Соёлын дэд сайд М.Батбаяр, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж нар Улаанбаатар орон нутагт дамнан гарч байгаа соёлын өвийн хулгай болон соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудлын талаар мэдээллээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр:
2021 оны эхний найман сарын байдлаар соёлын өв, түүх соёлын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг долоо гарсан. Үүнээс зургааг нь цагдаагийн байгууллага илрүүлэн, холбогдох этгээдүүдийг барьсан.
Одоо нэг хэрэг дээр нь ажиллаж байна. Нийт таван этгээд зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймаг, Сонгинохайрхан, Багануур гэсэн хоёр дүүргийн хийдүүдээс “Майдар бурхан 3, Богдзонхав бурхан 2, Занабазар бурхан 1, зэс бурхан 1, Алтангэрэл судар, эмээлийн тоноглол” зэрийг хулгайлсан болохыг тогтоосон.
Соёлын өвийг хулгайлсан таван этгээдийн хоёр нь өмнө нь хоригдож байсан бөгөөд өршөөлөөр суллагдсан. Эдгээр этгээд аялал зугаалгаар явах нэрийдлээр музей, хийд зэрэгт орж хулгайлах зүйлсээ судалдаг байна.
Музей, соёлын өв хадгалах газруудын харуул хамгаалалт сул байгаа нь хулгай гарах үндэс болж байна.
Аливаа иргэн өөрийн эзэмшдэг соёлын өвийг бүртгүүлэх ёстой. Үүнийг мэдэхгүй, бүртгэлгүй байгаагийн улмаас цагдаагийн байгууллагын ажилд хүндрэлд учирдаг.
Соёлын өвийн гэмт хэргүүд зохион байгуулалттай болсон. Мэдээж худалдан авагч, худалдаалагч байна. Тэднийг холбодог зуучлагч бий. Энэ тал дээр бид олон улсын байгууллагатай харилцаж байна.
Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн:
Энэ төрлийн гэмт хэргийг төрөөс арга хэмжээ авч зогсооно гэдэг тааруу. Тиймээс иргэд туслах хэрэгтэй. Орон нутаг дахь булш, хиргисүүрийг тонон дээрэмдэх гэмт хэргийг зогсоохын тулд иргэдийн оролцоо чухал.
Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг нэг хүн хүлээдэггүй. Улс орон цаашлаад дэлхий даяараа хүлээдэг.
Музей, соёлын байгууллагад хадгалагдаж буй зүйлсийг хамгаалахын тулд харуул хамгаалалтын гэрээт байгууллагатай хамтран ажиллахаар ярилцаж байна.
Гэхдээ хадгалалт хамгаалалтад тулгардаг хамгийн том асуудал бол барилга байгууламжийн асуудал.
Монголд нийт 700-800 албан хаагчид соёлын өвийг бүртгэж судлах хадгалж хамгаалах үүрэгтэй ажиллаж байна. Соёлын өвийн бүртгэл, судалгаатай холбоотой ажлууд маш их цаг хугацаа, өртөг шаарддаг ажил.
Түүх соёлын дурсгалт зүйлийг мөнгөн хэмжээгээр үнэлж хохирлыг тооцох чухал биш. Энэ төрлийн гэмт хэргийн хохирлыг нийт ард иргэд, хүн төрөлхтөн л үүрдэг.