Categories
мэдээ нийгэм цаг-үе

Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа дуусахад 1 хоног үлдлээ

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24:00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан.

.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост 2025 оноос дрон такси үйлчилж эхэлнэ

Өмнөд Солонгос улсад 2025 оны сүүлээс дрон такси үйлчилж эхлэх тухай газар, дэд бүтэц, тээврийн сайд мэдээлжээ. Сөүл хотын автозамын түгжрэлийг бууруулж, хотын агаарын тээврийг хөгжүүлэх зорилгын хүрээнд такси үйлчилгээг тэнгэрт гаргах гэнэ.

Сайдын амбицлаг төлөвлөгөөний дагуу 2025 оноос жолоочгүй агаарын тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх бөгөөд 10 жилийн хугацаанд дрон таксиг хэрэглээнд бүрэн оруулах аж.

Дэлхий даяар нисгэгчгүй тээврийн хэрэгслийн хөгжүүлэлт эрэлттэй байгаа бөгөөд технологийн компаниуд энэ чиглэлд хөрөнгө оруулах нь нэмэгджээ. Улмаар нисгэгчгүй тээврийн хэрэгслийн олон улсын зах зээл 2040 он гэхэд 730 их наяд вонд хүрч өсөх тооцоог Өмнөд Солонгосын тал гаргажээ. Харин тухайн үед Өмнөд Солонгосын дотоодын зах зээл 13 их наяд вон хүрсэн байх болно хэмээн үзэж байна.

Drone taxi to become available in Seoul from 2025 - Pulse by Maeil Business  News Korea

Дрон таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхийн тулд газардах, хөөрөх талбайг Сөүл хотын томоохон дүүргүүдэд байгуулах аж. Дрон такси нь 300-600 метрийн өндөрт үйлчилгээ үзүүлэх ба автомашинтай харьцуулахад зайг гурав дахин хурдан туулж, цаг хэмнэх гэнэ.

Дрон таксины анхны туршилтыг 2020 оны арваннэгдүгээр сард амжилттай туршсан аж. Тодруулбал, хоёр хүний суудалтай энэ дрон такси нь Сөүлийн төв дүүргийн дээгүүр долоон минут ниссэн байна. Тэгвэл хоёр дахь туршилтын нислэгийг Инчон олон улсын нисэх буудалд ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөжээ.

Гэвч олон улсад энэ төрлийн үйлчилгээ дөнгөж нэвтэрч эхэлж байгаа тул тогтсон стандарт, шаардлагыг боловсруулах шаардлагатай болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2515 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2515 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1067 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1448 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 16 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1185 болов.

Сүүлийн 24 цагт 6616 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20325 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн: 11137
  • Хүндэвтэр: 6670
  • Хүнд: 2128
  • Нэн хүнд: 390 хүн байна.

Гэрийн хяналтад 64019 иргэн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 158 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1475, хулгайтай холбоотой 18, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй 78 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 118, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 97, хүний биед халдсан 46, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 71, эрүүлжүүлэх байранд хоносон 158, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 54 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.

2021 оны 09 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ургац хураалт 10 хоногоор хойшилно

Улсын хэмжээнд хүнсний ногооны 50 орчим, улаанбуудайн 15 хувийг хураагаад байна. Ургац хураалтад 10 мянга гаруй оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн оролцож байгаа юм.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат “Баруун бүсүүдэд ургацын чанар сайн, Дарханы хойд хэсгээр улаанбуудай жаахан чийгтэй байна. Тэгэхээр баруун тийшээ тариаланчид шууд хураагаад гурилын үйлдвэрүүддээ буудайгаа тушааж байгаа бол зүүн талын тариаланчид ангилан хадаж байна. Бид нийт 589 мянган тн улаанбуудай хурааж авна. Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдэлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Ер нь аравдугаар сарын 20 гэхэд ургацаа бүрэн хураадаг. Энэ жил ургац хураалт 10 гаруй хоногоор хойшилж байгаа учир 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусна” гэлээ.

Энэ онд манай улс 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-г тариалсан юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэнэ.


Нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/197 дугаар тушаалаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан тус ажлын хэсэг

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус шинэчлэн боловсруулжээ.

Дээрх хуулиудын төслийг энэ оны тавдугаар сараас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ба уг хуулиудын төсөл нь одоо мөрдөгдөж буй эв санааны нэгдлээс хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурлаж, нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, мөн санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд тулгуурласан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүхэл бүтэн сумын иргэдтэй тэнцэх тооны хүмүүс ковидоор үхлээ, энэ хэвийн үзэгдэл үү..

Өчигдөр ковидоор 19 хүн үхлээ. Уржигдар 17 хүн нас барсан. Үхлийн тоо хоногоор биш, цагаар өсч байна. Үхлийн тоо 1000 давлаа, энэ хэвээр үргэлжилбэл ойрын өдрүүдэд 2000 хүрэх нь. Манай улсын нэг сумын төвд дунджаар 500 орчим иргэн л амьдардаг. Арай багахан шиг суманд бол 300 хүрэхгүй хүн бий. Их хол биш, энүүхэн Эрдэнэ суманд 78 хүүхэдтэй сургууль, 200 орчим өрх л байдаг юм шүү дээ. Говь-Алтай, Ховдын хязгаар руу хөдөө байгаа малчдаа нийлүүлээд 200 өрх хүрэхтэй үгүйтэй сумд цөөнгүй бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар томоохон нэг сумын, эсвэл багашаархан хоёр сумын хүн амтай тэнцэх тооны иргэдээ ковидоор Монгол Улс алдчихаад байна. Хамгийн аймшигтай нь энэ тоондоо дасаж, ингээд үхэцгээж байх ёстой юм шигээр хүлээж авдаг болчихсон сууцгааж байна. Хөгшин хөвөө, хүүхэд залуусаа Цар тахлаар сүйрүүлчихээд сууж байгаа нь эмгэнэл биш юм уу. Цаг хугацаа урсаж, дахиад нэг сумыг сүйрүүлэх зам дээрээ ковид хурдалж байна… Өнөөдрийн дэлхий ертөнц том, 200 гаруй улс оронтой, тэдгээрт юу эс болж, тэр бүхэнд дэлхий ертөнц дөжирсөн байгаа хэдүй ч Монгол Улс бүтэн нэг суурингийнхаа хүн амыг тахлаар сүйрүүлчихлээ гэж шуугивал дэлхий дэлдийнэ. Тийм болохоор гадныхны тусламжийг одоо авах цаг нэгэнт болжээ. Нэрэлхээд нэрээ идэхгүй. Монгол Улс сайнаараа дэлхийг дэлдийлгэж чадахгүй ч муугаараа дуудуулж дэлхийн анхааралд орох цаг болжээ. Цар тахалд хайр нигүүлсэл байхгүй болохоор бүхэл бүтэн сум суурин, хот тосгон, гацаа хошуугаараа хүйс тэмтрүүлчихээд сууж байгаагаа өнөөдөр зарлая. Өөр юу хүлээгээд байгаа юм бэ. Дэлхийн том гүрнүүдийн нэг Итали улс цар тахлын эхэн үед 2000 иргэнээ алдсан дороо шөнийн дотор ОХУ-аас тусламж гуйсныг дэлхий харсан шүү дээ. Итали нэрэлхээгүй байхад Монгол нэрээ хичээнэ гэж юу байсан юм бэ. Ингэж байж Итали аврагдсан.

Үхсэн хүнийхээ тоог хоногт хориор тоолж суугаа Монгол Улс нь хүн амын тоонд ногдох нас баралт, гурван сая хүнд ногдох нас баралтаараа дэлхийг шимшрүүлж байгааг юундаа энэ төр засаг ард түмнээсээ нуугаад байгаа юм бэ. Монголчууд гадаад хэл ус сайтай, монголоо тоож уншихаа байсан, гадаад хэл дээр л бүх зүйлийг эх сурвалжаа болгодог болсон гэж ярих нь их. Гэтэл хүн болгон мэдэх шахуу Орос дахь мэдээллүүдийг хүнд ойлгогдохоор орчуулаад нийгэмд хүргэж буй мэдээллийн сувгийг олж харахгүй байна. Ойрын өдрүүдэд Оросын хэвлэлүүд дээр Монголын талаар бензин тоож ярихгүй байгаа, “Монголчууд ковидоор үхэж, баларч байна” гэх мэдээллүүд урсаж байгаа. Тэдний мэдээллийн өнгө нь биднийг тийм нэг тавласан хандлагатай байгаа. Хятадад биднийг юу гэж байгааг мэдэцгээж байна уу, мэдэж байгаанууд нь бичээч. Монголчууд ковидоо унтрааж чадахгүй, бол бид хилээ нээхгүй нь тодорхой гэж төрийн мэдлийн мэдээллийн сувгууд яг одоо хүртэл мэдээлсээр байна. Энэ хоёр хөршийн биднийг матарлаж буй ганц баримт нь наад үхлийн тоо чинь. Орос, хятад хэл гадарладаг хүмүүс үнэхээр байдаг бол ороод хар. “Гурван сая хүнтэй Монголд ковидоор арван хүн үхэж байгаа нь үнэхээр аймшигтай” гэсэн ганцхан өгүүлбэр мэдээ бүрийнх нь гол лид болж, хувилсан юм шиг адилхан мэдээнүүдийг хоёр хөрш цацсаар байгааг хараад үнэндээ гайхаж байна. Нэг редакци дээр, нэг л сэтгүүлч бичээд нийгэмд сэвж байгаа юм шиг. Заримдаа ч бүр “Энэ хоёр хөрш чинь бодлогоор ийм мэдээг цацаад байгаа юм уу” гэж хүртэл бодохоор.

Хоёр хөршдөө бид ингэж сүйрч мөхөж байгаа харагдаж байна. Тэгвэл цаашлаад гурав дахь орнуудад Монголын тухай цөөхөн очиж байгаа мэдээлэл нь “Монгол Улс эмчгүй, эмнэлгийн оргүй болсон” тухай л байна. Өөр юу ч сайн муугаар мэдээлэгдэхгүй удаж байна. Эсвэл Монголын төр засаг гадагшаа гарах мэдээллийн урсгалыг хаачихаад байна уу. Нэг зүйлийг онцгойлон хэлье, монголчууд аа. Сүүлийн нэг жилийн дотор Монгол Улс гадаад ертөнцөд, хилийн чандад мэдээллээрээ үнэхээр хаалттай улс болчихоод байна. Энэ улсад цус асгаруулсан төрийн эргэлт болвол эрхбиш хэдэн Элчин сайдын яамдаар дамжигдан цацагдаж мэдэхээр тийм хүн үнэмшимээргүй жигтэй хачин байдалд Монгол орчихоод байна. Энэ байдлыг энгийн иргэд анзаарахгүй сууж байна. Гадаад дотоодод байгаа бүх монголчуудын сошиал хаяг төрийн бүрэн хяналтад байна. Үүнийгээ мэдэхгүй “Би өөрийн хувийн орон зайдаа дураараа жиргэж байна” хэмээн итгэн суугаа олон мянган иргэнтэй болчихож. Гэтэл тэр бүгдийг чинь цаанаас нь зохицуулан хянаж байгааг ухаарах цаг болжээ. Наад захын жишээ гэхэд, Германд байгаа дүүгээсээ хэдэн төгрөг шилжүүлэн авч буй хүн “Төрөл саднаас тэр маань төрд тийм алба хашдаг” гэж албан ёсоор бичиж байж 300 доллараа авч байна. Хэзээ ийм бүртгэлийн систем Монголд бий болчихсон юм бэ. Энэ бол эхэнд дурдсан ковидын үхлийн тооноос хальсан сэдэв биш харинчиг холбоотой юм. Учир нь юу гэхээр ингэж иргэн бүрээ хянаж чадсан төр засаг үхлийн тоо, түүний цаадах учир шалтгааныг хянахгүй байна гэж юу байх юм бэ. Цар тахал бол сүйрэл боллоо гэдгийг энэ төр засаг мэдэхийн цаагуур мэдэж, хяналтаас бүрэн алдаж, одоо хэдэн мянгад хүрэхийг багцаалах аргагүй болсон учраас үхэл бүрийн араас ард түмний тархийг угаах үйл ажиллагааг зай завсаргүй явуулж байна. Бүх зүйлийг нээнэ, дэлхийн улс орнууд цар тахалтай зэрэгцэн оршихоос өөр аргагүй болсон учраас дэлхийн жишгийг дагана… гэхчлэн суртал ухуулга явуулж, түүнтэй нь ард түмэн бид эвлэрч байна. Үнэндээ хүн төрөлхтөн үхэл хагацалтай л эвлэрэх ёсгүй. Гэтэл өнөөдрийн Монгол Улс, монголчууд эвлэрч байгаа нь дэндүү эмгэнэлтэй, харуусаад барахгүй цаг үе болж байна.

Одоо ганц л үнэн Монголд үлдлээ. Тэр юу гэхээр ирэх шинэ оны эхний өдрөөс эхлээд бүх халамж, тэтгэлэг, төрийн зүгээс ирж байгаа хөнгөлөлтүүд таг зогсоно. Монголчууд нэг талаас их өндөр хэрэглээтэй юм шиг хэрнээ нөгөө талдаа өчүүхэн жижиг хэрэглээтэй ард түмэн. 100 мянган төгрөгтэй айл хөнгөхөн амьдардаг. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн 50 хувь нь хөдөөнөөсөө холбоо тасраагүй, хоногийн хоолны махыг орон нутгаас дөхүүлэх ах дүүстэй байсаар байгаа. Гэхдээ одоо бол тэг зогсолт хийнэ. Цахилгаан дулаан, түлээ түлш, хүнсний талон, хүүхдийн 100 мянга… бүгд ирэх оны эхний өдрөөр дуусгавар болно, удахгүй өлсөж эхэлнэ. Мэдээж төр шүү юм байгаа болохоор Хятад руу зарж буй нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, алтаараа жаахан залгуулна. Гэвч ирэх хаврын өдрүүдээс Монгол Улс гаднаас зээлсэн 30 тэрбум ам.доллараа төлж эхлэх учраас тийшээ бүгдийг урсгана. Өр нь нэхэгдсэн айл, хүн ямар байдгийг та бид мэднэ. Монгол Улс яг л тийм байдалд орно. Өрөндөө баригдаж, өтөндөө бариулсан Монголын удирдагчид яах юм бэ, ард түмнийхээ хоолноос хасна, бусад бүх зүйлээс хасна. Ийм болсон эх орны иргэд эхлээд яадаг юм, өвчинд нэрвэгддэг юм аа. Дархлаагүй болдог юм аа. Цар тахал оргил үеэ хүлээж байгаа нь энэ. Энэтхэгийн ядуус шиг углааш, цамц хоёртой таван жил амьдарч болдоггүй уур амьсгал Монголд байна. Монголын хахир өвөл, хавирга нэвт сийгсэн хавар хоёр олон мянган монголчуудыг маань ирэх цаг хугацаанд энэ муухай цар тахалтай хавсран газарт булж мэдэх нь. Айл бүрийн хаалгаар энэ аймшиг орж очих нь. Ирэх жилийн яг өдийд “Бид бүтэн нэг аймгийнхаа иргэнтэй тэнцэх хүн амыг ковидоор алдчихаад байна, юу бодож байна төр засаг, улстөрчид өө” гээд бичиж суумааргүй байна. Гэхдээ гарцаагүй ирэх үйлийн үр, ингэх магадлал өнөөдрийн дүр зургаар 99 хувьтай байна. Үүнээс болгоомжлуулан ковидын үхлийн тоог харьцуулан бичиж байна. Бид мууг ёрлож бичиж байгаа юм биш, яг л ийм бодит эмгэнэл, аймшиг руу монголчууд явж байна…

Б.НЯМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia” системээр төлөх боломжтой

УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг ирэх сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон.

Тэгвэл жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Тус үйлчилгээг авахын тулд жолооч “e-Mongolia” системд

  1. Нэвтрэх
  2. Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл
  3. Тээврийн хэрэгсэл
  4. Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөөрэй.

Хэрвээ “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал тулгамдаж байгаа бол 11-11 лавлах утсанд холбогдож, 1 гэсэн товчийг дарж, шууд оператортай холбогдож, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж.

Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төв өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус үйлчилгээг авах боломжтой гэв.