Categories
гадаад мэдээ

Их Британийн ханхүү Харри, Меган Маркл нарын эсрэг зарга мэдүүлж магадгүй

Их Британийн ханхүү Харри ба гэргий Меган Маркл нар Букингэмийн ордны амьдралын тухай дурсамж ном гаргаж, “Penguin Ran­dom House” хэвлэлийн газарт хэвлүүлэх гэнэ. “The Sun” сонины мэдээлснээр Их Британийн хатан хаан Элизабета II тэдний эсрэг гомдол мэдүүлэхээр зэхэж буй аж.

Хэрэв хосууд хатан хааны гэр бүлийн хувийн амьдралын нууцыг дэлгэх болон өөрсдийг нь буруутгасан баримт мэдээлэл гаргахаар бол гүтгэн доромжилсон гэж үзэн шүүхэд зарга мэдүүлэх гэнэ.

Мөн тэрээр энэ талаар “Penguin Ran­dom House” хэвлэлийн газарт анхааруулсан аж. “The Sun” сонины онцолсноор хатан хаан Элизабета нь мөн тусгай өмгөөлөгчдийн баг хөлсөлсөн тухай дурджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн өмчит их сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ

2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн их сургуулиудын сургалтын төлбөрт ямар өөрчлөлт гарч буйг санхүүгийн албанаас нь тодрууллаа.


МУИС

Монгол Улсын их сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй бөгөөд оюутнууд өмнөх жилийнхээ үнэлгээгээр төлбөрөө төлөх аж. Төлбөр нь салбар сургуулиасаа хамааран өөр өөр байдаг. Тухайлбал,

  • Суурь хичээлүүдийн нэг кредит нь 98,600 төгрөг
  • Бизнесийн сургуулийн нэг кредит нь 120,800 төгрөг
  • Хууль зүйн сургуулийн нэг кредит 111,000 төгрөг
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийнх нэг кредит нь 115,000 төгрөг байна.
МУБИС

Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалтын төлбөр мөн сүүлийн хоёр жил нэмэгдээгүй бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд нэг нэг кредит нь дунджаар 78,000 төгрөг байгаа аж. Дунжаар нийт 30 кредит судлах ёстой бөгөөд сургалтын төлбөрийн дундаж нь 2,340,000 төгрөг байна. Мөн дотуур байрны төлбөр нь сүүлийн хоёр жил нэмэгдээгүй ба 450,000 төгрөг болохыг тус сургуулийн захиргаанаас мэдээлэв.

АШУҮИС

Анагаахын шинжлэх ухааны их сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн дамжааны сургалтын төлбөрийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулсан байна.

ХААИС

Хөдөө аж ахуйн их сургуулийн төлбөр 2021-2022 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэ дунджаар 89,000 төгрөг. Судлах кредит нь 30-36 бөгөөд дундаж сургалтын төлбөр нь 3.2 сая төгрөг гэдгийг Санхүүгийн албанаас нь мэдээлэв.

ШУТИС

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 2021-2022 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээгээ албан ёсны цахим хуудсандаа оруулсан байна. Хөтөлбөрөөсөө хамааран кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 88,800 төгрөг аж.

СУИС

Соёл урлагийн их сургуулийн сургалтын төлбөр салбар сургуулиасаа хамаараад өөр өөр байгаа аж. 2021-2022 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ нь 56,800-93,125 төгрөгийн хооронд байгааг Санхүүгийн албанаас нь мэдээллээ.

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛЬ

2021-2022 оны хичээлийн жил тус сургуулийн бакалавр өдрийн ангийн нэг кредитийн үнэ 95,600, бакалавр орой ангийн нэг кредитийн үнэ 82,500, магистрын ангийн нэг кредитийн үнэ 105,600 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

“Амиа алдсан хосын гурван хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн” гэв

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тэрээр, “Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл өчигдөр 17:30 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт ажиллахад зочид буудалд 30-32 насны М, Б нар хоолойгоо боомилсон байдалтай нас барсан байсан. Амь насаа алдсан хоёр хүн гэр бүлийн харилцаатай, тухайн буудалд хэд хоног буудаллахдаа архидан согтуураагүй.

Камерын бичлэгийг шалгахад өдөр гараад л орой ирдэг байсан. Тэднийг юунаас болж амь насаа алдав гэдгийг задлан шинжилгээний дүгнэлтээр тогтооно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг гэрээслэл бичиж, өр зээлэнд орсон талаар мэдээлж байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно.

Прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Амиа алдсан хосын хүүхдүүдийг нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

Нарны хорооллоос унаж нас барсан иргэний хувьд урьдчилсан байдлаар “Өндрөөс унаж амь насаа алдсан” гэж дүгнэсэн. Нарийн шинжилгээгээр ямар дүгнэлт гарахыг хэлж мэдэхгүй. Тухайн иргэнийг сэтгэл гутралтай байсан гэдэг зүйл ярьж байгаа ч энэ бол амь насаа алдах эцсийн шалтгаан нөхцөл биш юм. Мөн л урьдчилсан дүгнэлт өгч болохгүй. Гэрчийн мэдүүлэг авч байгаа. Мөн Баян-Өлгий аймагт өчигдөр /2021.08.23/ 30 настай эрэгтэйг 26 настай эрэгтэй архидан согтуурсан үедээ бие нь халдаж, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарсан. Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй 26 настай Г гэгч болон хамт байсан гэрчүүдийг олж тогтоон мөрдөн шалгаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эхлэхтэй холбогдуулан ирэх амралтын өдрүүдээр тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.

Тодруулбал, Наймдугаар сарын 28-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гаригт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.

Мөн наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 08:00-20:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах аж.

Categories
гадаад мэдээ

“АНУ нь Умард Солонгостой харилцаагаа сэргээхэд бэлэн” гэв

Умард Солонгосын асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким даваа гаригт мэдэгдэл хийхдээ “Бид Умард Солонгосын талтай аль ч цагт, аль ч газарт хэлэлцээ хийхэд бэлэн” гэв.

Тэрбээр Сөүл хотноо болсон зөвлөлдөөний үеэр энэ тухай онцолсон байна. Сон Ким нь БНСУ-ын Солонгосын хойг дахь энх тайван ба аюулгүй байдлын асуудлаарх тусгай төлөөлөгч Но Гю Доктой уулзжээ. Тэрбээр “АНУ нь Умард Солонгостой дайсагналцах бодол байхгүй. Одоо явагдаж байгаа БНСУ ба АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь эртний түүхтэй. Сургуулилт нь батлан хамгаалах зорилготой” гэж тодруулжээ.

Талууд цэргийн хамтарсан сургуулилтаа наймдугаар сарын 16-нд эхлүүлсэн агаад ес хоног үргэлжлэх юм байна. Тархварын нөхцөл байдалтай уялдуулан оролцогчдын тоог хязгаарласан талаар мэдээлжээ. Урьд нь Умард Солонгосын тал АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг эрс шүүмжилсэн аж. Дашрамд хэлэхэд, АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким ирэх бямба гаригт Сөүл хотноо хүрэлцэн очсон ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргуловтой уулзах юм байна. Энэ үеэр талууд Умард Солонгостой харилцаагаа сэргээх болон тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөх аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

“Танкийн биатлон” тэмцээнд манай улсын баг тамирчид гараандаа тэргүүлжээ

Оросын Холбооны Улсад уламжлал ёсоор зохион байгуулагдаж буй “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд явагдаж буй “Танкийн биатлон” тэмцээний нээлтэд зориулсан ёслолын ажиллагааг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулжээ.
Уг нээлтийн ёслолд Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг нар оролцлоо. Энэ үеэр албаныхан өөрийн орны Зэвсэгт хүчнийг төлөөлөн оролцож буй баг тамирчидтайгаа уулзаж, амжилт хүссэн тухай мэдээг дэд хурандаа Х.Санчирдорж ирүүлсэн юм.

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Нээлтийн ёслол болсон эл өдөр тэмцээнд оролцож байгаа баг тамирчдаас нэгдүгээр экипаж болох Монгол, Венесуэл, Сири, Вьетнам зэрэг улсын танкчид өрсөлдсөнөөс манай улсын баг тамирчид гараандаа тэргүүн байрт шалгараад байна.
Энэ гараанд танкийн даргаар дэслэгч М.Зундуйжамц /336/, буудагчаар ахлагч З.Анхбадрах /311/, механик-жолоочоор ахлах ахлагч Д.Дэмидсүрэн /327 / нар уралдан их буу, пулемётын байнуудыг бүрэн устгасан ба 23 минут 57 секундын амжилтыг үзүүлжээ.

15 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хурандаа Б.ОТГОНБАЯР
Categories
гадаад мэдээ

В.Зеленский, А.Меркель нар хамтарсан мэдэгдэл хийв

Украин улсад айлчилсан ХБНГУ-ын канцлер А.Меркель болон Украины төрийн тэргүүн В.Зеленский нар ням гаригт хамтарсан мэдэгдэл хийв. В.Зеленский “Хойд урсгал 2” төслийг “ОХУ-ын геополитикийн зэвсэг” гэж харж буйгаа илэрхийлэн Украин төдийгүй Европт аюултай байж болохыг сэрэмжлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд Балтын тэнгисийн доогуур урсах Оросын байгалийн хийн экспорт хоёр дахин нэмэгдэх юм. Тиймээс Москва бүс нутгийн эрчим хүчний салбарт өөрийн хяналтыг чангатгаж, нөлөөгөө бэхжүүлэхэд ойрхон байгааг Украины төрийн тэргүүн онцолжээ. Харин Германы канцлер А.Меркель “Хэрэв байгалийн хийг “зэвсэг” болгон ашиглавал Герман, АНУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу Москвад хориг арга хэмжээ авна” гэсэн байна.

Үүний зэрэгцээ В.Зеленский Украины хоолойгоор Оросын хий дамжуулах гэрээ гурван жилийн дараа дуусгавар болсноор тус улсын эдийн засаг хэрхэн хүнд байдалд орж болохыг сануулж, санаа зовниж буйгаа онцолжээ.

Харин А.Меркель Украины сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэхэд тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм. Тэрбээр байгалийн хий, эрчим хүчний асуудлаар ОХУ-д хэт түшиглэхгүй гэдэг амлалт өгчээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ нь баруун Европын нийт байгалийн хийн хэрэглээний 40 хувийг дангаараа экспортолдог байна. Балтын тэнгисийг дамнасан “Хойд урсгал” төслийн өргөтгөл болох “Хойд урсгал 2” хоолойг ашиглалтад оруулснаар ОХУ-аас баруун Европын орнуудад экспортолдог 55 тэрбум шоо метр байгалийн хийн хэмжээ жилд 110 тэрбум шоо метр болж нэмэгдэх аж.

Дашрамд хэлэхэд, ХБНГУ-ын канцлер А.Меркелийн хувьд ирэх сард ХБНГУ-д болох сонгуулийн дараа 16 жил хашсан үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Украинд хийсэн түүний айлчлал нь канцлерын хувиар хийсэн сүүлчийн айлчлал болж байгаа юм. Тэрбээр уг айлчлалаас хоёр хоногийн өмнө ОХУ-ын нийслэл Москвад очин тус улсын төрийн тэргүүн В.Путинтэй уулзсан билээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний өрөнд орсны улмаас гурван хүүхдээ орхиод амиа хорложээ

Баянзүрх дүүрэгт байрлах буудлын өрөөнд өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны оройн 18:10 цагийн орчимд 30 настай эмэгтэй М, 32 настай Б-гийн хамт хоолойгоо боомилж амиа хорлосон байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор хэргийн тухай мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Бидэнд байгаа мэдээллээр талийгаач хоёр иргэн нь эхнэр нөхөр буюу нэг гэр бүлийн хүмүүс байсан ба гурван хүүхэдтэй байжээ.

Амиа хорлох болсон шалтгаан нь их хэмжээний өр ширтэй байсан тул гэрээслэл үлдээгээд ийнхүү амиа хорлосон гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 80 жолооч согтуугаар жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1373, хулгайтай холбоотой 29, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 103, гэмт хэргийн шинжтэй 93 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 80, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 97, хүний биед халдсан 39, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 89, эрүүлжүүлэх байранд хоносон 193, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 79 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Гадаад худалдааны нийт эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрчээ

Гадаад худалдааны нийт эргэлт 2021 оны наймдугаар сарын 15-ны байдлаар 9.5 тэрбум ам.доллар хүрчээ.

Үүнээс экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларт хүрч, нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 67.0 хувь, экспорт 77.8 хувиар, импорт 54.8 хувиар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.