Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос хүн амаа вакцинд бүрэн хамруулна

БНСУ хүн амынхаа 70 хувийг “Ковид-19”-ийн вакцины хоёр дахь тунд хамруулах ажлыг ирэх 10 дугаар сар гэхэд дуусгана гэж тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ.

Мөн Засгийн газар вакцинжуулалтын зорилтоо ахиулна гэдгийг хэлэв.

Мүн Жэ Ин нийслэл Сөүл хотын төвд оршдог “Соёлын өртөө Сөүл 284” төвд Эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ард түмэндээ хандан телевизээр үг хэлэх үеэрээ, хүн амын 70 хувь нь 10 дугаар сар гэхэд вакцины хоёр тунд хамрагдана хэмээн мэдэгдсэн байна. Мөн БНСУ коронавирусийн халдвараас үүдэлтэй хямралыг бусад томоохон орнуудтай харьцуулахад илүү тогтвортойгоор даван туулж буйг онцлон тэмдэглээд, эрх баригчид Засгийн газрын вакцинжуулалтын зорилтыг цаашид улам ахиулна хэмээн нэмж хэлжээ.

Yonhap news

Орчуулсан

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөлжээ

Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга зураг төслийн ажил хийгдэж байгаа гэдгийг хэллээ. Мөн АСЕМ-ийн ойролцоох тохижилтын ажилд гүйцэтгэгч шалгарахгүй, гурван удаа сонгон шалгаруулалт зарлаж, долдугаар сарын 20-доос ажилдаа орсон байна. Хотын дарга олон улсын стандартын дагуу бүтээн байгуулалтын ажлыг чанартай, сайн хийх ёстойг анхааруулж байлаа. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Ривер гарден”, Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох ажлуудыг түргэвчлэхийг, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгов.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу өнөөдрийн байдлаар 300 орчим байршлыг чөлөөлсөн. Тохижилт хийх шаардлагатай газруудад тохижилт хийхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Бадрал: Хятадад нүүрсний эрэлт их байна. Боомтуудаа ногоон бүс болгочихвол хил хооронд бөөгнөрөл үүсэхгүй

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай ярилцлаа.


No description available.-Тяньжин боомт дээр бөөгнөрөл үүсч, аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа түүхийэдийн хомсдол үүсэх, цаашлаад барааны үнэ өсөх зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Тяньжин боомт дээр яг ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн улс орнуудын эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэл коронавирусээс шалтгаалж хэсэг хугацаанд саатсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Зарим улс нь тэг зогсолт хийж, зарим нь үйлдвэрүүдээ хаах хэмжээнд хүрсэн. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай буурсан, мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдсэний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүссэн. Үүнтэй уялдаад өнгөрсөн жилийн хугацаанд худалдаа саатаад эхэлсэн. 2021 оны гурав, дөрөвдүгээр сараас улс орнууд эдийн засгаа сэргээж, үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа явуулаад ирэхээр захиалга идэвхжиж бараа бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн. Улс орнуудын эдийн засаг сэргээд эхлэхээр бараа бүтээгдэхүүний захиалга нь өссөн гэсэн үг л дээ.

Тяньжин боомтод ирж байгаа ачаа тээвэр илүү нэмэгдчихсэн учраас тухайн боомт дээр манай улсын импортын ачаа мөн хуримтлагдсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, мөн “Улаанбаатар төмөр зам” ХННболон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласны дүнд тодорхой үр дүн гарч байна. Тухайн үед би Тяньжин боомт дээр ажиллаж байсан учраас шууд Мужийн захирагч, Гадаад харилцааны даргатай нь уулзсан. Ингээд Хятадын ГХЯ-нд хоногт явах галт тэрэгний цувааг нэмж өгөөч ээ гэх хүсэлт тавьсан. Энэ хүрээнд зургадугаар сарын 9-нөөс эхлээд галт тэрэгний цуваа нэмэгдсэн.

Тэр үед 3600 орчим чингэлэг саатсан гэдэг тоо ирсэн. Чингэлгийн боомтод хийгдэх ажиллагаа дууссанаар ачаа тээвэрлэлтийг Хятадын талд хариуцаж буй этгээд төмөр замд захиалга өгч баталгаажуулдаг байна. Иймд Хятадын төмөр зам захиалгын дугааруудаа ирүүлэх хүсэлт тавьсан. Ингээд зургадугаар сарын дунд үеэс долдугаар сарын сүүл гэхэд 4800 гаруй импортын ачаатай чингэлэг Монголд ирсэн. Гэсэн ч Тяньжин боомт руу импортын ачаа тасралтгүй ирж байгаа тул чингэлгийн бөөгнөрөл арилаагүй хэвээр байна. Одоо Хятадын талд Зам, тээврийн хөгжлийн яам болон манай Элчин сайдын яам, ГХЯ хүсэлтээ тавиад ажиллаж байна.

Долдугаар сарын эхээр Хятадын талд албан ёсоор захиалгын дугаарыг нь хүргүүлсэн 2470 чингэлгээс наймдугаар сарын 6-ны байдлаар шалгаад үзэхэд 1616 чингэлэг нь ороод ирчихсэн, 911 чингэлэг нь үлдсэн гэх тоо байна.Хятадад сая саяараа чингэлэг явдаг. Маш олон тээвэр зуучлалын компаниудаар дамждаг юм байна. Хятадын төмөр замаас хоног тутам үлдэгдлийн мэдээгээ аваад явж байгаа.Зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлээд наймдугаар сарын 11-нийг хүртэл Тяньжин боомтоос импортын ачаатай нийт 5269 чингэлэг, бусад боомтоос 929 чингэлэг буюу нийт 6198 чингэлэг Улаанбаатарт ирсэн байна.

-Одоо цаана хэчнээн чингэлэг гацчихаад байгаа юм бэ?

-Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос 4277 чингэлэг гацчихсан гэх мэдээ өгсөн. Тээвэр зуучлалын холбоо, Тяньжин дээрх тоо хоёр зөрнө. Яагаад гэхээр усан онгоцноос бууна, машинд ирнэ, бичиг баримтаа бүрдүүлнэ, төмөр зам руу захиалгаа өгнө гээд шат дараатай ажил болдог. Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Тяньжин дээр Хятадын төмөр замаас авсан тоогоор үлдэгдэл 4331 чингэлэг байгаа юм. Наймдугаар сарын 1-нээс 8-ны хооронд 550 орчим чингэлэг наашаа хөдөлсөн байна. Хятадын талаас наймдугаар сард 2800 вагон тавьж чингэлэг ачуулахаар төлөвлөснөө бидэнд мэдэгдсэн байгаа.

-Цаашид чингэлгүүдээ хурдан татах талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Ийм асуудал жилийн жилд болдог юм байна. Хоёрдугаарт, бүх зүйлийг Гадаад яамаар дамжуулж манайхан шийдэж явсаар таарсан юм билээ. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байна. Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохирч протокол зурдаг ба үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Чингэхдээ Монголын тал импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй, бүх ачааг саадгүй хүлээн авах бодлого баримталдаг. Мөн дамжин өнгөрөх ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах дамжин өнгөрөх галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг. Тиймээс ЗТХЯ, төмөр замууд хоорондоо жил бүрийнхээ гэрээгээ шинэчилж явах ёстой юм байна лээ. Манайх тэндээс хэчнээн тонн чингэлэг авна. Тяньжинээс Эрээн хүртэл хоногт хэдэн цуваа гарга гэж гэрээгээр жил бүр төлөвлөгөөндөө тусгадаг юм байна.Цаашдаа хоёр төмөр зам ЗТХЯ-ны удирдлага дор гэрээгээ шинэчлэх, нэгэнт наашаа ирж байгаа ачааны урсгал нэмэгдсэн тохиолдолд тэрэндээ тааруулсан төлөлт хий гэдэг санаа явж байгаа юм. Нэг талаар Элчин сайдын яамны хийх ажил мөн боловч төлөвлөлт буруу байгаагаас ийм асуудал үүсээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тяньжин бол манай улсын нэгдүгээр хаалга. Хоёрдугаар хаалга бол Замын-Үүд. Тэгэхээр төмөр замууд энэ жилийнхээ төлөвлөгөөнд тодотгол хий гэж байгаа юм. Эсвэл дараа жилийнхээ төлөвлөгөөг шинэчилж улам өргөн хүрээтэй эдийн засаг, худалдаатай холбоотой шинэчлэл хийж тоогоо нэмэх хэрэгтэй.

-Замын-Үүд дээрх нөхцөл байдал хэвэндээ л байна. Өмнөх хэвийн нөхцөл байдалдаа ороход хэдий хугацаа зарцуулагдахаар байна?

-Монгол, Хятад хоёр улс хоорондоо ковидын халдварыг нэвтрүүлсэн нэг ч тохиолдол байхгүй. Хоёр улсын Гадаад яам, хилийн байгууллагууд боомтын асуудалтай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр Монголд тархаад байгаа ковидын халдварын тохиолдол өдөрт 1000-аараа илэрч байна. Хятад саяхныг хүртэл өдөрт 10-20 тохиолдол илэрдэг байлаа. Одоо өдөрт 100 тохиолдол илэрч байгаад маш хариуцлагатай хандаж байна. Коронавирусийг дотооддоо хамаагүй алдахгүй байхын тулд хаа хаанаа хариуцлага хүлээж байна. Хятад улсын төв Засгийн газар болон манай ГХЯ аль болох хоёр улсын хооронд явж байгаа худалдааг чөлөөтэй явуулаач ээ гэх хүсэлт тавьдаг боловч худалдаанаас илүү цаана нь хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа юм. Хоёрдугаарт, Хятадын төв Засгийн газар орон нутгууддаа Өмнөд Монголын өөртөө засах орны Ардын засгийн газар, Эрээн хотын Ардын засгийн газартаа арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрхийг нь өгчихөж байгаа юм. Тухайн хотын ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хотын дарга нар шийдвэр гаргах нь байна. Бүх газар нутагт нь ийм шийдвэрээр хэрэгжиж байгаа. Хятадын Засгийн газар коронавирусийн халдвар алдсан удирдлагыг дор нь сольдог. ДЭМБ-ын журамд аливаа бүс нутагт коронавирусийн ямар нэгэн тохиолдол гарахгүйгээр 28 хоновол ногоон бүс гэж үзнэ гэх дүрэм бий. Замын-Үүдийн нөхцөл байдал биднээс шалтгаалж байна. Бид өөрсдөө боомтоо ногоон бүс байлгах хэрэгтэй. Манайх ногоон бүс байж чадвал орж гарах машины тоо нэмэгдээд л явна. Хятадын Засгийн газар дан ганц Монголд хатуу хандаад байгаа юм биш. Бүх л боомтууд дээрээ хатуу чанд хандаж байна. Хятад бусад улсад хилээ бүр хаасан байхад манай улс хилээр ачаа тээвэр зөөвөрлөхийг зогсоогоогүй. Маш багаар нэвтэрч байгаа ч гэсэн хилийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Хил дээр байгаа томоохон ачаануудыг өргөн төмөр замаар оруулж ирж байна. Өдөр бүр 50 машины ачааг төмөр замаар ачиж оруулж ирж байна гэж ойлгож болно.

-Манайхаас ачаатай вагонууд гараад буцаж орж ирэхдээ ихэнх нь хоосон ирээд байна гэх зүйл яригдаж байгаа. Энэ тухайд?

-Эрээн өртөө манайхаас ачаатай галт тэргийг хүлээж аваад, ачаа ачдаггүй гаргадаг журамтай. Олон улсын ачааны хэлэлцээрээрээ манай талаас ачаагаа авдаг өртөө. Манайхаас ачаа буулгаад ачдаггүй журамтай. Үүндээ таарсан дэд бүтэцтэй байдаг. Ачаа хүлээж авч буулгах, эсвэл шилжүүлэн ачих үндсэн үйл ажиллагаатай болохоос ачих зориулалтгүй. Харин хоёр талууд төмөр замын тээврийг “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй үед харьцангуй эрсдэл багатай тээвэр гэж үзэн, хилийн ачаа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Эрээн өртөөн дээрээс ачилтыг гүйцэтгүүлж байгаа.

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр хил гааль дээр хүлээгдээд байгаа ачаа тээврийн асуудал цэгцрэх үү?

-Чөлөөт бүс яриад их олон жил болсон байна.1980-аад оны сүүлээс Хятад улс чөлөөт бүсүүдээ нэлээд эрчимтэй хөгжүүлсэн. Янз бүрийн хэлбэрээр чөлөөт бүс ажиллуулж байсан юм билээ. Би Өмнөд Монголын Өөртөө Засах Орны удирдлагатай энэ асуудлаар уулзсан. Ингээд ажлыг яаравчилъя гэдэг үүднээс Засгийн газарт ГХЯ-аар дамжуулаад санал хүргүүлсэн. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ гэдэг бол дэвшил. Олон жил яригдсан асуудлыг гацаанаас нь гаргах болсон. Чөлөөт бүс хэд хэдэн агуулгатай. Худалдааг хөнгөвчлөх, татвараас чөлөөлөх гэх мэт хоёр улсын хооронд хийж байгаа худалдааг төрөлжүүлээд өгчихнө.

-Гашуунсухайтаар нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж чадаж байна уу?

-Сая нэг хэсэг ковидын тохиолдол илрээд үйл ажиллагаа зогссон. Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж, халдвар хамгааллыг сахиулах арга хэмжээг авснаар Гашуунсухайт боомтод ковид илрээгүй 28 хоног болж, “Ногоон бүс” болсон гэдгээ зарласан.Өнгөрсөн нэгдүгээр сард хамгийн их буюу 500,600 машин нүүрс тээвэрлэж хилээр нэвтэрч байсан нь энэ жилийн хамгийн өндөр гаргалт болж байсан. Одоо хэсэг хаагдсаны дараа буцаж сэргэх хандлагад орж, дээд тал нь 150-230 хүртэлх машин хилээр нэвтэрч байна. Хятадын талаас манай халдвар хамгаалалын арга хэмжээ, тээврийн зохион байгуулалтыг харьцангуй боломжийн байна гэж үзэж буй учраас цаашид ч нэмэгдүүлье гэж байгаа юм. Гэвч ногоон бүсэд үлдсэн 450 орчим жолооч маань хүрэлцэхгүй байна. Ээлж солилцоогоор жолооч нараа татчихвал өдөрт 300,400 машин хилээр гаргах боломжтой болно. Эхний ээлжинд 500 жолооч орж ирж байгаа. Хятадын талаас тавьж буй санал нь боомтод бүх хүмүүс хоорондоо холилдоод явж байгаа одоогийн нөхцөлд хэн нэг нь халдвар авахад боомтыг тэр чигээр нь хаахаас аргагүй болж байна. Тэгэхээр компаниуд өөрсдийн кемп дээрээ жолооч нараа жижиг бүлэг, багийн зохион байгуулалтад оруулж тусгаарлаад, бусад хэнтэй ч уулзаж харилцахгүй чанд тусгаарлалтад орооч, ийм “бөмбөлгүүд” үүсгээд, түүний халдвар хамгааллын шаардлага нь хангагдаж байна гэж үзвэл, аль нэг “бөмбөлөг”-т асуудал гарвал тухайн компанитай нь хариуцлага яриад, дахиж тээвэрлэлтэд оролцуулахгүй, хүлээж авахгүй байя, харин хариуцлагатай бусад “бөмбөлгүүд” тээвэрлэлтээ үргэлжлүүлээд явах боломжийг нь олгоё гэж байгаа. Энэ зохион байгуулалт Гашуунсухайт боомт дээр хийгдээд эхэлчихсэн. Энэхүү шаардлага хангагдаж байгаагийн үндсэн дээр нүүрс тээвэрлэлтийн хэмжээ бодитойгоор нэмэгдэх боломж бүрдэж байна. Хятад нүүрсний дутагдалд ороод эхэлчихсэн. Сая Төрийн зөвлөлийн шийдвэр гарч Өмнөд Монголд хаачихсан байсан хэд хэдэн уурхайгаа нээлээ. Хятадад нүүрсний эрэлт их байна. Бидэнд ч нийлүүлэх сонирхол их бий. Тиймээс аль болох боомтуудаа ногоон бүс болгож чадвал хил хооронд бөөгнөрөл саатал учрахгүй байх юм.

Categories
мэдээ нийгэм

“Он гарсаар хар тамхитай холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна” гэв

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсаас шуудангаар дамжуулан их хэмжээний хар тамхийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ.

Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Зоригбаатар “2021 оны наймдугаар сарын 11-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсаас 989.2 грамм буюу их хэмжээний метафетамин буюу мөс гэдэг бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тус гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суух Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э нарыг холбогдуулан шалгаж байна. Иргэн Э-д өнөөдөр таслан шийтгэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд урьд нь Хонконгод хар тамхи, мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд 2020 онд суллагдаад Монгол Улсад ирээд байжээ. Гол захиалагч хүнийг баривчилж, саатуулсан. Хар тамхийг Монгол Улс руу захиалсан байж болзошгүй хүмүүсийг мөн шалгаж байна” гэв.

Мөн он гарсаар хар тамхитай холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Хятад, Орос цэргийн талаар нягт хамтарна

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар хоёр орны цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо гэж БНХАУ-ын талаас мэдэгдэв.

Хоёр орны хувьд АНУ-тай үүссэн хурцадмал байдал удаан хугацаанд үргэлжилж буйн хариуд ийнхүү тохиролцож байгаа аж. АНУ, Япон, Энэтхэг, Австралийн өндөр албан тушаалтнууд цахим уулзалт хийснээс нэг хоногийн дараа хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар БНХАУ-д уулзжээ.

XX зууны коммунизмын үзэл суртал болох Марксизм-Ленинизмийг хэрэгжүүлэх санал зөрөлдөөний улмаас БНХАУ, ЗХУ нь хүйтэн дайны үед сөргөлдөгчид байсан юм. Харин АНУ-тай харилцаа нь доройтож эхэлсэнтэй зэрэгцэн хоёр орон хоорондын харилцаагаа гүнзгийрүүлэх болжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш Бээжин Хонконг, Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, Тайваньд учирч буй аюулгүй байдлын сорилтууд зэрэг хэд хэдэн асуудлаар Вашингтонтой маргаантай байгаа юм. АНУ-ОХУ-ын харилцааны хувьд, 2014 оны Крым болон АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэт асуудлын улмаас сүүлийн жилүүдэд ихээхэн муудаад байна. БНХАУ-ын Засгийн газрын мэдээлснээр, В.Фөнхө, С.Шойгу нар Хятадын баруун хойд нутгийн Нинся Хуй өөртөө засах оронд наймдугаар сарын 5-13-ны хооронд болсон хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтыг мөн хамтран ажиглажээ.

Kyodo

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан юм. Хотын дарга өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна.

Дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа. Тухайлбал, дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 80 хувьтай байгаа бөгөөд 17.000 хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаас 12.500 хүүхэд хамрагджээ.

УОК-ын 25 дугаар хурлаар гадаа талбайд үзэгчгүйгээр тэмцээн, уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгсөн. Үндэсний бөхийн холбоо болон спорт холбоодоос тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд НОК-ын хурлаар хэлэлцэж, “Хариуцлагын гэрээ” байгуулж, холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, спортын тэмцээн, уралдааныг гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн. Одоогоор Хөлбөмбөгийн холбоо, Сурын холбоо, Үндэсний бөхийн холбоод тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа юм. Мөн номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангасан талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 282 тохиолдол батлагдсанаас хүүхэд 72, жирэмсэн дөрвөн хүн байна. Сургууль, цэцэрлэг дээр байрлаж байсан дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу энэ чиглэлээр ажиллаж байгаагаа НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-ныг хүртэл ажиллах шинжилгээний цэгийн байршил

Өнөөдрөөс энэ сарын 20-ныг хүртэл ажиллах шинжилгээний цэгийн байршил.

Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын виз олгох шинэ журам өнөөдрөөс үйлчилж эхэлнэ

Засгийн газраас Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Тус журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгохоор болж байна.

Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн. Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчих боломж бүрдэж байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1061 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1061 хүнээс халдвар илэрлээ.

Мөн дөрвөн хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 880 боллоо.

Сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 9102 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5018 нь хөнгөн, 3009 нь хүндэвтэр, 868 нь хүнд, 207 хүн нэн хүнд байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баруун аймгуудын нутгаар их хэмжээний бороо орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст үргэлжилсэн бороо орж, зарим газраар ахиухан хэмжээний хур тунадас буухыг анхааруулж байна.

20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.

Өглөө 05:00 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.