Засгийн газрын “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 162 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу хоёр орны хоорондын агаарын харилцааны асуудлаарх ээлжит уулзалт, хэлэлцээ Сөүл хотноо 2021 оны 08 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Хэлэлцээг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Солонгосын талаас БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Нисэхийн бодлогын газрын дарга Юүн Жин Ван нар ахлав. Хоёр тал, тус тусын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой нислэг үйлдвэрлэлд үүсч буй асуудал, хуваарьт нислэгийг сэргээх, халдвар илэрсэн тохиолдолд авах нислэгийн зохицуулалтын талаар санал солилцон, тохиролцож, уулзалтын дүнгээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид /Монголын талаас “МИАТ” ТӨХК, Солонгосын талаас Кореан Эйр, Асиана компани/ Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны 2022 оны зуны цагийн хуваариас эхлэн 6-9 дүгээр саруудад долоо хоногийн 5000 суудлын багтаамжид Монголын тал 20, Солонгосын тал 18 удаагийн нислэг гүйцэтгэхээр, 5-10 дугаар сард 2500 суудлын багтаамж буюу долоо хоногт Монголын тал 11, Солонгосын тал 9 нислэг гүйцэтгэх одоогийн тохиролцоог хэвээр хадгалахаар тохиров.
Өнөөгийн байдлаар БНСУ-ын нутаг дэвсгэр дээр Сөүл, Бусан нислэгийн цэгийг тохирсон байгаа бөгөөд Монголын талаас аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг нэмж тохирох хүсэлтээ илэрхийлснийг Солонгосын тал судалж, дараагийн уулзалтаар ярилцахаар тогтлоо.
Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас тус нисэх буудалд аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийх асуудлаар санал солилцож, халдвар хамгааллын дэглэмтэй уялдуулж аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиров.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд гүйцэтгэж буй “МИАТ” ТӨХК-ийн нислэгийг хуваарьт нислэгийн журмаар Солонгосын тал хүлээн авснаар Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд нислэгийг зогсоохгүйгээр онгоцны суудал дүүргэлтийг 60 хувь байхаар бууруулж, төлөвлөсөн нислэгийг гүйцэтгэхээр тохирсон. Хуваарьт нислэгийг сэргээх асуудал “Чингис хаан” олон улсын нисэх буудалд БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийж, хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ олгох, Солонгосын талын халдвар хамгааллын дэглэм, Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зохицуулах юм.
Одоогийн нөхцөлд нэг нислэгт 3 болон түүнээс дээш тооны Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд тухайн улсаас ирэх нислэгийг 7 хоног түр зогсоож, энэ хугацаанаас хойш дараагийн нислэгийн хүсэлтийг хүлээн авч, хянан зөвшөөрөл олгож байгаа нь нислэгийг 13 -14 хоног саатуулах нөхцөл үүсгэж, энэ нь гадаад улс оронд суурьшиж буй иргэдийг эх орондоо ирэх, явахад хүндрэл учруулж байгаа асуудлыг даруй шийдвэрлэх хүсэлтийг Монголын тал гаргасны хариуд Солонгосын талаас хуваарьт нислэгийг сэргээх, эхлүүлэх талаар идэвх чармайлт гаргаж, эрүүл мэндийн хяналтын байгууллагуудтайгаа зөвлөлдөн ажиллахаар тохиролцов.
Энэ удаагийн хэлэлцээгээр зуны нислэгийн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлэн тохирсноор Инчеон нисэх буудлын цагийн хуваарьтай холбоотой “МИАТ” ТӨХК-д нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сар сараар олгодог байсан хүндрэлийг арилгаж, зуны оргил ачааллын үеийн суудал нийлүүлэлт долоо хоногт хоёр тал нийлээд 10000 суудал буюу нийт 38 нислэг болж, хуваарьт нислэгийг эрт төлөвлөн гүйцэтгэх боломж бүрдлээ. Нислэгийн тоо, суудлын нийлүүлэлт нэмэгдсэнээр оргил ачааллын үед суудлын хомсдол үүсэх, тариф өсдөг гэсэн сөрөг үр дагаврыг арилгах бөгөөд аялал жуулчлалыг дэмжих Монгол Улсын Засгийн газрын бодлогод нийцсэн агаарын харилцааны зохицуулалт бүрдэж байна.