Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцтай танилцав.
Санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг энэ сарын 6-нд Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.
Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын алслагдсан гэр хорооллын бүсэд буюу сургууль, цэцэрлэггүй хороодод тус бүр 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөсөн. 16 байршилд ажил нь эхэлсэн ч концессын жагсаалт 2019 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсноор эдгээр ажил зогсчээ.
Энэ үеэр дэд ажлын хэсгийн гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан толгой компанийн гэрээ цуцлагдсанаар туслан гүйцэтгэгч компаниуд ажлаа хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй болсон. Концессын жагсаалтыг хүчингүй болгохдоо санхүүжилтийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр Засгийн газрын газраас чиглэл гарсан. Гэв тэгж шийдвэрлэх бололцоогүйг Нийслэлийн Засаг дарга Боловсрол, шинжлэх ухааны яаманд танилцуулсан.
Эдгээр 16 төсөл, арга хэмжээнээс ганцхан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн. Улс худалдаж авахыг хүлээж байна. Үүнээс бусад 15 байршлын төсөл тодорхой хэмжээгээр эхэлсэн, 5-20 хувийн гүйцэтгэлтэй. Бүгдийнх нь газрын гэрчилгээ нь Нийслэлийн боловсролын газрын нэр дээр гарсан. Төсөв нь шийдэгдвэл гүйцэтгэгч компаниуд дуусгах боломжтой. Төсөвт өртөг нь барилгын материалын үнийн өсөлтийн улмаас нэмэгдэж, хүндрэл үүссэн. Одоогоор нэг төсөлд 4.5-4.8 тэрбум төгрөг шаардлагатай аж.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг эдгээр төсөл хүн амын нягтрал өндөр, сургууль, цэцэрлэггүй хороодод буюу үнэхээр чухал шаардлагатай газраа хэрэгжих нь маш чухал. Хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Цаашид бараа материалын үнэ өссөөр байвал өртөг бүр нэмэгдэнэ. Энэ ажлууд зогссоноор иргэд, хүүхдүүд хохирно. Тодорхой хэмжээний мөнгөө гаргаад ажил эхэлсэн гүйцэтгэгч компаниуд ч хохирогч болов. Цаашид эдгээр төслийг яаж явуулж, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг Байнгын хороодын хамтарсан тогтоолын төсөлд санал, дүгнэлтээ оруулна хэмээв.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин сургууль, цэцэрлэгийн барилгыг анхнаас нь концессоор явуулах нь зөв байсан уу гэдгийг эргэж харах шаардлагатай. Ер нь ингээд сэглээд хаясны хариуцлагыг хэн үүрэх вэ. Цаашид энэ төслийг хэн хариуцаж, яаж явуулах вэ гэдгийг иргэд харж, хүлээж байна. Шинэ бүтээн байгуулалт биш эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгах нь нэн тэргүүний зорилт. Улсын төсвөөр ажил үргэлжлэх нь тодорхой.
Эрх ашгаар нь эрэмбэлбэл нэн яаралтай дуусгах шаардлагатай тул ирэх оны төсөвт суулгахаас өөр гарцгүй гэв.
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч болох “Жи Эн Зэт Эф Икс” ХХК-ийн захирал Ж.Даваа-Ундрах энэ төсөлд бүх хөрөнгөө оруулж өдий хүргэсэн талаараа ярьж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.