Categories
мэдээ спорт цаг-үе

Ази тивийн өсвөр, залуу боксчдын АШ тэмцээн эхэллээ

Ази тивийн өсвөр, залуу боксчдын Аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Дэлхийн хүн төрөлтнийг цочроосон Ковид-19 цар тахлаас шалтгаалан манай тивийн нэлээд орны баг тамирчин уг тэмцээнийг өнжиж байгаа хэдий ч Бахрейн, Индонез, Энэтхэг, Иран, Казакстан, Киргиз, Кувейт, Ливан, Монгол, Балба, Пакистан, Палестин, Шри-Ланк, Сири, Тажикстан, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан зэрэг орны залуучуудын 132, өсвөрийн 136, нийт 268 боксчин хүрэлцэн иржээ.

ХУВААРИЙН ДАГУУ:

  • Наймдугаар сарын 19-нд Сугалаа, нээлтийн ёслолын үйл ажиллагаа,
  • Наймдугаар сарын 20-27-нд Улаанбаатарын цагаар 20:00 цагаас тэгштгэлийн болон медалийн төлөө, хагас шигшээ тоглолтууд,
  • Наймдугаар сарын 29-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Өсвөрийн боксчдын шигшээ тоглолтууд,
  • Наймдугаар сарын 30-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагаас Залуу боксчдын шигшээ тоглолтууд болно.

Монгол Улсын шигшээ багийн 12 боксчин, дөрвөн дасгалжуулагч уг тэмцээнд оролцохоор Дубайг зорьсон.

Тодруулбал, Азийн Өсвөрийн боксчдын охидын

  1. 46кг-д Батсайханы Саруул,
  2. 48кг-д Отгонбатын Есөнхүслэн,
  3. 66кг-д Даваагийн Гэрэлсайхан,

Азийн Өсвөрийн боксчдын хөвгүүдийн

  1. 46кг-д Энхтөрийн Төгсбилэг,
  2. 48кг-д Отгонбаярын Түвшинзаяа,
  3. 50кг-д Эрдэнэболдын Мөнх-Эрдэнэ,
  4. 52 кг-д Ууганбаатарын Алтангэрэл,

Азийн Залуучуудын эмэгтэй боксчдын

  1. 57кг-д Азийн өсвөрийн аварга, Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Төгсжаргалын Номин-Эрдэнэ,
  2. 60кг-д Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Мягмарсүрэнгийн Цэцэгдарь,

Азийн Залуучуудын эрэгтэй боксчдын

  1. 60кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ,
  2. 67кг-д Цэндбаярын Мөнхтулга,
  3. 71кг-д Өсөхбаярын Төгөлдөр нар дасгалжуулагч Жамантайн Еркин, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Жаваагийн Баяр-Отгон, Володягийн Аззаяа нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

2019 онд Азийн Өсвөрийн боксчдын АШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайрах хотноо болоход монголын Ж.Еркин дасгалжуулагчтай өсвөр боксчдын охидын баг анх удаа оролцож, Төгсжаргалын Номин-Эрдэнэ /57кг/ алт, Даваазоригийн Номин-Эрдэнэ /48кг/, хөвгүүдээс Чулуунтогтохын Элбэг /63кг/ нар хүрэл медалийн эзэн болж байв.

ТЭМЦЭЭНИЙ СУГАЛАА:

Азийн Залуучуудын эрэгтэй боксчдын 60кг-д Ганбаатарын Ган-Эрдэнэ эхний тулаанаа Кувейтын Осамах Албатхалитай хийнэ, ялбал киргизийн тамирчинтай медалийн төлөө үзнэ.

67кг-д Цэндбаярын Мөнхтулга эхний даваанд гоц мөргөсөн ба медалийн төлөө Тажикстаны Хожибобоев Сирожиддинтэй тулна, 71кг-д Өсөхбаярын Төгөлдөр эхний даваанд гоц мөргөж, медалийн төлөө непал, узбекийн ялсантай медалийн төлөө тоглоно.

Азийн Залуучуудын эмэгтэй боксчдын 57кг-д Азийн өсвөрийн боксчдын аварга, Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Төгсжаргалын Номин-Эрдэнэ медалийн төлөө Энэтхэгийн Прийтитэй тулалдана.

60кг-д дөрвөн боксчин орж байгаа тул Улсын насанд хүрэгчдийн аваргын хүрэл медальт Мягмарсүрэнгийн Цэцэгдарь хагас шигшээд казакстаны Жулдиз Шаяхметоватай мөнгөн медалийн төлөө тоглоно.

Азийн Өсвөрийн боксчдын охидын 46кг-д Батсайханы Саруул медалийн төлөө Узбекстаны Ганиева Гулсевартай, 48кг-д мөн дөрвөн боксчин орж байгаа тул Отгонбатын Есөнхүслэн хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Вишу Ратийтай, 66кг-д дөрвөн боксчин орж байгаа тул Даваагийн Гэрэлсайхан хагас шигшээд мөнгөн медалийн төлөө Казакстаны Аружан Жангабаеватай, Азийн Өсвөрийн боксчдын хөвгүүдийн 46кг-д Энхтөрийн Төгсбилэг эхний даваанд хийлэн, медалийн төлөө кувейт, иракийн ялсантай тоглоно.

48кг-д Отгонбаярын Түвшинзаяа медалийн төлөө АНЭУ-н Мохаммед Али Хамистай, 50кг-д Эрдэнэболдын Мөнх-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, медалийн төлөө Узбекстаны Махмудов Хожиакбартай, 52 кг-д Ууганбаатарын Алтангэрэл медалийн төлөө Узбекстаны Мадаминов Абдуллотай тус тус тоглох болжээ.

Тэмцээний эхний өдөр 48кг-д Отгонбаярын Түвшинзаяа медалийн төлөө АНЭУ-н Мохаммед Али Хамистай, Азийн Өсвөрийн боксчдын охидын 46кг-д Батсайханы Саруул медалийн төлөө Узбекстаны Ганиева Гулсевартай тоглох хуваарь гарчээ.

АЗИЙН ТИВИЙН ӨСВӨР, ЗАЛУУ БОКСЧДЫН АШТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГ

Өдгөө Азийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэмцээн нь тус тусдаа явагдаж байна. Мөн өмнө нь Азийн залуучуудын аваргын /эрэгтэй, эмэгтэй/ тэмцээн нь Азийн өсвөрийн /охид, хөвгүүдийн/ боксчдын тэмцээнээс ангид зохион байгуулагддаг байсан.

Азийн Залуучуудын АШТ хамгийн сүүлд 2019 оны өвөл Улаанбаатар хотод зохиогдон, 16 орны боксчид эрэгтэй 10, эмэгтэй 10 жинд аваргаа тодруулж байсан бол 2019 онд Азийн Өсвөрийн боксчдын АШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайрах хотноо зохиогдон 26 орны 170 хөвгүүн, 69 охинд оролцон тоглож байжээ.

Харин 2021 оны намрын энэ урт өдрүүдэд АИБА буюу Олон улсын боксын холбоо, Ази тивийн боксын холбооноос АНЭУ-н Дубай хотноо Азийн аваргын тэмцээний Залуучууд, өсвөр насны ангиллыг анх удаа хамтад нь зохион явуулж, Азийн АШТ-ий Залуучуудын ангилалд 2003-2004 онд төрсөн эрэгтэй, эмэгтэй боксчид, Өсвөрийн насны ангилалд 2005-2006 онд төрсөн хөвгүүд, охид тоглох боллоо. Ингэснээр Дубайн рингэнээс Азийн тивийн өсвөр, залуу боксчдын нийт 51 /эрэгтэй 26, эмэгтэй 26/ аварга жин тус бүрд тодорно.

Categories
гадаад мэдээ

Талибаны хэвлэлийн төлөөлөгч CGTN-д ярилцлага өгчээ

Наймдугаар сарын 19 -нд буюу өчигдөр Хятадын төв радио, телевизийн CGTN -ийн хөтлөгч Тянь Вэй “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Сохайл Шахинтай ярилцлага хийжээ. Шахин энэ үеэр: “Бид Хятадад олон удаа айлчилж байсан бөгөөд Афганистаны энх тайван, сэргээн босголтод Хятад Улс тодорхой үүрэг гүйцэтгэж байсныг мэднэ. Ялангуяа Афганистанд энх тайван, эвлэрлийг буй болгоход Хятад улс чухал нөлөө үзүүлсэн. Өмнө нь Хятад Улс Афганистаныг хариуцсан тусгай элч томилж байсан ба бид ч холбоотой байсан.

Саяхан Хятад Улс Афганистаны асуудлаарх шинэ тусгай төлөөлөгчөө томилсон бөгөөд бидний харилцаа ч урьдын адил байгаа.

Хятад улс Афганистаны энх тайван, эв нэгдэлд эерэг хувь нэмэр оруулсаар ирсэн, ирээдүйд ч Хятад улс Афганистаны бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмрээ оруулна гэж бид найдаж байна. Афганистаны ард түмэн ч үүнийг л хүсэн хүлээж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг цаг үеийн асуудлаар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийж байна. Цаашид энэ хурлыг тогтмол зохион байгуулж, хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх юм.
Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулагдсан талаар тодотголоо. Мөн тэрбээр “Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулна. Дүрэм боловсруулахдаа иргэдээс санал авна. Мөн Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээв. Тодруулбал, Хот төлөвлөлт, Авто замын сүлжээг шинэчлэх, Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, Эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

дарга мөн барилга, байгууламж, замын норм, нормативыг сүүлийн 15 жил шинэчлээгүй. Энэ нь эргээд түгжрэлд нөлөөлж байна. Түүнчлэн нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дорвитой арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр “Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Төрийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хотод иргэдийг бухимдуулсан олон зүйл байна. Эдгээрийг нэг сар, нэг жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Үе шаттай асуудлыг шийднэ” хэмээв. Мөн нийслэлийн удирдлагын баг болоод албан тушаалтнуудад авлигаас ангид байх шаардлага тавьж байгаагаа онцоллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Хангай-21” хамтарсан дадлага сургууль Архангай аймагт болно

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран “Хангай-21” хамтарсан дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ

Газартай холбоотой зургаан хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас боловсруулж байгаа

  1. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  3. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  5. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  6. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцүүлэх юм байна.
Categories
мэдээ нийгэм

16 тонн хатаасан үзмийг нуун дарагдуулж, хил нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомтод стандартын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх зөрчил илэрсээр байна.

Тухайлбал, “Мэйвэл” ХХК оруулж ирсэн 16 тонн, 2000 хайрцаг хатаасан үзэм нь бичиг баримтын зөрчилтэй байсан бөгөөд нуун дарагдуулж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Улмаар хууль, хяналтын байгууллагынхан шуурхай хяналт шалгалт явуулсны үр дүнд 67 сая төгрөгийг улсын орлого болгосон байна.

Үүнээс гадна хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бус аргаар нэвтрүүлсэн цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн аж.

Categories
мэдээ улс-төр

Энэ оны эхний хагаст ЗГ-ын нийт өр 27.1 их наяд төгрөг болж, 1.2 их наяд төгрөгөөр өсчээ

Засгийн газрын өрийн үлдэгдэл оны эхний хагас жилийн байдлаар 27.1 их наяд төгрөг болсныг Сангийн яам мэдээллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өссөн дүн болж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хувь хэмжээ II улирлын байдлаар 60.4 хувь болсон байна. Харин 2021 оны хэмжээнд Засгийн газрын нийт өр 30.9 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 61.3 хувь болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Оны эхний зургаан сарын байдлаар Засгийн газар нийт 1.2 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлөөд байна. Үүнд “Мазаалай” бондын үлдэгдэл болох 132.6 сая ам.доллар, “Credit Swiss” банкны зээлийн үлдэгдэл 60.0 сая ам.долларын төлбөрүүд багтжээ.

Зургаадугаар сард Засгийн газар ирэх онуудад төлөгдөх “Чингис” болон “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэхээр нэг тэрбум ам.долларын “Century” төслийг гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

​Нэг удаагийн амны хаалтаас нянгийн бохирдол илэрчээ

Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3,939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийжээ. Үүнээс импортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй байна.

Тухайлбал нэр бүхий компаниуд БНХАУ-аас оруулж ирсэн нэг удаагийн амны хаалт нянгийн бохирдолтой байсан бол сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм, шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/, хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Монгол Улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавж илэрчээ.



Categories
мэдээ нийгэм

240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Харьяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй байв. Тиймээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 278 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Монгол дээвэр”, “Цац орхон” ХХК түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны хүүхдүүд таатай, тохилог орчинд суралцах юм.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрээнд гацсан ачааг галт тэргээр тээвэрлэж эхэлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд ажиллаж байна. Тус багийг ажил хүлээж авах үед өдөрт импортоор 100 машин орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар улсын хилээр орж ирэх тээврийн хэрэгсэл 190 болж нэмэгджээ. Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдаад байсан 50 мянган тонн ачааны 30 гаруй мянгыг нь татан аваад байгаа аж. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг энэ сардаа багтаан татаж авахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд ачааг авто тээвэр болон галт тэргээр тээвэрлэж эхэлсэн байна. “Өнөөдөр л гэхэд БНХАУ-ын Эрээн боомтоос 69 вагон ачаа орж ирнэ” гэж Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх мэдээллээ. Улсын их баяр, наадмын өдрүүдэд хил хаагдсан үеэр нийт 42 галт тэргээр ачаа бараа татан авч байсан бол одоо 69 хүртэлх галт тэрэг явах боломжийг ийн бүрдүүлжээ.

Дашрамд дурдахад, Засгийн газраас томилсон ажлын баг үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа тээврийн жолооч нартай уулзалт хийж, 700 жолоочтой хариуцлагын гэрээ байгуулан, ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж буй юм. Эрээн хотын цагдаагийн газар, манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагууд ачаа тээвэр, үнэ тарифтай холбоотой асуудлаар хамтран ажиллаж, давхар хяналт тавьж байна.