Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аравдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталжээ.

Уг хуваарийн дагуу аравдугаар сард нийт 37 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Мөн цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхааруулав. Мөн вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар авч, эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын онцгой комиссын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.

235512586_1474713946222732_3743523819930574096_n
237485992_1474713986222728_2006146192880741857_n
239648820_1474713962889397_8596444189923268300_n
235512586_1474713946222732_3743523819930574096_n
237485992_1474713986222728_2006146192880741857_n

239648820_1474713962889397_8596444189923268300_n

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс Замын-Үүд-Эрээн боомт чиглэлд автомашины тоог нэмэгдүүлэхгүй

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаагаас шалтгаалан Замын-Үүд боомт-Эрээн боомт чиглэлийн тээвэрлэлт буурчээ.

Гэвч улс хоорондын тээвэр хийх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн тоо өссөөр байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн аж. Иймд есдүгээр сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаанд дээрх чиглэлд улс хоорондын тээвэрлэлтэд автомашин нэмэхгүй байхаар шийдвэрлэснийг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амын 73.8 хувь нь вакцины I тунд хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1025, II тунд 3539, III тунд 2659, нийт 7223 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын I тунгийн хамралт 73.8 хувь, II тунгийн хамралт 68.3 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу

  • 2526 (21.2 хувь) жирэмсэн эх,
  • 12-15 насны 49.517 (55.7 хувь),
  • 16-17 насны 21.611 (63.8 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өчигдөр 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр Хөвсгөл аймагт дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, Наймдугаар сарын 23-ны 16:39 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас баруун зүгт 84 километрын зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 50.80 98.04

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гарааш чөлөөлсөн талбайд дугуйн зам тавьж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж 132 ширхэг чингэлэг, гараашуудыг буулгасан.

Газар чөлөөлсөн талбайд 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж тохижуулсан билээ. Тэгвэл тус талбайд 1.8 метр өргөнтэй 520 метр дугуйн зам барих ажил үргэлжилж байна.

Энэхүү ажил анх 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхэлж байсан бол өнөөдөр тохижилтын ажил явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Чанга гар” хүсэх, мухар сүсэг, туйлширсан үндсэрхэг үзэл нь эх орноо там болгодгийг Афганаас бид харж байна

Өнөөдрийн монголчууд бид гэж нэг л их удирдагч хүссэн хүмүүс. Бидний байж байгаа царай тэр их удирдагч нь тодорвол “чанга гар”-ыг гаргаж ирнэ гэсэн үг. Шулуухан хэлбэл, дарангуйлагч төрүүлнэ гэсэн үг. Ийм улстөрчидтэй, ийм оюун санааны орчинд, ийм сонгогчидтой, ийм нам засагтай улсад ямар гэгээрсэн удирдагч гарч ирэх юм бэ. Адгийн шаарууд л гарч ирж ард түмний тархийг угаадаг нь дэлхийн түүх, дэлхийн практик шүү дээ. Монголд цаг үе нь өөрөө цөвүүн, зэвүүн байна. Дарангуйлагч хүсээд байгаа хүмүүст зориулж зөвхөн баримт л бичье. Хоёр улсын жишээн дээр. Дарангуйлагч төрөхдөө эхлээд ард түмэндээ хайр зарладаг юм. Шударга ёсыг цаг үргэлж ярьдаг, бас тунхагладаг, бас хийж үзүүлдэг. Хэзээ ч баян айлын хүүхэд дарангуйлагч болдоггүй гэдгийг энэ дашрамд бас хэлчихье. Ядуусаас, дундчуудын угшилаас дарангуйлагчид төрдгийг олон орны жишээнээс харж байна. Энэ гэхдээ тусдаа сэдэв, дараа бичнэ…

Дарангуйлал хийгээд “чанга гар” шүтдэг хүмүүс дарангуйлалтай нийгэм бий болвол амьдрах аргагүй юм байна гэдгийг дэлхийгээс харж ойлгож байгаа болов уу. Хөршийн жишээ гэвэл Орос орон байна. Өнөөдрийн жишээ Афганистан байна. Дарангуйллаас зугтахыг оролдох хэдүй ч нэгэнт “хаан” суусан дарангуйлагч нь чирч авчран дарамталсаар байгаа улс орон, ард түмнүүд бий. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг нэгэнт дээш нь гаргаад алдсан дарангуйлагчаасаа салахын тулд ардчилал өндөр хөгжсөн орнуудаас аврал эрэх тэдгээр орны иргэд өрөвдмөөр юм.

Оросыг доромжлох нь тэнэг хэрэг. Харин Оросын муу жишгээс болгоомжлох ёстой. Хойд хөрш маань хорин жил ганц “хаан”-тай байгаа нь өөрөө дэлхий нийтийн болгоомжлол болчихоод байна. Наад захын жишээ, өнөөдөр Оросын Сибирь шатаж байна. Утаа нь дэлхийг бүрхэж байна. Хөрш Монголын нийслэлд өвлийн утаанаас нь хэцүүг авчирч, хойд аймгуудаараа зарим үед амьсгалах аргагүй болж байна. Алс хол 1000 км зайтай ийм байхад Алс Дорнод, Сибирийн тайга, тэр хавийн ард иргэдийнх нь амьдрах нөхцөл ямар байгаа нь тодорхой. Амьсгалах агааргүй хүмүүс, ан амьтад аргаа барж байна. Ард түмэн нь, бүхэл бүтэн нэг хязгаар нутаг, муж улс нь ийм аймаар болчихсон байхад аугаа удирдагч В.Путин нь Туркэд түймэр унтаарахаар Онцгой байдлын хүчнээ дайчилж байгааг юу гэж ойлгох вэ. Түүгээр ч зогсохгүй гамшгийн эсрэг ашигладаг нисэх онгоцоо, нисгэгчдээ Туркийн түймэрт алдаж байгааг нь дэлхий харж байна, гайхан шогширч байна. Харин Оросын ард түмэн дуугүй харж байгаа нь гунигтай. Дуугарвал, шүүмжилбэл их удирдагч нь тэднийг шоронд хийж, шонд дүүжилнэ. Манайд одоохондоо ийм үйл явдал болвол Хүк ард түмэндээ зүхүүлнэ. Дорнодын талд түймэр гарлаа, тэгтэл зэргэлдээ шатаж байгаа Чита мужийн түймрийг унтраа гээд онцгойн албан хаагчдыг нисгэвэл бид эрх баригчдыг тэр дор нь барьж иднэ. Гэхдээ энэ эрх чөлөө яг өнөөдөрхөндөө байгааг, удахгүй хумигдах зам дээрээ гарсныг ойлгож ухаарах цаг одоо болжээ, бас анхааруулах байна. Ковидын хатуу хөл хорионы үед халдвар өдөрт 10-аар тоологдож, нас баралтгүй тэсч байлаа, Монголын ард түмэн. Тэгсэн гуравдугаар сарын 1-ний өдөр нь эрх баригч МАН-ын 100 жилийн түүхэн ойн өдөр, энэ их баярын эхлэл байх ёстой… гэж эрх баригч нөхөр тунхаглаад, улмаар МАН-ын цагаан байранд өдөрт 100, 100-гаар хүмүүсийг цуглуулж намын ойн медаль, 100 мянган төгрөгийг бэлэглэснээр өвчин зад тавьсан юм. Өдөрт 10 байсан халдварын тохиолдол намын байрнаас нь нэг өдөрт 34 илэрснээр замаа алдаж, эрх баригч ноён бүгдийг амаа хамхих тушаал буулгасан билээ. Амаа мэдэхгүй бол хоолноосоо сална шүү гэж төрийн албан хаагчдад хатуу анхааруулав. Залгуулаад хаан суух хүслээ гүйцээж Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан. Ингээд хөөрхий өнөөдөр Монгол Улс цар тахалдаа живж байна даа. Нэг намын тогтолцоо, нэг хүний дарангуйлал, их удирдагч, “чанга гар” Монголд төрж эхэлсний нэг тодорхой жишээ энэ. Ийм “чанга гар”-ууд дээш ахиад дарангуйлагч болдог зүй тогтолтой. Энэ зүй тогтлын жишээ өнөөдөр үргэлжилсээр байна. Хүний нийгмийн муу үйлдлийг улаан гараараа хийсэн, барууны ардчиллыг зүхдэг, ардчилсан үзлийг доог тохуу болгодог, хүний эрхийг уландаа гишгэчдэг хөдөлгөөний тэргүүн, нутаг чигийн нэг нөхрийг телевизүүдийн камерын өмнө суулгаж, хэвлэлийн хурал хийлгэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн залуус руу чиглүүлэн “Та нарыг тасчиж хаяна, гэмтээж бэртээнэ, эрэмдэг зэрэмдэг болгоно” хэмээн заналхийлгүүлсэн нь, түүнийг нь өнөөх чөлөөт хэвлэл гэх телевизүүд нь уралдан дамжуулсан нь ямар нийгэм рүү, хэн авч яваагийн нэгэн тод илэрхийлэл юм. Ямар удирдагчид төрж байгаагийн амьд дохио гэж болно. Арай ч ийм эрээ цээргүй заналхийлэлд монголчууд өнөөдрийг болтол орчихоогүй явсан юм. Алс хол гэж боддог Аль Кайдагийн мэдэгдлээс “Ингэж хүнийг заналхийлж болдог юм байх даа” гэж бодож сууцгаасан цаг өчигдөрхөн. Гэтэл өнөөдөр өөрсдөд дээр минь ирчихсэн байна.

Үнэндээ ийм л байж болохгүй, үүнээс л болгоомжлох, ардчиллаа хайрлах хэрэгтэй. Ингээд л эхэлбэл, хүчирхийллийг тунхаглаад, нийгэмд дэврээгээд эхлэх юм бол эцэстээ бид яг өнөөдрийн Афганистан болно. Ардчиллын үнэт зүйлс байхгүй нийгэмд юу болдгийг тэндээс харж байна. Уг үндэс, үзэл бодол, хөгжил цэцэглэлт, амьдрал ахуй юу байдгаа Шарайтын хуульд даатгасан Талибан хөдөлгөөн энэ улсад ноёрхлоо сая тогтоолоо. Дэндүү харгис, хатуу хуультай, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн талибуудаасаа амжиж зугтахын төлөө афганчууд иргэний, цэргийн нисэх онгоцны буудлуудад горьдлого тээж, үүдэнд нь хонон өнжин, өөрсдийг нь авч явахыг гуйж, ямар нэг найдвар төрөхийг нүдээ ширгэтэл хүлээн сууж, түүнийхээ төлөө амь тэмцэн зүтгэж байгааг дэлхий харж байна. Монголчууд харж, үзэл бодлоо сүүлийн өдрүүдэд маш их илэрхийлж байна. Монголчуудын дийлэнх нь тэдгээр афгануудыг нэлээд дорд үзэх маягтай шүү. Афганчууд чинь яасан бүдүүлэг харанхуй улс вэ гэх монголчууд цөөнгүй байна. Гэтэл тэднийхээ нэгэн адил болох зам дээрээ гарчихсан яваагаа, тэднээсээ нэг их дээрдэх юмгүй ёс суртахуунтай, харанхуй бүдүүлгүүд болчихсноо мэдрэхгүй явна. Бид арай ч тэдэн шиг биш ээ гэж хэлэх хүн олон байна. Гэхдээ тийм нийгэм тогтоход тун ойрхон байна гэдгийг ойлгож ухаар. Энэ олон янзын шашны зан үйлээ хар. Эрх баригчид нь тэр чигээрээ Монголынхоо баруун талд ч гарч овоо тахиад, зүүн талд ч давхиж овоо тахисан хүмүүс. Улстөрчид, боловсролтой гэгддэг хүн бүхэн нь том том машин, том дээл хөөрөгтэй, уул жалгандаа мөргөөд, сөгдөөд, сөхөрч уйлаад, тэнгэр рүү харж хашгираад, улс орноо даатгаад… заримдаа ер нь юу болоод байгааг ойлгоход бэрх болчихоод байна. Тэд эрүүл байна уу, би эрүүл байна уу гэж өөрийгөө чимхэж үзэх үе байна. Эсвэл энд тэнд баахан суварга босгоод, өндөр намаар нь уралдуулаад, тэр ринбүүчи, энэ хамба… гэж хөөрцөглөх. Эцэстээ миний бие мунхаг болохоороо “Эрлэг Номун хаан” гэж буруу сонсоод нэгэн том эрдэмтэнд алгадуулах шахлаа. Тэгсэн зүгээр Номун хан гэдэг цолыг Чойжамц гуайд олгосон юм билээ. Заавал нэг урдаа нэртэй Номун хаан байдаг шиг санагдаад “Эрлэг Номун хаан цол юм уу” гэж асуугаад Монголын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн гэх тэр том эрдэмтэнд айхавтар аашлууллаа шүү дээ. Шинжлэх ухааныг басамжлах үзэгдэл газар авсны тодорхой нэг жишээ нь тэрхүү намайг аашилсан Шинжлэх ухааны докторын хандлага юм болов уу даа гэж сэтгэнэ.

Дээр нь энэ бөхөө шүтэж дуусдаггүй яацарсан ард түмэн бэ. Архангайн аймгийн Засаг даргыг огцруулаад улсын харцага цолтой, алдарт бөх М.Батжаргалыг томиллоо гэнэ үү. Монголын үүц уурхай, хөгжлийн түүчээ болсон Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Сэддоржийг томиллоо гэнэ үү. Анхдагчдын өлгий Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Ариун-Эрдэнийг сонголоо гэнэ үү, Нийслэлийн Засаг даргаар улсын аварга сонгосон гэнэ үү… Монголчуудын энэ бүх хандлага биднийг Талибан руу явуулж байна аа. Барууны ардчилал, шинжлэх ухааны ололтууд, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, хувийн өмчийн харилцаа… бүгд шавар шавхай руу явж байна. Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Афганистан яг л ийм замаар жирийлгэсэн. Бүтэн 20 жил тэднийг засах гэж АНУ үзээд эцэстээ тэднийг орхилоо. Америкчуудыг орхиод гарснаас ердөө 10 хоногийн дараа Афганистаны нийслэлийн төвд толгойгоо битүүлж, нүүрээ нууж явсангүй гэх шалтгаанаар 22-хон настай бүсгүйг гэгээн цагаан өдрөөр, талибанчууд толгой руу нь буудан хороолоо. Манай бүсгүйчүүд тэнд очих юм бол бүгдээрээ буудуулах юм байна. Одоо тэнд эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал байхгүй болсон. Үргэлжлүүлээд тэнд хүний эрхийн ямар олон чухал асуудлууд шашных нь хуулиар зохицуулагдаж, ард түмэн нь нохой мэт амьдрахыг цаг хугацаа харуулах биз. Үүнээс үхтэлээ айсан ард иргэд нь зугтаж, дайжиж байна. Гэвч санаан зоргоор хүссэн хүн бүрийг цагаачлан зугтаалгах зай Америк, Английн цэргийн онгоцуудад олдохгүй байна. Их Британийн Засгийн газар нийт 20 мянган афган дүрвэгч хүлээн авна гэж амласан ч энэ онд ердөө 5000 хүн л авах боломжтойгоо зарлалаа. Гэвч тэр тоонд орохын тулд боломжгүй гэмээр бичиг баримтууд бүрдүүлэх шаардлагатай учир иргэдийн найдлага үнэхээр тасарлаа. Эцэстээ аргаа барсан афганчууд нялх үрээ ч болов аврахын тулд хашаа давуулан орхиж, цэргүүдийг авч яваад сайн хүн болгоосой хэмээн залбирч, амьдын хагацал, хэцүү сонголттой нүүр тулсныг дэлхий нийт харж, тэдний өмнөөс уйлж байна. Элэг эмтрэм энэ үйл явцыг Английн сэтгүүлч Рустам Вахаб цахим хуудсаараа дэлхийд эхэлж хүргэв. Юу болж байгааг ч ойлгохгүй бүлтгэнэсэн алаг үрсээ афган аав, ээжүүд хашаа давуулан шидэж, цэргүүдэд өгөөд явуулж байгааг шүү дээ. Нисэх буудал дээр ажиллаж буй нэгэн ахлах офицер “Байдал үнэхээр аймшигтай байна. Аргаа барсан ээжүүд нялх хүүхдээ хашаа давуулан шидэж, хүүхдийг нь сайн хүн болгохыг биднээс хашгиран гуйж байна. Зарим хүүхдүүд хашаа давж чадалгүй өргөст торонд зоогдож байна” гэж ярьжээ. Энэ одоо тамын нийгэм биш үү, энэ одоо өөрсдийнхөө мууд, мунхагт бий болгосон хувь заяа биш үү.

Тэднийг тавлах ёс суртахуун байх ёсгүй, тэдэнд дэлхийн улс орнууд туслах ёстой. Мухар сүсэг, хэт туйлширсан үндсэрхэг үзэл, сэтгэл зүй нь тогтворгүй ард түмэн өөрсдийгөө яаж хүнд байдалд оруулдгийг, удирдагчдаа, улстөрчдөө ухаалаг сонгохгүй бол улсаараа хэрхэн шороо үмхдэгийг Афганаас бид харлаа, тэднээс сургамж авах ёстой. Монголчууд бидний хандлага, хийж буй үйлдэл бүхэн тэдний нийгэмтэй төстэй, зарим талаар тэдэнтэй яг адилхан явж байна шүү…

Б.НЯМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 5328 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 44 цэгт 58 багийн 3853 эмч, ажилтан ажиллаж, 5328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батчимэг: Хий махбодыг тэнцвэржүүлэх эм, эмчилгээ нь урт наслуулах, хөгшрөлтийг удаашруулах арга юм л даа

Оточ Манрамба их сургуулийн багш, хүний их эмч Б.Батчимэгтэй хөгшрөлтийг удаашруулах аргын талаар ярилцлаа.


-Таныг саяхан сонирхолтой сэдвээр лекц уншсан байхыг харлаа. Хөгшрөлтийг удаашруулахын тулд яавал зохистой вэ?

-Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг. Хүн бүр төрөх, өвдөх, өтлөх, үхэх гэсэн дөрвөн үе шатыг туулдаг шүү дээ. Нас ахих тусам хүн хөгширч байгаатайгаа дасан зохицож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Уламжлалт анагаах ухаанд хөгшрөлтийг удаашруулах хэд хэдэн аргууд байна. Нэгдүгээрт эмчилгээний аргаар урьдчилан сэргийлж болно. Эм тан хэрэглэж, засал эмчилгээ хийж болж байна. Мөн сэтгэл зүйгээр нь анагаан тэтгэж болдог. Уламжлалт анагаах ухаанд бодисын солилцоог долоон тамир гэдгээр тайлбарладаг. 26 наснаас хойш долоон тамир нь аажмаар хоргодож эхэлнэ. Дусал нь багасна. Сарын тэмдэг нь саарч, үрийн шингэн нь багасна. Чөмөг нь багасч, яс нь жижигэрч эхэлдэг. Бодисын солилцооны доройтлыг л хөгшрөлт гэж байгаа юм. Эмчилгээний арга гэхээр тухайлбал эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай болдог. Уламжлалт анагаах ухаанд хэд хэдэн эмийн сонголт бий. Эмэгтэйчүүдийн болон дотоод шүүрэл рүүгээ чиглэсэн эм тангуудыг хэрэглэснээр хөгшрөлтийг удаашруулж, сарын тэмдгийг тогтмолжуулах юм. Хөгшрөлтийн үйл явц эмэгтэй хүнд цэвэршилтээр илэрхийлэгддэг. Цэвэршихээс өмнө урьдчилан сэргийлж болдог. Урьдчилан сэргийлэлтийг 35 наснаас хойш хийхэд тохиромжтой. Ингэснээр цэвэршилтийг удаашруулж барих боломжтой. Эмийн тал дээр ийм.

Заслын тухайд гэвэл шар тостой бариа сайн нөлөөтэй. Биедээ тос түрхэж, иллэг хийх нь хөгшрөлтийг удаашруулж, хий өвчнөөс урьдчилан сэргийлж, алжаал ядаргаа тайлдаг. 14 хоногт нэг удаа шар тосон иллэг, барианд орж байх нь тустай. Тос бүгдийн дээд нь шар тос гэдэг. Шар тос ой тогтоолтыг сайжруулдаг ба зөнөгрөхөөс сэргийлнэ. Мөн хий дарж, тамир тэтгэдэг. Биедээ түрхэх, толгойн оройдоо түрхэх, гарын алга, хөлийн уланд, өвдгөнд түрхэж, халтал нь үрэх учиртай. Хааяа чихэндээ бүлээн шар тос дусааж болно.

Гэрийн нөхцөлд ясны шөлөнд орох боломжтой. Зулайн хэсэгтээ шар тос түрхэх нь зөнөгрөлтөөс урьдчилсан сэргийлдэг, оюун ухааныг сайжруулдаг эрдэм чадалтай. Ялангуяа гурван жил өнжсөн шар тос эм байдаг. Өглөөдөө өл тайлахын тулд арвайн гурилтай шар тос идэж болно. Хийцтэй цайнд хийж уух нь сайн. Гэхдээ тосны хэрэглээ хэмжээ хязгаартай. Насанд хүрсэн хүний өдөрт идэх шар тосны хэмжээ 30 грамм байдаг. Аливаа зүйл илүүдэх эсвэл дутуудвал буруудна. Үхэр, хонины ясыг сийрэг болтол нь буцалгаж, шимийг нь гаргасан шөлтэй ваннанд ордог. Энэ нь мөн л булчин шөрмөсийг тавиулах, алжаал ядаргааг тайлах үйлчилгээтэй.

Бас алтан эдлэл ашиглаж болно. Алтан эдлэл биедээ зүүж байвал нас уртасгах, залуужуулах, хорыг гадагшлуулах нөлөөтэй.

-Сонин юм байна. Шуналтай хүмүүс алтан эдлэл хэрэглэдэг гэж ад үзэх шахуу юм болдог. Гэтэл алт бас биед сайн нөлөөтэй байх нь ээ?

-Бас учиртай юм байна л даа. Алтан эдлэл зүүж хэрэглэхэд металл нь хүний биед хүрэлцсэнээрээ хэрэгцээтэй эрдэс бодис өгдөг юм байна. Хөгшдийг чийрэгжүүлэх хорыг биеэс гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Үүн дээр мөн төөнүүр эмчилгээ бий. Төөнүүр эмчилгээг хий, мэдрэлийн ядаргаа, чих шуугих, толгой өвдөх, мартамхай болох, зүрхний хэм алдагдах, солиорох, ухаан алдах, үе мөчөөр өвдөх, бөөр, ходоодны өвчин, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, дотоод шүүрлийн тогтолцооны хямрал, уушги, дэлүү, элэг, цөс гэх мэт өвчний үед өргөн хэрэглэдэг. Төөнүүр эмчилгээ дотроо хоёр, гурван төрөл байдаг. Монгол төөнүүр буюу шар эсгийгээр хүний хий, ядаргааны цэгүүдэд тавьдаг төөнүүр байдаг. Утаагүй, утаатай төөнүүр тавьж болно.

-Солонгос кинон дээр төөнүүр гээд мушгирсан гурвалжин хэлбэртэй ороосон хүж шиг юм тавиад байдаг. Монгол төөнүүр өөр байдаг уу?

-Монгол төөнүүр гэж алдаршсан, судар бичигт орсон эсгий төөнүүр бий. Сардаа нэг удаа 3-5 хоногоор хийн цэгүүдэд төөнүүр хийлгүүлж хэвшээрэй. Хий махбод хямарвал хүн хурдан хөгширдөг. Хий махбодийг тэнцвэртэй барихад сая дурдсан рашаан шөлөнд орох, төөнүүр тавиулах, иллэг бариа хийлгэх чухал.

-Нялх хүүхдийг сүүлний тосоор тосолж, иллэг хийж, ясны шөлөнд оруулдаг шүү дээ. Нас ахихаар бас ийм засал хэрэглэдэг юм уу?

-Яг тийм. Уламжлалт анагаах ухаанд хөгшид болон нялхас гэж ярьдаг шүү. Энэ хоёрт сая ярьсан эмчилгээ, засал маш үр дүнтэй байдаг. Хий махбодыг тэнцвэржүүлэх эм эмчилгээ нь урт наслуулах, хөгшрөлтийг удаашруулах арга болчихоод байгаа юм л даа. Хий гэж юу вэ? Хүний биеийн доод хэсэг буюу сүүж, бэлхүүсний орчим, хүйснээс доошхи хэсгийг хийн орон гэдэг. Зүрх судас, яс, чих, мэдрэлийн тогтолцоо, арьс хүрэлцэхүй, олгой, амин судал, гэх мэт эрхтнүүдийг хий гэдэг ойлголтод хамруулж үзэж болно. Хийн өвчнүүд гэхээр ядаргаа, зүрх судасны эмгэгүүд байх жишээтэй. Төөнүүр эмчилгээ хийнэ, шар тос хэрэглэхээс гадна шөл уух нь сайн нөлөөтэй. Хонины махтай шөл, таван цулын шөл, сармистай хар шөл, битүү шөл, банштай шөл нь хийг дарж өгдөг. Ингэснээр ядаргаа тайлж, хийг тэнцвэржүүлж, хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэй. Дор хаяж долоо хоногтоо нэгээс хоёр удаа шөл уух хэрэгтэй.

Уламжлалт эмнэлгүүдэд хонины битүү чанасан толгойн эмчилгээ гэж бий. Хязаалан хонины толгойг гүзээнд нь битүү чанаж, нүд, чих ам хамрын нүх сүв болгон руу хий ядаргаа тайлдаг эмт бодис чихэж өгдөг юм. Битүү чанасан толгойн халуун уураар утдаг. Шөлийг нь ууж, махнаас нь идэхэд тухайн хүний хөлс гарч, хий нь дарагдана. Мэдрэлийн ядаргааг тайлдаг ийм эмчилгээ байдаг. Эдгээр эмчилгээг урьдчилан сэргийлэх зорилгоор хийж болно. Эрүүл хүнд ч хийдэг эмчилгээ байдаг. Хий, шар, бадганыг тэнцвэртэй байлгахын тулд улиралдаа тохируулсан тогтмол эмчилгээ хийлгэх учиртай. Уламжлалт анагаах ухаанд зөөлөн шимт, туулга, бөөлжүүлэг гэсэн гурван том эмчилгээ бий.

Зун цагт хий махбод хөдөлдөг учраас хямрахаас урьдчилан сэргийлж, зөөлөн шимт гэдэг эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Үүнийг 26 наснаас хойш хийлгэж хэвшвэл ирээдүйдээ хий, шар, бадганы өвчнүүдээр өвдөхгүй. Намар цагт туулга эмчилгээ зохистой. Энэ хүний биеийг цэвэрлэдэг чухал эмчилгээ. Эрүүл хүн ч гэсэн намартаа нэг удаа туулга эмчилгээ хийлгэвэл цөс өтгөрөхгүй, цөсний чулуу үүсэх, ходоод, нарийн гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хавар цагт бөөлжүүлэг эмчилгээ хийдэг. Энэ гурван эмчилгээг хийж хэвшвэл хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

-Хөгшрөхгүйн тулд сэтгэл санаа тайван амгалан байх ёстой болов уу?

-Америкийн эрдэмтэн, физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан, биологич Элизабет Блэкберн хөгшрөлтийн талаарх шинжлэх ухааны онол дээрээ үндэслэн хөгшрөлтийг удаашруулах аргыг олсон. Тэрбээр юуны өмнө, стрессээ даван туулахыг зөвлөжээ. Ингэхдээ аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчтэй хүүхдүүд болон ужиг өвчтэй хүүхдээ асран халамжилдаг эхчүүдийн зан араншинг судалсан байна. Стрессийг даван туулах чадвар сайтай эхчүүдийн хувьд хромосомын төгсгөлийн хэсгүүд (теломер) нь илүү удаан хугацаанд богиносдог болохыг судалгааны дүн харуулжээ. Теломер гэдэг нь хромосомын яг төгсгөл хэсэгт байрлах ДНХ-гийн нарийхан хэсгийг хэлдэг байна. Теломер богиноссоноор хөгшрөлт явагддаг аж.

Э.Блэкберний хувьд хромосомыг теломер хэмээх механизмаар хамгаалдгийг илрүүлж, теломераза гэдэг нэртэй фермент байдгийг нээсэн учир 2009 онд Нобелийн шагнал хүртэж байв. Дараагийн нэг зөвлөгөө бол хоёр сарын дотор өдөрт 12 минут бясалгал хийдэг хүмүүсийн теломерийн өөрчлөлт нь удааширч байжээ. Түүнчлэн хүмүүстэй харилцаж, найз нөхөдтэй болох нь чухал юм. Мөн мөнгө олох нь хөгшрөлтийн процессыг удаашруулдаг байна. Судалгааны дүнд өндөр орлоготой хүмүүсийн теломер нь мөнгө бага олдог хүмүүсийнхтэй харьцуулахад илүү урт байжээ. Тэгвэл стрессээ яаж таних вэ. Анхаарал төвлөрөхгүй байх, байнга ядарсан мэт санагдах, айдас түгшүүртэй мэдрэмж төрөх, ойр ойрхон бие засах, гүйлгэх шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн жижиг зүйлд хэт сүртэй хариу үйлдэл үзүүлдэг. Байнга уурлах, “тэсрэх”, толгой өвдөх, хоолны дуршил багасах, бэлгийн дур хүсэл буурах, цочромтгой болох, хөлрөх, ходоод мушгирах, амьсгал түргэсэх, идэвхигүй болох шинж тэмдэг илэрч байвал та стресст орсон гэсэн үг. Стресс үүссэн үед арга хэмжээ авахгүй бол хүндэрдэг. Хүндэрвэл өвчний шинж тэмдэг илэрдэг. Яадаг гэхээр цээж хорсох, ходоодны шарх, гүйлгэх, өтгөн хатах, цусны даралт ихсэх, зүрхний өвчлөл, багтрах, шээсний замын үрэвсэл, холестролын түвшин ихсэх, дархлалын системийн эмгэгүүд, астма, харшил, арьсны эмгэг үүснэ.

Стрессийг удирдах хэдэн арга байна. Стресс үүсэхэд ойлгож хүлээж авах хэрэгтэй. Би уурлаж болохгүй шүү гэж хаалт хийх хэрэггүй. Би ууртай байна, хэцүү байна гэдэгтэйгээ эвлэрэх учиртай. Стрессийг бууруулах стратегиуд бий. Та юу хийвэл тайвширдаг вэ. Түүнийгээ хайж ол. Магадгүй амьсгалын дасгал хийж болно. Гэрээ цэвэрлэх, би стресстэй үедээ энэ хүнтэй юм ярьж болохгүй дараа нь ярилцъя гэх мэтээр асуудлыг шийдэх гаргалгаагаа дотроо хийх нь эрүүл сонголт хийж байна гэсэн үг. Бясалгал хийх нь залуужуулах, хөгшрөлтийг удаашруулах чухал хэвшил гэдгийг эрдэмтэн, судлаачид судлаад гаргажээ.

-Бясалгал гэдгийг юу гэж ойлгох вэ. Бясалгал хийхийн тулд багшид хандах ёстой юу. Зарим хүн 108 мөргөл бясалгалын нэг хэлбэр гэж ярьдаг шүү дээ?

-Интернэтэд таван минутын төвлөрөх бясалгал байдаг. Урт хугацаанд бясалгал хийе, сонирхож судалъя гэвэл багшаар хөтлүүлэх нь зөв. 5-10 минутын төвлөрөх бясалгалд өөрөө суралцах боломжтой. Бясалгал гэдэг өөрийнхөө дотоод ертөнцөөр аялах юм. Ганцаараа байхдаа би хэн бэ, би юунд дуртай вэ гээд өөрийгөө хайж, өөртэйгээ ярилцах нь нэг талаараа бясалгал болж болно. Ганцаараа алхаж явахдаа гоё юм бодож болно шүү дээ.

-Японы Окинава арлын урт насалдаг хүмүүс ходоодныхоо 80 хувийг л дүүргэдэг. Тохируулж идэх нь урт наслахад нөлөөлдөг гэсэн. Монголын уламжлалтын эмч, маарамбууд ч хэт битгий өлс, цадталаа битгий ид гэж сургасан байдаг даа?

-Дээр дурдсан Нобелийн шагналт Э.Блэкберн бас яг энэ арлын хүмүүсийг судалсан. Хамгийн чухал нь хэт цадахгүй байх, бага зэрэг өлөн явах нь урт наслах гол үндэс юм байна шүү гэж дүгнэсэн. Ер нь хүний ходоод хоёр гарын алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Ходоодоо дөрөв хуваагаад, дөрөвний хоёр хувьд нь хоол, дөрөвний нэг хувьд нь шингэн, үлдсэн хэсэг нь хоосон байх учиртай гэдэг. Ходоодоо дүүртэл идэх нь нөгөө л элэг өөхлөлт, таргалалт, бодисын солилцооны өөрчлөлтөд хүргэдэг. Үүний үр дүнд зүрх судасны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Бүх өвчний үндэс ходоодноос эхтэй гэдэг. Өмнөх хоол нь шингээгүй байхад нэмж идэх хэрэггүй. Ийм нөхцөлд ходоод байнга ажилладаг. Эс шингэх өвчний үндэс тавьдаг. Энэ нь эцсийн дүндээ хавдарт хүргэдэг.

-Дасгал хөдөлгөөн бас хийх хэрэгтэй болов уу?

-Эрүүл урт наслахад идэвхитэй хөдөлгөөн чухал. Уламжлалт анагаах ухаанд явдал мөрийн дээд нь хөлс гаргах төдий алхах гэж тодорхойлсон байдаг. Зарим хүн “Би гэртээ байнга хөдөлдөг, чөлөө завгүй хөдөлдөг” гэдэг. Энэ бол эрүүл мэндийн ач холбогдолтой хөдөлгөөн биш. Өдөрт тогтмол 20 минут хөлс чийхартал эрчимтэй алхах учиртай. Чаддаг бол йог, хийн дасгалууд хийж болно. Хамгийн хялбар, тоног төхөөрөмж шаардахгүй мөртлөө бүх булчин шөрмөс хөдөлгөдөг дасгал хөдөлгөөн бол 108 мөргөл. Мөргөж байх үед хий, цусны гүйдэл зөв эргэдэг. Ийм үед хөлс чийхарч ирдэг. Судасны хатууралтай байлаа гэхэд судасны уян чанар дээшилж, энгийн үгээр яривал тэнд царцсан өөх тосыг халуун галын илчээр зөөлрүүлж, уян хатан болгож байгаа гэсэн үг. Эрүүл, зөв хэмжээтэй хооллож, тогтмол идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, сэтгэл санаа амар амгалан бол өвдөхгүй байх боломжтой.

-Та бүхний судалгааны ажил анхаарал татсан. Цусанд өөх тос ихсэх өвчнийг хэлээр оношилох боломжтой гэсэн үү?

-Бид гурван жилийн хугацаатай, Тайвань, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сантай хамтарч төсөл хэрэгжүүлсэн. Манай Д.Нацагдорж багш, доктор Н.Сайнбуян, доктор Г.Чойжамц, анагаах ухааны магистр Б.Ариунзаяа бид хамтарч ажилласан юм. Монгол хүмүүсийн цусан дахь холестролын түвшин их байдаг учраас бид монгол эм тангаар эмчлэх боломжийг хайсан юм. Судсан дахь өөх тосыг хайлуулах эм танг судалгаанд үндэслэж гаргаж ирсэн. Муу өөх тос ихсэхээрээ зүрх судсыг өвчлүүлдэг учраас хэмжээнд нь барих аргуудыг судалсан. Цусны шинжилгээгээр эм уухаас өмнө ямар байсан, дараа нь хэр буурсныг шинжилсэн. Хоёрдугаарт нь хэл оношилгооны аппаратны тусламжтайгаар хэлэнд гарч байгаа өөрчлөлт дээр анализ хийсэн. Цусанд нь өөх тос ихэссэн хүмүүсийн хэл өнгөр ихтэй, зузаан шар өнгөртэй, хэл нь хөөсөн, памбагар хэлбэртэй, чийглэг алдагдсан, хэл нь хагарсан байсан. Тэгээд тангаа өгөөд, амьдралын дэглэмийг нь өөрчлөөд,гурван сарын хугацаанд эмчилгээ хийсний дараа цусны шинжилгээ хийхэд хэвийн хэмжээнд очиж байсан. Хэлний өнгөр багасч, өнгө нь ягаан болж эхэлсэн. Хагарал нь багассан байлаа. Энэ бол нэг удаагийн судалгаа. Цаашдаа үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж үзсэн.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх луу өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 24, Ангараг гариг. Билгийн тооллын 17, Шувуун хошуут одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 05:59 цагт мандан, 19:50 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Нөхөн сонгуулийн эргэн тойронд​” хэмээн өгүүллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Аж ахуйн
нэгжүүдийн үйл
ажиллагаа явуулах
тусгай зөвшөөрлийг
урт хугацаатай болгох
санал орж байгаа” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Богдхан төмөр замыг гурван жилийн дотор
барьж ашиглалтад оруулна гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Нөхөн сонгуулийн эргэн тойронд” хэмээн өгүүллээ

Монголын Их, дээд
сургуулиудын консорциум
(МИДСК)-ын 2021-2022
оны хичээлийн жилийн
элсэлтийн төв комиссын
нарийн бичгийн дарга Д.Батдорж “Сонгосон
сургуулийнхаа бүртгэлийн
системд бүртгүүлнэ, хуваарь
сонголт цахимаар явагдана” гэв.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аараа “Чингис
хаан” олон улсын нисэх
буудлаас бэлтгэлээ
. “Чингис хаан” олон улсын нисэх буудал жилдээ
3 сая гаруй зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Энэ тухай VI нүүрээс уншаарай.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Рио Тинто компани Оюу
толгой ХХК-ийн менежмэнтийг хэрхэн
хэрэгжүүлж ажиллав гэдэгт дүгнэлт
хийх цаг болсон” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Эвдрэл гэмтэлгүй
хашлагыг солино гэдэг
чинь мөнгө угаалт л
явагдаж байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ