Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн хот байгуулалтын дэд бүтцийн төлөвлөлтийн талаар танилцууллаа

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндий дэх хот байгуулалтын дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлтийн зураг төслийн явцын талаар өнөөдөр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцлаа.

Тус хөндийд цогц бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байгаа бөгөөд, усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой. Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн төв, соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байрыг бий болгох зорилготой юм.

Ингэхийн тулд газар доорх хот байгуулалт буюу дэд бүтэц, дулаан, цахилгаан шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж зэрэг хотын сууриудыг төлөвлөж байна. 2021 онд багтааж инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төлөвлөлтийн зургуудыг хийж дуусгахаар зорьж байгаа юм.

Тухайлбал урьдчилсан судалгаагаар Хөшигийн хөндийд хоногт 20 мянган метр.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөөд байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандарт мөрдүүлж байна

Нийслэлийн хэмжээнд 2021 оны төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, чанарын шаардлагыг хангуулах арга зүйн зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллалаа. Нийт найман дүүргийн 109 байршилд хяналт шалгалт хийж, зөвлөмжийн хуудас хүргүүлээд байгаа бөгөөд уг зөвлөн туслах ажил нь 2021 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны арын Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Тэс, Хэрлэн, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-50 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 25-30 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг, Хялгант зэрэг сумдын орчмоор 5-10 см нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Түүнчлэн хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарна уу. Үүнд:

– Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,

– Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

– Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

– Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Сибирийн өмнөд хэсэгт бороо орох төлөвтэй байна

Монгол орны нутгийн хойд хэсэг байгалийн чанадын орчимд зүүн Сибирийн өмнөд хэсэгт хур бороо орохтой холбоотойгоор нутгийн төв хэсгээр агаарын урсгал баруун өмнөөс чиглэлтэй байна. Цаашлаад зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түймрийн утаа агаарын орчил урсгалын дагуу шилжих төлөвтэй боллоо.

Өнгөрсөн 7 дугаар сард Төв Азийн ихэнх нутагт олон жилийн дунджаас бага хэмжээтэй хур бороо орж, 1-2 градусаар дулаан гандуу хуурай байсантай холбоотойгоор Казахстан, ОХУ-ын Сибирийн нутгаар ойн түймрийн давтамж эрс нэмэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо өсчээ

Улсын Ерөнхий Прокурорын газрын мэдээллээр өнгөрөгч долдугаар сард танхайрах, хүний биед халдах, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөрийтэй тоглоом тоглох зэрэг зарим төрлийн зөрчлийн гаралт буурсан ч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил өсжээ.

Амралт зугаалга ихэссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 147884 бүртгэгдэж хоёр хувиар өссөн байна. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.

Харин мөрийтэй тоглоом тоглох зөрчил 73 хувиар, хулгайлах зөрчил 66 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил тус бүр 52 хувиар, танхайрах зөрчил 50 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 45 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 43 хувиар, Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 24 хувиар, хүний биед халдах зөрчил 8 хувиар буурчээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
3.Жолооч:
3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоосгуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлд авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байна

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 85-92 хувьтай байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

Багц 1 буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26км авто зам: Ажлын талбайд 23 хүн хүч, 4 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Тус хэсэгт хучилтын ажил дууссан. Ус зайлуулах хиймэл байгууламжийн чулуун бэхэлгээний ажил хийгдэж байна.

Ажлын гүйцэтгэл – 85.43%.

Багц 3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам: Ажлын талбайд 62 хүн хүч, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.

Нийт ажлын гүйцэтгэл – 89.49%.

Багц 5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам: Ажлын талбайд 49 хүн хүч, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил 93.43%. Төмөр замын гарам. Ажлын талбайд төмөр замын 3 гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна.

Нийт ажлын гүйцэтгэл – 92.82%.

Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр уг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Уг замын ажлын,

Багц 1: “Арж капитал” ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 584 хүн хүч, 262 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, гүүр хоолой, суурийн ажлууд хийгдэж байна.

Ажлын явц: 28.17%

Багц 2: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 231 хүн хүч, 109 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 15.16%

Багц 3: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 88 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.

Ажлын явц: 14.76%

Багц 4: Шанхай Констракшн Групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 204 хүн хүч, 137 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.

Ажлын явц: 10.39%

Багц 5:

БНХАУ-ын Чайна Гежөүба Групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 157 хүн хүч, 78 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна.

Ажлын явц: 15.95% байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Турк улсад ажиллаж буй хоёр улсын иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох нөхцөл бүрдэнэ

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын эрх бүхий байгууллагын албаны хүмүүсийн уулзалт энэ сарын 10-нд боллоо.

Цахим уулзалтаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ашиглах маягтуудын төслийг хэлэлцсэн ба уг маягтууд эцэслэн батлагдсанаар Монгол, Турк улсад ажиллаж, амьдарч байгаа хоёр улсын иргэд хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж, нийгмийн баталгаа нь хангагдах юм.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, БНТУ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр соёрхон баталсан билээ.

Нийгмийн хамгааллын дээрх хэлэлцээр албан ёсоор энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн. Хэлэлцээрээр хоёр улсын иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоож олгох зэрэг харилцааг зохицуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шүүхийн шийдвэр гарчээ


Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй ЭМЯ-д холбогдох иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр болсон байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцаан томилох шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард түүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

18-34 насны залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр энэ сарын 16-наас эхэлнэ

Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “Оролцоо” төслийн бүртгэл эхлэх гэж байна.

18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуус уг төсөлд www.e-mongolia.mn системээр дамжуулан наймдугаар сарын 16-22-ны өдрийн хооронд бүртгүүлэх боломжтой.

Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд регистрийн дугаараа оруулан шалгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Дурсгалын 10 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргалаа

Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргав. Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой.

Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.

Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжны хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлууллаа.