Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хоёр ээлжээр хичээллэнэ. Таван настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулна.
Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын норматив 900 төгрөг байсныг 1500 болгон нэмэгдүүлсэн. Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, суралцах чадвар, бүтээмжид гол нөлөө үзүүлдэг тул “Үдийн хоол” хөтөлбөрийн чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа.
Хүүхдүүдийн хичээл, сургалт бараг хоёр жил завсарлаад эхэлж байна. Хичээлийн хоцрогдлыг арилгах том зорилт тулгарлаа. Засгийн газар хичээл сургалт эхлүүлэх бүх зохион байгуулалтыг хийнэ гэж Ерөнхий сайд хэлээд хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг онцолж байлаа.
Цэцэрлэг, сургуулийн багш нарын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Эцэг, эхчүүд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгаа юм байна. Цар тахлын үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гэж буйтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 сургууль, 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа.

Шинэ сургуулийг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 75 дугаар сургуулийн жишгээр барина
Япон Улсын буцалтгүй тусламж, Жайка төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 828 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль барьж, энэ хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. 75-р сургуулийн барилга дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдаж, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч хөгжих тэгш хүртээмжит сургалтын орчныг бүрдүүлжээ. Цаашид шинээр баригдах сургуулиудыг 75 дугаар сургуулийн барилгын стандарт, жишгээр барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцолж байв.


Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бага, дунд сургуулийн барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах таван үе шаттай төсөл 1999-2021 онд амжилттай хэрэгжиж Улаанбаатарт 49 сургууль болон сургуулийн барилгын өргөтгөл барьж, сургуульд хамрагдах хүүхдийн хүчин чадлыг 24 мянгаар нэмэгдүүлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкид баяр хүргэлээ.

Зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа. Хичээл сургууль эхэлсэн үед хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Түгжрэлийн шалтгааны 25 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах гэсэн авто замын хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс БШУЯ түгжрэл ихтэй бүсэд байрладаг 25 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш ажиллуулахаар шийдвэрлэжээ. Эдгээр цэцэрлэгийн цуглах цаг 07.00-09.30, тарах цаг 16.30-20:00 байна. Энэ санаачилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Засгийн газар хотын түгжрэл, төвлөрлийг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ. Хотын төвөөс хотын зах руу нүүсэн аж ахуй нэгжийг татварын бодлогоор дэмжинэ гэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Бизнесийн болон ипотекийн 3.1 их наяд төгрөгийн зээлийн хүүг он дуустал зогсоосон

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Төв банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаарх мэдээлэл өглөө. Бодлогын хүүг 11 хувиас 6 хувь болгож бууруулсан. Мөн өнгөрсөн жил 55 мянга, 2021 онд 57 мянган иргэдийн бизнесийн болон ипотекийн 3.1 их наяд төгрөгийн зээлийн хүүг он дуустал зогсоосон. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих 1.7 их наяд төгрөгийн зээлийг 23 мянган зээлдэгчдэд олгоод байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан газар тариалан, мах бэлтгэл, хүнсний ногоо, ноос ноолуурын чиглэлээр 500 тэрбум төгрөгийн зээл олгохоос 319 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. No description available. Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн өсөлт 15.7 хувьд хүрсэн ч эдийн засгийн өсөлт цаашид энэ хэмжээгээр үргэлжлэхэд тодорхой бэрхшээлүүд үүсэхээр байна. Ялангуяа улс орнуудын хилийн хязгаарлалт, ачаа тээврийн саатал, тээврийн зардлын болон түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх дүр зураг харагдаж байна гэв.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанканд хадгаламжийн хүүг бууруулах талаар чиглэл өгч ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ онцлоод өнөөдрийн байдлаар хадгаламжийн хүү бууруулсан, энэ нь зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг дурдав. Иргэдээс 3 хувийн хүүтэй зээлийн хувьд эх үүсвэр олдохгүй байгаа талаар, Зээлийн батлан даалтын сан хангалтгүй ажиллаж байгаа талаар гомдол ирүүлж байгааг Монголбанкны удирдлагуудад сануулав.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Зээлийн хүүг буруулах стратегийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа бондын зах зээлийг хөгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд бондын зах зээлийн бүртгэлийн журмыг олон улсад нийцүүлэн өөрчилсөн” хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Монгол Улсын гадаад худалдаа эхний 7 сарын байдлаар экспорт, импорт 30 хувийн өсөлттэй байгаа ч энэ оны6, 7 дугаар сарыг 2020 оны мөн үетэй харьцуулахад буурсан гэлээ. Өрхийн орлого бууралттай, хэвээр байна. Өрхийн орлогыг тогтворжуулж буй гол хүчин зүйл нь тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө гэдгийг хэлж байв. Инфляц эхний 7 сарын байдлаар 7.4 хувьтай гарсан.Долдугаар сард инфляц нэмэгдэх болсон гол шалтгаан нь шатахуун үнэийн өсөлттэй холбоотой гэдгийгонцоллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэн тэргүүнд ажилгүйдэл, ядуурлын асуудалд анхаарах хэрэгтэй байна. Ядуурлын үндсэн шалтгаан ажилгүйдэл. Үүний тулд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа солонгоруулахын тулд онцгой анхаарах шаардлагатайг сануулав. Монгол хүн ажилтай, орлоготой байхад ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулаад гарч чадна. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Зөвшөөрлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг өөрчилж, төрийн дунд, доод шатанд бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй дарамт шахалтыг зогсоох ёстой. Мөн ажлын байр бий болгож буй салбаруудыг зээл, татварын бодлогоор дэмжих нь зүйтэй. Эдийн засгийн өсөлтийг ажлын байр буй болгосноор хэмжих ёстой. Парламентын зүгээс эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч ажиллах болно. Хүнсний хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгахад онцгой анхаарах нь Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс онцгой анхаарах асуудал мөн хэмээлээ.

No description available. Иймээс цар тахлын үед болон дараа нь төрөөс мөнгөний бодлогын чиглэлээр ямар арга хэмжээ авах, хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах болон банк санхүүгийн шинэтгэлийг хийхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид бодлогын ямар ажил зохион байгуулахталаар чиглэл гаргаж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн газрын удирдлагуудад даалгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана

Өнөөдөр /2021.08.14/ Улаанбаатар хотод суурин 36 цэгт 44 багийн 300 эмч, ажилтан ажиллаж, 4897 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Харин ням гаригт буюу 2021 оны наймдугаар сарын 15-нд дархлаажуулалтын цэг ажиллахгүй.

Бямба гаригт Улаанбаатарт ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь та бүхэнд танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Баярдаваа: Нийлүүлэлтээс үүдсэн инфляцийн өсөлтөд Төв банк хариу үйлдэл үзүүлэх боломжгүй

Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Б.Баярдаваа инфляцийн өсөлттөй холбоотойгоор сэтгүүлчдэд өгсөн тодруулгыг хүргэж байна.


-Өнөөдрийн инфляцийн өсөлтөд яг юу нөлөөлж байна вэ?

-Өнөөдрийн инфляцийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засаг хямралын хүнд үеэс сэргэж гарч байгаа үзэгдэл инфляцийн өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Түүнчлэн гадаад болоод дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлстэй холбоотой асуудлууд инфляцид нөлөөлж байна. Задлаад хэлбэл, хамгийн гол нөлөөлөл дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагасан бинзений үнийн өсөлт. Бензиний үнэ зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий нийтийн инфляцид нөлөөлж байна. Дараагийн инфляцид нөлөөлж буй хүчин зүйл бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт. Дэлхийн хүнсний үнийн индексийг харвал 30-40 хувийн өсөлттэй буюу хамгийн бага түвшнээс дээш гарчихсан байна. Товчхондоо хямралын үеийн өмнөх түвшнээс 20 орчим хувиар дэлхийн хүнсний индекс өсчихсөн байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний үнэд нөлөө үзүүлж байна. Нөгөө талдаа улирлын шинж чанартай буюу махны нийлүүлэлттэй холбоотойгоор махны үнэ инфляцид багагүй нөлөө үзүүлж байна. Ер нь түүхэн байдлыг нь харах юм бол нийт инфляцийн 40 орчим хувийг нийлүүлэлтийн савлагаатай үнийн өөрчлөлт нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, мах, хатуу түлш, бензин зэргийн үнийн өсөлт инфляцид багагүй нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын Улаанбаатар хотын инфляци 7.1 хувьтай өндөр гарсан. Гэхдээ нийслэлийн хэмжээнд шүү. Улсын хэмжээнд бол энэ тоо арай бага гарсан. Тэгэхээр 7.1 хувь гэсэн инфляцийн нийтдээ гурван нэгж хувийг мах, хатуу түлш, бинзен гэсэн гурван бараа бүтээгдэхүүн эзэлж байх жишээтэй.

-Тэгэхээр үнэ нь байнга хэлбэлздэг зүйлсээс үүдэн инфляци өсөх болгонд Монголбанк мөнгөний бодлого явуулаад хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ талаар?

-Монголбанкны ерөнхийлөгч “Нийлүүлэлтийн шинж чанартай инфляци дээр бид маш болгоомжтой хандана. Төдийлөн хариу үйлдэл үзүүлэхгүй” гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэхээр хэдийгээр нийлүүлэлт буюу гадаад шалтгаантай холбоотойгоор инфляци өсч байгаа ч гэсэн дотоодод эдийн засгийн сэргэлт бүрэн явагдаагүй, дөнгөж сэргэж эхэлж буй үе шатандаа байна. Дотоодын эдийн засгийн өсөлт жигд бус байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр үйлчилгээний салбар эмзэг байна. Энэ салбарт маш их ажлын байр хадгалагддаг. Энэ оны нэгдүгээр улирал болон 2020 оны дөрөвдүгээр улиралд өрхийн хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт маш эмзэг, жигд бус байгааг илэрхийлж байна. Тиймээс сэргэлтийг хязгаарлах хэмжээнд нийлүүлэлтийн шинж чанартай инфляцид Төв банк хариу үйлдэл үзүүлэхээс болгоомжилж байгаа юм. Мөн инфляцийн багагүй хувийг гадаад шалтгаантай тээвэр, ложистиктой холбоотой дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн дотоодод хүнсний бүтээгдэхүүний үнэ болон бензиний үнэ хэлбэлзэж буй зүйлээр инфляци тайлбарлагдаж байгаа үед мөнгөний бодлогоор тохируулга хийхдээ Төв банк маш болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Учир нь нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийг хязгаарлачих вий гэдэг болгоомжлол байна гэсэн үг.

-Шатахуунаас үүдсэн инфляцийн өсөлтийг зохицуулахад маш төвөгтэй гэдэг. Тэгэхээр ямар бодлогоор зохицуулах нь зүйтэй вэ?

-Энэ бол маш төвөгтэй инфляцийн түүх. Бензиний үнэ дэлхийн зах зээл дээрх нефтийн шокоор өдөөгдсөн инфляци. Мөнгөний бодлогын бүхий л арга хэрэгсэлд эдийн засгийн эрэлт, идэвхжилтийг бензиний худалдан авалтаар дамжиж хэрэгждэг онцлогтой бодлого. Гэтэл нефтийн үнэ, бензиний үнэ чинь өөрөө зардлын шинж чанартай. Өөрээр хэлбэл үйлдвэрлэгчийн зардлаар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ, өртөгт шингэж үнэд нөлөө үзүүлсэн инфляци байдаг. Гэтэл зардлаар өдөөгдсөн инфляци дээр эрэлтийн хэрэгслээр тулгуурласан бодлогын арга хэмжээ авна гэдэг төдийлөн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ нефтийн үнээс үүдэлтэйгээр инфляцийн эхний үе, хоёр дахь үеийн нөлөө гэж бий. Эхний үеийн нөлөөнөөс илүүтэйгээр хоёр дахь үеийн нөлөөгөөр инфляци цааш ужгирах нөхцөл байдал үүссэн үед Төв банкны мөнгөний бодлогоор тодорхой хэмжээний тохируулгыг хийх шаардлага үүснэ л дээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Н.Отгонбаатар “ONE Championship”-ын анхны тулаандаа ялагдлаа

“Zorky’s MMA” клубын тулаанч, АНУ-ын холимог тулааны “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар өнөөдөр “ONE Championship” холбооны эхний тулаанаа хийлээ.

Тэрээр Энэтхэгийн “The Kerala Krusher” хочит Рахул Ражутай тулалдаж эхний үед илүүрхсэн ч хоёрдугаар үед боолтоор ялагдлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цолмонбаатар: Могойг оролдож, уурыг нь хүргэх тусам биеэс нь хор их хэмжээгээр ялгардаг

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.


-Суурьшлын бүсэд могой орж ирэх тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-2016 онд хийгдсэн амьтны аймгийн судалгаагаар Улаанбаатар хот орчимд хоёр зүйлийн могой бүртгэгдсэн. Хоргүй буюу рашааны могой, хортой бамбай хоншоорт могой хот орчимд тархсан байна. Зэрлэг амьтад идэш тэжээл хайж, гэмтэж бэртсэний улмаас, бороо их орсон жил үерийн усаар дамжиж суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдлууд бий. Хотын төв рүү могой орж ирж байгаа нэг шалтгаан бол тээврийн хэрэгслээр дамжин орж байна. Өөрөөр хэлбэл, амралт зугаалгаар явсан иргэдийн автомашины моторын хэсгээр дамжин хотын төв рүү орж ирэх тохиолдол байгаа юм. Могой суурьшлын бүс рүү орж ирсэнтэй холбоотой дуудлага түлхүү Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдэж байна. Энэ нь хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотой үүсч байгаа асуудал. 2018 онд төвийн зургаан дүүргийн суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн тухай 30 удаагийн дуудлага хүлээн авч байсан бол 2019 онд 43, 2020 онд 116 удаагийн дуудлага хүлээн авч ажилласан. 2020 онд бүртгэгдсэн нийт дуудлагын 30-40 хувь нь зөвхөн могойтой холбоотой дуудлага байсан бөгөөд 90 орчим хувь нь хортой буюу бамбай хоншоорт могой байсан. Он гарсаар бид 20 гаруй удаагийн дуудлага мэдээлэл хүлээж авсан байна.

-Хортой могойг хэрхэн таньж мэдэх вэ?

-Энгийн иргэд могойг шууд хараад хортой, хоргүйгээр нь ялгахад төвөгтэй. Могой амьдарч байгаа газар нутгийнхаа онцлогоос хамаарч өөр өөр өнгөтэй бөгөөд хүүхэн хараагаар нь хортой эсэхийг нь ялгаж болно. Бамбай хоншоорт могойны биеийн урт ойролцоогоор 70 см, сүүлний урт биеийн уртаас 5,5-8,4 дахин богино байдаг.

Энэ зүйл могойн нурууны хайрс 23, хэвлийн хайрс 143-187, төгсгөлийн сүвийн бамбай хайрс нэг, сүүлний доторх бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 31-56 хос. Биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юмуу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал, ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юмуу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг. Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. Хортой могойн хүүхэн хараа босоо байдаг. Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, 323780 дугаарт, бусад үед Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсаар мэдээлэл өгнө үү. Дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл могойн хөдөлгөөнийг ажиглаад байж байх хэрэгтэй. Зарим иргэдийн өгсөн дуудлагын дагуу очиход могойгоо ажиглаж байгаагүйгээс үүдэн хаашаа явсан нь тодорхой бус учраас эрэн хайх хэрэгтэй болохоос гадна, олохгүй байх тохиолдол ч байдаг. Энэ нь эргээд хэн нэгэнд аюул учруулах магадлалтай гэсэн үг.

-Зарим иргэд могой харахаараа оролдох, уурыг нь хүргэх тохиолдол байдаг. Энэ нь хэр аюултай вэ?

-Могойтой таарсан тохиолдолд ерөөсөө оролдож, уурыг нь хүргэж болохгүй. Учир нь могойг оролдож уурыг нь хүргэх тусам биеэс нь хор их хэмжээгээр ялгарч байдаг. Энэ тохиолдолд могойд хатгуулах юм бол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учрах магадлалтай.Могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй эмнэлгийн тусламж ирэхийг хүлээх ёстой. Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд та бүхэн өндөр өвстэй газраар явахдаа урт түрийтэй гутал өмсөж могойд хатгуулахаас сэргийлээрэй. Мөн суурьшлын бүсэд амьдарч байгаа иргэд байрны гадаах өндөр өвстэй ногоон байгууламжид тайралт хийж, үзэгдэх орчныг сайжруулах хэрэгтэй.

Өндөр өвстэй ногоон байгууламжинд могой байж болзошгүй тул иргэд сонор сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдүүдээ хараа хяналттай тоглуулахыг анхааруулж байна.

-Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг шууд байгальд нь буцаан тавьдаг уу, гэмтэж бэртсэн амьтдыг хэрхэн эмчилдэг вэ?

-Нийслэлийн Байгаль орчны газраас гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээ авч ажилласан. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхорын хоёр нисгэл ангаахай, гэмтсэн хондлой цагаан ураацайг Зэрлэг амьтан асрах байранд асарч байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нууранд шилжүүлэн тавилаа. Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьсан. 2017 онд ан амьтны мэргэжлийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд анх удаа “Зэрлэг амьтан асрах байр”-ыг байгуулсан. Гэмтэж бэртсэн амьтдыг асрах байранд байлгаж эмчлээд эргэж байгальд нь тавьдаг. Харин идэш тэжээл хайж орж ирсэн амьтдыг гэмтсэн эсэхийг шалгаад шууд байгальд нь буцаан тавьдаг.

П.Батзаяа

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх морь өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 14, Санчир гариг. Билгийн тооллын 6, Салхины эх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 05:46 цагт мандан, 20:08 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 19-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоог онцолж байна

Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн 8 дугаар сарын 12-ныг “Дэлхийн залуучуудын өдөр”, Монгол Улсад 8 дугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэдэг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1995 онд “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр” хэмээх 15 багц арга хэмжээ бүхий хөтөлбөрийг баталсан. Залуучуудын өдрөөр дээрх хөтөлбөрийг онцлох, дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилготой.

2021 онд дэлхий нийтээр “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацыг дэмжих нь” уриаг дэвшүүлж байна.

2021 онд хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байна.

Өчигдөр тус аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Чех Каритас Репаблик суурин төлөөлөгч Яна Зилкова болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, залуучууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Анх энэ аяныг зохион байгуулахдаа залуусын оролцоо, хөгжил, энх тайван гэсэн үндсэн гурван чиглэлийг онцолсон байдаг. Өмнөх жилүүд буюу 2019 онд “Боловсролын шинэчлэл”, 2020 онд “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” зэргээр онцлог, асуудал хөндсөн уриаг олон улсын хэмжээнд дэвшүүлж, улс орнууд өөрийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэхийг уриалсан.

Categories
гадаад мэдээ

Японы 129 төрийн байгууллага хакердуулжээ

Япон улсын 129 төрийн байгууллага болон компани хакеруудын халдлагад өртсөн гэж тус улсын технологийн компани болох Фужицу компаниас мэдээлснийг NHK агентлаг дамжууллаа.

Фужицу компани цахим халдлага гарсантай холбогдуулан Японы төрийн байгууллагууд, аж ахуй нэгжүүдийн өргөнөөр ашигладаг өөрсдийн ProjectWEB программынхаа өгөгдөл мэдээллийг дахин шинэчилсэн гэдгээ мэдэгджээ.

Мэдээлэл нь алдагдсан гэх төрийн байгууллагын дотор сайд нарын танхим, гадаад харилцааны яам, Үндэсний газрын яам болон барилга дэд бүтэц, тээвэр, аяллын жуулчлалын яам багтсан байна.