Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын хөнгөлөлт эдлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2528 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс төрийн өмчийн 72, хувийн хэвшлийн 190, рашаан сувилал 43, эмийн сан 1700, өрх, сум, тосгоны 523 эрүүл мэндийн байгууллагууд байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр иргэн-даатгуулагчид эрүүл мэндийн 16 төрлийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн гэрээт эмнэлгүүдээс авч, даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.

Иргэн-даатгуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухай Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой. Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргах боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-т буцаан олголттой холбоотой асуудлаар өргөдөл гаргасан 11 иргэн-даатгуулагчийн асуудлыг шийдвэрлэн даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 7,896,342 төгрөгийг тухайн гэрээт ЭМБ-аар буцаан олгуулаад байна.

Түүнчлэн ЭМДЕГ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан боловч иргэн-даатгуулагчдаас тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан, гэрээг хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчлүүдийг гаргасан эрүүл мэндийн байгууллагуудад газар дээр нь хяналт, шалгалтын ажлыг явуулж байна. Цаашлаад гэрээт байгууллагуудын зөрчлөөс хамааран гэрээг түр хугацаанд түдгэлзүүлэх, санхүүжилтийг хасах улмаар гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлд 656.2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгожээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Сангийн яамнаас мэдээлэл ирүүлсэн. Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих зээлд 1,8 их наяд төгрөгийн зээлийг 23936 зээлдэгчид олгоод байна. Төв банкны репо санхүүжилтээр олгосон 660 тэрбум төгрөгийг 2905 зээлдэгчид, орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон. Түүнчлэн хөдөө, аж ахуйг дэмжих зээлд 321 тэрбум төгрөгийг 20036 зээлдэгчид олгоод байна. Өнөөдрийн байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 240 мянган ажлын байрыг хадгалсан” гэлээ.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Паралимпийн анхны алтан медалийг Австралийн тамирчин хүртлээ

Австралийн дугуйчин Пейж Греко өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн дугуйн “C1-3” төрлийн 3000 метрийн ганцаарчилсан төрөлд түрүүлснээр “Токио-2020” Паралимпийн наадмын анхны алтан медалийг хүртлээ.

П.Греко Шизүока мужийн Изү хотод болсон уралдааны 3000 метрийн зайг 3 минут 50.815 секундийн хугацаанд туулан барианд орсон байна.

Ингэснээр “C3” ангилалд хэдхэн цагийн өмнө өөрийнхөө тогтоогоод байсан 3:52.283 минутын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Харин уг төрөлд Хятадын дугуйчин Ван Сяомэй 3:54.975 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Германы тамирчин Дениз Шиндлер 3:55.120 минутад удаалж, хүрэл медалийн эзэн болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно

Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний бороо орно.

Тодруулбал нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг сурагчдаас түүврийн аргаар авна

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбоотойгоор сурагчдаас түүврийн аргаар коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авахаар болжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Тухайн сургууль нэгдүгээр ангийн 100 сурагчтай гэж бодоход 5-6 сурагчаас л шинжилгээ авна. Бүх хүүхдээс авна гэж ойлгож болохгүй. Мөн шинжилгээг хамраас авахгүй, залгиураас авах боломжтой” гэлээ.

Харин 0-11 насныханд иммуноглобулиныг хийх эсэх асуултад “Иммуноглобулиныг 2000 оны эхээр манай улс үйлдвэрлэдэг байснаа зогсоосон. Одооноос дахин үйлдвэрлэж эхлэхээр судалж байна.

Иммуноглобулиныг аль ч насны хүнд хийж болдог бөгөөд дархлааны системийг дэмждэг. Хэрэв иммуноглобулиныг үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдүүддээ хийх боломжтой болно гэж үзэн судалгааны ажлаа эрчимжүүлж байна” хэмээн хариулав.

Монгол Улсад батлагдаж буй халдварын 25-30 хувийг хүүхдийн эзэлж байгаа ба вакцинжуулалттай холбоотойгоор 12-17 насныхан халдвар авах нь буурч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийслэлд энэ жил шинээр газар олгохгүй” гэв

Засгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу нийслэл Улаанбаатар хотод газар олгох асуудлыг хойшлуулахаар болов.

Авлигатай тэмцэх газарт газар олголттой холбоотой санал, гомдол их ирж байгаа тул ийнхүү шийдвэр гаргажээ. Газар олголтын нэгдсэн системийг сайжруулсны дараа сэргээнэ.

Харин аймгууд дахь газар олголт хэвийн үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Энхболд: 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна гэж ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаар бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг дэмжиж байгаа бөгөөд бэлтгэл ажил хангахыг даалгасан.

Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд “Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ.

ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан.

Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Гэхдээ энэ шинжилгээнд хамрагдах идэвх сул байна.

2022 оны 1 сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Японд рамен шөлний хаягдлаар био түлш үйлдвэрлэжээ

Японы “Nishida Shoun” гэх тээврийн компани рамен шөлний үлдлээс үйлдвэрлэсэн био түлшээр өөрийн ачааны машинуудыг цэнэглэж эхэлжээ. Тус компани удахгүй өөрийн 170 ачааны машинаа шинээр боловсруулсан шатахуунаар цэнэглэх юм байна.

Ресторан, зоогийн газруудад хаягдал болж байгаа шөлийг ашиглан био түлш үйлдвэрлэх санааг тус компанийн тэргүүн Масүми Нишида анх 2013 онд олжээ.

“Nishida Shoun” компани 2000 орчим ресторанаас рамен шөлний хаягдал худалдан авч, өдөрт 3000 литр био түлш үйлдвэрлэдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа болох байршлууд

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон.

Үзэсгэлэн худалдааг

  1. Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/,
  2. Улсын их дэлгүүрийн урд талбай,
  3. Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/,
  4. Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
  5. Бөхийн өргөөний хойд талын талбай,
  6. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд зохион байгуулна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан, төрийн болон төрийн бус байгууллагын 23 төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, цахилгаан, цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, худалдаа, үйлчилгээний чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Хичээлийн шинэ жилийн өмнө сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон дүүргүүдэд бүртгэж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос түрээсийн төлбөр авахгүй бөгөөд асар, цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн мөнгийг хамгийн бага хэмжээнд байхаар шийдвэрлэж буй юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэн сунгаж, арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээг авдаг.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаагнаймдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжлээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгаж байна.

Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа Улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм” гэлээ.