Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд суманд тогтоосон цагийн хязгаарлалт дуусаж, орох гарах хөдөлгөөнийг нээжээ

Замын-Үүд суманд есдүгээр сарын 18-ны өдрөөс 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байв. Цар тахалтай холбогдуулан арав хоногийн хугацаанд тогтоосон энэхүү сум доторх хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр цуцалжээ.

Улмаар сумын орох гарах хөдөлгөөнийг нээсэн бөгөөд байнгын оршин суух хаягтаа Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг ПГУ шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх аж.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд тус сум дахь цагдаагийн газраас эргүүлийн 511 байршилд 985 алба хаагч ажиллаж 799 хүн, 705 тээврийн хэрэгслийг шалгаж 25 зөрчлийг илрүүлж ажилласан байна. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил давамгайлжээ.

Categories
мэдээ улс-төр

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар “Хууль зүйн байнгын хорооны энэ оны есдүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

УИХ энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.11-т “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, УИХ-ын цахим хуудаст байршуулна” гэж заасан.

Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургаадугаар тогтоолоороо “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус мөн тооны гишүүнийг Улсын Их Хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахаар заасан. Энэ дагуу Байнгын хороо 2021 оны 5 дугаар тогтоолоороо сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материалыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд хүлээн авсан.

Энэ хугацаанд нийт 59 хүсэлт, холбогдох материал ирүүлсэн бөгөөд нэг оролцогч нэрээ татсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дуулгав. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь хуульд заасны дагуу 11 гишүүнтэй байна. Харин Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбоотойгоор дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм.

Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон гэдгийг С.Бямбацогт дарга танилцууллаа. Дээрх хугацаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан.

Иймд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 2021 оны есдүгээр тогтоолын 1 дэх заалтын “Б.Саруул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга” гэснийг “А.Бямбажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх” гэж, “А.Бямбажаргал Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга” гэснийг “О.Мөнхсайхан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор” гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруусан байна.

Гишүүд “Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. Дараа нь “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцууллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Үүний дагуу УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлуулахаар цагалварын төсөлд тусгасан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хөндөж, зарим мэдээлэл солилцов. Хууль зүйн байнгын хорооноос Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажиллахаар төлөвлөөд байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм.

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж дээрх тогтоолыг батлав.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав

Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тэрбээр хуралдааны явцын талаар, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, тодорхой санал танилцуулсан.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаан нь УИХ-ын холбогдох тогтоолыг биш, харин Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж, тайлбар хийв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоол болон бусад баримт бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгасан.

Байнгын хорооны зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулах саналыг гишүүд гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар санал хурааж, шийдвэрлэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэдэг гишүүдийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газарт хугацаатай үүрэг өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан цаазат газрын байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлалаа

Монгол улсад 121 тусгай хамгаалалттай газар нутаг бий. ТХГН-ийн тухай хуулинд зааснаар тавин мянган га талбайд нэг байгаль хамгаалагч оногддог бөгөөд тэд хээрийн түймэр, хулгайн ан, хүйтэн зэвсэг, хүний хүслээс байгаль орчин, ан амьтан, ургамал бүхнийг цогцоор нь хамгаалан сахиж байдаг.

Дээрх хүмүүсийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол чанартай сайн унаа юм. Байгаль хамгаалагчдын нэн тэргүүний хэрэгцээг сайн дурын үндсэн дээр хангадаг Rally for Rangers хөтөлбөр долоо дахь жилдээ хэрэгжиж, өнгөрөгч долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус аян нь эх орныхоо уул ус, амьд бодгаль бүхний төлөө амь биеэ үл хайхран зүтгэдэг байгаль хамгаалагчдыг найдвартай, чанартай тээврийн хэрэгслээр хангаж, ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд туслах зорилготой.

Монгол экологийн төвийн санаачилгаар хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөрийн хүрээнд есдүгээр сарын 11-23-нд Монгол Улсын зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газрууд болох Нөмрөг, Дарьганга мөн Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хандивлажээ.

Тус төв тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, өсвөр үе залуучуудад байгаль орчин тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оны арваннэгдүгээр сард Бутан улсын байгаль хамгаалагчдад 15 мотоцикл хүргэж өгөхөөр төлөвлөсөн байна.

Монгол Экологий төв ТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал “Бид өнөөдрийн нөөц бололцоогоороо нэг дор олон эсвэл бүх тусгай хамгаалалттай газруудад хүрч ажиллах боломжгүй. Гэхдээ бидний жишээг хараад бусад байгууллагууд өөрийн хийж чадах хэрээр хамтарч мөн тусалдаг бол ямар ч асуудлыг шийдэж болно гэж хардаг. Бид заавал том, далайцтай байхаас илүү чанартай бөгөөд эзэндээ хүрсэн, тодорхой үр дүнд хүрэх ажлуудыг зохион байгуулахыг эрхэмлэдэг” хэмээжээ.

Өнөөг хүртэл тус аяны хүрээнд Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Завхан аймагт байрлах Монгол Улсын зургаан тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад 80 гаруй мотоцикл хандивлажээ. Улмаар олон улсын сонорт хүрснээр Аргентин, Непал улсын тусгай хамгаалалттай газруудад 30 мотоцикл бэлэглэсэн байна. Орос, Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Сингапур, Герман, Дани, Ливан гэх мэт олон улсын сайхан сэтгэлт мотоциклын хорхойтнуудын ачаар дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагч гэх чимээгүй баатрууд маань унах унаатай залгаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цаг уурын дэд станц суурилуулав

Шинжлэх ухааны академи-Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын судалгааны баг Баянхонгор аймагт ажиллалаа.

Монгол орны хэмжээнд 200 орчим цэгт цэвдгийн хяналт хийж байгаагаас Баянхонгор аймгийн хэмжээнд нийт найман цооногт хэмжилт судалгааг хийж байна.

Ажлын баг Баян-Овоо, Галуут, сумын цэвдгийн мониторингийн цэгүүдийн мэдээллийг авах, Галуут сумын Үнэгт гуравдугаар багийн төвийн ойролцоо цаг уурын дэд станцыг суурилуулжээ. Уг станц нь салхины хурд, салхины чиглэл, ул хөрсний температур, хур тунадас, харьцангуй чийгшил, агаарын даралт, нарны цацрагийн мэдээлэл мөн бэлчээрийн талхдал, цэвдгийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хянаж, хэмжигдэхүүнийг 15 минут тутамд хэмжих бөгөөд үүсвэрээс улиралд нэг удаа мэдээллийг авдаг байна.

Цэвдгийн өөрчлөлтийн гол үзүүлэлт нь түүний температур ба зузаан болдог бөгөөд Монгол орны хэмжээнд цэвдгийн температур 10 жил тутамд 0.04-0.29С-ээр дулаарсан байх ба нам дор газрууд болон өмнөд захаар нимгэн цэвдэг үгүй болох, зарим газарт зундаа гэссэн хэмжээндээ хүрч, өвөлдөө хөлдөхгүй болох зэрэг үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ нь нэг талаас уур амьсгалын нөлөө, дулааралт нөгөө талаас хүний хүчин зүйлээс шалтгаалдаг байна.

Categories
мэдээ нийгэм

​Өнгөрсөн 14 хоногт 3226 хүн ЭМД-аа ашиглан урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагджээ

Өнгөрсөн 14 хоногт урьдчилан сэргийлэх үзлэгт 3226 хүн давхардсан тоогоор 3652 удаа ЭМД-аа ашиглан 100 хувь үнэ төлбөргүй хамрагджээ.

Иргэн та урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж амжаагүй бол ЭМД-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандан өөрт тохирох насны багцад, товлолт хугацааны дагуу хамрагдах боломжтой.

Даатгуулагч та Эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, аливаа өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг ЭМДЕГ-аас уриалав.

Categories
гадаад мэдээ

Хятадад “Хүчирхийлэл, садар самуун, бүдүүлэг зан авир” харуулсан хүүхэлдэйн кино гаргахыг хориглолоо

Хятадын Засгийн газраас анимейшн, хүүхэлдэйн кино бүтээгч болон телевизүүдэд зориулж шинэ хориг арга хэмжээ авлаа.

Ингэхдээ “Хүчирхийлэл, садар самуун, бүдүүлэг зан авир харуулсан, эдгээрийг дурдсан хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг”-ийг хориглож байгаа аж.

Телевизүүд эдгээрийн оронд “үнэн зөв байдал, сайн сайхан, гоо зүй”-г харуулсан контент гаргах ёстой гэв.

Эрх баригчдын хэлснээр хүүхэлдэйн киноны гол үзэгчид нь хүүхэд болон өсвөр насныхан бөгөөд тэдний эрүүл өсөх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн тусгай сувагтай байх ёстой гэжээ.

Энэхүү хориг телевизээс гадна вебсайтуудад хамаатай.

Хориг арга хэмжээ авах болсныг зарласны дараа Японы алдарт “Ultraman Tiga” цувралыг телевизээр гаргахыг зогсоосон байна.

Түүнчлэн Хятадын Жиансу муж хүүхдийн хөгжилд нөлөөлж болохуйц бүтээлүүдийн жагсаалтад Peppa Pig, My Little Pony зэрэг цувралуудыг багтаажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүнсний ногооны 50 орчим, улаанбуудайн 15 хувийг хураагаад байна

Улсын хэмжээнд одоогоор хүнсний ногооны 50 орчим, улаанбуудайн 15 хувийг хураагаад байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Энэ хэмжээг ноднин жилийн мөн үеийнхтэй харьцуулбал ижил түвшинд байна. Энэ онд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-г тариалсан юм.

Ургац хураалтын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодруулсныг тус яамны цахим хуудаснаа мэдээлжээ.

-“Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

Одоогоор 10 мянга гаруй оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн ургац хураалтад оролцож байна.

-Урд шөнө зарим нутгаар нойтон цас орлоо. Цаг агаарын таагүй байдлаас болж тариа налсан уу?

Урд шөнийн нойтон цас, хүйтрэлийн тухайд Сэлэнгэ аймгийн баруун урд, Төв аймгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас ороод, хайлж байна. Маргааш, нөгөөдрөөс ургац хураалт жигдэрнэ. Одоогоор тариалангийн бүс нутгуудаас тариа налсан гэх мэдээ ирээгүй.

-Болц хэр оройтохоор байна. Тариаланчид ангилан хадалт хийж байна гэх юм?
Энэ жилийн тухайд ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа. Үүнтэй холбоотой тариаланчид ангилан хадалтаар ургацаа хурааж эхэлсэн байна. Тэгэхээр ангилан болон шууд хураалт 15 хувьтай байна.

-Ургац хураалт 10 гаруй хоногоор оройтох нь буудайн чанарт нөлөөлөх үү?

Бүс нутгаасаа хамаараад өөр өөр бий. Баруун бүсүүдэд ургацын чанар сайн, Дарханы хойд хэсгээр улаанбуудай жаахан чийгтэй байна. Тэгэхээр баруун тийшээ тариаланчид шууд хураагаад гурилын үйлдвэрүүддээ буудайгаа тушааж байгаа бол зүүн талын тариаланчид ангилан хадаж байна. Бид нийт 589 мянган тн улаанбуудай хурааж авна. Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдэлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урдчилсан бланс гаргасан. Ер нь 10 дугаар сарын 20 гэхэд ургацаа бүрэн хураадаг. Энэ жил ургац хураалт 10 гаруй хоногоор хойшилж байгаа учир 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусах болов уу.

-Хөдөө аж ахуй, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн нь ургац хураалтад тустай ажил болсон болов уу. Одоогоор хэчнээн машин, техник гаалиар орж ирсэн бэ?

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр одоогоор 50 орчим комбайн оруулж ирсэн. Тоног, төхөөрөмж, техникийн хүчин чадал цаашид ч нэмэгдэнэ. Ингэснээр ургац хураалтад тодорхой ахиц гарна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Торгуулиа төлж буй жолооч нар урт дараалал үүсгэжээ

УИХ-аас баталсан Өршөөлийн тухай хуулийн дагуу жолооч нар 2017 оны долдугаар сарын 1-ээс 2021 оны зургадугаар сарын 24-ний хооронд гаргасан Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор төлсөн бол үлдсэн 50 хувийн торгуулийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Уг хуулийн дагуу улсын хэмжээнд 2 сая 804.816 зөрчлийн 50 хувь буюу нийт 33.3 тэрбум орчим төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлэхээр болсон байна. Харин өнөөдрийн байдлаар нөхөн төлөгдөх ёстой нийт торгуулийн ердөө 22.4 хувь нь төлөгджээ.

Торгуулийн 50 хувиа төлөөд, үлдсэн хэсгийг нь хөнгөлүүлэхэд ердөө гурав хоног үлдээд буй юм. Улмаар сүүлийн өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээний ачаалал нэмэгдэж, автомашины торгуулиа төлөх иргэдийн тоо эрс өссөн байна. Ийнхүү торгууль төлөх хүчинтэй хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн ачаалал үүсчээ. Хэдий торгуулиа төлөөд, хөнгөлөлт эдлэх хугацаа хангалттай байсан ч сүх далайтал үхэр амгалан гэдэг нь болж буй бололтой.

Жолооч нар торгуулийн 50 хувиа төлөхөөр нэг цэгийн үйлчилгээнд дугаарлаж, ачаалал үүсгэж эхэлсэн талаар иргэд мэдээллээ. Уг нь аппликэйшны тусламжтай торгуулиа барагдуулах боломжтой ч хэт их ачааллын улмаас өнгөрсөн даваа гаригаас эхлэн ажиллахгүй болсон байна.

Мөн банкны үйлчилгээ, торгуулийн систем ч ачааллаа дийлэхээ больжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана ” гэв

Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа.

-Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн. Журмын онцлог юу вэ?

-Сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд орж байгаа. Урьд нь эмнэлгүүдийн орыг боломжийн хэмжээнд зохицуулсаар ирсэн ч хэвтэн эмчлүүлэгсдэд хүлээлт үүсээд байсан. Тиймээс түр журам гаргаж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгсдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг эмнэлэг рүү илгээнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орын тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг. Энгийн болоод эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэчнээн байгааг тус баг нэгтгэнэ гэж ойлгож болно. Баг 24 цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЭМДЕГ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл багтах юм. Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй. Ингэж санхүүжилттэй холбож өгсөн.

Хоёрдугаарт, иргэд маань өөртөө шинжилгээ хийж, оношлохоо болих учиртай. Өрхийн эрүүл мэндийн төв болон бусад эмнэлэгт хандаагүй, өөрийгөө оношилсон иргэдийн мэдээлэл нэгдсэн мэдээнд багтдаггүй. Тиймээс иргэд зайлшгүй эмнэлэгт хандах нь чухал байна.

-Цаашид ор нэмж дэлгэх үү?

-Бид ор нэмж дэлгэх гэхээсээ илүү зохицуулалтаа нарийвчилж, хүндрэл чирэгдлийг багасгахад эхний ээлжид анхаарна. Ор дэлгээд л, нэмээд байх нь оновчтой биш. Ор дэлгээд ч дэглэмээ барихгүй бол өвчлөл буурахгүй байна. Мэдээж, шаардлагатай гэвэл ор дэлгэхийг үгүйсгэхгүй. Өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг шийднэ. Түүнээс туссан болгоныг хэвтүүлнэ гэсэн үг бас биш.

-Хөнгөн туссан хүмүүс гэртээ эмчилж байтал гэнэт хүндэрч байна гээд байгаа шүү дээ?

-Хөнгөн өвчтөн гэж ярих нь бас буруу юм. Ялангуяа өндөр настан, суурь өвчтэй, чихрийн шижинтэй, даралт өндөртэй, жин ихтэй хүмүүс бол гэнэт хүндрэх магадлал их. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал хянуулж, өвчний байдлаа тодорхойлох ёстой.

-Хэвтэн эмчлүүлэгсдийн асуудлыг эмнэлгүүд биш, баг зохицуулна гэхээр илүү хүндрэлтэй биш үү?

-Урьд нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтүүлж, мэдээллээ нэгтгэж өгдөг байсан. Гэхдээ хэвтсэнийх нь дараа. Харин одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэнэ гэсэн үг. Огт байгаагүйг сэдсэн хэрэг биш, өмнөхийг илүү боловсронгуй болгосон гэж ойлгож болно. Бид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өгөх гэдэг дээд сайхан

Ямар ч тохиолдолд, нөхцөл байдлын боломжгүйгээс ч бодитыг бий болгох, чадах, зүтгэн эрмэлзэх чадвартангууд байдаг. Бүх зүйл өөрийн нь эсрэг дэлхэн нүүрлэж байвч, арга сүвэгчлэх, сөрөх ивээс эрэлхийлэх дайчин шаргуу зан чанар ийм хүмүүст заяагдмал өгөгдсөн байдаг. Гутрах хийгээд бууж өгөх нь огт үгүй. Ийм хүмүүс эрч хүчтэйн дээр тодорхой эр зоригтоо тулгуурладаг. Ийм чанар эрчүүдээс илүү эмэгтэй хүнд цулаар өгөгдсөн байх шиг анзаарагддаг. Лувсандашийн Нинжжамц ийм чанар төлөвийн хүнээр ойлгогддог. Нинжээ бол онцгой дайчин шаргуу чанартай. Эршүүд гүжирмэг. “Хийхээс өөр яах билээ. Зүтгэхээс өөр яах билээ” гэсэн бядлаг дуу хоолойгоор нэг дуугарсан бол зорьсон ажил, хийх гэсэн тэмүүллээсээ буцдаггүй онцгой чанартай. Ийн зүтгэн шулуудах замд нь юу ч тохиолдсон бай давж гарах зориг тэвчээр зэрэгцдэг. Нинжээгийн давшилтат он цагийн эхэнд, түүний чөлөөт хэвлэлийн зах зээл дээр ажиллаж асан цаг хугацаа нэрлэгдэнэ. Хэвлэн эрхэлж байсан сонинууд нь тодорхой эрэллэг, эрэн сурвалжлахуйн дайчин индрүүд байсныг чөлөөт хэвлэлийнхэн, ер нь хэвлэл мэдээллийнхэн мэдээж сайн мэднэ. Ерөөс Нинжжамц бол эрэн сурвалжлах, мөшгөн эрж, далдыг олж, бурууг шүүмжлэх мөн чанартай эмэгтэй шиг бодогддог. Шударга зарчимч. Бурууд харин ч баахан гаажтай цохилт өгөх нь бах шид дүүрэн байх шиг үзэгддэг. Эргэж хургасан, гэдэргээ салсхийх нь түүнд огтоос зохихгүйн дээр угаас оюун бодолд нь байдаггүй юм шиг билээ. Энэ бол зөвийн залуур дээр гарч л чадвал үнэн бүтээгчийн шинж чанар гэж ойлгодог. Хулчийх, аюухыг тэвчдэггүй шиг анзаарагддаг. Өсөх наснаас тэмцэл, шалгарал гэж юу болохыг хувь тавилан түүнд балчираас нь ойлгуулсан шиг санагддаг. Нэг үгээр хэлбэл, тэр машид хатаагдсан, хатамжлагдсан эмэгтэй гэвэл хилс үл болох биз. Нэгэн үе Нинжээ бид хоёр нэг нь Засгийн газрын, нөгөөх нь Парламентын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг толгойлж байв. С.Баярын Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга, хатагтай Нинжээ тухайн үед Оюу толгойн гэрээг батлах улс төрийн их үйл явц дунд харьяалагдсан субьектийнхээ эрх ашгийг тун даваадуулан л шахуу түрж, сурталчилж байсан. Бас батлуулсан. Д.Дэмбэрэлийн парламент ч өөрийн хэм хэмжээ, эрх ашгийг Засагт ногдуулан урагшлуулах нь зүйн хэрэг байсныг хэвлэл мэдээллээр дамжуулан биелүүлж байлаа. Ийн Нинжээ бид, хэвлэл сонин, төр засгийн ажилд дөрөө хоймсолон зүтгэж байсан он жилүүдийг эргэн тольдоход сайхан. Сүүлийн он жилүүдэд бид Үндэсний олон нийтийн радио телевизэд ажиллацгаав. Л.Нинжжамц энэ байгууллагыг хэний ч өмнө нүүр бардам удирдсан байх аа. Он цаг өөрөө илэрхийлчих юм даа. Юу бүтээж хийж явсныг хүмүүс ч эргэн илүү гүнээр ойлгож мэдэрдэг бололтой, цагийн саалтаар. Төрөлжсөн сувгууд бий болгосон, хөрөнгө оруулалт татсан, хураамжийг эмхэлж үр ашигтай болгосон, өр ширийг дарсан, олон улсын контентууд нэвтрүүлсэн, технологийн шинэчлэлийг хийж HD болгосон, за ер юу эсийг хийсэн гэхэв. Олон ажил хийсэн. Үүнийг хийх ёстой л гэж тэр зүтгэсэн. Цаашид ч хийх зүйлүүд байсан. Үнэндээ МҮОНРТ телевиз энэ эмэгтэйн өнгөн дээр нүүр засаж, биеэ өнгөлж, шинэ “амьдралд” орсныг олон түмэн мэдэж байгаа байлгүй дээ. Өдөр болгон үр ашигтай зүйл хийж байсан даа. Цахимын нүүр хуудас гэж сайхан санамж байх юм. Л.Нинжжамцын 2017-2021 оны хүртэлх он жилүүдийг тэнд өдөр өдрөөр дурайтал илэрхийлсэн харагдах. Бахтай. Хийж бүтээж, сайн өв үлдээнэ гэдэг бол удирдагч менежерийн түгээмэл үүрэг, сайн нэр төр. Л.Нинжжамц МҮОНРТ-д Ерөнхий захирлаар ажилласан он жилүүдийн үйл ажиллагааны өв энэ байгууллагын цаашдын хөгжил, ажилчдад ихээхэн хэрэгтэй гэж санана. МҮОНРТ-ийн 50 жилийн ойг дөрвөн жилийн өмнөх энэ өдөр тэр ёслол төгөлдөр удирдан тэмдэглэсэн. Монголын радиогийн 85 жилийн ойг үлэмж утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэний гэрч нь MNB-гийнхэн өөрсдөө. Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны удирдлагууд, арван хэдэн орны телевиз радиогийн ерөнхий захирлууд ирээд, ямархан цараатайгаар үндэсний радиа телевизийнхээ ойг тэмдэглэж, сурталчилж байв. Дөмөгхөн ажиллаж байсан юм шүү, Нинжээ. Хүртээмжтэй, эн далайцтай байхуйн илэрхийлэл энэ мөн.

Сайн үг нэхэж, шан харамж боддоггүй чанар Нинжээд байдаг. Зүгээр л, үйлдлээрээ, хийснээрээ өөрийгөө илэрхийлэх бодолтой. Тэндээсээ л урам таашаал авчих санаа сэтгэлийн тэнхээтэй. Удирдлагадаа байгаа хүмүүстээ асар өндөр шаардлагатай. Халгамаар харагддаг. Ажлын үр дүн нэхэж байгаа, удирдлагаар хангаж шахаж байгаа энэ тэрийг нь харахаар. Гэхдээ тийн мундраагаад л амжилт гаргадаг юм билээ л. Өөртөө хатуу ханддагийн хэрээр, хүмүүст мөн шаардлагыг тавьдаг. Бас итгэл олж, ажиллаж чадсаныг нь урамшуулан тэтгэхээ мартдаггүй нь ч анзаарагдсан даа.

Зэрэг зэрэг ажил амжуулж, гүйцэтгэлийн хурд, сэтгэх чадварыг энэ бүсгүй чинад эзэмшсэн юм билээ. Үзэгдэж харагдахгүй амжуулж, ажлын үр дүн яриад суух нь аяндаа хүндэтгэл төрүүлдэг. Сорилт болон тулгарч байгаа ажлыг хаанаас эхлэх, яаж эхлэх, хэнтэй уулзахаа үнэхээр сайн тооцоолдог. Сэтгүүлч хүний л чадвар.

Нийгмийн амьдралыг гүн гүнзгий ойлгодог. Цаг төрийн өнгийг бүрнээ уншина. Эрсдэлийн болон давагдашгүй аливаа бэрхийг урьдчилан харах, түүнд бэлтгэн давж гарах чадвар бүрэн эзэмшсэн. Аль нэг яам ч юмуу, тодорхой салбар хариуцуулаад зүтгүүлэхэд Нинжээ тун дориун аваад явчихна л гэж бодох итгэл үнэмшлийг тэр хамтран ажилласан Үндэсний зөвлөлийн гишүүддээ, удирдах дээд байгууллагадаа ойлгуулсан л хүн дээ. Өдгөө тэрбээр Парламентын сурталчилгаа, судалгааны шинэ албанд зүтгээд эхэлж. Г.Занданшатар дарга энэ олон шинж чанарыг нь мэддэг болоод итгэл хүлээлгэж. Нинжээ дөмөгхөн аваад явчих байх аа. Ажил хийж сурсан, туршлага хэтийдсэн, амьдрал болоод нийгмээ өвч ойлгосон, боловсрол мэдлэг ч ханасан ийм идэр хүүхнүүдийг оносон ажилд нь томилж, сайн ажиллуулах нь төр нийгмийн эрх ашиг мөнөөс мөн. Өгөөмөр сэтгэл, өрөвдөн хайрлах ухаан, байгаагаа илүүчлэх гэсэн нэг тийм монгол филисофи Нинжээд байдаг. Нийгмийн эмзэг хэсэгт, ядар доройд туслаад байдаг бас нэг сайхан чанараа тэр гээхгүй хүн шиг билээ. Өгөх гэдэг дээд сайхан. Өөрийгөө чимж яваа үйлдэл. Нинжээгийнхээ шинэ ажилд амжилт дэвшүүлье, Үндэсний телевизийн 54 жилийн ойн мэндийг хүргэе. Амжилт бүтээл, шинэ эрэл, шинэ санаа, бусад олон сайн чанараа нийгэм болоод бусдадаа илүү цараатай өгнө гэдэгт чинь огтхон ч эргэлзэхгүй байна. Нинжээг олон бичих биз, энэ удаа ингээд азная.

Сэтгүүлч Баастын ЗОЛБАЯР