Categories
мэдээ нийгэм

Морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дөрвөн чиглэлээр 14 үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Тухайлбал, “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг бүх шатны байгууллагуудад анхааруулсан юм.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Нийслэлийн Боловсролын газар болоод дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэхийг харьяа байгууллагуудад даалгалаа.

Эцэст нь газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тохижуулах ажлуудад хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.6 дахин өсчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8.666.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.905.0 тэрбум төгрөг буюу 50.4 хувиар өсчээ.

Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5хувийг бүрдүүлж байна.

Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрөн болон Орхон голын адгаар усны түвшин 10-30 см давж, үерлэнэ

2021 оны наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын эх болон дунд хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Хараа голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Эг, Бэлтэс, Бүгсий, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Чигж, Хархираа, Тэс, Буянт, Төгрөг, Онон зэрэг голууд үерийн түвшинг 30-105 см, Дэлгэрмөрөн, Үүр, Халх, Улз болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон голын адгаар усны түвшин 10-30 см, Эг гол Хантай баг Туул гол Улаанбаатар хот орчимд 10-25 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд үерийн аюултай түвшинд 10-20 см дөхөн үерлэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Богдхан төмөр замын төслийн нээлт боллоо

Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцсон юм.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Үргэлжлүүлэн “Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой боловч өдгөө 1.5 саяд хүрч, хотын даац гурав дахин нэмэгдсэн нь иргэдийн амьдралд нэлээдгүй хүндрэл үүсгээд байна. Хотын төвөөр “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 35 км цагийн хурдтай вагоны тээвэрлэлт өнгөрч байгаа нь 120-160 минутын замын түгжрэлийг үүсгэдэг. Үүнээс харахад “Улаанбаатар төмөр зам” нийслэлийн түгжрэлд хэр зэрэг нөлөөлж байна вэ гэдэг нь тодорхой асуудал юм. Түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, Улаанбаатар хотын хаяа, дагуул хотуудыг тэлэх төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж байгаа нь нийслэлийн хөгжилд үнэтэй, жинтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад Богдхан төмөр замын төсөл онцгой ач холбогдолтой бөгөөд хотын даргын хувьд тус төсөл эхэлж буйд туйлын баяртай байна” хэмээлээ. Мөн тэрбээр Богдхан төмөр замын ажил нэг минут ч гацах учиргүй бөгөөд нийслэлийн удирдлагууд тус бүтээн байгуулалтын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус компани нь Монголын анхны инженеренгийн компани бөгөөд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар, зөвлөгөө өгөн ажилласан. Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн I зэрэглэлийн, уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил Богдхан төмөр замын ажлыг мөн адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээгээд, бүтээн байгуулалтад хамтран оролцож буй зэвсэгт хүчний байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт 270 байршилд газар чөлөөлөв

Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн 270 байршлын 1385 объект дахь 26.822 ам метр газрыг чөлөөлжээ.

Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж буй гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийг чөлөөлж, 15 байршлын 9832 ам метр талбайд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх боломжийг бүрдүүлээд байна.

Газар чөлөөлөх ажил Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 92 байршилд газар чөлөөлж, зургаан байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоолын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Мөн нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, орчны аюултай байдал үүсгэсэн 307 барилга угсралтын талбайн түр хашаа байгаагаас 260 аж ахуй нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлэн, зөрчил арилгах арга хэмжээг авч ажиллажээ.

Үүнээс 116 барилга угсралтын талбайн түр хашааг холбогдох стандартын дагуу шинэчилж, норм дүрэм, аюулгүй байдлыг хангуулан, тэмдэг тэмдэглэгээг хийлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үргэлжлэн орсон борооны улмаас Булган, Хөвсгөл, Орхон аймагт айлын гэр, байшин үерт автжээ

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

Наймдугаар сарын 21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрөн үерлэж 5 айлын гэр усанд автжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд таван өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан байна. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн дөрвөн хүн, 1,773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Их харгана” гэдэг газар Идэр голын усанд тус сумын харьяат иргэн Б-гийн 15 настай хүү малаа тууж ирэх гэж яваад усанд боогдсныг гол гаргаж өгчээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 4 айлын хашаа, гэр, 2 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гэрийн хаяаг шууж, дөрвөн метрийн урттай шуудуу ухаж, орон сууцны хоёр байрны зоорийн давхрын усыг соруулсан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, 6 айлын байшин, нэг айлын хүлэмж усанд автсан тул тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт 6 гудамжны 15 хашаа, 4 гэр, 6 байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах 5 шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан нэг шуудуу сэтэрсэн байсныг засварлажээ.

Categories
мэдээ нийгэм

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын засварын ажлыг ирэх сарын 15-ны дотор дуусгана

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдээлэл өглөө.

Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17.660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм.

Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц юм. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. “Таван толгой түлш” ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав.

Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс асуулаа. Тэрбээр “Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа бөгөөд үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургуулийн автобусуудын үзлэг оношилгоо 91 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 14 үүрэг, даалгавар өгснөөс 78.1 хувийн биелэлттэй байна. Хурлын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжүүлж буй ажлууд болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн удирдлагуудад мэдээллээ. Баянгол дүүрэг 231 мянган оршин суугчтай бөгөөд үүнээс 142 мянган иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. Дүүргийн хэмжээнд 8642 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан бол сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор нийт багш, ажилчдын 45 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна.

Хотын дарга хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хийж, хэрэгжүүлж буй ажил, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхнаас авлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн цахим бүртгэл 41.7 хувьтай үргэлжилж байна. Харин 12-15 насны хүүхдүүдийн 55.9 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулаад байгаа юм. Мөн нийт багш, ажилчдын 53.6 хувийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Сургуулийн автобуснуудыг өнгөрсөн долоо хоногоос үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд 91.02 хувьтай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авна

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт шалгалтын (CBT) танхимд явагдана.

Энэ жилийн хувьд Коронавирусийн (COVID-19) халдварын нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хариуг тухайн шалгалт бүрийн дараа гаргаж тэнцсэн иргэнээс өнгөний харалган г.м биеийн ерөнхий үзлэгийн шалгалтыг хялбаршуулан авахыг мэдэгдэж байна.

Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг дараах сайтаасwww.hudulmur-halamj.gov.mn, monkor.net орж харна уу.

Мөн цахим бүртгэлийнhttp://solongos.hudulmur-halamj.gov.mnсайтаас харах боломжтой.

Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

Үүнд:

  1. Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
  2. 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
  3. Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
  4. Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлэгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно.
  5. Коронавирусийн ойрын хавьтлын улмаас тусгаарлалтанд байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт явагдаж дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна.
  6. Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус тус авна.

Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны 11 дүгээр сарын 03-нд зарлана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 40.228 хүүхэд байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас 20,939 хүн эмчлүүлж байна.

Үүнээс 10.928 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн- 6,303

Хүндэвтэр- 3,542

Хүнд- 898

Нэн хүнд- 185 хүн байна.

Мөн одоогоор улсын хэмжээнд 40.228 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. Энэ нь улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 195.250 халдварын тохиолдлын 20.6 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар 1511 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

No description available.