Завхан аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн тул 2021 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 19 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай хатуу хөл хорио тогтоожээ.
Завхан аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн тул 2021 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 19 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай хатуу хөл хорио тогтоожээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-Зөвшөөрлийн тухай хуулийн ажлыг хэсгийг та ахалж байгаа. Төрийн байгууллагаас олгодог зөвшөөрөл аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт болж байгаа тухай шүүмжлэл гарсаар байгаа. Энэ тухайд ямар гол өөрчлөлт орж байгаа вэ?
-Өнгөрсөн тавдугаар сард МҮХАҮТ дээр бизнесийн орчинг дэмжих, төр хувийн хэвшлийг дэмжих зорилгоор УИХ-ын хэсэг гишүүд уулзалт хийж, бизнесийн орчныг эрүүлжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зорилгоор таван хууль дээр ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэд санал нэгдсэн юм. Ковидын дараа эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, бизнесийн орчныг эрүүлжүүлэхэд зориулсан гол хуулиудын нэг бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Энэ хуулийн төслийн хувьд, УИХ-ын гишүүдээс өргөн барьсан, Засгийн газраас өргөн барьсан төслүүдийг нэгтгээд УИХ-д танилцуулаад эхний хэлэлцүүлгээр орсон. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль анх 2001 онд батлагдаж байсан. Тухайн үедээ 112 зөвшөөрөл олгохоор заагдсан боловч, бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд дурын албан тушаалтан дуртай зөвшөөрлөө гаргадаг ийм замбараагүй байдал удаан явж ирсэн. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас сүүлд хийсэн судалгаагаар, аж ахуйн нэгжүүдэд олгодог 1400-1600 зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй дүйцэхүйц хэмжээний санал, дүгнэлт, тохирлын гэрчилгээ гэсэн янз бүрийн нэртэй зөвшөөрөл бий болсон байгааг судалж гаргасан байна. Мөн Засгийн газраас хийсэн судалгаагаар 913 төрлийн зөвшөөрөл байна гэсэн тоо байна. Үүнийг гишүүд өргөн барьсан төслөөр 448 болгохоор оруулж байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн тоог багасгана. Мөн Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болох юм. Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болсноор, ямар зөвшөөрлийг ямар инстутициэс авах ёстой юм бэ гэдэг нь маш тодорхой болно. Дээр нь, тухайн инстутициэс зөвшөөрөл авч байгаа тохиолдолд төр өөрт байгаа мэдээллийг тухайн аж ахуйн нэгжээс нэхэхгүй болно.
Өөрөөр хэлбэл, одоо нэг зөвшөөрөл олгохын тулд тухайн аж ахуйн нэгжээс мэргэжлийн хяналт, галын байцаагчийн дүгнэлт гэх зэрэг 10-20 бичиг баримт нэхдэг. Тэгвэл одоо зөвшөөрөл олгож байгаа эрх бүхий байгууллага нь өөрөө төрийн байгууллагуудаас энэхүү мэдээллийг цахимаар авч бүрдүүлж ажиллана. Аж ахуйн нэгжээс нэхэхгүй гэсэн үг. Тэгэхээр зөвшөөрөл авах процесс ил тод шилэн болохоос гадна, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй болно гэж харж байна. Зөвшөөрлийн тухай хууль өөрөө маш том хууль байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа хууль есөн бүлэгтэй боловч, энэ хуулийг дагаад 130-160 хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр хуулиудын хоорондын уялдаа холбоог сайжруулна гээд нэлээд өргөн хүрээтэй хуулийн төсөл юм.
-Зөвшөөрлийн хугацааг жил бүр сунгалт хийх нь аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байгаа тухай шүүмжлэл бий. Үүнд өөрчлөлт орох уу?
-Одоогийн хуулиар тусгай зөвшөөрлийг ихэнхдээ нэг жилийн хугацаатай олгож байгаа. Үүнийг урт хугацаатай болгох санал орж байна. Тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл гэсэн хоёр ангилалтай болж, тусгай зөвшөөрөл нь одоо байгаа саналаар таваас доошгүй жил байх зэргээр тусгагдсан. Зөвшөөрлийн хугацааг жил бүр сунгаж байгаа нь дарамт болж байна гэдэг үнэн. Аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд хоёроос гурван сар хөөцөлдөж аваад төд удалгүй жилийн дараа дахиад сунгана гээд хөөцөлдөж, бөөн ажил болдог. Үүнийг больж байж, төрийн дарамт, хүнд суртал тодорхой хэмжээгээр багасгах юм. Ер нь тэгээд манайд зөвшөөрөл авч чадахгүйгээсээ болоод бизнес эрхлэх боломжгүй болж байгаа хүмүүс ч олон бий. Дээр нь зөвшөөрөл авах процесс хуулийн хугацаатай болно. Жишээлбэл, ажлын 20 хоногт тухайн зөвшөөрөл олгогдоно гэсэн хуулийн хугацаа зааж, хэрвээ ямар нэг албан тушаалтнаас болж зөвшөөрлийн хугацаа саатсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох гэх зэрэг зохицуулалт орж байгаа.
-Зөвшөөрлийн тоог хэрхэн хумих юм бэ?
-Салбарын хуульд заагаагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох юм. Жишээлбэл, караоке ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн иргэдийн хурал юмуу, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өгч байгаа. Ийм байх ямар ч шаардлагагүй. Хуульд тийм заалт байхгүй хэр нь Иргэдийн хурлын тогтоолоор баахан зөвшөөрөл бий болгочихдог. Үүнийг л болино гэсэн үг. Одоо төрийн байгууллагуудтайгаа уулзаж, хэлэлцүүлэг хийгээд явж байгаа. Мөн нэг удаагийн зөвшөөрөл их байдаг. Тухайлбал, гаалийн талбай дээрээс бараагаа авахын тулд Замын-Үүдийн гаалиас нэг удаагийн зөвшөөрөл шаарддаг. Тэрийг нь үзэмжээр нь өгнө, өгөхгүй болоод явчихдаг. Тэгэхээр, нэг удаагийн зөвшөөрлийн процессыг ч мөн тодорхой болгох юм. Тодорхой болгоно гэдэг нь, цахимаар хүсэлтээ өгөөд цахимаар зөвшөөрлөө авдаг, шилэн болно гэсэн үг. Мөн дээр дурдсан, мэргэжлийн зөвшөөрлийг тухайн мэргэжлийн холбоод нь өгдөг байх тал руугаа явна. Үндэсний аюулгүй байдал, төрийн нийтийн өмч ашиглах, байгалийн баялгийг ашиглах, эрүүл мэндэд хор нөлөө учруулж болзошгүй гэх мэтчилэн эдгээр салбаруудад л зөвшөөрөл олгодог болгоё. Тухайн аж ахуйн нэгж салбарынхаа шаардлагыг хангасан бол үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Бусад зөвшөөрлийг хумина гэсэн үг. Мэргэжлийн нэгдсэн холбоодын хуулийг Зөвшөөрлийн тухай хуультай хамт явуулахаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргаас чиглэл авсан.
Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн тухай хууль бол эдийн засаг, нийгмийн бүх харилцааг зохицуулж байдаг том хууль. Иргэний хуулийн дараа орох том хууль. Үүнийг батлуулснаар, эдийн засгаа сэргээх, тодорхой хэмжээнд бизнесийн салбаруудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, либералчлах бодлого явагдах юм.
-Энэ хуулийг боловсруулахад олон нийтийн дунд санал асуулга явуулах, хэлэлцүүлэг хийх зэргээр иргэдийн саналыг хэрхэн тусгах вэ?
-Гурван асуудалд олон нийтийн саналыг асууна. Нэгдүгээрт, зарим нэг төрийн байгууллагууд хоорондоо зөвшөөрлөө булаацалддаг байдал бий. Жишээлбэл, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл” олгох процесс маргаан, хэл ам дагуулсан хэвээр байна. Түгээмлийн нэрээр алт ухаж, өөр ашигт малтмал ухаж байна гэдэг шүүмжлэл их гардгийг та бүхэн сонсож байгаа. Тэгэхээр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас өгөх нь зөв юм уу, эсвэл орон нутгаас өгөх нь зөв юм уу гэдэг дээр олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, иргэдээр хагалуулах нь зөв гэж бодож байна. Хоёрдугаарт, байгалийн нөөц ашиглах буюу самар, жимс түүх зөвшөөрөл дээр олон маргаан байдаг. Самар түүж байгаагаас ой мод сүйдэж байна, самрын төлбөр хураамж бага байна гэх мэт олон байр суурь гардаг. Тэгэхээр үүнийг мөн олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.Гуравдугаарт, барилга барьж эхлэхэд маш олон байгууллагуудаас зөвшөөрөл авч байна. Тиймээс барилгын салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамт сууж хэлэлцүүлэг хийж, аль байгууллага нь зөвшөөрөл өгвөл болох юм, ямар зөвшөөрөл нь шаардлагатай юм, аль нь хэрэггүй юм гэж нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
-Цаашдаа зөвшөөрөл шинээр олгохоор болбол ямар хяналттай байх бол?
-Засгийн газрын дэргэд “Зөвшөөрлийн хяналтын зөвлөл” гэж байгуулагдах юм. Энэ хяналтын зөвлөл нь нэгдсэн бүртгэлээ хөтөлж явуулна. Ямар нэг байгууллага шинэ зөвшөөрөл гаргах шаардлагатай гэж үзвэл хяналтын зөвлөлд хүсэлтээ өгч, хэлэлцэгдээд, шаардлагатай гэж үзвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар УИХ-д өргөн баригдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хяналттай болно гэсэн үг.
-Та өнгөрсөн зургадугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн гол өөрчлөлтийн тухайд?
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэх байх. Хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь, гадна, дотны хөрөнгө оруулагч гэж ялгахгүйгээр, хөрөнгө оруулалт хийсэн хэмжээгээр нь татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нээж өгөх гэсэн үзэл санаа юм. Жишээлбэл, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг гадны хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгахгүйгээр адилхан татварын хөнгөлөлт үзүүлье гэдэг өөрчлөлт орж байна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын оршин суухтай холбоотой заалтуудыг нарийвчилж, хэмжигдэхүйц байлгахаар заасан. Тодруулбал, хоёроос доошгүй ажлын байр бий болгосон байх, 50 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн гадны хөрөнгө оруулагч Монголд оршин суух эрхээ авдаг байх зэргээр илүү хэмжигдэхүйц болгож байгаа.
-Хөрөнгө оруулалтын босгыг бууруулах тухай хөндөгдөж байгаад зарим судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тухайд?
-Монголд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулна гэхээр гадныхан манай улсад заавал оршин сууна гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр, ажлаа явуулах боломжтой байдаг. Гадны олон улс оронд гадны хөрөнгө оруулагчид цахимаар үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Манай улс мөн энэхүү үүд хаалгыг нь нээж өгөх ёстой. Ялангуяа одоо ковидтой холбоотойгоор наашаа тэр бүр ирээд байх боломж хязгаарлагдмал болчихоод байна. Гадаадын хөрөнгө оруулалтын босгыг намсгах нь дотоодын компаниудад чухал ач холбогдолтой юм. Одоо байгаа хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын босго 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэж заасан байгаа. Тэгвэл энэ нь ямар хүндрэл гарч байна гэхээр, одоо манайд сүүлийн үед IT-ын монгол компаниуд олноор байгуулагдаж байна. Тэр компаниуд гадаадын зах зээл рүү гарахын тулд эхлээд заавал дотооддоо гадны компанитай хамтран ажилласан туршлагатай байх ёстой болдог. Гэтэл манайд гадныхантай хамтарсан компани байгуулахад аль аль тал нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай. Гадаад хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллар хийчихлээ. Хамтарсан компани учраас дотоодын компани бас 100 мянган ам.доллар давхар хийх ёстой болдог ч энэ шаардлагыг хангаж чадахгүй байдал дотоодын компаниудад үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид босго тавиад байгаа юм шиг боловч, дотоодын компанид давхар босго тавьчихаад байгаа юм. Үүнийг нь хөнгөлж өгье гэсэн агуулга явж байгаа.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 11-15 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улаанбаатар хотын
ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр
нарийн бичгийн дарга асан,
Эрүүлийг хамгаалахын
гавьяат ажилтан Ж.Рэнцэн-Амгалан “Монгол Улсын
хөгжлийн түүхтэй
МХЗЭ-ийн түүх салшгүй
холбоотой” гэснийг XI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний
II төвийн эмчилгээ эрхэлсэн дэд
захирал Ж.Оюунцэцэг “Иргэд өвчнөө
хүндрэхээс болгоомжилж
эмнэлэгт хэвтэх нь эрс ихэссэн” хэмээн V нүүрт ярилаа.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Халх гол дахь байлдаан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж
буй хувьцааны 70 хувийг “Ард Санхүүгийн
Нэгдэл”-тэй холбоотой хувьцаа эзэлж байна.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Амиа хорлосон хосын хүүхдүүдийг асран
хамгаалагчдад нь хүлээлгэж өгсөн” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллах, шинээр томилогдсон Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд наймдугаар сарын 20, 24-ний өдрүүдэд зохион байгуулав.
Гадаадын 23 улсад ажиллах Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр Элчин сайд нарт Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны салбарын үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгч, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар чиглэл өгөв.
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгаж, улс, үндэстнийхээ хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эрхэм зорилго байдаг. Чингэхэд дэлхийн улсуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэхэд Элчин сайд нарын үүрэг, хариуцлага нэн чухал юм гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинээр томилогдсон Элчин сайд нартай уулзах үеэрээ онцлов.
Монгол Улсын гадаад харилцааны салбарын ойрын хугацааны зорилт бол Гадаад бодлогын үзэл баримтлалыг удирдлага болгон “Алсын хараа-2050”, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гадаад харилцааны яамны 2020-2024 оны стратегийн төлөвлөгөө зэрэг урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт гадаад харилцааны чиглэлээр туссан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм.
Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас дипломат үйл ажиллагааг хэвийн явуулахад амаргүй нөхцөл байдал үүссэн. Гэсэн хэдий ч манай улсын гадаад харилцаа шинэ нөхцөлтэй зохицон “завгүй” өрнөж байгаа. Гадаад бодлогын “алтан аргамж” ямар ч нөхцөлд тасрахгүй, улам бэхжиж байх учиртай. Үүнд Элчин сайд нарын хүчин чармайлт, идэвх санаачилга нэн чухал гэдгийг мөн тэмдэглэн хэлэв.
Тус сургалтаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлийн газар, Олон талт хамтын ажиллагааны газар, Консулын газар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Төрийн захиргааны удирдлагын газаас Монгол Улсын гадаад бодлого, дипломат алба, олон талт хамтын ажиллагаа, консулын үйл ажиллагаа, ДТГ-уудын хүний нөөц, санхүү төсвийн сахилга бат, албан хаагчдын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийлээ.
Мөн Засгийн газрын гишүүд шинээр томилогдсон Элчин сайд нартай өргөтгөсөн уулзалтыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд энэ 8 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Засгийн газрын гишүүд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон яамдын салбарын асуудал хариуцсан газар, нэгжийн удирдлагууд оролцож, шинээр томилогдсон Элчин сайд нарт хариуцсан салбарын үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн Засгийн газрын гишүүд Элчин сайд нарын суух болон хавсран суух улстай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар санал, зөвлөмж өгч, цаашид Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгийг байгуулахад идэвх санаачлагатай ажиллах талаар чиглэл өглөө.
Коронавирусний цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд шинээр томилогдсон Элчин сайд нарыг хөрш болон гуравдагч хөрш улстай тогтоосон харилцааны түвшингээ гүнзгийрүүлж, Засгийн газраас зорилт тавин хэрэгжүүлж буй бодлогыг суугаа улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах харилцаа, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг хүслээ
Хурлын эхэнд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2021 оны үйл ажиллагааны мэдээлэл хийсэн бол тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн дүн, тайланг танилцуулав.
Мөн “Алтан од” одонгоор зарим хүнийг шагнах талаар хэлэлцэж шийдвэрлэснээс гадна ирэх пүрэв гарагт (VIII.26) болох МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг баталлаа. Харин МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг гишүүдийн хуралд оруулан шийдвэрлүүлэхээр болов.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан. Гэвч нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн төслийг хүлээн зөвшөөрөх талаар албан ёсны хариу ОУОХ-ноос ирээгүй тул гишүүдийн хуралд оруулахгүй байхаар шийдвэрлэлээ.
БНСУ Монголоос транзит нислэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, манай улсаас тус улсад очсон хоёр зорчигчоос халдвар илэрсэн байна. Халдварын тохиолдол зөөвөрлөгдөж буйтай холбогдуулан есдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл манайхаас нэг ч транзит нислэг хүлээж авахгүй гэжээ.
БНСУ-д өнгөрсөн /2021.08.23/ шөнө хар салхины улмаас үер болж, тог цахилгаан тасарсан байна. Хар салхины улмаас 86 агаарын нислэг, 70 гаталга онгоцны үйлчилгээ цуцлагдсан цуцлагджээ. Цаг уурчдын мэдээлснээр, нутгийн өмнөд дүүргүүдэд өнөөдрийн /2021.08.24/ мягмар гарагийн байдлаар хур тунадас үргэлжлэн орно хэмээжээ.
Монголын хүннү рок урсгалыг дэлхийд таниулахаар зорьж буй “The Hu” хамтлаг 2021 оны анхны “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо нисэх бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал аялан тоглолтоо үргэлжлүүлэх аж.
Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд барьж буй сургуулийг Орос дөрөвдүгээр сургууль болгох ажлыг ХЗДХ сайд Х.Нямбаатар санаачлан ажил хэрэг болгож буй юм. Энэ асуудлаар өнөөдөр /2021.08.24/, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар санал солилцон ажиллалаа.
Сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард ашиглалтад орохоор тусгасан. Мөн тус сургууль нэгдүгээр ээлжинд 630, хоёрдугаар ээлжинд 1000 гаруй хүүхэд хүлээж авах хүчин чадалтай.
Орос, Монгол улсын найрсаг харилцааны хүрээнд тус сургуулийг бүрэн Орос сургалттайгаар хичээллүүлж эхэлснээр дүүргийнхээ хүүхэд, багачуудын мэдлэг боловсролд томоохон хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ. Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн хамгийн олон хүн ам төвлөрөн суурьшсан дүүрэгт хэд, хэдэн дэд төвүүдийг байгуулж байгаа. Бид дэд төвүүдийг түшиглэн хотын хэт төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тиймээс энэ сургуулийг Орос сургалттайгаар ашиглалтад оруулснаар олон талын ач холбогдолтой” талаар ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовд уламжлав.
Харин энэ үеэр ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов удирдлагуудын саналыг дэмжихээ илэрхийлж, Боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзалт төлөвлөн, хамтран ажиллахыг зөвлөлөө. Удирдлагууд энэ сургуулийг бүрэн Орос сургалттай хичээллүүлэхийн тулд боловсон хүчин болох сурган хүмүүжүүлэгч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой, энэ тал дээр онцгойлон анхаарч байгаа юм.