцох эрсдэлийг бууруулж, гол институцүүдийг тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ хараат бусаар хариуцлагатай ажиллах суурь тавигдаж буй. ШЕЗ-ийн талыг буюу 5-ыг нь шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьектүүдийн ч, мэргэжлийн болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөлөл, оролцоог ч тэнцвэртэй хангана. Энэ хөндлөнгийн ажлын хэсгийн сонгон шалгаруулж санал болгосон хүнийг нээлттэй сонсголд оруулж ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нарийн процесс нь өөрөө УИХ-ын үзэмж, дур зоргыг хязгаарлахад зориулагдсан. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоо ч хэвээрээ бий. ШЕЗ-ийн санал болгосон хуульчийг Ерөнхийлөгч шүүгчээр томилох зохицуулалт хэвээрээ төдийгүй ШЕЗ-ийн талыг шүүгчдээс сонгож бүрдүүлэх, бусад талыг буюу шүүгч бус гишүүдийг нь маш олон талын оролцоотой, ил тод, нарийн процессоор бүрдүүлж буй тул төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг зөрчөөгүй, харин ч сайн хангаж буй юм. Шүүхийн тухай 2021 оны хуулиар Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд дөрөв нь нийт шүүгчээс сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар туссан. ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор Сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчийн чуулганаар сонгох бөгөөд үүнд нь УИХ, эсхүл бусад этгээд оролцохгүй. Хорооны шүүгч бус гишүүнийг 11 өөр институцийн төлөөлөлтэй Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар нууц санал хураалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийж УИХ томилно. Энэхүү сонгон шалгаруулалт, томилгоо нь зарчмын хувьд Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийхтэй адилхан зохицуулагдсан учраас УИХ Сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш билээ. Ийм байдлаар бүрдсэн Шүүхийн сахилгын хороо нь сахилгын хэргийн агуулгыг эхний байдлаар хоёр шүүгч бус, нэг шүүгч гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ, уг шийдвэрт гомдол гаргавал 2 шүүгч, 1 шүүгч бус гишүүний бүрэлдэхүүнээр хянан үзэж шийднэ, энэ явцад буруутгагдаж буй шүүгчийн шударгаар шүүлгэх процессын эрхийг ноцтой зөрчсөн гэвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Сахилгын хороо нь шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын балансыг олсон байхаар бүрдэж, ажиллах учраас төрийн эрх мэдлийн хуваарилах зарчмыг алдагдуулахгүй, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг зөрчихгүй юм.

-Дээр дурдсан шат дарааллын дагуу сонгон шалгаруулах ажил ямар шатандаа явж байсан бэ?

-Шүүхийн тухай хууль 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдаад, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүйн байнгын хороо сонгон шалгаруулах зарыг гуравдугаар сарын 10 нд нийтэлсэн. Зарын дагуу гуравдугаар сарын 31-н хүртэл хугацаанд Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн тус тус нэрээ дэвшүүлсэн. Энэ хүмүүсийн хүсэлт, дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын вебсайтад байршуулаад, иргэд, хуульчид, судлаачдаас асуулт, санал авах процесс эхэлсэн байв.Энд маш олон хүн асуулт, саналаа ирүүлж байна гэж мэдэгдсэн.Хууль зүйн байнгын хорооноос гадна хуульчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудалд маш идэвхтэй оролцож, хэлэлцэж эхлээд байв. Сонгон шалгаруулалтыг хараат бусаар, бодитой, шударга явуулах итгэл төрүүлэхүйц байдлаар ажлын хэсгийг бүрдүүлж ажиллуулж эхлүүлээд байсан. Гэвч, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан учраас энэ бүх ажиллагаа түдгэлзэж, одоог хүртэл нэг тал руу шийдвэрлэгдэхгүйгээр дөрвөн сар гаран болж байна.

-Өнгөрөгч тавдугаар сард Цэцийн 3 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй. Одоо процесс хэрхэн цааш үргэлжлэх вэ?

-Үндсэн хуулийн Цэц эхлээд тухайн хууль, бусад шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргана. Дүгнэлт нь шууд эцсийн шийдвэр болохгүй.Тэр дүгнэлтээ УИХ-руу илгээнэ.УИХ хүлээгээд авчих юм бол эцсийнх болно.Харин УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэрээ гаргана.Цэц гаргасан дүгнэлтээ эргэж харж алдаа мадагтай дүгнэлт гаргасан байна гэж үзэх юм бол өөрчлөх бүрэн боломжтой. Өнгөрсөн 29 жилийн түүхэнд гурван ч удаа Цэц өөрийнхөө дүгнэлтэд хуулийн тодорхой заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ-аас уг дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс дахин хянаж үзэж Үндсэн хууль зөрчөөгүй гэж эцэслэн шийдсэн.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хууль нь сүүлийн 10 жилийн олон удаагийн судалгаа, хэлэлцүүлэг, зөвшилцөл гээд амаргүй үе шатыг давж батлагдсан. Эдгээр хуулийн гол амин сүнс нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой.Эдгээр байгууллагыг хэрхэн бүрдүүлэх нь шүүх хараат бус, шударга ажиллахад нөлөөлдөг.Үүнийг болон дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаад Цэц уг маргааныг дахин нухацтай хянан үзэж зөв шийдээсэй гэж хүсэж байгаа. 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр УИХ Цэцийн 3 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 41 дүгээр тогтоолыг баталж, үүнийхээ үндэслэлийг Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, олон улсын сайн туршлага, судалгаанд тулгуурлан нийт 14 хуудас бичиж багтаажээ. Өнгөрсөн 29 жилийн түүхэнд УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ ийм дэлгэрэнгүй сайн бичиж байгаагүй тул УИХ шүүхийн шинэчлэлийг зогсоохгүй хэрэгжүүлэхэд ямар их анхаарч буй нь харагдана. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул Цэц их суудлаараа энэ маргааныг эцэслэн шийднэ. Их суудлын хуралдаанд Цэцийн бүх гишүүн оролцож 2/3-оор шийдвэрээ гаргадаг. Шүүхийн тухай хууль дахь Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж томилох заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэцийн есөн гишүүний дөрөв нь үзэхэд уг заалтууд хэвээр үлдэх юм.Цэцийн их суудлын шийдвэр эцсийн учраас Цэцийн гишүүд нухацтай хандах болов уу.

-Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээ Цэцийн их суудал хэвээр нь үлдээвэл хуульд өөрчлөлт оруулахаас өөр замгүй. Тэгвэл УИХ-аас өөр ямар субьект томилж болох вэ?

-Тийм нөхцөлд Ерөнхийлөгч дангаар шийдвэрлэх байдлаар энэ асуудалд оролцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 33.4-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг нэмж хуулиар олгохыг хориглосон. Тэгэхээр Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг санал болгох, томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид олгохгүй гэсэн үг.УИХ дахь олонхоос байгуулж түүний итгэлийг дааж хамтран ажилладаг утгаараа Засгийн газар ч шууд санал болгох, томилох нь асуудалтай.Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг санал болгох, томилох асуудал дээр Ерөнхийлөгч, Засгийн газрын аль аль нь парламентаар хэлэлцдэг шиг ил тод, олон талын оролцоог хангах, хараат бусаар сонгох шалгаруулах боломж тун хязгаарлагдмал. Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад энэ эрх мэдлийг өгөх нь оновчгүй гэдэг зөвлөмж олон улсад бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөх бар өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 3, Сугар гариг. Билгийн тооллын 27, Өглөгт охин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 06:13 цагт мандан, 19:30 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.