Улаанбаатар хотын ХЗЭ–ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Рэнцэн-Амгалантай ярилцлаа.
-Монголын хувьсгалт залуучуудын эвлэл(МХЗЭ)-ийн 100 жилийн ой энэ өдөр тохиож байна. МХЗЭ, тэр дундаа Хотын эвлэлийн байгууллага хэдэн онд анх байгуулагдаж байсан юм бэ. Байгуулагдсан түүхийг нь хүмүүс тэр болгон мэдэхгүй болов уу. Энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юү?
-МХЗЭ-ийг 1921 оны наймдугаар сарын 25-нд Нийслэл хүрээнд хэсэг залуус Ц.Гүрсэдийнд цугларч байгуулсан түүхтэй. 1921 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр МАН-ын Төв хороонд “Хувьсгалыг бадруулагч”, “Жавхланг бадруулагч”, “Дайсныг номхотгогч”, “Эрдэнийг элбэгжүүлэгч” нэртэй анхны дөрвөн үүр байгуулагдсан юм билээ. 1922 оны долдугаар сард МХЗЭ-ийн Төв Хорооны анхдугаар их хурал хуралдаж, “МХЗЭ-ийн үндсэн зорилго оршмой” хэмээх анхны мөрийн хөтөлбөр, дүрмээ баталж байсан нь тэмдэглэгдэж үлдсэн байдаг.
Нийслэл Хүрээнд байгуулагдсан үүрүүд нь 1921-1923 он хүртэл МХЗЭ-ийн Төв Хорооны шууд удирдлага дор ажиллаж байжээ. Энэ талаар эвлэлийн түүхийн судлаач С.Даш “Шинээр байгуулагдсан ХЗЭ-ийн үүрүүд нь Нийслэл хүрээнд зохиогдож байсан төрөл бүрийн ажилд үлгэрлэн оролцож байсан, тэр чанараараа МХЗЭ-ийн түүхийг эхнээс нь бүтээлцсэн” гэж дүгнэсэн байдаг. МХЗЭ-ийн хоёрдугаар их хурлаас баталсан “Аймаг, хот, хошууны залуучуудын эвлэлийн хороо байгуулах дүрмийн 4-т “ Эвлэлийн Төв хороо зөвхөн Нийслэлийн доторх хэдэн багахан үүрийн хэргээр л ноцолдсоор бусад олон аймаг хошууд дахь залуучуудын их хэргээ саатуулахад хүргүүлдэг тул зүй нь Хотын хороо байгуулБаас зохино. Энэхүү хороо бол Төв Хороонд захирагдах бөгөөд Хотын доторх олон салбар үүрүүдийн хэргийг удирдана” гэж заасан байдаг. Энэ шийдвэрийн дагуу Нийслэл хүрээний ХЗЭ-ийн бүх гишүүдийн анхны хурал 1923 онд хуралдаж, анхны даргаар нь ардын хувьсгалын партизан Г.Дугар сонгогдон ажиллаж байсан юм билээ. Харин 1928 онд нийслэлд Пионерын товчоог үүсгэснээр Нийслэлийн хүүхэд, залуучуудын ууган байгууллагуудын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
-ХЗЭ-ийн нийгэмд гүйцэтгэж байсан үүрэг нь юу байв?
-Өнгөрсөн 70 шахам жилийн хугацаанд ХЗЭ-ийн байгууллага нь эх орныхоо хөгжлийн үе шат бүхэнд өмнөө тавигдсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэх үйлст залуучуудыг татан оролцуулж, тэднийг түүчээлж, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж гайхамшигтай түүх бүтээсэн шүү.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн түүхтэй МХЗЭ-ийн түүх салшгүй холбоотой. МХЗЭ-ийн байгууллагын бодлого, шийдвэрээр үе үеийн эвлэлийн ажилтнууд, эвлэлийн гишүүдийн хүч, хөдөлмөрөөр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүр тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, 1920-30-аад оны үйл ажиллагаа нь шинэ тутам Ардын хувьсгалын ололтыг хамгаалан бэхжүүлэх үйл хэрэгт чиглэгдэж, хувьсгалын дайсантай тэмцэхэд залуучуудыг уриалж, тэднийг цэргийн эрдэмд сургаж, эх орноо хамгаалах хэрэгт гардан оролцох, ард түмнээ боловсон цагийн соёл, боловсрол,эрүүл мэндийн чиглэлээр сургаж, соён гэгээрүүлэх, шинэ эргэлтийн бодлогын хүрээнд мал аж ахуйн хөгжлийг дэмжих явдал байсан. 1940-өөд оны залуус эх орныхоо дуудлагаар дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод туслах хөдөлгөөнийг өрнүүлж, эх орноо чөлөөлөх хоёр ч дайнд оролцож, тусгаар тогтнолоо баталгаажуулах тэмцэлд манлайлан оролцож, харийн дайсантай байлдаж, халуун амиа алдахдаа эвлэлийн батлахаа хадны завсар нууж, тангарагтаа үнэнч явсныг эвлэлийн гишүүн, улсын баатар дайчдын баатарлаг гавьяа гэрчилдэг. Харин 1950-60-аад оныхон бол эх орныхоо социалист бүтээн байгуулалтад залуучуудыг хөтлөн уриалж, хөдөөд соёлын үр тарьж, хашаа, худаг барьж, атрын шан татаж, 70-80-аад оныхон эвлэлийн илгээлтээр эх орон дуудсан газар очиж, шинэ хот, үйлдвэр байгуулж, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр хотуудыг сүндэрлүүлж шинэ амьдралыг цогцлоон хөгжүүлэхэд манлайлж явсан түүхтэй. Энэ бүхнийг гэрчилж, МХЗЭ-ийн гишүүн залуусын уриа дуудлага болж байсан гал улаан туг дээр нь Монгол Улсын төрийн алдар гавьяаны зургаан одон гялалзаж байдаг.
Нийслэлийн залуучуудын хувьд энэ бүх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар ирсэн, нийслэлийн хүүхэд, залуучуудад өв тэгш хүмүүжил олгох, амьдралын идэвхтэй байр суурийг төлөвшүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж, нийслэл хотын удирдах дөрвөн байгууллагын нэг болтлоо хөгжин дэвшиж, эх орныхоо нийгмийн хөгжил, нийслэлийнхээ бүтээн байгуулалтад залуучуудын хүчийг удирдан зохион байгуулж, бодитой хувь нэмэр оруулж байлаа. Үүний баталгаа нь ардын хувьсгалын дараах үйл хэрэгт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хороог 1931 онд Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор, 1973 онд үүсч хөгжсөнийг нь 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаснаар төрийн Хос одонт ХЗЭ-ийн анхны хороо болсон түүхтэй.
-Таны бие хэдэн оны үед тэргүүнээр нь ажиллаж байсан бэ?
-Олон жилийн зузаан түүхтэй Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо гэдэг манай улсад танигдсан энэ байгууллагад ажиллах хувь заяа тохиосонд, өндөр боловсролтой, овсгоо самбаатай, сэтгэлгээ сайтай, урамтай зоригтой, дайчин шударга олон сайхан залуучуудтай, эвлэлийн ажилтнуудтай хамт ажиллаж байсандаа би ямагт баярлаж явдаг юм. Эрхүүд анагаахын дээд сургуулиа төгсөөд Улаанбаатарт АУДС-д багшлахын зэрэгцээ багш нарын ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж байлаа. Харин 1984 оны хавраас Анагаахын дээд сургуулийн ХЗЭ-ийн хорооны даргын орон тооны нарийн бичгийн дарга болж, жинхэнэ эвлэлийн ажилтан байх гараагаа эхэлж байсан юм. Дарга нартаа загнуулж, зэмлүүлэх үе олон. Гэлээ гээд бидэнд ердөө ч муу зүйл болоогүй харин ч ухаажиж, хэрсүүжиж, дараагийн ажлаа зөв, сайн хийхийн төлөө оюун бодлоо чилээж, ухаанаараа, чадвараараа уралдан хөдөлмөрлөж байлаа. 1986 оны хавар юмдаг. Намайг хотын намын хорооны дарга Б.Алтангэрэл гуай хүлээн авч уулзаад, миний ажил төрлийн талаар сонирхож, миний биеийг хотын ХЗЭ-ийн хорооны хоёрдугаар даргаар дэвшүүлэн ажиллуулахаар судалж байгааг хэлж, төд удалгүй Майн баярын дараахан намын хорооны товчооны хурлаас энэ ажилд томилогдсон юм. Улмаар 1988 оны намраас нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. Энэ үед хотын ХЗЭ-ийн хорооны аппаратад нэгдүгээр нарийн бичгийн даргаар Б.Энхмандах нарийн бичгийн даргаар М.Мөнхбуянт, Хэлтсийн даргаар Ч.Оргилболд, Л.Байгал, Г.Батхүрэл, Б.Тогтохжаргал, Д.Сэнгээ нар ажиллаж байлаа. Манайхан гар сэтгэл нийлсэн үнэхээр сайхан хамт олон бүрэлдэж чадсанаар эвлэлийн түүхэнд олон ажлуудыг санаачлан бий болгож, залуучууддаа тустай, түшигтэй явснаараа бид бахархах эрхтэй гэж боддог юм.
-Тэр үед залуусын хөгжил, төлөвшилд хэрхэн анхаарч байв. Ямар үр дүн гарч байсан юм бэ?
-Эвлэлийн байгууллагын үндсэн үүрэг бол хүүхэд, залуучуудад өв тэгш хүмүүжил олгох, тэдэнд амьдралын идэвхтэй байр суурийг төлөвшүүлэхэд оршиж байлаа. Өв тэгш хүмүүжил гэж оюуны өндөр боловсрол, мэдлэг, чадвартай, цэвэр ариун ёс суртахуунтай, бие, бялдрын хөгжилтэй, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, эх оронч үзэлтэй шинэ иргэнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэж байв. Энэ нь тухайн үеийн залуусын “модуль” болж байсан. Үүнийг төлөвшүүлэхийн тулд боловсрол, соёл, урлаг, биеийн тамир спорт, найрамдал, хамтын ажиллагааны чиглэлээр хүүхэд, залуучуудын онцлогт тохирсон хөтөлбөрийн дагуу олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд, залуучуудын оролцоог идэвхжүүлж ажилладаг байлаа. Залуусыг шилдэг залуучуудын үлгэр дуурайллаар, ахмад үеийн үнэт уламжлалаар хөгжүүлэх нь үр дүнгээ өгдөг байсан юм шүү. Манай эвлэлээс маш олон шилдэг тэргүүний, тухайн цаг үеийнхээ бахархал болсон алдартнууд төрж гарсан. Залуучуудыг хөгжүүлэхэд ахмад тэргүүний хүмүүст хариуцуулж, хамтран ажиллуулдаг, зөв үйл хэрэгт сургадаг халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн их үр нөлөөтэй байсан. Манай үеийн залуусаас ажил амьдралгүй, амар хялбарыг боддог, арчаа муутай нь цөөхөн байсан шүү. Бүгд л ажил, амьдралаа аятайхан авч явдаг, нийгэмтэйгээ хөл нийлүүлж, идэвхтэй гишүүн нь болцгоосон нь нийтлэг дүр төрх нь болж байлаа. Үүнд ХЗЭ-ийн байгууллагын үүрэг онцгой рольтой байсныг үгүйсгэх хүн байхгүй дээ.
-Тухайн үед бүтээн байгуулалтад хошуучилж байсан байгууллага бол Хотын эвлэлийн хороо. Ямар ямар бүтээн байгуулалтуудад манлайлал үзүүлж оролцож байв?
-Манай байгууллага цаг тутам л ачаалалтай явж ирсэн. Анх Улаанбаатарт аж үйлдвэрийн комбинат байгуулагдахад хотын эвлэлийн хороо онцгой өндөр, шахуу үүрэг даалгавартай ажиллаж байсан түүх бий. Төр, олон нийтийн байгууллагын хосолмол шинжтэй үйл ажиллагаа эрхэлж байсан хотын ХЗЭ-ийн хороо нь Нийслэлийн нам, захиргаа, үйлдвэрчний эвлэлийн байгууллагатайгаа эрч хүчтэй хамтран ажиллаж, санаачилсан, сэдсэн ажилдаа томоохон дэмжлэг авч чаддаг байсан. Залуучуудын байгууллагаа дэмждэг, хийсэн бүтээснийг нь үнэлдэг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Бат-Очирын Алтангэрэл, Лхамсүрэнгийн Лантуу, Ардын депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга С.Мөнхжаргал нарын “лут” дарга нарын удирдлага дор хамтран ажиллаж, Нийслэл хотдоо хүч, хөдөлмөрөө харамгүй зориулсан нь тухайн үеийн эвлэл, пионерийн ажилтнуудад нэр төрийн хэрэг байлаа. Хэлснээ бид ажил болгоно, хийснээ бид бүтээл болгоно гэсэн уриан дор нэгдсэн хотын эвлэлийнхэн нийслэлд хүүхэд, залуучуудын чөлөөт цагийн төвүүд байгуулах, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх шинжлэх ухаан бүтээлийн төв бий болгох, Зөвлөлтийн комсомолын туршлагаар залуучуудын орон сууцны цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, бүтээн байгуулалтын томоохон ажлуудад залуучуудын хүчийг төвлөрүүлж, ажил мэргэжлийн уралдаан, субботник зарлаж, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллуулах, эвлэлийн шуурхай отряд байгуулах зэрэг шинэлэг ажлуудыг нийслэлийн удирдлагуудтайгаа “гар нийлэн” амжилттай хэрэгжүүлж, тэдний итгэлийг дааж чадсан нь бидний бахархал юм. Тэр үед эвлэлийн гавшгай хөдөлмөрийн барилга байгууламжийг улс, аймаг, хотоор гаргаж, мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэхээс эхлээд бүхий л ажилд залуучуудын эвлэлийн байгууллага тусгай төлөвлөгөөгөөр ажиллаж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаардаг байсан юм шүү. Ер нь нийслэлийн шинэ бүтээн байгуулалтад залуучуудын байгууллагын оролцоогүй баригдсан зүйл бараг байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. Хүүхдийн парк байгуулах ажил манай онцгой анхаарлын төвд байсан. Хүүхэд, залуучуудын олон барилга, байгууламжийг залуучуудын эвлэлийн байгууллагын оролцоотой барьсан. Жил бүрийн наймдугаар сарын 25-нд эвлэлийн гавшгай хөдөлмөрийн өдрийг зохион байгуулж, ашиглалтад ороогүй, хүн хүч шаардлагатай барилга байгууламж барих, олны хүч шаардсан ажлуудыг гүйцэтгэхэд эвлэлийн байгууллага, залуучууд өргөн фронтоор манлайлан үнэ төлбөргүй ажиллаж, том ажлуудын ард гарч байлаа.
-Тэр үеийн залуус, өнөөгийн залуусын дунд ялгаа байгаа байх. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.
-Бидний залуу үе одоогийн залуусынхаас эрс ялгаатай байж. 60-70-аад оны үед тэр бүр “шинэ сайхныг олж үзэх боломж” хязгаарлагдмал байж дээ. Бид чинь телевизор үзэж, гэрийн утсаар ярьж эхэлсэн нь тухайн үедээ том дэвшил байлаа.Бидний үеийнхэн амьдралаа өөрсдийн гараар босгохын төлөө тэмцэж, өөрсдийгөө хурцалж, сурч боловсорч, номтой их нөхөрлөж, урлаг, спорт, соёл урлаг гээд бүхий л чиглэлээр чадахгүй юмгүй шахуу байж. Гадаад хэлийг орос хэлнээс эхлэн суралцаж, их идэвхтэй амьдарч чаддаг байсан шүү. Залуучууд бие биендээ тусархуу, эвтэй, атаархуу зангүй, ахмад үедээ хүндлэлтэй хандаж, хамт олныхоо төлөө үүрэг хүлээж чаддаг, хариуцлагатай байж. Өөрөөр хэлбэл, нийгмийнхээ төлөө өөрсдийгөө зориулах бүх талын хөгжилтэй, хүмүүжилтэй байлаа. Үүнд эвлэлийн байгууллагын ажил ач тусаа өгсөн гэж үздэг хүн дээ, би. Өнөөгийн залууст бидний үеэс илүү их боломж байна. Техник, технологийн, мэдээллийн шинэ эрин зуунд тэд амьдарч байна. Өөртөө зөв зорилго тавьж, түүнийхээ төлөө тэвчээртэй ажиллаж, сурч чадвал болохгүй, мэдэхгүй, чадахгүй гэх саадгүй болсон байна шүү дээ. Интернэт, ухаалаг техник технологи, цахим сүлжээ гээд шинэ орон зай хязгааргүй хөгжиж байна. Тэдэнд цагийг хэмнэх, чөлөөт цагаа илүү үр дүнтэй өнгөрүүлэх, атаархмаар их цаг хугацаа бий болж. Бидний заавал зорьж очдог, их цаг хугацаа зарцуулдаг байсан ажлыг онлайнаар хялбархан хийж байна. Тиймээс залуустаа дэлхийн монгол болохын төлөө л өөрсдийгөө дайчлаарай гэж захимаар байна. Даяаршиж байгаа ертөнцөд дагнаших үнэт зүйл болсон ёс заншил, хэл соёл, гайхам түүхээрээ гоёж явцгаагаарай гэж хүсмээр байна.
-Нийслэлийн эвлэл, пионерийн байгууллагын өнгөрсөн 70 шахам жилийн үйл ажиллагааны гол үнэ цэнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-1923 онд анх байгуулагдахдаа ХЗЭ-ийн хороо нь эвлэлийн 10 үүр, 500-гаад гишүүнтэй байсан бол 1989 оны байдлаар Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо нь эвлэлийн нийт гишүүдийн 1/3 буюу 84000 шахам гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн, 4 районы, 6 их, дээд сургуулийн, 2 нэгдлийн / АШҮН, НҮН/ ХЗЭ-ийн 92 хороотой, анхан шатны 199 орон тооны хороотой, орон тооны 430 ажилтантай, үүнээс 105 пионерийн ахлах удирдагчтай, удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн хувьд бэхэжсэн, 1980-аад оноос төсөвт аж ахуйн тооцоог нэвтрүүлж, улсын төсвөөс дотаци авахгүйгээр ажиллаж эхэлсэн, МХЗЭ-ийн хамгийн том, хамгийн хүчтэй, шинэлэг ажлуудыг зохион байгуулагч, өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээний уур амьсгалтай, хүүхэд, залуучуудын дунд өндөр нэр хүндтэй, тухайн цаг үеийнхээ хүүхэд, залуусыг жинхэнэ манлайлагч байгууллага болсон юм.
-Бидний үед “эзэнгүй”, залуу хүн байсангүй, буруудсан нэгэндээ бултаар зөвлөж, залуу хүний ажил амьдралыг нь өөд нь татаж явсан сайхан түүх манай эвлэлд л байсан.
-Нам, эвлэлийн удирдах дээд байгууллагын чиглэл, зөвлөмж, нийгмийн шаардлагад нийцүүлэн, тухайн цаг үеийн хүүхэд, залуучуудын эрэлт хэрэгцээг мэдэрч, тэдний гүнд нь орж, оюун санаа, бие бялдар, гоо зүй, ёс суртахууны цогц арга хэмжээг бүтээлчээр зохион байгуулснаар эдүгээ цагт хийсэн, бүтээсэн ажил үйлстэй, олон сайхан уламжлал, туршлагыг бий болгож, үе үеийн өсвөр, залуу үеийг хүмүүжүүлсэн, хөгжүүлсэн, тэдний хувь заяаг өөрчилсөн, бүтээлч, амьд түүхэн замналыг үлдээж чадсанд манай байгууллагын ажлын үнэ цэнэ оршино гэж үздэг.Цаг, цагийн уртад шигшигдэн шилэгдсэн эвлэл, пионерийн олон ажлууд, тухайлбал, соёл, урлагийн наадмууд, цэрэг эх оронч хүмүүжил олгох дуут жагсаал, Дөл, Шонхор тоглолт, улс төрийн дууны тэмцээн, цэнгээнт бүжгийн хөдөлгөөн, өнөөгийн шоуны эхлэл болсон задгай талбайн “шөнийн” тоглолтууд, “Туриад” явган аялал, техник сэтгэлгээний тэмцээн, төрөл бүрийн ажил мэргэжлийн уралдаан, залуучуудын орон сууцны цогцолбор буюу ЗОСЦ-ын хөдөлгөөн, “Оюутны хавар” наадам, нийтийн субботник, хөдөлмөрийн чуулган гээд олон сайхан арга хэмжээнүүд өнөө үед ч уламжлалаа хадгалж, арга хэлбэрийн хувьд баяжигдан , залуучууд, хүүхдүүдийн хүртээл болсоор л байна. Энэ бүхэн бол хотын эвлэл, пионерийн байгууллагын бий болгосон үнэт өв мөн юм шүү.2018 онд зохион байгуулсан Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн чуулганаар манай байгууллагынзалгамж халаа өнөөгийн хүүхэд, залуучуудын байгууллагадаа ахмад үеийн эвлэл, пионерийн ажилтнууд бид өөрсдийн бүтээлч хөдөлмөрөөр тэтгэж ургуулсан, хийж бүтээсэн ажил үйлс, өв уламжлалаа албан ёсоор залгамжлуулан хүлээлгэж өгсөн. Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны үе үеийн ажилтнуудын дундаас төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг, О.Дашбалбар, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Т.Ганди, М.Билэгт, Д.Арвин, С.Баярцогт, Ч.Жаргалсайхан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Монгол Улсын Ардын багш Б.Цэрэндорж, Гавьяат багш О.Цэвэгдорж, Д. Цогзолмаа, Г. Бадам, Ж.Соронзон, Ч.Үржинбадам, Ж.Цэцэгмаа, Гавьяат эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Г.Батхүрэл, Үйлчилгээний гавьяат ажилтан С.Майнбаяр, Байгал орчны гавьяат ажилтан И.Батцэцэг гээд нэр алдраа улс даяар цуурайтуулсан олон алдартнууд төрөн гарсан нь бидний бахархал болж байна.
-Ингэхэд тэр үед Хотын эвлэлийн хороонд ажиллаж байсан хүмүүс өнөөдөр юу хийж байна вэ?
-1988 оноос МХЗЭ-д өрнөсөн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу райодын ХЗЭ-ийн байгууллагыг бие даан ажиллуулах шийдвэр гарч, 1989 оны гуравдугаар сард Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороог татан буулгасан нь алсын хараагүй харалган шийдвэр болсон юм. Гэвч тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн үүссэн Монголын залуучуудын эвлэлийн байгууллагын хямрал, задралын улмаас Хотын эвлэлийн хорооны үйл ажиллагаа 1991 он гэхэд бүрмөсөн зогсчээ. Иймээс хотын эвлэлийн хорооны орон тооны олон ажилтнууд эрхэлж байсан ажлын байраа алдаж, шинэ орчинд дасан зохицож, ажиллаж, амьдрахаар мөр мөрөө хөөж, салан одоцгоосон бараан түүх ч бас бий. Тэртээ 28 жилийн өмнө улиран одсон цаг хугацааг эргүүлэн авчирч, залуу насны эрч хүч, инээд баясал бэлэглэх анд нөхөдтэйгээ байнгын холбоотой байх боломжийг бий болгох зорилгоор эвлэл, пионерийн ажилтнуудаа шинэчлэн бүртгэж, Хотын эвлэлийн хороогоо онлайнаар байгуулж, 280 шахам ахмад ажилтнуудаа нэгтгэн ажиллаж байна. МХЗЭ-ийн ахмад ажилтны холбоонд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны ахмад ажилтны зөвлөл нэрээр гишүүнээр нэгдлээ. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд Нийслэлийн залуучууд, хүүхдийн байгууллагууд, үе үеийн эвлэл, пионер, хүүхэд, залуучуудын ажилтнуудын оруулсан хувь нэмэр, бүтээлч хөдөлмөрийн үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны уламжлал, шинэчлэл, залгамж халаа, өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх, ахмад, дунд, залуу үеийнхний уламжлалт харилцааг бэхжүүлэх зорилгоор түүхт ой давхацсан 2018 онд “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг зохион байгуулахаар нийслэлийн эвлэл, пионерийн байгууллагын удирдах ажилтнуудаас гаргасан санаачилгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболд дэмжсэнээр уг арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ чуулганы хүрээнд эвлэл, пионерын ахмад ажилтнуудынхаа урлагийн наадам, спортын тэмцээн зохион байгууллаа. Мөн нийслэлийн эвлэл, пионерийн байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, 200 гаруй ахмад ажилтны дурсамж, түүх өгүүлсэн ховор нандин гэрэл зураг бүхий “ Оргилд хөтөлсөн залуу нас” анхны номоо өлгийдөн авлаа. Цаг хугацаа улиран одсон ч нийслэлийн залуучуудын төлөө залуу халуун нас, хүч хөдөлмөрөө зориулсан, эвлэлийн байгууллагын бүтээлч ажил үйлс, амжилт бүтээлээсээ сэтгэлдээ үлдсэн олон сайхан дурсамжаараа өнөө ч залуу яваа манай хотын эвлэлийнхэн гайхалтай сайхан хүмүүс шүү. Бид хоёр жилийн дараа байгууллагынхаа 100 жилийн ойг зохион байгуулах ажлаа эхлүүлээд МХЗЭ-ийн 100 жилийн ойгоо угтаж байна. Ингээд үе үеийн залуучууд, эвлэл, пионерийн ажилтнууд, гэр бүлд нь Монголын залуучуудын ууган байгууллага МХЗЭ байгуулагдсаны 100 жилийн ойн мэндчилгээ хүргэж, урьдын адил нийгмийн сайн сайхныг түүчээлж, цог золбоотой, эрүүл чийрэг гялалзаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.