Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ЭЕШ Монгол Улсын түүх, Англи хэлний хичээлээр эхэлж байна

2021 оны Элсэлтийн ерөнхий өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт орон даяар зэрэг эхэлнэ.

Өнөөдрийн эхний шалгалт Монгол Улсын түүх хичээлийнх байх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр нийт 40,420 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 8,000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байгаа нь бусад жилийнхээс өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Шалгуулагчдыг насны ангиллаар авч үзвэл

  • 1,675 нь 15-17 насныхан
  • 25,082 нь 18 настнууд
  • 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан бөгөөд хамгийн ахмад нь 58 настай иргэн байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт нь их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх, жилдээ ганц удаа зохион байгуулагддаг шалгалт тул шалгуулагч та бүхэн хариуцлагатай хандахыг зөвлөж, Боловсролын үнэлгээний төвөөс дараах санамжийг гаргажээ. Тухайлбал,

  • Бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.
  • Автозамын түгжрэлийн тооцоолон гэрээсээ эрт гарч, суудлын хуваарьт заагдсан шалгалтын байранд, товлосон цагт очоорой.
  • Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина.
  • Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана. Мөн гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг шалгалтын байранд оруулахгүй тул гэртээ үлдээгээрэй.
  • Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавал зөвлөмжийн дагуу ажиллана. /Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай/.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ариунзаяа: Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн мөнгийг бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

– Хүнсний талонаас хасагдсан иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай өрх байсан-


-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөвлөсөн ажлууд хэр урагшилж байна. Сүүлийн үед та ямар ажилд төвлөрч байна вэ?

-Манай салбарт маш том, өргөн хүрээний асуудал хамаардаг. Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, нийгмийн хамгаалал гээд нарийвчилж яривал олон зүйл бий. Тиймээс аль алиныг нь орхигдуулахгүй урагшлахыг л эрмэлзэн ажиллаж байна. Засгийн газрын болоод манай салбарын хэмжээнд халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх, хүний хөгжлийг хангах гэх мэт олон асуудалд бидний бодлого чиглэж байгаа. Мөн манай салбарын цахимжуулалтын ажлуудыг ч онцолж болох юм.

Эдгээрээс онцолж дурдвал, маш удаан хүлээлттэй байсан, ирэх оноос хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлууллаа. Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлуулсан. Ингэснээр Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа халамж, тэр дундаа хүнсний талон олгох журамд өөрчлөлт оруулсан зэрэг яриад байвал маш олон асуудал бий. Нэг талаас бид халамжаа цэгцлэхээр, нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Хувьдаа хоёр машинтай, хаустай иргэд хүнсний талон авч байсан нь шүүмжлэл дагуулж байна. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ. Халамжийг цахим системийн хяналттай болгосноор цаашид ийм зөрчил илрэхгүй болсон уу?

-Хүнс тэжээлийн дэмжлэг олгох хөтөлбөрийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа.

Тэр үеэс өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаанд суурилж өрхийн оноог бодож амьжиргааны түвшнээс доогуур өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг, хүүхдийн мөнгө олгодог байсан. Одоо хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүн бүрд олгож байгаа. Цар тахлын үед гадаадад оршин сууж, амьдарч байгаа манай улсын хүүхдүүд ч энэ үйлчилгээнд хамрагдаж байна.

Засгийн газраас “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, хяналттай болгох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд төрд байгаа мэдээллээ ашиглаад Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журамд өөрчлөлт оруулсан. Ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор цахимжуулж бусад шаардлагатай зохицуулалтыг тусгасан байгаа. Тодруулбал, тус үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргахад оролцдог нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, түүний ажилтан болон Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, үүнд хэсгийн ахлагч зэрэг хүмүүсийг тус үйлчилгээнд хамрагдахыг хориглосон. Мөн 200-гаас дээш малтай өрх, хоёроос дээш орон сууцны байшин, хоёроос дээш бие даасан тохилог сууц, хоёроос дээш автомашинтай өрх болох нь холбогдох төрийн захиргааны мэдээллийн сантай хийсэн сар бүрийн тулгалтаар тогтоогдвол тус үйлчилгээнд хамруулах эсэхийг дахин нягталж шалгах зохицуулалтыг тусгасан. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, энэ оны наймдугаар сард 1435 өрхийн 8475 иргэн тус үйлчилгээнээс хасагдсан. Эдгээр иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай малчин өрх. Түүнчлэн сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулж, НӨАТ-ын баримт буюу и-баримт хэвлэдэг хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжтой болж байна. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүнийг зураасан кодоор бүртгэж, цахим хэлбэрт шилжүүлснээр бараа бүрийг нэг бүрчлэн кодлох, хэрэглэгч тус бүрээр бүртгэх, хяналтын системийг сайжруулах, дата судалгаа, тайланг үнэн зөв, хурдан шуурхай болгох зорилгоор 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бар коджуулах гээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажил нь Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буйгаараа онцлогтой.

Дээрх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Төрийн банк болон бусад арилжааны банкууд, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Жи Эс-1 Монгол ТББ хамтран 2021 оны наймдугаар сард багтаан хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Хамгийн гол зорилго болох халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болгох бодлогын шинэчлэлийн хүрээнд тус үйлчилгээнд хамрагдаж байгаа хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зохицуулалтууд ч туссан.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржээс тухайн иргэнд хоёр буюу түүнээс дээш ажлын байранд зуучлахад ажил эрхлэхээс татгалзвал тухайн өрхийн хөдөлмөрийн насны иргэний мөнгөн дүнг хасна. Иргэн өөрөө хичээхгүй бол төр засгаас ч мөн байнгын халамж олгохоо зогсооно гэсэн үг.

-Таны хувьд халамжаас хөдөлмөрт шилжих ёстой гэсэн бодлогоо тодорхойлж ажиллаж байгаа. Халамж хавтгайруулан олгож байгаагаас ажил хийх хүн олдохгүй байна гэх шүүмжлэл ч нийгэмд их байна. Энэ тухайд одоо ямар ажлууд хийхээр төлөвлөн, хэрхэн ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Манай салбарын хэмжээнд халамжаас хөдөлмөрт гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байгаа. Халамжийн хүрээнд хийж байгаа ажлуудыг дээр нэлээд дэлгэрэнгүй дурдсан. Харин нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд мөн анхаарч байгаа.

Манай улсын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын баримт бичиг, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлэх, Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг тууштай бууруулна гэж тусгасан.

Хамгийн эхлээд бид хөдөлмөрлөхөд гарах бэрхшээл, тэдгээрийг зохицуулах хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд авлаа. Гурван парламент, таван Засгийн газар дамжиж удаан хугацаанд хэлэлцэж сайн боловсруулсан хууль маань батлагдсан. Нийгмийн түншүүд тулгамдаж буй асуудлаар маш идэвхтэй хэлэлцүүлэг зохион байгуулж оролцсон. Тал бүрийн саналыг тусган хамтарч ажилласнаараа онцлог байлаа. Тухайлбал, уурхайчдаас ирсэн санал хүсэлт 14 хоног ажиллаж, 14 хоног амарна гэдэг заалт орсон. Түүнээс бага хугацаагаар ажиллах бол түүнтэй ижил хоногоор амраана гэж зохицуулсан. Мөн ээлжийн амралтыг хэвээр үлдээсэн гэх мэт хүний хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчин маш чухал. Хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх ч тэрнээс наана бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад ажлуудаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд байна. Ажил хайж байгаа иргэн, ажилтан хайж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг www.ejob.gov.mn-ээр холбож байна. “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, ашиглан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого зохицуулалтыг судалгаа, дүн шинжилгээ, хувилбарт тооцоонд түшиглэн гаргах боломжтой болж байна. Мөн өчигдөрхөн бүртгэл нь эхэлсэн залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл гэх мэт.

-Халамжийн цахимжуулалтын тухайд?

-Нийгмийн халамжийн салбарын цахимжуулалтын тухайд Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг 2020 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс нэвтрүүлж, “Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх (эцэг)-ийн тэтгэмж”, “Насны хишиг”, “Эхийн алдар” одон зэрэг нийгмийн халамжийн зургаан үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх ажлыг эхлүүлсэн.

2021 оны эхний хагас жилд Нийгмийн халамжийн сангаас олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Ахмад настны тэтгэвэр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэр, Одой иргэнд олгох тэтгэвэр, Өрх толгойлсон эцэг, эхэд олгох халамжийн тэтгэврийг тус системээр дамжуулан олгож эхэлсэн.

Ингэснээр нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ. Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмснээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ.

-Хүүхдийн зуун мянган төгрөгийг он дуустал олгохоор болсон. Цаашид хүүхдийн мөнгийг олгох асуудал хэрхэх бол?

-Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны тавдугаар сараас 2021 оны зургадугаар сарыг дуусталх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлэн 100 мянган төгрөгөөр олгож байгаа. Харин коронавируст цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 он дуустал нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор Монгол Улсын Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргасан.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид 517.4 мянган өрхийн 1,208.5 мянган хүүхэд хамрагдаж байна. Түүнчлэн цар тахлын үед гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд 6643 гадаадад амьдарч байгаа хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ нь иргэдийн амьдралд дэм болж, цар тахлаас хамаарсан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн үерэг нөлөө үзүүлсэн гэсэн олон улсын байгууллагуудын судалгааны дүн гарсан байна. Тухайлбал, АХБ-ны хийсэн судалгаагаар хэрэв эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол ядуурлын түвшин 36.7 хувь болж нэмэгдэх байсан бөгөөд зөвхөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нөлөөлөлд дүн шинжилгээ хийхэд ядуурлын хувь 24.7 болж буурч байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр орлогын дахин хуваарилалтын бодлого болж чадсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгаанаас харахад хүүхдийн мөнгөн тэтгэмжид Монгол Улсын нийт өрхийн 98 хувь хамрагдсан нь цар тахлын үед хүүхэдтэй өрхүүд суурь хэрэгцээгээ хангахад бодит дэмжлэг болсон гэсэн дүгнэлт гарсан. Нийт хүүхэдтэй өрхүүдийн 60 гаруй хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг хүнсэндээ зарцуулсан байна. Хүүхдийн мөнгө болон хүнсний эрхийн бичгийн нэмэгдлийн эхэлсэн цаг хугацаа болон нэмэгдлийн хэмжээнд үр шим хүртэгчдийн 96.1 хувь нь уг нэмэгдэл цаг үеэ олсон арга хэмжээ болсон гэж үзжээ. Тус яам хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр олгоход өрхийн орлогод, ядууралд, ажилгүйдэлд, улсын төсөвт, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх нөлөөллийг динамик загвараар тооцоход нэг хүн ногдох бодит орлого 2021-2023 онуудад жилд дунджаар 120.0 төгрөгөөр нэмэгдэх, ядуурлын түвшин 2021 онд хоёр хувиар, 2022 онд 1.3 хувиар буурах, ажилгүйдлийн түвшин 2022 онд 1.01 хувиар өсөх, Ажил эрхлэлт жилдээ 17000 орчим буурахаар байна. Иймд тус яам коронавируст цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгийг бууруулах, харин өмнө олгож байсан 20 мянган төгрөгийг (2012 онд тогтоосон) инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин гахай өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 19, Бархасвадь гариг. Билгийн тооллын 12, Суулга одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 05:53 цагт мандан, 19:59 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 16-18 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 21-нээс баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “МАН ба Дарга: 100 ба 200” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Цаашид дельта мутацийн эзлэх
хувь өсөх байх” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл “Улс төр” нүүрт хэвлэгдлээ.

Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яамны
Төрийн нарийн бичгийн
дарга Т.Жамбалцэрэн “Тариаланчдыг дэмжих
хөнгөлөлттэй зээлийн
хугацааг сунгах санал
хүргүүлсэн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “МАН ба Дарга: 100 ба 200” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Л.Оюун-Эрдэнийн
зуны “амралт”, намрын
“тест” хэмээн өгүүллээ.

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав “МҮБХ-ны зүгээс бөхчүүдэд цол,
чимэг олгуулахаар хичээн ажиллаж байна” хэмээн ярьсныг
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны айлчлалаа ОХУ-д хийхээр болжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Айлчлалын тов одоогоор тодорхой болоогүй байна. Ерөнхий байдлаар айлчлал хийхээр яригдаж байгаа” гэлээ.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар/2021.07.09/-ны өдөр утсаар ярих үеэр хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдлаа

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордноо боллоо. Хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах болоод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн бэлтгэл ажил, “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, төсөв, татварын шинэчлэл хийх бодлого” буюу 5Т-ын зорилт, Хөшигийн нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот, эдийн чөлөөт бүс байгуулах зэрэг олон талт асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Түр хороо байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхааран ажилласнаа тодотгосон. Мөн тэрбээр “Хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалттай байхаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас гаргах, концесс бонд олгох зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Мөн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, эдийн засгийн тусгай бүстэй болохоор хуульчилсан” хэмээв. Түр хороо нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж батлуулаад орхих бус, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэгт онцгойлон анхаарч ажиллана гэдгийг Түр хорооны дарга Э.Бат-Амгалан онцоллоо. Түр хороо хаврын чуулган хаахаас өмнө сар гаруйн хугацаанд эрчимтэй ажилласан бөгөөд цаашдаа Түр хорооны ажиллах хугацааг сунгаж ажиллах чиглэлээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатайг мөн тодотгосон юм.

Хуралдааны явцад УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулах асуудлыг судлаад Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын өнгө аясыг тодотгосон, хуулиар зохицуулж болохгүй зүйлийг дүрмээр зохицуулах үүд хаалгыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нээж өгсөн. Цаашид Улаанбаатар хот дүрэмтэй болно. Гаднын хот ямар байдаг тэр жишигт хүрэхийн тулд дүрмийг боловсруулах учиртай. Тиймээс нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч нар хамтарч, иргэдийн дунд уулзалт, санал асуулга явуулна. Дүрэм боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүү нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх сарын 8-нд товлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12:00 цагт хийхээр товлоод байв.

Гэвч шүүгдэгч Г.Амарбат нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Баурижан шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны есдүгээр сарын 8-ны 10:00 цагт товлолоо.

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргасан билээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн нисэх буудлын төлөөлөгчөөр томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийн нисэх буудлын захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг томилжээ. Өнгөрсөн долдугаар сарын 4-нд уг нисэх буудлыг үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэхүү томилгоотой холбогдуулан түүний товч намтрыг танилцуулъя.

Боловсрол:

  • 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1986 онд Улсын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр
  • 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал:

  • 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
  • 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
  • 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
  • 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
  • 2000-2004 онд УИХ-ын гишүүн
  • 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
  • 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн
  • 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
  • 2016 оноос УИХ-ын гишүүн
  • 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2019-2020 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга.
Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Дэлхий дээрх цорын ганц үхэшгүй амьтан


Британийн эрдэмтэд нь нарны доор мөнхийн юм гэж огт байдаггүй гэсэн сэдвийг няцааж байна учир нь “Turritopsis nutricula” гэдэг “медуз далайн залхаг” олсон байна.

Энэ учир битүүлэг амьтан өөрийгөө залуужуулдаг хосгүй чадвартай. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Turritopsis nutricula” медуз халуун орны бүлээн усанд байдаг бөгөөд ердөө 4-5 миллиметрийн огтлолтой аж.

No description available.

Бусад төрлийн медузийг бодвол үржиж олширсныхоо дараа үхдэггүй, харин ч хөгжлийнхөө үеэс бага үедээ буцаж орсноор өөрийгөө залуужуулдаг. Онолын хувьд энэ төрлийн медуз нь үхэлгүй мөнх байж чадах юм. Эс нь нэг хэлбэрээс нөгөөдөө хэрэгжиж буй үйл явцыг ажиглахаар эрдэмтэд найдаж байгаа гэнэ.

No description available.

Б.Ангирмаа