Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 27-29 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд нутгийн баруун хагаст, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18,19-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Төв аймаг сүүлийн 30-аад жил хураагаагүй их ургац хураана” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсаас БНХАУ-д
суугаа Элчин сайд Т.Бадрал “Хятадад
нүүрсний эрэлт их
байна. Боомтуудаа
ногоон бүс болгочихвол
хил хооронд бөөгнөрөл
үүсэхгүй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ардчилсан намын дэд
дарга Р.Эрдэнэбүрэн “С.Баярцогт нарын АН-ын
лидерүүд цагаатгагдах нь
тодорхой болсон” гэв.

“Өдрийн сонин”-ы энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа Төв аймгаас бэлтгэлээ. “Төв аймаг сүүлийн 30-аад жил хураагаагүй
их ургац хураана” гэснийг I, III, XI нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Анагаах ухааны доктор,
сэтгэл засалч Б.Жаргал “Эцэг эхчүүд хүүхдийнхээ
материаллаг хэрэгцээг сайн хангаад, сэтгэл зүйн хэрэгцээг
орхигдуулж байна” гэлээ.

Хууль зүйн ухааны
доктор, дэд профессор Б.Батзориг “Манай улсад хууль
засагладаг бус дарга засагладаг болчихоод байна” гэв.

Жүжигчин Л.Сөрөлт “Дархадаар
“өвчлөөд” ирлээ” хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.

М.Анхцэцэг “Эрхэт Монгол” групп
ирээдүйн амжилтын минь ташуур
болж өглөө” хэмээлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс баялгийн салбар улсын төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ

Эрдэс баялгийн салбараас энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дэлхий дахинд цар тахлын үед эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор эрдэс баялгийн бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж байна хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, газрын тос, төмрийн хүдэр, цайр, жонш, алтны үнэ өссөн нь манай улсын төсөвт төвлөрүүлэх орлогод эерэгээр нөлөөлж буй.

Энэ онд манай улс 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч, цар тахлаас үүдэлтэйгээр экспортын хэмжээ буурах хандлагатай байна. Гэхдээ нүүрсний үнэ өссөн учир төсөвт төвлөрөх гүйцэтгэл эхний хагас жилийн байдлаар 98 хувьтай гарчээ.

Categories
гадаад мэдээ

Францад эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал дахин өрнөжээ

Францын хотуудад “COVID-19”-ийн эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал тав дахь долоо хоногтоо дараалан өрнөжээ. Гэвч жагсаалд оролцсон хүмүүсийн тоо өмнөх долоо хоногийнхоос цөөрсөн байна.

Тэд Парис, Марсель, Ницца, Монпелье зэрэг хотын гудамжуудаар “Гэрчилгээ=Ялгаварлах үзэл” хэмээн бичсэн лоозонгуудыг барин “Эрх чөлөө, эрх чөлөө” хэмээн хашхирч байжээ.

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн Францын иргэд олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ вакцинд хамрагдсан юм уу саяхан өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах гэрчилгээ үзүүлэх шаардлагатай болсон юм.

Засгийн газар ирэх долоо хоногоос эрүүл мэндийн гэрчилгээг шалгах ажлыг чангатгахаас гадна 10 дугаар сараас эмчийн заавар зөвлөгөөгүй тохиолдолд үнэгүй шинжилгээ авахгүй гэдгийг мэдэгджээ.

Эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцэгчид “COVID-19”-ийн дөрөв дэх давлагааг хяналтад авч, эдийн засгийн сэргэх үйл явцад хувь нэмрээ оруулах Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хууль тогтоомжийг эсэргүүцэж буй хүмүүстэй мөн нэгдсэн байна.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, бямба гаригт болсон жагсаалд оролцсон хүмүүсийн тоо 215 мянга орчимд хүрч буурчээ. Тодруулбал, долдугаар сарын 17-нд болсон эхний жагсаалд 114 мянган хүн оролцож байсан бол түүнээс хойш аажмаар нэмэгдэж, наймдугаар сарын 7-нд болсон жагсаалд 237 мянга орчим хүн оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Дулааны станцын үйл ажиллагааг тогтвортой ажиллуулах ажлын хэсэг байгуулна

Энэ оны наймдугаар сарын 14-нд Засгийн газраас манай улсын хамгийн том боомт Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын ажиллагаатай болгосон билээ.

Мөн Засгийн газрын 123 дугаар тогтоолоор Замын-Үүд сум болон Замын-Үүдийн чөлөөт бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, ахуйн хэрэглээний халуун усаар хангах, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх үүрэг бүхий “Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулж, ажиллах дүрмийг батлаад байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Замын-Үүдэд ажиллах үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Замын-Үүд дулаан станц” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзаж эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, дулааны станцыг тогтвортой ажиллуулах талаар цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна.

Үүнд тусгай зөвшөөрөл, дулааны станцын бүтэц, орон тоо, техник хангамж болон богино хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн хүндрэл зэргийг холбогдох шугамаар танилцуулж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Дээрх асуудлыг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах үүднээс Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам болон холбогдох агентлагийн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон аж.

Замын-Үүдэд 87 МВт хүчин чадалтай дулааны станц, 12 ширхэг ус дулаан дамжуулах төв, 20 орчим км дулааны шугамын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын талаас 2018 онд хийж дуусгасан ч ашиглаагүй байсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Суурин утас 2025 он гэхэд хэрэглээнээс гарна

Харилцаа холбооны салбар 2025 он гэхэд суурин утаснаас бүрэн ангижрахаар шийджээ. Энэ өөрчлөлт дохиолол хамгааллын систем, цахилгаан шатны утас, төлбөрийн терминал, гудамжны төлбөртэй утасны бүхээг зэрэг олон зүйлд багагүй нөлөөлөх билээ. Түүнчлэн гар утас хэрэглэдэггүй өндөр настангууд болон хөдөө орон нутгийн хүмүүст дээрх өөрчлөлт хэрхэн нөлөөлөх нь таашгүй юм.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Нэгдсэн Вант улсад л гэхэд нийт өрхүүдийн зжргаан хувь буюу 1.5 сая айл цахим сүлжээнд холбогдоогүй, хагас сая айл гар утас ашигладаггүй аж. Үүнээс үзвэл суурин утсын хэрэглээнээс гаргах нь тэдгээр хүмүүсийн хувьд мэдээлэл солилцоход багагүй хүндрэл учруулах бололтой.

Мөн Их Британийн 75-аас дээш насны иргэдийн тал хувь нь цахим технологи ашигладаггүй аж. Тиймээс суурин утас хэрэглээнээс гарсны дараа зайлшгүй цахим технологи ашиглаж эхлэх хүмүүст зориулж, элдэв луйвар, залилангийн асуудлыг анхаарч, тэднийг хамгаалах шаардлага тулгарч байгааг салбарынхан онцолжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

​Баянхонгор аймгийн цол олгох 128 бөхийн барилдаанд аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүллээ

Баянхонгор аймгийн Эрэмбэ тооцох буюу цол олгох 128 бөхийн барилдаан Бууцагаан сумын нутаг Байдрагийн голын эрэгт энэ сарын 14-нд боллоо. Барилдаанд Жинст сумын харъяат аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж аймгийн арслан цол, Богд сумын харъяат сумын заан Э.Ѳлзийбаяр үзүүрлэж аймгийн начин цолтон болсон байна.

Шѳвгийн дөрөвт Их Богд дэвжээний бѳх Баянлиг сумын харъяат аймгийн арслан Ч.Алтангэрэл, Хүрээмарал сумын харъяат цэргийн арслан Г. Жамбалдорж нар үлдэж цол чимэг нэмжээ.

Үзэгчгүй, ямар нэгэн шууд дамжуулалалтгүй болсон тус барилдаанд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд вакцины 2 тунд хамрагдсан гэрчилгээ (халдвар авч эдгэрсэн тухай эмнэлгийн бичиг)-тэйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Мал, амьтадтай харьцдаг ажилтай иргэдийг коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийг анхааруулав

Гаднын орнуудад коронавирусийн халдвар амьтдад халдварласан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн талаар мэдээллээ. Монгол Улсын хувьд ч гэсэн энэ чиглэлээр тандалт, судалгааны ажлыг Мал эмнэлэг, ЗӨСҮТ хамтран судалж, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2021.08.14/ тус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж нөхцөл байдлын мэдээллийг авч, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тохирлоо. Цар тахлын вирус зөвхөн хүнээс хүнд бус гэрийн тэжээвэр болон үржүүлгийн амьтдаар дамжин халдвар тархах эрсдэлтэй учир мал, амьтадтай харьцдаг хүмүүс илүү их анхааралтай байх, вакцинжуулалтдаа хамрагдах шаардлагатай хэмээн ЭМЯ-наас анхааруулав.

Categories
гадаад мэдээ

​Турк улсад гал түймэр унтраахад оролцож байсан Оросын нисэх онгоц осолдож, бүх зорчигч нь амь үрэгджээ


Турк улсад шатаж буй ой хээрийн түймрийг унтраахад тусалж байсан Оросын нисэх онгоц өчигдөр ууланд осолдож, онгоцонд явсан найман хүн бүгд амь үрэгджээ.

Бериев Бе-200 загварын уг онгоц байгалийн эх үүсвэрээс их хэмжээний ус тээвэрлэн нисэж, түймрийг агаараас унтраах зориулалттай юм.

Онгоц Туркийн өмнөд хязгаарын Мараш мужийн уулархаг бүсэд осолджээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр онгоцонд Оросын таван нисгэгч мэргэжилтэн, Туркийн онцгой байдлын албаны гурван албан тушаалтан зорчиж явсан байна.

Туркийн сошиал сүлжээнд осол гарсан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэгүүд таржээ.

Онгоц тээвэрлэж явсан усаа түймрийн бүсэд асгаж дууссаны дараа хангалттай өндөр авч чадаагүйн улмаас уул мөргөж сүйрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам ослын газарт ажиллах шинжээчдийн багийг Турк рүү илгээжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд тэдний баатарлаг гавьяаг үнэлж, төрийн одон медальд тодорхойлохыг үүрэг болгосон тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Газрын дундад тэнгисийн Турк, Грек зэрэг улсуудад сүүлийн өдрүүдэд хэт халж, агаар хуурайшсаны улмаас өргөн хэмжээний ой хээрийн түймэр шатаж байгаа. ОХУ эдгээр улсуудад туслахаар гал унтраагч нисэх онгоцнуудаа илгээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Могойд хатгуулсан хүнд архи өгч болохгүй

Сүүлийн хэдэн өдөрт Улаанбаатар хотод бамбай хоншоорт хэмээх хортой могой үзэгдэх, тэр байтугай хүн хатгах явдал цөөнгүй гарлаа.

Маршалын гүүрний ойролцоо Туул голд сэлж байсан хүн хортой могойд хазуулсны улмаас нас барав. Зөвхөн өчигдөр гэхэд л 25 дугаар эмийн сангийн орчмоос хоёр могой барьжээ. Мөн Хүүхдийн 100 хавиас могой олсон бичлэг цахим орчинд байх аж. Тиймээс Богд уул руу алхалт хийх, Туул голд загасчлах төлөвлөгөөтэй хүмүүсээс эхлээд нийслэл хотын иргэд ч хэрхэн биеэ хамгаалах хэрэгтэй вэ гэдгийг бодох цаг болжээ.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөж буйгаар бол хэрэв могойд хатгуулсан бол боломжтой нөхцөлд тухайн хэсгийг ирмэг нь арзгар бус, шил сав буюу бумбаар бумбадах ёстой аж. Эсвэл хатгуулсан газрыг өөрөө эсвэл өөр хүнээр соруулж хортой хэсгийг нь гаргах хэрэгтэй. Могойн хор ерөнхийдөө цусаар дамжиж нөлөөлдөг тул амаар сороод нулимахад хор нөлөө байхгүй гэнэ. Гэхдээ амаа цэвэр ус, өөрт байгаа шингэн зүйлээр зайлах нь зүйтэй. Түүнчлэн могойд хатгуулсан хүнд шингэн зүйл аль болох ихээр өгөх шаардлагатай. Боломжтой бол хатгуулсан хэсгийг хүйтэн усанд дүрэх хэрэгтэй юм байна.

Нийтлэг буруу ойлголт бол хазуулсан гар, хөлийн хэсгийн дээхнүүр чангалуур боолт тавих гэнэ. Ингэснээр хөл, гарыг тайрахаас өөр аргагүй байдалд хүргэсэн тохиолдол ч байдаг аж. Тиймээс хорыг удаан тараахын тулд хөлд хатгуулбал өвдөг, гарт бол тохойтой нь нугалж боолт хийх ёстой гэнэ. Санууштай зүйл бол хордсон хүнд архи өгөх, хөдөлгөх нь хориотой юм. Энэ нь хорыг хурдан тархахад нөлөөлдөг. Мэдээж, хаа явсан газраа сонор сэрэмжтэй байх нь хамгийн шалгарсан арга билээ. Үүний тулд мод, чулуу, навч овоорсон газраас тойрон явж, түрийтэй гутал, урт өмд өмсөх хэрэгтэй юм байна.