Categories
мэдээ улс-төр

“Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамураг хүлээн авч уулзжээ. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Япон улсын хөгжил, шинэтгэлийн бодлого, түүний туршлагын талаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид төлөвлөгөө гарган ажиллах саналыг хатагтай Э.Тамурад тавьсан байна. Энэ удаагийн уулзалтаар “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болох цуврал хэлэлцүүлгийн сэдвүүдийн талаар санал солилцжээ.

УИХ-ын дарга Япон улсын хөгжлийн туршлагыг судлах ач холбогдолтойг онцлоод “Япон лугаа адил хөгжье” санаачилгыг бодитой ажил болгох, тодорхой чиглэлийн шинэтгэлийн хүрээнд хийх ажлуудаа төлөвлөж, салбар хоорондын уялдаа холбоог сайтар ханган ажиллаж байгааг хэлсэн байна.

Цуврал хэлэлцүүлгийн эхний хэлэлцүүлгийг ирэх есдүгээр сард явуулах саналтай байгаа бөгөөд уг хэлэлцүүлэгт ЖАЙКА-ийн ерөнхийлөгч оролцож илтгэл тавихаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нярайн эрчимт эмчилгээнд зориулсан тоног төхөөрөмжүүд өгчээ

Завхан аймагт JCI байгууллагын “SAVE ANGELS” төсөл хэрэгжиж эхэллээ гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

“Төслийн хүрээнд нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ. Мөн бусад төслийн хүрээнд эх баригч, эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулна. Ингэснээр сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжүүд дээр ажиллах эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах юм. “SAVE ANGELS” төслийн 105 сая төгрөгийн үнэ бүхий дээрх тоног төхөөрөмжүүд нь нярайн эрчимт эмчилгээнд нэн чухал төхөөрөмжүүд юм. Цаашид тус аймагт нярайн эндэгдэл гарах эрсдэлээс хамгаалж чадна” гэв. Ташрамд Аймгийн 50 ортой Амаржих газарт өдөрт дунджаар 5-8 эмэгтэй төрдөг. 15 ортой эмэгтэйчүүдийн тасагтаа төрөх насны эмэгтэйчүүдийг оношилж, хэвтүүлэн эмчилж байна.

Орон нутагт нярайн эрчимт эмчилгээний багаж хүрэлцээ муу байдаг

JCI Монгол байгууллагын залуусын санаачилгаар 2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг буруулах зорилготой Save Angels төсөл зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Тус байгууллага 2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг бууруулах хөтөлбөрийг санаачлан эхлүүлж, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой урт хугацаанд шат дараалсан төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. “Save Angels” хөтөлбөрийн хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Улаанбаатар хот дахь төв эмнэлгүүдтэй хамтран ажиллаж тэдгээр эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ. Тухайлбал хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын тусгай зориулалтын автомашин, дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ сувилгааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинэчлэн зохион байгуулсан байна. 2021 онд тус байгууллага орон нутгийн амаржих газруудад эх нярайн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд анхааран ажиллаж байна. Ялангуяа хөдөө орон нутагт дутуу болон бага жинтэй нярайд шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг. Тэгвэл тус төслөөс манай аймгийн Амаржих газарт нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлаад буй нь цаг үеэ олсон ажил боллоо гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс нэмж дуулгав.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймагт Захиргааны зөрчил буурчээ

Сэлэнгэ аймгийн Статистик мэдээгээр оны эхний 7 сарын байдлаар нийт 331 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар буурчээ.

Аймгийн хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн 27.8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас иргэн болон байгууллагад нийт 988.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар өссөн аж. Энэхүү учирсан хохирлоос 388.1 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 39.3 хувьтай байгаа гэнэ. Бүртгэгдсэн гэмт хэргийн 21.1 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 45.9 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 8.5 хувь нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг байгаа аж. Харин аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Түүнч гарч буй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 29.3 хувь нь малын хулгай аж. Энэхүү малын хулгайн гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 25.6 хувь буурсан байна. мөн аймгийн хэмжээнд энэ оны байдлаар 559 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Эрүүлжүүлэгдсэн хүний нь хувьд мөн 29.4 хувь буурсан аж. Түүнчлэн энэ онд 7718 захиргааны зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 28.0 хувиар буурсан байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Өргөө цэцэрлэг, Хүрээ сургууль буюу цөөн хүүхэд суралцах төлөвлөлтийг хийж байна

Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуульд ажиллав. 75 дугаар сургууль бол бүгдэд хүртээмжтэй төлөвлөлтийн жишиг барилга юм. Яг үүнтэй ижил 4 барилга Жайкагийн төслийн хүрээнд манай улсад баригдсан. Энэ сургуулиуд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдэд ээлтэй, гамшгаас сэргийлсэн, газар хөдлөлт, гал түймрийн үед хорогдох байрны зориулалттай. Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй. Цаашид олон хүүхэд суралцах сургуулийн барилгыг энэ жишгээр барина.

Үүнээс гадна Өргөө цэцэрлэг, Хүрээ сургууль буюу цөөн хүүхэд суралцах төлөвлөлтийг хийж байна. Энэ нь цэцэрлэг сургууль хүртээмжгүй гэр хорооллын дунд 2-4 айлын газар чөлөөлж 50 ортой цэцэрлэг, 160 хүүхдийн суудалтай сургууль барих төлөвлөлтүүд юм. Кластер хэлбэрээр ажиллуулж захиргааны зардал хэмнэх боломжтой. Мөн сургууль, цэцэрлэггүй орон сууцны хорооллын дунд нэгдүгээр давхарт цэцэрлэг, сургууль байгуулах боломжтой.

Цаашид боловсролын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхдээ Google maping буюу газарзүйн мэдээллийн системийг ашиглана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсэд могой харсан бол яаралтай мэдэгдэнэ үү

2016 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг.

Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд ордог. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдол ажиглагдаж байна.

Иймд иргэд суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайх, гэмтэж бэртэх байдлаар хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгддэг.

2018 онд хот руу орж ирсэн амьтны 30 дуудлага ирсэн бол 2019 онд 43, 2020 онд 116 болж өссөн байна. Харин 2021 он гарсаар 53 удаагийн дуудлага хүлээн авсны дийлэнх хувийг хортой могойн дуудлага эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Туркийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хооронд цахим уулзалт хийв

Монгол, Туркийн Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан уг хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын төлөөлөгчид цахим уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Уулзалтыг Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Туркийн талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмэт Эрдэм нар нээж, үг хэлэв. Хоёр талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон техникийн асуудлуудыг зохицуулах, хэрэглэх баримт бичгийн маягт, хамрагдах иргэдийн талаар ярилцаж үйл ажиллагаагаа уялдуулах талаар тохиролцов.

Турк улсад ажиллахдаа албан журмын болон сайн дураар даатгалаа төлж байгаа иргэд энэхүү хэлэлцээрт хамрагдах бөгөөд тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, улмаар БНТУ болон Монгол Улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломжтой болох юм. Туркийн Шилжилт хөдөлгөөний газраас гаргасан мэдээгээр 2021 оны эхний байдлаар 1305 монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр оршин суудаг байна.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.

2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13-НЫ 20.00 ЦАГААС НАЙМДУГААР САРЫН 14-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15-НААС НАЙМДУГААР САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи наймдугаар сарын 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн өмнөд хэсгээр халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Энэ сарын 17-ноос баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
гадаад мэдээ

Малта аралд 43 хэм хүрч халжээ

Наймдугаар сараас хойш нийт 600 гаруй ой хээрийн түймэр гарсныг Грекийн засгийн газраас мэдээлсэн юм. Тус улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хэт халалт үүсч, улсын ихэнх хэсгээр 42-45 хэм хүртэл халаад байгаа билээ.

Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнгөрсөн пүрэв гаригт ойн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Бид галын гамшгаас олон мянган иргэнээ аварч чадсан боловч байгаль орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Уур амьсгалын хямрал нүүрлэж буй тул эдийн засгийн чиг баримжаа, эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт оруулах болно. Мөн байгаль орчинд чиглэсэн төр засгийн үйл ажиллагаа, иргэдийн хандлага өөрчлөгдөх ёстой” гэсэн юм. Түүнчлэн галын гамшиг цаг уурын шалтгаанаас гадна хүний санамсаргүй болон санаатай үйлдлээс бий болсныг онцлоод, гал тарьсан хэргээр хэд хэдэн хүнийг шалгаж байгаа” гэжээ.

Испани улсад өнгөрсөн даваа гаригаас хойш цахилгаан эрчим хүчний төлбөр бараг өдөр болгон шахуу хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байна. Учир нь нийслэл Мадрид болон бусад хотуудад 40 хэм хүртэл халж байгаагаас иргэд агааржуулагчийг ихээр хэрэглэж буй аж. Тус улсын зүүн хойд хэсэгт орших Таррагона мужид гарсан ойн түймрийг унтраахаар өнгөрсөн пүрэв гаригт хэдэн арван гал сөнөөгч, ус шүршигч дөрвөн нисдэг тэргийг дайчилжээ. Тус түймрийн улмаас 40 га талбай дархан цаазат ой хээрийн бүс сүйдсэнийг орон нутгийн албанаас мэдээлэв. Мөн дарс үйлдвэрлэгч Ла Риожа, зүүн хойд хэсгийн Сарагоса мужуудад жижиг хэмжээний ойн түймэр гарсан байна.

Албани улсын Батлан хамгаалах яам өнгөрсөн Баасан гаригт ой хээрийн түймрийн талаар мэдэгдэл хийв. Тус яамнаас мэдэгдсэнээр орон даяар зургаан удаагийн ой хээрийн түймэр гарсан ч нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Мөн Европын хойд хэсэгт байрлах Малта арал халуунд нэрвэгдэж, зарим газраар 43 хэм хүрсэн байна.

Categories
гадаад мэдээ

Якутаас 28 мянган жилийн өмнө амьдарч байсан арслангийн гүегийн бие олджээ

Оросын эрдэмтэд Якутын газар нутгаас маш сайн хадгалагдаж үлдсэн эртний агуйн арслангийн гүег олсноо зарлажээ.

28,000 орчим жилийн өмнө амьдарч байсан арслангийн зулзагын биеийг 2018 онд Семюелях голын сав газраас анх илрүүлж байсан юм байна. Олдворын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ долоо хоногийн Quaternary шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Эм гүегт эрдэмтэд Спарта гэсэн нэрийг өгсөн байна. Уг олдвороос жилийн өмнө мөн газраас эр арслангийн гүегийн биеийн үлдэгдэл олдсоныг Борис хэмээн нэрлэж байжээ. Хоёр олдворыг хоорондоо 15 метр зайтай газруудаас илрүүлсэн ч амьдарч байсан цаг хугацаа нь олон мянган жилийн зөрүүтэй байсан юм. Борис 43,000 гаруй жилийн өмнө амьдарч байсныг эрдэмтэд тогтоож байв.

Арслангийн гүегүүд нэгээс хоёр сарын настай байсан гэж дүгнэжээ. Тэднийг арслан зааны соёо хайж явсан хүмүүс олсон байна. Агуйн арслангууд олон мянган жилийн өмнө устаж алга болсон юм. Спарта гүегийн бие цэвдэгт маш сайн хадгалагдаж үлдсэнээрээ онцлог ажээ. Түүний арьс, яс, дотор эрхтнүүд нь бараг хөндөгдөөгүй байгаа гэнэ. Тэр ч байтугай эхийнх нь сүүний үлдэгдэл илэрчээ. Үүнийг нь ашиглан арслангуудын хоол тэжээлийн бүтэц ямар байсныг судлах боломжтой талаар судалгааг ахалсан эрдэмтэн Валерий Плотников ярьж байна. Дэлхийн уур амьсгал дулаарч байгаатай холбоотой сүүлийн жилүүдэд Сибирийн мөнх цэвдэг хайлж, эртний амьтдын үлдэгдэл олноороо илрэх болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашины тоосгон гражуудыг чөлөөлж, нийтийн эдэлбэр газар гаргажээ

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт, 20 дугаар сургуулийн хойд талд байрлах тоосгон гражуудыг чөлөөлж нийтийн эдэлбэр газар гаргажээ. Энэ байршилд 53 тоосгон байшин байсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/351 дүгээр газар захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэсэн байна.