Бамбай хоншоорт могойн биеийн урт 70 см, сүүлний урт биеийн уртаас 5.5-8.4 дахин богино байдаг. Энэ зүйл могойн нурууны хайрс 23, хэвлийн хайрс 143-187, төгсгөлийн сүвийн бамбай хайрс 1, сүүлний доторх бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 31-56 хос, дээд уруулын бамбай хайрс 7-8 байна.
Биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал, ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Монгол орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар элбэг тархацтай хортой могой. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна. Загалмайт могойн овогт багтах бөгөөд их биеийн урт 70 сантиметр, сүүл нь 8-14 сантиметр.
Нуруу, сүүлний дагуу хөндлөн бараан толботой. Нүд хамар хоёрын завсар хамрын сүвнээс арай том хэмжээний дахиад хоёр хонхор нүхтэй. Тийм учраас хамгийн олон хамартай хэмээгддэг. Энэ хоёр илүү “хамар” нь шөнө идэш тэжээлээ олоход мэдрэх эрхтний үүргийг гүйцэтгэдэг байна.
Могойн дотроос хамгийн хортой могой юм. Энэ могойны хор нь анагаах ухаанд хэрэглэгддэг бөгөөд нэг могойноос 0.0098-0.0927 грамм хор авах боломжтой. Нэг удаа хор авснаас хойш 20-23 хоногийн дараа дахин хор авах боломжтой тул хамгийн их хэмжээний хор өгдөг могой ажээ. Түүний 0.00013 грамм хэмжээний хоронд хордсон харх 2-7 хоногийн дараа, жижиг шувууд 2-3 минутын дараа, гүрвэл тэр дороо үхдэг байна. Түүний хорны найрлага бүхий эмийг цус алдалтыг зогсоох, татаж унах өвчин, үе мөчний өвчин, цээжний үрэвсэл, хорт хавдар зэргийг эмчлэхэд хэрэглэдэг.
Бамбай хоншоорт могой өндөг бус 8 орчим амьд зулзага төрүүлдэг ажээ.