Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчулуун: Төрийн ажлыг мөнгө гэж хардаг албан тушаалтнууд олон байна


– Төрийн албаны хууль бус үйлдлийг илчилдэг, хариуцлага тооцдог, халдаг, чөлөөлдөг системийг ил тод болгох ёстой –

Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анх ажлаа хүлээж авахад Замын-Үүд дэх хилийн мэргэжлийн хяналтын нөхцөл байдал ямар байв. Ажил хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа дурдвал?

-Долдугаар сарын 9-ний өдөр Хилийн мэргэжлийн хяналтын ажлыг хариуцаж ажиллахаар болсон. Энд ирээд шинээр санаачилж хэд хэдэн ажлуудыг хийгээд үр дүн нь гарч байна. Нэгдүгээрт, Замын-Үүд сумыг ногоон болгох зорилгоор Нэг өрх – нэг шинжилгээг авч хөл хорио тогтоож, эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс бурууллаа. Хоёрдугаарт, экспорт -импорт талд халдваргүйтгэлийн хоёр байгууламжийг суурилуулж өдөрт 300 гаруй автотээвэр хэрэгсэл, сард 6500 гаруй автотээвэр хэрэгсэлд гадаргуугийн халдваргүйтгэл автоматаар хийж хилийн боомтод шуурхай үйлчилгээг бий болголоо.

Мөн хилийн цэсэд улаан, шар, ногоон бүсчилэлийг тогтоон, эмх цэгцэнд оруулж эрүүл мэндийн үйлчилгээний цэг, бүртгэлийн цэг , тусгаарлан ажиглах байр, хог хаягдалын цэг, техникийн цэг зэргийг байршуулан тохижилт хийн зөв урсгалд оруулж үйлчлүүлэгч нарын цагийг хэмнэж түргэн шуурхай үйдчилгээг үзүүлж чадлаа . Үйлчилгээ авч байгаа иргэд маш их талархаж байгаа. Түүнчлэн Замын-Үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 ААН иргэн төрийн байгууллагуудад ковидоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч гүйцэтгэлийн хяналтыг хийж ажилласны үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтгэл хаалга, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтгэлийн төхөөрөмжүүдийг шинээр бүрэн суулгаж үйлчилгээгээ явуулаад эхэлсэн. Импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тоо анх ирэхэд өдөрт 100 байсан бол одоо 190 хүрсэн. Ачааны жин тонн 50-60 тонн ачиж оруулж ирж байсаныг 100-120 тонн болгож нэмэгдүүлснээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан 50.0 мянган тонн ачааны 30.0 мянган тонн оруулаад ирсэн, үлдэгдэл 20.0 мянган тонн ачааг татан авч байна. Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр удаа дараа жолооч нартай уулзалт зохион байгуулж гэрээ байгуулан 10 саяд барьж ажиллаж эхэллээ. Мөн гэрээ зөрчсөн 6 тээврийн хэрэгслийн D зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд ямар нэгэн байдлаар маргаангүй ажил урагшилж байна. Мөн Гааль, Мэргэжлийн хяналтын албан хаагчдыг өглөөний 06:00 цагаас эхлээд орой 21:00 цаг хүртэл өдөрт бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж хяналтын талбайгаас чөлөөлж гаргаж хэвшсэн зэрэг олон ажил бий.

-Шинээр байгуулсан халдваргүйтгэлийн байгууламжийг хэд хоногийн дотор байгуулсан бэ?

-Өмнө нь ашиглаж байсан халдваргүйтгэлийн байгууламжийг наадмын өдрүүдэд буулгасан. Ингээд долдугаар сарын 20-30-ны хооронд шинэ ариутгалын байгууламжийг барьж байгуулсан. МХЕГ-аас шинээр угсрах байгууламжийг БНХАУ-руу захиалчихсан байсан. Ингээд захиалгын дагуу орж ирсэн байгууламжид хяналт тавьж, уг байгууламжийг 10 хоногийн дотор босгосон. Энэ хугацаанд өмнө нь ашиглаж байсан байгууламжийн суурийг цэвэрлүүлж, эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлүүлсэн.

-Өмнө нь ашиглаж байсан халдваргүйтгэлийн байгууламжийг хэзээ анх суурилуулсан юм бол. Хэр хугацаанд ашигласан бэ?

-Тэр талаар нарийн хугацаа хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч сүүлийн нэг жил ашиглаж байсан юм билээ.Харин сая шинээр босгосон байгууламжийг МХЕГ-аас зарласан тендерт шалгарсан “Говел ган” ХХК угсарч суурилуулсан.

-Өмнө нь Замын –Үүдийн хилийн мэргэжлийн хяналттай холбоотой гарч байсан хүндрэлтэй асуудлууд эхнээсээ шийдэгдсэн гэж ойлгож болох уу?

-Хилийн цэс дээр маш замбараагүй, тодорхойгүй зүйл олон байсан л даа. Манайхан халдваргүйжүүлэлтээ олон улсын стандартын дагуу хийхгүй байснаас болоод ачаа тээврийн гацаа үүссэн асуудал яригдаж байсан. Тиймээс хилийн боомт дээр мөрдөгдөх ёстой стандартыг мөрдүүлж ажилласнаар нэгдүгээрт, экспорт импортоор ачаа бараа тээвэрлэхэд ковидоос урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа олон улсын стандартын шаардлагад хүрч очиж чадсан. Түүнчлэн бид долдугаар сарын 19-нөөс Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын тасагтай хамтарч тус суманд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, 311 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж мэдэгдлийг хүргэсэн. Уг зөвлөмжид коронавирусийн халдвараас сэргийлэхэд иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үүрэг оролцоо ямар түвшинд байх ёстой вэ, ажил эхлэхээс өмнө болон дараа, цайны цагаар хэрхэн халдваргүйжүүлэлт хийх вэ зэрэг мэргэжлийн мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн. Үүний хүрээнд дээр дурдсан 311 иргэн, аж ахуйн нэгжийн 196 газрын үйл ажиллагаа шалгасан. Уг шалгалтаар 99 иргэн, аж ахуйн нэгжүүд мэдээлэл, зөвлөмжийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш сайн авч хэрэгжүүлсэн бол, 111 газар шаардлага хангаагүй. Тиймээс шаардлага хангаагүй газруудад дахин шаардлага хүргүүлж наймдугаар сарын 15-наас хоёр дахь удаагийн шалгалтыг зохион байгуулах гэж байна. Хэдийгээр хилийн мэргэжлийн хяналтын алба сумын МХГ-ын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй боловч Шадар сайдын 08 дугаар тоот тушаалын дагуу сумын мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Үүний үр дүнд Замын-Үүдийн 12 хяналтын цэгт зөвлөмж хүргүүлснээр бүгд ариутгалын хаалгатай, бичиг баримт, ариутгагчтай болж, ковидоос урьдчилан сэргийлэх ажил хангагдсан. Иргэд, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж мэдээллийн дагуу үүрэг, оролцоогоо сайжруулсан.

-Хилийн мэргэжлийн хяналт дээр ямар төрлийн зөрчил түлхүү илэрч байна. Илэрсэн зөрчил дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Өнгөрсөн хугацаанд 1010 аж ахуйн нэг, иргэний 424.792 тонн, 1.725418 ширхэг, 10 толгой амьд мал амьтан, бусад бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна. Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд зөрчил дутагдал нэлээд илэрч байна. Нийт 24 аж ахуйн нэгжийн 541 тн, 324 кг, 85167 ширхэг бараа бүтээгдэхүүнд зөрчил илрүүллээ. Хаяг, шошго тодорхойгүй 16 тонн хатаасан үзмийг улсын орлогод авч, “Дийлэгч тэнгэр” компанийн, бичиг баримтын зөрчилтэй транзит тээврийн 16 чингэлэг 392.1 тн рафсын үрийг буцаасан. Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд хураасан болон устгах бараа бүтээгдэхүүнийг шилжүүлж ажиллалаа. Гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй 12.6 тн шар будааг устгасан. Бид төрийн албан хаагчийн хувьд хэм хэмжээгээ барьж ажиллана. Ялангуяа хил гаалиар хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй, байцаагч нар хууль ёсны шаардлага иргэн, аж ахуйн нэгжүүдэд тавьж, түргэн шуурхай үйлчлэхийг хичээж ажиллаж байна. Хилээр орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний бичиг баримт бүрдүүлэлтийг 24 цагийн дотор хийгээд энэ хугацаанд гаргаж,чирэгдэл хүндрэл учруулахгүй байх зэрэг шаардлагыг улсын байцаагч нартаа тавьж байгаа. Энэ шаардлагын хүрээнд ямар ч бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор гаргах боломжтой гэдэг нь харагдаж байна.

-Энэ хугацаанд лабораторийн шинжилгээнд өгсөн бараа бүтээгдэхүүний хариуг гаргах, хяналт тавих боломжтой байна уу?

-Өдөрт нь гаргах боломжтой лабораторийн шинжилгээний хариуг нь гаргаад, тухайн өдрөө амждаггүй тахианы мах зэрэг бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот руу шууд лацдаад явуулж байгаа. Ингээд Улаанбаатар хотын гүний хяналт терменалийн цэг дээр очихоор нь лацыг нь задлаад шинжилгээг авч байгаа. Учир нь ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд Замын-Үүд дэх 12 цэг дээр ачаа хонуулах шаардлага байхгүй.

-Замын-Үүд дэх хилийн хяналтын үйл ажиллагаа сайн байхын хэрээр нийслэл хот руу орж ирэх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоо буурна шүү дээ?

-Мэдээж бууралгүй яахав. Зарим иргэн, аж ахуйн нэгжүүд барилгын материал дотор хүнсний бараа бүтээгдэхүүн нууж оруулж ирэхийг завдаж байна. Тухайн хүнсний бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй, гарал үүслийн бичиггүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой биш. Мөн эм эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн бичигтэй оруулж ирдэг. Гэтэл тусгай зөвшөөрлийн бичиггүй хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирж байна.

-Зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно. Мөн хууль бусаар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хурааж Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлдэг.

-Хилийн байцаагчидтай холбоотой авлигын асуудал хөндөгддөг шүү дээ. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна?

-Төрийн хүнд суртал гэдэг чинь ерөөсөө л энэ асуудал шүү дээ.Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагуудын оруулж ирж байгаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүн дээр бичиг баримтын бүрдүүлэлтийг удаан хугацаанд хийдэг, өдөрт нь гаргадаггүй, хүнд суртал гаргадаг. Үүний цаана төрийн ажлыг мөнгө гэж хардаг албан тушаалтнууд олон байна. Ямарваа нэг байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд дарамт шахалт үзүүлдэг, олон хоногоор бараа бүтээгдэхүүнийг нь саатуулдаг. Үүний цаана хувь хүний авлигын асуудал харагдаад байгаа юм. Зөрчил дутагдал илрүүлэхгүй байгаагийн цаана ч авлигын асуудал харагдаж байна. Тиймээс зөрчил дутагдал илрүүлдэг, хариуцлагыг нь тооцдог, өдрийн ажлыг өдөрт нь, цагийн ажлыг цагт нь хийдэг байх шаардлагыг байцаагч нартаа тавьж байгаа. Ийм шаардлага тавихаар бүх хүн биелүүлж чадаж байна. Энэ шаардлагыг бид зүгээр ч нэг тавиагүй. Хэрэв уриа лоозон маягтай “Ажлаа сайн хийгээрэй” гэвэл үр дүн гарахгүй. Тиймээс энд ажиллаж байгаа байцаагч нарынхаа өдөр тутам хийсэн ажлыг дүгнэж байна. Тухайлбал, байцаагч өглөөний 08:00 цагаас оройн 20 цаг хүртэл хичнээн тээврийн хэрэгсэлд хяналт тавьсан, ямар бүтээгдэхүүн дээр тавьсан, хэдэн төрлийн зөрчил дутагдал гаргасан, ямар иргэн, аж ахуйн нэгжийн материалыг хэдэн цагийн дотор бүрдүүлэлт хийж гаргасан гэх мэтчилэн хувь хүний ажлын үзүүлэлтийг нарийн дүгнээд ирэхээр хариуцлага аяндаа өндөр болж байна. Иргэдээс орж ирсэн гомдлыг хамт олных нь дунд нээлттэй хэлэлцэж байна. Тухайлбал, өглөөнөөс орой хүртэл бичиг баримтын бүрдүүлэлтийг нь хийж өгөөгүй өөр дээрээ дараад, хүлээлгэсэн зөрчил гарсан. Ийм зөрчил гаргасан байцаагчийг ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, арга хэмжээ аваад явж байна. Төрийн ажил хаана удаашраад байна гэхээр төрийн чиг үүргийг төрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа хувь хүнээс болж унадаг. Нэг хүний хариуцлагагүй алдаа дутагдал, нийтийн алдаа дутагдал болж харагддаг. Тиймээс гол зарчим бол хувь хүний хариуцлагыг өндөрт байлгахыг шаардаж байна. Хүн бүр ажил үйлчилгээгээ төрийн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүл гэдэг шаардлага тавьж байгаа. Улсын байцаагчдыг авлигаас ангид байлгах, хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлэхийг шаардаж ажиллаж байна. Зөрчил дутагдад гаргасан тохиолдолд ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж тухай бүрд нь сахилгын арга хэмжээ тооцож ажиллаж байна. Байгууллага удирдана гэдэг бол хувь хүн бүртэй тулж ажиллаж, хувь хүний ажлыг нэг бүрчлэн дүгнэж, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцож ажиллана. Өнөөдрийн байдлаар хариуцлага алдсан хоёр байцаагчийн асуудал яригдаж байна. Тэдэнд тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх шийдвэр гаргаад явж байна.

-Гаднаас томилогдож очсон хүн байгууллага удирдана гэдэг амаргүй. Хамт олноо өөрийн арга барилаар удирдах, тогтсон хэв маягийг өөрчилж, үзэл санаагаа хүлээн зөвшөөрүүлж, ойлголцох тийм ч амар биш шүү дээ?

-Манай нийгэмд байгаа нэг хүндрэлтэй асуудал бол зарчмын, хууль ёсны дагуу шударга шаардлага тавьсан хүмүүсийг үзэн яддаг болчихсон. Тийм хүнийг ямар ч хамаагүй аргаар харлуулж, дайрч доромжлохыг оролддог. Энэ асуудал ганцхан Замын-Үүдэд байгаа ч асуудал биш л дээ. Нийгмээрээ ажил хийж байгаа хүнийг баалдаг, ажил хийдэггүй, бусдад ая тал зассан, худал хуурмаг, хууль бус үйлдлийг нь нуун дарагдуулдаг хүнийг дэмждэг. Хууль бус үйлдэл хийдэг хүмүүс нийгэмд зөв шаардлага тавьдаггүй юм байна. Би өнөөдөр шударгаар ажилласныхаа төлөө маш их доромжлол амсаж байна л даа. Гэтэл өөрөө хууль бус зүйл хийдэг, түүнийгээ хамт олонтойгоо хуйвалдчихсан, эсвэл хамт олондоо зүй ёсны шаардлага тавих эрхгүй, аманд нь орчихсон албан тушаалтнууд байна. Тэд үнэн зөв шаардлага тавих гэхээсээ илүү муу муухай үйлдэл дээр хамтардаг, биенийгээ өөгшүүлдэг байдлаа сайн удирдагч гээд ойлгочихдог, албан тушаалдаа эзэн болж чадаагүй, албан тушаалыг амин хувьдаа ашигладаг, мөнгө гэж хардаг зарим нэг хүнээс болж хамт олон хохирдог нь харагдаж байна л даа. Хамт олныг зөв удирдаад, зөв шаардлага тавиад явахаар зорилгынхоо төлөө нэг зүгт хараад ажиллаж байна. Намайг ажил авсны дараа нэг байцаагч “Таныг ирээд ажил удирдаж байгаад үнэхээр талархаж байна. Удирдах албан тушаалтнуудаас хөндлөнгөөс ирж байгаа хууль бус дарамт шахалт нь улсын байцаагч хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэхэд дарамт шахалт болдог” гэж хэлсэн. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд удирдлагандаа ажиллаж байгаа ажилчиддаа хууль бус шаардлага тавьдаг асуудал байсан юм байна гэдгийг олж харсан. Бид төрийн хуулийг хэрэгжүүлж байгаа байцаагч нарынхаа эрхийг хууль ёсны дагуу хамгаалах ёстой.

-Удирдлага хүн ажилтнаасаа хууль бус зүйл шаардана гэдэг бол ёс зүй, ёс суртахууны асар том доголдол байгааг харуулж байна л даа?

– Энэ асуудлыг хоёр талтай гэж хардаг. Нэг талаасаа төрийн томилгоо эзнээ олох шаардлагатай байна. Төрийн томилгоо шударга, эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах сэтгэлтэй зүрхтэй хүн томилогдчихвол дээр дурдагдаж байгаа асуудал хаана ч яригдахгүй. Төрийн томилгоон дээр хувийн эрх ашгаар томилогдчихсон хүмүүс байхаар хувийнхаа эрх ашиг, ах дүү хамаатан садан, жалга довны эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй үйлдэл гаргадаг нь харагдаад байна. Тиймээс бид хаана ч байсан төрийн ажлыг хэм хэмжээнд нь хийдэг, шаардлагаа хэм хэмжээнд нь тавьдаг, цаана нь ард иргэд, албан тушаалтнуудынхаа эрх ашгийг хууль ёсны хүрээнд хамгаалдаг байх ёстой. Түүнчлэн хууль бус үйлдлийг нь илчилдэг, хариуцлага тооцдог, халдаг, чөлөөлдөг системийг ил тод болгох ёстой. Аливаа асуудал далд, бүрхэг байх тусмаа л аюул дагуулж байдаг.

-Зарим иргэд Засгийн гараас томилогдож очсон хүмүүс ажлаа хийхгүй байна. Дээрдсэн зүйл алга гэсэн шүүмжлэл хэлж байна л даа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Сарын хугацаанд экспортоор өдөрт 110, долоо хоногт 770, сард 3300 гаруй автотээврийн хэрэгсэлд гадаргуугийн хяналт тавьж, халдваргүйтгэл хийж байна. Импортын хяналтыг өдөрт 160-170, долоо хоногт 1200, сард 5100 гаруй автотээврийн хэрэгсэлд хяналт тавьж халдваргүйтгэл хийж байна. Анх биднийг ажил авахад экспортод гарах автомашины цуваа 3000 гарчихсан байсан. Энэ бүх авто тээврийн машинууд хилээр гарчихсан. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн тоо биднийг ажил авахад 100 байсан. Одоо хамгийн дээд тал өдөрт 187 тээврийн хэрэгсэл орж ирж байна. Тэгэхээр сардаа 6000 орчим тээврийн хэрэгсэл орж ирж байгаа. Эрээн хотод 50 мянган тонн ачаа төвлөрчихсөн байсан. Бид өмнөх сарын 30-ны өдрийн байдлаар 30 мянган тонн ачааг татан авсан. Үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сарын 20 гэхэд татаж дуусгана. Нэг тээврийн хэрэгсэл хамгийн багадаа 100 тонн ачаа ачсан гэж тооцвол 140-150 мянган тонн ачаанд хяналт шалгалт тавьсан гэсэн үг. Экспортод гарсан 3800 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байна. Энэ ачаа эргэлт мөн биз дээ. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн зургаан сарын турш хуримтлагдчихсан байсан ачааг сар гаруй хугацаанд татан авч байна гэсэн үг.

-Стратегийн чухал ачаа бараа оруулж ирнэ гэх нэрээр тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслүүд зөвшөөрлөөсөө өөр бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил илрүүлсэн гэсэн. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?

УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдолтой онцгой бараа бүтээгдэхүүн оруулж ирэх тусгай зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг дараалал дугаарт оруулахгүйгээр нэвтрүүлж байгаа. Гэтэл сумын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдваргүйтгэлийн байгууламж оруулж ирнэ хэмээн гарсан тээврийн хэрэгсэл Эрээнээс бэлэн гоймон ачиж оруулж ирсэн. Мөн “Эрдэнэт” ТӨҮГ-ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл стратегийн бүтээгдэхүүн болох ширмэн хаалт нь “Эрдэнэт” үйлдвэрт нэн чухал бараа, бүтээгдэхүүн гэж зөвшөөрөл авсан боловч оронд нь барилгын материал оруулж ирсэн зөрчил гаргасныг шалгалтаар илрүүлсэн. Тиймээс зөрчил гаргасан тээврийн байгууллагын D зөвшөөрөлийг зургаан сараар цуцаллаа. Ажил хийж байгаа бол хариуцлагын тухай зайлшгүй ярина. Хариуцлагаа өндөр болгох ёстой.

П.Батзаяа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Их наяд плаза”, “Баянбүрд”, “Зүүн дөрвөн зам”-ын уулзварыг хааж засвар үйлчилгээ хийнэ

Авто замын эвдрэл гэмтэл болон шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим хэсэгт хөдөлгөөнийг хааж, засварын ажил хийж байгаа билээ.

Тухайлбал, өнөөдрийн 22:00 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, олимпийн гүүрнээс “Их наяд плаза”-ийн урд зам хүртэл 0.5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлж, наймдугаар сарын 12-ны 06:00 цаг хүртэл хийнэ. Энэ хугацаанд тухайн автозамын хөдөлгөөнийг хаана. Иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.

“Баянбүрд”-ийн тойргийн зам засварыг маргаашийн 23:00 цагт эхлүүлнэ

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Баянбүрд”-ийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон, автозамын тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

“Зүүн дөрвөн зам”-ын уулзварын засвар маргаашийн 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн байна.

Иймд жолооч та бүхэн доорх зураглал, тэмдгийн дагуу бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хичээлийн улирлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас аврах ажиллагааны тоног төхөөрөмж хандивлалаа

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн тэргүүн ахлагч Брайн Грийнээрээр ахлуулсан ажлын баг Онцгой байдлын газрын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр алба хаагчдад уулын болон усны аврах ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивласан юм.

Мөн аврагчдыг чадавхжуулах сургалт хийхээр төлөвлөсөн цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан сургалтыг ирэх аравдугаар сард хийхээр боллоо гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5408 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно


нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Авлигын эсрэг комиссын нэн түрүүнд хийх ажил Дарханы замын тендерийг шалгаж, Б.Энх-Амгаланг гишүүнээс нь эгүүлэн татах юм

Улаанбаатар-Дарханы зам гэж “там” болоод хэдэн жилийн нүүрийг үзлээ. Хамгийн их ачаалалтайд тооцогддог Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг Засгийн газар 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаараа гаргасан байдаг. Нийтдээ 204.11 км замыг хоёр жилийн дотор барьж, 2020 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн боловч уг зам өнөөдрийг хүртэл шороо тоостойгоо зууралдсан хэвээр байгаа.

Үндсэндээ одоо бол 2024 оноос өмнө амжиж энэ зам дуусвал их юм болохоор болчихоод байна. Саявтар Дарханы зам ашиглалтад орсон гэсэн мэдээ “Цагийн хүрд”-ээр явлаа. 200 км замын 100 гаруйхан км нь л ашиглалтад орсон, бусад нь орох байтугай ажил нь эхлээгүй байгаа. Энэ талаар Дарханы гишүүн нь өөрөө хэлсэн. Одоо л шүүхийн ажил нь эхлэхэд бэлэн боллоо гэж. Энэ шүүх нь замын тендерээ булаацалдсан л шүүх хурал болох юм. Тэгэхлээр тендер нь ч зарлагдаагүй байгаа зам хэзээ ашиглалтад орох вэ гэдэг нь тодорхой. Энэ жилдээ тэр талаар саналтгүй. 204 км замын ажил удаашрахын хэрээр төрийн томоохон албан тушаалтны ханцуйн доторх наймаа гаарч, ил болж байна.

Энэ бүхний эхлэл Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас эхтэй. Тэр л тендер будилуулж ажиллахгүй компанид худал тендерт ялуулсан нэрээр мөнгө угаасан байж болзошгүй. Тэр нөхрийн өөрийнх нь хувийн “Мишээл экспо” энэ цар тахлын үед яаж өргөжин тэлж, хөгжиж байгааг харахад ийм хар хэнд ч төрж байна. Цар тахлын үед маш амжилттай, тасралтгүй явж байгаа бизнес бол “Мишээл экспо” худалдааны төв болоод байна. Энэ захын үйл ажиллагаа ёстой нэг гялалзаж өгч байна. Тэр нөхөр Дарханы зам ашиглалтад хэсэгтээ орохгүй гэдгийг сайн мэдэж байсан учраас зугтаж, Говь-Алтайгаас сонгогдож хуулийн хамгаалалтад орсон. Дарханы замыг өдийг хүртэл ашиглалтад оруулахгүй гацаасан нь хэт олондоо эрдэж “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” хэмээн бардаж, бярдаж байдаг Б.Энх-Амгалан гишүүний хийсэн үйлдэл. Дарханы замын төслийн ажлыг жинхэнэ утгаар нь удаашруулж, олон иргэнийг хохироосон хүн бол яалт ч үгүй Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан.

Энэ замтайхолбоотоймаш олон хүнийажил амьдрал, амь нас, эрүүл мэнд хохирсон асуудлыг нэн тэргүүнд ярих ёстой. Дарханы замын ажлыг ямар ч төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй, гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээгүй, санхүүжилтгүй эхлүүлж, замыг хаасны балгаар олон иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Тэр тусмаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл гэсэн бүтэн таван аймгийн иргэдийн эрхийн асуудал хамгийн ихээр орхигдсоор байгаа. Өргөтгөх, шинэчлэх ажил хөрөнгө мөнгөний болоод улс төрийн шалтгаант асуудлуудаас үүдэн хэт удаашралтай явагдаж байгаа. Ер нь олон иргэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажил амьдрал, эрүүл мэндээрээ хохирсон асуудлыг Б.Энх-Амгалан гишүүн хар толгойгоороо хариуцах ёстой. Дарханы замд хохирогчид ч Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас хариуцлага нэхэх хэрэгтэй. Ер нь ажил хийж үзээгүй хүн бүтээгүй, түвэгтэй, хүнд хүчир ажлаас аль болох дөлж, тойрч гүйгээд байдаг тал байдаг. Нэг үгээр хэлбэл, халгаж гүйгээд байдаг юм.

Б.Энх-Амгалан гишүүний өөрийнх нь “Мишээл экспо” хэрхэн цэцэглэснийг, өрөөлийн Дарханы зам яаж зэрэмдэглэгдсэнийг хар даа. Хэдэн жилийн өмнө хэний ч мэдэхгүй байсан захын эзэн гарч ирээд Монгол төрийн ажлыг ингэж л самарч байгаа юм. Б.Энх-Амгалан гишүүн өөрийнхөө зах дээр гаргасан сэтгэлээ энэ төрийн ажилдаа гаргачихгүй яав даа. Бүр болоогүй мань хүн Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа газрын замаа ашиглалтад оруулж чадаагүй байж Тэнгэрийн зам яриад зогсож байсан нэгэн. Өнөөдөр Тэнгэрийн зам байтугай, газрын зам нь ч алга. Дарханы зам ирэх онд ч ашиглалтад орохгүй. Ирэх жилүүдэд хичнээн хүний амь нас эрсдэж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохыг хэн ч мэдэхгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй. Дарханы зам тавигдах гэж хэдэн төрийн нүүр үзэв. Анхнаасаа л Дарханы зам салбарын сайд, газрын дарга зэрэг шуналтнуудын нүд, гарт өртчихсөн байсан хэрэг. Хоёр парламент дараалан МАН үнэмлэхүй олонх болчихоод, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлчихээд өнөөдрийг хүртэл бүтэн гурван жил ганц Дарханы зам тавьж чадахгүй байна гэдэг үнэхээр харамсмаар, халагламаар. Одоо Дарханы зам хүний амь нас, эрүүл мэндэд маш аюултай бүс болчихсон байна. Дуусдаггүй Дарханы зам хэзээ ашиглалтад орж, ард иргэдийн санаа амарч, ажил амьдрал жигдрэх вэ, хэн үүнд хариулт өгөх вэ. Дарханы замын ажлыг унжруулж сунжруулж, ард иргэдэд бөөн зардал чирэгдэл болж байгаа зүйл нь Б.Энх-Амгалан гишүүний төрийн ажилд хэрхэн ханддагийн илрэл.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг комисс байгуулахаар болсноо зарласан. Учир нь Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байгаа учраас энэ бүхэнтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Тэгэхлээр Авлигын эсрэг комиссын хамгийн эхний ажил бол Б.Энх-Амгалан гишүүнийг шалгаж мөнгө угаасан уу, хэн нэгэнд давуу боломж олгож шан харамж авсан уу гэдгийг шалгаж ард түмэнд мэдэгдэх ёстой. Мэдээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ тэмцэл хүнд хэцүү байх болно. Тэрээр “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” хэмээн хэлж байсан. Яалт ч үгүй тийм, тэгээд ч Монголын хамгийн чухал хэрэгтэй замыг ямар санаатай дөрвөн жил гацааж ард түмнийг чирэгдүүлсний үнэн учрыг олох нь энэ байгуулагдсан Авлигатай тэмцэх комиссын нэн тэргүүний ажил байх ёстой. Улс орон, ард түмэнд өчнөөн зардал чирэгдэл учруулсан энэ нөхрөө яаравчлан шалгаж, ажлаа эхлүүлмээр байна. Авлигатай тэмцэх комиссын чинь эхний ажил бол Дарханы замын тендерийг шалгаж, Б.Энх-Амгаланг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах юм шүү, Ерөнхий сайд аа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

2021 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

M.Тулгат: Би намын дарга гэж энд тэнд ярилцлага өгөхөөс цааргалж байгаа


АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.


– С.Баярцогтыг суллах ёстой –

-Ардчилсан нам сүүлийн үед нам гүм байх шиг.АН-ын дотоод асуудал буюу намын даргын асуудал юу болж байна вэ. Одоо хуулийн хүрээнд ямар асуудал байна вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд АН их хурлаа хийж, шинээр сонгогдсон намын даргыг буюу намайг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд холбогдох материалаа өгсөн. Гэвч шүүхийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу намын дотоод маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй гээд өнөөдрийг хүртэл хоёр удаа буцаагаад байна. Уг нь асуудал маш тодорхой. Аливаа хуулийн этгээд, байгууллагыг хэн төлөөлөх, өмч хөрөнгийг хэн эзэмшихийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, албажуулж, зохих гэрчилгээг олгоод явдаг. Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг бол манайд дээд шүүх шийдвэрлэж байгаа. Өмнөх буюу 2017 оны Улсын дээд шүүхийн намын даргыг бүртгэсэн тогтоол зэрэг нь байж л байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ч манай нэр дэвшигчийг дээд шүүхийн лавлагаанд үндэслээд бүртгэж авсан. Гэтэл намын шинэ удирдлагыг бүртгэж авах дээр тулангуут татгалзаад байгаа нь харин ч намын дотоод асуудалд шүүх хөндлөнгөөс оролцож, хаалт тавьж, энэ нь цаанаа улс төрийн захиалгатай харагдаад байгаа юм. Хуулийн асуудал гэвэл ийм байдалтай байна.

-Нөгөө тал чинь бас шүүхэд материалаа өгч, хөөцөлдөж яваа юу. Өөрөөр хэлбэл, хоёр талаас бас л шүүх рүү хандсан, маргаантай хэвээр байна уу. Энэ асуудал хэзээ нэг талдаа гарах бол. Одоо ч АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа гэж яваад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Үгүй байх. Шүүхийн багц хуулийн өөрчлөлт зэргээс үүдээд улс төрийн намын хүсэлтийг зөвхөн бүртгэлтэй өмнөх намын даргын гарын үсэгтэй хүлээж авахаар шинээр зохицуулагдсан. Дээд шүүхэд гарын үсэг зурж, хүсэлт өгөх эрх бүхий хүн тэнд байхгүй Хуулийн тал дээр манайх давуу талтай ч, улс төрийн нам бол үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл учир нөгөө талд байгаа хүмүүстээ бас хүндэтгэлтэй хандах ёстой. АН олон толгойтой юм шиг харагдаж, жирийн гишүүд маань ч төөрч будилсан байдалтай байгаа нь бодит үнэн. Ийм байдлаас яаралтай гарах хэрэгтэй байна. Надад лав АН болон Монголын ардчиллын нийтлэг эрх ашгийг давсанхувь хүний амбиц огт байхгүй. Нөгөө талуудтай нээлттэй ярьж хэлэлцэж, аль аль талаас тодорхой буулт хийх шаардлага гарвал миний зүгээс бэлэн байна. Тиймээс ч та бүхэн анзаарсан байх, би ерөөсөө хэвлэл мэдээлэлд гарахгүй байгаа. Өөрийгөө АН-ын дарга гэсэн 2-3 хүн энд тэнд зэрэг гараад, бие биенээ үгүйсгээд явах тусам нийгэмд муухай харагдана. Одоогоор намайг шүүх бүртгэж аваагүй байгаа учир, албан ёсны бүх юман дээр С.Эрдэнэ дарга гэж яваа. Мань хүн өдөр тутмын шийдвэрээ гаргаад, хурлаа зарлаад, тушаалаа гаргаад явж байгаа болохоор үнэнийг хэлэхэд би дотоод ажилд бараг оролцохгүй байгаа. Хийвэл нэгмөсөн хариуцаад хийе, үгүй бол хоёрын хооронд дарга ч юм шиг, биш ч юм шиг явах утгагүй. Өөрийгөө дарга гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд чичрэн дайрч, хэн нэгнийг “муриад”, эсвэл булаагаад ч хамаагүй тамга олж авах гэх мэт тийм арга барилаар би лав явж чадахгүй. Орчин үеийн улс төрийн нам юм бол хэдэн дээрэмчин цугласан юм шиг аргаар асуудлаа шийдэж баймааргүй байна.

-Одоо тэгвэл ямар гарц харагдаж байна вэ. Таны хувьд ямар нэг алхам түрүүлж хийх үү?

-Нөгөө талд намын дарга гэж яваа О.Цогтгэрэл гишүүн, гишүүдийн гарын үсгийг цуглуулах зэргээр ажиллаж байгаа сайд асан Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж гишүүн, за тэгээд хууль ёсны намын гол түлхүүрийг “атгачихаад байгаа” С.Эрдэнэ дарга, УИХ дахь бүлгийн дарга Ганбат зэрэг хүмүүсийг уриалмаар байгаа юм, хэдүүлээ яс сууж байгаад, хэрхэн яаж нэгдэх талаар хэлэлцэж гарц олох хэрэгтэй. Гол нь “Би биш бол өөр хэн ч биш” гэсэн хандлагаар асуудалд хандвал тэгээд хэзээ ч шийдэгдэхгүй. Үнэндээ “би би” гэдэг амбицаа хойш тавьж чадах уу гэдэг л байна. АН хамтын удирдлагатай, эрх мэдлийн төвлөрлийг задалсан тийм нам байж л цаашдаа эрүүл, хүчтэй явна.

Харин нэг зүйлийг онцолж хэлэхэд, миний зүгээс хэдийгээр нэгдэх, нягтрахын төлөө ярьж байгаа боловч, үзэл санааны хувьд яалт ч үгүй зүүний социалист нөхдийг АН-д гуйж ирүүлэх шаардлага байхгүй. Хүний нэр дурдах зохимжтой биш ч, ойлгомжтой байх үүднээс жишээ болгоход Н.Алтанхуяг, З.Энхболд зэрэг зүүний радикал үзэлтэй болохоо үг, үйлдлээр олон дахин харуулсан хүмүүс АН-аас хол явах хэрэгтэй. Хүн улс төрийн ямар ч үзэл баримтлалтай байж болно, хувь хүний сонголтын асуудал. Харин нэгэнт зүүний социалист, эсвэл үндэсний социалист үзэлтэй бол тэр чиглэлийнхээ намыг л бараадах нь зөв юм. 2000 онд таван нам нэгдэж одоогийн АН-ыг байгуулсан. Тэр механик нэгдэл дотор зүүний социалистууд болоод оппортунистууд багтсан байснаас болоод өнөөдрийг хүртэл АН хэрүүл зодоонтой явж ирсэн гашуун түүх бий.

-Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдлээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, автомашин гээд бүх юмны үнэ өссөөр байна.Сөрөг хүчний намын даргаар сонгогдсон хүний хувьд, та улс орны нөхцөл байдал, эрх баригчдын үйл ажиллагаанд ямар дүгнэлт хэлэх вэ?

-АН-ын бодлогын суурь бол чөлөөт эдийн засгийг дэмжих. Тиймээс үнийг зохицуулах, ер нь аливаа төрийн зохицуулалт гэдэг юмыг шүтэх ёсгүй юм. АН-ын улстөрчийн амнаас “шатахууны үнийг буулга”, “зээлийн хүүг бууруул”, “ноён долларыг битгий давраа” гэдэг үг гарч болохгүй. Мэдээж ийм яриа ард иргэдэд таалагдана. Бас ийм байдлаар эрх баригчдыг шүүмжилж, оноо авах бол амархан. Гэтэл үнэ ханш гэдэг бол өнөөдрийн манай эдийн засгийн бодит байдлын тусгал, ердөө үр дүн нь юм. Долларын ханш ч тэр, зээлийн хүү ч тэр, макро эдийн засгийн бодит байдлын тусгал буюу үр дүн нь. Ханиад хүрсэн хүний өвчнийг углуургаар нь эмчлэх ёстой болохоос биш, чи ханиалгаад байна гэж амыг нь хүчээр хаагаад байж болохгүйтэй адил.

Харин ард иргэдийн худалдан авах чадвар буурсан байна, орлого хумигдсан байна, баян ядуугийн ялгаа улам ихэсч байна гэдэг нь бидний дуугарах ёстой асуудал мөн. Шатахууны үнэ ковид гарахаас өмнө буюу яг хоёр жилийн өмнөх 2019 оны өдийд литр тутамдаа 1820 орчим төгрөг байсан нь тухайн үеийн ханшаар бодоход 70 цент болж байна лээ. Одоо 2050 төгрөг болсон нь мөн л 70 цент хавьцаа юм. Цар тахлаас болж дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж, шатахууны үнэ нэг хэсэг огцом буурсан нь одоо тавигдаж, эргээд өсч байна. Тэгэхээр асуудлын гол нь шатахууны үнэ өссөнд биш, өргөн хэрэглээний барааны нийт үнэ өсч, иргэдийн орлого унаж, худалдан авах чадвар буурсанд бий. Дотооддоо халдвар алдаагүй байхад сүржигнэж, хатуу хөл хорио тогтоож, хамаг эдийн засаг, бизнесээ дампууруулж, иргэдээ орлогогүй, халамжаас хамааралтай болгочихсон шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хариуцлагатай хурал дээр “чөлөөт зах зээл гэж байхгүй, төрийн зохицуулалт л гэж бий” гэж хэлсэн. Тэгж хэлсэн манай төр ковидын үеийн менежмэнтээр ямар чадваргүй, арчаагүй болохоо батлан харуулсан. Төр нь данхайх тусам иргэдэд наалдаж байгаа юм алга, дарга нарт л тааламжтай нийгэм бий болж байна. 2010 оноос хойш 10 жилд монгол хүний сарын дундаж орлого 400 долларт явж ирлээ. 10 жил яг л байрандаа эргэлдэж, эдийн засаг сөөм ч тэлсэнгүй. Гэтэл тэр үед 3 их наяд байсан улсын нэгдсэн төсөв одоо 12 их наяд болж төгрөгөөр тооцоход дөрөв дахин өссөн байна. Төр л данхайгаад, дарга нарын хуваарилдаг, хишиг хүртээдэг нийгэм рүү бид явж байна. Сүүлдээ хувийн хэвшил хатингаршиж, төр гэдэг нэрийн цаана хэдэн дарга нараас улам хамааралтай, бидний үр хүүхэд ажилд орохын тулд хэн нэгэн даргын улыг долоодог нийгэм рүү явах тун эвгүй дүр зураг харагдаад эхэлж байна. Өнгөрсөн 10 жилд монголчууд 2010-аад онд хөдөлгөсөн Оюу толгой, Эрдэнэс Таван толгой зэргийнхээ үр ашгаар өнгө зүсээ жаахан сайжруулсан. Улаанбаатар хот хэдэн шилэн байшинтай, зарим талаас нь харахад хөгжөөд ч байгаа юм шиг явсан. Түүнээс хойш эдийн засгийг тэлэх зоригтой алхам юу ч хийгдсэнгүй. Манай намыг бас оролцуулаад, Монголын улс төрийн намууд бүгд л халамж, хайр хишиг, зүүний социалист амлалт ярьцгаасан. Харин зоригтойгоор том төслүүдийг хөдөлгөж, дорвитойхон реформ хийж байсан цөөн хэдэн улстөрчдийг барьж аваад шоронд хийсэн дээ.

-Эдийн засгаа тэлэх ямар алхмуудыг хийж чадсангүй гэж харж байна вэ?

-Манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлээс шууд хамааралтай орон. 2012-2016 онуудад уналтад орж, ёроолдоо хүрч байсан уул уурхайн дэлхийн зах зээл өнөөдөр дэндүү тааламжтай нөхцөлд байна. Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрсэн. Алт өнгөрсөн жилийн өдийд мөн л сүүлийн 30 жил байтугай түүхэн рекорд тогтоох өндөр үнэд хүрсэн, одоо ч өндөр хэвээр байна. Нүүрс ч мөн адил өндөр үнэтэй, эрэлттэй байгаа. Гэтэл урагшгүй төрийн харгайгаар энэ бүх боломжийг зүгээр халамж болгож тараагаад, идэж ууж, баагаад л дуусгалаа. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгад Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг их наяд илүү тоологдох төсвийг төмөр зам бариарай гээд хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг хуваарилсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар хоорондын тохиролцоогоор “тандем” нэрлэгддэг эрх мэдлийн хоршил үүсгэж байсныг одоо учир ойлгох хүмүүс эхнээсээ ярьдаг болж. Тэр Зүүнбаянгийн төмөр зам хэзээ ашиглалтад орох юм, орлоо гээд хааш нь юу зөөх юм? Хэзээ ашгаа өгөх юм? Зүгээр л их хэмжээний төсвийн мөнгийг түгжчихсэн. Эрдэс баялгийг шууд зах зээл рүү нь аваачих төмөр зам байсан бол өөр хэрэг. Дэлхийн зах зээл дэх ийм сайхан таатай нөхцөл, эдийн засгаа тэлэх боломжийг монголчууд бид алдаж, ийм боломжтой сайхан үед иргэдийн орлого, худалдан авах чадвар өсөх биш, харин буурлаа.

Бэрхшээлийг боломж болгох ухаанаар хандвал, жишээ нь ковидын үеэр хамгийн хүнд байдалд орсон албан ёсны бүртгэлгүй жижиг дунд бизнес эрхлэгчдээ бүртгэлжүүлж, албажуулж аваад, тэдэн рүү фокусласан санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлсэн бол өдийд татварынхаа баазыг өргөжүүлээд, далд эдийн засгийг хумих боломжтой байв. Нийтэд нь хавтгайруулж тараах биш, яг сөхөрч туйлдсан баялаг бүтээгч хэсгээ хамгаалахад түлхүү зарцуулсан бол тэд эргээд татвараа төлж, улсын эдийн засагт хувь нэмэрээ оруулаад явах байв. Цар тахлаар бүх бизнес туйлдаагүй шүү дээ, зарим салбар бол хэвийн байтугай улам ашигтай ажилласан.

Мөн ковидын үеэр бүх л улс орнууд цахим технологи руу хөрөнгө оруулалт хийж, улам цахимжсан. Манайд тэгж чадсангүй. Цахим технологиос гадна, хүргэлтийн болон шуудангийн үйлчилгээ гэх мэт XXI зуунд ичмээр хоцрогдолтой явж байгаа салбаруудаа хөгжүүлж, үүнтэй зэрэгцүүлээд хаягжилт, бүртгэлийн асуудлаа цэгцлэх боломжийг ковид олгосон, манайхан ашиглаж чадаагүй.

-Саяхан Ерөнхий сайд асан М.Энхсайхан Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдаж суллагдлаа. Одоо хорионд байгаа С.Баярцогтын тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Суллагдах ёстой. Яваандаа үзэл санааны хоригдол болж ял авсан хүмүүс цагаатгагдана гэдэгт итгэлтэй байна. Хэрэг нь үндэслэл нотолгоо дутуу, хэрэг шийдвэрлэсэн процесс нь хангалтгүй гэдгээр дахин мөрдөн байцаалт руу буцсан байна лээ. Ерөөсөө л улс төрийн зорилготой байсан гэдэг нь харагдаад байгаа юм. Одоо нэмэлт шалгах ажиллагаа явагдах үед мөрдөн байцаагчид, шүүх хяналтын байгууллагынхан хэн нэгний нөлөөнд, эсвэл олон нийтийн, сошиалын нөлөөнд авталгүй үнэн мөнөөр ажиллаасай гэж бодож байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин туулай өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 11, Буд гариг. Билгийн тооллын 3, Харцага одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:42 цагт мандан, 20:13 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.