Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Нэгэн эрхмийн энгийн амьдрал

Түгжрэл ихтэй их хотын гудмаар алхахад амьдрал яг л алган дээр буй мэт. Заримдаа өнгөлөг, заримдаа бараан.

Хүмүүс ийш тийш холхино. Зарим нь яарч гүйнэ. Эсвэл зугуухан алхана. Зуны дэлгэр цагаас өвлийн хүйтэнг ажралгүй хүмүүсийн жинг үздэг 60 гаран насны болов уу гэмээр нэгэн эрхэм нүдэнд тусна.

Өнгө өнгө алагласан барилга дунд ганцаар суух түүнийг Балдарын Гэрэлтуяа гэдэг.

Тэрээр Улсын Их дэлгүүрийн хажууд байрлах “Peace mall” худалдааны төвийн урд суух аж. Цаанаа л нүдэнд дулаахан. Түүний нүднээс амьдралын үнэнийг харж болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд яг энэ байрандаа тасралтгүй сууж байгаа аж. Бодол санаа нь хаа нэгтээ өөр цаг хугацаа, ертөнцөөр “хэсүүлчилж” байх шиг нэг тийш харцаа чиглүүлнэ.

Ямар нэгэн зүйл бясалгаж буй мэт харагдана. Түүний бодлыг нь тасалж зүрхэлсэнгүй наад талд нь хэсэг зогсов.

Байсхийгээд л багцалж барьсан 100 төгрөгөө тоолно.

Ямар учиртай хүн юм бол гэж уншигчид гайхаж байхад зарим нэг нь түүнийг хараал жин үздэг өвөө гэдгийг хэдийнэ таньсан байх.

Баянхошуунаас Улсын Их дэлгүүр хүртэл өдөр бүр дугуйгаар явдаг гэнэ. Одоогоор Баянхошуунд ганц охин хоёр зээгийн хамт амьдардаг аж.

Түүнийг “Би ямар гавьяа байгуулсан гэж ярилцлага өгөх вэ дээ” хэмээн хэлэхэд гавъяа байгуулсан хүн яриа өгөх ёстой билүү гэж бодсоноо нуух юун.

Ингээд “Peace mall” худалдааны төвийн урд суун хүмүүсийн жинг үздэг түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе


-Сайн байна уу. Та энд суугаад хэр удаж байгаа вэ?

Би энд суугаад гурван жил болж байна. Ажилд оръё гэхээр миний насны хүнийг ажилд авахгүй юм.

-Ер нь өдөрт хэдэн төгрөгийн орлого олох юм?

-Өглөө 08:00 цагт гэрээсээ гараад 16:00 цаг хүртэл эндээ сууж хүмүүсийн жинг үздэг. Өдөрт 2000-3000 төгрөг олдог. Сард 350 мянган төгрөгийн тэгэвэр авдаг ч түүнийгээ хоёр хүүхдэдээ зарцуулаад л дуусчих юм. Монголын өнөөгийн нийгэмд ялангуяа Улаанбаатарт ийм бага орлогоор амьдрах хэцүү шүү дээ.

-Та байнга энэ газартаа сууж байна уу. Эндэхийн хүмүүс андахгүй биз…?

– Зөвхөн долоо, наймдугаар сард зогсдог. Хүмүүс ирээд жингээ үзүүлж л байдаг юм.

-Танд амьдралд шантарч байсан үе мэдээж байсан байх даа?

-Амьдралдаа шантрах үе бий. Хүн үзэл бодлоо тэгшитгээд зөв зам руу оруулах хэцүү юм билээ. Сайн хань, сайн эцэг, сайн хүү биш юм шиг санагдаад хүүхэд шиг эхэр татаад уйлж байсан үе надад зөндөө бий. Хүний амьдралын хамгийн чухал сонголт хань ижил гэдгийг ухаарсан даа.


Б.Ангирмаа

Г.Байгальцэцэг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн хичээлийн хэрэгслийг эцэг, эхчүүд гурван сараар бэлдэнэ

Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг энэ жил гурван сараар бэлдүүлнэ гэдгийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэллээ

Тэрбээр “Цэцэрлэгийн сургалт өмнөх шигээ буюу 8-10 цагийн хугацаагаар ажиллах юм. Харин хүүхдийн хичээлийн хэрэгслийг өнгөрсөн жил шиг гурван сараар бэлдүүлэхээр болсон.

Мөн коронавирусийн ямар нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг эцэг, эхчүүдэд хүлээлгэж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг хүүхдүүдэд зайлшгүй баримтлуулах хэрэгтэй.

Түүнчлэн журамд зааснаар хүүхэд цэцэрлэг дээрээ амны хаалт зүүхгүй. Харин гэр цэцэрлэг хоёрын хооронд амны хаалтыг маш сайн зүүлгэх ёстой.

Өөр ямар нэг маршрутаар буюу дэлгүүр зэрэг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь нэг ангиас ямар ч хүүхэд халдвар авахгүй байвал тасралтгүй танхимаар хичээллэх боломжтой.

Түүнчлэн,

  • Цэцэрлэг дээр гаднаас ямар нэг хоол хүнс, тоглоом зэргийг огт оруулахгүй тул хүүхдэдээ өгч явуулахгүй байхыг зөвлөж байна.
  • Ангид байгаа тоглоом болон сургалтын зүйлүүдийг хүүхдүүдэд дамжуулж хэрэглүүлэхгүй бөгөөд аль болох халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлуулна.
  • Цэцэрлэгт хүүхдүүд харьцангуй гараа савандаж угаах боломжтой учраас гар ариутгагч хэрэглүүлэхгүйгээр аль болох савандаж угаалгах замаар дэглэм мөрдүүлэх юм.
  • Цэцэрлэг дээр хүүхдүүдийг шүдийг нь угаалгахгүй байхаар зохицуулсан бөгөөд хүүхдийн шүдийг хэрхэн зөв угаах тал дээр видео хичээлийг бэлдэж цацах тул хүүхдийг гэрт нь сайтар шүдийг нь угаалгаж байхыг зөвлөж байна.
  • Ямар нэг байдлаар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй байж гэрт нь тусгаарлахыг зөвлөж байна” гэсэн юм.
Categories
мэдээ нийгэм

Тамхи вакцины үр нөлөөг бууруулж байна

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн өвчтөнүүдийн эсрэг биеийн концентрацид нас, тамхи татдаг эсэх хүчин зүйл нөлөөлдөг болохыг Японы эмч нар тогтоожээ. Эрдэмтэд судалгааны үр дүнгээ “medRxiv” порталд нийтэлсэн байна.

Хэрэв өвчтөнүүд тамхинаас татгалзвал вакцинжуулалтын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой. “Чихрийн шижин, зүрхний архаг өвчин”, тамхи татдаг хүмүүст шинэ төрлийн коронавирус бусад өвчтөнүүдээс хүнд тусдаг.

“SARS- CoV-2” вакцины клиник туршилтууд эдгээр хүчин зүйлсийг харуулж байна. “Pfizer” вакцины хоёр тунг тариулсан 400 тохиолдолд судалгаа хийхэд тамхи татдаг хүний эсрэг биеийн тоо 2-3 дахин бага байв. Өөрөөр хэлбэл эсрэг биеийн концентрацийг 140-250 ердийн нэгжээр бууруулжээ.

Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Алтанцомыг томиллоо

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнийг 2021.08.11-ний өдрийн Засгийн Газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тиймээс ИНЕГ-ын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Алтанцомыг томилжээ. Б.Алтанцом нь иргэний нисэхийн салбарт инженерийн албан тушаалаас эхлэн тасралтгүй 37 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажилласан туршлагатай инженер юм.

Өнөөдөр буюу 2021.08.12-ны өдрийн өглөө 09 цагт даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом ИНЕГ, ИНҮТ-ын удирдлагууд, Үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг алба нэгжүүдийн дарга нартай өргөтгөсөн хурал зохион байгуулж үйлдвэрлэл, үйл ажиллагааг тасралтгүй аюулгүй явуулах, өвөлжилтийн бэлтгэлийг нэн даруй хангах үүрэг чиглэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​1.1 сая орчим ам.доллароор үнэлэгдэх хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Гааль, Цагдаагийн байгууллага хамтран 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис “метамфетамин”-ыг илрүүлжээ.

Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна.

Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа аж. Шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсон байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

МУ-ын харцага Д.Анар: Миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа хайртай ард түмнээсээ уучлалт гуйж байна

Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймгийн 90 жилийн ойн наадамд улсын харцага Д.Анар түрүүлсэн билээ. Тэрбээр зургаан даваанд аймгийн арслан Шинэзоригтой барилдахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

Түүнд холбогдох гомдлыг МҮБХ хэлэлцэхээр болжээ.

МҮБХ “МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно.

Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо” гэв.

Үүнтэй холбогдуулан улсын харцага Д.Анар уучлалт гуйжээ. Тэрбээр “За сайн байцгаана уу. Миний бие 2021 оны наймдугаар сарын 10-нд Дорнод аймгийн цол олгох барилдаанд зургаагийн даваанд аймгийн арслан Шинэзоригтой барилдсан тус барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа Шинэзориг арслан болон Дорнод аймгийн болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Миний бие МҮБХ-ноос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ ээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт оруулжээ

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 16-ны 06:00 цаг хүртэл “Зүүн дөрвөн зам”-ын уулзварын хөдөлгөөнийг хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийх болсонтой холбогдуулан Нийтийн тээврийн 24 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэл түр зогсож байна.

Чиглэлээ өөрчилж буй чиглэлүүдийг танилцуулъя.

Өөрчлөлт орж буй 24 чиглэл:

Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” /цахилгаан/
Ч:2 “Шархад – МУБИС – 3,4 -р хороолол”
Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”
Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол -Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”
Ч:17а “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам” /их тойрог/
Ч:17б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу” /их тойрог/
Ч:19а “Цагаан давааны задгай- Офицеруудын ордон – Сансар” /зүүн тойрог/
Ч19б “Цагаан даваа задгай – Сансар – Офицеруудын ордон” /зүүн тойрог/
Ч:26 “Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб”
Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал” /экобус, цахилгаан, том овор/
Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз”
Ч:32 “Улиастай – Баянмонгол хороолол – ТЭЦ 3”
Ч:33 “Шархад – 7 буудал – Зунжин худалдааны төв”
Ч:37 “Улаанхуаран – 4 хороолол”
Ч:40 “Мах импекс – Тэнгискинотеатр – Улаанхуаран”
Ч:41 “Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”
Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
Ч:50 “Улаанхуаран – Мишээл экспо”
Ч:51 “3,4 хороолол – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” /цахилгаан , их багтаамж/
Ч:61 Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо
Ч:64 “Цагаан давааны задгай – Офицеруудын ордон- Халдвартын эмнэлэг”
Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон”
ХО:2 “Шарга морьт – Дүнжингарав худалдааны төв”
Түр зогсолт хийх 3 чиглэл
Т:2 “5 шар – Ботаник”
Т:4 “Ботаник – Вокзал”
Т:5 “3. 4 хороолол – Офицеруудын ордон

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийг эцэг эхийн хүсэлтээр цэцэрлэгт хамруулна

Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах болсон талаар БШУЯ-наас мэдээлж байна.

Цэцэрлэгийн танхимын сургалт есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тусгай журам, зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлэх зохицуулалт хийнэ.

Цэцэрлэгт 5 настай хүүхдийг бүрэн хамруулна. 4 настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулна. 2, 3 настай хүүхдийг халдварын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үе шаттай хамруулна.

Хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтэд үндэслэн танхимын сургалтад хамруулна. Нийслэлд 5 настай 77 мянган хүүхэд байна.

Нэг бүлэгт дээд тал нь 25 хүүхэд байна. Цэцэрлэгийн өдрийн сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа 8-10 цаг байна.

Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл хичээлийн хэрэглэгдэхүүнийг гурван сарын турш хэрэглэгдэх хэмжээгээр бэлтгүүлнэ.

Нэг ангид нэг хүүхэд өвдсөн тохиолдолд тухайн бүлгийг 14 хоногийн хугацаагаар зайн сургалтад шилжүүлнэ. Цэцэрлэгийн барилгын тухайн давхарт ажиллаж буй гурав хүртэл бүлгээс халдвар илэрвэл давхрыг тусгаарлан хаана.

Хүүхэд гэр цэцэрлэгийг хооронд заавал амны хаалт зүүнэ. Харин ангидаа зүүхгүй. Тоглоом болон хүнсний бүтээгдэхүүн гэрээсээ авчрахгүй. Хүүхдүүд шүдээ ангидаа угаахгүй, гэртээ угаана.

Ангид тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг дамжуулан хэрэглэхгүй. Анги танхимд гараа байнга угаана. Эцэг эх бага насны хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй.

Хувийн өмчийн цэцэрлэгт хүүхэд нь суралцдаг бол гэрээний нөхцөлийг сайтар тохирч гэрээ байгуулах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Вирусийн генийн өөрчлөлтийг тодорхойлох лабораторитой болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Жайка”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамуро Эрико-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Жайка”-олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. “Жайка”-аар дамжин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй ажлууд байдгийг онцлон тэмдэглэлээ.

Хатагтай Тамуро Эрико эрүүл мэндийн салбар нь “Жайка”-ийн хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудын нэг болохыг онцлохын сацуу ЖАЙКА-ийн зүгээс эрүүл мэндийн салбарт 2021 оны эхний найман сарын хугацаанд гурван том төслийг шинээр эхлүүлэн ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка” хооронд “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр” –ийн хэрэгжилтийг хангах тухай тохиролцох бичигт гарын үсэг зурав. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад нэн шаардлагатай байгаа вирусын генийн өөрчлөлтийг тодорхойлох лаборатори болон бусад тоног төхөөрөмж, хэрэгслийг Япон Улсаас ханган нийлүүлэх юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхий шатаж байна

Сүүлийн үед агаарын дундаж хэмийн өсөлт, хэт хуурайшилт зэргээс шалтгаалан Европ, Умард Америк даяар асар олон түймэр гарч, маш олон ан амьтан, ой мод, хүмүүст учруулах хохирол ихэсч байна. Ялангуяа зуны турш үргэлжилсэн ноцтой хуурайшилт болон хэт халуун цаг агаар хавсарснаас болж, дэлхийн олон хэсэгт ойрын арваад жилд тохиогоогүй аюулт түймэр тархав. Мөн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн өсөлтөөс шалтгаалж дэлхийн бусад хэсэгт ч гал түймрийн эрсдэл маш өндөр болж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна. Жишээлбэл, Европын хэд хэдэн улсад хэтэрхий халуун цаг агаартай өдрүүд үргэлжилж байгаа бол АНУ-ын Калифорни мужид урьд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн аюултай, том түймэр дэгджээ. Түүнээс гадна зөвхөн АНУ-д л гэхэд нийт 100 гаруй түймэр дэгдээд байна.

ГРЕК улсад Европын хамгийн хөнөөлтэй түймрүүд дэгдэж байна. Зарим том түймрүүд өдгөө хоёр долоо хоног үргэлжилж байгаагаас болж, олон арван хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай болжээ. Мөн Грекийн хоёр дахь том арал Эвиад гал түймрийн хөнөөл аюултай түвшинд хүрсэн тул ард иргэд гэрээ орхин зугтахад бэлтгэн хэрэгцээт эд зүйлсээ баглаж цаг үеийн байдлын талаарх шинэ мэдээллүүдийг чих тавин сонсож, түгшиж суугаа аж. Түймэр дэгдсэнээс хойшхи арав дахь өдөр буюу энэ сарын 7-ны байдлаар Грекийн түймэр нийт 57000 га талбайг хамарсан болохыг Европын ойн түймрийн мэдээллийн систем мэдээлэв.

ТУРК улсын өмнөд эргийн хэсгүүдэд сүүлийн 10 гаруй өдөр түймэр ассанаас найман хүн нас барсан байна. Түүнчлэн түймэр хэдийнэ ойгоос хальж, газар тариалангийн бүсэд орсноос болж, хэдэн арван мянган хүн гэр орноо орхин зугтацгаажээ. Аз болж өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр нутгийн зарим хэсэгт бороошсон нь түймэртэй тэмцэхэд багагүй тус болж байгаа аж.

ИТАЛИ улсын Сицил, Сардин арал тэргүүтэй өмнөд нутгуудад хамгийн аюултай түймэр ассаар байна. Эхний түймрийг өнгөрсөн сарын 24-26-ны хооронд дэгдсэн хэмээн үзэж байгаа аж. Харин өдгөө эл түймэр нийт 10 мянга гаруй га талбайг хамарч, Сардин арлын баруун өмнөд хэсэгт л гэхэд 800 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон гэнэ.

ОХУ-ын Сибирийн бүс нутгийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн тосгон нүүлгэн шилжүүлсэн байна. Тус бүс нутагт нийт 155 гаруй түймэр дэгджээ. Ийн асар олон түймэр дэгдсэн нь хуурай, халуун цаг агаараас гадна хүний буруутай үйл ажиллагаанаас болж, аюулгүй байдлын дүрмүүд зөрчигдсөнтэй холбоотой гэнэ.

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт гал сөнөөгчид мужийн түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн том түймэртэй нойр, хоолгүй тэмцэж байна. Дөрвөн долоо хоногийн өмнө Дикси замын ойролцоо эхэлж асан “Диксигийн түймэр” нэртэй болсон уг түймэр өдгөө 1875 км.кв талбайд шатаж байна. Гал сөнөөгчид уг түймрийн ердөө 21 хувийг арайхийн дараад буйг мужийн ойн түймрээс сэргийлэх департмент мэдээлжээ. Энэ нь Калифорнид Нью-Йорк хотоос хоёр дахин том талбайтай газар бүхэлдээ шатаж байна гэсэн үг юм. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар гал түймэртэй тэмцэхэд хамгийн их хүндрэл учруулж буй зүйл нь сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч буй дэлхийн дулаарал, хэт хуурай уур амьсгал гэнэ. Нөхцөл байдлаас дүгнэхэд, энэ удаагийн түймэр түүхэн дэх хамгийн аймшигтай хэмээн нэрлэгдэж байсан өнгөрсөн оны түймрээс хамаагүй илүү хөнөөл учруулах төлөвтэй байна.Харамсалтай нь энэ бол АНУ-ын өрнө зүгийнн 14 мужид дэгдсэн 107 том хэмжээтэй түймрүүдийн ердөө нэг нь юм.

КАНАД улсад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бороо орсон боловч Бритиш Колумб дахь түймрүүд үргэлжлэн ассаар байна. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өдгөө нийт 279 түймэр шатаж байгаа тул эрсдэлтэй хэсгийн хэдэн арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж буй гэнэ. Албаныхны мэдээлснээр энэ оны хавраас хойш тус мужид нийт 5800 км.кв талбай бүхий ой шатжээ.

GUARDIAN

Орчуулсан:

Г.Амарсанаа