Categories
мэдээ нийгэм

​МГТИС оюутнууддаа сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлнэ


БШУ-ны Сайдын 2021 оны тушаалаар батлагдсан “Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам”-ыг үндэслэн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн намрын семестрт бакалаврын нийт оюутнууддаа сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхээр боллоо. Энэхүү хөнгөлөлтөд бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчид мөн хамрагдана.

МГТИС нь 2021-2022 оны хичээлийн жилд Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Эрчим хүч, цахилгааны инженер, Мехатроник инженерийн бакалаврын, мөн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт элсэлт авч байна. Энэ хичээлийн жилд МГТИС-ийн Тэтгэлгийн хорооноос 951 сая төгрөгийн тэтгэлгийг оюутнууддаа олгохоор төлөвлөжээ. Үүнд,

  • МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг,
  • ХБНГУ-ын талаас DAAD – TNB: ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд семестр солилцооны хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг,
  • DAAD – Surplace: нэг хичээлийн жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд сар бүр 200 евро олгох тэтгэлэг багтаж байгаа юм.

Дашрамд дурдахад, МГТИС нь 2013 онд байгуулагдсан цагаасаа 2020 он хүртэл оюутнууддаа нийт 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий дээрх гурван төрлийн тэтгэлгийг олгоод байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаягдал усыг дахин боловсруулж гүний цэвэр усаа хэмнэх боломж бүрдлээ


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Одоогоос гурван жилийн өмнө миний бие АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеогийн хамт Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж байлаа. Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын хувьд амин чухал ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх юм.

Сонгинохайрхан уулын бэлд ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр сүндэрлэн босно. Энэ түүхэн өдрийн гэрч болж байгаадаа миний бие туйлын баяртай байна.

Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны шинэ соёл, боловсрол бий болж Улаанбаатарчуудад усны хангамжийн 100 жилийн баталгаа болно гэж манай эрдэмтэн, мэргэжилтэн, судлаач нар дүгнэсэн. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот 100 жил усны хангамжтай болж байна гэсэн үг. Гэрээний хүрээнд эко буюу ногоон төслүүд хэрэгжинэ. Эко хэмээн тодотгох учир нь бидний олон жил ярьж байгаа саарал ус буюу ахуйн хаягдлын усыг дахин боловсруулж ашиглан газрын гүний цэвэр усаа хэмнэх бодит боломж бүрдэх юм.

Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний тавны нэгийг эрчим хүчний салбар дангаараа эзэлдэг. Тиймээс хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэгдсэн уснаас авч дахин боловсруулсан усыг хамгийн түрүүнд дулааны цахилгаан станцуудад өгөх ёстой. Ингэснээр бид дахин боловсруулсан усыг цаашид аж үйлдвэрлэлийн болон бусад олон салбарт ашигладаг болох ундны цэвэр усаа бие засах өрөөндөө урсгадаг зохисгүй хэрэглээнд цэг тавих томоохон эхлэлийг тавьж байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайд Майкл Клечески:
Миний бие АНУ-ын Элчин сайдын яамыг төлөөлөн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж байгаадаа тун таатай байна. Би энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баярлаж байгаа. Учир нь Улаанбаатарт хоёр жил амьдрахад энэ хот миний төрөлх гэр орон шиг дасан зохицсон. АНУ-ын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийг дэмжих чин хүсэлтэй. Тийм учраас зээл биш буцалтгүй тусламжийг олгож байгаа юм. АНУ нь ардчилал хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг аль болох өрийн дарамт үүсгэхгүй буцалтгүй тусламжаар дэмжихийг эрмэлзэж ирсэн.

Categories
мэдээ нийгэм

​Монгол Улс гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хуультай болно


Монгол Улс жил бүр золбин нохой, муурыг устгахад хоёр гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.

Тодорхой хэсгийг нь халдварт өвчнөөс сэргийлэх улмаас амьтад хазуулсан иргэдэд зарцуулагддаг. Энэхүү бэрхшээлийг даван туулахын тулд “Азтай савар” ТББ-аас хаягдсан амьтдын шинэ эзнийг хайж олох үүрэг хүлээсэн бөгөөд 2017 онд Улаанбаатар хотын захиргаа гэр хороололд нохой, муурны үржлийг зогсоох мэс засал хийж эхэлүүлсэн хэдий ч золбин нохой, муурны аюулаас ангижруулж чадаагүй тул тус байгууллага гэрийн тэжээвэр амьтдын эзэдтэй хариуцлага тооцох тухай хуулийн төслийг санаачилсан.

Жилээс жилд золбин нохой муурыг устгах ажлыг хийсээр ирсэн ч хяналтгүй өсөж байгаа нохой, муурны өсөлтийн хурдыг гүйцдэггүй байна. Тэгэхээр үүний тоо толгойг бууруулах чиглэлээр 2017 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба , Нийслэлийн мал эмнэлхийн газартай хамтраад хотын төвийн дүүргүүдийн гэр хорооллын айлуудын нохой муурыг бүртгэлжүүлэх , үржил зогсоох мэс ажилбар хийх ажлыг зохион байгуулж 4 жилийн дотор 10 мянга гаруй нохойг хамруулсан. 2020 оны зургадугаар сараас эхлэн 5 мэргэжлийн хуульч , сурталчилгааны багийн ажилтнууд гээд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй тэжээвэр амьтны эрхийн төлөөх сан байгуулсан.

Энэ байгууллага нь“ Азтай савар ” ТББ-ийн байгууллага юм . 2020 оны зургадугаар сараас 12 сар хүртэл зөвхөн судалгаан дээрээ ажилласан.100 гаруй орны тэжээвэр амьтдад зориулж гарсан хуулиудыг уншиж, судалсан. 2021 оны гуравдугаар сараас зургадугаар сар хүртэл орон даяар тэжээвэр амьтны судалгааг “One inside” нэртэй байгууллагатай хамтран хийсэн. Одоо хууль боловсруулах шатандаа явж байна.

Б.Ангирмаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Афганистан улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас хазара дүрвэгчдийг Монголд хүлээн авахыг уриаллаа

Афганистан улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас хазара дүрвэгчдийг Монголд хүлээн авахыг уриалж, зарим төрийн бус байгууллага хамтран мэдээлэл хийлээ.

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “Манай байгууллагаас төрийн өндөрлөгүүдэд хандан хүсэлт өгөх байгаа. Утга нь хазара ахан дүүсээ авчрах тухай шийдвэр гаргуулах тухай юм. Мөн хазара хүмүүсийг Монгол Улсад ирэх, амьдрах, ажиллах, суралцах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна.

Түүнчлэн хазара монголчуудын эд хөрөнгийг залилсан ноцтой хэргүүдийг анхааралдаа аваасай гэж хүсэж байгаа юм” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Афганистан улсын төрийн эрхийг булаансан Талибан бүлэглэлийн тэргүүлэгчид нь өмнөх алдаагаа давтахгүй гэж мэдэгдэж байгаа ч Кабул хотоос бусад хэсэгт террорист үйл ажиллагаагаа явуулсаар байна. 15-аас дээш настай хазара охид бүсгүйчүүдийн бүртгэлийг хийж, дайчдаа олон эхнэртэй болохыг зөвшөөрсөн байна” гэсэн юм.

Афганистан улсын 32 сая иргэний есөн хувь нь хазара үндэстэн.

“Хазара түмэн бол Монгол сэтгэл зүрхтэй хүмүүс. Монгол язгуурын соёлоо сонирхон судалж, ижилсдэг. Нийт монголчуудын сэтгэл зүрх нь энэрэнгүй уужим. Энэ энэрэнгүй уужим сэтгэлээ хазара түмэндээ нээх хэрэгтэй гэж бодож байна. Тэд ажилч хичээнгүй, даруу төлөв, манай улсад шаардлагатай ажил мэргэжлийн туршлагатай хүмүүс байдаг” хэмээн “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр ярилаа.

“Хазара найзууд маань өдөр бүр үхлийн айдастай амьдарч байна гэдэг”

Иргэн Ш.Билгүүн

“Би Иран улсад гурван жилийн хугацаанд суралцаад ирсэн. Энэ хугацаанд хазара хүмүүстэй хамт амьдарч байлаа.

Хазара түмэн бол Исламын шашны шийт урсгалыг шүтдэг. Исламын шашныг бид мэдэхгүй байгаа учраас л аюул гэж хараад байгаа юм. Исламын шийт урсгалтай хүмүүс нь дэг журамтай, үнэнч, тууштай хүмүүс байдаг.

Хазара найзууд маань одоо Кабул хотод их сургуулийн багшаар ажилладаг. Тэдэнтэй холбогдож нөхцөл байдлыг нь асуухад шинэ өдөр бүр үхлийн айдастайгаар амьдарч байна гэдэг” хэмээв.

Афганистан улсын төрийн эрхийг Талибан гэх бүлэглэл хүчээр гартаа авснаар олон зуун иргэд нь эх орноо орхин дүрвэж эхэлсэн. Иймд АНУ, Их Британи зэрэг улс орон Афганистанаас дүрвэгч хүлээн авах төлөвлөгөө гарган танилцуулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дараахь байршлуудад ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчилж байна

Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Арьс ширний 26 дугаар байрыг буулган, 16 давхар хоёр блок, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж, ашиглалтад оруулсан.

Мөн Баянгол дүүргийн Давхрын-7, 8, 9, 10, 11, 12 дугаар байрыг буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд 9, 10 дугаар байрыг буулгаж, барилгын ажил 80 хувьтай байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 6, 7, 8 дугаар байрыг буулган барилгажилтын ажлыг бүрэн гүйцэтгэв. Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 51, 52 дугаар байрыг буулган барьж буй барилгын явц 50 хувьтай, энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эдгээр төслийн гадна дулаан, ус хангамж, инженерийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан юм.

Хотын дарга Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээнд шаардлагатай хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ: Шалгуулагч 37 хэмээс өндөр халуурсан тохиолдолд тусгаарлах байранд шалгалт өгнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ЭЕШ-ын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт тавив.

Шалгалтын төвийн нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух боломжийг бүрдүүлсэн байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын явцад шалгалтын төв болох 41 сургуульд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд шалгалт өгөх хүүхдийн биеийн халуун 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулан ЭЕШ өгөх боломжийг олгоно.

ЭЕШ-ын үеэр коронавируст халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа, эсвэл гэртээ тусгаарлагдсан хүүхдүүд есдүгээр сарын 2-5-нд шалгалт өгнө. Энэ тохиолдолд хүүхдүүдээс эмчийн магадлагаа шаардана. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын улмаас хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулсан шалгалтыг дахин зохион байгуулна. Ингэснээр бүх хүүхэд их, дээд сургуульд элсэх боломж бүрдэх аж.

Г.Байгальцэцэг

Categories
мэдээ нийгэм

“Ковид-19” халдвараар өвчлөөд эдгэрсний дараа зарим хүнд жил хүртэл хугацаагаар шинж тэмдэг илэрч байна


ЭМЯ-ны долоо хоног бүрд хийдэг ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зарим хүнд КОВИД-оор өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сар, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байгаа. Хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах бөгөөд толгой өвдөх, үс унах, анхаарал сулрах, ялимгүй зовлонт байдал үүсэх, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч байгаа. Нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байхыг зөвлөж байна.

Халдвар авч байгаа хавьтлын судалгааг хийгээд үзэхэд танихгүй хүнээс гэхээсээ илүүтэй, хамт ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөөсөө халдвар авах тохиолдол их байгаа. Найр наадам хийхгүй, очихгүй байх нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэй.

Түүнчлэн олон хүн цугласан газарт очихгүй байх, агаар сэлтгэлт сайн хийхийг зөвлөж байна.

Гурав болон зургаадугаар сард гарсан халдварын давлагааны үед бүх шатны эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд КОВИД-19 халдварын эсрэг ажиллаж байсан. Гэсэн ч ачааллаас давсан хоцрогдол гэдэг зүйл үүсэж байсан. Үүнийг үүсгэхгүйн тулд иргэн бүрийн хариуцлага чухал байна” гэдгийг хэллээ.

Орон нутагт гарч байгаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь олон тооны найр, наадмаас үүдэлтэй байгаа бөгөөд иргэд амны хаалт зүүхгүй байгаа нь нөлөөж байгааг ЭМЯ-наас анхааруулж байв.

Халдвараас сэргийлэх энгийн аргууд буюу амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт хийх нь вирусийн аль ч хувилбараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.

Categories
мэдээ спорт

Паралимпод оролцох тамирчдын түрүүч Токиог зорилоо

“Токио-2020” паралимпийн наадамд оролцох баг тамирчдын түрүүч өнөөдөр Токиог зорьж байна. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Наран улсыг зорилоо.

Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.
16 дахь удаагийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд явагдах бөгөөд 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглана, давхар хооронд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэв


Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр

“Сүүлийн 14 хоногийн хугацаанд “дельта” хувилбарын халдвар орон нутагт төдийгүй Улаанбаатарт нэмэгдэх эрсдэл бий боллоо. Өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын 35-80 хүртэл хувь нь “дельта” хувилбар эзэлж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах шаардлагатай” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд:

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэнд болон Боловсролын сайдын хамтарсан тушаал гарсан. 4-5 настай хүүхдийн бүлгийн анги дүүргэлт 20-25 хүүхэд хэтрүүлэхгүй буюу нэг хүүхдэд дор хаяж 1.5 метр талбай ноогдоно, сургалтыг холимог буюу танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Дуу хөгжим болон биеийн тамирын хичээлийг хийхгүй.

ЕБС-д мөн ялгаагүй 20-25 хүүхэд хичээллүүлэх ба 5/9 зарчмаар буюу долоо хоногоор ээлжилж, сургалтын холимог хэлбэрээр явна. “Дельта” хувилбарын тархац ихэсвэл хүүхдүүд 4/10 зарчмаар хичээллэнэ. Нэг ангийн нэг хүүхэд өвдсөн бол ангиараа зайгаар хичээллэнэ. 12-оос доош насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учир нэг ангид нэг хүүхэд өвчилбөл долоо хоног зайнаас, 12-оос дээш насны сурагчтай ангид гурван өвчлөл бүртгэгдвэл долоо хоног цахим хэлбэрт шилжинэ.

Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглана, давхар хооронд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тандалт судалгааны баг ажиллана. Эцэг эхчүүд хүүхдийн хувцас солих өрөөнд орохгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1841 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 1841 хүнээс халдвар илэрлээ.

Мөн нэг хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 892 боллоо.

Сүүлийн 24 цагт 1591 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 10253 хүн хэвтэн эмчлүүлж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно