Ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ремдесивир, умифеновир зэрэг вирусийн эсрэг эмийн нөөц эмнэлгүүдэд цөөн тооны үлдэгдэлтэй байгаа нь өвчтөний ар гэрээс эм тариа авчруулах үндэс болдог тул нэн түрүүнд шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг Ажлын хэсгийнхэн хэлж байна.
Мөн маш хүнд, хүнд ангиллын өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүд төрөөс тогтоосон эмчилгээний төсвөөс хэд дахин илүү зардлаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа нь бодит зардлын зөрүүг үүсгэх болсон тул нэгдсэн стандарт бий болгож олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу үйл ажиллагааг мөрдүүлж хэвшүүлэх нь чухал байгаа аж.
Улмаар эмчилгээний нэгдсэн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ нь хийгдэж байгаа, эсэхэд өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэн хяналт тавих боломжийг бүрдүүлж, иргэдээс гомдол, мэдээлэл авах тусгай дугаар ажиллуулах хэрэгтэй байгааг дуулгав.
Шадар сайд С.Амарсайхан “Ковидын халдвар манай эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг ил болгож өглөө. Тогтолцоогоороо гажуудсаны нэг илрэл нь өнөөг хүртэл бид эмчилгээ үйлчилгээний стандарт, нэгдсэн удирдамж гэдэг зүйлийг хэвшүүлээгүй явж ирсэн явдал. Энэ нэгдсэн удирдамж, стандарт байхгүй учраас эмч эмнэлгийн ажилтнууд хувийн үзэмж, хандлагаараа өвчтөнүүдэд хандаж, дур дурын эм, тариагаа бичиж өгдөг. Тиймээс одоо бид Ковидын үеийн эмчилгээний нэгдсэн удирдамжаа яаралтай батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Үүнд иргэдийн оролцоог хангахын тулд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсаар эмнэлгүүдийн эм, эмийн хэрэгслийн хангамж болоод эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдол саналыг хүлээн авах шугам нээж ажиллуулна” хэмээн онцолж хэллээ.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг жигдрүүлж, хараат бусаар ажлаа явуулах боломжийг бүрдүүлснээр эмийн дээд үнийн хязгаарыг тогтоох асуудал цэгцэрч, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, өндөр үнэтэй, олдоц ховор эмийн нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэх боломж нээгдэх учраас энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Наймдугаар сарын 1-нээс хойш эмнэлгүүдийг өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх үүргэг өгсөн. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг гаднаас авдаг эм, тарианы судалгааг төв, алба, тасгуудаас гаргуулж байгаа бол ХӨСҮТ-ийн тухайд Эмзүйн албанд гаднаас их авахуулдаг эм, тарианы сарын хэрэгцээний судалгааг хийлгэхийн зэрэгцээ эмчилгээнд хамгийн их хэрэглэгддэг эм, тариаг тасалдалгүй нийлүүлэх боломж нөөц хэр байгааг эм ханган нийлүүлэх байгууллагуудаас судалж эхэлжээ.