Categories
xурдан-морь мэдээ

​“Баруун бүсийн хурд-2021” хурдан морины уралдаанд есөн насны 1484 морь уралджээ

“Баруун бүсийн хурд-2021” хурдан морины уралдааныг гурван өдрийн хугацаанд Ховд аймагт зохион байгууллаа. Үүнд 574 унаач хүүхэд оролцож, нийт есөн насны 1484 морь уралдсан байна.

Тодруулбал, их нас 352, азарга 211, соёолон 196, хязаалан 220, шүдлэн 199, даага 175 тус тус уралдав. Мөн эрлийз дээд насанд 65 морь, дундад 63 морь, эрлийз даага 42 тус тус уралдсан аж.

Энэхүү хурдан морины уралдааныг “Монголын Морин спорт уяачдын холбоо”-ны 25 жил, “Гиннесийн уралдаан”-ы найман жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.

Орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын зүгээс наймдугаар сарын 6-8-ны өдөр уяачид болон хурдан морь унаач хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хяналт тавьж ажиллалаа. Тус ажлын явц, үр дүнгийн талаар өнөөдөр нэгдсэн мэдээлэл хийв.

Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааны үеэр стандартын шаардлага хангасан хувцас өмсөөгүй 13 хүүхдийг илрүүлж, зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулжээ.

Мөн богино долгионы станц чихэвч хэрэгсэл 12, стандартын бус ташуур хэрэглэсэн 18 тохиолдол, зориулалтын бус малгай өмсгөсөн 26, өвдгөвч тохойвчгүй 19 хүүхдийг саатуулж, морины эзэн болон эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэх замаар стандартын хувцас хэрэгслээр хангасан байна.

Үүнээс гадна хүүхдүүд стандартын бус урт ташуур, урт суран оосор, гар утас, богино долгионы станц, чихэвч, чулуугаар хийсэн дүүгүүр, гялгар уут, хадаг, шүгэл биедээ авч гарахыг оролдсон зэрэг 34 тохиолдлыг илрүүлж, таслан зогсоолоо.

Энэ үеэр уралдааны зам хуурайшилт ихтэй, тоосжилттой байсны улмаас хүүхдүүдийн ам ангах, морьд багтрах тохиолдол гарсан. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас морьд замаас гарч, засч бэлтгээгүй зам руу орох тохиолдол гарсаны улмаас дөрвөн хүүхэд мориноос унаж, гэмтэл бэртэл авчээ.

Тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулсан бөгөөд уяач болон эцэг эхэд нь хүлээлгэн өгч, даатгалын компанид холбон зуучилсан гэж Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хурдан морины уралдаан зохион байгуулах комиссоос цаашид хүүхэд хамгааллыг сайжруулах талаар санал солилцож байгаа аж.

Учир нь зөвхөн их насны морьдын уралдааны явцад л гэхэд 30 гаруй унаач хүүхэд мориноос унаж, их бага хэмжээгээр тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл авсан гэх (албан бус) мэдээлэл бий.

Тус хурдан морины уралдааны үйл ажиллагаа, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн “Ховд телевиз”-ийн цахим хуудсаар дамжуулан үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багт төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ.

Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгааг хэллээ. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд цэргийн багууд ИБНАУ-д үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ анх удаа гадаадын цэргүүдийг нисдэг тэрэг, их бууны чиглэлээр сургаж дадлагажуулсныг онцлон тэмдэглэв. Алба хаагчдын хуримтлуулсан цэргийн хээрийн дадлага, ажиллагааны туршлага Зэвсэгт хүчний хөгжилд ихээхэн дэмжлэг болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв. Цагийн байдал болон цаг агаарын хүнд нөхцөлд ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр жишээ үзүүлсэн цэрэг эрс, тэдний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд талархал илэрхийллээ.

Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон цэрэг дайчдаа төлөөлж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ротын ахлагч, ахлах ахлагч Ш.Жамсран үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүргийн дагуу дайчин нөхөдтэйгээ хамт иргэд, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлыг нь хангах хариуцлагатай албаа нэр төртэй биелүүлсэндээ баяртай байгаагаа хэлэв.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 027 ДУГААР АНГИЙН СЭТГЭЛЗҮЙ, БИЕИЙН ТАМИРЫН ОФИЦЕР, АХМАД Т.БИЛГҮҮН:

“Хамгийн сүүлийн буюу XIII ээлжинд оролцоод ирсэн. Пулемётын цэгт гарах, афган эмэгтэйчүүдийг шалгаж нэвтрүүлэх гээд эрчүүдтэй адил үүрэг гүйцэтгэж байснаараа бахархаж байна.”

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 150 ДУГААР АНГИЙН ТАСГИЙН ЗАХИРАГЧ, АХЛАХ АХЛАГЧ Г.ЭНХСАЙХАН:

Зургаа дахь удаагаа ажиллагаанд оролцсон. Цар тахлын улмаас хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх нь бага зэрэг хүндрэлтэй байсан. Цэргийн дээд удирдлагаас медаль гардаж авсандаа баяртай байна.”

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 284 ДҮГЭЭР АНГИЙН АЖИЛЛАГААНЫ ОФИЦЕР, АХМАД Б.ДӨЛГӨӨН:

“Хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Цагийн байдал тогтворгүй, цар тахал тархсан байсан ч цэргийн баг сахилга баттай байж, хүлээсэн үүргээ биелүүлээд эх орондоо ирсэн.”

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 084 ДҮГЭЭР АНГИЙН 104 ДҮГЭЭР САЛБАРЫН ОРЛОГЧ, АХЛАХ ДЭСЛЭГЧ М.БИЛГҮҮН:

“Халдлага, дайралт ихтэй, цаг агаар, цар тахлын амаргүй нөхцөлд цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баяртай байна.”

Монгол Улс 2002 онд НҮБ-ын цэргийн ажиглагчид, 2003 оноос Ирак, ИБНАУ-д цэргийн багаа илгээсэн түүхтэй. Одоогоор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийтийн мэдээллийн тухай хуулиар төрийн байгууллагад байгаа бүх тоон мэдээллийг ил болгоно


Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн санаачлагаар зохион байгуулагдсан “Нийтийн мэдээллийн тухай”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийн төслүүдийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг танилцууллаа.

Тэрбээр “Нээлттэй мэдээллийг заавал ил байлгана. Албаны нууцаас бусад мэдээллийг заавал ил байлгана гэдэг үүргийг төрийн байгууллагуудад өгсөн. Хаалттай мэдээлэлтэй зөвхөн эрх бүхий албан тушаалтан танилцана. Хаалттай мэдээлэлтэй мэдээллийн эзэн өөрөө танилцаж болно, мөн шүүх, прокурор, цагдаа нь прокурорын зөвшөөрлөөр танилцана. Бусад ямар ч тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хаалттай мэдээлэлтэй танилцаж болохгүй гэдгийг Нийтийн мэдээллийн тухай хуульд зааж өгсөн.

Жишээ нь, нэг иргэний эрүүл мэндийн мэдээлэлтэй тухайн иргэний зөвшөөрлөөр л танилцана. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр хаалттай мэдээллийг бусад байгууллага руу шилжүүлнэ гэдэг зохицуулалтыг энэ хуульд оруулсан.

Мөн энэ хуулиар төрийн байгууллагад байгаа бүх тоон мэдээллийг нээлттэй болгож байгаа. Түүнчлэн,

  • Мэдээлэл хариуцагчийн эзэмшиж буй газрын мэдээлэл,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашиг алдагдлын тайлан удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний мэдээлэл, хяналтын зөвлөлийн бүтэц ямар байх уу, гишүүд болон гүйцэтгэх удирдллагын мэдээлэл,
  • Стратегийн ач холбогдол бүхий эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж буй татвар болон хөрөнгийн хэмжээ,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хувь хүн хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалтаас гарах, ашиглалтаас гарах орлогын бүх төрлийн мэдээлэл,
  • Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн захиргаатай байгуулсан бүх мэдээлэл зэрэг таван чиглэлийн 67 мэдээллийг нээлттэй болгоно.

Ингэхдээ төрийн байгууллагын мэдээллийн үндсэн систем нь Хур систем байна гэж анх удаа хуульчилж өгсөн.

Нэг иргэнд дор хаяж арван дугаар байна. Жишээ нь, иргэний үнэмлэхний дугаар, гадаад пасспортын дугаар, татвар төлөгчийн дугаар гэх мэт. Энэ бүх дугаарыг улсын бүртгэлийн 13 оронтой дугаар дор нэгтгэх хэрэгтэй. Энэ 13 оронтой дугаар дээр тухайн иргэний бүх мэдээллийг шивж оруулдаг болно. Гэхдээ регистрийн дугаарыг ашигладгаараа ашиглана. Регистрийн дугаараар тухайн иргэний хаана, хэзээ төрсөн, ямар хүйстэйг мэдэж болдог. Харин 13 оронтой дугаарыг хэрэглээнд гаргаснаар дээрх хувийн мэдээллээ хамгаалах боломжтой болох юм.

Мөн төрийн байгууллага, албан тушаалтнууд албан харилцаандаа заавал албаны цахим шуудан ашиглахыг үүрэгжүүлж өгсөн.

Гэрлэлт, үл хөдлөх, газрын бүртгэл зэрэг заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэхээс бусад бүртгэлийг бүгдийг нь цахимжуулна” гэв.

Сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзориг Хувийн мэдээллийн тухай хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн зэрэг мэдээлэлд юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлсон байна.

Түүнчлэн хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгажээ.

Мөн Гүйцэтгэх ажлын явцад хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг Гүйцэтгэх ажлын тухай хуулиар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газар, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Үүний зэрэгцээ хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгчээ.

Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан.

Мөн мэдээллийн эзэн нас барсан тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зохицуулалтын талаар тусгаад байна. Мөн сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор оруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган хуралдуулахаар ярилцаж эхэлжээ

Намрын ээлжит чуулганаас өмнө ээлжит бус чуулган хуралдуулаар яригдаж эхэлжээ. Одоохондоо тов тогтоогүй байгаа ч, Засгийн газар болон УИХ-т яаралтай хэлэлцэж, батлуулах хууль байгаатай холбогдуулан ийн зарлахаар болж буй аж.

Ерөнхий сайд “Шүгэл үлээгчийн хууль”-ийг батлах төлөвтэй байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Наймдугаар сард багтаж Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээж байсан.

Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шинээр хоёр Эдийн засгийн яам, Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулах сураг дуулдсан. Түүнчлэн намрын чуулганаас өмнө Оюутолгойн ТУЗ-аас Н.Багабандийг авч хаяхаар яригдаж мэдээлэл бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ковид-19” халдварын үед сайн дураар ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна

Коронавируст “Ковид-19” халдварын үед бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг бүртгэж байна.

Ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 79970101-(5) дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​0-3 насны хүүхдээ харж байгаа эцэгт тэтгэмж олгох хүсэлтийг авч эхэллээ


“Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэтгэмжид хамрагдах хүсэлтийг авч эхэлжээ.

0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргах юм байна.

  1. Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх.
  2. Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх.
  3. Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх.
  4. Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх шаардлагыг хангасан байж тэтгэмжид хамрагдах ажээ.

Эдгээр шалгуурыг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгана.

ХХҮЕГ-аас “Иргэний зүгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид хандаж, Эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлэх, эцэгт тэтгэмж олгох тухай хүүхдийн эхийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан цахим хэлбэрт шилжүүлэн системд оруулах шаардлагатай” гэв.

Сум, хорооны халамжийн мэргэжилтэндээ хандаж, мэдээлэл авахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн утаа зүүн аймгууд руу нүүдэллэж байна

Сибирийн ойн түймрийн утаа Улаанбаатарт орж ирээд байгаа билээ. Тэгвэл өнөө шөнөөс түймрийн утаа зүүн тийш нүүдэллэж багасах төлөвтэй байна. Цаашид зүүн аймгуудын нутаг болон бусад нутгаар олон хоног их, бага хэмжээгээр утаатай байх тул шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, алхалт хийхгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

П.Оростогоо: Бид иргэдийнхээ итгэлтэй туслагч нь байх ёстой

Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоотой цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ жил цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас удирдлагын манлайлал, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлыг дээшлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байна. Энэ зорилтын хүрээнд ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалах”, “Үйл ажиллагаандаа мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шуурхай байдлыг хангах” гэсэн зорилтыг дэвшүүлэн, ажиллаж байна. Дэвшүүлсэн зорилтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын “2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-г боловсруулан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны болон ахлагч бүрэлдэхүүний 2021 оны цахим сургалт, зөвлөгөөнийг анх удаа амжилттай зохион байгуулж, анги, байгууллагын 54 байршлаас 512 удирдах ажилтан, 2688 ахлагч бүрэлдэхүүнийг тус сургалтад хамруулсан. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас хүний нөөцийн бүх асуудалд хууль, журмын дагуу шатлан дэвших мерит зарчмыг баримтлан шийдвэр гаргаж байна. Төрийн алба шударга ёс, хууль дээдлэх зарчмаар явж, хөгжин дэвжих учиртай.

-Үйл ажиллагаандаа мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, шуурхай байдлыг хангах гэсэн бас нэг чухал зорилт дэвшүүлсэн юм байна шүү дээ. Ковидын үед технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа ашиглаж, хурдан шуурхай байна гэдэг бас нэг шинэ сорилт болж байх шиг байна?

-Тийм шүү. Дэлхий нийтээрээ цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан мэдээллийн технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа ашиглахыг эрмэлзэж байгаа энэ үед цагдаагийн байгууллага ч гэсэн үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологийг ашиглан алба хаагч, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг байнга хөгжүүлэхийг хичээж байна. Тухайлбал, Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор цагдаагийн байгууллагаас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгааны багтай хамтран “T-21” систем, динамикийн загварчлалыг боловсруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах, цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай хүргэж, мэдээллийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр “Е-Mongolia” нэгдсэн системээр дамжуулан 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагын хүрээнд цагдаагийн байгууллагаас “Moodle” программыг шинээр боловсруулан төрийн тусгай албан тушаалтны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, тэнцсэн 470 иргэнийг цахим сургалтад хамруулан хүний нөөцөө бүрдүүлж байгаа зэргээр дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байна.

-Цагдаагийн байгууллага чадварлаг боловсон хүчин бэлтгэх асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Чадварлаг байхаас гадна хүнлэг байх шалгуур бий юү?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 10 мянга гаруй алба хаагчдын 60.7 хувь нь бакалавр, 18.1 хувь нь магистр болон докторын зэрэгтэй алба хаагчид байна. Бид алба хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дотоод болон гадаадын их дээд сургууль, академид мэргэжил дээшлүүлэх, нарийн мэргэжлээр сургахад тогтмол анхаарч ирсэн. Тухайлбал, жил бүр Дотоод хэргийн их сургуульд ойролцоогоор 350 алба хаагч бэлтгэхээс гадна АНУ, ОХУ, БНСУ, БНТУ, БНУУ, БНХАУ, Австрали зэрэг олон улсын академи, их, дээд сургуульд жилд дунджаар 100 гаруй алба хаагчийг бакалавр, магистр, доктор, адъюнктур удирдлагын магистрын сургалтад суралцуулж байна. Мөн өндөр хөгжилтэй улс орнуудад “Үндэстэн дамнасан гэмт хэрэг”, “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх”, “Кибер, цахим гэмт хэрэгтэй тэмцэх”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх”, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх”, “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх” зэрэг богино хугацааны мэргэшүүлэх сургалтад алба хаагчдыг хамруулахын зэрэгцээ АНУ-ын холбооны мөрдөх товчоо болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас сургагч багш нарыг урьж давтан, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник технологи, ололт амжилтын талаарх туршлага, шинэлэг санал санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Бид алба хаагчдаа мэргэжлийн өндөр ур чадвартай байхаас гадна хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийн мэдрэмжтэй байх асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Бид чинь дүрэмт хувцастай бол төрийн хүн, дүрэмт хувцсаа тайлсан үедээ жирийн нэг аав, ээж, хэн нэгний энхрий хайртай хүү охин, ах дүү, амраг хань л байдаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид байх ёстой шалгуурын нэг бол хүн чанар, хүнтэй хүн ёсоор харьцах, хүнлэг энэрэнгүй зан чанар юм л даа. Хэдийгээр энэ шалгуур үзүүлэлтийг шууд хэмжиж тогтоох боломжгүй ч гэлээ бид харилцаа, хандлагаа өөрчилж, аль болох иргэн төвтэй, иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, ёс зүй, сахилга, хариуцлага өндөртэй алба хаагчдыг бэлтгэхээр зорьж байна. Тийм ч учраас хүний эрхийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алба хаагчдынхаа зан харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх, ажил мэргэжлийн онцлогоос хамаарч сэтгэл зүйн засал хийх зэргээр энэ чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа. Цагдаагийн үйл ажиллагааг чанартай, соёлтой, түргэн шуурхай хүргэх,иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг, иргэний хяналтад тулгуурлан хөгжүүлэхийн тулд үнэт зүйл болсон алба хаагчдынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадвар, харилцааны соёлыг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

-Манай улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачааллыг олон улсын түвшинтэй харьцуулахад хэд дахин өндөр байдаг шүү дээ. Хэт их ачаалалтай ажиллаж байгаа нь алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйд нөлөөлөх боломжтой юу?

-Дэлхийн жишигтэй харьцуулахад манай улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачаалал өндөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хүний эрхийн үндэсний комиссын 2015 оны 14 дүгээр илтгэлд хүртэл цагдаагийн алба хаагчийн ажлын ачаалал өндөр байгаа талаар дурдсан байдаг. Цагдаагийн байгууллага хүний нөөцийн дутагдалтай, алба хаагчдын ачаалал өндөр байгаа асуудлыг төр засгийн удирдлагууд хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар цагдаагийн байгууллагад 650 орон тоо, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр криминологи судалгаа, сүүлийн үед үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдалд үндэслэн “Шөнийн эргүүлийн хэлтэс”, “Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс”-ийг байгуулсан. Мөн иргэдтэй хамгийн түрүүнд нүүр тулан, өндөр ачаалалтай ажилладаг хэсгийн байцаагч, замын цагдаагийн зохицуулагч нарын орон тоог нэмэгдүүлснээр цагдаагийн ажил, үйлчилгээ иргэдэд илүү ойртох боломж бүрдээд байна.

Хүний нөөцийг оновчтой зөв байршуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байна.

-Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?

-Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэдээс гомдол, хүсэлт нэлээд ирүүлдэг. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчтай холбоотой мэдээ, мэдээлэл хүлээж авах 126 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалган шийдвэрлэж, гомдол гаргагчид хариу өгч байна. Олон улсад хийсэн судалгаагаар хамгийн их ачаалалтай, ажлаас халшрах хам шинжийг үүсгэдэг таван мэргэжлийн нэгээр цагдаагийн албыг нэрлэсэн. Түүнчлэн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн 65 улсад явуулсан судалгаагаар цагдаагийн алба хаагчийн гэр бүл нь бусад төрөл мэргэжлийн гэр бүлээс илүү тогтворгүй, салалт өндөртэй байгааг тодруулж, гишүүн улс орнуудад цагдаагийн алба хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад анхаарах шаардлагатайг сануулсан байдаг. Дээр дурдсанчлан цагдаагийн байгууллага 10000 гаруй алба хаагчтай. Алба хаагчдын маань 85.6 хувь нь 20-35 насны залуучууд байдаг. Сургуулийн ширээнээс шууд нийгмийн харилцаанд оролцдог. Алдах онох зүйл гарч байгаа. Тэр болгон дээр нь зааж, зөвлөх, ажлын байранд нь сурган дадлагажуулах, дасан зохицох, зөв дадал, хэвшлийг эзэмшүүлэх, сахилга, ёс зүйг төлөвшүүлэхэд ахмад, дунд залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх, уламжлал-шинэчлэлийг хослуулах чиглэлээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллага төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд нийгмийг эмчлэгч эмч гэж ойлгодог. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн онцлог нь ажлын байрны стресс депрестт их өртдөг, нийгмийн голдуу сүүдэртэй талд нь явдаг. Тиймээс энэ байдалд дүгнэлт хийж цагдаагийн байгууллагын бүтцэд Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэсэг байгуулснаас хойш нийт алба хаагчдын 20 хувь буюу 2300 орчим алба хаагчаас сэтгэл зүйн суурь судалгаануудыг авч, тэдний сэтгэл зүйн бэлтгэлжилт, харилцааны ур чадвар, стрессийг даван туулах байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой төрлийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. Алба хаагчдыг сахилга, ёс зүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бие биедээ зарчимч шаардлага тавьж, бүтээлч, шинэлэг санал, санаачилгыг дэмжих, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын тоог бууруулах зорилгоор “Өнгө нэмцгээе-2020”, “Хувь хүний төлөвшил”, “Хорт зуршил-Эрүүл бие”, “Хуульч ажиллагаа”, “Харилцаа-Хандлага”, “Хариуцлагатай алба хаагч”, “Үлгэрлэл, манлайлал” зэрэг аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар сахилгын зөрчил 27.7 хувиар буурсан үр дүнтэй байгаа.

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор манай улсад хэд хэдэн удаа хэсэгчилсэн болон бүх нийтийн хөл хорио тогтоосон. Энэ үед гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдсэн нь цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс харагдаж байна. Дээр дурдсан 650 алба хаагчаас хэд нь хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажиллахаар томилогдсон бэ?

-Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо өссөн. Тиймээс Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчийн орон тоог олон улсын жишигт нийцүүлэн 8000 хүүхэд тутамд нэг хүүхдийн байцаагч байхаар тогтоолгон, дээр дурдсан 650 орон тооноос хүүхдийн байцаагчаар 103 орон тоог шийдвэрлүүлснээр насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдээ гэмт үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх, татгалзуулах ялангуяа Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудаа гэнэн томоогүй зангаар хөл алдах вий, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт хэргийн хохирогч болох вий хэмээн аав ээжээс нь дутахгүй санаа зовдог. Хүүхэд аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдоно гэдэг бол асран хамгаалагчид, эцэг эхчүүд, томчууд биднээс шууд хамааралтай байдаг.

Тэд эрх зүйн чадвар, чадамжгүй, аливаа шийдвэр гаргахдаа бүрэн төлөвшөөгүй байдаг учраас бие даасан иргэн болж төлөвших хүртэл эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хариуцлагын асуудал яалт ч үгүй яригдана.

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх ажил үр дүнгээ хэр өгч байна?

-Өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бие даасан 800 орчим хуулиас Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг 110 гаруй хууль, дээр нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоол, захирамж гээд 153 эрх зүйн актуудыг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.Цагдаагийн байгууллага иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхааруулах, болгоомжлуулах үүднээс цагдаа “Иргэдийнхээ итгэлтэй туслагч нь байх ёстой” гэж үздэг. Бид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ”, “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2020”, “Сүүдэр бүү тусга”, “Хайр өвтгөдөггүй”, “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй”, “Ирлээ, Явлаа, Цэвэр”, “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая”,“Мөрөөдлийн шүхэр”, “Түлхүүр”, “Тэнэмэл”, “Эко-2021”, “Нөхөн сэргээлт-2024”, “Зэрлэг амьтдаа хайрлая” “Ирээдүйгээ хамгаалъя” зэрэг аян, арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулснаар сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт 11.4-25 хувиар буурч, илрүүлэлт 0.8-8.5 нэгжээр өсч, иргэд, олон нийтийн талархлыг хүлээсэн нь алба хаагчдын маань хичээл зүтгэлтэй холбоотой юм.

-Эх орон, ард түмнийхээ төлөө төрдөө тангараг өргөсөн гэдгээрээ сайн, муу бүх зүйлд цагдаагийн алба хаагчид гомдоллох эрхгүй, хамгийн түрүүнд ажиллаж байдаг. Алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байгаад бид бүхэн баяртай байдаг.

Сүүлийн жилүүдэд Мөрдөн байцаах алба, аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн конторын 25, сум дахь хэсгийн төлөөлөгчийн байр (кобан) 329, замын хөдөлгөөний хяналтын постын 61 барилга, Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчийн байр, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт “Бэлтгэлжилтийн танхим”-ыг тус тус шинээр барьж ашиглалтад оруулснаар сүүлийн 20 жилийн хугацаанд тус агентлагийн хэмжээний барилга байгууламжийн 90 орчим хувийг шинэчилсэн.

Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр “Цагдаа хотхон-Амгалан” 780 айлын орон сууцны цогцолбор хорооллын дөрөвдүгээр ээлжийн 240 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад орууллаа.

Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэсэн нийт алба хаагчдад 7.9 тэрбум төгрөг олгосон.Түүнчлэн бид батлагдсан төсөвтөө багтаан бие бүрэлдэхүүнээ үндсэн цалингийн 20 хувиар урамшуулан, шөнийн ээлжинд эргүүл, жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хоногийн хоолны зардлыг нэг дахин нэмж 10.000 төгрөг болгон шинэчилсэн.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг анх мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийг цагдаагийн алба хаагч гэдгийг иргэд төдийлөн сайн мэддэггүй байсан болов уу. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй түүхэн цаг үед М.Уранцэцэг олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж хамт олныхоо баяр дээр нь баяр нэмлээ шүү дээ?

-Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдын медалийн салхийг хагалж хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч М.Уранцэцэгийг бахдам амжилт гаргасанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн төдийгүй Монголын ард түмэн бахархаж байгааг харахад сайхан байна. Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн тэгш ойн хүрээнд алба хаагч маань олимпийн медаль хүртэж баяр дээр минь баяр нэмсэн сайхан үйл явдал тохиолоо.

Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнээс анх удаа онцгой гавьяа байгуулсан дөрвөн алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” хэмээх хүндтэй шагналыг хүртсэн бахдам амжилтуудаар бид түүхт 100 жилийн ойгоо угтаж байна. Монгол Улсын Засгийн газраас долдугаар сарын 19-ний өдрийг Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд 100 жилийн ойгоо цар тахлаас шалтгаалан хойшлуулаад байгаа хэдий ч алба хаагчдынхаа санаачилгаар бүтээн байгуулалтын олон төрлийн ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлээд байна. Тухайлбал, төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан, албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар алтан амиа өргөсөн 110 алба хаагчийнхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээж, алба хаагчдынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүллээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж бидэнд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлдэг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлье. Ингээд Монгол Улсын төрийн соёрхолт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн “Хүн, төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэдэг. Цагдаа-Монгол Улсын амар амгалангийн дархлаа юм” хэмээх сайхан үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөе.

П.БАТЗАЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Сүм, хийдийг удаа дараа тоносон этгээдүүдийг илрүүлжээ

Сүм, хийдүүдээс бурхан хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд хулгай орж Майдар бурхан гурван ширхэг, Богд зонхов бурхан шавьтайгаа 2 ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан 1 ширхэг, нийт 6 ширхэг бурхад алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлжээ.

Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд анхны агаарын дүүжин ресторан нээгджээ

Улаанбаатар хотод, Их тэнгэрийн амаас зүүн тийш хоёр км зайтай байрлах “Туул гарден”-д “UB in the Sky” агаарын дүүжин ресторан нээгджээ. Тус ресторан нь кранаар өргөгдсөн байх бөгөөд 45 метрийн өндөрт байрладаг аж.

Нэг удаадаа 18, нэг өдөрт 200 орчим хүн хүлээн авах чадалтай бөгөөд ирсэн зочдоос гадна 4-5 хүн ажилладаг байна. Рестораны гол хэсэгт тогооч, зөөгч, комедиан, аюулгүй албаны ажилтан ажиллаж, зочдыг хамгаалалтын бэхэлгээтэй суудалд суулгаж, хотын нөхцөл байдлыг агаар дээрээс тольдонгоо тансаг зэрэглэлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

No description available.

Тус ресторанаар нэг цаг үйлчлүүлэх нэг хүний төлбөр нь 200 мянган төгрөг. Үүнд, амьд хөгжим эсвэл комедиан сонголтоор, европ хоол, зууш, дессерт, уух зүйлс багтжээ. Үүнээс хойш цаг сунгах тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг байна.

Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар рестораны зохион байгуулагчаас тодруулахад “Бид бүх үйлчлүүлэгчдээ бэхэлгээтэй сандалд суулгаж, аюулгүй албаны ажилтанг байнга байлгадаг. Энэхүү төхөөрөмжийг өмнө нь БНХАУ-д аюулгүй ашиглаж байхад нь захиалж хийлгэсэн. Аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж болно” гэлээ.

Агаарын дүүжин ресторан нь зөвхөн Улаанбаатар хотод биш Энэтхэгийн Нойда, Банглоре, Мумбай, Английн Лондон, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотуудад алдартай, сүлжээ ресторан юм.