Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Паралимпийн наадамд оролцох монгол тамирчдын хоёрдугаар ээлж Япон улсыг зорилоо

“Токио-2020” зуны паралимпийн XVI наадамд оролцох баг тамирчдын хоёрдугаар ээлж өнөөдөр Япон улсыг зорилоо.

Уг наадамд Монгол Улсын баг буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Монгол тамирчдын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд жүдоч С.Ядамдорж, А.Мөнхбат нар VII байр эзэлсэн билээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин, Си Жиньпин нар утсаар холбогдов

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар лхагва гаригт утсаар холбогджээ. Хоёр орны удирдагчид юуны өмнө Афганистан дахь нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр В.Путин, Си Жиньпин нар Афганистанд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулж, хөрш зэргэлдээх орнуудад сөргөлдөөн үүсгэхгүй байхад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үүрэг оролцоо чухал болохыг онцолжээ.

Мөн Афганистанаас учирч буй терроризмын аюул, мансууруулах бодисын наймаатай хийх тэмцлээ эрчимжүүлэхэд бэлэн байгаа. Түүнчлэн Афганистан улсад энх тайван тогтоохын төлөө гэдгээ илэрхийлсэн байна. В.Путин, Си Жиньпин нар утсаар холбогдох үедээ найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойн сэдвийг хөндөж, хоёр орны стратегийн түншлэлийг тогтвортой хөгжүүлнэ гэдгээ цохон тэмдэглэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ спорт цаг-үе

FIBA 3×3 тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг түрүүлжээ

Египет улсын Кайр хотноо болж буй “FIBA 3×3 U23 Nations league Asia Africa” тэмцээний буюу Ази/Африкийн конференцийн гурав дахь өдөр Монголын эрэгтэй, эмэгтэй баг бүтэн багаараа түрүүллээ.

Мөн тус тэмцээний тохолтын тэмцээний аваргаар Монголын Улсын 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ багийн тоглогч Б.Сүхбат шалгарлаа.

Сонирхуулахад, U23 насны FIBA 3×3 төрлийн нийт зургаан тэмцээн зохион байгуулагдах бөгөөд маргааш “FIBA 3×3 U23 Nations League Asia Africa Stop-3” тэмцээн болно.

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүд хүүхдээ цахим болон танхимын аль ч хэлбэрээр сургалтад хамруулж болно

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах талаар сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хариулт өглөө.
Тэрбээр “Хоёр сайдын хамтарсан тушаалын дагуу боловсролын байгууллагуудад сургалт явуулж байгаа. Сургалтаар халдварын тархалтаас сэргийлэхийн тулд анги танхимд ямар дэглэм баримтлах, халдвар гарвал ямар хариу арга хэмжээ авах талаар мэдээллийг өгч байна. Тухайлбал, үдийн цайгаа уухдаа хоорондоо ярихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг сургууль, багш нарт зөвлөж байгаа.
Харвардын их сургуулиас гаргасан мэдээллээс харахад бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байдаг учраас шинэ төрлийн коронавирусийн халдвараар нийт хүүхдүүд өвчлөхдөө хүндрэх эрсдэл байгааг дурдсан байна.
ЕБС-ийн хувьд танхимаар болон цахимаар хичээллэх бөгөөд эцэг эхчүүд ямар хэлбэрээр хичээлд хамруулахаа сонгож болно.
Хэрвээ коронавирусийн халдвар 10 жил үргэлжилбэл хүүхдээ тухайн хугацаанд гэрт нь байлгаж болохгүй. Хүүхдийн тархи эрчимтэй хөгжиж байгаа үед нь нийгмийн харилцаанд оролцуулах, ганцаардах, сэтгэл гутралаас хамгаалах ёстой. Хүүхэд хөдөлгөөнтэй байж мэдрэлийн эсүүдийг сэргээж хөгжүүлдэг. Тийм учраас хүүхдээ сургуульдаа явах нөхцөлөөр хангахын тулд эцэг эхчүүд хурим найр хийхгүй байх, олуулаа уулзахаас татгалзах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй” гэдгийг хэллээ.
“Сургууль эхэлснээр халдвар нэмэгдэж байгаа юм биш. Халдварын давалгаа хэдийн эхэлсэн”
Үргэлжлүүлэн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Танхимын сургалт эхэлсэн байгаа улс орнуудын статистикийг харвал сурагчид анги танхимаас гэхээсээ илүүтэй гэр бүлийнхнээсээ халдвар авах тохиолдол өндөр байна.
Нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцож буй 30 орчим насныхны вакцины хамрагдалт бусад насны бүлгийнхэнтэй харьцуулахад хамгийн бага байгаа. Түүнчлэн яг энэ насны бүлгийнхэн бага насны хүүхэдтэй. Тиймээс энэ насныхан хариуцлагатай байх хэрэгтэй.
Сургууль эхэлснээр халдвар нэмэгдэж байгаа юм биш. Халдварын давалгаа хэдийн эхэлсэн. Энэ давалгааг даамжруулахгүй байх боломж эцэг, эхчүүдэд бий” хэмээн ярилаа.
Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Эмгэнт хошууны хүрэл дуулгат дөрвөлжин булш

Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны соёлд хамаарна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хантай багийн төвөөс зүүн урагш 30 гаруй км зайд, Эгийн голын хойд талын Баруун бэлсэгийн аманд орших хадтай хошууг Эмгэнт хошуу хэмээн нэрлэнэ.
Энд 10 гаруй дөрвөлжин булш, хиргисүүр бий. Эдгээрээс гурав дахь дөрвөлжин булш /5×7 м хэмжээтэй/-ийг 1992 онд малтан шинжилсэн. Зүүн урагшаа хандуулсан оршуулгын энэ байгууламжийг 70 см хүртэл гүн малтах үест адууны толгойн ясны үйрмэг хэсэг, шүд, эрүүний яс олдож 100 см гүн малтахад оршуулгын нүхэнд хүрчээ. Оршуулгын нүх нь гаднах байгууламжийн адил азимутын 125 хэмийн чиглэлтэй байв. Булш маш ихээр тоногдсон байсан учраас оршуулгын нүхэнд хүнээ хэрхэн яаж оршуулсан болох нь мэдэгдээгүй бөгөөд нүхний байдлыг ажиглахад зүүн зүг хандуулж тавьсан бололтой байжээ. Булш хэдийгээр тоногдсонч нүхний баруун хананд шахаж тавьсан хүрэл дуулгаас гадна толгойн талаас нь ваарны гурван ширхэг хагархай, нэг ширхэг хүрэл товруу, нэг ширхэг оюу зүүлт, богийн шагай зэрэг зүйлс гарсан байна. Эдгээр олдворыг дор бүрд нь тодруулбал:
Хүрэл дуулга нь орой дээрхи сэнжийг нь оролцуулан 22 см өндөр, урдаасаа хойшоо эгц харсан. Өргөнөөрөө 22 см, зүүнээс баруун тийш эгц харсан өргөнөөрөө 16 см байв. Дуулганы нүүр болон шилэвч тал нь ялгарч мэдэгдэхгүй, урд хойд хоёр тал ижил хэмжээтэй, хоёр шанаавчны доод ирмэгт 6-7 мм дугуй голчтой бүч сүвлэх нүхтэй аж. Дуулганы зах ирмэгийг 5 мм өргөнтэй товгор хүрээгээр эмжин хүрээлжээ. Орой дээрхи гогцоо нь 2 см өндөр, 3,5 см өргөн, 1 см бүдүүн юм. Хүрэл товруу нь 9 мм голчтой, тал бөмбөлөг, ардаа зүүлтний сэнжтэй, оюу зүүлт нь 6×8 мм хэмжээтэй, 2 мм зузаантай, голдоо нүхтэй, ваарны хагархай хэсэг нь хар хүрэн шаварлаг шороогоор зуурч, шатааж хийгдсэн байв.

Зургийн тодорхойлолт алга байна.

Дурдсан хүрэл дуулгыг монгол нутгаас олдсон хадны сүг зураг, БНХАУ-ын Өвөрмонголын нутгаас олдсон хүрэл дуулгуудтай харьцуулан НТӨ XI-VII зууны үед холбогдох дурсгал гэж судлаачид тогтоожээ.
Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: С.Ядамдорж Узбекистаны бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

С.Ядамдорж дагах барилдаанд 2016 оны Риогийн олимпын аварга Узбекистаны Шерзод Намазовт хоёр вазари үнэлгээ алдан цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр өглөө Булган аймгийн Баян-Агт сумаас зүүн урд зүгт 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлт наймдугаар сарын 27-ны 04:06:15 цагийн орчимд тус сумаас зүүн урд зүгт 23 километрын зайнд болсон байна.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ДЭМБ энэ намар шинэ тахалд бэлэн байхыг анхааруулав

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус улс орнуудыг энэ намар дахин шинэ тахлын эсрэг бэлтгэлтэй байж, хариу арга хэмжээ авахыг уриалав. Тэрбээр энэ талаар Жене хотноо болсон мэдээллийн үеэр ДЭМБ-ын “Твиттер” хуудсаар дамжуулан мэдээлэв.

Түүний хэлснээр, Дэлхийн нөхцөл байдал хэдийгээр тогтворжиж эхэлж байгаа ч өвчлөл, нас баралтын түвшин маш өндөр хэвээр байна.

“Ирэх гурван сар бол ирээдүйд дэгдэх тахлын эсрэг бэлтгэл хийх, хариу арга хэмжээ авах чухал үе байх болно” хэмээн Гебрейесус хэлэв.

Дэлхий дээр өдөр бүр илэрч байгаа коронавирусийн халдварын тохиолдол, нас баралтын тоо тогтворжиж байгааг ДЭМБ-ын тэргүүн онцлов. Гэсэн ч, энэ тогтвортой байдал маш өндөр түвшинд байгаа, учир нь халдварын 4,5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, өдөрт 68 мянган хүн барж байгааг ч онцоллоо.

Өмнө нь, ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан коронавирус нь Энэтхэгт эндемик шинжтэй өвчлөл болсон гэж мэдэгдэж байв. Эндемик гэдэг бол зөвхөн тухайн бүс нутагт тархсан өвчлөл бөгөөд Энэтхэг улс яг одоогийн байдлаар өвчний дэгдэлт зөвхөн тус улсын зарим бүс нутагт дэгдээд байгаа юм.

Наймдугаар сарын 14-нд ДЭМБ-аас мэдээлснээр, Дэлхий даяар хүүхдүүдийн дунд “COVID-19” коронавируст халдвараар нас барах тохиолдол, эзлэх хувь нэмэгдэж байгаа ба энэ нь ихэвчлэн хүн амын вакцинжуулалт өндөртэй улс орнуудад ажиглагдаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Сайханбаяр: Спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгохоо болино

Зэвсэгт хүчний харъяа урлаг, спортын байгууллагад ажиллаж буй тамирчид, уран бүтээлчид амжилт гаргасан тохиолдолд цэргийн цол олгодог. Энэ жишгийг өөрчлөхөөр болжээ.Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цахим хуудсандаа “Цэргийн цол олгох журам шинэчлэгдэнэ. Спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаад иргэд, олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Иймд Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол оюутнууд Макаогийн их сургуулиудад жилд 35 сая төгрөгийн тэтгэлэгтэй суралцах боломжтой боллоо

Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас хүсэлт тавьсны дагуу уг тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал албан ёсоор илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар есөн орны оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн Их дээд сургуулиудад суралцаж байна. Тэтгэлгийг Макаогийн шилдэг 6 их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100.000 макао патака (ойролцоогоор 35 сая төгрөг)-ийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм.

  • Макаогийн Их сургууль (The University of Macau),
  • Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology),
  • Макаогийн Сити их сургууль (City University of Macau),
  • Гэгээн Жозефийн их сургууль (University of St. Joseph),
  • Макаогийн Политехникийн институт (Macao Polytechnic Institute)
  • Макаогийн Аялал жуулчлал судлалын их сургууль (Macao Institute of Tourism Studies) гэсэн 6 их сургуульд монгол оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээх боломж нээгдэж байна.