Шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэм, стандарт, норм, нормативтай болно. Тэгвэл өнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх” талаар хэлэлцлээ.
Уг асуудлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулсан юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгад хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлах, нийслэл хотын иргэний үүрэгт нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан.
Энэ оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй 40 бүлгийн 6602 стандарт байгаагаас 1433 нь 1990 оноос өмнө батлагдсан байдаг. 1990-1999 онд батлагдсан 679, 2000-2009 онд 2118, 2010 оноос өнөөг хүртэлх хугацааны 2164 стандарт байгаа юм. Барилгын норм, дүрмийн 313 стандарт бий. Эдгээрээс шинэчлэн сайжруулах, шинээр боловсруулах норм, дүрэм, стандарт цөөнгүй гэдэг нь нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудаас авсан судалгаагаар тогтоогдсон. Хот байгуулалт, нийтийн аж ахуй, менежментийн чиглэлийн 22 бүлгийн 97 баримт бичгийг үндэсний болон олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахаар төлөвлөснөөс 47 баримт бичгийг батлан мөрдүүлж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Хотын соёл, Иж бүрэн гудамж, Инженерийн шугам сүлжээ, Хог хаягдлын менежмент, Хот төлөвлөлт, Хот байгуулалт, Замын тэмдэг тэмдэглэгээ, Нийгмийн аюулгүй байдал гэсэн бүлгийн 36 баримт бичгийг танилцуулан хэлэлцүүлсэн юм.
Мөн үеэр стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. 2021 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 831 төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжиж буй 109 төсөл хөтөлбөрийн явцыг газар дээр нь хянахад 52 нь буюу 47.7 хувь нь стандарт чанарын шаардлага хангаагүй байна. Батлагдсан зураг төсөл алдаатай, стандартад нийцээгүй, төрийн албан хаагчид шаардлагатай заавар, чиглэлийг өгдөггүй, захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүдийн хяналт маш сул, гүйцэтгэгч байгууллагын чадамж, нөөц муу зэрэг зөрчлүүд түгээмэл гарчээ.
Цаашид хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхийн тулд Хотын стандартын баримт бичгийг боловсруулахдаа олон улсын жишиг, дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэх, хотын стандартын мэргэжлийн зөвлөлийг байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг мэргэжлийн байгууллагаас гаргаж байлаа