Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийг сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгов

Орон сууцын ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний долдугаар сард Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 554.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 7470 өрхөд олгожээ. Энэ оны наймдугаар сард 100 тэрбумынхыг олгохоор ажиллаж байна.

Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.

Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Энэ оны 8 дугаар сард Монголбанкнаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор ажиллаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд энджээ

Тээврийн цагдаагийн албанд өчигдөр /2021.08.23/ 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 206 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтсэний нэг нь хүүхэд байжээ. Харин 79 согтуу жолоочийг илрүүлсний 55 нь нийслэлд, орон нутагт 24 бүртгэгдэв.

Энэ оны эхний долдугаар сарын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байна. Ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115, орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртжээ. Ноцтой нь 28 хүүхдийн амь хохирсноос нийслэлд долоо, орон нутагт 21 хүүхдийн амь зам тээврийн ослын улмаас хохирсон байна. Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг харвал эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэж явдгүйгээс гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал их гарч байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Израйльд хүүхдүүдийг эсрэг биетийн шинжилгээнд хамруулж эхэлжээ

Израйльд хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан вакцинд хамрагдаагүй байгаа хүүхдүүдэд коронавирусний эсрэг хамгаалалт үүссэн эсэх мэдээллийг цуглуулахын тулд гурваас дээш насны хүүхдүүдийг эсрэг биетийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтын улмаас өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буйг үл харгалзан Израилын Засгийн газар сургуулиудын сургалтыг зогсоосноос үүдэлтэй хөгжлийн хоцрогдол, хүндрэл бэрхшээлээс зайлсхийхийг эрмэлзэж байна.

Харин 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийн хувьд хэдийнээ вакцинд хамрагдаж эхэлсэн юм.

Үндэсний ийлдэсний судалгаанд вакцинд хамрагдах насанд хараахан хүрээгүй байгаа 3-12 насны 1.5 сая орчим хүүхдийг хамруулахад голчлон анхаарах ажээ.

Боловсролын яамны мэдээлснээр, энэхүү судалгааны зорилго нь бүртгэгдээгүй юм уу далд тохиолдлоор хэчнээн хүүхдэд коронавирусээс хамгаалах хүчтэй эсрэг биет үүссэнийг тогтооход оршиж байна.

Тийнхүү бие махбодод нь хангалттай түвшний эсрэг биет үүссэн хүүхдүүд “COVID-19”-өөр халдварласан өвчтөнтэй ойр байсан тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүй болох тул хичээлийн жилийн үеэр учирч болзошгүй саатлыг арилгах зорилготой байна.

Израйлийн “хамгийн өргөн хүрээг хамарсан ийлдэсний шинжилгээ”-ний талаар танилцуулсан Йерусалим хотын засаг захиргааны мэдэгдэлд тус хотын захирагч Моше Леон хүүхдүүдээ 15 минутын, үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулахыг эцэг эхчүүдэд уриалжээ.

Эргийн Нетаниа хотын нэгэн оршин суугч Зохар ийлдэсний шинжилгээний төвд ярилцлага өгөх үеэрээ, хүүгээ халдвар авсан гэдгийг сонсоод гайхсан гэдгээ хэлсэн байна. “Хүүгийн маань эсрэг биетийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрбээр өвдсөн бололтой байсан боловч бид энэ талаар мэдээгүй” гэж “AFP” агентлагт мэдээлжээ.

“Ингэснээр миний хүү “ногоон паспорттой” болж, сургуульдаа аюулгүй явах боломжтой болж байна” гэж Зохар ярьжээ. Харин түүний охин дүүгийнх нь ням гарагт өгсөн шинжилгээний хариу эсрэг биетгүй гэж гарсан байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпод оролцох Монголын тамирчдын тэмцээний хуваарь

Зуны XVI дахь удаагийн Паралимпийн наадмын нээлт өнөөдөр болж тэмцээнүүд албан ёсоор маргааш эхэлнэ.

Тус наадамд манай улсын 11 тамирчин оролцох бөгөөд хэзээ, хэрхэн өрсөлдөх хуваарийг хүргэж байна.

НАЙМДУГААР САРЫН 27

09:30 цаг. Жүдо бөхийн тэмцээнүүд энэ өдөр эхэлж эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Мөнхбат зодоглоно.

Тэрээр 2012 оны Лондонгийн паралимпад -60 кг жинд есдүгээр байр эзэлж байсан.

09:30 цаг. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд С.Ядамдорж зодоглоно.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд долоодугаар, 2018 оны дэлхийн аваргад долоодугаар байр эзэлж байв.

08:00 цаг. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Д.Сэлэнгээ өрсөлдөнө.

Тэрээр есдүгээр сарын 2-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.

13:00 цаг. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Н.Мөнхбаатар өрсөлдөнө.

2018 оны Азийн пара наадмын тавдугаар байрны шагналт тэрээр есдүгээр сарын 3-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.

НАЙМДУГААР САРЫН 29

09:30 цаг. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд Н.Алтанцэцэг зодоглоно.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан.

НАЙМДУГААР САРЫН 30

10:00 цаг. Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн -107 кг жинд Э.Содномпилжээ хүч үзнэ.

Тэрээр 2016 оны Риогийн паралимпаас хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас алт, 2019 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн юм.

НАЙМДУГААР САРЫН 31

11:00 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд тав, 2018 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж байв.

ЕСДҮГЭЭР САРЫН 1

08:35 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Азийн пара наадам, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

10:00 цаг. Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн T53 уралдаанд П.Энхманлай өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд энэ төрлөөр наймдугаар байр, 200 метрийн төрөлд долоодугаар байр, 400 метрийн төрөлд есдүгээр байр эзэлж байсан.

ЕСДҮГЭЭР САРЫН 2

07:45 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

09:00 цаг. Таеквондогийн эрэгтэйчүүдийн -61 кг жинд Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө.

Тэрээр 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.

09:15 цаг. Таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд Х.Энхтуяа өрсөлдөнө.

Тэрээр 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.

ЕСДҮГЭЭР САРЫН 4

08:30 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

08:41 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.

10:00 цаг. Байт харвааны холимог багийн тэмцээн эхэлж Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар цэц сорино.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт импортоос давж, 903.4 сая ам.доллараар өслөө

2021 оны эхний 7 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 8,579.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,849.1 сая ам.доллар буюу 27.5 хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 903.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт экспорт оны эхний 7 сарын байдлаар 4,741.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 953.0 сая ам.доллар буюу 25.2 хувиар өссөн.

Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 4,274.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 693.9 сая ам.доллар буюу 19.4 хувиар өсчээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 90.1 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт болно

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэл маргааш ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм. Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлагахудалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

“Монгол” пянзны нээлтийн үйл ажиллагаа 07:00-09:00 цагийн хооронд үргэлжлэх бол 11:00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” арга хэмжээ зохион байгуулна.

1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Энэ жилийн хувьд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хадгалалтын хугацаа дууссан 100 шил Хятад архийг устгажээ

МХЕГ-аас цаг үеийн мэдээлэл өглөө. Үүнд:

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд 366 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 183, ахуйн үйлчилгээний 36, ресторан, кафе, кофе шоп, цайны газар, түргэн хоолны 111, зочид буудал 10, амралт жуулчны газар 7, бүх төрлийн баар 18, сургалтын төв 1 хамруулан хяналт шалгалт хийж 16 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -8
  • Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 5
  • Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 3

Вакцинжуулалт:

Орон нутгийн хэмжээнд: Коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийгдэж буй 10 аймгийн 12 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд цэгүүдэд дархлаажуулалтын явцад урвал хүндрэл илрээгүй байна.

Нийслэлийн хэмжээнд: Вакцинжуулалтын суурин 10 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавьсан. Хяналт шалгалтаар вакцинжуулалтын цэгүүдэд хүний нөөц дутагдалтай, яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай, эм тарианы хадгалалтын нөхцлийг хянаж бүртгээгүй, хүн хоорондын зай бариулаагүй, цэвэрлэгээ хангалтгүй дутагдал илэрчээ. Иймд зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй.

Хилийн хяналт шалгалт:

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 26 тир автомашин 446.3 тн бодис бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1569.9 тн мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хилийн хяналтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн.

БНХАУ-аас 2019 онд импортлогдож, тусгай зөвшөөрөлгүйн улмаас гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байсан 100 шил хятад архины хадгалалтын хугацаа дууссан тул гаалийн горимоор устгалд оруулсан байна.

Лабораторийн шинжилгээ:

2021.08.22-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 239 дээж хүлээн авч, 159 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 8, Орчны усны шинжилгээний 9, Арчдасны шинжилгээний 5, Албан хүсэлтээр өгсөн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, Орчны шинжилгээний 3, нийт 27 дээж шаардлага хангаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдийн боомтоор 574 кг адууны өлөн гэдэс гаргахыг завджээ

Замын- Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас энэ сарын 23-ны өдөр хууль бусаар гаргах гэж байсан их хэмжээний адууны өлөн гэдэс болон зэсийг илрүүлжээ.

Тус хяналтын алба Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллагатай хамтран 56-99 УБТ, 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад 574 кг адууны өлөн гэдэс болон 1.2 тонн зэсийг дугуйндаа нуун, хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнууд нийтийн тээврээр зорчих карт шинээр авах, сунгах заавар

Нийслэлийн Боловсролын газраас 2021-2022 оны хичээлийн жилд оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт шинээр олгох болон эрх сунгах удирдамжийг танилцууллаа.


Удирдамжид дурдсанаар их, дээд сургуулиудын захиргаа, суралтын алба нь БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт захиалах оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулан дараах бичиг баримтыг бүрдүүлэн НБГ-т ирүүлнэ. Оюутнууд цахим картаа шинээр авахдаа 3600 төгрөгийг удирдамжид заасан дансанд тушаах юм байна.

Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-ний хооронд сургуулиуд оюутнуудаас захиалга авч, есдүгээр сарын 4-нөөс 14-нд дээрх мэдээллийг системд оруулж, 14-нөөс 20-ны хооронд цахим картыг оюутнуудад олгох юм байна.

Дараахь удирдамжтай танилцаж бүрдүүлэх бичиг баримт болон бусад мэдээллийг авна уу.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохоор зорьж байна

\Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

“Аль ч Засгийн газар 1-5 стратегийн гол зорилт дэвшүүлдэг. Тэр зорилтдоо илүү анхаарч, хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ зорилт миний хувьд Хөшигийн хөндий юм. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би Төв аймагт илүү их анхаарал хандуулж ажиллана.

Нэг үгээр хэлбэл, бид Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байгаа. Бүсчилсэн хөгжлийн хувьд Төв аймгийг Улаанбаатартай ижил хэмжээнд Засгийн газар авч үзнэ гэсэн үг. Үүнээс өөр сонголт байхгүй. Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь аймагт ч хүн амын төвлөрөл бий болгох ажлуудыг хийнэ” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо.

Учир нь, өдрөөс өдөрт нийслэл хотын авто замын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болоход ойрхон байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна. Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байгаа юм. Үүнээс үүдэж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.

Тиймээс хотын түгжрэлийг бууруулахын тулд Ерөнхий сайд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж буйгаа Төв аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Засгийн газрын тэргүүн хэлж байсан юм.

Уулзалтын үеэр Төв аймгийн Зуунмод сумын өндөр настан н.Содномдаржаа Ерөнхий сайдад хандан “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та гурав нэгдмэл хүчээр ажиллаж, улс орноо хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд анхаарал хандуулж, сайн ажиллаарай” гэдгийг захилаа. Түүнчлэн ҮАБЗ-ийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг төрийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгаад талархалтай явдгаа ч иргэдийн төлөөлөл илэрхийлж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-тэй танилцсаны дараа Зуунмод хотын иргэдэд төрийн хүнд суртлыг хэрхэн багасгаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийг шинэчилж, e-mongolia цонхтой холбож байгаа. Иргэдээс ирсэн санал асуулгыг тоймлож Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг болно. Иргэд e-mongolia цонхоор үйлчлүүлснээр хэн нэгэн албан тушаалтан дээр очихгүй, төрийн үйлчилгээг гар утсаараа авна гэдэг хүнд сурталтай нүүр тулахгүй. Жолооны үнэмлэхийг та заавал биедээ авч явах шаардлагагүй болно. Энэ мэт цахимжуулалтыг e-mongolia цонхоор дамжуулж хийж байна” хэмээсэн юм.

Уулзалтад Ерөнхий сайдтай хамт Барилга* хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд байлцлаа.