Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​С.Дэлгэр: “Нэг гар нөгөө гараа угаадаг” гэдэг дүрэмтэй шүү дээ, би чинь


Наранрестораны захирал С.Дэлгэртэй ярилцлаа.


Таныг “21 000” реалити шоунд оролцож байхад анх харсан. Тэгэхэд ялагдсан мөртлөө ялагч шиг байж болдог юм байна гэж бодогдсон шүү.

-Гурван жил өнгөрсөн байна шүү..

Энэ шоунд хамт оролцсон тэрэгчин Г.Батхүү гуайтай холбоотой байдаг уу?

– Холбоотой байна аа. Бид гэр бүлийн найзууд болсон. Хоёр хөөрхөн охин нь өсч явна. Эхнэр нь надаас ном авч уншдаг юм, их хөөрхөн. Би чинь номчин хүн.

Охин нь Анагаахад сурч байгаа юу?

– Охин нь их мундаг сурч байгаа. Одоо ер нь “Нохойн дуу ойртож байна”. Зуны амралтаар нь найз эмч дээрээ аваачиж, дадлага хийлгэнэ. Хөөрхөн явдаг юм аа, бид хэд чинь.

Би гадаад мэдээгээр нэгэн рестораны эзэн, эмч нарт үнэгүй хоол хүргэж өгч байгааг харсан юм. “Ямар гоё вэ, Монголд ийм хүн байдаг болов уугэж бодсон. Гэтэл та бас эмч, онцгой, цагдаагийнханд хоол хүргэсэн юм билээ?

-Ковид гээд жил хагасын өмнө сүржигнэсэн шүү дээ. Хил гааль хаасан шиг 22-ын товчоог хаасан. Өвлийн хүйтэн зэврүүн өдрүүд байлаа. Ресторан, гуанзнуудыг бас хаагаад эхэлсэн шүү дээ. 22-ын товчоо манайхаас ойрхон юм чинь. Манай ресторан Москва хорооллын замын урд талд байхгүй юу. Ажилчдынхаа цалинг өгөх ёстой. Гэхдээ бас зүгээр мөнгө авч суумааргүй байсан. Тэгээд нэг л өдөр хоол хүргэж очсон. Гэтэл хүмүүс маш их баярласан. Цагдаа, эмч, онцгой байдал, мэргэжлийн хяналтын гуч гаруй албан хаагч байсан л даа. Бүгд олигтой хоолгүй, өдөржин ажиллаж байлаа. Аймаар стресстэй шүү дээ.

Болохгүй гээд байхад л дүрэм зөрчөөд, яаж ийгээд аргалчих гээд байдаг монгол зан байдаг. Тэднийг зохицуулж байгаа хүмүүс аягүй өрөвдмөөр байхаар нь хайр хүрээд, бид нарын төлөө ингэж ажиллаж байгаа юм чинь ерөөсөө 14 хоногийн хөл хориог дуустал хоол хүргэе гэж шийдсэн. Тэгээд л өдөр бүрийн хоолны меню гаргаад, нөгөөдүүл рүүгээ хоол хүргэх ажилтай болсон. Ажилчдаа дагуулаад, хоолоо машиндаа ачаад явна шүү дээ. Яах вэ дээ, чаддаг юмаараа л тус болъё гэж бодсон юм. Би чинь ресторан ажилуулж л чадна. Аймаар мөнгөтэй хүн биш шүү дээ. Олсон орлогоороо хэдэн ажилчдаа цалинжуулаад, өөрөө болж л байдаг хүн. Их мөнгө хураая гэсэн мөрөөдөл байхгүй. Хэдэн айлыг тэжээж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс гайхаад “Эд нар мөнгө төлж байгаа юм уу” гэж асууж байсан л даа. Юуг нь төлөх вэ дээ. Гэрийн бараа харахгүй, бидний төлөө ковидыг наашаа цаашаа болгохгүй гээд зогсож байгаа хүмүүс шүү дээ.

Ковидын нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал ч муу байгаа. Үнэгүй хоол яаж түгээх вэ, та яаж зохицуулав?

-Хоол үйлдвэрлэл гэдэг яг үнэхээр үйлчилгээ сайтай байвал тийм ч муу бизнес биш шүү дээ. Хоол хүргэж байх үед бол хэвийн ажиллаж байгаад дөнгөж зогссон үе. Манайх буяны ажил их авдаг байхгүй юу. Тэндээс орж ирсэн орлогууд жаахан цугласан л даа. “Нэг гар нөгөө гараа угаадаг” гэдэг дүрэмтэй шүү дээ, би чинь. Би нэг хүнд тус боллоо гэхэд нөгөө хүнээсээ хариу нэхэхгүй. Нэг хүнд гар сунгасан байхад нөгөө гараас буян нь орж ирдэг. Түүнийгээ цацаж байхгүй юу. “Нэг гар нөгөө гараа угаана” гэдэг еврэй үг байдаг. Түүнийг хүмүүс гар угаах тухай гэж бодоод байдаг. Нэг гар өөрийгөө угааж чадахгүй. Хоёр гар байж л угаадаг.

Ковидоос болоод хоолны газруудыг хязгаарладаг. Ковидтой нөхцөлд ажиллахад халдвар хамгааллын дэглэм баримтлах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Манайх жишээлбэл 150 хүн ордог ресторан. Орчин үед буяны ажилд үнэндээ 20-30 хүн л явдаг. Хуучин шиг 60-100-гаад хүн явахаа байсан. Буяны ажил болохоор хүмүүс “Дансаа явуулаач” гэдэг болсон шүү дээ. 150 хүн ордог газар 30 хүн зай бариад, хооллож ундлаад гарахад яагаад болохгүй гэж. Үнэндээ буяны ажил аваад байгаа хэрнээ сүүлийн жил хагас нийтэд үйлчлээгүй. Ариутгалын компанитай гэрээтэй. Ариутгалын компани овоо хэдэн төгрөг хийж байх шиг байна аа. Долоо хоногт гурав ирж ариутгана. Өөрсдөө халдваргүйжүүлэлтээ сайн хийдэг. Яг өнөөгийн нөхцөлд ковидоор олон хүн өөд болж байгаа. Тэдний хавьтагч нар явж л байгаа шүү дээ. Ариутгаад оруулдаг, хоол ундаа идээд гараад явдаг. Манай ажилчдаас түй түй (ширээ тогшив) нэг ч хүн ковид тусаагүй. Ажилласаар л байсан, үйлчилсээр л байсан. Хэтэрхий боож хаагаад, ресторанаас л халдвар авчихна гэж ойлгож болохгүй. Хүмүүс өөрсдөө ч их болгоомжтой байдаг. Би ч хэнхэг амьтан л даа. Надаас шаардаагүй ч байсан өөрөө дүрэм бариад давхичихдаг.

Та Германд оюутан байхдаа хоолны газар зөөгчөөр ажиллаж байсан гэсэн шүү дээ. Германчууд хатуу зарчимтай хүмүүс. Тэдний нөлөө байгаа л даа?

-Тэрний үлдэгдэл надад байна аа. Ковидгүй байхад ч аяга, халбага, сэрээ яаж ариутгагдсан байх ёстой, рестораны нөхцөл байдал ямар байх ёстой, хүнд яаж үйчилдгийг тэнд оюутан байхдаа зөөгч хийхдээ мэдэрсэн учраас энд ч тийм л байгаа. Мөнгө олохоос гадна зовлон, жаргал үзээд ирсэн хүмүүсийг сайхан хүлээж авах чухал. Хоол нь амттай, тайван, цэвэр цэмцгэр нөхцөлд үйлчлүүлээд “Сайхан байлаа” гээд гардаг. Уг нь архи зарах зөвшөөрөлтэй. Гэхдээ зардаггүй. Ажилчдаа эртхэн гэртээ харь, гэр орон, үр хүүхдэдээ цагаа зарцуул гэдэг. Ажил хийж байгаа гээд өглөөнөөс орой хүртэл мал шиг ажиллаж болохгүй.

Саяхан та хүүхдийн төрсөн өдрийн захиалга авсан гээд ягаан чимэглэлтэй тайзны гоё зурагтай пост оруулсан байсан даа?

-Ковидоос болоод хэсэг хугацаанд ямар ч баярын захиалга ирээгүй. Тэгж тэгж нэг насны ойн төрсөн өдрийн баярын захиалга авсан. Гучин хүнтэй айл байсан л даа. Өсч яваа хүүхдийн баяр гээд ач холбогдол өгөөд, ресторанаа чимэглээд, өөрсдөө тэрнээсээ кайф авч байгаа юм. Ойрд хөгжим, дуу дуугараагүй. “Эрвээхэй эрвээхэй” гээд дуу яваад, өөрөө баярлаад гүйгээд байгаа юм биш үү.

Та хуульч мэргэжилтэй хүн. Германд мэргэжлээрээ ажиллаж, монголчууддаа бас тус болж явсан юм билээ. Эх орондоо ирээд, хуулийн чиглэлээр ажиллая гэж бодоогүй юу?

-Хуулийн чиглэлээр ажиллах зорилготой ирсэн. Манай төрийн албан хаагч болох зам мөр амар биш. Уг нь яг манай үеийнхэн хийж байх ёстой ажлыг огт өөрөөр эргүүлчихсэн. Улс төртэй бүгд хутгалдчихсан. Хэн нэгэн хүн намайг татах ёстой юм билээ. Нааш ир энд ажилд оруулъя гээд. Би тэгээд жаахан мөнгө өгч орох учиртай юм билээ. Зүгээр орж болохгүй. Миний диплом юу ч биш юм билээ. Надад тийм арын хаалга байгаагүй. Тэгээд больсон. Яг үнэнийг хэлэхэд би бас Монголын нөхцөлд тохирохгүй хүн шиг байгаа юм.

Шударга, шууд үнэнийг хэлдэг хүн хэцүү л дээ.

-Яг байгаагаар нь хэлчихээр их хэцүү. Хүний дургүй хүргэх юм билээ. Өөрийнхөөрөө чөлөөтэй байя гээд ресторан ажиллуулах болсон юм. Сэтгэлд хүрч үйлчлэх гэдэг Монголд дутагдаж байна гэж үзсэн. Хүмүүс гайхдаг юм. Одоо ч манайх ажиллаж байна. Би сая жорлонгоо орж угаачихаад гарч ирсэн.

Монголд эзэн, захирал жорлон руу хавьтахгүй л дээ?

-Тэрэнд ядах юм байхгүй. Хүмүүс “Та жорлон цэвэрлэдэг юм уу” гэдэг. Бүх л юмаа хийх ёстой. Германд даргаасаа сурсан зуршил ийм. Оюутан байхдаа хоолны газар ажиллаж байхад тэр том рестораны босс эмэгтэй өөрөө их ажиллана. Хүн ихтэй үед хоол зөөгөөд гүйдэг гээд бод доо. Дээр нь ширээ цэвэрлээд явна. Жар гарсан мундаг эмэгтэй. Би залуу байсан болохоор их гайхдаг байсан. Тэр бас жорлон цэвэрлэдэг байлаа. Гаднаа мянган хүн суудаг гардентай, дотроо 500 хүн авдаг. 1500 хүнд зэрэг үйлчлэх чадалтай газар байсан. Тэр том рестораны эзэн ингэж ажиллаж байхад С.Дэлгэр бол уучлаарай байхгүй юу. Энгийн юманд дуртай. Миний өрөө гэхэд хоёр хүн ороод л дүүрнэ. Надад том өрөө хэрэггүй. Харин ажилчдад хувцсаа солих том өрөө хэрэгтэй. Би бол яах вэ, одиноороо суудаг хүн.

ТаКовидын үе түр зуурынх, эерэг хандлагаар даван туулнагэж уриалсан байсан даа?

-Мэдээж олон байгууллага хаалгаа хаагаад, хэцүү байгаа. Гэхдээ түр зуурынх шүү гэж бодох ёстой. “Одоо дампуурлаа, баларлаа” гээд унжийгаад эхэлвэл дуусна шүү дээ. Бидний ард хичнээн гэр бүлийн амьдрал яваа билээ дээ. “Цоглог байна шүү. Эерэг амьдарна шүү” гэж хэлдэг. “Гэхдээ гоёор…” гэж хэлдэг. Манайхан бүгд мэднэ.

Би лагерийн байшин бариулж байгаа. Барилгын материал их үнэтэй болсон. Үнэхээр даам гарсан үнэтэй байгаа. “Яах вэ дээ, хил гааль хаагдаад баларчихгүй юу, наймаачид хөөрхий, аймаар их мөнгө төлж байгаа юм чинь. Тэд бас юмаа олж авах ёстой шүү дээ. Битгий горой” гэж өөртөө хэлж, тайвшруулж байгаа. Бүх юманд бухимдвал хэцүү шүү дээ. Өөдрөгөөр сэтгэж байгаа нь тэр, чааваас. Машиндаа нэг гоё асдаг зүрхтэй. Хажуугийн замаас орох гэхээр оруулдаггүй шүү дээ. Тэгэнгүүт нь зүрхээ гаргаж асаагаад “Орчихъё, тэгэх үү” гэдэг. Гайхаад оруулчихаар нь “Баярлалаа“ гэдэг. (инээв) Орчихсон шүү гээд онгироод давхичихна. Болно доо болно гээд явна шүү дээ.

Та хандивын ажилд их оролцдог. БасХандивын аянаас залхсангээд нэг удаа ярьсан байна лээ.

– Эхлээд европ сэтгэхүйтэй ч байсан юм уу. Хандив их өгдөг байлаа. Одоо жаахан татсан. Ядарч байгаа нэгэндээ жаахан дэм өгчихвөл бүгдээрээ жигдэрчихмээр санагддаг байв. Германд 18 жил амьдраад ирсэн С.Дэлгэр сүүлдээ хөрсөн дээрээ буусан. Өгөхгүй гэж хэлсэн ч өгч байгаа. Гэхдээ одоо тэр тухайгаа зарлахаа больсон. Юм хоёр талтай юм билээ. Халамжинд хэтэрхий дасчихсан. Ядарснаа гайхуулж байгаад монжоод сурчихсан хүмүүс олон юм билээ. Яг үнэхээр амьдрах гээд зүтгээд гал алдсан хүмүүс ч бий. Нэг охин над руу чатаар орж ирээд, “Эгч ээ, би яг гал алдаж байна. Нөхөр маань ковидоос болоод ажилгүй болсон. Хоёр хүүхэдтэй, үнэхээр идэж уух юм алга. Гэхдээ хүмүүст зарлахаас ичээд байна. Та надад тус болооч” гэсэн юм. Би чинь өмхий санаатай болчихсон, очоод үзсэн үнэн байсан л даа. Тэд бүтэн сар хоолтой, түлээтэй байсан. Саяхан ээж, аав нь шинэ ургацын ногоогоо хураасан гээд надад хандсан. “Чамайг өвөл хөлдөж үхэх гэж байхад хандив өгсөн эгчдээ өгөөрэй” гээд надад шуудай дүүрэн ногоо явуулсан байна лээ. Нөхрийнх нь аав, ээж малчин юм билээ. Яргуй идсэн ямааны мах гээд авчирч өгсөн. Их хөөрхөн. Буруу хүнд туслаагүй юм байна гэж баярласан.

Та хоолны газар ажиллуулдаг юм чинь өөрөө хоол хийх хоббитой юу. Хамгийн хурдан хийдэг хоолны жороо хэлж өгөөч?

-Хамгийн хурдан 15 минутад хийдэг хоол байдаг. Тэр нь шпагетти. Ус буцаллаа. Гоймонгоо хийлээ. Буцалж байх хооронд нь махаа хуурлаа. Томатаа хийлээ. Амталлаа, гоймон бэлэн боллоо. Хоол бэлэн. Дээр нь бяслаг үрээд хийнэ. Хамгийн амархан, хүн болгон дуртай иддэг хоол. Хүнс цуглуулахдаа шпагетти гоймонг тав, зургааг авчихдаг. Балчрууд бүр дуртай. Ах эгч нарын хүүхдүүд, ач гуч, зээ нар нь ирэхээрээ шпагетти иднэ. Тахиа шаруулна. Европт тахиа хамгийн хямдхан хоол шүү дээ. Би чинь махаа санаад ирсэн чинь манайхан тахиа шарахаар гоё гээд байсан. Тахиа нь Монголд үнэтэй. Оюутан байхад бол ганцхан еврогийн тахиа ядрахаараа иддэг байлаа шүү дээ. Тэгсэн манайд тансаг тал руугаа ордог. Нэг тийм ялгаа байдаг.

Тийм шүү, пицца бас Монголд үнэтэй.

-Германд бол хөлдөөсөн пицца 2 евро байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ гурван хөлдөөсөн пицца ирдэг. Печинд 15 минут болгоод, одоо бидний иддэг пицца гарч ирдэг. Мөнгө бага олдог байхдаа хүүхдэдээ зориулж авдаг байлаа. Одоо энд үнэтэй. Хүүхдийг баярлуулах гэж пицца хийж өгдөг. Тийм л байх юм даа.

Та одоо Германд очихсон гэж боддог уу?

– Учиргүй их бодохгүй. Анх эх орондоо ирээд хямарсан шүү. Тоож байгаа ч хүн алга. Тоогддог газар руугаа очъё гэж боддог юм билээ. Хоёр жил болоод дасаад, одоо ёстой тэмцэл дунд үзээд л байна шүү дээ. Гандан буурахгүй шүү гээд л явдаг.

Та фэйсбүүктээ аавынхаа тухай бичсэн байсан. Аавынхаа тухай яриач?

-Н.Сампил гэж миний сайхан аав. Миний аав 90 хүрч байгаа ч ажил хийдэг. Төмөр замд насаараа ажилласан өвгөн бий. Нэг дэх, гурав дахь, тав дахь өдөр ажилдаа явдаг. Төмөр замд орон сууцны жижигхэн подваль түрээслээд, хутга заазуур ирлэдэг, түлхүүр олшруулдаг ажилтай. Төмөр замынхаа хөгшчүүлийг цуглуулаад, даалуу, шатар тоглоно. Завсраар нь хүмүүс ирэхээр ажлаа хийнэ. Зүгээр сууж чаддаггүй хүн. Цаг янзын баримталдаг. Энэ нь надад их нөлөөлсөн. Юмыг хөнгөн хүлээж авч, хөдөлмөрлөх дуртай байдаг маань ааваас өвлөгдсөн болов уу. Ном унших дуртай. Тэтгэврээ аваад “Аз хур” ордог. Тийм нэг мундаг өвгөн байдаг юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батжаргал: Том мөнгөн дэвсгэрт гаргах нь авлига, хээл хахуулийг өөгшүүлнэ гэж хөгжилтэй орнууд үздэг

Эдийн засагч Г.Батжаргалтай ярилцлаа.


No description available.-Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд том мөнгөн дэвсгэрт гаргах судалгаа хийхийг үүрэгдсэн. Гэвч эдийн засгийн энэ хүнд нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь мөнгөний ханшийг унагах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгөн дэвсгэртийн тухай ярихын өмнө мөнгөний эдийн засаг дахь үүрэг, хэрэглээний талаар ярих нь зүйтэй байх. Мөнгө үндсэн гурван үүрэгтэй. Нэгдүгээрт, солилцооны үүрэгтэй. Бараа бүтээгдэхүүн худалдаж авах, төлбөр тооцоо хийхэд хэрэглэдэг.

Хоёрдугаарт, хадгалах. Аливаа хөрөнгийг зараад мөнгө болгоод хадгална. Үл хөдлөх хэлбэрээр нь ч хадгалж болно.

Гуравдугаарт, хэмжих нэгж хэлбэрээр хэрэглэдэг. Бараа үйлчилгээнүүдийг мөнгө, төгрөгөөр хэмждэг шүү дээ. Тэгэхээр солилцооны хэрэгслийн үүргийг анх бэлэн мөнгө маш үр дүнтэй хангадаг байсан. Дараа нь банк төлбөр тооцооны хэрэгслээр хийдэг болсон. Улмаар жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг бидний мэдэх олон төрлийн картаар хийдэг боллоо. Одоо бол технологийн хөгжилтэй холбоотойгоор цахим мөнгөний хэрэглээ нэвтэрчихлээ. Бидний мэдэх бэлэн мөнгөний хэрэглээ буюу солилцооны үүргийг цахим мөнгө гүйцэтгэдэг болчихоод байна. Статистикийн тоог харахаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэрэглээ жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарч байна. Сая хэлсэн технологийн шинэ шийдлүүдтэй холбоотойгоор буурч байгаа юм.

-Тэгэхээр бэлэн мөнгөний хэрэглээ буурсаар байхад дахин дэвсгэрт хэвлэх нь тохиромжгүй гэсэн үг үү?

-Мөнгөний хэрэглээ буурч байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах уу, үгүй юү. Том дэвсгэрт гаргах нь хэр оновчтой шийдвэр вэ гэдэг асуулт үүсэх нь. Энэ өнцгөөс харахад төдийлөн зохимжгүй шийдэл харагдаад байна. УИХ-ын даргын гол тайлбар нь “Бага мөнгөн дэвсгэрт гүйлгээнд буурсан.

Бараг гүйлгээнээс хасагдах гээд байна. Тиймээс бага дэвсгэртийг татаж, том дэвсгэрт гаргая” гэсэн утгатай байсан. Тийм учраас том мөнгөн дэвсгэртийн судалгааг хийгээч ээ гэж харагдсан. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ер нь олон жилийн өмнөөс л бага мөнгөн дэвсгэртийг хэрэглэх соёл ирсэн

Ахуй амьдралдаа бага мөнгөн дэвсгэртээ төдийлөн хэрэглэж хэвшээгүй нь суурин амьдралд шилжээд удаагүйтэй холбоотой ч байж болох юм. Бага мөнгөн дэвсгэртээ хэрэглээнд дэлгэрүүлж чадаагүй хэрнээ дахиад том мөнгөн дэвсгэрт гаргах нь зохимжтой санагдахгүй л байна. Энэ бол эдийн засгийн хэрэглээ талаасаа шүү.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гарснаар эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Мөнгөний ханш үнэхээр унах эрсдэлтэй юү?

-Том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш унадаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд яваад байна. Ийм ойлголт мэдээж байж болно. Гэхдээ инфляци өсч байгаа манай эдийн засгийн энэ үед том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш айхавтар унах асуудал бол үүсэхгүй болов уу. Бидний жишээ аваад байгаа Венесуэл, Африкийн Зимбабье зэрэг улс шиг мөнгөний ханш айхавтар уначихсан нөхцөл байдалд хүрээгүй байна. Дээрх орнууд чинь мөнгөн дэвсгэртдээ биш угаасаа валют нь үнэ цэнээ алдчихсан. Манай улсын хувьд тэгтлээ эдийн засаг муудаагүй байна. Бага зэргийн хэлбэлзэлтэй ч хэвийн явагддагаараа явагдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал бол нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт. Эдийн засагт иймэрхүү асуудлууд үүсч л байдаг. Хил, гааль, бараа бүтээгдэхүүн татан авалтаас шалтгаалсан инфляцийн өсөлт ажиглагдаад байна. Дээр нь шатахууны үнэ өсөлт байна. Мөн эдийн засгаа сэргээх нэртэйгээр 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй мөнгийг эргэлтэд оруулсан. Эдгээр асуудлаас үүдсэн эдийн засгийн өсөлтүүд ажиглагдаж байгаа ч энэ бол тодорхой хугацааны асуудал. Үүнд Төв банкнаас богино болон дунд шатны бодлогын арга хэмжээ аваад мөнгөний бодлогын эргэлтээр зохицуулчих боломжтой. Тэрнээс том мөнгөн дэвсгэртийг харьцуулаад мөнгөний ханш унана гэж тайлбарлах боломжгүй л дээ.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гаргах нь ямар ч ач холбогдолгүй зардал гэж хэлж болох уу?

-Мөнгөний хэрэглээ буураад байгаа энэ үед дахиад мөнгөн дэвсгэрт хэвлэх нь өөрөө зардал дагуулна. Том дэвсгэрт хийнэ, хэвлэнэ, тараана гээд ажиллагаа ихтэй шүү дээ. Ямар ч шаардлагагүй үед үр ашиггүй зардал гаргахын л нэмэр. Одоогийн 20.000-тын мөнгөн дэвсгэрт 2006 онд гүйлгээнд гарсан байдаг. Бараг арав гаруй жил хэрэглээд дадчихсан байхад гэнэтийн зүйл гараад ирэхээр нөгөө талаас өөр сөрөг үр дагавруудыг гаргаж ирэхийг үгүйсгэхгүй.

-Гадны орнууд мөнгөн дэвсгэртийн талаар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?

-Ер нь өндөр хөгжилтэй орнууд том мөнгөн тэмдэгт гаргах нь авлига, хээл хахуулийг өөгшүүлдэг хэрэгсэл гэж үздэг. Жишээлбэл, Европын холбооны хамгийн том мөнгөн дэвсгэрт 500 евро. Европ дотроо өндөр хөгжилтэй орнууд нь гүйлгээнээсээ 500 еврог гаргаад байна. Арай албан ёсоор хасчихаагүй хэрнээ хэрэглээ нь буурч байгаа. Тиймээс шинээр хэвлэхээ зогсоочихсон. Нэг хэсэг бүр хэрэглээнээс хасах талаар ч ярьж байсан. Одоо хэрэглээнд байгаа нь яваандаа элэгдлээрээ дуусах зохицуулалттай. Хятад нэг хэсэг мөн л 100 юанийн дэвсгэртийг хэтэрхий бага гээд том дэвсгэрт гаргахаар яригдаж байгаад больсон. Одоо бол цахим юань буюу чиптэй юань гаргана гэсэн судалгаа хийгдэж байгаа. Хятад шинэ том дэвсгэрт гэхээсээ илүү юанийн үнэ цэнийг хадгалсан цахим аюулгүй мөнгө гаргах бодлого руу шилжиж байна. Америкт гэхэд 100 ам.долларын дэвсгэрт бол маш олон жил болсон. Америк, Хятад, Европын холбоо гээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй эдийн засгийн цөм орнуудын мөнгөний бодлогууд нь ийм байна. Тиймээс хэдийгээр УИХ-ын дарга судлах үүрэг өгсөн ч Монголбанк олон улсын жишгийг дагах болов уу.

-Тэгэхээр хэрэглээнээс бага дэвсгэртээ татах нь хэр оновчтой шийдэл болох вэ?

-Харин одоо хэрэглээнд байгаа хэдий ч төдийлөн хэрэглэгдэхгүй байгаа нэгт, тавт, аравт, хорьт зэрэг бага мөнгөн дэвсгэртүүдээ татах, эсвэл дахиж хэвлэхгүй байх талыг судалж үзэх нь зөв. Бага дэвсгэрт өнөөдөр төдийлөн гүйлгээнд ашиглагдахгүй, уул хаданд тахидаг л хэрэглээ болж хувирсан. Тэгээд ч манайд өнөөдөр 10, 100 төгрөгөөр авах боломжтой бараа бүтээгдэхүүн байна уу. Үүнийг л судлах хэрэгтэй. Мөн манай хөдөлмөрийн бүтээмж, бараа таваарын үнэ тогтож буй процесс, цаашлаад бараа бүтээгдэхүүний өртгийг зөв тооцоолж байна уу гээд арай өргөн хүрээний асуудал болчих гээд байна.

-Хэрэв том дэвсгэрт гараад ирвэл хариултад хэрэглэх бага дэвсгэртийн хүртээмжийг нэмэх үүднээс дахиад л мөнгө хэвлэх шаардлага үүсэх нь…?

-Манайд ийм юм ажиглагддаг. Том дэвсгэртэд тааруулж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох. Магадгүй 50 мянгатын дэвсгэрт гараад ирвэл 46 мянга гэж зардаг бараагаа шууд 50 мянга болгоно. Тиймээс бүхэл дүнд авааччихдаг учраас бага дэвсгэртийн хэрэглээ ер нь бага байдаг онцлогтой. Энэ нь аажмаар эдийн засагт үнийн хөөрөгдлийг гааруулах бас нэг эрсдэл. Дахин хэлэхэд, том мөнгөн дэвсгэртийг шинээр гаргаж хаана ашигладаг вэ гэхээр эдийн засаг нь уначихсан газар л хэрэглэдэг. Манайх арай тийм түвшинд хүрээгүй. Том дэвсгэрт гарлаа гээд эдийн засаг маш сайхан сэргээд, эсвэл айхавтар уначих зүйлгүй. Зүгээр л өнөөдрийн нөхцөлд ямар ч үр ашиггүй зарлага болсон ажил болох байх.

-20 мянгатын хоёр дэвсгэрт хэвлэснээс 50 мянгатын нэг дэвсгэрт хэвлэх нь нэг талдаа хэмнэлт болох юм болов уу?

-Нэг дэвсгэртийг ямар зардлаар хэвлэдгийг би сайн мэдэхгүй болохоор хэмнэлт үү, зарлага уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Д.Даваасүрэн

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин гахай өдөр

Аргын тооллын
наймдугаар сарын 7, Санчир
гариг. Билгийн тооллын 29,
Найралт эх одтой, улаагчин
гахай өдөр. Өдрийн наран
5:37 цагт мандан, 20:19 цагт
жаргана. Тухайн өдөр хонь,
туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх,
гэм буруутныг шийтгэх, нялхсын хурим хийх,
сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох,
их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг
гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой
худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн
хойш мөрөө гаргавал зохистой.

Балжиннямтай
өдөр. Намрын уур орох улирал (15:45 цаг)-т
эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хийх томоохон бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард УИХ-аар шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор шинээр батлагдсан хууль тогтоомжид нийслэл, дүүргийн чиг үүрэгт орсон нэмэлт өөрчлөлтүүд, нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, хөрөнгө оруулалтын ажлын явц, нийслэлийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөөлөл, ирэх онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч, зөвлөх нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Мөнхболд танилцууллаа. Тэрбээр нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө, стратегийг боловсруулж байгааг хэлсэн юм. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын орлогч нар 2022 онд хийх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцов. Тухайлбал, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Нийслэлд 47 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийхээс 27-д нь хийсэн. 20 байршилд нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх шаардлагатай байна. Үүнд болон гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулган дахин барих төсөлд төсөв хэрэгтэй байгаа” хэмээв. Мөн гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт хийх шаардлагатай байгааг онцолсон.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Тиймээс Засгийн газраас үүнд онцгойлон анхаарч байгаа. Авто замын бодлого тэр чигтээ буруу явж байна. Шинэчлэл хэрэгтэй” гэсэн бол Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Нийслэлийн Байгаль орчны газарт Хөрсний хэлтэс байгуулахаар болсныг хэллээ. Учир нь улсын хэмжээнд хөрс хариуцсан мэргэжилтэн БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд л байдаг, энэ талаарх бодлого орхигдож иржээ. Мөн тэрбээр хөрсний бохирдлын томоохон судалгаа хэрэгтэй гэдгийг онцлоод байгаль хамгаалагч нарын ажлын байр, цалин, хангамж, унаа зэрэгт мөнгө төсөвлөх шаардлагатай байгааг хэлсэн юм.

Categories
баннер

ОУХМ Б.Мөнхзаяа маргааш олимпийн марафонд гүйнэ

Монгол Улсын шилдэг марафончдын нэг, ОУХМ Б.Мөнхзаяа “Токио-2020” зуны олимпийн наадмын марафон гүйлтийн төрөлд маргааш буюу наймдугаар сарын 7-ны өдөр оролцоно. Олимпийн марафон гүйлт маргааш Японы Саппород 06:00 цагт эхлэх юм.

ОУХМ Б.Мөнхзаяа 2020 оны нэгдүгээр сард Япон Улсын Осака хотод зохион байгуулсан тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өмнө нь өөрийн тогтоож байсан Монгол Улсын 2.29.18 цагийн амжилтаа 2.28.03 болгон шинэчилсэн юм. Тэрбээр 17 настайгаасаа эхлэн хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн билээ.

ТҮҮНИЙ АМЖИЛТААС:

  • Австрали Улсад зохион байгуулсан олон улсын марафоны есдүгээр байр
  • Япон Улсад зохион байгуулсан Осакагийн марафоны 12 дугаар байр
  • Азийн наадмын долдугаар байр
  • Азийн наадмын дөрөвдүгээр байр
Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

ТОКИО-2020: Б.Болортуяа 14:4 харьцаагаар ялж, хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жингийн хүрэл медалийн төлөө Б.Болортуяа Африкийн наадмын аварга Камеруны Жозеф Эмилиенне Эссомбе Тиакотой барилдаж, 14:4 харьцаагаар ялж, хүрэл медаль хүртлээ.

Б.Болортуяа шөвгийн дөрөвт 2018 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Маю Мукайдад 6-3 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Б.Болортуяа нь 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальтай.

Categories
мэдээ нийгэм

ПСР-ын шинжилгээний хариуг 1 цагийн дотор гаргадаг болно

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/, дэд профессор Б.Ичинхорлоо, БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин нар Шадар сайдын албан өрөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа.

Уулзалтаар БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин Шадар сайдад Короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол улсад байгуулах саналыг танилцууллаа. Тус лабораторийн хувьд ПГУ-ын түвшинд дүйцэх шинжилгээг хийх хүчин чадалтай бөгөөд шинжилгээний сорьцыг тусгай лабораторид хүргэж унших шаардлагагүй, сорьцод шууд шинжилгээ хийдэг, бага орон зай эзлэн ажилладаг, 15 минутаас 1 цагийн хугацаанд 340 сорьцийг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусын мутаци болох альфа, дельта бусад хувилбарыг ялган таних боломжтой зэрэг олон давуу талуутайг онцоллоо.

Энэхүү бичил лаборторийг эхний удаад Чингис хаан ОУ-ын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг хийлийн боомт, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, туршилтын байдлаар зорчигч, иргэдээс шинжилгээ авах, цаашлаад аймгуудад бусад дүүргүүдэд суурьшуулан, нэгдсэн цахим сүлжээгэрэ холбож, мэдээллийг нэгтдсэн сүлжээ үүсгэх, лаборатори дээр ажиллах эмч эмнэлгийн ажилтнуудад сургаж дадлагжуулах боломжтой тухай доктор Ли Кён Мин уламжиллаа.

Мөн ковидын халдвараас урьчилсан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд вирусыг устгах, өвчлөлийг эдгээх БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс монгол улсад хандивлах, цаашид худалдах гэрээ байгуулах саналтай тухай мэдээлэл хүргэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин таныг УОК-той хамтран ажиллах гаргасанд талархаж байна. Холбогдох газруудаас зөвшөөрөл олгож, аль болох богино хугацаанд бичил лабораторийг байршуулах, суурилуулах асуудалд бид анхааран ажиллана.

Хамгийн гол нь лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэдгийг бүхэн сайн мэдэж байгаа. Лаборторийн хувьд богино хугацаанд сорьцийг шинжлэх, хариу гаргадаг учраас бид эхний ээлжинд хил гааль, халдварын тархалт эхтэй дүүргүүдэд байршуулна. Гэхдээ тус лабортори сорьцоос ковидыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг та бүхэн манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, туршилт хийж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Хэрэв үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлж, цаашид дүүргүүд болон аймгуудын Эрүүл мэндийн төвүүдэд суурилуулна. Бичил лаборторийн хувьд бага зардлаар олон сорьцийг маш богино хугацаанд шинжлэх, дээр нь дельта зэрэг мутацийг газар дээр нь тогтоож чадвартайгаараа олон талын давуу талтай гэж харж байна. Та бүхэнд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, НОК бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.

БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагаас танилцуулсан дээрх лабораторийг манай улс хил гаалийн бүс, нийслэл, аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд суурилуулснаар иргэдээс авах сорьцоос Короновируст халдвар /КОВИД19/-тай эсэхийг 1 цагт багтаан тогтоож, бага зардлаар богино хугацаанд вирусын мутацийг мөн давхар илрүүлэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Авто замын ажлуудыг хугацаанд нь дуусгахыг гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг болгов

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өргөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим авто зам дээр ажиллалаа. Энэ үеэр зам барилгын ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэн, гэрээт хугацаанд нь хүлээлгэж өгөхөд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх, удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг гүйцэтгэгч нарт үүрэг болгосон юм.

Гүйцэтгэгч нар шинээр барьж байгаа хороолол доторх холбоос авто замын барилгын ажлууд газар чөлөөлөлтийн асуудлаас болж удаашралтай байгааг хэлж байлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны 1.6 км авто зам, 36 метр урт гүүр барих ажлын трасст 99 нэгж талбар өртсөнөөс 15 нэгж талбарыг чөлөөлсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 0.7 км явган замын нөлөөлөлд хоёр айлын хашаа өртсөн.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан барилгын ажлын нөлөөлөлд өртөөд байгаа талбаруудыг холбогдох дүүрэг, нийслэлийн газар зохион байгуулах албадтай хамтран шийдвэрлэж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км, Санзайн 2.6 км авто зам нь уулын ус орж ирэх эрсдэлтэй тул ус зайлуулах хоолойн ажилд онцгой анхаарч ажиллахыг анхааруулав. Мөн гүйцэтгэгч байгууллагуудад зам барилгын ажлаа гэрээт хугацаандаа гүйцэтгэж дуусгахыг үүрэг болгосон юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө барилдаж ялагдлаа

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жингийн хүрэл медалийн төлөө М.Лхагвагэрэл Риогийн олимпийн аварга, дэлхийн хошой аварга Туркийн Аха Акгултай барилдан 5:0 харьцаатайгаар ялагдаж, тавдугаар байрт орлоо.

М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт 2021 оны Пан Америкийн аварга АНУ-ын Габль Дан Стевесонд 5-0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

М.Лхагвагэрэл нь 2019 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай.