Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр

Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны Сайд бөгөөд Командлагчийн 1964 оны наймдугаар сарын 11-ний өдрийн н/174 дүгээр тушаалаар Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анхны 028, 065 дугаар ангиуд байгуулагдсан түүхтэй.

1964 оны наймдугаар сарын 11-ний өдөр Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны сайдын Н/174 дүгээр тушаалаар “Армийн радиотехникийн тусгай батальон” нэртэйгээр Улаанбаатар хотын орчим Улиастайн аманд байгуулж 1965.9.1-ний өдрөөс 24 цагийн “Байлдааны жижүүрлэлт”-д шилжсэнээр эх орныхоо цэлмэг хөх тэнгэрийг тольдон харж, сахин хамгаалах “Агаарын харуулчдын” бахдам сайхан албыг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.

сонин mn

1969 оны долдугаар сарын 15-ны өдөр БНМАУ-ын БХЯ-ны сайдын тушаалаар тус батальоныг “Радиотехникийн тусгай хороо” болгон өргөтгөж 2002 онд Монгол Улсын төрийн цэргийн бодлого, Монгол Улсын Засгийн Газрын хөтөлбөр, Зэвсэгт хүчнийг чадварлаг болгох бодлогын хүрээнд ижил төстэй ангиудыг бүтэц, зохион байгуулалтаар нэгтгэх бодлогоор ЗХЖШ-ын даргын 257 дугаар тоот тушаалаар Зенитийн пуужингийн 028 дугаар ангитай нэгтгэн “Пуужин-радиотехникийн хороо” болгон зохион байгуулсан.

2011 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалаар ангийг “Радиотехникийн хороо”-ны шинэ бүтцэд шилжүүлж, тус ангиас зенитийн пуужингийн дивизионыг салган Зэвсэгт хүчний 353 дугаар ангийг шинээр байгуулсанаас хойш Зенит-пуужингийн ангиуд нь байлдааны пуужингийн харвалтыг 17 удаа онц дүнтэй гүйцэтгэсэн.

сонин mn
Ардын Армийн Зенитийн пуужингийн 028 дугаар анги 1964 онд, 134 дүгээр анги 1970 онд тус тус байгуулагдаж, Улсын нийслэл, онц чухал объектыг агаараас халхлах үүрэгтэйгээр байлдааны жижүүрлэлтийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд байлдааны харвалттай тактикийн хээрийн сургуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт 3 удаа, ЗХУ-ын нутаг дэвсгэрт /хуучин нэрээр/ нийт 14 удаа явуулж, тогтмол сайнаас онц дүнтэй буудаж байсан ба Ардын Армийн тэргүүний онц ангиар удаа дараа шалгарч байв. Өдгөө тус ангийн суурин дээр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийг 2012 онд шинээр байгуулж, ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлсэн зенитийн пуужингийн цогцолборыг зэвсэглэлдээ хүлээн авсан ба нийслэл хотыг агаараас халхлах үүрэгтэйгээр байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж байна.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн үе үеийн цэргийн алба хаагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Агаарын цэргийн үйл ажиллагааг сурталчлах, ажлын туршлага солилцох, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын 2013 оны тушаалаар 8 дугаар сарын 11-ний /Ардын армийн радиотехникийн тусгай батальон байгуулагдсан/ өдрийг Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Цэрэнлхам: “Баян хүн бүр хулгайч, луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн” гэдэг санаа өгөхийг зорьж үлгэрээ бичдэг

Утга зохиолын ажилтан, үлгэрч Т.Цэрэнлхамтай ярилцлаа.


-Одоо үед зохиолч, яруу найрагчид ихэвчлэн роман, өгүүллэг, тууж, яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвиж байна. Харин та үлгэр бичдэг?

-Би багаасаа үлгэр бичих сонирхолтой байсан. Харин хэрхэн, яаж бичих билээ гэдгээ сайн мэддэггүй байлаа. Энэ мөрөөдөл маань намайг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлийг сонгоход онцгой нөлөөлсөн шүү. Нэг үеэ бодоход хүүхдийн уран зохиол шинэ шатанд гарах төлөвтэй. Шинэ мянганы эхэн үед хүүхдийн уран зохиолын дутагдалд орчихсон байсан юм болов уу гэж боддог юм. Тэр дундаа үлгэр. “Үүлэн бор”, “Монгол ардын үлгэрүүд” гээд хэдхэн үлгэрээр үлгэрийн ертөнцийг төсөөлдөг байлаа. Иймээс л үлгэр бичихээр сэтгэл шулуудсан.

-Үлгэр бол ардын аман зохиол. Амнаас ам дамжигдсаар ирдэг уран зохиолын төрөл зүйл. Үлгэр баяжиж, үлгэрийн сан арвиждаг нэг үндэс нь үлгэрч, үлгэрийн зохиолчид байдаг болов уу?

-Тийм шүү. Бидний өвөө, эмээ лаагаа бариад галаа тойруулж хэдэн хүүхдүүдээ суулгаад л үлгэр домог ярьдаг байлаа. Тэр нь орчин үеийн подкаст юм уу даа. Ам дамжин яригдаж ирсэн үлгэр домог байхаас гадна өөрсдөө сонссон дуулснаа эвлүүлж хачирлаж ярьдаг байсан нь баяжигдаж явсаар үлгэр болдог. Тэгэхээр үлгэр бол хязгааргүй арвин сэдэвтэй дундаршгүй далай. Тэр далайг байнга сэлбэж байх цутгалан бас хэрэгтэй. Тэр ч утгаараа нэг хэсэг нь байхыг хүссэн юм.

-Тэгэхээр таныг үлгэр, өвөө, эмээ тань үлгэрч болох замыг тавьж өгчээ?

-Би хүүхэд байхдаа зуныхаа амралтаар хөдөө явдаг байлаа. Хонь малаа хотлуулчихаад нэг гэртээ цуглаад өөхөн тосон дэнлүүгээ бариад л үлгэр ярьдаг байлаа. Манай том авга ахын гэргий Бундуу буурай бол үлгэрийг гайхалтай ярина. Ярьсан бүхэн нь нүдэнд харагдаж сэтгэлд хоногшино. Тэр өдрөө л төсөөлөлдөө кино үзчихсэн мэт болдог байлаа. Тэр үлгэртэй үдшүүд намайг үлгэр бичихэд маш ихээр нөлөөлсөн.

-Үлгэр сонсох нь хүүхдийн хүмүүжилд ямар ач холбогдолтой вэ?

-Сүүлийн үед би хүүхдийн хүмүүжилд их санаа зовдог юм. Хүүхдээ хүмүүжүүлж чадсан улс хөгждөг байх гэж би боддог. Үлгэр бол хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд төвлөрч, сууж, тууштай байж сурна. Эцэг эхийн хэлж ярьж чадахгүй байгаа санааг хүүхэд үлгэрээс олно. Мэдэхгүй байгаа асуултдаа хариулт авна. Оюун ухаан тэлнэ. Маш олон талын чухал ач холбогдолтой.

-Та одоогоор хичнээн үлгэр зохиогоод байна. Үлгэрүүдийн тань нэрийг сонирхож болох уу?

-Би гурван маамаатай. Нэг хэсэг үлгэрээ бичээгүй. Одоогоор надад 20 орчим үлгэр байна. Нэрний хувьд Монгол нэрээ илүү өгөхийг хичээдэг. “Өрөмхөн гүнж”, “Дагина сахиус”, “Ухаарал”, “Ариун үйлст хүүгийн үлгэр”, “Алимны мод”, “Хамгийн гайхамшигтай бэлэг” гээд хэд хэдэн үлгэр бий.

-Таны үлгэрт ажил хөдөлмөр, чин сэтгэл, сайхан сэтгэлийн тухай гардаг юм билээ?

-Тийм ээ. Сүүлийн үеийн хүүхдүүд залуучууд их залхуу болсон юм шиг санагддаг. Гэхдээ хичээнгүй мундаг залуучууд олон бий л дээ. Миний үлгэрт сайхан сэтгэл, ажилсаг зан, хичээнгүй байдал, тууштай чанараа өнгөлж зүлгэж яваарай гэсэн санаа байдаг. Ихэнх үлгэрүүд ажилсаг байхыг сургасан.

-Таны үлгэр Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд шалгарч, Төрийн ордонд шагнал гардаж авч байсныг тань санаж байна?

-Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд “Ариун үйлст хүүгийн үлгэр”-ээр оролцож шалгараад төрийн ордонд шагнал авч байлаа.

-Социализмын үед үзэл суртлын хар сүүдэр туссан нэг зүйл бол Монгол ардын үлгэр. Бүх үлгэрт шунахай ноён, сувдаг баяны тухай өгүүлдэг. Ядуу, дорой хүү тэднийг ялан дийлж буйгаар төгсдөг. Үлгэрийн энэ нөлөөгөөр одоо монголчууд өөрөөсөө илүү, өөрөөс баян, чинээлэг хүнийг үзэн яддаг, ядуу ардын хүүхэд тэднээс илүү гэж явцуурдаг хандлага билээ л дээ. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Энэ санаа ямар ч үлгэр, зохиол бүтээлд байж л байдаг. Тэр нь уншигч, үзэгчдэд их таалагддаг. Түүнээс гадна нийгмийн хандлага ерөөсөө баян хүнийг үзэн ядах, сэтгэлгээ хүүхэд байхаас нь суучихсан. Яагаад гэвэл тэр санаа үлгэрээр зогсохгүй зохиол бүтээлд нийтлэг болчихсон. Миний үлгэрт баян ядуу хамаагүй, хэн хөдөлмөрлөнө, тэр үр шимийг нь хүртэнэ гэсэн санаа зонхилно. Баян хүн бүр хулгайч луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн байна гэдэг санааг л өгөхийг зорьж үлгэрээ бичдэг дээ.

-Мөн сүүлийн үеийн сурах бичигт орж буй үлгэрүүдэд ээж нь аавыг нь алж буй, хүмүүсийг гэртэй нь шатааж байгаа тухай хээвнэг өгүүлсэн байдаг. Үлгэрт хүртэл ёс зүй байдаг шүү дээ?

-Би саяхан хамгийн харгис монгол ардын үлгэрүүд гээд нийтлэл уншлаа. Аавынхаа толгойг хагалаад алчихдаг, архи уудаг, хүн зоддог гээд бүхий л болохгүй бүтэхгүй зүйл гарч байх юм. Нөгөө хүүхэд хүмүүжүүлэх философи байхгүй.

Харин ч тэгж болно гэсэн маягтай. Нөгөө талаар мэргэжлийн биш хүмүүс мөнгө олох зорилгоор өөрсдийнхөө хар ярианы үг хэллэгээр ном бичээд, өнгө будагтай зургаар халхлаад ном гаргадаг болсон нь урлаг, уран зохиол хийгээд хүүхдийн уран зохиолыг булшлаад байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Гэсэн ч чансаатай зохиолууд ч мөн төрөн гарч байгаа нь бахархууштай.

-Таны үлгэрийг нөхөр тань хүүхдэдээ уншиж буй бичлэгийг сошиалаас харлаа. Танайх үлгэрч гэр бүл бололтой?

-Хүүхдүүддээ үлгэр уншиж өгөхийг их хичээдэг. Манай гурван хүүхэд миний үлгэрүүдийн анхны уншигч. “Тэр нь надад гоё санагдлаа, тэр хэсэг нь их аймаар байна” гэх зэргээр шүүмж хэлдэг. Хүүхдүүдийнхээ санааг тусгасны дараа үндсэн үлгэр маань гарч ирдэг. Манай хүүхдүүд миний “Ухаарал” гэдэг үлгэрийн улаан шүтэн бишрэгчид.

-Үлгэр бичихдээ баримталдаг зарчим тань юу вэ?

-Хүүхдүүд миний үлгэрийг уншаад нэг ч гэсэн сайхан санаа өөртөө тусгаж аваасай. Зөв хүмүүжилтэй болоосой. Ажилсаг, хичээнгүй иргэн болоосой гэж хүсдэг. Тиймдээ ч ажил хөдөлмөрийн үр шим ямар үнэтэй вэ гэдэг санааг ерөнхийдөө агуулдаг. Үлгэрээ бичихийн хувьд ямар нэгэн зарчим дүрэмд баригдахгүй бичдэг. Есөн үлгэртэй ном эмхэтгээд бэлэн болгочихсон. Хэвлэлтийн зардлаас шалтгаалаад гаргаж чадахгүй хүлээлтийн байдалд байна.

-Та МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг дүүргэжээ. Танай сургуульд ардын аман зохиол, хүүхдийн уран зохиолоор дагнасан нэртэй багш нар хичээл заадаг. Мэдээж танд нөлөөлсөн, үлгэрт хөтөлсөн багш нараа дурдах нь зөв болов уу?

-Би МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Багш нараараа их бахархдаг. Оюунбадрах багш маань хүүхдийн уран зохиол, эртний уран зохиол заадаг байлаа. Чүлтэмсүрэн багш маань ардын аман зохиол, Хөвсгөл, Сүхбаатар гээд олон сайхан багш нараа дурдахгүй өнгөрч болохгүй. Миний уран бүтээл туурвих, үлгэр бичих эхлэлийг багш нар маань тавьж өгсөн.

-Таны санаанаас гардаггүй ямар үлгэр байдаг вэ?

-“Наран хатан”, “Эрийн сайн Хан харангуй”, “Үүлэн бор”, Г.К.Андерсений “Шүдэнз зардаг охин” гээд үлгэрүүд бий дээ.

-Багадаа Орос ардын үлгэр хэр уншдаг байв. Тэнэг Иван, пийшин, эмгэн шулам, Василиса бол та бидний хувьд танил дүр, ахуй шүү?

-“Үүлэн бор” номыг дахин дахин уншдаг байлаа. Одоо ч хүүхдүүддээ санал болгодог.

-Гэхдээ таныг Монгол ардын үлгэрт илүү дуртай байсан болов уу гэж бодож байна?

-Тийм шүү. Би Монгол ардын үлгэр гэхээсээ илүү баатарлаг тууль их уншдаг байсан. Эмээгийнд маань нэг зузаан ном яваад л байдаг байлаа. Заримдаа эмээ урд хойноос нь аваад л гал асаачихна. Гэсэн ч зузаан хэвээрээ. Нэг өдөр юун ном юм бол гэж сонирхоод л шууд дурлаж эхэлсэн. Хамгийн хайртай ном минь болж билээ. Тэр нь баатарлаг туульсын эмхэтгэл байсан.

-Хүмүүс таныг үлгэр бичдэг гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ. Ер нь үлгэр бичдэг хүмүүс ховор байдаг?

-Зарим хүмүүс үлгэр бичдэг гэхээр гайхдаг шүү. “Яагаад заавал үлгэр гэж” гээд л хачирхдаг. Зарим нь “Ямар гоё юм бэ, үлгэр бичдэг хүн байдаг юм уу” гээд л янз янзаар хүлээж авдаг даа.

-Таны “Алимны мод” номыг уншсан. Гэтэл та энэ номныхоо дараа хашаандаа алимны мод тарьсан гэсэн байх аа?

-2018 онд “Алимны мод” нэртэй анхны үлгэрийн номоо хэвлүүлсэн. Тэгээд л гэнэт алимны мод тарих санаа төрсөн дөө. Алимны мод бол үр хүүхдэдээ өвлүүлдэг хөрөнгө болохоор надад болмоор санагдсан. Ингээд л үлгэрээ бодит болгосон доо.


УХААРАЛ

(Үлгэр Т.Цэрэнлхам)

Төрөхийн цагт хайрлан өргө

Торнихын цагт үлгэрлэн асар

Өсөхийн цагт сургамжлан хүмүүжүүл

Өөрийнх нь цагт хөдөлмөрт даатга.

Эрт урьд цагт нэгэн залхуу хүү байж. Хүү ажил хийх, алхах гишгэх дургүй бөгөөд унтаж хэвтэх, ууж идэх дуртай нэгэн. Аав ээж нь түүнд ихэд санаа чилэх тул хэрхэн ажилсаг шударга нэгэн болгох вэ хэмээн өдө,р шөнөгүй бодол болно. Ингээд аргаа барсан эцэг, эх нэгэн өдөр бурхандаа идээ будааны дээжээ өргөж, зул хүжээ асаан хүүгээ сайн хүн болгож өгөхийг гуйн залбирчээ. Маргааш өглөө нь хүү унтаж унтаж үд болохын хэрд босч ирээд хоол нэхэх гэтэл орных нь өмнө ширээн дээр элдэв зүйлийн амттан, идээ будаа, хоол цай өрөөтэй байх юм. Хүү бага зэрэг гайхсан боловч амттанаас гэдсээ хагартал идэж аваад буцаад унтаад өгчээ. Энэ байдлаар хэдэн хоног өнгөрөв. Аав, ээж хоёр нь ч ажил хий, амьдралаа бод гэж ч үглэхээ байж. Тансаглал, залхуурлын дээдийг үзүүлэв. Жил өнгөрлөө. Хүү залхуурч хэвтсээр л байв. Түүний бие нь мантуу шиг хөөн таргалжээ. Тарганаасаа болоод босч ч чадахаа болив. Өдөр өнгөрөх тусам толгой нь өвдөж, сүүлдээ хөл, гар, дотор эрхтэн нь өвддөг болов. Ингээд бүх бие нь өвдөж шархирахын цагт түүнийг авахаар залхуурлын хаан хажууд нь иржээ.

Залхуурлын хаан: Залхуу, тарган гахай минь бос, явах цаг боллоо гэхэд хүү айж сандран – Хаашаа явах гэж байгаа юм бэ? Түүний оронд та намайг энэ их өвчин зовлонгоос салгаж өгөөч, би таны хэлсэн бүгдийг хийе гэж гэнэ. Залхуурлын хаан: Чи өөрөө л өвдөж зовохыг сонгосон. Одоо өнгөрсөн. Залхуурч хэвтэх, зай завсаргүй идэхийг чинь хараад бурхад уйлж, чөтгөр инээж байсан шүү дээ. Энэ өдрийг их удаан хүлээлээ. Одоо аав, ээжийг чинь оруулж ирээд чамайг аваад явна. Түүний өмнө чи аав, ээжийгээ нэг сайн хараад ав. Дараа нь өөрийгөө хар. Тэгээд хамт явна аа гэж гэнэ. Хүү битгий авч яваач гэж балмагдан бархирч байтал аав, ээж хоёр нь орж ирлээ. Ээж нь түүний хажууд ирээд миний хүү одоо яв даа. Хүний орчлонд чи ихэд жаргалаа. Гомдол байхгүй гэж гэнэ. Хүү аав, ээж хоёрыгоо харвал тэд өнгөлөг жавхаалаг залуугийн гоо сайхнаа огтхон ч алдаагүй байжээ. Ингээд өөрийгөө толинд харвал гахайнаас тарган хаван, хавдар нүүртэй, арьс нь сул унжсан аймшгийн муухай хөгшин өвгөн болон хувирсан байв. Хүү уйлан та хоёр ийм залуу сайхан байхад би яагаад ийм муухай өвгөн болчихоо вэ гэвэл залхуурлын хаан -Аргагүй шүү дээ. Аав ээж хоёр чинь чамайг тэжээх гэж өдөр шөнөгүй ажилласан, харин чи зөвхөн идэж ууж, унтаж хэвтсэн, одоо хоёулаа явъя хэмээн хүнд ташуураараа хүүг ороолготол хүү бархиран орилж орь дуу тавин босон харайлаа. Хүү зүүдэлсэн байжээ. Ухасхийн боссон даруйдаа сэрээд харвал амттан шимттэн өрөөтэй тансаг ширээ өмнө нь байв. Хүү гүйж гараад аав, ээжийгээ дуудан оруулж ирээд хамт цайгаа уугаад тариа ногооны ажил, талх боовны үйлдвэртээ цаг наргүй ажиллаж, хэдэн жилийн дараа өөрийн эзэнт улсыг бүтээсэн мундаг залуу болж амар сайхандаа жаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад нийт 122.6 га талбай түймэрт өртжээ

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар АНУ, Турк, Грек, ОХУ зэрэг улсуудад томоохон хэмжээний ой, хээрийн гал түймэр гараад байна. Манай улсын хойд хөрш ОХУ-ын 19 бүс нутагт томоохон хэмжээний ой, хээрийн түймэр гарч үүнээс Бүгд Найрамдах Саха (Якут)-д 111 ойн гал түймэрт 1.417.718 га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111.629 га талбай шатлагад өртөөд байна. Түймрийг унтраахаар 8697 хүн, 1514 автомашин техник, 26 нисэх онгоц ажиллаж байна.

Монгол Улсад 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 18 суманд нийт 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1765,5 /га/, хээрийн 120.904,13 /га/ нийт 122.669,63 /га/ талбай өртөж, байгаль, экологид 1.219.214.706 төгрөгийн хохирол учирсан байна.

Оросын Холбооны Улсад түймэр гарсаны улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын бүс нутагт түймрийн утаа тархаад байна.

Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
  • Ой, хээрийн гал түймэр, түймрийн утаанаас ан, амьтад дүрвэж байгаа тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх,
  • Ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үед араатан амьтан дайрвал хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах,
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,
  • Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах,
  • Ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг байх тул өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх.
  • Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
Categories
мэдээ спорт

Олимпод оролцсон сүүлийн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ

“Токио-2020” Монголын багийн гишүүд олимпийн тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй.

Манай баг тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр 23.00 цагийн үед эх орондоо газардана.

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм.

Categories
гадаад мэдээ

Монголын зэсийн уурхайн зардал хэтрэхэд “Рио Тинто”-гийн буруу менежмент нөлөөлжээ

Монгол Улсын Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтрэхэд “Рио Тинто” компанийн мэдэгдсэнчлэн геологийн таагүй нөхцөл бус харин буруу менежмэнт нөлөөлсөн гэдгийг шинжээчдийн бүлэг тогтоожээ.“The Wall Street Journal” сонины нягталсан нийт 157 хуудас бүхий тайланг Оюу толгойн уурхайн эзэмшигчид болох “Туркойз Хилл Ресурс” компани, Монголын төрийн өмчит компани энэхүү далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, зардал хэтэрсэн шалтгааныг зөв үнэлэн тогтоохын тулд гаргуулсан юм. Үүнээс гадна АНУ-ын Үнэт цаас, валютын хороо (SEC) болон Их Британийн хууль сахиулагчид “Туркойз Хилл Ресурс” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “Рио Тинто” Оюу толгойн далд уурхайтай холбоотой дээрх асуудлуудын талаар хөрөнгө оруулагчдад эрт дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй байсан эсэх талаар судалж байгааг уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлэв.

Энэхүү дүгнэлт тайланд дурдсанаар, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хэсэгт ажиллах таатай уур амьсгал бүрдээгүй нь багуудын хоорондын уялдаа холбоонд сөргөөр нөлөөлжээ. Тодруулбал, хүмүүс нэг хэсэгт гарсан алдаанд бусдыгаа буруутгаж байсан хэмээн бичсэн байна.

Хөндлөнгийн дүгнэлт хийсэн “Хөндлөнгийн зөвлөхүүдийн бүлэг”-ийн мэдээлснээр, хөрсний чулуулгийн чанар, газрын ерөнхий нөхцөл нь 2016 онд уурхайн эзэмшигчдийн гаргасан урьдчилсан таамаглалаас ихээхэн өөр байсан гэх нотолгоог олоогүй бөгөөд харин ч зарим тохиолдолд чулуулгийн чанар малтлага явуулахад илүү тохиромжтой байжээ.

Оюу толгой уурхайн үйл ажиллагаа нь өмчлөлийн нарийн төвөгтэй бүтэцтэй. Тодруулбал, “Рио Тинто” компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill” компанийн 50.8 хувийн хувьцаагаараа дамжуулан уурхайн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд “Туркойз Хилл Ресурс” нь “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Харин үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг юм.

“Рио Тинто”-гийн хувьд, дүгнэлтийг нарийвчлан судалсныхаа дараа “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй хамтран ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн байна.“Бид дэлхийн хамгийн том, орчин үеийн уурхайн дэд бүтцийн нэгийг говь цөлд байгуулахын төлөө өнөөдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлуудаараа бахархаж байгаa. Бид бүгд далд уурхайн бүтээн байгуулалтыг ахиулж, дуусгахыг зорьж байгаа тул төслийн түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг сайшаан хүлээн авч байна” гэж “Рио Тинто”-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.Мөн “Туркойз Хилл Ресурс” -ийн хэвлэлийн төлөөлөгч, манай компани дүгнэлт гаргах ажил дууссан гэдгийг мэдэж байгаа бөгөөд нягталж үзсэнийхээ дараа шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагчдад зохих албан мэдээлэл хүргэнэ гэж мэдэгдсэн байна.

TheWall Street Journal

Орчуулсан

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ


ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр Засгийн газарт хүргүүлжээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд Засгийн газрын шийдвэрийг дагахгүй бол хариуцлага тооцохыг сануулж байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1433 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1433 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 524 нь Улаанбаатар хотод, 909 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 2262 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Мөн гурван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 863 боллоо.

Өнөөдрийн байдлаар 8599 хүн хэвтэн эмчлүүлж байна.

No description available.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглохгүй байхаар шийдвэрлэлээ

ОХУ-аас экспортолж буй бензинд хориг тогтоохгүй байхаар эрх баригчид шийдвэрлэсэн тухай РБК холдинг болон ТАСС агентлаг мэдээлж байна. Шадар сайд Александр Новакийн зохион байгуулсан зөвлөгөөний үеэр экспортод хориг тавихгүй, үүний оронд бирж дээр борлуулж буй шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлэхийг нефтийн салбарынханд санал болгожээ. Өмнө нь Эрчим хүчний яамнаас бензиний экспортыг зогсоох тухай саналыг оруулж байсан юм.

Шадар сайд ба газрын тосны салбарынхны хамтарсан зөвлөгөөний үеэр Орос улсаас гадаадын орнуудад бензин экспортлохыг хориглох тухай шийдвэр гаргаагүй гэдгийг Оросын Шатахуун үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Евгений Аркуша РБК холдингт мэдээлсэн байна. Түүний хэлснээр, “бензиний экспортод хориг тавихыг дэмжээгүй, харин бирж дээр гаргаж буй бензиний нийлүүлэлтээ хоногт 5 мянган тонноос доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх саналыг нефть боловсруулагчдад тавьсан бөгөөд тэд ийм алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” ажээ.

Е.Аркушагийн ярьснаар бол, бирж дээр үнийг тогтворжуулах талаар одоохондоо хатуу арга хэмжээ авахгүй бололтой. Зөвлөгөөний явцад эрх баригчдын зүгээс нөөцөөсөө гаргах замаар биржийн нийлүүлэлтийг өсгөхийг компаниудад санал болгожээ. Нийлүүлэлтийг тогтмол, жигд байлгах нь үнэ буурахад нөлөөлнө гэж тэрбээр үзэж байна. Үүний сацуу үнийг царцаах талаар нефтийн салбарынхантай гэрээ хэлэлцээр хийх тухайд ямар ч шийдвэр гаргаагүй гэдгийг Е.Аркуша нэмж хэллээ.

Долдугаар сарын 22-ны өдөр Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгдэхдээ, хэрвээ бензиний биржийн үнэ өмнө нь байгаагүй өндөр түвшинд тогтох аваас дараагийн долоо хоногт шатахууны экспортыг зогсооно гэж мэдэгдэж байсан юм. Ийнхүү 30-ны өдөр тэрбээр, Эрчим хүчний яамны зүгээс “бензиний экспортыг хориглох арга хэмжээг түргэвчилсэн байдлаар хэрэгжүүлэх үүргийг өгөх тухай” саналыг Засгийн газарт оруулсан гэж хэлжээ.

Мөн дөрөвдүгээр сард Эрчим хүчний яамны зүгээс “шатахууны дотоодын зах зээлийг тогтворжуулах, үнийн өсөлт бий болгохгүй байх” үүднээс бензиний экспортыг 3 сарын хугацаагаар зогсоох тухай саналыг дэвшүүлж байсан юм. Харин Шадар сайд А.Новак экспортыг зогсоох нь онцгой хүнд нөхцөл байдлын үед авах “эцсийн арга хэмжээ” гэдгийг хэлж байв.

Ташрамд дурдахад, биржийн үнэ нь ШТС-уудын үнэд шууд нөлөөлдөггүй. Гэхдээ Орос улсад демпферийн журам үйлчилдэг бөгөөд уг журмын дагуу Оросын дотоодын үнэ ба экспортын үнэд зөрүү гарсан тохиолдолд шатахуун үйлдвэрлэгчдийн алдагдлын тодорхой хэсгийг төсвөөс нөхдөг байна. Ингэснээр дотоодын үнийг өсгөхгүй байх боломж бий болдог. Харин бензиний дотоодын үнэ нь экспортын үнээс давсан тохиолдолд нефтийн компаниуд ашгийнхаа тодорхой хэсгийг төсөвт оруулдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд бамбай хоншоорт могой харвал яаралтай мэдэгдэнэ үү

Монгол орны ихэнх нутгаар элбэг тархсан хортой могойны нэг төрөл бол Бамбай хоншоорт могой. Хад асгатай газраар амьдардаг энэ төрлийн могой сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод орж ирэх нь ихэссэн.

Таних шинж тэмдэг:

-Биеийн урт 70 орчим сантиметр

-Ерөнхийдөө хул шарга, хар хүрэн зүстэй боловч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар эсвэл бор шарга байна.

-Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.

-Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.

-Хүүхэн хараа нь босоо.

-Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн байгууллагад очих шаардлагатайг анхаарна уу.

Хэрэв та нийслэлд энэхүү могойтой таарвал

Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, 323780 утсаар, бусад цагт Нийслэлийн Шуурхай Удирдлагын Төвийн 310005 тоот утсаар мэдээлэл өгнө үү.

Categories
мэдээ спорт

Месси албан ёсоор “ПСЖ” клубд нэгдэж, 30 дугаартай тоглохоор болжээ

Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубээс гарсан Аргентины нэрт тоглогч Лионель Месси Францын “Парис Сент Жермейн” клубтэй гурван жилийн гэрээ байгуулжээ.

Уг гэрээний гурав дахь жилд Лионель Мессигийн сонголтоор тоглох, гэрээгээ цуцлах эсэх нь хамаарах тохиролцоонд хүрсэн байна. 19 жил хүчин зүтгэсэн клубээсээ Ла Лагийн санхүүгийн шударга байдлын дүрэмтэй холбоотойгоор гэрээгээ сунгаж чадалгүй гарсан. Энэ талаараа Лионел Месси “Өөрийн замналынхаа нэгэн шинэ хуудсыг Парист эхлүүлэхээ тэсэн ядан, хүлээж байна. “Парис Сент Жермейн” клубын зорилго нь миний хүсэлтэй бүрэн нийцэж байгаа. Маш олон чадварлаг тоглогч ч бий. Би тэдэнтэй хамт гайхамшигтай түүх бүтээх болно” хэмээсэн байна.

Paris Saint-Germain confirmed the signing of Lionel Messi on a two-year  deal #messi - Sports Extra

“Парис Сент Жермейн” клубээс Лионель Месси 30 дугаарыг сонгосныг албан ёсоор зарласан юм. Лионель Месси Испанийн “Барселона” клубт 19 жил зүтгэж, 778 тоглолтод оролцохдоо 672 гоол оруулж, 35 цом өргөж, зургаан удаа “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон билээ.