Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 32.4 хувиар нэмэгдэв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (32.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 (34.5 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 649.6 (34.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 77.9 (11 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 12.2 (15.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 154.4 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 151.6 (33.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн аж.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.1 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 98.4 (13.7 хувь) тэрбум, газрын тос олборлолт 42.9 (2.2 дахин их) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр хайлуур жонш, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, чулуун нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиас 2.5 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, катодын зэс, 99 хувь, самнасан ноолуур, цемент, согтууруулах ундаа, шохой, шингэн сүү, нүүрсэн шахмал түлш, металл бэлдэц, малын мах, янжуур тамхи, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.3 хувиас 2.5 дахин нэмэгдсэн байна.

Харин уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт алтны олборлолт 4.4 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, спирт, амны хаалт болон ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-77.1 хувиар багаслаа.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (53.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4.2 (72.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 4.2 (72.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 2.9 (69.5 хувь) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 937 (78.4 хувь) тэрбум, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 386.2 (4 дахин их) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.

Нийт борлуулсан бүтээгдэхүүний 9.1 их наяд төгрөг буюу 64.5 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 8.3 их наяд төгрөг буюу 91.6 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.

Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 69.2 хувийг металлын хүдэр олборлолтын, 22.8 хувийг нүүрс олборлолтын, 6.2 хувийг газрын тос олборлолтын, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байв. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2021 оны эхний 7 сард 146 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.9 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх 56 байрны 3200 өрхийн халуун усыг маргааш өгнө

Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш оройноос 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх нь. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15 гэхэд өгнө гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм.

Өнгөрсөн өвөл их болон бага хэмжээгээр 41 удаа цас орж, зам, замын байгууламжийн халтиргаа, гулгаанд 3557 тонн давс, 2645 тонн бодис зарцуулжээ. Өдгөө 700 тонн давс, 1770 тонн бодисын нөөцтэй байгаа аж. Цаашид 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авах гэнэ.

Энэ үеэр Хотын дарга хувийн орон сууцны конторуудын эзэн холбогдогч нь тодорхойгүй, өмчлөлийн маргаантай хамтран эзэмшлийн шугам сүлжээ, тоноглолын заагийг тогтоож, эзэн холбогдогчийг тодорхой болгох, өмчийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хууль, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, шинээр барих 100 ортой нэгдсэн эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв болон 14 дүгээр хорооны ус, дулаан дамжуулах 12 дугаар төвийн дулаан, халуун, хүйтэн усны шугамын угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхийг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

​Эмийн үнийн оновчтой зохицуулалт хийхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багтай “Эмийн үнийн зохицуулалт” сэдвээр цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, ДАХШҮГ-ын дарга Д.Ганцэцэг, ЭЗТСХ-ийн дарга Л.Одончимэг, Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн багийн гишүүн Dr. Jeffrey, н.Отгонтуяа нар оролцлоо.
Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалт, санхүүжилт, хөнгөлөлтийн хувь хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Азийн хөгжлий банкны техник туслалцааны багийн үйл ажиллагааны гол зорилго нь Монгол улсын зах зээлд байгаа эмийн үнийг хэрхэн тодорхойлж байгаад судалгаа хийн, эмийн үнийн өсөлтийн шалтгааныг олох улмаар оновчтой зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх бөгөөд уулзалтын үр дүнд дээрх чиглэлээр ЭМДЕГ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ажиллахаар боллоо.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын улмаас ЭЕШ өгөөгүй 170 шалгуулагч байна

2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууссан.

Шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлснээс 36783 нь шалгалтад оролцсон байна. Харин нийслэлд 94, орон нутагт 76, нийт 170 шалгуулагч коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй. Эдгээр шалгуулагчаас ирэх есдүгээр сарын 2-5-ны хооронд шалгалт авна.

Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэх талаар судалж, төлөвлөж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Афганистанаас 82 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

“Талибан” хөдөлгөөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авснаас хойш 82 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч Кабулын нисэх онгоцны буудал дээр хэдэн мянган хүн нүүлгэн шилжүүлэхийг хүлээж байна.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг “аль болох олон хүнийг аюулгүйгээр гаргахад” төвлөрүүлж байна гэж АНУ -ын армийн хошууч генерал, бүс нутгийн ажиллагааны аюулгүй байдлыг хариуцсан штабын орлогч дарга Хэнк Тейлор мэдэгджээ.

Мягмар гаргийн орой Афганистанаас 11200 америк цэрэг, түнш болон холбоотон орон болох 48 улсын 7800 иргэнийг АНУ-ын цэргийн 42 нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлсэн байна. Нисэх онгоцууд Кабулын нисэх онгоцны буудлаас 39 минут тутамд хөөрчээ.

Хэнк Тейлорын хэлснээр, нисэх онгоцны буудалд одоо 10 мянга гаруй хүн нүүлгэн шилжүүлэхийг хүлээж байна.

Гадаадын иргэдийг Кабулаас нүүлгэн шилжүүлэх ажлыг наймдугаар сарын 31 гэхэд дуусгаж, энэ өдрөөс хойш үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ талибууд мягмар гарагт мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд хоёр иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ

Энэ сарын 25-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 336 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 249 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд 2 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 63, орон нутагт 16, нийт 79 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

АН: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг маргаашнаас хүлээж авна

Улсын Их хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл, мөн Төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт явуулах нөхөн сонгуульд парламентад суудалгүй намууд, нам доторх бүлгүүдтэй нэгдэж орохыг уриалсан. Парламентад суудалгүй намууд уулзаж ярилцсан.

Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх саналтай нэр дэвшигчдийн албан хүсэлтийг маргаашаас хүлээж авна” гэлээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь жирийн гишүүд, дэмжигчдэд маш их гомдол ирж байна. Тус хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар заасан.

Учир нь орон нутагт чадалтай мэргэжлийн боловсон хүчин алга. Гэтэл энэ хоосон цаас болж байна. МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, зарим газар 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна.

Төрийн албаны зөвлөл төрийн албыг хянадаг байгууллага.

УИХ-ын дарга саяхан төрийн алба ард түмний зарц байх ёстой гэх мэдээлэл хийсэн. Гэтэл өнөөдөр төрийн алба Ардын намын зарц болоод байна. Төрийн албаны ёс зүйн дүрэм мөрдүүлэхэд анхаараач ээ. Хуулийн шалгуур хангахгүй учраас түр орлон гүйцэтгэгч томилдог. Тэр хүмүүс нь удалгүй ажлаа хаяад явж байна. Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага амьгүй албат болсон. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Аврагчийн алдар” цогцолборт ЗИЛ-130 автомашиныг хөшөө болгон мөнхөлж, мөнхийн зогсоолд байршууллаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний санаачлагаар Дархан хотын түүхт 60 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар” цогцолборт гал унтраах тусгай зориулалтын ЗИЛ-130 автомашиныг байршуулан мөнхөлж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Тус автомашиныг албанд 30 гаруй жил ашигласан бөгөөд энэ хугацаанд нийт 3870 удаагийн гал түймрийн дуудлагад ажилласан билээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Иргэдийн аюулгүй амьдралын төлөө ашиглагдаж, гал, түймэр унтраах үйл ажиллагааны түүх болон мөнхөрсөн энэхүү автомашиныг аймгийнхаа 60 жилийн ойг угтан цэцэрлэгт хүрээлэнд байршуулж, хүүхэд залууст сонирхон үзэх боломжийг олгож, цаашид энэ албанд ажиллах, энэ албаар бахархах сэдлийг өгч бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлагатай оролцож байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” хэмээн онцолсон юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой байна

Их, дээд сургуулийн элсэлтийн эргэн тойрон дахь асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна.

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан “Хичээлийг танхимаар эхлүүлсэн учир цаашид хаахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв халдварын нөхцөл байдал хүндэрвэл мэдээж хосолсон хувилбараар хичээллэнэ.

– Монгол Улсад хөдөлмөрийн хомсдол үүсээд байна, ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоон мэдээлэл байна. Тиймээс төгсөөд ажлын байртай болгох нөхцөлд анхаарна.

– Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье. Өмчийн хэлбэр үл харгалзаж ямар нэгэн сургалтын байгууллага төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг өгч байна. Хэрэв үндэслэлгүйгээр нэмсэн бол хариуцлага тооцно. Мөн төлбөрийг бүтнээр нь биш хувааж авах, хичээл сонголт, суудалтай холбоотойгоор төлбөрийг барьцаалахгүй, хэрэв тэгвэл хатуу хариуцлага тооцно хэмээн түр журамд заасан байгаа. Харин Соёлын сургуульд 500 оюутан дээр 20 мянган төгрөг нэмэгдэх л өөрчлөлт байгаа ба үүнээс өөр нэмэгдэл бусад сургуульд байхгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Дарга, эрх мэдэлтний хүүхдийн сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас гаргахгүй” гэв

Их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээлэл өгөх үеэрээ Боловсролын зээлийн сантай холбоотой тулгамдаж буй асуудлын талаар ярилаа.

Тэрбээр “Боловсролын зээлийн сан нь тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг 601,046 оюутан бий. Мөн өндөр оноотой багш мэргэжлээр суралцах 1,500 оюутан бий бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт дээр нь өөрчлөлт ороогүй хэвээр үргэлжилнэ.

Гадаад улсын Засгийн газрын хоорондын гэрээгээр явж байгаа хүүхдүүдийн төлбөр мөн хэвээр үргэлжилнэ.

Нэг санаа зовоож буй асуудал нь нийт зээлийн сангийн 50% нь цөөхөн оюутанд зарцуулагдаж байна. Тодруулбал, 323 хүүхдэд нийт зээлийн сангийн 20 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа. Үүнийг би шударга бус явдал гэж харж байна. Энэ хүүхдүүдээ судлаад үзэхээр нөгөө нэг хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд сурч байна гэх хардлага байгаа.

Боловсролын сайдын хувьд хариуцлагатайгаар хэлэхэд энэ жил буюу цаашдаа хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдүүдийн төлбөр энэ зээлийн сангаас төлөгдөхгүй.

Иргэд та бүхэн зээлийн сангийн хуудас руу ороод хэний хүүхэд ямар нөхцөлөөр сурч байгааг нээлттэй хараарай.

Түүнчлэн цаашдаа гадаадад баклавраар бус магистр, доктороор суралцаж мэргэжил дээшлүүлэх хүмүүст тэтгэлэг түлхүү өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэв.