Categories
мэдээ нийгэм

Үзэсгэлэн худалдааг энэ сарын 31 хүртэл үргэлжлүүлэх хүсэлт гаргажээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан. Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон юм.

Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31 хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий м­­енежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж оролцож байна. УОК, НОК-оос гаргасан түр журмын хүрээнд нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулан ажиллаж байгаа” гэлээ.

Энэ үеэр иргэд хүссэн бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос авах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж байлаа. Мөн автомашингүй гудамж нь иргэдэд идэвхтэй хөдөлгөөн хийхэд чухал ач холбогдолтой байгааг хэлж байв.

Автомашингүй гудамжнаас бусад замаар наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх тул иргэд та бүхэн ажлаа төлөвлөн, замын хөдөлгөөнд оролцоорой.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ХМХА: Импортын бараа бүтээгдэхүүнийг 151 үзүүлэлтээр шинжилж байна

Замын-Үүд боомт дахь Хилийн хяналтын алба өнгөрсөн долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 25-ыг дуусталх хугацаанд 2394 аж ахуйн нэгж, иргэний 1.1 тэрбум гаруй тонн, 4.1 сая ширхэг икспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийн ажиллажээ. Мөн импортын хяналтын хүрээнд 24 мянга гаруй, экспортын хяналтын хүрээнд 19 мянга гаруй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилласан байна.

Мөн бараа, бүтээгдэхүүний хувьд экспортын хяналтад 251 аж ахуйн нэгж, иргэний нэг сая гаруй тонн хамрагдаж, холбогдох зөрчил, дутагдлыг арилгаж, хяналтын ажлыг уртасгасан цагаар хийж байгаа гэнэ.

Энэ хүрээнд сүүлийн долоо хоногийн хугацаанд импортлосон бараа бүтээгдэхүүнээс 135 дээж сонгож авч, 151 төрлийн үзүүлэлтээр шинжилжээ. Улмаар шаардлага хангаагүй гурван эерэг сорьц илэрсэн байна. Үүнд нэр бүхий хоёр компанийн тээвэрлэж ирсэн тахина мөч болон цэцэг багтсан аж.

Categories
мэдээ нийгэм

Хаягдал гялгар уутаар нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэнэ

Өнгө нэм”, “Лантуун дохио” ТББ, “Пластик центр” ХХК хамтран “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар санаачилга гаргаад байна. Аяны нээлт өнөөдөр УИД-ийн урд талын “Фонтан”-д боллоо.

Улаанбаатар хотын иргэд жилд ойролцоогоор 44 мянган тонн гялгар уутыг хог болгон хаядаг бөгөөд ердөө дөрөв хүрэхгүй хувийг дахин боловсруулж, үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Тиймээс “Өнгө нэм” ТББ нь гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК болон хүүхэд хамгаалал, хөгжлийн “Лантуун дохио” ТББ-тай хамтран гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг санаачлан хэрэгжүүлж буй юм. Аянаар дамжуулан хүүхдэд ээлтэй орчныг бүтээх, олон нийтийг хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд нэгтгэх зорилготой гэдгээ санаачлагчид хэлж байна.

Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба уг аяныг дэмжин, хамтран ажиллаж байгаа юм. Аян бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд аянд нэгдэхдээ Улаанбаатар хотын иргэд томоохон супермаркетуудад байрлуулсан “Зүби” саванд цуглуулсан гялгар уутаа хандивлах аж. Аж ахуйн нэгж, байгууллагууд гялгар уутыг бусад хогноос тусад нь цуглуулан аянд нэгдэх боломжтой. Аяны хүрээнд цуглуулсан хаягдал гялгар уутаар нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

НЭМГ: 16 хүртэлх насныхныг амны хөндийн үзлэгт хамруулж байна

Зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээ түлхүү “Хүүхдийн шүдний аян” эхэлсэн.

Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв”-тэй хамтран дээрх аяныг зохион байгуулж байгаа юм.

Тус аян нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжилнэ.

  1. 0-16 насны хүүхдүүдэд цаг олголтыг түлхүү олгох буюу нийт цаг олголтын 70 хувийг эзэлнэ.
  2. Цаг олголт нь зөвхөн цахимаар олгогдоно.
  3. Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
  4. Үзлэг хийх өдөр: Даваа-Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд 3 удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Анхны 100 хувь дахин боловсруулсан хуванцар сандлыг гарган авчээ

Олон олон туршилтууд явуулсны эцэст анхны 100 хувь дахин боловсруулсан хуванцар сандлыг гарган авчээ. Энэ үр дүнд хүрэхийн тулд 100 гаруй нэг удаагийн хуванцар шөлний савыг буталж, хайлуулж шахсан байна. Үүний дараа сандал бэлэн болжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн эмч нар шинжилгээ авах, хадгалах аргыг сурлаа

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарыг сургалтад хамрууллаа.

НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтаар ЕБС-ийн багш нарт

  • “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”,
  • “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”,
  • “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь”, “Коронавируст халдвар (Ковид-19) ба сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар цахим хичээл заажээ.

Түүнчлэн Дүүргийн онцгой комисс, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарыг “Коронавируст халдвар (Ковид-19) илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, хадгалах, тээвэрлэх, бүртгэх, мэдээлэх” танхимын дадлага сургалтад хамруулж, дүүрэгчилсэн байдлаар зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр Баянгол дүүрэгт 63, Сонгинохайрхан дүүрэгт 82, Багануур дүүрэгт 14 эмч хамрагдсан бол, сүүлийн хоёр өдрийн сургалтаар Баянзүрх дүүрэгт 71, Чингэлтэй дүүрэгт 51, Хан-Уул дүүрэгт 45, Сүхбаатар дүүрэгт 72, Багахангай дүүрэгт 4, Налайх дүүрэгт 24 эмч халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцсан хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн халдвар авсан иргэдэд вакцины гурав дахь тунг хийхгүй

Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэхээр болсон.

Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна. Нийт 450 000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай.

Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авах юм.

Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн байна.

Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авчээ. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, “файзер” вакциныг гурав дахь тунд ашиглана.

“КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд мөн “Файзер” вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомстол үүсэхгүй гэдгийг С.Энхболд сайд хэллээ.

Мөн манай улсад цөөн тооны иргэн “Спутник V” вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа “АстраЗенека”, “Файзер” вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй.

Харин УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Бусад орнуудад ч “дельта” вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан.

“Файзер”, “АстраЗенека” вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа “Файзер” вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан” гэв.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Есдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар 20-30 хэм хүрч дулаарна

Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өдөртөө нутгийн зүүн хагаст бороо хур багатай байна.

2021 оны 08 дугаар сарын 27-ны 20 цагаас 08 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхтайваны өргөн чөлөөг автомашингүй гудамж болгон, зургаан байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан. Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон.

Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм.


Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангайд томографийн аппарат ашиглалтад орлоо

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Siemens healthineers брендийн томографийн аппарат ашиглалтад орж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилагдсан энэхүү аппарат нь 32 зүсэлттэй, сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм.

Жилдээ ойролцоогоор Архангай аймгийн 1000 орчим иргэн 13А маягтаар зөвхөн компьютер томограф аппаратаар оношилгоо хийлгэх болон 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явдаг байна.

Томографийн аппарат ашиглалтад орсноор иргэдийн Улаанбаатар хот руу өндөр зардлаар чирэгдэл болж явахгүй орон нутагтаа компьютерт томографийн оношилгоо хийлгэж, өвчнөө эрт үед нь оношлуулах бүрэн боломжтой болж байгаа юм.