Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагуу Улсын дээд шүүхийн дэргэд шинээр байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэгтэй ярилцлаа.
-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ямар чиг үүрэгтэй байгууллага вэ. Хүрээлэн Монгол Улсын нийт шүүхийг хамран үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болох уу?
-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Монгол Улсад шүүн таслах ажил эрхэлж буй нийт 117 шүүхийг хамран үйл ажиллагаа явуулна. 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Улсын дээд шүүхийн дэргэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ажиллана гэж заасан. Хүрээлэнгийн ажиллах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлахаар хуульд заасны дагуу Хүрээлэнгийн ажиллах журам батлагдаж, байгуулагдаад байна. Хүрээлэн шүүгчдийн сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-Сүүлийн үед судалгаа, шинжилгээний ажилд ач холбогдол өгч, нөөц боломжоо хандуулах нь их болсон. Үүнтэй зэрэгцээд судалгааны өгөөж, үр дүнгийн асуудал яригддаг. Хүрээлэнгийн судалгааг шүүхийнпрактикэргэлтэд оруулах, үр өгөөжтэй байлгахын тулд юу хийх вэ?
-Шүүхүүдийг судалгаа, мэдээллээр хангах тал дээр Хүрээлэнгийн чиг үүргийг хуульд нэлээд тодорхой заасан. Шүүн таслах ажиллагаанд зориулж судалгааг үндсэн гурван чиглэлээр хийнэ. Нэгдүгээрт, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн практик судалгаа, хоёрдугаарт, хуулийг зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар гаргахад зориулсан судалгаа, гуравдугаарт, шүүхэд хэрэглэж буй хууль тогтоомжийг сайжруулах санал боловсруулахад шаардлагатай судалгааг хийх юм. Хүрээлэн эдгээр судалгааг шүүхүүдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хийхээр хуульд заасан. Тиймээс шүүхэд судалгааны ямар хэрэгцээ байгааг тэдний захиалга, хүсэлтийг авч тандан судалж, захиалгын дагуу гүйцэтгэх онцлогтой. Ингэснээр Хүрээлэнгээс шүүхүүдэд нийлүүлэх судалгаа нь шүүн таслах ажлын эргэлтэд шууд орж, шүүгчдэд хэрэгтэй, өгөөжтэй байх явдлыг хангана. Бид 2021 оны дөрөвдүгээр улирал, 2022 онд судалгаа, сургалтын хэрэгцээ шаардлагыг шүүх, шүүгчдээс тандан судлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шүүн таслах ажиллагааг мэргэжлийн байгууллага судалгаагаар хангахын ач холбогдлыг нэг жишээгээр хэлье. 2020 оны статистикаар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 128 хэрэг, иргэний хэргийн нэг шүүгч дунджаар 344 хэрэг шийдвэрлэсэн. Шүүгч өөрт хуваарилагдсан хэргийг уншиж судлахаас гадна өдөр тутамдаа өөр олон ажил хийдэг. Тухайлбал, бүрэлдэхүүнтэй болон гомдлын хуралд оролцох, шүүгчдийн зөвлөгөөнд оролцох, сургалтад хамрагдах гээд олон зүйлийг дурдаж болно. Энэ бүхэнтэй зэрэгцэн хэрэг, маргааны талаарх төсөөтэй бусад шийдвэр, магадлал, тогтоолуудыг харьцуулан судлах, нарийн төвөгтэй эрх зүйн асуудлыг шинжлэх, тодруулах лавлагаа, мэдээлэл хайх хэрэгцээ, шаардлага үүсдэг. Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэгцээтэй байгаа эдгээр судалгаа, лавлагаа, мэдээллийг цаашид Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хариуцаж, үйлчилгээ үзүүлснээр шүүгчийн ажлын ачааллыг хуваалцах юм.
-Шүүгчдийн сургалтыг цаашид Хүрээлэн зохион байгуулах юм байна. Энэ ажлыг өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл эрхэлж байсан. Энэ тал дээр ямар өөрчлөлт гарах вэ?
-Шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хэрэглэж буй хууль тогтоомжийн талаар тогтмол шинэ мэдлэг, мэдээлэл авах, мөн хувь хүний хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх зүй ёсны хэрэгцээ, шаардлага шүүгчдэд бий. Түүнчлэн, шүүгчидхуульчид хамаардгийн хувьд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу жилд тодорхой багц цагийн сургалтад хамрагдах ёстой. Энэ хэрэгцээ, шаардлагын үүднээс шүүгчдийн сургалт зохион байгуулагддаг. Шинээр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчдийн зарим сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хийхээр заасан. Тодруулбал, шүүгчийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг Улсын дээд шүүхийн дэргэдэх Хүрээлэн Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулна. Хуулийн энэ заалтын хэрэгжилтийг хангах талаар бид Шүүхийн ерөнхий зөвлөлтэй санал солилцсон бөгөөд сургалтын асуудлаар өмнөх ололт, амжилтыг цааш үргэлжлүүлэх талаар бид нэгдсэн ойлголттой байгаа. Шүүхийн тухай хуульд шинээр орсон нэг зохицуулалт бий. Цаашид шүүгчдийн сургалтын хөтөлбөрийг Хүрээлэнгийн дэргэд ажиллах Сургалтын хөтөлбөрийн орон тооны бус хороо боловсруулна. Энэ хорооны шинэчлэн боловсруулсан шүүгчийн сургалтын хөтөлбөрийг хуульд зааснаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн эцэслэн батална. Ийнхүү баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу шүүгчийн цаашдын сургалтууд явагдах онцлогтой.
-Хүрээлэнгийн үйл ажиллагаа ерөнхийдөө шүүх, шүүгчдэд чиглэх нь. Гэтэл иргэдэд ямар өгөөжтэй юм бэ гэдэг асуудал гарч ирж байна…?
-Шүүх дэх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй шууд холбогддог. “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байх үндсэн эрх үл ялгаварлах үзэл санаанд суурилдаг. Шүүх хууль хэрэглэхдээ нэгдмэл байдлыг хангаж чадахгүй, хуулийн нэг зүйл, заалтыг өөр өөрөөр дүгнэж, тайлбарлаж хэрэглэвэл хэрэг, маргааны талаар ялгаатай практик үүсэхэд хүргэх төдийгүй, углуургаар нь харвал энэ нь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” үндсэн эрхийг хөндөнө. Тиймээс шүүхүүдэд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь хууль, шүүхийн өмнө тэгш байх хүний үндсэн эрхийг хангахад чиглэж байгаа. Энэ өнцгөөс бодвол шүүхийн тогтолцооны дотоод ажил мэт харагдах Хүрээлэнгийн үйл ажиллагаа нь эцсийн дүндээ иргэдийн авч буй шүүхийн үйлчилгээ буюу шүүн таслах ажлын чанарыг сайжруулахад, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн Хүрээлэнгийн үндсэн чиг үүрэгт шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэг багтсан.
-Шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, нийтэд мэдээлэх талаар илүү дэлгэрүүлж яриач. Шүүхийн шийдвэрийн нээлттэй, ил тод байдал сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Тэр хэрээр тодорхой хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэж байгааг иргэд сонирхох болсон. Хуулийн нарийн төвөгтэй заалт, хэллэг бүхий шүүхийн шийдвэрийг яаж олон нийтэд ойлгомжтой хүргэх вэ?
-Шүүхийн шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон нийтэд хүргэх олон арга замууд бий. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шийдвэрийн цахим санг бүх нийтэд нээлттэй ажиллуулж байна. Үүнээс гадна олон хуудас шүүхийн шийдвэрийг цөөн хуудаст хураангуйлан бичиж, шууд уншаад ойлгоход бэрх хууль зүйн ээдрээ төвөгтэй, хэллэгээр бус, аль болох энгийн байдлаар илэрхийлэн олон нийтэд мэдээлэх арга зам байдаг. Ийм практик дэлхийн олон оронд хэдийнэ тогтсон. Тухайлбал, Австралид шүүхийн шийдвэрүүдийн тоймыг он, оноор тодорхой салбар асуудлаар хураангуйлан бэлтгэж нийтэд хүргэдэг. Хонг Конгт эрх зүйн болон бусад ач холбогдолтой шүүхийн онцлох шийдвэрүүдийг хураангуйлж бэлтгэн цахим хуудастаа байршуулж, шүүхийн ил тод байдлыг хангадаг байх жишээтэй. Шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх, олон нийтэд хүргэх чиг үүргийг Хүрээлэн эрхлэхээр хуульд заасан тул цаашид шүүхийн шийдвэрийг хуулийн нарийн төвөгтэй хэллэгээр бус энгийн, товч байдлаар иргэдэд хүргэх арга зүйг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Хүрээлэн шүүхийн шийдвэрүүдээс эрх зүйн ач холбогдолтой, олон нийтийн анхаарал татсан хэрэг маргааны шийдвэрүүдийг хураангуйлан тоймлож иргэдэд хүргэнэ.
Б.ЭРХЭС