“Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар”-ыг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 2020 онд Улаанбаатар хотод байгуулсан.
“Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилгад одоогоор Ази тивийн 13 улс гишүүнчлэлтэй бөгөөд тус бүс нутагт нийгэм, экологийн хувьд хариуцлагатай сүүний салбарыг хөгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, хоол хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой ажиллаж байна.
Тус санаачилгаас бүс нутагт сүүний салбарын талаарх мэдлэг, мэдээллийг харилцан солилцох, сүүний салбарын институцийн хөгжлийг дэмжих, улс орнуудын сүүний салбарт хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, стратегийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих, бодлогын өмгөөлөл үзүүлэх, судалгаа, хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Нарийн бичгийн дарга нарын газраас гишүүнчлэлийг өргөжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих, сурталчлах, Ази тивд сүүний салбарын мэдлэг, мэдээллийг харилцан солилцох, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна.
Жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн Лхагва гарагийг “Дэлхийн сурагчийн сүүний өдөр” болгон олон улсад тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын сүүний холбоотой хамтран 2020 оны 9 дүгээр сарын 28-нд вэбинар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилга, хэтийн төлөв” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна.
Нарийн бичгийн дарга нарын газрын зорилго, үйл ажиллагаа, мөн тус газраас зохион байгуулах олон улс, бүс нутгийн арга хэмжээг мэдээлэх, цаашид бодитой сурталчлан таниулахад Монгол Улсад англи хэлээр хэвлэн нийтэлдэг, хөтөлбөр нэвтрүүлдэг мэдээллийн хэрэгслүүдийн үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллахаар болж байна.
Тиймээс Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран ажил хэргийн уулзалтыг 2021 оны наймдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсад англи хэлээр хэвлэн нийтэлдэг, хөтөлбөр нэвтрүүлдэг “MNB World”, “Монцамэ”, “Mongol messenger”, “UB post”, “Mongolian economy”, “Financial inclusion”, “Asia mining magazine”, “NTV”, “News channel” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл оролцсон юм.
Тус уулзалтаар Нарийн бичгийн дарга нарын газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, зохион байгуулах арга хэмжээ, цаашдын зорилтын талаар танилцуулга, мэдээлэл хийж, харилцан нээлттэй санал солилцлоо.