Categories
мэдээ спорт цаг-үе

Д.Сэлэнгээ эрэмбэ тогтоох харваанд 23-т жагслаа

Паралимпийн байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан “Recurve” төрлийн эрэмбэ тогтоох харваанд Дэмбэрэлийн Сэлэнгээ өрсөлдлөө.

Тэрээр нийт 72 сумнаас 461 оноо авч 24 тамирчнаас 23-т нь жагслаа.

Эрэмбэ тогтоох харваанд Хятадын тамирчин, паралимпийн дээд амжилтыг эзэмшигч Ву Чуняан 642 оноо авч тэргүүллээ.

Д.Сэлэнгээ есдүгээр сарын 2-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авах сургалтад хамрагдаж байна

УОК-ын 41 дүгээр тушаал болон Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалт зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь” зэрэг сэдвээр сургууль, цэцэрлэгийн 1000 гаруй багшид цахим сургалт хийсэн юм.

Тэгвэл Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн эмч нарт Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ. Сургалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 63, Сонгинохайрхан дүүрэгт 82, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 14 эмч хамрагдав. Тэд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцлаа. Өнөөдөр Баянзүрх, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, маргааш Налайх дүүрэгт энэхүү сургалт зохион байгуулагдах юм.


Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам Төв аймгийн Зуунмод хотоор дайран өнгөрлөө

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам эмэгтэй хүний тэсвэр хатуужил зоригийг харуулж 2021 оны наймдугаар сарын 01-нээс Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт хүртэл 1100 км туулж есдүгээр сарын 17-нд барианд орохоор гүйж байгаа билээ.
Түүнийг Төв аймгийн Зуунмод хотоор дайран өнгөрөх үед аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа Т.Төмөрчөдөр даргатай хамт олон, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн угтан авч хүндэтгэл үзүүлэн үдэж өглөө. Мөн аймгийн Цагдаагийн газрын тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Зуунмод сумын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэн өнгөрүүлсэн юм.

зогсож байна болон авто зам гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

5 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ амралтын өдрүүдэд зүүнээс баруун дөрвөн зам хүртэлх авто хөдөлгөөнийг түр хаана

Энэ амралтын өдрүүдэд Зүүнээс Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг түр хугацаанд хаан автомашингүй гудамж болгон, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Тодруулбал, наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдааг дараах зургаан байршилд зохион байгуулна.

  1. Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/,
  2. Улсын их дэлгүүрийн урд талбай,
  3. Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/,
  4. Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
  5. Бөхийн өргөөний хойд талын талбай,
  6. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
2021 оны наймдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганбат: Олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно

МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийм дэд профессор Б.Ганбат Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын дүнг үндэслэн аймгуудыг байр эзлүүлж сонирхолтой судалгаа гаргажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-ЭЕШ-ын эхний таван байрыг орон нутаг тэргүүлсэн байна. Та энэхүү жагсаалтынхаа талаар дэлгэрүүлэхгүй юү?

-ЭЕШ-ийн дүнг гаргахдаа би медиан оноо (дундаж оноо) ашигласан. Аливаа юмыг эрэмбэлэхдээ ашигладаг оноо л доо. Бүх хичээл дээр 100 онооны шалгалт авдаг. Голын оноо буюу медианыг бодохдоо 101 хүүхэд шалгалт өгөхөд 51 дэх хүүхэд хэдэн оноо авсан юм бэ гэдгээр дундаж оноог тодорхойлно.Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зарим аймгууд байр урагшилсан үзүүлэлттэй байхад зарим нь буурсан харагдаж байна. Тухайлбал, Архангай аймаг өнгөрсөн жилийнхээс долоон байраар ухарсан бол Багануур долоон байраар урагшилсан байна. Хамгийн өсөлттэй нь буюу 12 байраар урагшилсан нь Баянхонгор аймаг. Хамгийн их байр ухарсан нь Өмнөговь аймаг. Өмнөх жилүүдэд тус аймаг маш сайн өсөлттэй байсан ч энэ жил олон байраар ухарсан үзүүлэлттэй байна. Мөн Сүхбаатар аймаг байна. ЭЕШ-ын чанар буурсан нь цар тахалтай холбоотой байж ч болох юм. Говьсүмбэр, Хөвсгөл аймаг өмнөх жилээс есөн байр ахиулсан байна.

-Тогтмол сайн үзүүлэлттэй ямар аймгууд байна вэ?

-Өвөрхангай, Дорнод аймгууд тогтмол амжилт үзүүлж байгаа. Мөн Орхон аймаг сайн үзүүлэлттэй байсан бол энэ жил найман байраар ухарсан байх жишээтэй. Ер нь Өвөрхангай, Дорнод, Орхон, Багануур тогтвортой амжилттай оролцдог. Гэхдээ өнгөрсөн жил Багануур нэлээд ухарсан үзүүлэлттэй байсан ч энэ жил сайн дээшилсэн байна.

-Улаанбаатар сүүлээсээ гуравт бичигдсэн. Тэгэхээр орон нутгийн сургуулиуд нийслэлийн сургуулиудаас илүү боловсрол олгож байна гэсэн ойлголт нийтийн дунд төрөөд байгаа. Ингэж ойлгох нь зөв үү?

-Медиа оноогоор харахад яалт ч үгүй орон нутаг Улаанбаатараас илүү үзүүлэлттэй байна. Орон нутаг дотроо арай нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй байгаа юм. Сумд нь, аймгийн төв нь ямар байна гэдгийг бүр нарийвчилж гаргах ёстой. Харин хот дотроо дүүрэг, хороогоор нь нарийвчлах хэрэгтэй. Нэгдүгээр сургууль, Хоёрдугаар сургууль ямар оноо авсан гээд задлаад ирэхээр тодорхой болно.

-Энэ мэдээлэл Боловсролын үнэлгээний төвд уг нь гарчихсан байгаа биз дээ?

-Гарчихсан байгаа. Гэхдээ бидэнд хамаагүй нарийвчилсан мэдээг өгдөггүй. Сургууль хариуцсан багш хүсэлт тавьсан тохиолдолд харж болдог юм билээ. Миний хувьд ЭЕШ-ын дүнгийн ерөнхий листийн ил тавьсан мэдээллийг харж жагсаалт гаргасан.

Уг нь мэдээллийг нээлттэй болгоод хүмүүс олон талаас нь харж дүгнээд нарийвчилсан мэдээллийг хийж хаанаа тааруу байна, тэнд сайжруулалт хийх ёстой шүү дээ. Нөгөө талаас нийслэл дундаа захын хорооллын дүүргүүдийн үзүүлэлт маш муу байна. Хөдөө сумын сургуулиас дор орчин нөхцөлтэй сургуулиуд захын хорооллоор зөндөө бий. Юун сайн боловсрол олгох гал түлж сургуулиа халаадаг, гадна жорлонтой гээд асуудал мундахгүй газар их. Нийслэлийн төв рүү сургалт сайтай сургууль мэдээж бий. Гэхдээ нийтэд хүрэлцээтэй биш учраас нийслэл нийтээрээ муу үзүүлэлттэй гарч байгаа юм. Боломжтой хүмүүс нь хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгч хол ч байсан машинаар зөөдөг.Үүнийг юунаас харж болох вэ гэхээр сурагчдын амралт эхлэхээр хөдөлгөөн буурч, хичээл орохоор хөдөлгөөн нэмэгддэг. Нэг талдаа үүнийг буруутгах аргагүй. Боломж нь байвал хүүхдээ сайн сургуульд сурахыг л бодно шүү дээ.

Б.Ганбат багшийн нарийвчилан гаргасан жагсаалт

-Тухайлбал, 1, 11 дүгээр сургуулиудад сургалт сайтай гэж эцэг, эхчүүд өндөр хахууль өгч хүүхдээ оруулдаг гэдэг. Гэтэл ЭЕШ-д өнөөх сургуулиудын сурагчид орон нутгийг давж гарч ирэхгүй байна уу даа гэсэн нийтийн хардлага үүслээ?

-Надад өнөөх яриад байгаа нарийвчилсан мэдээлэл байхгүй болохоор таамгаа хэлье. Хэрвээ нарийвчилсан мэдээлэлтэй бол сургуулиар нь ямар үзүүлэлттэй байна гэдгийг олон нийт шууд харчих байхгүй юу. Нэг, 11, 23 дугаар сургуулиуд ЭЕШ-д сайн оролцсон байх. Гол нь захын сургуулиудын сургалтын чанар муу байгаа учраас нийтээр нь доош дараад байгаа болов уу. Гэхдээ орон нутгийн сургуулиуд яалт ч үгүй сайн гэдгийг бид харлаа шүү дээ. Лаборатори сургуулиуд, Кембирижийн хөтөлбөртэй сургуулиуд яагаад сайн байх ёстой юм гэхээр сайн хүүхдүүдийг шилээд авчихдаг. Яг олимпийн систем шиг багаас нь тамирчдаа шигшиж аваад тусгай бэлтгэл хийхээр мэдээж өндөр амжилт үзүүлнэ. Гэтэл тэр алслагдсан суманд байгаа хүүхэд яаж ч бэлтгэл хийгээд шигшээ багийн тамирчин шиг болохгүй. Энэ чинь л боловсролын тэгш бус байдал. Тиймээс багаас нь сайн хүүхдүүдийг шигшиж аваад тусгай хөтөлбөрөөр бэлтгэчихсэн дээрх сургуулийн хүүхдүүдийн амжилт өснө үү гэхээс хэзээ ч буурахгүй нь тодорхой шүү дээ.

-Эндээс харахад хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлье гэвэл бараг сайн сургалттай аймаг руу нүүмээр ч юм шиг санагдах юм. Та ч энэ талаар сэтгэгдэлдээ тусгасан харагдсан?

-Өвөрхангай, Дорнод гээд тогтмол амжилт үзүүлдэг аймгууд байна. Хотын төв рүү сайн сургуульд хүүхдээ өгнө гэж хэдэн саяар нь мөнгө төлж, түгжрэлд стресстэж цагаа үрэхээр бараг орон нутагт зарлага багатай, амгалан тайван орчинд сургах зүгээр ч юм шиг. Хүүхдийн сургалтад орчин нөхцөл маш их нөлөөлдөг. Тэгэхээр 30, 40 саяар сургуульд сургах уу, хөдөө орон нутагт ялгаагүй боловсролыг зардал багатай олгох уу гэдгийг бас бодох л хэрэгтэй. Англи хэлний дээд оноог орон нутгийн сурагчдаас олон хүүхэд авч чадаж байна шүү дээ. Товчхондоо олон сая төгрөг төлж авдаг боловсролыг орон нутгийн сургуулиуд дутахааргүй олгож байгааг ЭЕШ-ын дүнгээс харж болно

-Жилд өчнөөн саяар нь төлж англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг авдаг. Гэтэл орон нутгийн сургуулийн захын нэг багшийн бэлдсэн хүүхдүүд дөрөв, таваараа математикийн хичээлийн дээд оноог авсан байсан. Тэгэхээр сайн боловсролыг үнэтэй сургуулиас илүү чадвартай багш л олгодог юм байна. Тийм үү?

-Боловсролын систем гэж юу юм бэ гэдэг чинь энэ. Ганцхан сайн багш орчиндоо маш олон эерэг нөлөө үзүүлдэг. Сайн багш нараас суралцах ёстой. Гэтэл хотын захын сургуулиудын зарим багш нар “Манай сургууль угаасаа муу” гээд сэтгэл гаргаж ажиллахгүй, сурагчдыг зөнд нь хаячихдаг. Бид багш нарыг чадваржуулах ёстой. Боловсролыг жигд түгээх ёстой. тусгай хөтөлбөрөөр ялгаж сургахаас илүүтэйгээр багш, суралцагч хоёрыг аль алийг нь сайжруулах ёстой. 20 жилийн өмнө бид бараг гар утас гэж мэддэггүй байлаа. гэтэл технологи үсрэнгүй хөгжөөд өнөөдөр гар утасгүй, интернэтгүй хүн үгүй. Юм ингэж хурдацтай хөгжиж байхад манайхан багш нараа хөгжүүлэх, чадваржуулахаа орхигдуулчихсан. Хуучны арга барилаараа яваад байна.

-Багш, суралцагч хоёрыг зэрэг сайжруулахын тулд яах ёстой юм бэ?

-Манайхан багшаа сургая гэхээр хотоос нэг багш аваачиж семинар хийдэг. Аймагт байрлуулахын тулд буудал, хоол унд гээд зардал гаргадаг. Түүнчлэн сумдаас багш нараа цуглуулж авчирна гээд асар их үнэгүй зардал гаргадаг хэрнээ үр дүн муутай. Тэгвэл одоо цахим системийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Цахим сургалтыг дутагдалтай гэдэг ч ололттой тал үүнээс их. Харин танхимын сургалтад дутагдалтай тал бас бий. Тухайн хичээлийг орж буй багшийн хичээл зүтгэлээс бүх зүйл хамаардаг. Танхимаар хичээл орж байгаа үед багш хичээлээ цагтаа багтаахын тулд заагаад дуусгана уу гэхээс сурагчдын асуултад нэг бүрчлэн хариулах, харилцан ярилцах боломжгүй байдаг. Энэ бол сул тал. Тэгвэл цахим, танхим хоёрыг хослуулах хэрэгтэй. Ингээд ирэхээр нэг сайн багшийн хичээлийг хүүхэд ч үзнэ. Багш ч үзнэ. Аль аль нь сайжирна. Иймэрхүү байдлаар бүгдээрээ зэрэг сурах ёстой. Танхимд байгаа багш цахим сургалтын дутагдалтай талыг нөхнө. Сурагчдын асуултад хариулна, даалгавар өгнө, шагална. Үнэгүй зардал гаргаж семинар хийх байдлыг халах хэрэгтэй.

-Ер нь ЭЕШ-ын чанарын үзүүлэлт өмнөх жилүүдээс өссөн үү, буурсан уу?

-Нэгдсэн байдлаар харахаар буурсан үзүүлэлттэй байна. Яг одоогийн байдлаар хичээл бүрээр нарийвчилж гаргахаар сууж байна. Жишээлбэл, математикийн хичээлийн голч оноо энэ жил 22. Өнгөрсөн жил голч нь бараг 23 оноо байгаа. Өмнөх жилийнхээс математикийн шалгалт өгсөн хүүхдүүдийн чадвар буурсан байна гэж ойлгож болно.

-Боловсролын чанар улсын хэмжээнд буураад байна л гэсэг үг биз дээ?

-Тийм. Нөгөө талдаа хүүхдүүд хангалтгүй оноо аваад байгаа нь шалгалтын материал чанаргүйжиж байгаатай холбоотой. Өмнөх жилүүдийн шалгалтын материалыг хооронд нь харьцуулж үзээд түвшинг тодорхойлж, сул байвал чанаржуулах хэрэгтэй.

-Энэ жил хими, физикийн шалгалт өгсөн хүүхдийн тоо болоод онооны үзүүлэлт бараг зэрэг өссөн үзүүлэлттэй гэж байсан. Сүүлийн хоёр жил эмчийн мэргэжлээр сурвал төрөөс төлбөрийг хөнгөлнө. Ер нь цаг үетэй холбоотойгоор эмч мэргэжил эрэлттэй байгаа нь нөлөөлсөн байж болох уу?

-Магадгүй. Яг энэ талаар холбогдох судалгаа хийж үзээгүй болохоор шууд тэгсэн гэж хэлэх боломжгүй. Эмч мэргэжил эрэлттэй, ажлын байр ихтэй юм байна гэсэн ойлголт үүсч болно.

-ЭЕШ өгсөн хүүхдүүдийн оноог бодохдоо хэмжээст оноо гэж яриад байгаа. Үүнд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэмжээст оноо медиан буюу дундаж оноо хоёр ялгаатай юу?

-Хэмжээст оноог болих хэрэгтэй. Энэхүү оноог хэвийн тархалтаар гаргадаг. Хэвийн тархалтад зориулаад хийчихээр хэмжээст оноогоор хэвийн юм шиг харагдана. Хэвийн юм шиг харагдуулж хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулна. Гэтэл медиан буюу дундаж голч оноогоор нь аваад үзэхээр тэс өөр. Их сургуулийн босго хангаж байгаа хүүхдийн хэмжээст оноо 400 гэх юм бол монгол хэл, математик 400 л байна. Яг медианаар нь аваад үзэх юм бол зөрүүтэй. Тиймээс хэмжээст оноо гэж хүмүүсийн толгойг эргүүлэхээ болих хэрэгтэй. Зөвхөн анхны оноо буюу 100 онооноос хэдэн оноо авсан гэдгээр л бодох хэрэгтэй. Их, дээд сургуулийн хэмжээст онооны доод босго оноо 400 гэж байгаа. Яаж тогтоодог гэхээр нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 15 хувийг их, дээд сургуулиудад оруулахгүй л гэсэн босго. Түүнээс юу мэддэг нь сонин биш. Энэ жил 40 мянган хүүхэд шалгалт өгсөн бол 85 хувь буюу 34.000 хүүхэд сургуульд орно л гэсэн үг.Өнгөрсөн жил ойролцоогоор 12.000 хүүхэд ЭЕШ өгсөн. 85 хувь гэхээр 10.200 хүүхэд сургуульд орсон гэсэн үг. Тиймээс хэмжээст оноогоо болиод голч оноогоо л өсгөх талаар бодох хэрэгтэй.Яагаад медиан оноог гаргаад байгаа юм гэхээр жишээлбэл, нийгмийн хичээлийнх 60 орчим, математикийнх 20 орчим ингээд харахаар нэгнээсээ бараг гурав дахин зөрүүтэй. Манай багш нарын зорилго бол медиан оноо буюу голын оноогоо л өсгөх. Хичээлүүдийг юугаар нь сайн, муу гээд ялгасан гэхээр өндөр медиантайг нь сайн, бага медиантайг нь муу гэсэн байгаа. Бага медиантай нь математик, хими, физик, англи хэл. Орчин үед бүх мэдээллийг англи хэлээр авах боломжтой байхад бид англи хэл дээрээ муу байна. Эх орноо хөгжүүлье гэвэл байгалийн шинжлэх ухаан буюу математик, физик, химийн медианыг өсгөх ёстой. Тоон үзүүлэлтүүдийг гаргаж ирээд байгаа шалтгаан, зорилго маань энэ голч оноог л дээшлүүлэх. Голч оноо дээшлээд ирэхээр хүүхдүүдийн мэдлэг сайжирч байна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно

Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна. Дээрх өдрүүдэд нийтийн тээврээр зорчих иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Өөрчлөлт орж буй чиглэлүүд

  1. Ч:1 5- Шар – Офицеруудын ордон
  2. Ч:2 Шархад – МУБИС – 3,4-р хороолол
  3. Ч:3 Зүүн салаа – Халдварт
  4. Ч:7 Нисэх-МУБИС-Ард КиноТеатр
  5. Ч:8 Хайлааст-МУБИС-Цэцэг Төв
  6. Ч:18а 3,4-р хороолол-Ард кино театр -ТЭЦ 3
  7. Ч:18б 3,4-р хороолол –ТЭЦ 3-Цэцэг төв
  8. Ч:19а Цагаан даваа-Офицеруудын ордон -32 тойрог
  9. Ч:19б Цагаан Даваа –Сансар –Офицеруудын ордон
  10. Ч:23 Чингэлтэй ЗүрхУул -МУБИС-Цэцэг төв
  11. Ч:28 Сэлх-7 Буудал-Ард
  12. Ч:29 Сэлбэ-МУБИС-Вокзал
  13. Ч:30 Жанжин клуб-МУБИС-Ард кино театр
  14. Ч:34 Шархад-Сансар-Цэцэг төв-ТЭЦ 3
  15. Ч:37 Улаанхуаран-4-р хороолол
  16. Ч:40 Мах Импекс-Тэнгис-Улаанхуаран
  17. Ч:43 Баянхошуу-Ард-Бөмбөгөр
  18. Ч:47 Орбит-Ард кино театр
  19. Ч:48 Зүүн салаа -Чингэлтэй-МУБИС
  20. Ч:50 Улаанхуаран – Мишээл
  21. Ч:51 3,4-МУИС-Дүнжингарав
  22. Ч:52 3,4-Тэнгис-Зайсан
  23. Ч:53 Яармаг-АРД кино театр
  24. Ч:55 Зайсан –Дэнжийн 1000-ЗГАБ-СоготГу
  25. Ч:57 Улаанчулуут-Их наран -МУИС
  26. Ч:58 Мишээл-3,4 хороолол
  27. Ч:59 ХМК – Офицеруудын ордон
  28. Ч:61 Мишээл-120 Мянгат-Офицеруудын ордон
  29. Ч:63 Хан Хилс –Ривер Гарден –Цэцэг Төв-МУБИС
  30. Ч:66 Зайсан –Цэцэг төв-11-р хороолол
  31. Ч:69 Зунжин-7 буудал-Ард-ТЭЦ3
  32. Ч:70 ТЭЦ 3-Бөмбөгөр-Ард кино театр
  33. Ч:72 Богд хан-Зайсан –Сүхбаатарын талбай
  34. ХО:2 Шарга морьт-Дүнжингарав
  35. Т:2 5Шар~ОФИЦЕР~Ботаник
  36. Т:5 Офицеруудын ордон~III,IV Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Categories
мэдээ улс-төр

Г.Амартүвшин: Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт оруулж, Солонгосын ЭКСИМ банкны жишгээр явах юм билээ

– КОЙН БОЛ МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ –

УИХын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


Намрын чуулганаар нэлээд хэдэн ач холбогдолтой хуулийн төслүүд хэлэлцэгдэх нь гэж харсан. Таны хувьд намрын чуулганаар ямар хуулийн төслүүд хэлэлцүүлэхээр ажиллаж байна вэ?

-Намрын чуулганаар 73 хуулийн төсөл хэлэлцэгдэхээр байна. Миний хувьд Газрын багц хуулийн төсөл, Даатгалын тухай хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Даатгалын салбарын тогтолцоог шинэчлэх цаг аль хэдийнэ болсон гэж харж байгаа. Жолоочийн албан журмын даатгалд зөрчил гаргахгүй жил бүр хураамжаа төлдөг жолооч нар урамшуулал хүртэх ёстой. Харин зөрчил дутагдал гаргадаг жолооч нарын хураамж нь жил бүр нэмэгдээд явах ёстой. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллана. Дээрээс нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ. Уул уурхайгаас олж байгаа орлогыг тэр дор нь зарцуулаад явах бус ирээдүйд иргэдийнхээ баялгийн хуримтлалыг үүсгэх зарчмаар явах нь чухал байдаг. Сингапур, Казахстан, Норвеги, Канадын жишээнээс бид харж болно. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Банк санхүү, санхүүгийн зах зээлтэй холбоотой хуульд илүү анхаарч ажиллах бодолтой байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Засгийн газар ковидын дараах эдийн засгийг дэмжих багц хууль оруулна. Хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, танхимын тухай хуулийг багцлаад хэлэлцүүлэх байх. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Хөшигтийн хөндийг тойрсон чөлөөт бүсийг байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийг шийдэх, газрын олголтыг эмх замбараатай олгох юм бол бүхэл бүтэн эдийн засгийн бүс бий болох боломж бүрдэнэ. Олон улсын шуудан буухиагийн төв, гадны жуулчид ирээд амардаг цогцолбор ч байгуулж болно. Дээрээс нь урт хугацаандаа нийслэлийн түгжрэл бөөгнөрлийг сааруулах ач холбогдолтой.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Хуулийн төсөлд зах зээлд гарч байгаа койнуудыг ямар зохицуулалтаар тусгаж байна вэ. Олон нийтийн дунд койн худалдаж аваад ихээхэн ашиг олох юм шиг төөрөгдөл үүсээд байна уу?

-Эдийн засгийн байнгын хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хуулийн талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийлээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг батлах гол шаардлага нь ФАТФ-ын зөвлөмж дээр үндэслэсэн. Түүнчлэн иргэдийн зүгээс криптовалют буюу койнуудын талаар бүрэн ойлголтгүйгээс болж цахим залиланд өртөх магадлал өндөр байна. Криптовалют бол төлбөрийн хэрэгсэл биш. Энэ хуулийн гол зорилго нь хуулийн төсөл батлагдвал зах зээлд гарч байгаа койнуудыг бүртгэлжүүлж, койныг гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлагууд тавина.

Одоохондоо манай улсад койн гаргаж байгаа ААН, иргэн ямар ч бүртгэлгүй. Засгийн газрын зүгээс энэхүү хуулийг өргөн барьсан шалтгаан бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх мөнгөний урсгалыг таслан зогсооход чиглэгдэж байгаа юм. Дэлхий даяар криптовалютаар хууль бус санхүүгийн гүйлгээ хийгдэж байна. Энэ мэт гүйлгээг манайх ямар нэгэн байдлаар газар авахуулахгүй байх, түүнийг хянах, шалгах цаашлаад таслан зогсоох зориулалттай хуулийн төсөл. Энэ хуульд ганц хоёр заалт нэмж оруулах ёстой гэж би үзэж байгаа. Нэгдүгээрт, криптод хөрөнгө оруулж байгаа иргэдийг төөрөгдүүлэхгүй байх, эрсдэлийг маш тодорхой тайлбарлаж өгөх, маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Койн гаргаж буй ААН-үүд маркетингээ маш сайн хийж, иргэдэд өргөн цар хүрээтэй хүрэх арга хэмжээ аваад байдаг. Үнэн хэрэгтээ богино хугацаанд койны үнэ өсөөд тодорхой хугацааны дараа буурдаг. Ямар ч баталгаа байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Койн гаргасан ААН-үүд хэзээ ч баталгаа гаргахгүй. 100 төгрөгөөр койн худалдаж аваад 50 төгрөгөөр буурвал зөрүү алдагдлыг койн гаргасан ААН төлөхгүй. Төр засгаас ямар нэгэн төлбөр өгөхгүй. Маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт. Тиймээс энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа ААН-үүд иргэдэд эрсдэлийг тайлбарлаж, гэрээ байгуулахдаа ямар нэгэн баталгаа өгөхгүй гэдгээ дахин дахин сануулж байх хэрэгтэй байна.

-Хуулиараа койн гаргаж байгаа ААН-үүдэд эрсдэл үүсвэл хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулж өгөх боломжтой юу?

-Энэ хуулийг дагаж зарим хуульд өөрчлөлт орж байгаа. Жишээ нь, Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байна. Одоогоор криптовалюттай холбоотой эдийн засаг санхүүгийн гэмт хэрэг гэсэн ойлголт байхгүй. Тиймээс үүнийг хуульд тусгаж оруулж өгч байгаа юм. Баруунд pumbing, dumping гэх стратеги тактик байдаг. Энэ нь койны үнийг янз бүрийн сошиал маркетингийн аргаар хөөрөгдүүлж өндөр үнээр койноо зараад хаячихдаг. Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэл манайд байна. Янз бүрийн койн хоорондоо худалдаалдаг платформууд бий. Тэрэн дээр худалдаж авсан койноо зарах гэхээр гэнэт сервер нь унадаг. Үүнийг үйлчилгээ үзүүлж байгаа ААН койныг зарахад IT систем тасалдалгүй ажиллах ёстой гэх шаардлагыг хуульд тусгаж байгаа. Монголбанкны байр суурь бол маш тодорхой. Койн бол Монгол Улсын хуулийн дагуу төлбөрийн хэрэгсэл биш. Энэ бол цэвэр өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Ямар нэгэн ААН койн гаргаад сошиал инфлүүсер олны танил хүмүүсээр сурталчлуулаад үнийг хөөрөгдүүлж байгаад их хэмжээний алдагдалд хүрвэл бүлэглэсэн гэмт хэрэг болох эрсдэлтэй. Криптовалютын цаана нь байгаа блокчейн технологи бол мундаг технологи. Дэлхий даяар энэ технологийг өргөн цар хүрээтэй хэрэглэж байгаа. Өнөөдөр манай улс гадаад улс руу мөнгөн гуйвуулга хийхэд маш хоцрогдсон өндөр өртөгтэй систем хэрэглэдэг. Блокчейн ашиглах юм бол гадаад төлбөр, гүйлгээг тэр дороо маш хямд үнээр хийгдэх боломжтой. Бид үүнийг ашиглах хэрэгтэй. Өнөөдөр койны тодорхой хэмжээний давлагаа үүсчихлээ. Үүнийг ашиглаж жижиглэнгийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө алдах юм бол зах зээлийн тогтвортой байдалд маш том эрсдэл учруулна. Койныг хөрөнгө оруулалтын хэлбэр гэдгийг манайх хуулиар хүлээн зөвшөөрөх гэж байна. Бусад орнууд бүрэн хориглочихсон, эвсэл манайх шиг хуульчлаад зөвшөөрнө, гэхдээ хяналттай байлгана гэсэн үг. СЗХ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудыг бүртгэх болохоос тусгай зөвшөөрөл олгож байгаа зүйл огт биш. Койн худалдаж аваад эрсдэл үүсвэл төр засаг хариуцахгүй. Алдагдлаа иргэд өөрсдөө хүлээнэ. Маш өндөр эрсдэлтэй, савлагаатай хөрөнгө оруулалт учраас би маш хатуу байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдад олон давуу тал үүсэх байх гэж хараад байгаа?

-Энэ хуулийн талаар Засгийн газраас санал авна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэх хууль манайд үйлчилдэг. Ингээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз, бичиг цаас тамга тэмдгээ хөөцөлддөг. Дэлхийд ийм ойлголт байхгүй. Эхлээд компани нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой болсны дараа хөрөнгө оруулдаг. Бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадаад дотоод хөрөнгө оруулагч гэдэг ялгааг арилгах хэрэгтэй. Засгийн газар экспортоо дэмжиж, гадны валютын урсгалаа баталгаатай болгох ёстой. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны бүтцэд өөрчлөлт хийх шийдвэр гарсан байна лээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг Солонгосын ЭКСИМ банкны жишиг хувилбараар явъя гэж байгаа юм. Намайг Хөгжлийн банкны захирал байхад Засгийн газар олон улсын жишигт нийцүүлсэн удирдлагын систем тогтолцоонд оруул гэх чиглэл өгч байсан. Тэр үед дотооддын журам зэргийг боловсруулж ажил эхлүүлсэн ч зургаан сарын дотор гүйцээж хийж амжаагүй юм.

-Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банк шинээр зээл олгох нь битгий хэл татан буугдах хэмжээнд хүрсэн гэж хэлсэн. Үнэхээр тийм байдалд хүрчихсэн юм уу. Таныг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад банкны нөхцөл байдал ямар байсан бэ?

-Миний хувьд энэ цочирдом мэдэгдэл биш байсан. Намайг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад 2.8 их наядын зээлийн багцийн бараг тал нь төлөгддөггүй байсан. Одоо мэдээлэл авахад тэр хэвээрээ л байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь авсан том том зээлүүд нь төлөгдөхгүй байна гэсэн үг. Томоохон зээлүүд болох Эрэлийн зээл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зээл, MDM компанийн зээл, Хөтөлийн цементийн зээл, Алт-1 хөтөлбөрийн зээлүүд, Капитал банкны зээл, Чингис хаан банкны зээл байна. Одоо хүртэл ямар нэг хөдөлгөөн ороогүй, төлөгдөөгүй. 2.8 их наяд төгрөгийн зээлээс 1.1 их наяд төгрөг нь төлөгдөхгүй байна. Үүнээс болж банкны үйл ажиллагаа доголдож, шинээр зээл гаргах боломжгүй болчихоод байгаа юм. Энэ мэт томоохон зээлүүд төлөгдөхгүй байгаагаас Хөгжлийн банк асуудалд орж байна. Сүүлийн үед сошиал, сөрөг хүчин, төлөгдөхгүй байгаа томоохон зээлийг авсан нөхдүүд намайг Хөгжлийн банкны захирал байхдаа муу зээл гаргасан, түүнээс болж санхүүгийн хүндрэлд орчихлоо гэж гуйвуулж гүтгэж байна. Энэ бүхэнд би хариуцлага тооцно. Би өмнө нь хэд хэдэн удаа хэлсэн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал зээл олгох эсэхийг шийддэггүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргадаг. УИХ-ын гишүүн болсноос хойш залуу гишүүдтэй хамтарч ажиллаж байгаа болохоор гүтгэлгийн шинж чанартай зүйл яваад байна. Намайг гүйцэтгэх захирлын албан тушаалыг авахад банкны дотоод дүрэм журмыг шинэчлэх, бүтцийн өөрчлөлт хий гэх даалгаврыг Засгийн газраас өгсөн. Би орон тооны 15 хувийг цомхотгож, зардлыг хэмнэсэн. Муу зээлүүдийн араас хөөцөлд хэмээн даалгавар өгч, чанаргүй зээлүүдийг төлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Түүнээс гадна экспортыг дэмжих төслүүдийг Засгийн газрын бодлогын дагуу Хөгжлийн банкны шалгуурыг давж байвал зээл гарга гэдэг үүрэгтэй ажилласан. Хөгжлийн банк арай ч Капитал банк шиг дампуурчихгүй байх. төрийн өмчит банк шүү дээ. Харин муу зээлүүдээ эргэн төлүүлэхэд маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин хонь өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 27, Сугар гариг. Билгийн тооллын 20, Шийдэм одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 06:04 цагт мандан, 19:44 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод- Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.