Categories
мэдээ нийгэм цаг-үе

Галт тэрэгний рамын хөндийд 10.125 кг байгалийн чулууг нуун, хилээр нэвтрүүлэхийг завджээ


Өчигдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүллээ. Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар дээрх зөрчлийг илрүүлсэн байна. Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10.125 кг байгалийн чулууг илрүүлжээ.
Үүссэн цагийн байдлын дагуу тус ангийн захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран ажиллажээ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Талын хөшөөний тахилын онгон

Уг дурсгал нь Улаанбаатар хотоос зүүн урагш 310 гаруй км, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс зүүн тийш 10 км Талын Хөшөө нэрт газар буй. Талын Хөшөөний дурсгал нь Эртний Түрэгийн язгууртны тахилын онгон юм.

Энэхүү Хүн хөшөөний тамгануудын байрлал, хэмжээ зэргийг тухайн үеийн Түрэг улсын улс төрийн нөхцөл байдал, түүхэн газарзүйн баримттай харгуулсны үндсэн дээр Талын Хөшөөний дурсгалыг Эртний Түрэгийн хожуу улсын үеийн сүүлээр буюу 735-741 оны орчим бүтээсэн байж болно хэмээн үзэж байна.
Талын Хөшөөний онгоны хүн чулуу нь Монгол улсын нутгаас илэрсэн, түрэг бичээс, тамгатай хоёр дахь хүн чулуу бөгөөд хэмжээгээрээ тус улсын нутаг дахь хамгийн том хүн чулуу болж байна. Хүн чулууных нь дүрслэл уг онгоны эзэн нь тудунаас бага цол бүхий язгууртан байсныг илтгэж байна.
Талын Хөшөөний онгоны орших байрлал, бүтэц, хөшөөн дээрх тамгын онцлог зэргээр нь түүнийг Эртний Түрэгийн хожуу улсын Арван Хоёр Түрэг аймгийн нэг болох Хөлү аймгийн язгууртанд зориулан байгуулсан гэж үзэж байна.
Талын Хөшөөний онгон нь бүрэлдэхүүндээ бичээс, тамга бүхий асар том хүн чулуу агуулж буйгаараа түүхэн үнэ цэн бүхий хосгүй дурсгалын тоонд зүй ёсоор орох юм.
Уг тахилын онгон нь Эртний Түрэгийн хожуу улсын үеийн аймгуудын байршил, язгууртнуудын мэдлийн газар, аймгуудын нүүдэл, зам харилцаа, төрийн удирдлагын тогтолцоо, аймаг хоорондын харилцаа, угсаа залгамжлах болон ураг төрөл бололцох ёсон, нүүдэлчдийн улс төрд газар нутгийн байршлын гүйцэтгэсэн үүрэг зэрэг олон асуудлыг тодруулах чухал баримт болж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

​Улсын хэмжээнд анх удаа жишиг “Насан туршийн боловсролын төв” барьж нээлтээ хийлээ


Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Насан туршийн боловсролын төв”-ийн шинэ барилгыг өчигдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг “Насан туршийн боловсролын төв”-ийг барьсан бөгөөд тус төвд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид суралцах юм байна.

Мөн албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр ёс суртахууны төлөвшил, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, англи хэл, компьютерын анхан, дунд шатны сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг насан туршдаа суралцахуйд чиглэсэн үйл ажиллагааг явуулж, багш нарыг хөгжүүлэх сургалтын цогцолбор төв болон хөгжих аж

Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай уулзсан байна.

Анх 2010 онд “Гэгээрэл хөгжлийн төв” нэртэйгээр сургууль завсардсан хүүхэд залууст бага, суурь боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгож эхэлсэн уг төв өдгөө “Албан бус насан туршийн боловсролын төв” болон өргөжиж, хүний хөгжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болсон тул салбарын яамнаас бодлогоор дэмжин, тойргоос сонгогдсон гишүүдийн хүсэлтийн дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгөхөө БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр онцоллоо.

Багануур дүүрэг нь боловсролын чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд тогтмол улсын дунджаас дээгүүр орж байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгалийн ухааны хичээлүүдийн ЭЕШ-ын дүнгээр улсад дөрөвдүгээрт жагсжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 93 хувьтай, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай болсон зэрэг амжилт, хөгжлийн үзүүлэлт нь улс, нийслэл, дүүргийн төсөв дээр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэнтэй холбоотойг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлж байв.

“Монгол Улсын Засгийн газар 2021-2022 оны хичээлийн жилийг танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд Та бүхний өмнө цөөнгүй саад бэрхшээл тулгарах нь мэдээж. Цар тахлын эрсдэлээс хүүхэд багачуудаа хамгаалахын зэрэгцээ эх орны ирээдүй болсон тэднийгээ сурган хүмүүжүүлэх, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, анги танхимд нь хөгжүүлэх гэсэн давхар давхар үүрэг хариуцлага Та бүхний өмнө тулгараад байна. Иймд хүүхдүүдтэйгээ, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж, сорилт бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах учиртай” хэмээн Шадар сайд С.Амарсайхан боловсролын салбарынханд хандан хэллээ.

Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлах бөгөөд уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэл оруулах талаар болон өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хийгээд багшийн заах арга зүй, сурлагын чанарын үнэлгээний системд гарч буй өөрчлөлтийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулж, боловсролын салбар дахь үр дүнд суурилсан тогтолцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

​ГЕГ: Зорчигч хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлс


Монгол эмэгтэй Австралийн хилээр их хэмжээний эмийн бүтээгдэхүүн авч гарах гэж байгаад хураалгасан бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Үүнтэй холбоотойгоор Гаадийн ерөнхий газраас “Зорчигчийн хувийн хэрэглээний эм” гэдэг талаар дараах тайлбарыг өглөө.

Зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр авч яваа эмийг хэлдэг. Зорчигчийн хувийн хэрэгцээний эмийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй.

Мөн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж (7 хоног)-ийн эм болон удаан хугацаагаар нөхөх эмчилгээ шаардах (чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг) өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эм багтах бөгөөд эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ. Харин судсаар сэлбэх шингэн, атибиотик тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэх дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэлийг хувийн зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог.

Зорчигч зөвшөөрсөн хувийн хэрэгцээний эмийг ямар нэгэн байдлаар нууж тугалган цаасанд боох, жүүс, ундааны саванд хийх шаардлагагүй бөгөөд хил, гаалийн хяналт шалгалтын рентген тоног төхөөрөмж нь нуусан барааг бүрэн илрүүлэх боломжтой юм. Нуусан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Мөн зорчигч аяллын үеийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс (шинэ болон хуучин), очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардахгүй хүнс (үүнд ааруул ч багтана) болон аяллын зорилго, хугацааг харгалзан үзсэн барааг хилээр нэвтрүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх ЖУРАМ-аас үзээрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 860 км зам туулаад байна

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч,спортын мастер,Т.Рэнцэнбадам наймдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын өмнөд хилээс гүйлтийн замдаа гарснаас хойш есдүгээр сарын 6-ны байдлаар 860 км зам туулаад байна.

Тэрбээр 1100 км замыг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцоолон төлөвлөөний дагуу холын замын гүйлтээ үргэлжлүүлсээр буй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 7088 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 5, суурин 58 цэгт 80 багийн 415 эмч, ажилтан ажиллаж, 7088 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

"нийслэлийн онцгой комисс #UB хамтдаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын дугээр сарын 7-ны едрийн толθвлθлт № дуургийн нэр 1 багийн TOO багануур ажиллах хуний TOO 2 1 хамрагдах хуний TOO 3 багахангай 8 1 баянгол 76 5 27 66 баянзурх 5 81 9 924 6 90 сонгинохайрхан 12 1154 сухбаатар 7 74 3 налайх 1230 8 20 2 чингэлтэй 1056 9 14 12 хан-уул 120 45 10 8 явуулын б‘аг 1110 48 5 1220 нийт 30 80 132 415 5явуулын, 58 суурин цэг 80 багийн 415 эмч, ажилчид ажиллаж 7088 иргэнийг дархлаажуулна 7088 дархлаажуулалтын цэгууд 09 00-17. цаг хуртэл ажиллана-" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ерэн онд л үнэнээсээ тэмцсэн юм байна, бусад нь худлаа шив дээ !

Монголчууд бид ерэн онд л үнэнээсээ тэмцэж, үнэнээсээ өлсгөлөн зарласан юм байна. Түүнээс хойших бүх жагсаал, өлсгөлөн цуглаан… бүгдээрээ хуурамч, хулхи, ямар нэгэн эрх ашигт үйлчилсэн, бусдыг дээш гаргах гишгүүр, эсвэл доош нь хийх хэрэгсэл болж байж. Энэ бүх хулхи жагсаалууд монголчуудыг унтраасан байна. Одоо өөрсдийнхөө байж байгаа царайг хар даа, “Юмны үнэ тэнгэрт хадлаа, яаж амьдрах юм бэ” гэж гэртээ халаглаад суухаас өөр ид шидгүй үхээнцүүд. Аль ч утгаараа ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэх ёстой. Өдөр ирэх тусам амьдрал хүндэрч байхад монголчууд ажин түжин суусаар байгаа нь ирээдүйн муу цагийн дохио. Угаасаа муугийн дохио байдгийг бидний өнгөрсөн түүх гэрчилнэ. 1911 оны хувьсгал бол монголчууд тартагтаа тулсан хойноо л хийсэн хувьсгал шүү дээ. Тухайн цагт ертөнцийн чихэнд юу гэж бичигдэж байсан гэхээр “Их газрын гүнд амьдардаг, бие дээгүүр нь жижигхэн хорхойнууд гүйлдэн байдаг цөөхөн үндэстнийг монголчууд гэнэ. Тэд өдгөө 400 мянга хүрэхгүй үгүйтэй болсон, мөхөж байгаа юм. Тэдний нийслэл болох Их хүрээний гудамжинд олон зуун ноход хүмүүсийг гудамжинд үхэхийг хүлээгээд тойроод хэвтэцгээж байдаг. Нэгнээ үхэж байхыг тоохоо больсон ард юм” гэж бичсэн аян замын тэмдэглэлүүдийг Европын номын сангаас одоо ч олж уншиж болно. Иймдээ хүрсний эцэст их үндэстний үлдэгдлүүд юм гэсэндээ босч тэмцэж, буцалж байж Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн юм. Шашны нэвт нөлөөнд автаж, даруу дорой байх үзэл сурталд идэгдсэн монголчуудыг мөхөл л хүлээж байсан юм. Ийм дорой үндэстнийг их гүрнүүд эрх ашгийнхаа талбар, зодоондоо түрээсэлдэг газар, жийргэвч улс болгосон юм. Гэхдээ тэр үедээ тэмцсэн, тэмцсэн нь бахархмаар их ач тус, түүхэн үр дүн авчирсан билээ. Арван нэгэн оны энэхүү хувьсгал хийгдээгүй бол Ардын хувьсгалын 100 жилийн ой гэж өнөөдөр байгаа ч үү, үгүй ч үү. Үүний дараа түүхэн ач холбогдлоороо 1990 оны Ардчилсан хувьсгал яригдана. Энэ цаг үе, нийгмийн үйл явцыг хүн бүр мэднэ. Хуарангийн амьдралаар амьдарсан соц нийгэм шүү дээ. Ихэнх нь эсгий гэрт, талх масло иднэ, ижилхэн хувцас өмсөнө, орой нь гурилтай шөлөө ууна. Үүнээс илүүг идэж ууж, эдэлж хэрэглэх хориотой. Хувийн машин байтугай хувийн малтай байж болохгүй он жилүүд. Үзэл суртлын хүлээсэнд, нүдгүй, амгүй мэт явсан сэхээтнүүдтэй нийгэм, даргаа муулахад хувь заяа нь харанхуй нүхэнд булагдана. Сайн найз байтугай төрсөн дүү чинь чамайг НАХЯ-нд матна. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй. Ийм болчихсон ард түмэн тэгээд яах юм, босно, тэмцэнэ. Ингээд ерэн оны хувьсгал хийгдсэн. Өдгөө 30 жил өнгөрчээ…

Өнөөдөр бид ямар болчихсон байна. Гар утаснаасаа сошиалд хэн нэгнийг чөлөөтэй зүхэж дур тавьдаг эрх чөлөөндөө л ханаж цадаж амьдарч байна. Нэг дарга нь муухай харагдвал түүнийгээ зүхчихнэ. Талхны үнэ, махны үнэ, бензиний үнэ бүгд нэмэгдэхэд мөн л гар утсандаа агсам тавьчихна. Тэгэнгүүт болчихож байгаа юм шиг, өөрсдийгөө хуурсан өрөвдмөөр ард түмэн. Үнэн хэрэгтээ энэ улс орныг тонон дээрэмдэж, гадагш нь зөөж, гадныхны мөнгийг угааж байгаа хэдэн хүнд монголчуудын тэрхүү сошиал дахь агсам тавилт огтхон ч нөлөөгүй. Ард түмнийг халамжаар амыг нь таглачихаад явж байгаа эрх баригчид, Их хурлын гишүүдийн хувьд “Жингийн цуваа явдгаараа л явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцаж л байг…” гэсэн тохуутай сууцгааж байна. Ер нь бол та бидний хэдэн постыг тоож унших ч үгүй, “жингийн цуваа”-нууд шүү дээ. Жингийн цувааны хойноос жингэрийн гөлөгнүүд хуцаад л үлддэг байхгүй юу.

Туурга тусгаар улсын ард түмэн ийм арчаагүй байж болохгүй. Өнөөдөр та нарын эрх зөрчигдөж, та нарын амьдрал хүндэрч, та нар нийгэмд дорд үзэгдэж байгаа бол Та бидний өөрсдийн хохь. Та бидний сонгосон төр. Та нарыг харахаараа инээж саналыг чинь авчихаад, хаалганы цаана “Эд муусайнуудад угаадасыг нь олигтойхон өгөөд, уяаг нь богинохон тааруулчихаарай” гээд инээлдээд сууж байгаа хүмүүс. Одоо утаа, түгжрэл хоёр эхэллээ. Ийм цагаар тэд эхнэр хүүхдээ аваад халуун тив, далайн эрэг рүүгээ ниснэ. Тэндээсээ утсаараа Монголын төлөө санаа зовж байгаагаа бичиж, нөгөө гараараа казино тоглон өвлийг өнгөрөөнө. Бодит үнэн энэ.

Басчиг Монголын ард түмэн нийтээрээ мангар тэнэг болчихоогүй болохоор зарим буруу зүйлд нүд хурц мэдрэмж байна. Тийм үед та нарын анхаарлыг дор нь өөр зүйлд чиглүүлнэ. Юу босч ирэх үед даруйхан Замын-Үүд дээр Засгийн газрын гишүүд давхиж очин баривчилгаа хийсэн нэр зүүж нийгмийн анхаарлыг өөр зүгт шилжүүллээ, сана даа. Дөнгөж сая юунд ард түмэн олноороо дургүйцтэл гэртээ баахан мөнгө хадгалсан хурган дарга нарыг баривчилж, шударга ёс тогтоож байгаа дүр эсгэв, дараа нь бүгдийг нь суллав… Өөр цаашид юуг юугаар дарах нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл явагдахыг мэдэхгүй.

Энэ бүхэн тэгээд үргэлжилсээр байх ёстой юу, монголчууд аа. 1911 оны үеийнх шигээ үгүйрэл хоосрол, өвчин зовлон, өр зээл, нөхөн үржихүй… бүгдийг нь шороотой хутгаж, ертөнцийн чихэнд хэн ч тоохооргүй болчихсон хойноо амаа барих гээд байгаа юм уу. Эсвэл ерэн оны өмнөх шигээ хуарангийн амьдралдаа орж, мал шиг хариулганд орсон хойноо сэрж санах гэсэн юм уу… Одоо бол цаг үе өмнөх шигээ биш ээ, огт өөр. Бүх зүйл дээд зэргийн технологийн хурдаар хийгдэж байна. Технологийг сайн муу бүхэнд ашиглаж байна. Ийм цаг үед нэгэнт доошоо орсон ард түмэн дээшээ гарах боломжгүй болчихоод байна. Үндэстнийг мөхөөх нь тэдний санаанд багтдаг болчихсон тийм цөвүүн цаг үе ирчихээд байна. Монголчуудыг дотроос нь маш их сараачиж байна. Ердөө хэдхэн хүний хүрээнд улс орны хувь заяа шийдэгдэхээр байна. Ийм эмзэг, хэврэг, хаашаа ч эргэж мэдэх цаг үед монголчууд бид ийм бэртэгчин байж болохгүй. Бэртэгчин байгаа тодорхойлолтыг чинь энд сайн хэлье. Жалга жалгандаа амиа аваад явдаг байсан бидний өвөг дээдэс, бидний уламжлал өнөө хэр бидний оюун санаанд хадгалагдаж байна. Өнөөдөр та идэх хоолтой, өмсөх хувьцастай, унах унаатай, нэг муу байр оронтой, бусдаас хамааралгүй болоод байгаа байж болно. “За манайх гэдэг айл л болж байвал бусад нь хамаа алга” гэх шиг телевизийн удирдлагаа бариад диван дээрээ хэвтээд байж болно. Нэг л өдөр танай хаалгаар Монголын зовлон гуйранчлал орж очно. Нэг л өдөр сургууль дээрээ сурч байсан хүүхдийн чинь эрх энэ зовлонд өртөнө. Нэг л өдөр төрийн дээрэнгүйлэл таныг машинтай чинь зам дээр зогсооно. Нэг л өдөр таны эрхэлж байсан жижиг бизнес рүү хуулийн хулгай гар дүрэн орж ирнэ, та орлогоо хураалгана. Таны алхам тутамд чинь өнөөдөр Монголд нүүрлэж буй хүндрэл бэрхшээл бүхэн мөр даран явж байна. Энэ бүхэн нэг л өдөр танаар зогсохгүй, таны үр хүүхдийн ирээдүйн сайн сайхныг хулгайлчихсан байх вий. Тийм болохоор та иргэний ухамсраа сэргээ, улс орны хувь заяанд санаа тавь, хэлэх ёстой үгээ хэлэх ёстой газар нь, хэлэх ёстой цагт нь хэлж сур. Хэн өнөөдөр шударга үнэний төлөө дуугарч байгааг ялган салгаж хар. Монголын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ тэмцэж яваа бүх хүнийг та дэмж, санаа бодлоо нэгтгэж бай. Таны оролцоо заавал гудамж талбайд гарч жагссанаар хэмжигддэггүй юм. Ядаж л үнэний талд дуугарч байгаа чөлөөт хэвлэлүүдийг дэмжихээс эхлэхэд л болдог юм шүү дээ…

Б.НЯМАА

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2021 оны 09 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орно.

Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Хэрлэнчимэг: Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчлөхгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчилсөн гэсэн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр түгсэн. Энэ талаар албан ёсоор БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Хэрлэнчимэгээс тодрууллаа.


Тэрбээр, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 дугаар тушаалын үндэслэл, тайлбар: Говийн их дархан цаазат газрыг анх Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор “Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн зарим газар нутгийг хамарсан “Говийн их дархан цаазат газар” хэмээн нэрлэсэн байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчлөөгүй. Харин дархан цаазат газрыг хариуцан хамгаалж буй хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, тус дархан цаазат газрын нэр нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор анх өгсөн “Говийн их дархан цаазат газар” нэршилтэй хэвээрээ байгаа болно. Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр болон байршлыг өөрчлөх бодит шаардлага үүссэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай” 41 дүгээр тогтоолоор Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрийг 906 мянган га талбай буюу 50 орчим хувиар өргөтгөсөн бөгөөд дархан цаазат газрын 60 орчим хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг, мөн тус дархан цаазат газар нь Зүүнгарын говьд бүхлээрээ хамаарагддаг тул хамгаалалтын захиргааг дархан цаазат газрын төв хэсэгт байрлуулахаар төлөвлөж, Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж, зөвхөн хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн. Өмнөх хамгаалалтын захиргаа байрлаж байсан Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо хангалтгүй байсан. Тухайлбал, шуудан, төрийн сан, банк, цагдаагийн байгууллага байдаггүй. Мөн хамгаалалтын захиргаанаас 10 км зайтай Тахийн талд бага сургууль, цэцэрлэг байгаа хэдий ч албан хаагчдын хүүхдүүд бүрэн хамрагдах боломжгүй, Бугат суманд 9 жил, Говь-Алтай аймгийн Алтай хотод 12 дугаар ангийг дамжин суралцах явцад сургууль завсардах, их дээд сургуульд элсэн орж чадахгүй хүндрэлүүд гарч байсан. Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамгийн оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж өгснөөс, гадна хамгаалалтын захиргааг шуудан, төрийн сан, банк, засмал зам болон бусад бүх дэд бүтцэд ойртуулж албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн зэрэг нөхцөл шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж болно” гэсэн тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл Говийн их дархан цаазат газрын нэрийг өөрчлөөгүй. Харин дархан цаазат газрыг хариуцан хамгаалж буй хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүн гарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгож өөрчилсөн ажээ.

С.Сүлд

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Номин: Соёлын салбарт гарч буй хууль, журам бүрийг хэрэглээтэй байхад төвлөрч байгаа

Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-Соёлын яам байгуулагдаад нэг жил гаруй, Та Соёлын сайдаар томилогдоод есөн сар болж байна. Энэ хугацаанд хийж амжуулсан ажлуудаас тань ярилцлагаа эхэлье.

-Намайг ажлаа авахад Соёлын яам шинээр байгуулагдаад зургаахан сар болж байсан. Яам шинэ байрандаа нүүж ороод, бүтэц бүрэлдэхүүн нь бий болоод дөнгөж л төвхнөж байсан үе. Ковидын хөл хорио, хязгаарлалтын үетэй давхцаад нэн тэргүүнд Соёлын яамны стратеги, бодлого төлөвлөлтөө гаргасан. Өнгөрсөн хугацаанд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай гээд хоёр том хуулиа хаврын чуулганаар батлуулж чадсан. Орон нутагт соёлын хэлтэстэй болсон, цагдаагийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжийг байгуулахаар болсон гэх мэт олон ажил өрнөж байна.

-Хэд хэдэн парламент дамнан яригдсан Соёлын тухай хууль хэрэгжсэнээр энэ салбарт ямар хувьсал авчрах вэ?

-Соёлын тухай хууль анх 1996 онд батлагдаж байсан. Түүнээс хойш үе үеийн парламентад дахин шинэчлэн оруулж байсан олон сайдын хүч хөдөлмөрөөр одоогийн Соёлын хууль бий болсон. Манай Засгийн газрын хувьд соёлын үнэт зүйл дээрээ илүү тулгуурлаж хуулиа боловсруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн амин сүнс нь соёлын үнэт зүйлийг “амь” оруулахад оршиж байгаа. Өмнө нь зургаан бүлэгтэй байсан хуулийг шинэчилсэн найруулгаар найман бүлэгтэй болгож нэмсэн.

Хамгийн гол агуулга нь соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдийг дэмжихийн зэрэгцээ эрх үүргийнх нь харилцааг зохицуулсан юм. Манай салбарынхан төрийн үйлчилгээний албан хаагч дотроо хамгийн бага цалинтай. Тиймээс соёлын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг нь түлхүү шийдэх гэж оролдсон.

-Соёлын биет болон биет бус өвүүдийг хамгаалах, орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан яаж хөгжүүлэх вэ?

-Миний хувьд тэргүүлэгч бодлогоо тодорхойлохдоо хэд, хэдэн асуудлыг чухалчилж байгаа. Нэгдүгээрт, үндэсний эв нэгдлийн үнэт зүйлийнхээ бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх. Үүнийгээ дотор нь хүний амьдралын үечлэл болгон дээр авч үзэж байгаа юм. Хүн ямар төрлийн нийгмийн харилцаанд орж байна, тэр болгонд ямар төрлийн соёлын харилцаа үүсч байгааг тодорхойлж, бодлогынхоо концепцийг гарган ажиллаж байгаа. Нөгөө талдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Өнөөдөр соёлыг түгээн дэлгэрүүлнэ, хадгалж авч явна гэж яриад л байгаа шүү дээ. Тэгэхээр соёл гэдэг бол ямар нэгэн байдлаар хэрэглээнд орж байж олонд танигдаж, түгэн дэлгэрэх учиртай. Хэрэглээтэй байгаа зүйл хадгалан хамгаалагдаж явдаг. Соёл эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүн, орц болох тусам илүү сайн олны хүртээл болох учиртай. Манай өв соёл бол бидэнд байгаа хамгийн үнэтэй нөөц. Энэ нөөцөө техник технологийн шинэчлэлтэй хослуулаад шинэ төрлийн “бүтээгдэхүүн” үүсгээд хэрэглээнд оруулах ёстой. Үүнээс гадна цахим соёлын бодлого баримталж байна. Цахим шилжилтийн хэд хэдэн гол ажлууд байгаа. Соёлын биет болон биет бус өвүүдээ бүгдийг нь цахим бүртгэлд оруулаад зогсохгүй хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаа юм. Ингэснээр хүн болгон нээлттэй ашиглах боломжтой. Ялангуяа судалгаа, эрдэм шинжилгээний ажилтнуудад хамгийн хэрэгтэй архив болно. Ийм маягаар цахим сан үүсгээд соёлын биет болон биет бус өвөө эргэлтэд оруулах ажлууд явагдаж байна.

-Шинэ тутамд орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хэрхэн хамгаалах вэ. Соёлын дархлаатай байхын тулд төрийн ямар бодлого баримтлах ёстой юм бэ?

-Бидний яриад байгаа үндэсний эв нэгдлийн үнэт зүйлийг тодорхойлох бодлого маань соёлын дархлаанд тулгуурласан. Ер нь хүн бүр өв соёлоо, түүхээ мэдэх тусам өөрийн гэсэн соёлын дархлаатай болно гэсэн үг. Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр дэлхий даяар дижитал шилжилтэд орж, ертөнц “хавтгайрч” байна. Цахим орчинд бүх төрлийн мэдээ, мэдээлэл байдаг болохоор нэн ялгангуяа залуу хойч үеийнхэн хүссэн зүйлээ интернэтээс түвэггүй олоод мэдчихэж байна шүү дээ. Мэдээллийн энэ их урсгалд байх нь өөрийн гэсэн оюун санааны дархлаагүй болох эрсдэлтэй. Хүлээж авч байгаа мэдээллээ өөртөө шингээснээр шийдвэр гаргахдаа нөлөөлөлд автаж болзошгүй. Одоо манай залуу үеийнхэн гадны олон орны соёлын довтолгоонд өртөж байна. Тухайн улс болгон соёлоороо дамжуулаад өөрийнхөө орны орон зайг тэлэх бодлоготой. Өмнө газар нутгийн дайн байлдаан байсан бол одоо оюун санааны соёлын довтолгооны эрин үе. Түүгээрээ улс орнууд эдийн засгийнхаа орон зайг нэмэгдүүлэх бодлогоо болгочихоод байна. Тэгэхээр дэлхий дахины энэ олон янзын соёлын довтолгооноос бид яаж Монголоороо үлдэх вэ гэдэг их энгийн. Өөрийн гэсэн оюун санааны дархлаатай, соёл түүхээ мэддэг хүмүүс л байх ёстой. Ирээдүйд соёлын дархлаатай иргэнээ бэлдэхийн тулд одоо залуу үеийнхэндээ үзэж харж, сонирхож, мэдэж байгаа тэр орчин дахь флатформоор нь дамжуулж үүх түүх, өв соёлоо таниулахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Хүүхдүүдийг түүхийн ном, зохиол унш, судал гэдэг цаг ард үлдсэнийг тэдний оюун санаа нотлоод байна шүү дээ. Бидний үйлдвэрлэж байгаагаас тэдний хүлээж авч байгаа чадавх нь хэдэн зуу дахин өсчихсөн. Олон улсын том үйлдвэрлэгч нарын контент агуулгыг үзсээр байгаад бидний хийж буй зүйл жаахан хоцрогдох гээд байгаа. Тиймээс соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол наад талдаа эдийн засгийн үр өгөөжтэй ч том зургаараа оюун санааны дархлааг бэхжүүлэхэд хамгийн гол суурь нь болчихоод байна. Манай улсын хувьд контентын зах зээл дээр хоцрогдолтой байгаа. Тиймээс аль болох хурдан бодлогоор дэмжиж явах шаардлагатай байна.

-Та сая соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай дурдлаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд юу, юу багтах вэ. Ямар ажлуудыг хийх юм бол. Эдийн засагт үзүүлэх үр өгөөжийнх нь талаар ярихгүй юу?

-Соёлын тухай хууль бол соёлын салбарын үндсэн хууль юм. Малгай хуулиа дагаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль гарах юм. Энэ хууль нь суурь агуулгаараа соёлын эдийн засгийн эргэлтийг дэмжсэн хууль болно. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд соёлын үйлдвэрлэлийг том бодлоготойгоор нэгдсэн журмаар явуулж байгаагүй. Хууль эрх зүйн орчноо ч бэлдэж амжаагүй, зах зээлийн орчин нь дөнгөж үүсээд явж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард соёлын салбарынхаа эдийн засгийн суурь судалгааг хийж, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ер нь юу юм, ямар ямар салбар багтах юм гэдгийг нь тодорхойлсон. Ингээд кино урлаг, дуу хөгжим, тайзны урлаг, хувцас загвар, дүрслэх урлаг, утга зохиол гэх мэтчилэн 12 чиглэлийг соёлын бүтээлч үйлдвэрлэлд багтаалаа. Эндээс тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, цаашлаад эдийн засгийнхаа ангиллыг гаргах баг ажиллаж байна. Зөв бүртгэл, зөв суурьтай эхэлбэл бүх зүйл цэгцтэй, эмх замбараатай байж жинхэнэ соёлын үйлдвэрлэл болно. Жишээлбэл, хувцас үйлдвэрлэл бол хөнгөн үйлдвэрлэл. Гэтэл загвар нь соёлын бүтээлч үйлдвэрлэл болно. Үүнийгээ хүртэл салгаад коджилтоо хийж байгаа. Өмнө нь соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд энд тэнд болж байгаа соёлын арга хэмжээнүүдийг нийлүүлээд ДНБ-ий 0.4 хувь болдог гэсэн албан бус тоонууд явдаг байв. Харин бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр дөрвөн хувь хүртэл өсгөх боломжтой гэж үзэж байгаа.

-Кино урлагийг дэмжих хуультай боллоо. Кино урлагийн чиглэлээр бизнес бий болгох, хөрөнгө оруулалтыг татах хуулийн заалтууд орсон гэсэн. Тэр утгаараа энэ хуулийн ач холбогдол цар хүрээг манай киночид олзуурхаж байх шиг харагдсан?

-Кино бүтээл маань өөртөө бүх урлагийг шингээчихдэг. Утга зохиол, хувцас загвар, дуу хөгжим, дүрслэх урлаг гээд бүгд дотор нь багтдаг. Тиймээс кино салбар маань бүх урлагаа дагуулаад аваад явах боломжтой. Иймд дотоодын кино урлагийнхнаа яаж дэмжих вэ, тэднийг хэрхэн бойжуулах вэ гэдгийг ч хуулиндаа сайн суулгаж өгсөн. Дэлгэцийн ард том хэмжээний баг ажилладаг. Тэр багийг хүртэл чадавхжуулах хэрэгтэй. Тэгэхээр тэднийгээ дэмжихээс гадна чадавхжуулах талаас нь хуулиа хийсэн байгаа. Орчин цагт хүмүүс ном уншиж, аливааг хүлээж авахаас илүүтэй контентоор дамжуулж мэдээ, мэдээллээ авдаг, ойлгодог болчихлоо. Оюун санааны хувьд ийм бүтэцтэй болж байгаа учраас энэ чиглэл рүү түлхүү хөгжүүлэх ёстой.

Киноны хуулийг хийхдээ далайцтай авч үзсэн. Зөвхөн дотоодынхоо киночдыг дэмжсэн хууль хийх юм бол манай эдийн засаг тэлэхгүй. Дэлхий даяар кино урлагийн зах зээл нь уул уурхай, газрын баялгийн зах зээлээс хэд дахин томроод давчихлаа шүү дээ. Тэгэхээр бид тэр том мөнгөний урсгалаас жаахан ч гэсэн өөрийнхөө улс руу татах хэрэгтэй. Иймд Киноны тухай хуулиа хийхдээ олон улсын тэр том зах зээл дээр яаж гарах вэ, яаж өөрийнхөө улсад оруулж ирэх вэ гэдэг талаас нь маш сайн судалж, нэлээд өргөн хүрээтэй авч үзсэн. Дэлхийд 100 гаруй улс Кино урлагийг дэмжих хуультай юм билээ. Үүгээр дамжуулаад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах том боломж байдаг. Хэрэв гадаадын киночид Монголд ирээд зардал гаргаад, хөрөнгө оруулсан нь татвараар баталгаажих юм бол зарцуулсан мөнгөнийх нь 30 хувийг буцааж олгоё гэж байгаа юм. Бүр дээрээс нь Монголын талаар эерэгээр сурталчилбал, манай соёлыг дэлхийд таниулбал гэсэн тодорхой шалгуур хангасан бол шууд хөрөнгө оруулалтынх нь тодорхой хувийг эргүүлэн өгнө. Гол агуулга нь олон улсаас хөрөнгө оруулалт татах, мэдээж кино багийг дагаад монгол уран бүтээлчдийн чадвар сайжирна гэх мэт олон өгөөжтэй. Монголын талаар олон кино хийгдэх тусам л бусад нөлөөлөл нь их. Дам нөлөө гэдэг талаасаа аялал жуулчлал хөгжинө. Жишээлбэл, Шинэ Зеланд улс анх кино хуулиа гаргаад хоёр сая ам.долларын буцаан олголт гаргаж байсан. Энэ нь буцаад тэр улсад 350 сая ам.доллар болоод орж ирсэн. Кино зураг авалтуудаар байршил нь танигдаж, аялал жуулчлал нэмэгдэж, тухайн орны эдийн засагт ийм их хэмжээний орлого орж ирсэн байдаг. Манай улсад ч гэсэн дэлхийн кино уран бүтээлчдийг татах хангалттай нөөц боломж байгаа.

-Кино урлагийг дэмжих хуулийг хэлэлцэж байхад гадны зах зээлд ажилладаг продюсеруудтай холбогдож, тэдний санал бодлыг тусгасан гэж байсан байх аа. Өмнө ямар хүндрэл бэрхшээлүүд тулгардаг байв. Хууль хэрэгжсэнээр яаж өөрчлөгдөх вэ?

-Бид хуулиа хийхдээ аль болох хэрэглээтэй хууль болгохыг хичээсэн. Хуулийг дагаж мөрдөх журмуудаа гаргахын тулд дотоод гадаадын салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Дотооддоо бол уран бүтээлчид, салбарын мэргэжилтнүүдийнхээ санал бодлыг авч, хэлэлцэж байна. Гадаадынхантай яагаад хамтарч ажиллах шаардлага гарсан бэ гэхээр түрүү хэлсэнчлэн 100 гаруй улсад киноны хууль байдаг. Тэр улс болгон олон улсын зах зээлээс кино урлагаараа дамжуулж хөрөнгө оруулж чадаагүй. Яагаад гэвэл хэрэгцээ шаардлагыг нь хангахгүй хуулиуд бий. Аль нэг улс кино уран бүтээлчдийн хүсэл сонирхолд нийцээгүй хууль эрх зүйн орчинтой байх юм бол тухайн улс жагсаалтаас нь хасагдчихаж байгаа юм. Бидний хувьд бусад 200 гаруй оронтой өрсөлдөж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин гадаадын киночдод сонголт ихтэй. Тэр утгаараа хуулийг боловсруулахдаа тэднийг судалж, ямар тохиолдолд хөрнгө оруулалт татаж болох вэ, яавал Монголд ирэх, хөрсөнд буусан хууль болох вэ гэдгийг судалсан. Энэ чиглэлээр “Netflix”, “Motion Picture As­sociation” гэх мэт болон олон улсын том кино бүтээгчидтэй уулзаж, ярилцсан. Аль болох хуулиа зөв, цэгцтэй гаргах гэж хичээсэн. Цаашлаад энэ хуулиа амьтай хууль болгохын тулд журмаа сайн гаргахаар ажиллаж байна. Киноны тухай хууль маань эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Өнгөрсөн пүрэв гаригт дэлхийн хамгийн том зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа тодотгож чадсан “Холлейвүүд репорт” сэтгүүлд манай киноны хуулийг онцолж гаргасан байна. Мөн тантай уулзахын дөнгөж өмнө Монголд кино хийх сонирхолтой хүмүүсийн анхны цахим шуудан ирлээ. Ер нь гадаадын киночид, уран бүтээлчид манай улсын нутаг дэвсгэрт кино, контент хийх сонирхол их байгаа нь ажиглагдаж байна.

-Сайхан мэдээ байна шүү. Засгийн газраас “К4” виз олгох шийдвэр гарсан нь гадаадын уран бүтээлчдийг Монголд чөлөөтэй ирэх боломжтой болголоо гэж мэдээлж байсан. Өмнө нь ямар хүндрэл бэрхшээл тулгардаг байсан юм бэ?

-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх виз мэдүүлэх, оршин суух гээд олон зөвшөөрөл авах болдог байсан. Гадаадын уран бүтээлчдийн зүгээс энэ олон шат дамжлагаа ойлгомжтой болгоод өгөөч гэсэн хүсэлт их тавьдаг юм байна. Нэгэнт Монголд богино хугацаанд орж ирээд буцаад гарч байгаа уран бүтээлчдэд дэлхийн жишгээр нь “Артист виз” гэж олгох нь зүйтэй. Ингэж үзээд уран бүтээлчдэд “К” төрлийн виз олгоё гэдэг хүсэлтээ киноныхоо хуульд оруулсан нь үйлчилж, виз олгох журамд өөрчлөлт орсон байгаа. Одоо Монгол Улсад ирэх гадаадын киночид бусад оронд яаж очдог, түүн шигээ хялбархан виз мэдүүлээд л ирэх боломжтой.

-Өнгөрсөн хавар Музейн тухай хуультай боллоо. Уг хууль музейн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

-Энэ хуулиар музейн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, дээр нь шинээр хувийн музей байгуулагдах боломжууд, үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалт гээд бүх талаас нь харсан чамбай хууль болж гарч ирсэн. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүдийн туршлага дээр тулгуурлаж хийсэн сайн хууль байгаа.

-Та ярилцлагынхаа эхэнд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно гэж онцолсон. Тооллогоор музейн үзмэрүүд мэр сэр дутсан гэх асуудал байдаг. Дээрээс нь Монголын соёлын өвийн шүр, сувд болсон эд зүйлс нь хилийн цаана байгаа гэж халаглацгаадаг шүү дээ. Тэгэхээр цагдаагийн нэгжтэй болсноор энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох нь ээ…

-Соёлын өвийн тухай, Музейн тухай хуулиуд маань соёлын өвийн хадгалалт, хамгаалалт дээр түлхүү анхаарч байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудад тулгуурлаад соёлын өвийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох нэгжтэй болох юм. Соёлын биет өвийн үл хөдлөх өвүүд буюу хөшөө дурсгал, булш бунхан, хэрэгсүүрийг хүмүүс санаатай болон санамсаргүйгээр гэмтээх асуудлууд гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Тухайн хэрэгсүүр, бунхан дээр эрдэм шинжилгээний баг нь эхэлж очоод малтлага хийж, зураг авч, судалгаа шинжилгээний ажил явуулснаар үр өгөөж нь чухал. Тэндээс гарч байгаа мэдээлэл нь манай улсад илүү хэрэгтэй.

-Соёлын салбар дахь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ямар байна вэ. Аймаг болгонд соёлын хэлтэс байгуулна гээд байгаа шүү дээ?

-Монгол Улс соёлын салбартаа бүтээн байгуулалтын ажлуудыг маш сайн хийж байгаа. Шинээр соёлын төвүүд баригдаж байна. Томоохон бүтээн байгуулалтууд гэвэл “Чингис хаан” хаад язгууртнуудын музей, Үндэсний урлагийн их театр байна. Мөн Байгалийн түүхийн музейн соёл амралтын цогцолборыг байгуулж байгаа. Тэнд хүмүүс очоод зөвхөн музей үзэх биш, ногоон байгууламжаар аялал зугаалга хийх боломжтой. Бас хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр “Тасганы овоо”-нд баригдах гэж байна. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа. Соёл бол хүний оюун санааны дархлаа гэж дээр хэлсэнчлэн эдгээр бүтээн байгуулалтууд дотроо үйл ажиллагаатай болгох ёстой. Өөрөөр хэлбэл, соёлын үйлчилгээ үзүүлнэ. “Чингис хаан”-ы музейд сурагчид очиж хичээлээ хийдэг, хаад язгууртнуудаа судалдаг, эргээд тэр сэдвээр нь багш нар шалгалт авдаг байхаар сургалтын хөтөлбөрт оруулдаг ч юм уу. Ийм систем үүсгэнэ. Тэнд хүүхэд залуусыг татсан төрөл бүрийн арга хэмжээ өдөр бүр зохион байгуулж байна. Тэгж байж төрийн оруулсан хөрөнгө оруулалт хэрэгцээнд орж, үр ашигтай болно. Ингэснээр соёлын хүртээмж ч өснө.

Орон нутгийн хувьд аймаг болгонд соёлын газартай болж байгаа. Соёлын үйлчилгээ үзүүлэх тэдгээр байгууллагуудаа яам нь нэгдсэн мэргэжил, арга зүйгээр хангана. Нэг ёсондоо төрийн соёлын бодлого нэг урсгалтай нэгдсэн бодлоготой явна гэсэн үг. Соёлын яамнаас баримталж буй гол бодлого бол татвар төлөгчдөөс төлсөн төгрөг болгон ямар нэгэн байдлаар үр ашигтай байх ёстой. Ингэхийн тулд соёлын хүртээмж нэмэгдэх, эсвэл соёлын үйл ажиллагаа явуулах газрын боловсон хүчнийг бэлдэх үүрэгтэй. Ерөнхийдөө гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлаж, ард түмний төлж байгаа төсвийн мөнгө үр ашигтай болох юм.

Ер нь манай салбар сүүлийн 20 гаруй жил дандаа аль нэг яамны хавсарга бодлогоор яваад ирсэн. Үндсэн бодлогын гадна орхигдоод байхаар ямар байдалтай явж ирсэн нь ойлгомжтой шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн толгойлж байсан өмнөх Засгийн газрын үед “Соёл бол Монгол Улсын хамгийн чухал салбар. Соёлыг гол бодлогуудынхаа нэг болгож авч явах ёстой” юм байна гэж үзсэн. Иймд соёлын салбарт маш их анхаарал тавьж байгаа. Соёлын яам байгуулагдаад чиглэл, чиглэлээ сайн тодорхойлоод хууль эрх зүйн орчныг сайжрууллаа. Тэгэхээр соёлын нэгдсэн бодлоготой болоод тэрэндээ дамнасан хууль эрх зүйн орчных нь сайжруулалтыг хийж, эдийн засгийн эргэлтэд орох боломжийг бий болгоод явах юм бол ганцхан улсаас татаас аваад байдаг биш, харин ч төсөвт орлого оруулна.

-Ч.Номин сайд гэхээр “Монгол HD” телевиз гэж хардаг. Таныг соёлын өвийг сурталчилах ажлыг өөрийнхөө хамаарал бүхий телевизээр цацуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэсэн шүүмж их явсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Төрийн сайд болсноос хойш хууль тогтоомжийнхоо хүрээд “Монгол HD” телевизтэй холбоогүй болсон. Түүн дотроо “Монгол HD” телевизийн хувьд аливаа нэг уран бүтээл хийж байгаа бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явуулж байгаа. Санхүүгийн харилцаанд Соёлын яам болон “Монгол HD” телевиз орсон асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Сошиалаар нэлээд хүчтэй сэвсэн бас нэг асуудал бол таны улаан хүрэмтэй зураг байв. Хятадын бодлогыг дэмжлээ гэх зэргээр янз бүрээр л шуугьж байсан шүү дээ?

-Хувцас загвар бол соёлын салбар гэж дээр хэлсэнчлэн миний бие Монголынхоо соёл урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг хувиасаа дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Аль болох монгол бүтээлээ хэрэглэхийг эрхэмлэдэг. Өмссөн хувцаснууд маань дандаа монгол дизайнеруудын урласан хувцас байгаа. Залуу хүний хувьд алдаатай, оноотой зүйл байсан байх. Хүнийг агуулгаар нь шүүмжлэх ёстой. Гэвч, эмэгтэй хүнийг, эмэгтэй улстөрчийг, эмэгтэй сайд нарыг “эмэгтэй” гэдэг талаас нь, өмссөн, зүүснээр нь шүүмжлэх хандлага илүү ажиглагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр сайд адилхан зүйл хэлэхэд, эмэгтэй гэдгээрээ илүү шүүмжлүүлдэг байж болохгүй.

Хэрвээ миний ярьж, хийж байгаа бодлого, ажил таалагдахгүй бол түүнийгээ бодитойгоор шүүмжилбэл би хүлээж авна. Бид татвар төлөгчдийн мөнгөөр төрийн үйл ажиллагааг нь зөв бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гэж яваа хүмүүс. Хүн л болсон хойно алдаа гарна. Ажил хийж байгаа хүнээс л алдаа гардаг. Эцэст нь гэж хэлэхэд, хүнийг шүүмжлэхдээ хэлбэр дүрс биш агуулга дээр нь үндэслэж мэдээллээ түгээгээсэй гэж уриалмаар байна.