Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Т.Тулга Японы Такүто Отогүрод 6:2 харьцаагаар ялагдлаа

Чөлөөт бөхийн -65 кг жинд зодоглосон Т.Тулга эхний шатанд 2018 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Японы Такүто Отогүро 6:2 харьцаагаар ялагдлаа.

Барилдаан эхлээд удалгүй Такүто ард нь гарч 2 оноо авсан бөгөөд хоёрдугаар үеийн эхлэлд мөн ард нь гарч онооны харьцаа 4-0 болсон.

Үеийн төгсгөлд Т.Тулга идэвхтэй барилдан нэмж 2 оноо авсан ч цаг дууслаа.

Хэрэв Такүто Отогүро финалд шалгарвал манай бөх дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Өдгөө 23 настай Т.Тулга 2019 оны ДАШТ-ээс тавдугаар байр эзэлж энэ жил Ром хотноо болсон чансаа тогтоох тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Аймгуудад 128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамж

УОК-ын шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн барилдааныг 128 бөхөөс хэтрэхгүйгээр задгай талбайд зохион байгуулахаар болсон билээ. Аймгуудын барилдаан нэг өдөр зэрэг зохион байгуулах юм.

1. Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулах

2. Бөхийн бүртгэлийг барилдаан болохоос нэг хоногийн өмнө цахимаар бүртгэж дууссан байх
3. Бүртгэлийг МҮБХ-ны албан ёсны (Монголын Үндэсний Бөхийн Холбоо – Монгол Бөхийн Өргөө) хуудас болон Mubh.2021@gmail.com руу илгээх
4. Аймгийн бөхийн холбоод бүртгэл, оноолт, амыг devjee.mn-ийн программаар бүрэн хийх
5. Бүх аймгийн эрэмбийг МҮБХ программ хангамжийн тусламжтай хянаж, батална. (Баталсан эрэмбийн дагуу оноолт гаргаагүй болон программ бүрэн ашиглаагүй аймгийн шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй.)
6. Барилдахаар бүртгүүлсэн сумын цолтой бөхчүүдийн цолны үнэмлэхийн зургийг тус аймгийн бүртгэл хийж буй ажилтан цахимаар авна.
7. Шаардлагатай тохиолдолд бөхчүүдийн үнэмлэхийн зургийг МҮБХ руу илгээж шалгуулна.
8. Эрэмбэтэй холбоотой асууж тодруулах зүйлийг МҮБХ-ны албан ёсны хуудсаар хандаж авна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Өнөөдөр Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар зодоглоно

Өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр манай улсын дөрвөн бөх чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.

10:44. Чөлөөт бөхийн -65 кг жинд Т.Тулга зодоглоно. Тэрээр эхний шатанд 2018 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Японы Такүто Отогүротой барилдана.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд Пан Америкийн хошой хүрэл медальт Аргентины Агустин Алехандро Дестрибатс болон дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Измайл Музукаев нарын ялсантай 11:33 цагаас барилдана.

10:44. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50 кг жинд Ц.Намуунцэцэг зодоглоно. Тэрээр эхний шатанд дэлхийн хошой аварга, Азийн аварга Японы Юи Сүсакитай барилдана.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд Эквадорын Лусиа Яамилет Епез Гузман болон дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Валентина Иванова Исламова нарын ялсантай 11:33 цагаас барилдана.

19:10. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жингийн хүрэл медалийн төлөө М.Лхагвагэрэл Киргизийн Айал Лазарев болон Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга Туркийн Аха Акгул нарын ялсантай барилдана.

20:05. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жингийн хүрэл медалийн төлөө Б.Болортуяа Африкийн наадмын аварга Камеруны Жозеф Эмилиенне Эссомбе Тиако болон дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Польшийн Роксана Марта Засина нарын ялсантай барилдана.

Categories
xурдан-морь мэдээ цаг-үе

Гурван бүсийн хурдан морьдын уралдаан сонгомол насаар эхэллээ

Гурван бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр сонгомол дээд насны морьдын уралдаанаар эхэлсэн гэж Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.

Уралдаан Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд өнөөдөр сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол бага насны морьдын уралдаан болно.

Харин дараагийн хоёр өдөр азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болсноор дуусах аж.

Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн U23 Дэлхийн аваргын тэмцээн Монголд болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнийг Улаанбаатар хотноо аравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах болсныг албан ёсоор зарлалаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав: “FIBA 3×3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна”
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис:
“Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол улс болсоор байна” хэмээн тус тус онцоллоо.
Улаанбаатар хотноо 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн,с 2019 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай.
Дашрамд дурдахад “Токио-2020” наадамд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг эрхээ аван оролцсон нь Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпод мөрөө үлдээсэн онцлох үйл явдал юм.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яаманд Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал эхэллээ. Авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Газрын албадын дарга нар өөрийнхөө удирдлага ажиллаж байгаа албан тушаалтнуудад хандлагаа өөрчилье гэдэг аяныг өрнүүлмээр байна. Хоёр байгууллага газар олголттой холбоотой асуудал хариуцаж байна. Газар олголттой холбоотой асуудал маш их асуудал үүсч байна. Цахимаар газар хэрхэн олгох вэ гэдгийг хуулинд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Иймээс Газар олголтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнөөдөр байгуулна.

Амьдрал болон хууль дүрэмд нийцдэггүй газрын маргаантай холбоотой асуудал үүсдэг. Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлага үүсээд байхад иргэдэд 0.07 га газар олголтыг зогсоох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барих гээд газар чөлөөлөлт хийхээр иргэдэд үнэгүй өгсөн газрыг буцаан авахын тулд 600 сая төгрөг өгч байгаа тохиолдол бий.

Зарим иргэд 20 жилийн турш газрын маргаан үүсгэж байна. Хашааны хаалгаа аль талаас нь гаргах вэ гэх зэрэг асуудлаар маргаан үүсгэж байна шүү дээ. Иймээс дүүргийн Засаг дарга нарт хандаж хэлэхэд газрын маргаангүй 60 хоног гэсэн аяныг өрнүүлэх чиглэлийг өгч байна.

Манай ажлын хэсгийн гол үндсэн зорилго бол гурван үндсэн зарчимтай. Нэгдүгээрт, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Хоёрдугаарт, иргэдийн амьдралд чирэгдэл учруулж байгаа асуудлыг шийднэ. Тухайлбал газар олголттой холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Гуравдугаарт, төрийн албан хаагчдын хандлагыг өөрчлөх. Энэ үүднээс 1111 төвийг идэвхжүүлж, иргэдийн санал гомдлыг хүлээн авна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Т.Амарсайхан: Найраагүй наадахын тулд л улсын цолтнуудыг барилдуулахаас татгалзлаа


Засгийн газрын зүгээс спортын уралдаан тэмцээнийг задгай талбайд үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс салбар холбооддоо хандаж баяр наадмын бөхийн барилдааныг наймдугаар сард багтаан тус тусын орон нутагтаа зохион байгуулах санал хүргүүлсэн юм.

Улмаар Ховд аймаг баяр наадмын бөхийн барилдаанаа наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах тов гарчээ. Бид Ховд аймгийн үндэсний бөхийн холбооны гарын даа Т.Амарсайханаас тодруулга авлаа.


-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж аймгуудын баяр наадам хойшлоод байсан. Харин Ховд аймгийн тухайд баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс 21 аймгийн салбар холбооддоо хандаж наймдугаар сард багтаан баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах санал хүргүүлсэн байгаа. Энэ ажлын хүрээнд бид аймгийн онцгой комисстоо хандаж хүсэлт гаргасан юм. Аймгийн комиссын зүгээс халдвар хамгааллын дэглэм баримтлаад зохион байгуулах шийдвэр гарсан.

-Баруун бүсийн наадмыг наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсан байна лээ. Наадмын талаар тодруулахгүй юу?

-Бүсийн наадмыг наймдугаар сарын 6 болон 9-ний өдрүүдэд хоёр барилдааныг зохион байгуулах шийдвэр гараад байна. 6-ны өдөр аймгийн цол чимэг олгох 128 бөхийн барилдааныг зохион байгуулна. 9-ний өдөр бүсийн уралдаанд зориулсан улсын аймгийн цолтнуудын 128 бөхийн барилдааныг тусад нь явуулна. Гурав хоногийн зайтай хоёр барилдааныг явуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Аймгийн цол чимэг олгох барилдаан бөхчүүдийн анхаарлын төвд байна л даа. Ямар журмаар явуулахаар шийдвэр гараад байна вэ?

-Энэ удаа аймгийн цол чимэг олгох барилдаанд зөвхөн Ховд аймгийн бөхчүүдийг барилдуулах шийдвэрийг аймгийн бөхийн холбооны зүгээс гаргасан. Барилдах бөхчүүдээ PCR шинжилгээнд хамруулаад л аймгийн цол олгох барилдаанд оролцуулна.

-Аймгийн цол чимэг олгох барилдаанд улсын цолтнуудыг барилдуулахгүй гэх шийдвэр гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар учраас зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр гаргасан юм бэ. Нөгөө талд улсын цолтнуудын эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ?

-Аймгийн бөхийн холбоо хуралдаж байгаад л дээрх шийдвэр гаргасан юм. Шууд хэлэхэд, жил бүрийн өдийд улсын олон цолтнууд Ховд аймагт аялал зугаалгаар явж таардаг юм. Энд тэндхийн олон улсын цолтнууд аймгийн наадамд барилдахад өнөөх цолны найраа гэж асуудал их хэл дагуулдаг. Олны дургүйцлийг хүргэдэг. Улсын цолтнууд аймгийн цол авах гэж жижиг наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тийм учраас залуусаа дэмжих зорилгоор зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр энэ удаа гарсан. Наадам найраа дагуулаад ирэхээр үүний цаана энэ их өв соёлын маань нэр хүнд асар их унадаг. Үзэгчид ч худлаа барилдаан үзэхийг хүсэхгүй биз дээ. Ховдын аймгийн арслан цолтнууд pcrшинжилгээнд хамрагдаад барилдахад нээлттэй. Цолоо хурцлаад эрэмбээ ахиулах боломжтой. Улсын цолтнуудын тухайд цол ахиулахаар аймгийн наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. Энэ удаа бид залуу бөхчүүддээ боломж олгож найраагүй, шударга өрсөлдөөнийг дэмжсэн баяр наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь энэ. Орон нутгийн телевизээрээ шууд дамжуулна. Үзэгчид ч аймгийн наадмаас шударга өрсөлдөөн л хүлээж байгаа. Цар тахлын хүнд нөхцөл байдалд зон олныг цэнгүүлж, дархлааг жаахан ч гэсэн дэмжээд өгөөсэй гэж л ийм шийдвэр гаргасныг улсын том цолтнууд маань ойлгоно гэж найдаж байна гэв.

Энэ үеэр урианхай болон үндэсний сурын харваа наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Түүнчлэн хурдан морины уралдаан нь Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” гэх газарт наймдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулагдах аж. Мөн төвийн бүсийн хурдан морины уралдаан “Сэлэнгэ хурд-2021” энэ сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулагдана. Энэхүү уралдаанд морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар болжээ. ММСУХ-ны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдана. Уг уралдаанд морьдыг мөн сэрвээний өндрөөр хэмжих аж.


Categories
баннер мэдээ нийгэм цаг-үе

Газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зөвшилцөнө

Хан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар орон сууцны зориулалттайгаар барилга барихаар анх энэ газрыг олгосон. 2010 онд тус компанид шилжсэн байдаг. 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийг цуцлах шийдвэр гарсан” хэмээн хэлсэн бол Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Бид нөхцөл байдлыг судалж үзэн, тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийхээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Бид хууль ёсны дагуу асуудалд хандана. Аль болох зөвшилцөлд хүрч, асуудлыг шийднэ” гэв.

Мөн энэ газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талт зөвшилцөлд хүрнэ гэдгийг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бат-Оргил: Халамжийн тогтолцоо гэдэг бол авлига юм


Засгийн газарт улс төрийн шаардлага хүргүүлсэн иргэн Т.Бат-Оргилтой ярилцлаа.


-Та сар гаруйн өмнө Засгийн газарт хэд хэдэн шаардлага тавьж, төв талбай дээр зогсож байсан. Шаардлагынхаа хариуг авсан уу?

-Миний бие Ерөнхий сайдад зургадугаар сарын 30-нд анх шаардлагаа хүргүүлсэн. Түүнээс хойш хоёр долоо хоногийн туршид уг шаардлагуудаа дахин өдөр бүр өгсөн. Тэр болгондоо цагдаа дээр ирсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулаад хүргүүлсэн. Хуулинд иргэдээс төр засгийн байгууллагад ямарваа нэгэн гомдол санал явуулахад 30 хоногийн дотор хариулах заалттай. Миний гол баримталж байгаа зүйл бол бүгдээрээ хуулиа баримталъя л гэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын иргэдийг хуулиа баримтал гээд баривчлаад зөрчлийн хэрэг үүсгээд байдаг мөртлөө төр засаг нь өөрсдөө биелүүлэх ёстой үүргийг хайхрахгүй яваад байж болохгүй. Тэр дагуу хариугаа нэхэхэд хоёр долоо хоногийн дараа өгсөн. Тэр нь эцсийнх биш, завсрын гэх юм уу даа.

-Засгийн газрын хариу юу гэж байх юм?

-ЗГХЭГ-аас Цагдаагийн ерөнхий газар болон Прокурорын ерөнхий газар руу уламжиллаа гэсэн хариу барьсан. Уг нь тэр хариу нь миний бодлоор үндэслэл муутай. Үүнийг хариулах ёстой субьект нь Хууль зүй, дотоод хэргийн сайд юм. Гэтэл сайдыг алгасч байна. Би ерөнхийдөө ЦЕГ-ын үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байгууллага өөрөө хариуцагч этгээд нь байж, тэдэнд хариуг нь өг гэж чичирдэг нь өөрөө оновчгүй байсан гэж бодож байна. Нэгэнтээ ЗГХЭГ тэгж шийдсэн бол хариугаа өгөх л ёстой. Харамсалтай нь ЦЕГ-аас одоо болтол ямар ч хариу өгөөгүй. Авлаа ч гээгүй, ир гэж дуудаагүй, таг чиг болсон. Би гомдлоо нэгэнт өгсөн. Анхнаасаа Ерөнхий сайд хариугаа өгөхгүй гэсэн таамаглалаар энэ асуудалд ач холбогдол өгөөч ээ гэж талбай дээр зогссон. Засгийн газарт хүргүүлсэн уг шаардлагын тухайд нэлээд ноцтой асуудал учраас зогсож байгаа шүү дээ. Нарийндаа надтай шууд хамааралтай биш. Монгол Улсын иргэн бүрд хамааралтай. Иргэн бүрийн иргэний эрх, эрх чөлөөний асуудал хөндсөн. Төр засаг, ялангуяа хүчний гэх байгууллагууд хуулиа үл биелүүлж буй талаар Ерөнхий сайдад иргэдээс хүргэж байгаа шаардлага шүү дээ. Гэтэл үүнийг доошоо гүйлгэсээр байгаад сүүлдээ тэр нь Сүхбаатар дүүргийн прокурорын газраас амаар хариу өгсөн л дөө. Хорин минут алхаад хүрчих хоёр байгууллагын хооронд гомдол ирүүлээгүй бүтэн долоо хоног болсон. Ингээд “Төрийн шуудан бүхэл бүтэн долоо хоног явдаг юм уу” гээд лайв хийсний дараа маргааш өглөө нь над руу утасдаж, Билгүүн прокурор дээр байна гэж хэлсэн. Тэр дагуу очиж уулзахад “Бид шаардлагаар хариу өгдөггүй. Та дахиад гомдлоо бичгээр гарга” гэлээ.Тэгэхээр процессынхоо хувьд дахиад гомдлоо гаргачихвал 30 хоног тоологдож эхлэх гээд байна шүү дээ. Хоёрдугаарт, ач холбогдлын хувьд Ерөнхий сайдад хүргүүлсэн улс төрийн шаарлага маань дүүрэг дээр гомдол болж хувирахаар буруу болчихож байгаа юм. Процесс, агуулга хоёрын хувьд зохисгүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс прокурорт нь “Энэ шаардлагыг хүлээж авахгүй ээ. Та нэгэнт ийм хариу өгч байгаа бол бичгээр өг” гэсэн. Хэрэг зарга үүсгэсэн бол хуулийн дагуу явах ёстой. Ингээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас өнгөрсөн баасан гарагийн орой ажлын цаг дуусахын алдад залгаж: “Албан хариу гарсан, ирж ав” гэхээр нь очиж авлаа. Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үүссэн энэ нөхцөлд Прокурор ямар бүрэн эрхтэйг, тэр бүү хэл үүрэгтэй болохыг нь шууд зааж өгсөн. Гэтэл ямар ч эрх мэдэлгүй мэт аяглаж, үнэндээ Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар ганц зүйлийн ард нуугдах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Цагдаагийн байгууллага нь бүр таг. Нээрээ ч юу гэж ч хариулах юм. “Тийм ээ, бид хууль зөрчсөн байна, одоо өргөдлөө өгөөд огцоръё” гэлтэй биш. Эсвэл “Бид тушаал л биелүүлсэн” гээд сайдыгаа барьж өгөх үү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар амлалт өгч энэ албан тушаалыг авлаа даа. Гэхдээ тэвчиж үл болох зүйл гэж бий. Танаас хууль ёс сахиулахын л хүснэ. Эрхбиш боловсролтой хүн, монгол хүн. Хэрэв хол явъя гэж байвал улс төрийн зориг гаргаж энэ асуудлыг ултай, сууриар нь шийдэхийг хүсэж байна. Том нүүдэл жижиг алхмаас эхэлдэг. Эхний ээлжинд хууль зөрчсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохоос өөр арга зам үгүй. ЗГХЭГ, ПЕГ, ЦЕГ аль нь ч үүнийг таны өмнөөс хийхгүй.

-ЦЕГ дуугарахгүй байгааг та юу гэж үзэж байна?

-ЗГХЭГ-аас явуулж байгаа албан тоотод ЦЕГ хариулахгүй таг болчихсон нь асуудал нэлээд ноцтой юм байна гэж дүгнэхэд хүргэлээ. Би Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлээгүй. Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн нь зөв болжээ гэдэг нь эндээс харагдаж байгаа. Магадгүй тэр тушаалыг Х.Нямбаатар сайд өөрөө өгсөн байж болзошгүй болоод явчихаж байна.

-Таны шаардлагад дурдсанчлан ямар, ямар иргэнийг хорьж цагдан эрхийг нь зөрчсөн юм бэ?

-Би Мөнхбаатар гэдэг залуутай уулзсан. Харин Ган-Очиртой тааралдсан. Тэдний ярьж байгаа зүйл бол нэг. Миний үзсэн харсантай яг л нийцэж байгаа. Ерөнхийдөө залхаан цээрлүүлэх шинж бүгдэд нь байгаа. Эрүүл мэндийн сайд “21 хоног тусгаарлах” тухай журам гаргасан. Ингээд Мөнхбаатар нарын цаана нь дахиад есөн хүнийг 23 хоног тусгаарлачихаж. Тэд “Яагаад” гэж асуусных нь төлөө залхаан цээрлүүлж байгаа юм. Зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Учиргүй барьж хорьчихоогүй ч гэсэн цаг товлож, ажлыг нь алдагдуулаад дууддаг. Энэ нь хуучны залхаан цээрлүүлэх нэг уламжлалт арга л даа. Дуудсан цагт ирж байцаалтаа өг гэдэг. Хэрэв ирэхгүй бол чамайг оргосонд тооцож баривчилж, хорино гэсэн нэг зангуутай. Ингээд тэр хүнийг өдөр бүр дууддаг. Маргааш 10 цагт ир гэчихээд орой ажил тартал шахам үүдэндээ дэмий суулгаж байгаад маргааш ирээрэй гэдэг. Ямар ч хүнийг байцаалт авахгүйгээр үүдэндээ суулгаад байхаар ар гэрийн амьдрал нь хэцүүднэ. Хоёрдугаарт, шоронгийн хадаас гэдэг шиг цагдаагийн үүдэнд үл бүтэх царайтай нөхөр суугаад байхаар тухайн хүндээ ч хэцүү. Дарамтын наад захын энэ хэлбэр нөлөөлөхгүй бол дараа, дараагийнхаа залхаан цээрлүүлэх арга хэмжээг авдаг. Мөнхбаатар дээр түлхүү харагдаж байгаа. Ган-Очирын хувьд төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гээд мэдүүлэг өглөө шүү дээ. Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа хүмүүүсийг баривчилж эрүү үүсгээгүй. Тэгсэн хэрнээ энэ тухай мэдэгдэл хийсэн иргэнийг буруутгасан. Нэг хэсэг нотлох баримт нь интернэтээр дүүрэн явсан. Одоо тэр бичлэгүүд бүгд байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн нэрийдлээр нотлох баримтуудыг устгаж байгаа юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжоор бол гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг зүйл заалт байгаа шүү дээ. Тийм гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байгаа иргэн мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв мэдэгдээгүй бол хам хэрэгтэн болно. Бас 60 тэрбумын хэргийг задруулсан этгээдэд эрүү үүсгээд хамгаалалтад авах гэхэд нөгөөх нь “Надад хамгаалалт хэрэггүй” хэмээн зугтаж байсан шүү дээ. Тэгээд 60 тэрбумд холбогдож байсан бүх хүн одоо хэвээрээ. Хэнд нь ямар ч хэрэг үүсгээгүй. Зүгээр ганц хоёр доод албан тушаалын нөхрөөр туг залаад дуусч байгаа юм. Энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг шүү дээ. Төрийн эрхийг хууль бусаар булааж авахыг завдсан төлөвлөгөө. Йимэрхүү хэргүүд маш олноороо үйлдэгдэж байна. Бид өөрсдийнхөө эрхийг хамгаалж дуугарсны төлөө баригдаж, хоригддог байх нь буруу. 60 тэрбумынхныг бид дийлдэггүй юм аа гэхэд ядаж үнэнээ хэлсэн, ийм ийм зүйл боллоо гэдгийг мэдэгдэж байгаа хүмүүсийг залхаан цээрлүүлдэг үзэгдлийг зогсоох ёстой. Үүний төлөө талбай дээр зогссон юм.

-Цагдаа хүн зодож байгаа бичлэг сошиалд тавигдлаа шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийд нь би энэ системд нь ажиллаж байсан хүний хувьд мэднэ. Нэг удаагийн баригдсан нь энэ. Тэрнээс иргэдийин эрх чөлөөг зөрчих явдал маш их хавтгайрсан. Социализмын үеэсээ ийм байсан. Одоо ч ийм хэвээрээ байгаа. Бид иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулна гэж зорилго тавьчихаад цагдаа нь өөрсдийнхөө иргэдийг харийн түрэмгийлэгчид шиг тарчлан зовоож байгаа байдлыг таслан зогсоох ёстой юм.

-Та 2000 онд зогсоосон эрх зүйн реформуудыг үргэлжлүүлье гэж жиргэсэн байсан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Бид 1990 онд бүх улс орноороо сайн сайхан нийгмийг байгуулна гээд реформуудыг эхлүүлсэн. Эдийн засгийн реформ нь нэлээд түлхүү явсан. Гэтэл хууль эрх зүйн реформ нь түлхүү яваагүй. Яагаад гэвэл дандаа эдийн засагчид манлайлж байсан. Тэгэхээр тэд хуулийг ойлгодггүй. Монгол ч биш, дэлхий даяараа тийм хандлага байдаг. Эдийн засаг сайхан болчихвол бүх юм дагаад сайхан болно гэсэн неолибрализмын онолын төөрөгдөл байна шүү дээ. Одоо үүний үр дагаврыг харахаар Сангийн яам, Монголбанк гэх мэт байгууллагуудын 70, 80 хувь нь дэлхийн боловсролыг эзэмшсэн боловсон хүчин ажиллаж байгаа. Ядаж англиар ярьдаг хүмүүс байгаа. Тэгэхэд манай эрх зүйн салбарын хэдэн шүүгч англиар ярьж байна. Прокурорууд, цагдаагийн байгууллагын хэд нь хаана ямар сургууль төгссөн, аль үеийнхэн байна вэ. Хуучин кадрууд нь оросоос орчуулга хийдэг. Олдож байгаа эх сурвалж нь Орос болчихоод байгаа юм. Тус улсад ямар эрх зүйн тогтолцоо байгаа билээ дээ. Тэрийгээ дагаад Монголд эрх зүйн реформууд зогссоноос болж эдийн засгийн бүх реформ гацаж байгаа юм. Яагаад гэвэл хуульчид нь тэрийгээ ойлгохгүй. Хамгийн наад захын хүмүүсийн хоорондын арилжааны хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг гэж андуурч буруу зүйлчлэх. Эсвэл улайм цайм гэмт хэрэг үйлдсэн байхад иргэн хоорондын маргаан ч гэдэг юм уу. Жишээлбэл, цагдаа прокурорууд байг гэхэд төр засгийн хэмжээнд Эрдэнэтийн асуудал байна шүү дээ. Туйлын ойлгомжтой асуудал дээр төөрөлдүүлж, Монголын тал ч гэх шиг буруу зүйл ярьдаг. Тэрнийхээ цаад эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгохгүй байна гэсэн үг. Дандаа ахуйн хэмжээнд ойлгоод будилж, мунгинасан байдалтай байна л даа. Монгол Улсаа цааш нь хөгжүүлье гэх юм бол эрх зүйн реформыг сайжруулж, хүчний байгууллагуудаас авахуулаад шүүх, хууль зүйн яам боловсон хүчнүүдээ сайжруулахгүй бол явахгүй ээ. Нэг адилхан төрлийн маргаан хэдэн арван янзаар шийдэгдэж байгаа. Олигтой шийдэгдэхгүй. Хэдэн жилээр сунжирдаг. Ийм нөхцөлд бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд суурь эрсдэлдээ ороод явчихдаг. Гадаадын хөрөнгө оруулагч тухайн улс орон ямар эрсдэлтэй вэ гэдэг үнэлгээ хийнэ шүү дээ. Тэгэхээр шүүхээр нь юу ч шийдэгддэггүй юм байна. Дөрөв, таван жил яваад эцэстээ ямар ч шийдвэр гарч магадгүй. Шийдвэр нь гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээрээ очоод бүр будлиад дуусдаг гэх юм бол Монголд хөрөнгө оруулах уу, үгүй юү гэдэг чинь өөрөө олгомжтой болчихож байгаа юм. Явж явж нэг мунгинасан эрх зүйн системтэй ийм улс оронд ямар толгой нь эргэсэн хүн өөрийнхөө мөнгийг оруулах вэ дээ. Тэгэхээр энэ бол хэн нэгэн этгээдгийг намнах биш. Асуудал Х.Нямбаатар муу сайд юм, Л.Оюун-Эрдэнийг огцруулъя гэдэгтээ биш юм. Асуудлыг сууриар нь шийдэх хэрэгтэй.

-Эрх баригчдын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг иргэн хүний хувьд танаас асуумаар байна л даа. Шатахууны үнийн өсөлтийг хүн бүр эсэргүүцэж байна. Тэгсэн хэрнээ талбай дээр гараад жагсах хүн алга. Үнэхээр тэмцэж чаддаггүй ард түмэн юм уу, эсвэл тэмцэхээс эмээдэг нийгэм бий болчихов уу?

-Монголд иргэний нийгэм одоо л бүрдэж байгаа. “Ингэж жагсаж болдог юм байна. Ингэж үгээ хэлж болдог юм байна” гээд хүмүүс мэддэг болж байна. Өмнө аягүй олон юмаар төөрч будилж явсан. Нийгмийн ухамсар бүрэлдэнэ гэдэг бол урт хугацааны процесс. Могнол Улс дэлхийд ганцаараа тэнэг юм уу, муу биш. Бусад орон ийм нөхцөл байдлыг даваад туулсан. Тэгэхээр энэ хугацааг яаж хурдан давж туулах вэ гэдэг дээр хурдан нэгдэж, улсыг удирдаж байгаа хүмүүс нь хурдан сэтгэж ажиллах ёстой. Шатахууны үнийн эсрэг тэмцлээ гэхэд алдагдлын зөрүүг нь хэн даах юм бэ гэдэг асууал гарч ирнэ. Шатахуун оруулж ирж байгаа компаниудыг гаднаас үнэтэй аваад Монголд хямд зар гэвэл зөрүүг нь хэн төлөх вэ. Зарим нь “Энэ хувалзнуудыг бүгдийг байхгүй болгоод Оросын компанийг оруулаад ирье” гэдэг. Тэгвэл асар том аюултай үзэгдэл болно. Яагаад гэвэл Оросын шатахууныг Монголд нийлүүлэхэд цаана нь Оросын төр л байгаа. Орост шатахууны хувьд чөлөөт эдийн засгийн хууль үйлчилдэггүй. Гэтэл одоогийн байдлаар Монголын төрийг Оросын төрөөс дунд нь зааглаж жийрэг болж байгаа этгээд бол шатахуун импортлогчид. Тэр жийргийг нь аваад хаячих юм бол хоёр төрийн хооронд хүч тэнцвэргүй ноцтой байдал үүснэ. Оросын засгийн газраас мэдээж шууд өөрсдөө хэлэхгүй. Аль нэг шатахуун экспортлогч компаниараа дамжуулаад “Монгол ингээрэй. Тэгэхгүй бол бид шатахуун оруулахгүй” гэвэл бид яах вэ гэдэг асуулттай тулгарна. Дэлхий даяараа эрчим хүч, түлш, зах зээлийн асуудалтай байдаг. Шийдэл нь түлшин дээр үнэ барих ёсгүй юм. Зах зээлээрээ хэн нь хаанаас хамгийн хямд түлш оруулж ирж чадах нь уу, түүгээрээ өрсөлдөг л дээ. Хамгийн өргөн хэрэглээний бараа учраас тэр компани нь аль намын харьяалалд байна гэдгээс тухайн намын санүүжүүлэгч болоод явчихдаг маш олон уруу тал байгаа. Тэгэхээр үнийг нь чөлөөлчихье. Та нар дураараа оруулж ир. Төрөөс юуг анхаарах ёстой вэ гэхээр, өвөл, зуны түлшээ холиод монголчуудын эрх ашиг асар ихээр хохирдог. Автомашин эвдрэхээс гадна хийн түлш дутуу шатаж, агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Үүнд төр анхаарал тавих ёстой. Шаардлага хангасан түлш зарж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Монголын эдийн засаг, аюулгүй байдалд онц ач холбогдолтой нийтийн тээвэр, газар тариалан гэх мэт салбарууд байж болно. Түүн дээр дэмжлэг үзүүлж, татаас өгөх хэрэгтэй. Намын нөлөө орохгүй байх талаас нь олон нийтийн хараа хяналттай явах юм бол аяандаа энэ асуудал зах зээлийнхээ зарчмаар шийдэгдэх ёстой. Гэтэл ард түмэнд алдагдалтай, намын санхүүжилтийг босгодог энэ байдлаар 30 жил явлаа. Одоо үүнийгээ болих хэрэгтэй.

-МАН төрийн эрхэнд гараад халамжийн бодлогоор бөмбөгдөөд байна шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны талаар иргэн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Маш гаж тогтолцоо бий болчихсон. Халамжийн тогтолцоо гэдэг бол авлигын тогтолцоо гэсэн үг. Улс орныг хөгжүүлэх бодлого ерөөсөө яригдахгүй. Намын гишүүнчлэл гэдэг үеэ өнгөрөөсөн тогтолцоотой. Сошиалаар харахад халамж нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй. МАН-ын хорооны дарга, нийгмийн ажилтан гэх мэт хүмүүс үр шимийг нь хүртээд, туслалцаа авах ёстой хүмүүст нь очдоггүй. Энэ бүхнийг шийдэх маш амархан. Тэрийг хийх улс төрийн зориг байна уу, үгүй юү гэдэгт байгаа. Одоогийн байдлаар оношилгоо нь намууд байна. Намуудын санхүүжилт, гишүүнчлэл дээрээс нь сонгуулийн хууль байна. Сонгуулийн хуулийг байн байн өөрчилдөг. Саяны жишээ гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног явсан. Ингэж хоёрын хооронд байхаар 24 цаг өгчихгүй яасан юм бэ. Сошиалаар цацаарай гээд явбал болчих юм биш үү. Тэгэхээр Үндэсний хэмжээний Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байгаа нэрийдлээр 15 хоног өгч эрх баригчдад илт давуу тал олгосон. Сонгуулийн сурталчилгааны хуулиараа хугацаа нь эхлээгүй байхад аль хэдийнэ эхэлчихсэн байсан шүү дээ. Сар 45 хоногийн өмнөөс Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх дээлээ сугалдаргалаад адуу малтай ноцолдоод эхлээ биз дээ. Бусад улс оронд үүнийг шударга бус өрсөлдөөн гэж үзэх байх. Өрсөлдөгч нартаа ямар ч боломж олгоогүй. Хэрэв тэгэх юм бол хуулиараа янаглан засаглах аргаа хэрэглэнэ. Тэгэхээр шударга бус сонгуулийн системийг халах ёстой. Хоол хийхэд хэцүү гэдэг хэрнээ төрийг удирдахад амархан гээд мэдлэг чадваргүй, ямар ч бэлтгэгдээгүй хүмүүс төрд ороод байгааг бодууштай.

М.МӨНХЦЭЦЭГ