Categories
мэдээ нийгэм

ЭЕШ: Өнөөдрийн шалгалтын хуваарь

Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний өдөр Англи хэл, Монголын түүх хичээлүүдийн шалгалт амжилттай болж өнгөрлөө. Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, тэдний 22385 нь шалгалтад орлоо. Ирц 90 хувьтай байна. Хамгийн өндөр буюу 100 оноо авсан 16 шалгуулагч байна. Тэдний 5 нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагчид байна.

ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой.

Харин өнөөдөр

10:00 цагт Хими
13:00 цагт Газар зүй
16:30 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий: Ард түмэн маань арслан цолтон төрлөө л гэх юм. Төр цолыг минь өгөх байлгүй дээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой, МЗХ-ны 100 жилийн ой, МҮБХ-ны 30 жилийн баярт зориулсан хүчит 512 бөхийн барилдааны түрүү хүчтэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Хамаг Монголын хүчтэнүүд цугласан наадамд түрүүллээ, танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баярлалаа. Цар тахалтай холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдал амар биш байгааг хаа хаанаа л ойлгож байгаа. Ийм хүнд үед МҮБХ-ны зүгээс бөхчүүдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хичээл зүтгэл гаргаж сайхан барилдаануудыг зохион байгууллаа. МҮБХ-ны удирдлагуудад эхлээд талархал илэрхийлье. Таны хэлж байгаагаар хамаг Монголын хүчтэнүүд Хүй долоон худгийн дэнжид чуулж хоёр өдөр сайхан наадамлалаа. Санасан бодсондоо тултал барилдаж түрүүллээ. Ховд нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэлээ. Сэтгэл дүүрэн сайхан байна.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлэх тухай олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн байх. Ард түмэн аль эртнээс л таныг наадмын түрүү бөхийн тааварт нэрлэж байсан нь ёсоор боллоо. Үүний ард олон жилийн хөдөлмөр яригдах байх.

-Би 2009 онд Ховд аймгаас Улаанбаатар хот руу бөх болохоор ирж байлаа. Үеийнхнээсээ намхан нуруутай жаахан хүүхэд цүнхээ үүрээд танил ахындаа бууж байсан маань санаанд тод үлдэж. Тэр цагаас хойш зөвхөн үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж тууштай зүтгэсний үр дүн өнөөдөр гарлаа. Улсын харцага цол хүртээд заан цолны даваанд боссоноос хойш наадмын дэвжээнд дээшээ барилдаж болох сэтгэл орсон. Заал танхимын барилдаануудад ч аварга, арслан ах нартайгаа эн тэнцүүхэн барилдаад ирэхээр бөхийн хүрээнийхэн наадмын түрүү бөхийн тааварт оруулах болсон. Ард түмнийхээ тэр их хүслийг гүйцэлдүүлж төрийн наадамд түрүүлэх хүсэл их байсан ч болж өгөхгүй л яваад байлаа. Шантралгүй зүтгэсэн хүнийг бөхийн дэвжээ ивээдэг гэдгийг биеэрээ мэдэрлээ. Манайхан ч амны бэлгэтэй, бөхөө таньдаг, мэдэрдэг хүмүүс юм.

-Наадмын барилдаанууд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Харах юмтай, хариад ярих юмтай сайхан наадам боллоо шүү дээ. Баяр наадмын барилдаануудынхаа талаар уншигчидтай хуваалцахгүй юу?

-Урьд өмнө нь болж байгаагүй өндөр чансаатай бөхийн барилдаан боллоо гэж хувьдаа үзэж байна. Улсын цолтой 100 гаруй бөх зодоглолоо. Аймгийн арслангууд ч олон бүртгүүлсэн байна. Аварга, арслангуудын аманд цэрэг юм уу, залуу бөх гарч барилддаг жишиг бий. Сая бол сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд Монгол үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн аймгийн начингууд аманд гарч байх жишээтэй. Ийм л өндөр чансаатай барилдаан болж өндөрлөлөө. Бөхчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж сайхан өрсөлдүүллээ. Ард түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, баяр наадмын барилдаанаа дэг журамтай сайхан зохион байгууллаа. Манайхан бүтэн хоёр өдөр л бөхөөр амьсгалах шиг боллоо. Миний тухайд эхний даваанаас л чанга өрсөлдөгч нартай туллаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж түрүүллээ.

-Цар тахлын нөхцөл байдалд баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав. Таны тухайд Сүүж ууланд бэлтгэлдээ гарсан сураг дуулдаж байсан?

-“Ховд” дэвжээний залуустайгаа Сүүж ууланд баяр наадмын бэлтгэлээ базаасан. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад бэлтгэл сургуулилтаа дасгалжуулагч нарынхаа гаргасан төлөвлөгөөний дагуу л базаасан. Их сайхан таарсан шүү. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн их ой тохиож байна. Ийм онцгой цаг үед барилдаж байдаг бид их сайхан хувь зохиолтой улс юм.

Бөхчүүд ч энэ их ойд зориулж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн байна. Аймгийн цолтнуудын бэлтгэл ч онцгой сайн байгаа нь анзаарагдлаа. Манай залуу бөхчүүд цолтой нь биш, биетэй барилддаг болж. Том цолтой бөхчүүдээс сүрдэж, биеэ барьдаг цаг ард үлдсэн байна шүү.

-Наадмын барилдааны өмнөхөн Сутай хайрханы тахилга наадамдаа түрүүлээд ирсэн байна лээ.

-Тэгсэн. Нутгийнхаа төрийн тахилгатай улсын наадамд амжилттай барилдаж түрүүлсэн. Дараахан нь Ховдод баруун бүсийн том уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан. Энэ үеэр ч улс аймгийн цолтнуудын барилдааныг бөхчүүдээ шинжилгээнд хамруулж халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад амжилттай явуулсан. Аймгийн цолтой залуу бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс цол чимэг олгож, эрэмбэ тогтоох барилдааныг ч тусад нь явуулсан. Ховд аймгаас энэ цаг үед сайн барилдаж байгаа Ганбаатарын Ганхуяг гэж залуу гайхамшигтай уран барилдаан үзүүлж түрүүллээ. “Ховд” дэвжээнээс өсөх ирээдүйтэй залуу хүчтэн тодорч байгааг нь хараад баярлаж л суулаа. Их спортоор хичээллэдэг, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог Ганхуяг дүүгээсээ том амжилт хүлээж байна даа. Нутгийн зон олон маань ч дээлнийх нь захыг мушгиж л суугаа байх.

-Ховд нугтгаас 81 жилийн өмнө Шаравын Ванчинхүү арслан төрийн наадамд түрүүлж байлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн түрүү бөх Ховдын хязгаараас тодорлоо. Баруун хязгаар нутгийн зон олон баяр жаргалаар бялхаж л суугаа байх.

-Мэдээж шүү дээ. Нутгийн зон олноо баясгах гэж бид их хөдөлмөрлөлөө. Энэ их ойд Ховдын бөхчүүд ч сайн барилдлаа. Шөвгийн найман бөхийн дөрөв нь “Ховд” дэвжээний хүчтэнүүд байлаа шүү дээ. Улсын харцага Н.Батзаяа, Г.Алтангэрэл гээд багш нарын маань хөдөлмөрийн үр дүн, залуусын хичээл зүтгэл нь энд гарч байна.

-Үенч сумын Б.Уртнасан гэж залуу баяр наадмын таавар эвдэж улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан нь 100 жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.

-“Ховд” дэвжээний арслан, заанууд маань гялалзтал сайхан барилдлаа. Улсын том цолтнуудтай айж бэргэлгүй эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж өндөр даваанд гарч ирлээ. Олон жил уйгагүй хөдөлмөрлөж үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж яваа аймгийн арслан Н.Батсайхан ах маань чансаа өндөр наадамд зургаа давлаа. Хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг Ц.Адьяа арслан маань сайхан барилдаж зааны даваанд бослоо. Б.Уртнасан заан ч энэ цагийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийг өвдөг шороодуулж дээшээ гарч ирлээ. Нутгийн зон олныхоо итгэлийг эвдсэнгүй. Бидэнд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх билээ. Манайханд ямар их нөөц бололцоо байгаа нь сая тодорхой харагдлаа. Цаашид илүү хөдөлмөрлөж, үзүүлсэн амжилтдаа эзэн болж ахиулах даалгавар бидний өмнө байна.

-Долоогийн даваанд зүүний манлайд босч цолоо дуудуулсан. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар зүүний манлайд гарч цол дуудуулна гэдэг ховор хувь зохиол юм даа. Аварга, арслангууд зодоглосон наадмын зүүний манлайд босоод ирэхээр өөртөө ч итгэж өгөхгүй байсан шүү. Жингүйдээд л ирж байгаа юм (инээв).

-Аймгийн хурц арслан Э.Ууганбаяртай хийсэн барилдааны талаар асуумаар байна. Өмнө нь ч хэд хэд барилдаж байсан шүү дээ. Түрүү, үзүүрийн барилдаан ямар болов?

-Э.Ууганбаяр анх намайг хаяж улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж байлаа. Үеийн аймгийн арслангуудаасаа тодорч сайн барилдаж байгаа залуу. Бид үндэсний бөхийн оргил руу хамт зүтгэж яваа нэг үеийн тамирчид. Наадмын түрүү байрын төлөө харгүй сайхан хүч үзсэн. Миний тухайд төлөвлөж байснаараа барилдаад л даваа авсан.

-Баяр наадмын бөхийн барилдаан МҮБХ-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдлаа. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.

-Бүх баяр наадам шинэчлэн баталсан дүрмийн дагуу явагдаж байна. Над шиг нуруу намтай бөхчүүдэд ашигтай юм уу гэж би анзаарлаа. Цаашид илүү тэвчээртэй бөхчүүд л сайн барилдах юм билээ. Үндэсний бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсэнээр үзэгчдийн хүлээдэг уран хурц барилдаанууд олон гарах байх. Хүлээж тулж зогсож байгаад л барьц сонгодог явдал байхгүй болсон. Өмнө нь тулж зогсоод л ганц хоёр золгож шоо шидээд нэг нь араас нь тэвэрч аваад чулууддаг байлаа. Дүрэмтэйгээ уялдаад бөхчүүдийн бэлтгэл сургуулилт ч өөрчлөгдөж байна.

-Наадмын гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж үнэн хүчийг үзсэн нь наадамчдыг цэнгүүллээ. Энэ асуудал дээр түрүү бөхийн байр суурийг сонсъё.

-Тухайн үед бөхийн эрэмбэ гэж зүйлийг харуулж байна л гэж бодсон. Миний хувьд бага цолтой залуу хүн. Тэр нь тийм, энэ ийм гэж дүгнэх нь зохимжгүй байх. Ямартаа ч энэ цагийн шилдэг хүчтэнүүд шударга сайхан өрсөлдөж наадамчдыг баярлуулсан. Наадмын нэг чимэг нь байлаа шүү дээ.

-Хоёр өдөр наадам үзэж суулаа. Бөхчүүд ёс зүйтэй болсон юм болов уу гэж анзаарлаа. Э.Энхбат начны төрсөн дүү Э.Энх-Амгалан гэж залуу зургаа давлаа. Энэ үеэр гаргаж буй бөхчүүдийн хандлага сайхан л санагдаж байлаа.

-Сайн муу нийлж сав дүүрдэг. Зарим нэг асуудал байгаа л байх. Энх-Амгаланг сайн барилдахад нь их баярласан. Ер нь улсын цолны дүүрэн эрэмбэтэй сайхан бөх гэж дотроо үнэлдэг юм.

-Наадам хойшлох шийдвэр гарахад яаж хүлээж авав?

-Уул нь бид өв соёл, эрийн гурван наадмаараа ондоошдог ард түмэн. Эрийн гурван наадам бол монгол үндэстний дархлаа шүү дээ. Баяр наадмаараа л сэтгэлийн дархлаагаа тогтоодог ард түмэн. Дайны бэрх цагт тасалдаагүй монгол наадам 100 жилийнхээ босгон дээр тасалдахад сэтгэл гонсгор л байлаа. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч төсвөөс зардал гаргалгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлаад баяр наадмаа тэмдэглэчих боломж байсан ч хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч хойшилсон. “Тэвчээр тасарлаа” гээд л лоозон бариад хүмүүс яваад байсан. Үнэндээ бөхчүүдийн ч тэвчээр тасарч байлаа шүү дээ. Бөхийн барилдаан гэдэг бидний ажил, амьдрал.

-Тэмцээн уралдаан хоригдсон үед амар байгаагүй л болов уу…

-Нуугаад яах вэ, тэмцээн уралдаан хоригдсон үед хүндхэн л байлаа. Сайхан бизнес хийгээд яваа бөхчүүд байгаа л байх. Гэхдээ ар амьдралаа орхиж бөхийн спортод чин сэтгэлээ зориулж байж л олноос онцгойрч амжилт гаргадаг. Цар тахлын улмаас бизнес зогссон үед энд тэндээс цалинжуулаад байх боломж хомс. Ивээн тэтгэгч нарын маань ч бизнес орлого зогсчихсон хүнд үе байлаа. Гэхдээ эрүүл байхад учир нь олдож л байгаа юм.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн. Сая баяр наадамдаа түрүүллээ. Түрүүлж үзээгүй ямар барилдаан байна вэ?

-Байгаа байх аа. Ямартаа ч төрийн хэмжээний том хоёр барилдаанд түрүүлчихлээ. Малчин айлын 17-хон настай хүү хотод анх ирж байлаа. Улсын цол чимэг гэдэг бол айхавтар хол л санагддаг байж. 12 жил хөдөлмөрлөсний үр шимийг үзлээ. Үнэхээр сайхан байна. Ганцаараа зүтгээд өнөөдрийн Бат-Өлзий бий болчихсон юм биш. Миний ард бат зогсдог аав, ээждээ гүнээ талархаж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн “Мон тед” констракшн, “Импраль кастл” компанийн хамт олонд талархал илэрхийлье. Намайг дэмждэг олон байгууллага, хүмүүс бий. Тэр бүрийг дурдана гэхлээр та бид хоёрын ярилцлага дуусахгүй үргэлжлэх байх. Намайг ойлгож дэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж явдаг аа “Өдрийн сонин”-оороо уламжилъя.

-Энэ наадамд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох тухай асуудал яг одоогоор бол бүрхэг байна.

-Ард түмэн минь арслан Бат-Өлзий л гэж дуудах юм. Төр улс минь харж цол чимгийг олгох болов уу гэж хүлээж сууна. Ганц миний эрх ашиг ч биш л дээ. Хамаг Монголын хүчтэнүүд цугласан чансаатай наадамд шөвгөрсөн 16 залуу байна. Энэ бүхний хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна. Уяачдын тухайд улсын чанартай уралдаануудаа явуулчихлаа. Бөхчүүд ч аймаг аймагтаа барилдаад цол чимгээ авчихлаа. Сая бол улсын наадмаас дутуугүй өргөн цар хүрээтэй барилдаан боллоо. Хүмүүс нэг жилийн хөдөлмөр гэж ярьдаг. Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөдөг. Үүний үнэ цэнийг орхигдуулахгүй байх. Цол чимэг олгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Ubike” төслийн хүрээнд 21 байршилд 100 гаруй дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргалаа

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд авто зам, дугуйн зам, явган хүний замын нөхцөлийг сайжруулах, гол болон туслах гудамж, гэр хорооллын доторх замыг өргөтгөх ажлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотод “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй түрээсийн дугуйн “Ubike” төсөл 2021 оны намрын улирлын нээлтээ хийлээ.

“Ubike” дугуйн хуваалцлын системийн хүрээнд энэ жил 21 байршилд 100 гаруй дугуйг үйлчилгээнд гаргаж буй бөгөөд, нийслэлд байгаа болон шинээр баригдаж буй дугуйн замын трассуудтай түрээсийн үйлчилгээгээ холбоод байна.

“Ubike” төсөл 2021 оны намрын улирлын нээлтийн хүрээнд өнөөдөр олон нийтийн түрээсийн унадаг дугуйн системийн танилцуулгыг хийж, системд хэрхэн бүртгүүлж түрээсийн дугуй хэрэглэх талаарх заавар мэдээллийг өглөө хэмээн Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр дархлаажуулалтын суурин 58 цэгт 5454 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын гурав, суурин 58 цэг 09:00-17:00 цагт ажиллана.

Эдгээр цэгт 69 багийн 498 эмч, ажилтан ажиллаж, 5,454 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины

  • I тунд 489,
  • II тунд 1,678,
  • III тунд 768 буюу нийт 2,935 иргэн вакцин хийлгэжээ.

Нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.6 хувь, II тунгийн хамралт 67.7 хувь, зорилтот бүлгийн I тунгийн хамралт 102.5 хувь, II тунгийн хамралт 94.3 хувьд хүрсэн дүнтэй байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 2,459 жирэмсэн эх, 12-15 насны 44,750, 16-17 насны 20,401 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.









Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногоос сэрүүсэж, зарим нутгаар цас орно

Энэ сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Маргааш өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

Өнөөдрийн /08.20/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Булган боомтоор барилгын материал болон бараа бүтээгдэхүүн импортолно


Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх албан томилолтоо Ховд аймгаас эхлүүлэв.

Тус аймагт коронавирусийн халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ “дельта” хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудтай хил залгадаг Дарви, Эрдэнэбүрэн, Мянгад сумдын хяналтын цэгт Улаанбаатар хот болон өөр аймгийн нутаг дэвсгэрээс ирж байгаа иргэдээс түргэвчилсэн тест болон PCR-ийн шинжилгээ авч, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгааг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт хэллээ.

Булган сумын Булган хилийн боомтоор одоогийн байдлаар 1,708,669.85 тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг Аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгасан юм.

Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа уламжлав. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлэв.

“Цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд Хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа.
Ялангуяа Баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Жамбалцэрэн: Тариаланчдыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах санал хүргүүлсэн

Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй ярилцлаа.


-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээл багтсан. Уг зээл зорилгоо хэрхэн биелүүлж байна вэ?

-Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42, 59 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөний 2.5-д хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөгийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн гурван хувийн хүүтэй олгох, уг зээлд хамрагдсан аж ахуйн нэгжид Засгийн газраас 7.65 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр баталсан.

Энэ хөнгөлөлттэй зээл нь хөдөө аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой. Ноолуур, ноос, арьс шир бэлтгэлд 200 тэрбум төгрөг, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэж, арилжааны банкуудтай бодлогын гэрээ байгуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газрын 2021 оны 216 дугаар тогтоол гарч Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж 650 тэрбум төгрөг болгосон.

-Зээл олголтын явц ямар байгаа вэ. Яг зорилтот эздэдээ хүрч байна уу?

-Энэ сарын 15-ны байдлаар нийт 523.6 тэрбум төгрөгийн дүн бүхий 24851 хүсэлт ирснээс 320.1 тэрбум төгрөгийн буюу 20027 хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт ирүүлсэн зээлийн хүсэлтийн 80.6 хувь, зээлийн хэмжээний 61.1 хувь болж байгаа юм. Үүнээс ноолуур бэлтгэлийн зээлд 94.8 тэрбум төгрөг, хаврын тариалалтад 31.2 тэрбум төгрөг, малчдыг дэмжих чиглэлд 194.7 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэгийг хөдөө аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдэд үзүүлсэн.

-Арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр зээлийг олгож байгаа учраас тавигдах шаардлага нэлээд өндөр байх шиг байна?

-Яамны зүгээс бодлогын хүрээнд цөөн хэдэн шаардлагыг тавьж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээл авах аж ахуйн нэгж ноолуур самнах болон түүнээс дээш түвшинд боловсруулалт хийдэг байх, түүхий ноолуур худалдан авахдаа төлбөрийг бэлэн бусаар шилжүүлэх, эсвэл санхүүгийн баримтаар баталгаажуулсан байх, зээлийг зориулалтын дагуу ашиглах гэсэн шаардлагатай Тариалан эрхлэгчдэд өөрийн эзэмшлийн болон түрээсийн газартай байх. Тухайлбал үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид нь 1 га-аас дээш, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш, өвөл, зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 метр квадратаас дээш талбайтай байх, зээлийг зориулалтын дагуу ашиглах зэрэг шаардлагыг тавьж байна. Харин малчдад зээл олгохдоо жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр малаа баталгаажуулсан байх, банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт оршин суудаг байх зэрэг шаардлага тавьж, мал аж ахуй эрхлэх зохих туршлага хуримтлуулсан байх, малаа заавал даатгуулсан байхыг шаардахгүй боловч даатгуулсан малчдад зээл олгохыг чухалчилж байгаа.

-Ноолуур бэлтгэлийн зээлд арьс шир, ноос бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээлийг олгож байсныг Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор ноос, арьс шир бэлтгэлд зориулан хөнгөлөлттэй зээл олгохоор өөрчлөлт оруулсан. Одоогоор ноолуур бэлтгэлд нийт 37 зээлдэгчид 94.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

-Тариалан эрхлэгчдийн хувьд энэ зээл үнэхээр таатай, урьд нь байгаагүй бодит дэмжлэгийг үзүүлж байгаа боловч зээлийн эргэн төлөлтийн хугацаа нэг жил гэж байгаа нь хүндрэлтэй гэж байсан. Тэгэхээр энэ хугацааг уртасгах боломж бий юү?

-Тариаланчдаас зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг тавьж байгаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ хугацааг гурав хүртэлх жилээр сунгах талаар санал боловсруулан Сангийн яам болон холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

-Малчдын хувьд, цөөн тооны малтай иргэд малынхаа тоо толгойг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор зээл авах гэсэн боловч хамрагдаж чадахгүй байна гэж байсан. Энэ чиглэлд ямар нэгэн зохицуулалт хийх боломжтой юу?

-Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг олгож байгаа. Үндсэн төлбөрөөс 12 сарын хугацаанд чөлөөлөгдөж, жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажуулан хэрэгцээ шаардлагадаа тохирсон зээлийг авах боломж нээлттэй юм. Мөн дээр хэлсэнчлэн арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан олгогдож байгаа зээл учраас малчид шууд харилцдаг арилжааны банкиндаа хандах хэрэгтэй.

-Малчдыг дэмжих зээлийн эх үүсвэр 200 тэрбум төгрөг. Үүнээс 194.7 тэрбумыг нь олгоод байна гэлээ. Цаашид энэ зээлийн эрэлт их байгааг харгалзан үзэж, 50 тэрбумын эх үүсвэрийг нэмэх тухай шийдвэр Засгийн газраас гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Мал аж ахуй эрхлэгчид, малчдын зүгээс малын үүлдэр, ашиг шимийг сайжруулах, бэлчээр хамгаалах чиглэлээр ирүүлсэн зээлийн хүсэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Энэ нь малчдын хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурласан шийдвэр юм. Мөн Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 20-ны өдрийн 216 дугаар тогтоолоор нөөцийн мах бэлтгэлд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн.

-Махны нөөц бүрдүүлэхэд 100 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Энэ зээлийг ямар зохицуулалтаар олгох вэ?

-Аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулж 100 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр мах бэлтгэх үйлдвэрт олгоно. Засгийн газраас зээлийн хүүгийн 7.65 хувийг хариуцан төлөхөөр шийдвэрлэсний дагуу нэг талаас Сангийн яам болон Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, нөгөө талаас арилжааны банкуудтай санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хүргүүлсэн бөгөөд арилжааны банкууд зээлийн хүсэлтээ авч эхлээд байна.

-Жилийн гурван хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн үр дүн, үр өгөөж хэрхэн гарч байна вэ?

-Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг олгосноор аж ахуйн нэгжүүд болон иргэдийн ажлын байрыг хадгалж, үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг ханган, ноолуурын үнийн уналтаас хамгаалж малчдынхаа бэлэн мөнгөний орлогыг нэмэгдүүлж чадсан. Ялангуяа дэлхийн нийтийг хамраад байгаа цар тахлын хүнд нөхцөл байдлын үед хүнсний хангамжийг тогтвортой байлгахад гол зорилго чиглэгдэж байгаа. Тухайлбал, хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэн улсын хэмжээнд нийтдээ 616.6 га талбайд тариалалт хийсэн. Үүний үр дүнд бид энэ намар өмнөх жилүүдтэй харьцуулбал харьцангуй өндөр ургац хураан авах төлөвтэй байна. Мөн арилжааны банкны эх үүсвэрээр нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн нийлүүлж, махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах асуудал ч багтаж байгаа юм.

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлээс гадна “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээлийн явц танай салбарт ямар явцтай байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүрээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлага, арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой байгаа. Энэ хүрээнд намдугаар сарын 12-ны байдлаар Зээлийн батлан даалтын сангаас 253 аж ахуйн нэгжид 72,3 тэрбум төгрөгийн зээлд 35,6 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд дийлэнх буюу 80 гаруй хувь нь хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт олгогдоод байгаа юм.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх амралтын өдрүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

Ирэх амралтын өдрүүдэд буюу 28, 29-нд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм.

Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.

Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай Түр журам боловсруулна. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Энхболд: Цаашид дельта мутацийн эзлэх хувь өсөх байх

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Удахгүй хичээл сургууль эхэллээ. Үүнтэй холбогдуулан хөл хөдөлгөөн эрс нэмэгдэнэ, халдварын тохиолдол ч ихсэх байх. Танайхаас ямар чиглэл өгч байгаа вэ?

-Халдварын тохиолдол тогтворжсон гэдгийг өмнөх ярилцлагадаа хэлж байсан. Сүүлийн 14 хоног энэ байдал ажиглагдсан хэвээр байгаа. Гэхдээ дотор нь дэлгэрүүлээд харах юм бол нөхцөл байдал арай өөр харагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд сүүлийн нэг сарын хугацаанд өвчлөл тогтвортой байна. Харин орон нутгийн хувьд өсөлт бий. Үүний шалтгаан нь зуны амралтаараа орон нутгийг зорьж аялж, амарч хөдөлгөөний эрчим хөдөө, орон нутгийг чиглэсэнтэй шууд холбоотой. Жишээ нь, Баян-Өлгий, Ховд аймгуудад өвчлөл эрс нэмэгдлээ. Шалтгааныг хөөж үзэх юм бол Баян-Өлгий аймагт долдугаар сард 25 орчим мянган дотоодын аялагч очиж, 300 гаруй хурим, найр болжээ. Үүнээс улбаалж өвчлөл өссөн байдал ажиглагдаж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Энэ үед ямар хариу арга хэмжээ авах, эрсдэлийг хэрхэн бууруулах тал дээр зохих арга хэмжээг авч, шат шатандаа чиглэлээ гарган ажиллаж байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн тарах цагт хэт бөөгнөрөл үүсгэхгүй байх, анги бүрийг ээлжлүүлэн тараах, халдварын тохиолдол гарах үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт гэх мэт арга хэмжээг авахаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Ер нь “ковид-19” өвчний дэгдэлтийг бууруулах үр дүнтэй арга бол маск зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх. Энэ дэглэмээ л бид мөрдөх ёстой

-Наадам хийсэнгүй. Наадмын маргаашнаас эхлээд иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчсон. Наадам хийгээгүйгээсээ ч илүү хохирол учирчихав уу. Бүр цаашлаад ковидын халдварыг орон нутагтаа замбараагүй алдчихсан юм биш үү?

-Наадам хийгээгүй шалтгаан нь морь уралдах, бөх барилдах, та бид очиж үзэхдээ гол нь биш юм аа. Эрдэмтэн судлаачдын тооцоолж үзсэнээр бол наадмын дараа болох найр, баяр, ёслол нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна гэдгийг л тооцож байсан юм. Сая орон нутагт хэд хэдэн наадам боллоо. Үүний дараа сум, аймагт наадмын дараахь найр их болов. Үүнээс л халдвар гарч ирээд байна. Хамгийн гол нь битүү буюу агаар сэлгэлтгүй орчинд халдвар хамгийн ихээр тархаж байгаа учир эрсдэлээс хамгаалаад агаар салхинд гараад ирэхэд бидний зүгээс хориглох зүйлгүй шүү дээ.

-ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр“Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл, сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Дельта хувилбар орон нутагт тархсан байна” гэсэн байна лээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Дээр хэлсэнчлэн орон нутагт өвчлөл нэмэгдсэн гол шалтгаан нь хөдөлгөөний эрчим хөдөө орон нутгийг чиглэсэн явдал. Нөгөө талдаа бид хотоос гараад л халдвар хамгааллын дэглэмээ мартчихаж байна.

Хөдөөг зорьж буй хүн бүр хотоос гараад түр амрах цэг, зарим нэг зам зуурын аяллын бүс, цайны газар зэрэгт огт маск зүүхгүй, хүн хоорондын зай барихгүй, гараа халдваргүйжүүлэхгүй байна шүү дээ. Энэ мэт энгийн мөртлөө үр дүнтэй аргыг огт тоохгүй байгаатай шууд холбоотой. Ер нь нийт өвчлөлийн 10-аас дээш хувь нь дельта хувилбар бүртгэгдэж байна.

Дельта хувилбарын эрсдэл өндөр гэдгийг бид байнга анхааруулж байгаа. Хот, хөдөө ялгаагүй дельта хувилбар эрсдэл үүсгэж байна. Цаашид ч халдвар дотор дельта мутацийн эзлэх хувь өсөх байх.

Дэлхий 89-өөс дээш хувь нь дельта хувилбар болчихлоо. Учир нь тархах хурд нь бусад мутациасаа 1.6 дахин өндөр буюу 60 хувиар их байна. Иймээс гагцхүү халдвар хамгааллын дэглэмээ л та бид чанд баримтлах шаардлагатай байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.

-R утга 1.1 болсон гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол нэг хүн хэдэн хүнд халдварыг тараах вэ гэдгийг илэрхийлдэг үзүүлэлт юм. Манай мэргэжлийн хүмүүсийн халдварын тархалтын нөлөөллийг тооцдог хэллэг. Энэ хэллэгээр авч үзэх юм бол халдварын тархалт буурч буй үзүүлэлтийг илэрхийлж байгаа юм. Тандалтын албаныхан маань өдөр бүр тоон мэдээлэлийг гаргаж, түүн дээр үндэслэн төлөвлөлтүүд хийгддэг гэсэн үг. Хичээлийн шинэ жил эхэлж хөдөлгөөний эрчим нэмэгдэхэд энэ үзүүлэл нэмэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Нэг жишээ хэлэхэд, хүүхдийн вакцинжуулалтыг эхлүүлэх үед 12-15 насны хүүхдийн өвчлөл дундаа 23.3 хувь байсан бол одоо 16.9 хувь, 16-17 насны хүүхдийн өвчлөлийн эзлэх хувь 10.6 хувь байгаад одоо таван хувь болж буурч байна. Ингэхлээр халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйн тулд эрүүл мэндийн салбарынхан маань дахин дахин халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, вакцинд хамрагдахыг уриалсаар байгаа юм.

-Дельта хувилбар голомтлон тархвал ямар эрсдэл гарах талаар судалгаа хийсэн үү?

-ХӨСҮТ, Нэг болон хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг судалгааг хийж буй. Хамгийн том бэрхшээл бол эмнэлгийн тусламж үйлчилгээ. Учир нь дельта хувилбар нь бусад хувилбараасаа илүү эмнэл зүйн шинж тэмдэг нь хүнд байгаа. Эмнэлэгт хэвтэлт нэмэгддэг. Бид өнгөрсөн хугацаанд дээд тал нь 14500 орыг “ковид-19” өвчний эмчилгээнд дэлгэж байлаа. Хэрэв өвчлөлийн том давлагаа үүсэх юм бол дээрхээс илүү ор дэлгэх боломжгүй. Бид хэдий их ор дэлгэнэ төдий чинээгээр эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ боловсон хүчний нөөцөөс шалтгаалан доголдох эрсдэлүүд, олон төрлийн бэрхшээлүүд эрүүл мэндийн салбарт төдийгүй улс орны эдийн засаг, иргэдийн ахуй амьдралд ч үүсч эхэлнэ. Иргэн бүрт өвчлөхгүй байх боломж байгаа. Улс, эх орныхоо, хайртай хүмүүсийнхээ төлөө эрсдэлээс хамгаалахын тулд бид хамтдаа хичээх нь чухал байна.

-Хүүхдүүдийн хувьд 12-оос дээш насныхан вакциндаа хамрагдчихсан. Хичээл эхлэхэд 12-оос доош насны бага, дунд ангийнхан эрсдэлтэй байна уу. Энэ насныханд эрсдэлийн үнэлгээ хийсэн үү?

-Эрсдэл тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ эрсдэлтэй гээд хичээлийг эхлүүлэхгүй байж болохгүй. Хүүхдийн сурах үндсэн эрх зөрчигдөж байна. Иймээс эрсдэлийг тооцож, аль болох өвчлөлийг үүсгэхгүй байхын тулд Боловсрол, шинжлэх ухааны сайдтай хамтран “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам” боловсруулж, уг журмаар дамжуулан халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна. Энэхүү журмаар халдварын тархалтын түвшинтэй уялдуулан ногоон, шар түвшинд хичээлийг халдвараас сэргийлэх дэглэмийн дор танхимаар явуулах, улбар шар, улаан түвшинд 4-5 настай хүүхдүүдийг танхимын болон зайн сургалтыг хослуулах байдлаар нягтралыг бууруулах арга хэмжээ авч байна. Мөн нэг бүлэгт нэг хүүхэд өвчилсөн тохиолдолд зөвхөн тухайн ангийг, гурав хүртэл бүлэгт халдвар бүртгэгдсэн бол анги, бүлгийн байрлалаас хамаарч сургууль, цэцэрлэгийг хэсэгчлэн зайн сургалтад шилжүүлэх, өөр хоорондоо хамааралгүй, анги болон багш солигдоогүй гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхэлд нь зайн сургалтын хэлбэрт шилжүүлэх зэрэг олон зохицуулалтыг журманд тусгасан байгаа. Мөн сургууль дээр хичээлийн эхлэл, төгсгөлийн цагийг уян хатан болгосноор сургууль цуглах, тарах үе болон завсарлагаанаар хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бий болгож байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүдийг өглөө ирэхэд нь халууныг хэмжиж, шинж тэмдгийн тандалт хийж, ам, хоолойг давс, сода, нимбэгийн уусмалаар зайлуулж байхаар тусгасан. Энэхүү журмыг боловсруулахдаа ДЭМБ болон Австрали, Япон, Өмнөд Солонгос, Европын улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, судалгааг үндэслэл болгосон бөгөөд сургууль, цэцэрлэгийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, гар угаах нөхцөлийг бүрдүүлэх төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх, эрүүл ахуйн бусад нөхцөлийг сайжруулах, багш, ажилчид, суралцагчдын эрүүл мэндэд тогтмол үзлэг, тандалтыг явуулснаар хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг бууруулах болно.

-Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийх юм уу?

-Гурав дахь тунгийн талаарх яриа олон сар үргэлжилж байна. Бид олон улсын судалгаа, дотоодын судалгаа зэрэгт үндэслэн гурав дахь тунгийн асуудлыг шийдэж эхэллээ. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу эмч, цагдаа, онцгой зэрэг салбарын албан хаагчдад гурав дахь тунгийн асуудлыг эхлүүлэхээр болж байна. Эдгээр хүмүүст хавар АстраЗенека вакцин тарьсан. Олон улсын судалгаанд үндэслэж АстраЗеннекагийн хоёр тун авсан бол гурав дахь тунг хийж болж байна. Иймээс хариу арга хэмжээний багт сайн дурын үндсэн дээр гурав дахь тунд хамрагдах боломжийг нээж өгөөд байна. Харин нийтийг хамарсан гурав дахь тунгийн асуудлыг дотоод, гадаадын судалгааг харьцуулах хэлбэрээр үргэлжилж байна. Удахгүй шийдвэрээ гаргаад явна.

-Дэлхий нийт коронавирусийн эсрэг вакцинжуулалтаас гадна ямар арга хэмжээ авч байна вэ. Хүн төрөлхтөн ковидтой зэрэгцэж амьдрах гэж байгаа талаар яриад эхэллээ. Энэ үнэн үү?

-Ковид өвчнөөс хэзээ дэлхий нийт салах вэ гэдэг асуултыг бүх улс, бүх хүн тавьж байна. Гэхдээ хариулт нь өнөөдөр хэнд ч алга. Улс орон бүр л авч буй арга хэмжээгээ тогтмол өөрчилж байна. Нэг хэсэг нь хатуу хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлж байхад нөгөө хэсэг нь хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулж, буцаагаад чангаруулах зэргээр ажиллаж байна. Монгол Улс ч ялгаагүй өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хатуу хөл хорио бус хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулах арга хэмжээг авч байна. Мөн вакцинжуулалтаа хийж байна. Вакцинжуулалтын үр дүн сайн байгааг судалгаа бүр баталж байгаа. Тэр дундаа нас баралт өвчлөлтэйгөө харьцуулахад дэлхийн дунджаас дөрөв дахин бага байна. Үүний гол хүчин зүйлийн нэг нь нийт иргэдийн 60-аас дээш хувь нь вакцинжуулалтад хамрагдсан явдал юм.

Халдварыг өсгөх, бууруулах нь ганц Эрүүл мэндийн салбарын ажил биш болчихлоо. Хариу арга хэмжээнд оролцож буй бүх байгууллагын авч буй арга хэмжээг олон нийт дэмжиж, ягштал мөрдсөний үндсэн дээр үр дүн ажиглагдаж байна. Иймээс дахин дахин уриалъя. Хамтдаа хичээж, хамтдаа халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж, цар тахлын ард эрсдэл багатай гарцгаая.

8Òүрүүч íü I í¿¿ðò8