Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-22-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулна.
Тухайн шалгалтад Баян-Өлгий аймгаас 1449 хүүхэд орохоор бүртгүүлжээ. Үүнээс 407 нь өмнөх жилүүдэд бүрэн дунд сургууль төгссөн бол 1042 нь энэ жилийн төгсөгчид байна.
Шалгалтыг Өлгийн сумын лаборатори 2 дугаар сургуульд зохион байгуулах ба оролцогчид иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь зэрэг 4 төрлийн бичиг баримтыг өөртэйгөө хамт авч орох аж.
Тус аймгийн хувьд ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг нь мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай.
Тухайлбал, аймгийн ИТХ-ын 2021 оны ээлжит ІІІ хуралдаанаар баталсан “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр ІІ”-ийн дагуу бэлтгэсэн сурагч нь ЭЕШ-аас 800 оноо авсан багшийг 1 сая төгрөгөөр, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр хүүхэд тус бүрээр тооцож шагнана.
Харин 750-800 оноо авсан хүүхдийг 500 мянган төгрөгөөр урамшуулах юм.